Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2024/00042

 

 

 

 

 

 

 

 

 2023        12        26                                               182/ШШ2024/00042

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхтуяа даргалж, шүүгч О.Аззаяа, Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Б-гийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: ЧДТГ холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Хохиролд 100,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.Б,

Хариуцагчийн төлөөлөгч О.Б,

Иргэдийн төлөөлөгч А.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2007.09.06-ны өдөр Бүгд Найрамдах Польш улсад оршин суудаг Н.Ж гэх хүнтэй хамтран барилга барихаар болсон. Н.Ж нь тухайн үед надад урьдчилгаа болгон 51,000 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 60,501,302 төгрөгийг шилжүүлсэн. Дээрх 51,000 ам.доллар нь бидний барих гэж байсан 13 давхар барилгын ажилд хүрэлцэх ямар ч боломжгүй байсан ба улмаар барилга баригдаагүй. Гэтэл Н.Ж нь Бүгд Найрамдах Польш улсаас ирсэн даруйдаа намайг өөрийг нь хууран мэхэлж, мөнгийг авсан гэх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргасан. Тухайн гомдлыг нь Чингэлтэй дүүргийн прокурор Д.Б, Ц.О гэх мэт хэд хэдэн прокурор дамжуулан шалгаж байгаад, гэнэт намайг өршөөлд хамруулахаар боллоо гэх зүйлийг хэлсэн. Миний хувьд ямар ч хэрэг хийгээгүй хэрнэ яагаад өршөөлд хамрагдана гэж байгаа талаар ойлгоогүй учир прокурортойгоо очиж уулзахад таны хэргийг харин ч дажгүй шийдчихлээ гэх зүйлийг хэлсэн. Улмаар түүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй учир үнэн зөвийг нь шүүхээр шийдвэрлүүлэх санал гаргаж, хэрэг шүүхэд шилжсэн. Шүүхээс тухайн асуудлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар зүйлчилсэн нь буруу байна, 148.3-т зааснаар зүйлчилж шийдвэрлэх ёстой байсан гэж дүгнэсэн бөгөөд прокурор хууль хэрэглээг буруу зүйлчилсэн нь тодорхой болсон тул миний хувьд боломжит бүхий л газарт гомдол гаргасан. Прокурорын хувьд 2007 онд гаргасан гомдлыг 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулиар шийдвэрлэх ёстой байтал 2008 оны 10 дугаар сард батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар зүйлчилсэн байсан. Өөрөөр хэлбэл гомдол гаргах үед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 гэх зүйл анги байгаагүй. Тухайн үед байгаагүй зүйл ангиар намайг буруутгаж, түүнийгээ халхлах гэж намайг өршөөлд хамруулсан байсан.

Улмаар тэр асуудал нь шүүхээр шийдвэрлэгдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар шийдвэрлэгдэх ёстой байсан гэх дүгнэлт гарч, хэрэг хэрэгсэхгүй болсон. Н.Ж, бид хоёрын хамтран барихаар төлөвлөж байсан барилга нь 2,8 тэрбум төгрөгийн өртөгтэй. Харин Н.Ж нь 56,000,000 төгрөг өгсөн хэрнээ намайг барилга барьсангүй, залиллаа гэх асуудал үүсгэсэн юм. Тухайн мөнгийг шүүхийн дансанд шилжүүлэх ёстой байсан боловч прокурор дур мэдэн хэрэг шийдвэрлэгдэж дуусаагүй байхад Н.Жд буцааж гаргаж өгсөн байсан. Шүүхээс хэрэг дуусгавар болоогүй байхад мөнгийг буцааж өгсөн нь буруу гэж шийдвэрлээд тухайн мөнгийг буцаах шийдвэр гаргасан боловч прокурор Н.Жд тухайн мөнгийг өгөөд Н.Ж ч аль хэдийн Бүгд Найрамдах Польш улс руу буцаад явсан байсан. Үүнд Прокурор Ма, өмгөөлөгч Т, Б, С, Ба нар идэвхитэй оролцсон. Ялангуяа Б, С, Ж нар хоорондоо хамааралтай, Варшавт хамт ууж идээд явдаг. Прокурорын үйл ажиллагааны талаар эрх бүхий байгууллагад гомдол гаргасан боловч хүлээж аваагүй.

