Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 133/ШШ2023/00539

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 133/ШШ2023/00539

Есөнбулаг сум

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, шүүгч Н.Оюунбилэг, шүүгч Б.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: **** аймгийн *** сумын ** дугаар баг, * ** гудамж * тоотод оршин суух, **** овогтой Б-ийн Л, Б-ийн Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** аймгийн *** сумын ***  тоотод оршин суух, Ш-ын Б-д холбогдох,

Автомашины эвдрэлийн үнэ 4,138,300 (дөрвөн сая нэг зуун гучин найман мянга гурван зуу) төгрөгийг, тээврийн хэрэгслийн журмын хашааны төлбөр 1,008,000 (нэг сая найман мянга) төгрөг, нийт 5,146,300 (таван сая нэг зуун дөчин зургаан мянга гурван зуу) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Л, нэхэмжлэгч Б.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э, хариуцагч Ш.Б, шинжээч Р.Ц, Л.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр нар оролцов.

Иргэний хэрэг шүүхэд 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин зохигчийн аль нэг нь үүнийг зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна гэжээ.

Энэхүү иргэний хэрэгт томилогдсон иргэдийн төлөөлөгч С.С шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хуулийн дээрх хэсгийн дагуу зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Автомашины эвдрэлийн үнэ 4,138,300 (дөрвөн сая нэг зуун гучин найман мянга гурван зуу) төгрөгийг, тээврийн хэрэгслийн журмын хашааны төлбөр 1,008,000 (нэг сая найман мянга) төгрөг, нийт 5,146,300 (таван сая нэг зуун дөчин зургаан мянга гурван зуу) төгрөг гаргуулах тухай

2. Нэхэмжлэгч Б.Л, Б.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Б би өөрийн төрсөн дүү Б.Л-ийн ****ГАҮ дугаартай toyota corolla автомашинтай 2023 оны 05 дугаар сарын 07-ны орой 21 цагийн үед эмийн сан руу явж байтал *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрт байрлах Ахмадын хорооны доод талын 4 замын уулзвар дээр ногоон гэрлээр гарч байтал шууд хүрэн өнгийн ***ГАҮ дугаартай приус маркийн автомашинтай Ш.Б гэгч залуу согтуугаар замын хөдөлөөний дүрэм зөрчиж, эсрэг урсгалаар улаан гэрлээр орж ирж мөргөж автомашинд 4,138,300 төгрөгний эвдрэл учруулсан. Иймд Ш овогтой Б-өөс автомашины эвдрэлийн үнэ 4,138,300 төгрөг (дөрвөн сая нэг зуун гучин найман мянга) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Л, нэхэмжлэгч Б.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч Б.Л, Б.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б би ****ГАҮ дугаартай автомашины 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн журмын хашаанд байлгасан төлбөр 1,008,000 (нэг сая наян мянга) төгрөгийг хариуцагч Ш.Б-өөс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эзэмшлийн машин байсан. Ах унаж явахад нь Ш.Б ирээд мөргөсөн байсан. Одоо машин журмын хашаанд байгаа. Журмын хашааны төлбөр 1,008.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон 4,138.300 төгрөг нийт 5,146.300 төгрөгийг гаргуулна. Хохирлоо барагдуулмаар байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдөр манай хүү Б.Б эмийн сан орох гээд явж байхад улаан гэрлээр Ш.Б нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож миний машиныг мөргөж гэмтэл учруулсан. Энэ хүнээс журмын хашааны төлбөр 1,008,000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон 4,138.300 төгрөг, нийт 5,146,300 төгрөгийг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

