Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/00254

 

   БАГЭТ ХХК-ийн нэхэмжлэлтэй  

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Х.Сонинбаяр, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/01391 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1598 дугаар магадлалтай,

 БАГЭТ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Мэдээллийн технологийн үндэсний парк Төрийн өмчит ААТҮГ-т холбогдох,

 45 464 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, түрээсийн гэрээний үүрэгт 6 469 962 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчулуун, өмгөөлөгч Л.Бат-эрдэнэ нарын хяналтын жумраар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

 Нэхэмжлэгч БАГЭТ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон захирал С.Батчулуун шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь Боловсрол, Шинжлэх ухааны яамны харъяа Шинжлэх ухааны парк, мэдээллийн технологитой /хуучнаар Мэдээллийн Технологийн Үндэсний Парк ТӨААТҮГ/ 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, өндрөөшөө хүн явах боломжгүй, харанхуй гэрэлгүй, 31 жил ашиглалтгүй байсан, зоорийн давхрын 300 м.кв талбайг 5 сарын турш доош ухан тохижуулж 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн ашиглаж ирсэн. Гэрээний 4.1-д түрээсийн 1м.кв талбайн сарын хөлсийг 7 000 төгрөгөөр тохирсон ба тохижилт засварын хөлсөнд 2 000 төгрөгийг суутгаж тооцохоор гэрээ хийсэн. Гэрээний 4.3-д Энэхүү гэрээ нь 5 жилийн хугацаатай тогтвортой байх ба жил бүр түрээсийн гэрээнд сунгалт хийнэ гэж заасан тул 300м.кв талбайн сарын түрээс /300м2х 7000 төг/ 2 100 000 төгрөг ба үүнээс cap бүр /300м.кв х 2000 төг/ 600 000 төгрөгийг тохижилтын зардалд суутгавал гэрээний ерөнхий хугацаа болох 5 жилийн хугацаанд /12 cap х 5 жил/ 60 cap болох ба тохижилтын суутгах зардал 36 000 000 /60 cap х 600 000 төг/ төгрөг болно. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү Жич: Бид энэхүү шаардлагыг 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр сөрөг нэхэмжлэл болгон гаргасан боловч нэхэмжлэгч Мэдээллийн технологийн үндэсний парк Төрийн өмчит ААТҮГ-ын төлөөлөгч шүүхэд ирээгүй шалтгаанаар шүүх 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №101/Ш32016/14961 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг буцаасан. Бид 28 000 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хоёр удаа нэмэгдүүлж засвар үйлчилгээний зардал 37 364 000 төгрөг, түрээсийн төлбөрт 7 500 000+2 040 000=9 540 000 төгрөг бөгөөд нийт 47 504 000 төгрөг нэхэмжилсэн. Талууд болон Төрийн өмчийн хороо оролцсон 3 талт 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн огноотой №12/13/54/45 дугаартай гэрээгээр түрээсийн төлбөрийг 1м.кв-ийг нь 330 000 төгрөгөөр тохиролцсон байна. 300м.кв х 330 000 төгрөг, нийт 990 000 төгрөг, харин БАГЭТ ХХК нь 2012 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 4 сарын хугацаанд 1м.кв-ийг 2 100 000 төгрөгөөр тооцож төлсөн байх ба 600 000 төгрөг суутгаад илүү төлсөн зөрүү нь 1 500 000-990 000=510 000 төгрөг байна. 4 сараар үржүүлэхэд 2 040000 төгрөг илүү төлсөн байна. Иймд илүү төлсөн 2 040 000 төгрөгийг нэхэмжлэн шаардлагаа ихэсгэж нийт 47 504 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Мэдээллийн технологийн үндэсний парк Төрийн өмчит ААТҮГ шүүхэд бичгээр гаргасан болон түүний төлөөлөгч М.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мэдээллийн технологийн үндэсний парк Төрийн өмчит ААТҮГ нь БАГЭТ ХХК-тай 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 13/33 тоот Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг байгуулан 300м.кв талбай бүхий өрөөг интернет кафены түрээсэлсэн билээ. БАГЭТ ХХК нь Монгол улсын хууль, дүрэм, журам болон түрээсийн гэрээгээ удаа дараа зөрчин үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд МТҮП-ын зүгээс 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр №1/343 тоот албан бичгээр түрээсийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж байгаа талаар 14 хоногийн хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн юм. Тус мэдэгдлийн дагуу БАГЭТ ХХК нь 2014 оны 8 дугаар сард үйл ажиллагаагаа зогсоосон боловч зарим тооны үнэ бүхий эд хөрөнгүүдээ авалгүй, дотор нь хадгалж их хэмжээний хог хаягдлаа цэвэрлээгүй, түрээсийн талбайгаа албан ёсоор хүлээлгэж өгөөгүй болно. Үүний дагуу Түрээсийн талбайд байгаа эд хөрөнгөө бүрэн авч, их хэмжээний хог хаягдлаа зориулалтын газар нь хаяж түрээсийн талбайг бүрэн чөлөөлж өгөхийг сануулсан боловч БАГЭТ ХХК-ийн зүгээс Түрээсийн талбайг зориулалтыг нь өөрчлөн өөр зориулалтаар ашиглах учир одоохондоо