Энэ мэтчилэн намайг эрүүгийн хэрэг биш зүйлийн төлөө бүтэн 7 жил хэлмэгдүүлсэн. Үүнээс болж надад сэтгэл санааны болон эрүүл мэндийн асар их хохирол учирсан. Миний хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллаж байсан боловч ажлаасаа хөөгдөж, хувиараа хийж байсан ажлаасаа ч хөөгдөж, бүх зүйл буруугаар эргэсэн. Өөрөөр хэлбэл миний ард үлдэх хүүхдүүд, найз нөхөд, ажлынхан маань намайг төрийн байгууллагад ажиллаж байсан хэрнээ бусдыг залилж 50,000 ам.доллар авсан мэт буруугаар ойлгож явдаг. Монгол улсад бодон БНХАУ-д эмчилгээ хийлгэсэн, их хэмжээний зардал гарсан. Эмчилгээний зардалд Сонгинохайрхан дүүрэгт байрлах 4 өрөө байраа 90 сая төгрөгөөр худалдан борлуулж эмчилгээний зардалдаа ашиглаж, эдийн засгийн хохирол амссан. Тийм учраас миний зөрчигдсөн эрх буюу нэр төр сэргээлгэх тухай шаардлагыг шүүхэд гаргасан боловч шүүх шаардлагаа тодруул гэсэн. Өөрөөр хэлбэл, намайг Жгийн 50,000,000 ам долларыг залилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дүгээр зүйлийн 148.4-т заасан хүнд зүйл ангиар яллаж, 2012-2018 оны хооронд шалгасны эцэст 2018 онд энэ нь гэмт хэргийн шинжгүй, иргэний эрх зүйн харилцаа байна гэж үзэн холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд үүнд хэрэгт хяналт тавьж байсан прокуроруудын ажлын ур чадвар, хууль хэрэглээний чадвар муу, ёс суртахуунгүй, авлигын нөлөөнд орсон байдал нөлөөлсөн, үүний улмаас миний бие сэтгэл санаа, эрүүл мэнд, эд хөрөнгөө хохирсон тул үүнийгээ 100,000,000 төгрөгөөр тооцож прокурорын байгууллагаас нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын зүгээс С.Б нь Н.Жгаас 50,000 ам.доллар дээр өөрийн эзэмшлийн зуслангийн газрыг 1,000 ам.долларт тооцон шилжүүлж өгнө гээд нийт 51,000 ам.долларыг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэж үзэн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 415 дугаартай яллах дүгнэлтийг үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг. Шүүхээс 2018.02.27-ны өдөр хэргийг хэлэлцэн 157 дугаартай шийтгэх тогтоол гаргаж, тухайн шийтгэх тогтоолоор С.Бд холбогдох 50,000 ам.долларыг авч бусдыг залилсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, харин зуслангийн газартай холбоотойгоор 1,000 ам.долларыг авч бусдыг залилсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж үзсэн ба, хэргийн зүйлчлэлд өөрчлөлт оруулсан байдаг. Улмаар тухайн шүүхийн шийдвэрт С.Бгийн зүгээс гомдол гаргаж, 2018.05.22-ны өдрийн 484 дугаартай магадлалаар шийтгэх тогтоолын 1, 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. С.Бд холбогдох хэргээс шүүх 50,000 ам доллар буюу 59,315,000 төгрөгийг залилсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, харин 1000 ам доллар буюу 1,186,302 төгрөг залилсан гэх хэрэгт гэм буруутайд тооцсон байдаг. Түүнчлэн Улсын дээд шүүхийн 2018.09.28-ны өдрийн 114 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд хэргийг шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үүнд прокурорын байгууллага, прокурорын ямар нэгэн буруутай үйлдэл байхгүй, шалгаж тогтоосон бичгийн баримтгүй. Тиймээс прокурорын байгууллага нь нэхэмжлэгчийн эрхэд халдаж сэтгэл санааны болон эрүүл мэндийн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжилсэн 100 сая төгрөг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй, 100 сая төгрөгөөр хохирсон талаар нотлох баримтгүй байна. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч тал ялыг хүндрүүлэн зүйлчилсэн гэж, хариуцагч тал ялыг хөнгөрүүлэн зүйлчилсэн гэдэг асуудал яриад байгааг би үнэндээ сайн ойлгохгүй байна. Тиймээс шүүгч нарын гаргасан шийдвэрийг дэмжинэ гэв.

