Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01074

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 26 210/МА2023/01074

 

 

С.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Бадрах, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 21-ний өдрийн 182/ШШ2023/01256 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ЧПГ-т холбогдох, нэр төр, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Иргэн Н.Ж- өөрийг нь хуурч мэхэлж, мөнгийг нь авсан гэх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргасан. Тухайн гомдлыг Чингэлтэй дүүргийн прокурор шалгаж байгаад гэнэт намайг өршөөлд хамруулахаар боллоо гэх зүйлийг хэлсэн. Миний хувьд хэрэг хийгээгүй учир яагаад өршөөлд хамрагдах гэж байгаа талаар лавлахад таны хэргийг харин ч дажгүй шийдчихлээ гэсэн. Улмаар шүүхээс тухайн асуудлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т зааснаар зүйлчилсэн нь буруу, 148.3-т зааснаар зүйлчилж шийдвэрлэх ёстой байсан гэж дүгнэсэн. Прокуророос хууль хэрэглээг буруу хэрэглэсэн нь тодорхой болсон тул миний хувьд боломжит бүх газар гомдол гаргасан. Прокурорын хувьд 2007 онд гарсан гомдлыг 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулиар шийдвэрлэх ёстой байтал 2008 онд батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 148.4-т зааснаар зүйлчилсэн байсан. Өөрөөр хэлбэл, гомдол гаргах үед Эрүүгийн хуулийн тусгай ангид 148.4 гэсэн заалт байгаагүй. Миний хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллаж байсан боловч ажлаасаа хөөгдөж, хувиараа хийж байсан ажлаасаа ч хөөгдөж бүх зүйл буруугаар эргэсэн. Улмаар Прокурорын газарт хуулийг буруу хэрэглэсэн бол уучлал гуйх талаар хэлсэн боловч нэгэнт шийдвэрлэгдсэн асуудал гээд авч хэлэлцээгүй. Хүүхдүүд, найз нөхөд, ажлынхан маань намайг хуулийн байгууллагад ажиллаж байсан хэрнээ бусдыг залилж 50,000 ам.доллар авсан мэт буруугаар ойлгож явдаг. Иймд миний хувьд үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэгт шалгагдаж, прокурор хуулийг буруу хэрэглэн улмаар өршөөлд хамруулсан учир миний нэр төр, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

2.   Хариуцагч тал хариу тайлбартаа: 2017 оны 11 сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсээс Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар С.Б-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгасан Эрүүгийн 201201041295 дугаартай хэргийг тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б- хянаад 2017 оны 12 сарын 25-ны өдөр 415 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 02 сарын 27-ны өдөр 157 дугаар шийтгэх тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ ...шүүгдэгч С.Б-гийн 2007 оны 09 сарын 14-ний өдөр бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх аргаар олж авах, 1,000 ам.доллар буюу 1,186,302 төгрөгийг бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан 2008 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн байна. Давж заалдах болон хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд Прокурор нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Б-г бусдын итгэлийг эвдэх аргаар 1,000 ам.доллар буюу 1,186,302 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүхээс яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх зорилгоор зарим хуулийг буцаан хэрэглэж түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн байтал албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хүний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Прокурорын байгууллагаас С.Б- гэх хүнийг хэрэгт гүтгэж, нэр төрд нь халдсан зүйл огт байдаггүй. Тийм учир нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар ЧПГ-т холбогдох зөрчигдсөн эрх буюу нэр төр сэргээлгэх тухай С.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгч С.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.а.Шүүгчид нэхэмжлэлийн шаардлага болох зөрчигдсөн эрхээ сэргээлгэх нэхэмжлэлийг өмнөх эрүүгийн хэргийн шийдвэртэй хутган ойлгож буруу шийдвэр гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт бичсэн 2007 оны 09 сарын 16-ны өдрийн хэргийн зүйлчлэлийг мөрдөгч болон прокурорууд хүчээр 2008 оны нэмэлт Эрүүгийн хуулиар зүйлчлэн ялласан үйлдлийн зөв бурууг тогтоож хүний эрх зөрчигдсөн эсэхэд зөв дүгнэлт өгч чадаагүйд гомдолтой байна.

4.б.Шүүх хуралд заавал оролцох ёстой иргэдийн төлөөлөгч Д.Б-, Б.Б-, Б.Г, М.Б нарын хэн нь шүүх хуралд оролцохоор гарын үсэг зурж баталгаажсан нь тодорхой биш, 2 дахь удаагаа хууль зөрчсөн ба хүнд өвчний улмаас дахин биеэр шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсныг үл харгалзан иргэдийн төлөөлөгчгүйгээр шүүх хурал явуулахад татгалзал байна уу гэж тулган зөвшөөрүүлсэн. Иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралд заавал оролцуулах нь шүүхийн үүрэг бөгөөд нэхэмжлэгчээс асуух хуулийн зохицуулалт байхгүй.

4.в.Нэхэмжлэгчийг нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Бүх шатны шүүхийн шийдвэр, хариуцагч хууль зөрчин зүйлчлэлийг өөрчилж эрүүгийн ял тулгасан нь шүүхээр тогтоогдсон гэж хүлээн зөвшөөрснийг үнэлээгүйд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн нэр төр гутаагдсан нь баримтаар нотлогдсонгүй гэж үндэслэлгүй дүгнэлт гаргасан гомдолтой байна. Чанга дэглэмтэй шоронд 13 жилийн ял оноож хууль зөрчсөн цагдаа, прокурорын үйлдэл хүний нэр төрд хууль бусаар халдсан үйлдэл биш гэж дүгнэсэнд гомдолтой байна.