түрээсийн талбайгаа суллаж, хүлээлгэж өгөлгүй байж байя хэрэв түрээслэхгүй тохиолдолд тухайн талбайг бүрэн чөлөөлж, хог хаягдлын цэвэрлэн акт үйлдэн түлхүүрээ хүлээлгэн өгч бусдад түрээслэх боломжоор нь хангаж өгнө гэж тайлбарлаж биднийг их хэмжээний алдагдалд оруулсан. Нэхэмжлэгчийн шаардаж байгаа тохижилтын зардалд их хэмжээний мөнгөөр бага засвар хийсэн, мөн гэрээний дагуу тохижилт, засварын ажлыг бүрэн хариуцах тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн түрээсийн гэрээ нь БАГЭТ ХХК-д ашигтай, эд хөрөнгөд засвар, өөрчлөлт, хөрөнгө оруулалт хийх тохиолдолд Төрийн өмчийн хороог оролцуулаагүй, хэт нэг талыг барьсан, Иргэний хуульд заасан холбогдох заалтуудыг зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ байсан. Засварын ажлын хөрөнгө оруулалтыг зөвшөөрөх эсэх талаар шийдвэр гаргах эрх бүхий байгууллага болох Төрийн өмчийн хороог /ТӨХ/ оролцуулан 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 12/13/54/45 тоот Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслэх гэрээ-г ТӨХ, МТҮП, БАГЭТ ХХК-нууд нь харилцан тохиролцож 3-н талт гэрээг шинээр байгуулж засварын ажлын хөрөнгө оруулалтын талаарх харилцааг хэрхэн зохицуулах талаар тусгасан байдаг. Тодруулбал, 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэмээн үзэж талууд 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн гэрээг шинээр байгуулсан байдаг. Тус гэрээний 4.3-т Түрээслэгч нь түрээсэлсэн эд хөрөнгийн хэсэгт өөрчлөлт оруулах, хөрөнгө оруулалт хийхээр бол түрээслүүлэгчээр уламжлан Төрийн өмчийн хорооноос зөвшөөрөл авна. Зөвшөөрөлгүй хийсэн хөрөнгө оруулалтыг гэрээг цуцалсны дараа буцаан авах эрхгүй гэж заасан байдаг бөгөөд БАГЭТ ХХК нь засварын ажлаа эхэлж хөрөнгө оруулалт хийхээр бол ТӨХ-ноос бичгээр зөвшөөрөл авахаар зохицуулсан юм. Тус заалт нь Түрээслэгч нь гэж тодотгон зааж хөрөнгө оруулалтаа бүртгүүлэх эсэх нь тухайн оруулалт оруулж буй түрээслэгчийн эрх үүргийн асуудал байхаар тусгасан байгаа юм. БАГЭТ ХХК нь тус заалтын дагуу ТӨХ-ноос зөвшөөрөл авалгүй засварын ажлаа эхлүүлсэн байдаг бөгөөд тус заалтын Зөвшөөрөлгүй хийсэн хөрөнгө оруулалтыг гэрээг цуцалсны дараа буцаан авах эрхгүй. гэж заасны дагуу буцаан нэхэмжлэх эрхгүй юм. Мөн өөрсдийн эрхлэх бизнесийн үйл ажиллагаанд зориулж засвар хийсэн болно. 2012 оны 4 дүгээр сарны 01-ний өдрийн 12/13/54/45 тоот гэрээ нь 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр байхаар байгуулагдсан байдаг. БАГЭТ ХХК нь барилгад засварыг 2012 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд хийсэн энэ тухай өмнөх нэхэмжлэлдээ ч дурдсан байдаг учир гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд засвар хийсэн тул гэрээний заалт тухайн нөхцөлд үйлчилнэ. Мөн гэрээ болон Иргэний хуульд заасны дагуу гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүсэх аливаа үр дагавар хариуцлагыг аль буруутай тал нь хариуцдаг. Иймээс БАГЭТ ХХК-ийн хууль зөрчсөн болон түрээсийн төлбөрөө төлөлгүй гэрээгээ зөрчсөн буруутай үйл ажиллагаанаас болж түрээсийн гэрээ цуцлагдаж дуусгавар болсон тул тухайн хөрөнгө оруулалт, засварын зардлаа БАГЭТ ХХК нь өөрөө бүрэн хариуцах ёстой юм. Түрээслэгч нь 2012 оны 4 дүгээр сараас 2012 оны 8 cap хүртэлх түрээсийн төлбөрийг бодон түрээсийн зөрүү төлбөр гэж томъёолон 7 500 000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь огтхон ч ойлгомжгүй бөгөөд хууль зүйн хувьд ямар ч боломжгүй.БАГЭТ ХХК болон Мэдээллийн технологийн үндэсний парк Төрийн өмчит ААТҮГ нарын хооронд анхлан байгуулсан хүчин төгөлдөр гэрээ нь 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 12/13/54/45 тоот гэрээ бөгөөд гэрээнд Хөрөнгө оруулалтыг зөвшөөрөх эсэх талаар шийдвэр гаргах эрх бүхий байгууллага болох ТӨХ-г оролцуулсан тус гэрээний хүчинтэй хугацаанд хөрөнгө оруулалт хийх тохиолдолд хорооноос зөвшөөрөл авахаар зохицуулан түрээсийн гэрээг шинэчлэн байгуулсан болох нь гэрээний зохицуулалтууд болон гэрээ байгуулсан он cap өдөр зэргээр тогтоогдож харагдаж байгаа юм. Гэтэл хүчин төгөлдөр бус, хэрэгжээгүй 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн түрээсийн гэрээний заалт, түрээсийн үнийн дүнгээр үндэслэлгүй төлсөн хэмээн түрээсийн төлбөр нэхэмжилж байгаа нь хууль бус байна. Дахин тодотгон хэлбэл БАГЭТ ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ хууль бус бөгөөд Мэдээллийн технологийн үндэсний парк Төрийн өмчит ААТҮГ нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд дээрх нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Мэдээллийн технологийн үндэсний парк Төрийн өмчит ААТҮГ шүүхэд бичгээр гаргасан болон түүний төлөөлөгч М.