 

4.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, 2022.10.17-ны өдөр УЕПГ-ын Дотоод, хяналт шалгалтын газарт гаргасан өргөдөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын 2017.10.03-ны өдрийн ТГ/738 тоот албан бичиг, Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын Прокурорын 2015.03.30-ны өдрийн 01 тоот эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгох тухай тогтоол,  Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2015.10.06-ны өдрийн 05 дугаар улсын яллагчийн эсэргүүцэл, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2017.06.23-ны өдрийн 702 тоот Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2016.09.07-ны өдрийн 5/1759 тоот хариу мэдэгдэх хуудас, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.10-ны өдрийн 711 дүгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж зэргийг шүүхэд гарган өгчээ.

 

5.Хариуцагч талын гаргасан хүсэлтийн дагуу Улсын ерөнхий Прокурорын газрын дэргэдэх Эрүүгийн хэргийн тусгай архиваас эрүүгийн 201201041295 дугаартай хэргийн 22 хуудас баримтыг шүүхийн журмаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч ЧДТГт холбогдуулж зөрчигдсөн эрх буюу нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хохиролд 100,000,000 төгрөг гаргуулах гэж тодруулсан болно.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, нэхэмжлэгчийн гарган өгсөн, шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “...намайг үндэслэлгүйгээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан хүнд зүйл ангиар зүйлчилж, бусдыг залилсан гэх гэмт хэрэгт олон жил шалгасан бөгөөд 2018 онд гэмт хэрэг биш болохыг тогтоож, хэргийг хэрэгсэхгүй болгосон, прокурор эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, үүний улмаас надад сэтгэл санаа, эрүүл мэндийн асар их хохирол учирсан, эмчилгээний зардалд Сонгинохайрхан дүүрэгт байрлах 4 өрөө орон сууцаа 90 сая төгрөгөөр худалдаж эдийн засгаар хохирсон учир шаардах эрхтэй...” гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг “...С.Бг гэмт хэрэгт холбогдуулан шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд үүнд прокурор болон прокурорын байгууллагын ямар нэгэн буруутай үйл ажиллагаа байхгүй, шүүх С.Бгийн 50,000 ам долларт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, 1000 ам долларт холбогдох үйлдэлд гэм буруутай болохыг тогтоож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн сэтгэл санаа, эрүүл мэндэд 100 сая төгрөгийн хохирол учирсан байдал баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэл үндэслэлгүй...” гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

3.Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс нь 2012.09.15-ны өдөр С.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 201201041295 дугаартай хэрэг үүсгэж, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2017.06.23-ны өдрийн 702 дугаар “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор “С.Бд холбогдох эрүүгийн хэргийг анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015.08.11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч С.Б нь дээрх прокурорын тогтоолд гомдол гаргасан байх ба, хариуцагч ЧДТГ нь 2017.12.17-ны өдрийн 5/05 дугаар хариу мэдэгдэх хуудсаар “...Танд холбогдох эрүүгийн 201201041295 дугаартай хэргийг тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхтуул 2017.06.23-ны өдрийн 702 дугаартай тогтоолоор Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулиар, 2017.09.15-ны өдөр хяналтын прокурор Д.Дэлгэрмаа 18 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.5-д заасан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан бөгөөд яллагдагчийн гомдлоор дээд шатны прокуророос хэргийг сэргээсэн байна. Та өөрийн гэм буруугийн тал дээр маргаж байх тул хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй... гэсэн хариуг өгчээ.

 

Үүний дараа ЧДТГ нь С.Бд холбогдох эрүүгийн хэргийн талаар “...С.Б нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2007.09.17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голомт банкны 1 дүгээр салбарт хохирогч Н.Жд “Монголын Эсперанточ залуучуудын холбоо” ТББ-ын эзэмшлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 500 м.кв газрын 250 м.кв газрыг газар эзэмшүүлэх гэрээгээр шилжүүлж улмаар уг газар дээр хамтран барилга барина гэж 50,000 ам.доллар, өөрийн эзэмшлийн Хандгайт дахь зуслангийн газраа зарна гэж 1,000 ам.доллар, нийт 51,000 ам.доллар буюу 60,501,302 төгрөгийг залилж их хэмжээний хохирол учруулсан... гэсэн үйлдэлд 2017.12.25-ны өдөр 415 дугаартай яллах дүгнэлтийг үйлдэж, эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

