Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2019/01366

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш.Э,

Хариуцагч: М.Ш нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 97,888,500 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, хариуцагч Ш.Э ын өмгөөлөгч М.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК нь зээлдэгч М.Ш, хамтран зээлдэгч Ш.Э нартай 2016 оны 11 дүгээр 28-ны өдөр 45,000,000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлэхээр харилцан тохиролцож 16360 дугаар зээлийн гэрээ байгуулсан. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 хүннүгийн гудамж, 428 дугаар байрны 144 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204076880 тоот гэрчилгээтэй 67 м.квадрат 3 өрөө орон сууцыг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дууссан боловч зээлдэгч М.Ш нь өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хамтран зээлдэгч Ш.Э нь Би зээлдэгч С.Ш-ийн өмнөөс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэнэ, хугацаа олгооч гэх мэтээр хугацаа хожин манай байгууллагыг хохироож байна. Иймд М.Ш болон Ш.Э нартай байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 16360 дугаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 45,000,000 төгрөг, хүүнд 44,467,500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,421,000 төгрөг, нийт 97,888,500 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг зээлийг миний найз У.А зээлж авсан ба уг зээлээс би нэг ч төгрөг аваагүй болно. У.А-с мөнгөө нэхэхээр удахгүй төлнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Миний бие хүний өмнөөс мөнгө төлж, орон байраа алдахад хүрч байна. Нэхэмжлэгч зээлийн хүүг гэрээ байгуулсан үеэс нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд бодсон үндэслэлгүй гэж үзэж байна. Зээлийн гэрээ 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдаж, хугацаа нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дууссан. Нэг жилийн хүү 18,900,000 төгрөг болно. Иймд үндсэн төлбөр 45,000,000 төгрөг, хүүд 18,900,000 төгрөг, нийт 63,900,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 33,988,500 төгрөгийн шаардлагаас татгалзаж байна гэв.

Хэргийн оролцогчдын тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Ш.Э, М.Ш нараас зээлийн үндсэн төлбөрт 45,000,000 төгрөг, хүүд 44,467,500 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 8,421,000 төгрөг, нийт 97,888,500 төгрөг гаргуулж, үүргийг барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2204076880 дугаар бүхий Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 хүннүгийн гудамж, 428 дугаар байрны 144 тоот хаягт байрлах 67 м.кв талбайтай 3 өрөө орон сууцнаас хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас 63,900,000 төгрөгийн хэмжээнд зөвшөөрч, үлдэх 33,988,500 төгрөгөөс татгалзан, үндэслэлийг уг мөнгийг хариуцагч нар хэрэглээгүй, гэрээний хугацаагаар зээлийн хүүг тооцно гэжээ.

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч М.Ш, Ш.Э нартай 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 16360 тоот Зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр нэхэмжлэгч 45,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5%-ийн хүүтэйгээр зээлдүүлж, төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-6-8/

Мөн тус өдөр нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч М.Ш-тэй 16360 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн барьцаа гэрээ байгуулж, гэрээгээр Зээлийн гэрээний үүргийг хангахаар М.Ш-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204076880 дугаартай, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 хүннүгийн гудамж, 428 дугаар байр, 144 тоот хаягт байршилтай, 67 метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалжээ. /хх-9-12/

Зохигчдын хооронд байгуулсан Зээлийн гэрээний агуулга, гэрээнд тусгагдсан хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байна. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Гэрээ хүчин төгөлдөр тул хэн аль нь гэрээг биелүүлэх үүрэгтэй ба үүргийн биелэлтийг үүргээ зөрчсөн талаас үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй., Банк, эрх бүхий этгээдийн төлбөр тооцоо, мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй., 24 дүгээр зүйлийн 24.3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө. гэж зааснаас дүгнэхэд хариуцагч нар зээлийн хүүг гэрээний хугацаагаар төлнө гэх татгалзал үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл эрх бүхий этгээдээс олгосон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлийн гэрээний хугацаагаар хязгаарлахгүйгээр төлж дуусгах хүртэл хугацаагаар тооцдог зохицуулалттай юм.

Нэхэмжлэгч зээлийн хүүг зээлийн үндсэн төлбөрөөс сарын 3,5%-ийн хүүгээр 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2019 оны 3 дугаар сарын 28-ныг хүртэл хугацаанд тооцон 44,467,500 төгрөг шаардсан нь үндэслэлтэй байна.[1]

Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. гэж заасан байх ба талуудын байгуулсан Зээлийн гэрээний 2.1.5-д Нэмэгдүүлсэн хүү: Зээлийн хүүгийн 20 хувь байна. Үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн хугацааг хэтрүүлсэнд тооцож зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцно гэж тохирсон нь нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүг шаардах үндэслэл болсон байна.

Нэмэгдүүлсэн хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй зээлийн дүнг үндсэн хүүгийн 20 хувиар 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2019 оны 3 дугаар сарын 28-ныг хүртэл хугацаанд тооцон 8,421,000 төгрөг шаардсан нь мөн үндэслэлтэй.[2]

Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн барьцаа гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан хэлбэрийн шаардлага хангасан, 166 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн, үндсэн үүргийн үүрэг гүйцэтгэгч нар үүргээ гүйцэтгээгүй тул үүрэг гүйцэтгүүлэгч буюу Б ХХК тус хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.

Иймд хариуцагч М.Ш, Ш.Э нараас зээлийн төлбөр 45,000,000 төгрөг, хүүд 44,467,500 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 8,421,000 төгрөг, нийт 97,888,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгуулж, үүргийг биелүүлээгүй тохиолдолд хариуцагч барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2204076880 дугаартай, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 хүннүгийн гудамж, 428 дугаар байр, 144 тоот хаягт байрлах 67 метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар гэрээний үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгч хэн алинаас шаардсан нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч М.Ш, Ш.Э нараас 97,888,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгон, үүргийг биелүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2204076880 дугаартай, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 хүннүгийн гудамж, 428 дугаар байр, 144 тоот хаягт байрлах 67 метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 647,393 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч нараас 717,592 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН

 

 

 

 

 


[1]Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны А-236 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын Хавсралт 1-ээр батлагдсан хүү бодох аргачлал Хүү = Үндсэн дүн*Зарласан хүүгийн хувь*Хугацаа/365

 

2Дээрх журмын нэмэгдүүлсэн хүү бодох аргачлал Нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ = Эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй зээлийн дүн*Зарласан хүүгийн хувь*Нэмэгдүүлсэн хүүгийн хувь*Хугацаа хэтэрсэн хоног