3. Хариуцагч Ш.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *** аймгийн *** сумын *** багийн иргэн Ш.Б миний бие нь 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ****ГАҮ улсын дугаартай Тоуоta согоlla /автомашины багаажны хаалган дээрээ sprinter гэсэн бичигтэй/ маркийн автомашин /1997 онд үйлдвэрлэсэн, 2007 онд Монгол Улсад орж ирсэн/-ийг өөрийн өмчлөлийн ****ГАҮ улсын дугаартай приус маркийн автомашинаараа мөргөсөн ба уг зөрчилдөө холбогдох хуулийн дагуу Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн байцаагч хариуцлага тооцсон. Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн байцаагч нь автомашиныг жолоодож явсан болон эзэмшигч Б.Б, Б.Л нартай хохирлыг барагдуулах талаар тохиролц гэсэн, тохиролцоогүй тул Ашид билгүүн ХХК-ийн Говь-Алтай аймаг дахь Хөрөнгийн үнэлгээний салбараар автомашины эвдрэл гэмтэл авсан хэсэгт үнэлгээ хийлгэхээр тогтоол гарган хүргүүлсэн боловч ****ГАҮ улсын дугаартай автомашины эзэмшигч Б.Л нь автомашины эвдрэл гэмтэл авсан хэсэгт үнэлгээ хийх аргачлалыг хүлээн зөвшөөрөөгүй, үнэлгээчинтэй маргалдаж, тухайн үнэлгээг хийлгээгүй. Мөргүүлсэн автомашиныг жолоодож явсан Б.Б болон уг автомашины эзэмшигч Б.Л нарт тухайн ****ГАҮ улсын дугаартай Тоуоtа согоllа автомашинд учирсан хохирлыг барагдуулж 1,000,000 төгрөг өгье, эсвэл наад машины чинь кузовыг бүхэлд нь өөр машины өнгө үзэмж дээр машины кузовоор сольж өгье, үгүй бол урд гупер, гэрэл, крила, копутыг нь сольж өгье гэж миний бие нь удаа дараа тохиролцох гэсэн боловч 1,500,000 төгрөг өг, эсвэл өөр машин авч өг, 4,000,000 төгрөг өг гэх зэргээр шаардаж байсан тул тохиролцоогүй. Б.Л нь аймагт байдаг хөрөнгийн үнэлгээчин дээр хувиараа очиж, тухайн автомашинаа бүхэлд нь 4,000,000 төгрөгөөр үнэлүүлэн дээрхи мөнгийг нэхсэн тул миний бие хүлээн зөвшөөрөөгүй юм. Б.Л нь 4,000,000 төгрөг өгөхгүй бол шүүхээр гаргуулж авна гэж байсан юм. Улаанбаатар хотын техникийн зах болон автомашины зарууд дээр **** ГАҮ улсын дугаартай Тоуоtа согоllа /өвгөн согоllа гэдэг юм байна/ автомашинтай адил, 1998 онд үйлдвэрлэгдсэн 2009 онд Монгол Улсад орж ирсэн, эвдрэл гэмтэлгүй, гадна өнгө үзэмж сайн автомашины зах зээлийн үнэ, дээд тал нь 2,500,000 төгрөг байдаг юм байна. ****ГАҮ улсын дугаартай Тоуоtа согоllа мөнгөлөг саарал өнгийн автомашиныг мөргөхдөө урд гупер, баруун урд гэрэл, баруун талын крила, копут зэрэгт гэмтэл учруулсан ба урд гупер нь хуучин гэмтэлтэй, цагаан өнгөтэй, будаг, замаскатай байсан, мөн баруун урд крила, копут зэрэг нь хуучин замаска, будагтай байсан. Зах зээл дээр тухайн автомашины шинэ болон Японоос орж ирсэн задаргааны сэлбэг гэж зарагддаггүй ба хуучин задарч буй автомашины будаг, замаскгүй гупер 90,000 төгрөг, копут 120000 төгрөг, баруун урд гэрэл 60,000 төгрөг, баруун урд крила 90,000 төгрөгийн үнэтэй байна. /Нийт 460000 төгрөг/. Ш.Б миний бие нь ****ГАҮ улсын дугаартай Тоуоtа согоllа автомашинд учирсан бодит хохирлыг төлөх хүсэлтэй байна. Ш.Б миний бие нь **** ГАҮ дугаартай автомашиныг мөргөсөн ба уг тээврийн хэрэгслийг саатуулсан хугацаа буюу 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэл буюу нийт 16 хоногийн төлбөр (нэг хоногийн 6,000 төгрөг) нийт 96,000 төгрөгийг тээврийн хэрэгслийг түр саатуулах байрны төлбөр хэмээн холбогдох дансанд нь шилжүүлсэн юм. Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, а/д Б.Б нь тээврийн хэрэгслийг түр саатуулах байрнаас гаргахыг мэдэгдсэн тэмдэглэлийг Б-ийн Б-д гардуулан өгсөн боловч өнөөдрийг хүртэл автомашинаа тээврийн хэрэгслийг түр саатуулах байрнаас аваагүй байгаа нь тус автомашины эзэмшигчийн өөрийн хариуцлагагүй үйлдэл юм. Иймд иргэн Ш.Б миний бие нь уг тээврийн хэрэгслийг түр саатуулах байрны төлбөр 1,008,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй ба үндэслэлгүйгээр тарифаас өндөр төлбөр нэхэж байгаа, өөрсдөө заасан хугацаанаас хойш 166 хоног тээврийн хэрэгсэл түр саатуулах байрнаас автомашинаа аваагүй хариуцлагыг хариуцагч төлөх боломжгүй гэдэг тайлбарыг өгч байна. Е сумын ИТХ-аас осол гаргасан тээврийн хэрэгслийг түр саатуулах байрны төлбөр хоногийн 1000 төгрөгөөр тогтоон хураадаг юм байна. Уг тарифын дагуу нэхэмжлэгч Б.Л, Б нар нь 2023 оны 05 дугаар сарын 25-аас хойшхи хугацаа буюу 166 хоногийн төлбөр 166,000 төгрөгийг төлөхөөр тооцоо гарч байгаа гэв.

4. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтууд:

-Хөрөнгийн үнэлгээний гэрээ, үнэлгээний тайлан, Б-ийн Б-ын жолооны үнэмлэх, ****ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг баримтуудын конандсан хуулбарууд,

-****ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрэл зургууд,

-Б д-А ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн зарлагын баримт,

5. Хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтгүй.

6. Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн баримт:

-Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний тайлан,

-Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн З-752/815 дугаартай материал

ҮНДЭСЛЭХ нь:

1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Б.Б, Б.Л нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2. Нэхэмжлэгч Б.Б, Б.Л нар нь Ш.Б-д холбогдуулан автомашины эвдрэлийн үнэ 4,138,300 (дөрвөн сая нэг зуун гучин найман мянга гурван зуу) төгрөгийг, тээврийн хэрэгслийн журмын хашааны төлбөр 1,008,000 (нэг сая найман мянга) төгрөг, нийт 5,146,300 (таван сая нэг зуун дөчин зургаан мянга гурван зуу) төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ... Ш.Б гэгч залуу согтуугаар замын хөдөлөөний дүрэм зөрчиж, эсрэг урсгалаар улаан гэрлээр орж ирж мөргөж автомашинд 4,138,300 төгрөгний эвдрэл учруулсан. Иймд Ш овогтой Б-өөс автомашины эвдрэлийн үнэ 4,138,300 төгрөг (дөрвөн сая нэг зуун гучин найман мянга) төгрөгийг, ****ГАҮ дугаартай автомашины 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн журмын хашаанд байлгасан төлбөр 1,008,000 (нэг сая наян мянга) төгрөгийн хамт 5,146,300 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тайлбарлажээ.