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Мэдээллийн технологийн үндэсний парк Төрийн өмчит ААТҮГ нь БАГЭТ ХХК-тай 2013 оны 09-р сарын 26-ны өдөр 13/33 тоот Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ, уг гэрээний сунгалт болох 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар сунгасан гэрээг тус тус байгуулан 300м.кв бүхий талбайг Интернэт кафены зориулалтаар 1 сарын түрээсийн төлбөр 2 100 000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөг байхаар тохиролцож гэрээг байгуулсан. Гэвч БАГЭТ ХХК нь Монгол Улсын хууль, дүрэм журам болон түрээсийн гэрээгээ удаа дараа ноцтой зөрчиж үйл ажиллагаа явуулж байсан учир Мэдээллийн технологийн үндэсний парк Төрийн өмчит ААТҮГ-ын зүгээс 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр №1/343 тоот албан бичгээр түрээсийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж байгаа талаар 14 хоногийн хугацаатай гэрээнд заасны дагуу мэдэгдэл хүргүүлсэн. Тус мэдэгдлийн дагуу БАГЭТ ХХК нь 2014 оны 7 дугаар сарын 8-ны өдөр талбайг чөлөөлсөн боловч 2014 оны 5, 6, 7 сарын түрээсийн төлбөрөө өнөөх хүртэл төлөөгүй байна. 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл дараах байдлаар байна. Үүнд: Түрээсийн төлбөрийн үлдэгдэл 2014 оны 05 сарын түрээсийн төлбөр 1 591 694 төгрөг, 2014 оны 06 сарын түрээсийн төлбөр 2 161614 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх 8 хоногийн түрээсийн төлбөр 560 000 төгрөг нийт 4 313 308 төгрөг байна. Алданги 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэхэд Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний түрээсийн төлбөрийн үлдэгдэл 4 313 308 төгрөгөөс гэрээнд заасны дагуу 0.5 хувийн алданги бодоход өдрийн 21 556 төгрөг. 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 1252 хоног байна. 1252*21566= 27 000 632 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч тул алданги 2 156 654 төгрөг болж байна. Гэрээний нийт дүн түрээсийн төлбөрийн үлдэгдэл алданги 6 469 962 төгрөг болж байна. Монгол Улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь заалтууд болон Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний 1 дахь заалтуудыг удирдлага болгон түрээслүүлэгч нь түрээслэгчээс түрээсийн төр болон гэрээгээр тохиролцсон алдангийг нэхэмжлэх эрхтэй. Иймд түрээслэгч БАГЭТ ХХК-аас 6 469 962 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч БАГЭТ ХХК-ийн захирал С.Батчулуун шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр түрээсийн төлбөрийн үлдэгдэл, алданги 6 469 962 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр талуудын хооронд байгуулсан 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Эхний шаардлагын хувьд зөвшөөрөхгүй бөгөөд төлбөр тооцооны талаар мэтгэлцэх явцад тодорхой болно. Удаах шаардлагын хувьд уг гэрээ нь түрээсийн гэрээ гэх нэртэй боловч ажил гүйцэтгэх гэрээ юм. Учир нь 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдөр түрээсийн зүйл гэх объект тэр үед бодитоор байгаагүй. Харин уг гэрээнд ажлын үр дүн ба хариу төлбөр төлөх хэлцэл байгаа бөгөөд хожим 2012 оны 09 сарын эхэнд түрээсийн зүйл бодитой бий болсны дараа 2012 оны 4 дүгээр сарын 01 гэсэн огноотой №12/13/54/45 гэсэн дугаартай түрээсийн гэрээг байгуулсан. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/01391 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцгач Мэдээллийн технологийн үндэсний парк Төрийн өмчит ААТҮГ-аас 34,330,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч БАГЭТ ХХК-д олгож, 13,173,750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, БАГЭТ ХХК-иас 4.313.308 төгрөг гаргуулан Мэдээллийн технологийн үндэсний парк Төрийн өмчит ААТҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 2,156,654 төгрөгт холбогдох сөрөг нэхмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч БАГЭТ ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 433,160 төгрөг, хариуцагч Мэдээллийн технологийн үндэсний парк Төрийн өмчит ААТҮГ-ын 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Мэдээллийн технологийн үндэсний парк Төрийн өмчит ААТҮГ-аас 329,601 төгрөг гаргуулан БАГЭТ ХХКд-д олгож, БАГЭТ ХХК-с 83,962 төгрөг гаргуулан Мэдээллийн технологийн үндэсний парк Төрийн өмчит ААТҮГ-т олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1598 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/01391 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч талын 193 090 төгрөг, хариуцагч талын 329,620 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч БАГЭТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчулуун, өмгөөлөгч Л.Бат-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

