Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 1716

 

 

 

 

 

 

 

 

 

“Б ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2019/01366 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Б ББСБ” ХХК-ийн хариуцагч Ш.Э, М.Ш нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 97 888 500 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ш.Э-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагч Ш.Э-ын өмгөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Б ББСБ” ХХК нь зээлдэгч М.Ш, хамтран зээлдэгч Ш.Э нартай 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 45 000 000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлэхээр харилцан тохиролцож 16360 дугаар зээлийн гэрээ байгуулсан. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 хүннүгийн гудамж, 428 дугаар байрны 144 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204076880 тоот гэрчилгээтэй 67 м.кв 3 өрөө орон сууцыг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дууссан боловч зээлдэгч М.Ш нь өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хамтран зээлдэгч Ш.Э нь би зээлдэгч С.Ш-ийн өмнөөс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэнэ, хугацаа олгооч гэх мэтээр хугацаа хожин манай байгууллагыг хохироож байна. Иймд М.Ш болон Ш.Э нартай байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 16360 дугаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 45 000 000 төгрөг, хүүд 44 467 500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 421 000 төгрөг, нийт 97 888 500 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлийг миний найз У.А зээлж авсан ба уг зээлээс би нэг ч төгрөг аваагүй болно. У.А-оос мөнгөө нэхэхээр удахгүй төлнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Миний бие хүний өмнөөс мөнгө төлж, орон байраа алдахад хүрч байна. Нэхэмжлэгч зээлийн хүүг гэрээ байгуулсан үеэс нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд бодсон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Зээлийн гэрээ 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдаж, хугацаа нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дууссан. Нэг жилийн хүү 18 900 000 төгрөг болно. Иймд үндсэн төлбөр 45 000 000 төгрөг, хүүд 18 900 000 төгрөг, нийт 63 900 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 33 988 500 төгрөгийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Ш, Ш.Э нараас 97 888 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б ББСБ” ХХК-д олгон, үүргийг биелүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2204076880 дугаартай, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 хүннүгийн гудамж, 428 дугаар байр, 144 тоот хаягт байрлах 67 метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 647 393 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 70 200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч нараас 717 592 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Ш.Э давж заалдах гомдолдоо:

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэл нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээг байгуулж, 45 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн 12 сарын хугацаатайгаар зээлсэн. Уг зээлийг би аваагүй манай найз У.А аваад одоог хүртэл төлөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэл хохирч байна. Анхан шатны шүүхээс 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2019 оны 3 дугаар сарын 28-ныг хүртэл хугацаанд тооцон 44 467 500 төгрөгийг гаргасан үндэслэлгүй харин зээлийн хугацаа 12 сар, зээлийн 12 сарын хугацаанд нь зээлийн хүү бодох үндэслэлтэй бөгөөд 12 сарын хүү нийт 18 900 000 төгрөг төлөх үндэслэлтэй. Мөн анхан шатны шүүх дээр нэхэмжлэгч талаас нэмэгдүүлсэн хүүг хасаж болно гэхэд шүүгч эвлэрээгүй байхад хасах шаардлага байгаа юу гэхэд нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүг хасаж болно гэж байсан.

Иймд үндсэн зээл 45 000 000 төгрөг, 12 сарын зээлийн хүү 18 900 000 төгрөг нийт 63 900 000 төгрөгийн хүлээн зөвшөөрч байна. Харин 33 988 500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч “Б ББСБ” ХХК нь хариуцагч Ш.Э, М.Ш нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 97 888 500 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээгээр хариуцагч М.Ш нь 45 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатайгаар зээлж, үүргийн гүйцэтгэлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 хүннүгийн гудамж, 428 дугаар байр, 144 тоот хаягт байршилтай 67 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 6-9 дүгээр тал/

 

            Нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч буюу хариуцагч М.Ш нь мөнгийг хүлээн авч гэрээнд заасан хугацаанд эргүүлэн төлөх үүргийг хүлээсэн тул талуудад Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн, шүүх энэ талаар зөв дүгнэжээ.

 

            Хариуцагч нь үндсэн зээл 45 000 000 төгрөг, 12 сарын зээлийн хүү 18 900 000 төгрөг, нийт 63 900 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 33 988 500 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ. Зээлийн гэрээний үүргээ зээлдэгч зөрчсөн байх тул зээлдүүлэгч гэрээний үүргийг шаардах эрхтэй, хариуцагчийн 12 сар буюу зээлийн гэрээний хугацаанаас хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй тухай татгалзал үндэслэлгүй.

 

            Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт болон Зээлийн гэрээний 2.1.4, 2.1.5-д заасны дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч төлөх үүрэгтэй. Шүүх хариуцагчаас үндсэн зээл 45 000 000 төгрөг, зээлийн хүү 44 467 500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 241 000 төгрөг, нийт 97 888 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалт болон гэрээнд заасанд нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч нь зээлийн хүүг төлөхөөр эвлэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү 8 421 000 төгрөгийг төлбөрийн дүнгээс хасч нэхэмжлэх боломжтой гэсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх бөгөөд шүүгч зөвлөгөө өгсөн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч “Б ББСБ” ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн барьцааны гэрээний 4.1.2-т зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах эрхтэй бөгөөд хариуцагч нь зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд шүүх барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 Хүннүгийн гудамж, 428 дугаар байр, 144 тоот хаягт байрлах 67 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ш.Эын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2019/01366 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.ТУЯА

 

                                       ШҮҮГЧИД                              Г.ДАВААДОРЖ

 

  А.ОТГОНЦЭЦЭГ