4.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.27-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Бг бусдын 50,000 ам доллар буюу 59,315,000 төгрөгийг залилсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Бг шинэчлэн найруулсан 2008 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх замаар олж авсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч С.Бг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэрээр цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Дээрх шүүхийн шийтгэх тогтоолд “...С.Б нь бодит байдлыг нуух замаар Н.Жг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2007.09.14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голомт банкны 1 дүгээр салбарт хохирогч Н.Жд “Монголын Эсперанточ Залуучуудын холбоо” ТББ-ын эзэмшлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 500 м.кв газрын 250 м.кв газрыг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлж, улмаар уг газар дээр хамтран барилга барина гэж 50,000 ам долларыг буюу 59,315,000 төгрөгийг залилсан гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй байна..., шүүгчдэгч С.Б нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн, газар эзэмших эрхгүй атлаа 250 м.кв газрыг шилжүүлж өгөх нэрээр хохирогч Н.Жгаас 50,000 ам доллар залилж авсан гэх гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байсан эсэх нь нотлогдон тогтоогдохгүй байна...” гэж,  мөн “...С.Б нь 2007.09.14-ний өдөр бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх аргаар олж авч, 1,000 ам доллар буюу 1,186,302 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг нь шинэчлэн найруулсан 2008 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт хамаарч байх ба... хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн тул шүүгч С.Бг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдож байна...” гэж тус тус дүгнэсэн байна.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс тус эрүүгийн хэргийг хянаж, 2018.05.22-ны өдрийн 484 дүгээр магадлалаар 157 дугаар шийтгэх тогтоолын 1, 2 дахь заалтад агуулга болон гэмт хэргийн зүйлчлэлийн талаар нэмэлт өөрчлөлтийг, мөн эрүүгийн хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон үйлдэлд холбогдох иргэний нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг Н.Жд мэдэгдсэн нэмэлт заалтыг оруулж шийдвэрлэсэн бөгөөд дээрх шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хуулийн  хүчин төгөлдөр болсон байна.

 

Тодруулбал, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон С.Бгийн бусдыг залилсан гэх үйлдэл, үйл баримтын талаар шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй болно.

 

5.Гэм хорыг арилгах үндэслэл, шаардах эрх нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирогчид учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой байхаас гадна гэм буруу нь тогтоогдсон байхыг шаарддаг онцлогтой.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заасан.

 

Хэдийгээр нэхэмжлэгч С.Б нь хуулийн дээрх заалтын дагуу хохирол шаардах эрхтэй боловч төрийн албан хаагч буюу Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын албан үүргээ зөрчсөн гэм буруутай ямар үйлдэл, эс үйлдэхүйн улмаас түүнд сэтгэл санаа, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол учирсан нь тодорхойгүй, энэ талаар хэрэгт баримт авагдаагүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч С.Б  Монгол улсад болон  гадаад улсад /БНХАУ/ хэдэн төгрөгийн ямар эмчилгээ хийлгэсэн болох, Сонгинохайрхан дүүрэгт байрлах  4 өрөө орон сууц нь түүний өмчлөлийнх мөн эсэх, ямар зорилгоор хэзээ, хэнд, ямар үнээр худалдан борлуулсан болох үйл баримтууд тодорхойгүй, энэ талаарх баримтгүйн дээр эдгээр нөхцөл байдлууд өөрт нь холбогдуулан шалгасан гэмт хэргийн үйлдэлтэй ямар шалтгаант холбоотой  болох нь тодорхойгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч С.Б нь гэм хорын хохиролд шаардсан 100,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй болно.  

 

6.Нэхэмжлэгч С.Б нь прокурор Л.Магийн талаар Прокурорын ёс зүйн зөвлөлд гомдол гаргасныг хянаад  УЕПГ-ын  2016.09.28-ны өдрийн 11/1894, 4/1809 дугаар хариу мэдэгдэх хуудсаар “...Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Магийн хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй...” гэж үзэн гомдлыг хүлээн авахаас татгалзсан хариу өгсөн байна.

