Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 215/МА2024/00001

 

 

Б.Л, Б.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

 Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ц.О, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 133/ШШ2023/00539 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн .......... сумын ... дугаар баг, ........    ... гудамж ... тоотод оршин суух, Ж овогтой Б.Л, Б.Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн .............. сумын ...............  ... - ... тоотод оршин суух, Ш.Б-д холбогдох,

Автомашины эвдрэлийн үнэ 4,138,300 (дөрвөн сая нэг зуун гучин найман мянга гурван зуу) төгрөгийг, тээврийн хэрэгслийн журмын хашааны төлбөр 1,008,000 (нэг сая найман мянга) төгрөг, нийт 5,146,300 (таван сая нэг зуун дөчин зургаан мянга гурван зуу) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн агуулга:

 

1.а. Нэхэмжлэлийн шаардлага: Ш.Б-өөс авто машины эвдрэлийг засуулахад зарцуулах 4,138,300 төгрөг, журмын хашааны төлбөр 1,008,000 төгрөг, нийт 5,146,300 (таван сая нэг зуун дөчин зургаан мянга гурван зуу) төгрөг гаргуулах тухай.

1.б. Нэхэмжлэлийн үндэслэл: Хариуцагч Ш.Б нь согтуугаар замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, урсгал сөрж, улаан гэрлээр орж ирж Б.Б-ын унаж явсан дүү Б.Л-ийн тоёота королла маркийн авто машиныг мөргөж 4,138,300 (дөрвөн сая нэг зуун гучин найман мянга гурван зуу) төгрөгийн эвдрэл учруулсан. Уг ослын улмаас авто машиныг журмын хашаанд байлгасны төлбөр 1,008,000 (нэг сая найман мянга) төгрөг болсон.

 

2. Хариуцагчийн тайлбарын агуулга:

 

2.а. Хариуцагчийн татгалзал: Уг авто машиныг мөргөж хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэвч авто машинд учирсан хохирлын мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн тээврийн хэрэгслийг түр саатуулах байрны төлбөр 1,008,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

2.б. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: Би 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ... ... ... улсын дугаартай Тоуоta согоlla маркийн 1997 онд үйлдвэрлэж, 2007 онд Монгол Улсад орж ирсэн авто машиныг өөрийн өмчлөлийн ... ... ... улсын дугаартай приус маркийн автомашинаараа мөргөсөн. Б.Л, Б.Б нарын автомашинд учирсан хохирлыг барагдуулж 1,000,000 төгрөг өгье, эсвэл машины чинь кузовыг бүхэлд нь өнгө үзэмж сайтай өөр кузовоор сольж өгье, эсвэл урд бампер, гэрэл, крило, копутыг нь сольж өгье гэж удаа дараа санал тавьсан ч 1,500,000 төгрөг өг, өөр машин авч өг, 4,000,000 төгрөг өг гэх зэргээр шаардаж байсан тул тохиролцоогүй. Б.Л нь аймагт байдаг хөрөнгийн үнэлгээчин дээр хувиараа очиж, тухайн автомашинаа бүхэлд нь 4,000,000 төгрөгөөр үнэлүүлэн дээрхи мөнгийг нэхсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Улаанбаатар хотын техникийн зах болон автомашины зарууд дээр 1998 онд үйлдвэрлэгдсэн 2009 онд Монгол Улсад орж ирсэн, эвдрэл гэмтэлгүй, гадна өнгө үзэмж сайн өвгөн королла автомашин дээд тал нь 2,500,000 төгрөг байдаг юм байна. Ослын улмаас автомашины урд бампер, баруун урд гэрэл, баруун талын крило, копут зэрэгт гэмтэл учруулсан ба эдгээр нь хуучин гэмтэлтэй, будаг, замаскатай байсан.  

Тиймээс ... ... ... улсын дугаартай тоёота королла автомашинд учирсан бодит хохирлыг төлөх хүсэлтэй байна.

 Мөн уг тээврийн хэрэгслийг 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэл буюу нийт 16 хоног түр саатуулсан ба нэг хоногийн 6,000 төгрөг нийт 96,000 төгрөг болсон.

Иймд уг тээврийн хэрэгслийг түр саатуулах байрнаас ав гэхэд нь өөрсдөө аваагүй, үндэслэлгүйгээр тарифаас өндөр төлбөр нэхэж байгаа тул 1,008,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч У овогтой Ш.Б-өөс автомашинд учруулсан гэм хорын хохиролд 1,100,000 (нэг сая нэг зуун мянга) төгрөг, журмын хашааны төлбөр 96,000 (ерөн зургаан мянга) төгрөг, нийт 1,196,000 (нэг сая нэг зуун ерөн зургаан мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж овогтой Б.Л-д олгож, нэхэмжлэлээс 3,950,300 (гурван сая есөн зуун тавин мянга гурван зуун) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 109,905 (нэг зуун есөн мянга есөн зуун тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Б-өөс нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд ногдох 33,254 (гучин гурван мянга хоёр зуун тавин дөрөв) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Л-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Давж заалдах гомдлын агуулга:

5.а. Нэхэмжлэгч Б.Л, нэхэмжлэгч Б.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.

5.б. Нэхэмжлэгч тал хамтран гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх автомашины эвдрэлийн үнэ болох 4,138,300 /дөрвөн сая нэг зуун гучин найман мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаас 1,196,000 /нэг сая нэг зуун ерөн зургаан мянган/ төгрөгийг нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Миний хүүгийн ... ... ... улсын дугаартай автомашин нь одоогоор ашиглах боломжгүй болсон. Сая машинаа журмын хашаанаас авахад салхины шил хагарсан, усны радиатор эвдэрсэн, мотор кришки дундах жанамны суурь хагарч эвдэрсэн байсан.