1.         БАГЭТ ХХК нь анхан шатны шүүхийн шийдвэрээс илүү төлсөн түрээсийн төлбөр 7,500,000 төгрөгийг хангаагүй хэмжээнд гомдолтой байна Учир нь БАГЭТ ХХК нь 2012 оны 03 сарын 22-ноос 2012 оны 09 сарын 01-ний өдөр хүртэлх 5 сарын хугацаанд юу ч түрээслээгүй. Өөрөөр хэлбэл, мөн энэ хугацаанд хариуцагч талд бусдад түрээслэх зүйл байгаагүй.

2.         Давж заалдах шатны магадлалыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүх /хэргээ огт уншаагүй шүүгч С.Энхтөр/ БАГЭТ ХХК-ийг Монгол улсын Нийслэл Улаанбаатар хотын А цэгт, Төрийн ордноос 800 метрийн цаана оршдог, төрийн байгууллагын байрны дор подвалд дарга нарт /Ё.Сүхбаатар, Ц.Төвшинтөр, Б.Мягмарнаран, Б.Буян-Өлзий, Ц.Содномдамба/ мэдэгдэлгүй, зөвшөөрөлгүй, нууцаар, нэвтрэн орж, барилгын суурь хийцийг эвдлэн сүйтгэж, Хөвсгөл хууль зүйн товчооны туслалцаатайгаар террорист ажиллагаа явуулсан, дахин дахин шалгах шаардлагатай гэсэн байна.