 

Мөн нэхэмжлэгч С.Бгийн Монгол улсын ерөнхийлөгчид хандсан “...нэр бүхий прокурор, цагдаа, шүүхийн шинжилгээний байгууллагын алба хаагчид өөрийг нь 2012 оноос хилс хэрэгт холбогдуулан шалгаж, 2017.09.15-нд хэргийг хэрэгсэхгүй болгосон буруутай этгээдийг хуулийн дагуу шалгаж өгөхийг хүссэн өргөдөл, гомдол”-ыг Монгол улсын ерөнхийлөгчийн Тамгын газрын 2017.10.03-ны өдрийн п/738 дугаар албан бичгээр Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн байх бөгөөд энэхүү өргөдөл, гомдол шийдвэрлэгдсэн талаарх баримтыг нэхэмжлэгч гаргаагүй, хэрэгт авагдаагүй байна.

 

 Нэхэмжлэгч С.Б нь прокурор Б.Ба, н.Б, н.С нарыг уг хэрэгт холбоотой, хувийн сонирхолтой оролцсон гэж тайлбарлах боловч эдгээр нэр бүхий прокуроруудад буюу албан тушаалтнуудад холбогдуулж ямар нэгэн гомдол гаргаагүй, тэдний албаны үйл ажиллагаа хууль бус болохыг  нотолж тогтоосон бичгийн баримтгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч С.Б нь  Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан зүйлд заасан гэмт хэрэгт 2012 оноос 2018 оны хооронд шалгагдсан энэхүү ажиллагаанд хяналт тавьсан гэх прокурор Л.Мад холбогдуулан  Прокурорын ёс зүйн зөвлөлд гомдол гарган шалгуулсан байх боловч  түүний албан үүргээ гүйцэтгэхдээ хууль зөрчсөн, С.Бг хохироосон гэх хууль бус үйлдэл тогтоогдоогүй, мөн түүнчлэн прокурор Б.Ба, н.Б, н.С нарын албан үүргээ гүйцэтгэж байсан ямар үйл ажиллагаа хууль бус болохыг эрх бүхий байгууллагаас  шалгаж тогтоосон ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байна.

 

7.Харин Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.27-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолоор С.Бгийн бусдын 50,000 ам доллар буюу 59,315,000 төгрөгийг залилсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, 1,000 ам доллар буюу 1,186,302 төгрөгийн үйлдэлд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болох нь нэгэнт тогтоогдсон.

 

Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан “...намайг үндэслэлгүйгээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан хүнд зүйл ангиар зүйлчилж, бусдыг залилсан гэх гэмт хэрэгт олон жил шалгасан бөгөөд 2018 онд гэмт хэрэг биш болохыг тогтоож, хэргийг хэрэгсэхгүй болгосон, прокурор эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх агуулга бүхий тайлбар үндэслэлгүй байна.

 

8.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь хэргийн үйл баримтын талаар сайн ойлгоогүй гэх ба, зохигчийн гэм буруугийн талаар тухайлан дүгнэлт гаргаагүй, шүүх бүрэлдэхүүний гаргасан шийдвэрийг дэмжинэ гэдгээ тайлбарласан.

 

Дээрх бүгдээс дүгнэн үзвэл, хариуцагч Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас гэм хорын хохирол гаргуулах хууль зүйн үндэслэлгүй буюу Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Ма, Б.Ба, н.Б, н.С нар нь хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй болон албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэх байдал баримтаар тогтоогдохгүй, түүнийг бусдын 50,000 ам доллар буюу 59,315,000 төгрөгийг залилсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4.-т заасан зүйл ангиар 2012 оноос 2018 оны хооронд шалгаж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.27-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолоор эцэслэн шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгч С.Бд 100,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, эдгээрийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсонгүй.

 

Иймд нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байх тул Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас 100,000,000 төгрөг гаргуулах тухай С.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

 

9.Нэхэмжлэгч С.Б нь 100,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагадаа 657,950 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөх ёстой байтал төлөөгүй байх тул түүнээс 657,950 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсөвт оруулах нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1.-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2.-т зааснаар ЧДТГт холбогдох хохиролд 100,000,000 төгрөг гаргуулах тухай С.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1.-д зааснаар нэхэмжлэгч С.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 657,950 төгрөгийг нөхөн төлүүлж улсын төсөвт оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4, 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

                  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ЭНХТУЯА