4.г.2007 оны болсон асуудлыг 2002 оны Эрүүгийн хуулиар, эсхүл 2008 оны нэмэлт хуулиар зүйлчлэх ёстой юу гэх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбарыг үгүйсгэж байгаа нь шүүгч нар нөлөөнд орсон, эсхүл хуулийн мэдлэг чадвар дорой байна. Тухайн үед цагдаа, прокурор нарт зүйлчлэл чинь буруу байна гэж олон удаа сануулсан ба нэгэнт шүүхэд шилжсэн юм чинь өөрчлөх боломжгүй гэж байсныг хэлсэн боловч шийдвэрт тусгаагүй байгаад гомдолтой байна.

4.д.Нэхэмжлэгчийн эрх нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөөгүй гэх тодорхой хариуг өгөөгүй, бодит байдалд дүгнэлт өгч чадаагүй шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, иргэдийн төлөөлөгчийг оролцуулан шүүх хурал хийлгэх хүсэлтэй байгаа тул анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 415 дугаартай яллах дүгнэлтийг анхан шатны шүүх 2018 онд хянан шийдвэрлэж, тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дууссан байна гэж үзсэн. Уг дүгнэлтийг эс зөвшөөрч С.Б- болон түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж зүйлчлэлийг нь өөрчилж шийдвэрлэсэн. Уг магадлалыг эс зөвшөөрч, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Улсын Дээд шүүхэд хяналтын гомдол гаргаж байсан. Улсын Дээд шүүхээс тухайн хэргийг хянан шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэсэн. Нэхэмжлэгчийн нэр төрд халдсан асуудал тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгч нь ялтнуудтай хамт оролцуулан нэр хүндийг нь гутаасан гэж үзсэн. Ял эдэлж байгаа хүнийг тэнсэн суллаж байгаа тохиолдолд магадлангийн хурлаар оролцуулж дүгнэлт гарган хугацаанаас нь өмнө тэнсэн суллах асуудал яригддаг. Энэ тохиолдолд тухайн хорих ангиас шийдвэр гаргаж, прокурорын байгууллагад ирүүлдэг. Тухайн дүгнэлтийг харгалзан үзэж прокурорын байгууллагаас шийдвэрийг гаргадаг. Мөн уг дүгнэлтийн дагуу магадлангийн хурал болж, шийдвэрийг гаргадаг. Харин ял эдэлж байгаагүй тохиолдолд тухайн нэрсэнд нэхэмжлэгчийн нэр ороогүй байна. Шүүхээс уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Харин ямар нэгэн хорих ангид очиж ял эдэлсэн болон цагдан хоригдсон асуудал яригдаагүй. Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн атлаа ямар шалтгаанаар уг хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасныг үндэслэж шийдвэрлэсэн талаарх асуудал яригддаг. Тухайн хуульд 2008 онд өөрчлөлт орж, 51,000 ам.доллар нь онц хэмжээнд хамаарч байсан учраас зүйлчлэлд өөрчлөлт оруулсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэл илэрсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2.   Нэхэмжлэгч С.Б- нь хариуцагч ЧПГ-т холбогдуулан нэр төр, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 19-20/

 

3.   Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад анхан шатны шүүх тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Нэхэмжлэгч чухам ямар хэлбэр, хэрэгсэл, аргаар зөрчигдсөн эрх, нэр төрөө сэргээлгэхийг хүсч буйг тодруулж, энэ талаар зохигчдыг мэтгэлцүүлэх нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой, улмаар шүүхийн шийдвэр тодорхой, биелэгдэх боломжтой болно.

 

4.   Иргэдийн төлөөлөгчийг хуульд заасан журмын дагуу сонгоогүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт ... шүүх хуралдаан бүрд 10 хүний нэрсийн дэд жагсаалтыг цахимаар эрэмбэлэн тохиолдлын журмаар сонгон тухайн шүүхийн Тамгын газрын даргаар батлуулна гэж журамлажээ.

 

Гэтэл Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2023 оны 03 сарын 17-ны өдрийн А/42 дугаар тушаалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 27-ны өдрөөс 2023 оны 03 сарын 31-ний өдрийг хүртэлх шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох иргэдийн нэрсийн жагсаалтыг хавсралтаар баталжээ. /хх 26, 27/

 

Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн зохицуулалт нь тодорхой хэрэг маргаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг батлах агуулгатай байхад дээрх тушаалаар тухайн шүүхэд тодорхой хугацаанд зарлагдсан бүх хэрэг маргаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг баталсан нь хуульд нийцээгүй байна.

 

5.   Харин нэхэмжлэгчийн гаргасан ...Иргэдийн төлөөлөгчийг ... шүүх иргэдийн төлөөлөгчгүйгээр шүүх хурал явуулахад татгалзал байна уу гэж тулган зөвшөөрүүлсэн. Иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралд заавал оролцуулах нь шүүхийн үүрэг бөгөөд нэхэмжлэгчээс асуух хуулийн зохицуулалт байхгүй... гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт Томилогдсон иргэдийн төлөөлөгч ... шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. ... гэж зохицуулсан, үүний дагуу зохигчид иргэдийн төлөөлөгчийг оролцуулах шаардлагагүй гэсэн агуулга бүхий хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг хийсэн байна. /хх 74, 75/

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 21-ний өдрийн 182/ШШ2023/01256 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Б-гаас давж журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 05 сарын 03-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

 

Д.НЯМБАЗАР