4. Хариуцагч нь ... Ш.Б миний бие нь ****ГАҮ улсын дугаартай Тоуоtа согоllа автомашинд учирсан үнэлгээгээр тогтоогдсон бодит хохирлыг төлөх хүсэлтэй байна, журмын хашааны төлбөрийн хувьд уг тээврийн хэрэгслийг саатуулсан хугацаа буюу 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэл буюу нийт 16 хоногийн төлбөр (нэг хоногийн 6,000 төгрөг) нийт 96,000 төгрөгийг тээврийн хэрэгслийг түр саатуулах байрны төлбөр хэмээн холбогдох дансанд нь шилжүүлсэн юм. Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, а/д Б.Б нь тээврийн хэрэгслийг түр саатуулах байрнаас гаргахыг мэдэгдсэн тэмдэглэлийг Б-ийн Б-д гардуулан өгсөн боловч өнөөдрийг хүртэл автомашинаа тээврийн хэрэгслийг түр саатуулах байрнаас аваагүй байгаа нь тус автомашины эзэмшигчийн өөрийн хариуцлагагүй үйлдэл юм. Иймд иргэн Ш.Б миний бие нь уг тээврийн хэрэгслийг түр саатуулах байрны төлбөр 1,008,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж тайлбарлан, эс зөвшөөрч маргаж байна.

5. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр *** аймгийн *** сумын *** багийн хуучин чуулгын хойд уулзварт ****ГАҮ улсын дугаартай toyota coralla маркийн тээврийн хэрэгслийг ****ГАҮ улсын дугаартай Pruis20 маркийн тээврийн хэрэгсэл мөргөж, зам тээврийн осол гаргасан бөгөөд тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсний дагуу цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч шалгаж, хариуцагч Ш.Б-д согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан зөрчлийг шалган шийдвэрлэсэн болох нь зохигчдын тайлбар, гэрч З/752/815 дугаартай хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

6. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ авто машины эвдрэлийн үнэ гэж нэхэмжилсэн боловч шүүх хуралдаанд төлөөлөгч нь нэхэмжлэлийн үнийн дүнг тайлбарлахдаа зам тээврийн ослын улмаас ****ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэмтсэн учир үнэлгээгээр тогтоосон машины үнэ 4,138,300 (дөрвөн сая нэг зуун гучин найман мянга гурван зуу) төгрөгийг, тээврийн хэрэгслийн журмын хашааны төлбөр 1,008,000 (нэг сая найман мянга) төгрөг, нийт 5,146,300 (таван сая нэг зуун дөчин зургаан мянга гурван зуу) төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан байна.

7. Уг маргаан нь хууль зүйн хувьд гэм хорын хохирол байх ба шүүх гэм хорын маргаантай иргэний хэргийг шийдвэрлэхдээ гэм хорын ерөнхий зохицуулалтын дагуу нэг талаас бусдын хууль бус гэм буруутай үйлдэл байхыг, нөгөө талаас хохирол бодитой учирсан байхыг, уг буруутай үйлдэл, хохирол хоёр шалтгаант холбоотой байх зэрэгт үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэдэг.

Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хор нь ихэнхдээ болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг хэдий боловч болгоомжгүй үйлдэл нь гэм буруугийн илрэх нэг хэлбэр юм.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын ...эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байна.

Мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг хариуцан арилгах тусгай зохицуулалт илүү нарийвчлагдан зохицуулагдсан бөгөөд 499 дүгээр зүйлийн 499.1-т зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заажээ.

Хариуцагч Ш.Б нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчиж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, улаан гэрлээр эсрэг урсгалд орж замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан болох нь тогтоогдож байна.

8. Автомашинд учирсан хохирлын тухайд:

Нэхэмжлэгч нь хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчин Р.Ц-гийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон toyota corоlla автомашины зах зээлийн үнэ 4,138,300 (дөрвөн сая нэг зуун гучин найман мянга гурван зуу) төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд харин хариуцагч Ш.Б нь Ашид билгүүн ХХК-ийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээнээр тогтоогдсон 1,100,000 (нэг сая нэг зуун мянга) төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгож буй хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчин Р.Ц-гийн үнэлсэн 4,138,300 (дөрвөн сая нэг зуун гучин найман мянга гурван зуу) төгрөг нь тухайн автомашины зах зээлийн үнэлгээ болохоос харин тухайн зам тээврийн ослын улмаас автомашинд учирсан хохирлын бодит хохирлын үнэлгээ биш болох нь үнэлгээний тайлан, шинжээч Р.Ц-гийн шүүх хуралдаанд ...машиныг бүхэлд үнэлж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу үнэлсэн. Хохирлын үнэлгээ гаргаж өгөөч гэсэн хүсэлт гаргаагүй, уг машин нь засварлаад цаашид замын хөдөлгөөнд оролцох боломжтой... гэх тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч татгалзын үндэслэлээ тайлбарлахдаа Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон автомашинд учруулсан бодит хохирол 1,100,000 (нэг сая нэг зуун мянга) төгрөг гэж тогтоогдсон тул энэ хэмжээгээр төлнө гэжээ.