3.         Гэтэл нөгөө аймаар хохирчихсон хариуцагч байгууллага нь шүүхэд олдохгүй, шүүх захирамж гарган Цагдаагийн байгууллагаар маш удаан хугацаагаар эрэн сурвалжлуулсан баримт хавтаст хэрэгт байна. Мөн Төрийн өмчийн хороо гэж газар бас алга болсон.

4 Нэхэмжлэгч, хариуцагч нар, мөн Төрийн өмчийн хороо хэзээ, ямар цаг хугацаанд, ямар дугаартай, ямар огноотой, ямар гэрээ байгуулсан талаар шүүх маш удаан хугацаагаар баримт материал хайж, нэг ч гэрээ олоогүй, гэрээг хэзээ бүртгэсэн, огноолсон баримт олоогүй. Хариуцагч байгууллага болон Төрийн өмчийн хороо, улс даяарх архивын байгууллага удаа дараа шүүхэд бидэнд байхгүй, тэнд байгаа гэсэн чулуу хөөлгөсөн хариунуудыг өгч байсан. Улмаар юу олдоогүй. Хавтаст хэрэгт удаа дараагийн маш олон баримтууд байна.

 5.         Нэхэмжлэгч компанийн ажилтан залуучууд 31 жил ашиглалтгүй байсан байрны подвалыг нь өөрсдийн хүч, хөдөлмөрөөр ашиглах боломжтой болгон, ашиглуулан, хариуцагч байгууллагад орлого оруулж байсан боловч шинээр томилогдсон дарга нарын хорхойг хүргэснээс түрээсийн төлбөрийн үнэ м.кв нь 35,000 төгрөг хүртэл өсөж, улмаар төрөл бүрийн дарамтанд орж, хөөгдсөн. Маргаан шүүхэд очсоноос одоо энэ тохижуулсан талбай ашиглалтгүй, түрээсийн орлогогүй, хэн ч идэж чадахгүй 8 дахь жилдээ түгжээтэй байна.

6.         Анх хариуцагч Мэдээллийн технологийн үндэсний парк Төрийн өмчит ААТҮГ нь нэхэмжлэгчээр 2014 оны 11 сарын 14-ны өдөр № 1/735 иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан ба 2015 оны 04 сарын 21-ны № 2771 шийдвэр, 2015 оны 07 сарын 02-ны өдөр № 867 магадлал, нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй тул 2016 оны 04 сарын 11-ны өдөр № 14961 тоот захирамж гарч нэхэмжлэлийг буцаасан. Улмаар БАГЭТ ХХК нь сөрөг нэхэмжлэлээ бие даасан нэхэмжлэл болгон шүүхэд 2016 оны 05 сарын 30-ны өдөр гаргаснаар 2019 оны 06 сарын 19-ны өдрийн 181/ШШ2019/01391 дугаартай шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 сарын 30-ны №1598 дугаартай магадлал гаргаад байна.

7.         Өөрөөр хэлбэл, БАГЭТ ХХК-ийн ажилчид 2012 онд бүтээлч, материал баялаг үйлдвэрлэсэн ажил хийж нэг хохирсон, түрээсийн байрнаас хугацаа болоогүй байхад хөөгдөн гарч нэг хохирсон, алга болсон хариуцагчийг эрэн сурвалжилж нэг хохирсон, алга болсон гэрээ, бүртгэсэн баримтууд, төлбөр төлсөн баримтуудыг хайж нэг хохирсон, эцэст нь шударга үнэнийг хайж эцэс төгсгөлгүй шүүхээр явж нэг хохирч байна. Бүхэлдээ энэ гомдлыг бичих үед 5 жил шүүхийн байгууллагаар явсан байна.

8.         Гэтэл давж заалдах шатны шүүх нь талуудын нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн эд хөрөнгийн хийц хэсэгт өөрчлөлт орсон эсэх-ийг тодруулах, бодит байдалд 1 гэрээ цуцалсан бөгөөд энэ асуудлаар хэн ч маргаагүй байхад олон гэрээнүүдийг цуцалсан үйл баримтыг мэтгэлцүүлэх зэрэг шаардлага тавьсан байна.