“АБ” ХХК нь үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэж үзэж байна.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 539 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон 3,950,300 /гурван сая есөн зуун тавин мянга гурван зуу/ төгрөгийг хариуцагч Ш.Б-өөс гаргуулж өгнө үү гэжээ.

5.в. Нэхэмжлэгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийн нотлох баримтын үнэлгээтэй холбоотой үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор давж заалдах гомдол гаргасан байна.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 3,950,300 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Тэгэхээр 2,950,000 төгрөгийг гаргуулж,  шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгч Б.Л давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Машины гэмтлийн улмаас учирсан хохирол буюу 2,950,000 төгрөгийг гаргуулахыг хүсэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

8. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

9. Нэхэмжлэгч Б.Б, Б.Л нар нь Ш.Б-д холбогдуулан автомашины эвдрэлийн үнэ 4,138,300 төгрөг, хэргийг шалгахаар авто машиныг тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд байрлуулсны төлбөр 1,008,000 төгрөг, нийт 5,146,300 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

 

10. Хариуцагч нь авто машин жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж өөрийн авто машинаар нэхэмжлэгч нарын авто машиныг мөргөсний улмаас эд хөрөнгөд нь хохирол учруулсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

11. Хариуцагч нь уг авто ослын улмаас учирсан бодит хохирлыг, ослын улмаас нэхэмжлэгч нарын авто машиныг тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд байрлуулсаны төлбөр 96,000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрсөн байна.

 

12. Харин уг ослын улмаас нэхэмжлэгч нарын авто машинд учирсан хохирлын үнийн дүн буюу гэм хорын хэмжээ зохигчийн маргааны зүйл болжээ. 

13. Нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээчин Р.Ц-аар хөрөнгийн үнэлгээний гэрээний дагуу хийлгэсэн ... ... ... улсын дугаартай, тоёота короолла маркийн тээврийн хэрэгслийн үнийн дүнгийн хэмжээгээр буюу 4,138,300 төгрөгөөр тооцож хариуцагчаас авто ослын улмаас учирсан хохирлыг нэхэмжилжээ.   

 

14. Хөрөнгийн үнэлгээчин Р.Ц нь нэхэмжлэгч нарын тоёота королла маркийн тээврийн хэрэгсэлд ослын улмаас учирсан хохирлыг үнэлээгүй, харин уг авто машины зах зээлийн үнэ цэнийн баримжааг тогтоосон болох нь үнэлгээний тайлан, Р.Ц нарын мэдүүлгээр тогтоогдсон байна. (хх 88,)

 

15. Авто ослын улмаас автомашинд учирсан бодит хохирлыг тогтоолгох хариуцагчийн хүсэлтийг хангаж анхан шатны шүүх хөрөнгийн үнэлгээний “АБ” ХХК-ыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулахад 1997 онд үйлдвэрлэсэн, 2007 онд Монгол улсад орж ирсэн, Тоёота маркийн короолла загварын ... - ... ГАҮ улсын дугаартай автомашины ослын улмаас эвдэрсэн эд ангийг солих, засварлахад 1,100,000 төгрөгийн зардал гарахыг тооцож тогтоосон байна. (хх 47)  

 

16. Нэхэмжлэгч нар нь хөрөнгийн үнэлгээний “АБ” ХХК-ы хохирлын үнэлгээний энэхүү дүгнэлтийг үндэслэлгүй гэж маргасан байна.

 

17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримталхаар заасан.

 

18. Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4 дэх заалтад шинжилгээг эрх бүхий байгууллагаас мэргэжлийн байгууллагын эрх авсан хуулийн этгээд хийж болохоор заасан.

 

19. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.8 дахь заалтад шинжээч шинжилгээ хийхдээ шинжлэх ухааны үндэслэл бүхий арга аргачлал, шинжилгээ хийх үйл ажиллагааны стандартыг баримтлан шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, дүгнэлт гаргах бөгөөд дүгнэлтийн үндэслэлийг шинжээч өөрөө хариуцахаар заасан байна.

 

20. Шинжээчээр томилогдож авто машины ослын улмаас үүссэн хохирлыг тодорхойлсон “АБ” ХХК хөрөнгийн үнэлгээгээр мэргэшсэн, туршлагатай байгууллага байх бөгөөд шинжээчийн дүгнэлтэд эргэлзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

21. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байна.

 

22 . Мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг хариуцан арилгах үүргийг нарийвчлан зохицуулсан бөгөөд 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зорчигч тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эд юмс эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заажээ.

 

23. Түүнчлэн Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөнд учруулсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заажээ.

 

24. Тиймээс тоёота королла маркийн ... ... ... улсын дугаартай  автомашины үнийг бүхэлд нь төлүүлэхээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

 

25. Нэхэмжлэгч нарын авто машинд ослын улмаас 1,100,000 төгрөгийн бодит хохирол учирсан болохыг тогтоосон “АБ” ХХК-ы шинжээчийн дүгнэлтийг анхан шатны шүүх үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлж уг мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

26. Мөн нэхэмжлэгч нар нь авто ослын хэргийг шалгахаар авто машиныг тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд байрлуулсны төлбөр 1,008,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

 

27. Энэ талаарх хариуцагчийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэл буюу нийт 16 хоног уг авто машиныг түр саатуулсан ба нэг хоногийн 6,000 төгрөг нийт 96,000 төгрөгийг болсон гэсэн татгалзал үндэслэлтэй байх бөгөөд анхан шатны шүүх энэ талаар бодитой дүгнэлт хийж үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.

 

28. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 133/ШШ2023/00539 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Л, нэхэмжлэгч Б.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.254 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ш.Б

               ШҮҮГЧИД                            Ц.О

                                                Ч.Э