Нэхэмжлэгчийн шаардлага, үнийн дүн, хариуцагчийн зөвшөөрч байгаа хэмжээ харилцан зөрүүтэй маргаж байгаа тул шүүх тусгай мэдлэг бүхий хөндлөнгийн этгээд болох шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгох ба Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээ нь машинд учирсан гэмтэл, түүнийг засварлах, орлуулах үнэ, зардал, хөлс зэргийн тооцсон байх ба уг дүгнэлтийг үнэлэхгүй байх үндэслэл тогтоогдоогүй тул машины хохирлын хэмжээг 1,100,000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

9. Журмын хашааны төлбөрийн тухайд:

Нэхэмжлэгч нь ослын улмаас машиныг журмын хашаанд байрлуулсан, өнөөдрийг хүртэл аваагүй байгаа тул 1,008,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч Ш.Б-ийн гэм буруутай үйлдлийг шалгаж, шийдвэрлэх хугацаанд машиныг журмын хашаанд байрлуулж, тодорхой хэмжээний төлбөр тооцогдсон нь хариуцагчийн гэм буруутай үйлдлээр гэм хорын хохирол учруулсантай холбоотой гарсан нэмэлт зардал болох нь тогтоогдож байна.

Хариуцагч Ш.Б шүүхэд ирүүсэн тайлбартаа 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэл буюу нийт 16 хоногийн төлбөрт 96,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа нотолсон баримтыг ирүүлээгүй байх тул уг хугацааны төлбөрийг 96,000 (ерөн зургаан мянга) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэв хариуцагч нь дээрх хугацааны төлбөрийг буюу 96,000 төгрөгийг төлсөн бол шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлөх төлбөрөөс хасаж тооцуулах боломжтойг тэмдэглэх нь зүйтэй байна.

10. Иймд У овогтой Ш-ын Б-өөс автомашинд учруулсан гэм хорын хохиролд 1,100,000 (нэг сая нэг зуун мянга) төгрөг, журмын хашааны төлбөр 96,000 (ерөн зургаан мянга) төгрөг, нийт 1,196,000 (нэг сая нэг зуун ерөн зургаан мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж овогтой Б-ийн Л-д олгож, нэхэмжлэлээс 3,950,300 (гурван сая есөн зуун тавин мянга гурван зуун) төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 109,905 (нэг зуун есөн мянга есөн зуун тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш-ын Б-өөс нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд ногдох 33,254 (гучин гурван мянга хоёр зуун тавин дөрөв) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Л-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч У овогтой Ш-ын Б-өөс автомашинд учруулсан гэм хорын хохиролд 1,100,000 (нэг сая нэг зуун мянга) төгрөг, журмын хашааны төлбөр 96,000 (ерөн зургаан мянга) төгрөг, нийт 1,196,000 (нэг сая нэг зуун ерөн зургаан мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж овогтой Б-ийн Л-ид олгож, нэхэмжлэлээс 3,950,300 (гурван сая есөн зуун тавин мянга гурван зуун) төгрөгийг хэрэгсэхгүй болгох болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 109,905 (нэг зуун есөн мянга есөн зуун тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш-ын Б-өс нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд ногдох 33,254 (гучин гурван мянга хоёр зуун тавин дөрөв) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Л-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН

ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ

ШҮҮГЧ Б.МӨНХБАТ