9.         Нөгөө талаас жишээ нь: Хэн ч гар хүрээгүй, тухайлсан ямар бүртгэлгүй, зөвхөн дулааны шугам сүлжээ явахаас өөрөөр ашиглалтгүй, босоо хүн явах боломжгүй, харанхуй подвалыг засаж, тохижуулж, хариуд нь ажил гүйцэтгэсэн А компани төлбөрөө авах, өөр нэг тохиолдолд үйлчилгээ явуулах зориулалттай бэлэн төрийн өмчийн ажлын байрыг зориулалтаар нь ашиг олохоор түрээслэх, түрээслэх явцдаа зөвшөөрөлтэй /эсхүл зөвшөөрөлгүй/ хөрөнгө оруулалт хийсэн Б гэгч компанийн үйл ажиллагааг А компанийн үйл ажиллагаатай хольж хутгах нь тухайн хуульч хүний мэдлэг, мэргэжлийн ур чадварын асуудал биш үү.

Иймд манай гомдлыг хянан үзэж,

        Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 19-ны өдрийн 181/ШШ2019/01391 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулан, манай илүү үндэслэлгүй төлсөн 7,500,000 төгрөгийг гаргуулахаар хангаж өгнө үү.

        Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 сарын 30-ны №1598 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

БАГЭТ ХХК, Мэдээллийн технологийн үндэсний парк Төрийн өмчит ААТҮГ-т холбогдуулан 45 464 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл гаргасанд, хариуцагч зөвшөөрөхгүй маргахдаа түрээсийн гэрээний үүрэгт 6 469 962 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

 Нэхэмжлэгч БАГЭТ ХХК хяналтын журмаар гаргасан гомдолдоо шүүх хэргийн нотлох баримтыг буруу үнэлсэн тул шийдвэрт өөрчлөлт оруулан, түрээсийн төлбөрт илүү төлсөн 7 500 000 төгрөгийг олгож, магадлалыг хүчингүй болгож өгнө үү" гэсэн агуулга тусгажээ.

 Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 1. 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Түрээсийн гэрээгээр БАГЭТ ХХК нь Мэдээллийн технологийн үндэсний парк Төрийн өмчит ААТҮГазрын эзэмшлийн байрны зоорийн 300м.кв бүхий талбайг гэрээний 1.2-т заасны дагуу биеийн тамир, спорт сургалтын зориулалтаар түрээсэлсэн байна.

 Гэрээний 4.3д зааснаар хугацааг 5 жил гэж талууд тохирсон боловч энэхүү гэрээнээс хойш 2012 оны 4 дүгээр сарын 1, 2013 оны 01 дүгээр сарын 01, 2013 оны 09 дүгээр сарын 26 гэсэн огноотой 3 гэрээг байгуулжээ./1хх 7-8/, / 2хх-86-90, 211- 213, 223-225 /

 Дээрх гэрээнд Төрийн өмчийн хороо оролцож, гурвалсан гэрээ хэлбэрээр гарын үсэг зурсан нь төрийн өмчийн хувьд зохих этгээдийн зөвшөөрлөөр хийгдэх хэлцлийн хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзнэ.

 Анхан шатны шүүх 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Түрээсийн гэрээг талуудын хүсэл зоригийг илэрхийлэл тусгагдсан гэрээ мөн бөгөөд дараа дараагийн гэрээнүүдээр зарим тохиролцоог тодруулж, хугацааг сунгасан нь анхны гэрээг үгүйсгэхгүй харин уг гэрээний үргэлжлэл гэж дүгнэн улмаар талуудын хооронд Иргэний хуулийн 318 дүгээр зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлсон нь маргааны харилцаанд нийцжээ.

 Түрээсийн зүйл болох хариуцагчийн эзэмшлийн барилгын зоорийн давхрын 300 м.кв бүхий талбайг гэрээнд заасан зориулалтаар шууд ашиглах боломжгүй, зайлшгүй засвар тохижилт хийх шаардлагатай байсан талаар талууд маргаагүй ба энэ нөхцөл байдлыг тооцож тодорхой хугацаанд түрээсийн төлбөрийг багасгах талаар 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний 4-т заалтад 4.1-д Түрээсийн 1 м.кв талбайн хөлс 7000 төгрөг байх ба 2000 төгрөг нь засварын зардалд суутгагдана гэж, гэрээний 4.2-т засварын ажил дуусах хүртэлх хугацаанд түрээсийн төлбөрийн 50%-ийг хөнгөвчилнө.... гэж тохиролцжээ.

 Өөрөөр хэлбэл түрээсийн байр нь Иргэний хуулийн 318 дүгээр зүйлийн 318.1-д заасны дагуу гэрээнд заасан нөхцөлөөр шууд ашиглах боломж бүрдээгүй зориулалтын бус байжээ.

Иймээс нэхэмжлэгч тал түрээсийн байранд засвар тохижилтын ажил хийсэн, уг зардлыг шаардах эрхтэй байна.

 2. Хэргийн /1хх / 23-37 дугаар талд авагдсан баримтаар Засварын ажлын төсөвт өртөг нь 43 364 616 гэж дүгнэсэн ба нэхэмжлэгч засварыг хийж , талбайг 2012 оны 9 дүгээр сарын 3-наас ашиглаж эхэлсэн гэж тайлбарлан зардлын 43 364 616 төгрөгөөс холбогдох сарын түрээсийг суутган тооцож үлдэгдэл 37 364 000 төгрөг, 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2012 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн илүү төлөлт 7 500 000 төгрөг, 2012 оны 9 дүгээр сарын 12-наас 2012 оны 12 дугаар сарын 31-ийг хүртэлх хугацааны илүү төлөлт 20 40 000 бүгд 47 504 000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлжээ.

 Түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж 2014 оны 07 дугаар сарын 01нээс үйл ажиллагааг зогсоосон болон ажлын байранд хийсэн засвар тохижилтыг салган авах боломжтой эсэх талаар талууд маргаагүй байна.

 Маргааны нөхцөл байдлын талаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэн гаргасан зардлын зарим хэсэг болох 34 330 250 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ засварын ажлын баримт бүрийг нэг бүрчлэн тооцож дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцжээ.

 Түүнчлэн анхан шатны шүүх түрээсийн төлбөрт илүү төлсөн гэх 9 540 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс 2014 оны 5-7 сарын түрээсийн төлбөрт 4 313 308 төгрөг гаргуулж, гэрээний 5.2-т заасны дагуу алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь талуудын байгуулсан гэрээний тохиролцоог зөв дүгнэсэн хэргийн баримтад тулгуурласан байна.

  Иймд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.4-д заасан шаардлагыг хангасан шүүхийн шийдвэр хуулийн үндэслэл бүхий болсон тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 3. Шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт хуулийн үндэслэлгүй байна.

 Талуудын байгуулсан анхны гэрээ болох 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Түрээсийн гэрээний 5.1-д засварын зардлыг түрээсийн төлбөрөөс суутгах нөхцөлөөр тооцох учир засвар тохижилтын ажлын зардалд хяналт тавьж улмаар тохижилтыг өөрчлөх, барилгын хийц, эд зүйлсэд хохирол учруулсан тохиолдолд хоёр талаас комисс гарган буруутай этгээдээр 7 хоногийн дотор барагдуулна. гэж тохиролцжээ.

 Түүнчлэн дараа дараагийн түрээсийн гэрээг байгуулахад Төрийн өмчийн хороо гурвалсан байдлаар оролцсон, эдгээр гэрээнд засварын ажил хийхэд барилгын хийц хэсэгт өөрчлөлт оруулах хөрөнгө оруулалт хийхээр бол зөвшөөрөл авах талаар мөн заасан байгаач нэхэмжлэгчийн хийсэн засварын ажил нь барилгын хийцэд өөрчлөлт оруулах хэмжээнд хийгдээгүй, зөвшөөрөл тусгайлан авах шаардлагагүй байжээ.

Түрээсийн гэрээний зүйл болох барилгын талбайг анхнаасаа аж ахуйн зориулалтаар ашиглах боломжгүйг талууд хүлээн зөвшөөрч тохирсны үндсэн дээр засвар тохижилтын ажил хийж холбогдох зардал гарсан, мөн нэхэмжлэгчийг гэрээгээр тохирсон үйл ажиллагааг явуулаагүй гэж хариуцагч талаас гэрээ цуцлах мэдэгдэл өгснөөр түрээсийн үйл ажиллагааг 2014 оны 7 сард зогсоосон нь хэргийн баримтаар тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд хэн аль маргаагүй байна.

 Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулд заасан журмыг зөрчөөгүй, талуудын мэтгэлцэх эрх хангагджээ.

 Дурдсан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1598 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/01391 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчулуун, өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ нарын хяналтын гомдлын зарим хэсгийг хангасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчулууны хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 193 090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЦОЛМОН

                                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                                  ШҮҮГЧ                                                    Х.СОНИНБАЯР

                                                                                                                  П.ЗОЛЗАЯА

                                                                                                                   Г.ЦАГААНЦООЖ