Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 132/ШШ2024/00023

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжпэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 28 дугаар хороо, Ногоон чулуут 7 дугаар гудамж, 38 тоотод оршин суух, Д******* овогт Б******* Н******* /рд:И389060917/-ын нэхэмжпэлтэй,

Хариуцагч: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд холбогдох

Нэхэмжпэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад 183/2022/00864/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

 Нэхэмжлэгч Б.Н*******

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эн*******

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*******, Б.Б

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч Б.Н******* нь хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд холбогдуулан урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд отор нүүдлийн бодлого хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгуулах, мөн ажилгүй байсан үеийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр маргаан үүссэн. Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дарга Мөнхбаяр Хэ аймаг руу явж ажиллуулна гэсэн тушаал гарснаар маргаан гарсан. 11 дүгээр сарын 22-ны өдөр амьдралынхаа талаар тайлбарыг өгсөн. 11 дүгээр сарын 28-ны өдөр тушаал гаргасан. Энэ тушаал дээр сэлгэн ажиллуулна гэсэн тушаал байсан. Энэ асуудалтай холбоотой заалтуудыг 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр тайлбар гаргаж өгч байсан. Энэ тайлбарыг хүлээж авахгүй ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/28 дугаартай Н*******ыг сэлгэн ажиллуулах тухай тушаалын хувьд ХХААХҮ-ийн сайдын 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/339 тоот Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд дотоод аудит хяналт шалгалт хийх тушаал 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн А/344 дугаартай албан томилолтоор ажиллах тухай тушаал болон Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн А/157 дугаар тушаалын дагуу ХХААХҮЯ-ны дотоод хяналт шинжилгээ, дотоод аудитын газартай хамтарсан ажлын хэсэг Д аймаг дахь Ч Г аймаг дахь Малчны тал Хэ аймаг дахь Хэрлэн Баянулаан, Булган аймаг дахь Дашинчилин отрын бүсэд албан томилолтоор ажилласан. Хяналт шалгалтын явцад 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Хэ аймаг дахь аймаг дундын Хэрлэн Баянулаан отрын нутгийн ашиглалт хамгаалалт хариуцсан мэргэжилтэн Э.Тайванжаргал отрын бэлчээрт орох зөвшөөрөлгүй малын эрүүл мэндийн дэвтэр тодорхойлолтгүй Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын малчин Наранцэцэг нь 3 мянган тооны малыг ачааны машинд ачиж орох гэж байхад нь таслан зогсоож Хэрлэн, Баянулаан, отрын бэлчээрээс буцааж Улаанбаатар хотын Багануур дүүргийн нутаг дэвсгэрт албадан гаргасан байдаг. Гэтэл Н******* нь тухайн албадан гаргасан Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын иргэн Наранцэцэгт аймаг дундын Хэрлэн Баян-Улаан отрын бэлчээрт Өвөрхангай аймгийн Хужирт сумаас отроор өвөлжих, хаваржих 000503 дугаартай зөвшөөрлийг дур мэдэн олгож Засгийн газрын 2007 оны 187 дугаар тогтоолоор батлагдсан аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын нийтлэг журмын 3 дугаар зүйлийн 3.7-д тухайн сум, дүүргийн сум, дүүргийн мал эмнэлэг, мал эмнэлэг үйлчилгээний нэгжээс олгосон мал эмнэлэг ариун цэвэр гарал үүслийн гэрчилгээг үндэслэн дотрын бэлчээрт өвөлжиж, хаваржих мал сүргийг нутаглуулалгүй өвөлжөө хаваржаа болон ашиглуулах худаг ус төрийн зөвшөөрлийг захирах захиргаа олгоно гээд заасныг тусад нь удирдлагаас зөвшөөрөл авалгүйгээр Наранцэцэгт өвөлжих зөвшөөрөл олгосон нь тогтоогдсон. Энэ талаар тайлбар гаргаж өгөхийг удаа дараа мэдэгдсэн боловч тухайн үед гаргаж өгөөгүй. Харин 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдөр тухайн асуудлыг захиргааны даргын үүргийг түр хариуцагч Б.Цогтсайханы зөвшөөрлөөр бичиж өгсөн гэж тайлбарладаг. Менежер Сайхан нь ХХААХҮ-ийн сайдын 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн А/269 дугаар тушаалаар томилогдсон Сайдын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/13 дугаартай Мөнхбаярыг томилох тухай тушаалаар чөлөөлөгдөхгүй. Б.Н*******ын засгийн газрын 2007 оны 187 дугаар тогтоолоор батлагдсан Аймаг дундын отрын хүчээр ашиглагчдын нийтлэг журмын 3.7-т заасныг зөрчин удирдлагаас зөвшөөрөл авалгүй дур мэдэн отрын өвөлжөөг хаваржих зөвшөөрөл олгосон. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын малчин Н.Наранцэцэгийн суурьт малын мялзан өвчний шинж тэмдэг илэрсэн тул голомтын цэгт хязгаарлалтын дэглэм тогтоосон. Н******* нь тус захиргааны даргын 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн Б/11 дугаартай тушаалаар мэргэжилтнээр томилогдсон бөгөөд би хамгийн удаан ажилласан захиргааны бүхий л үйл ажиллагааг мэддэг хэн ч надад юм хэлэхгүй гэсэн байр сууриас хамт олонтойгоо харьцдаг сөрөг хандлагатай байсан. Иймд Н*******ын дээрх үйлдэл хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4 дэх хэсэгт нэг ажлын байран дээр удаан ажилласнаас үүсэж болох зүй бус гадны нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сэлгэн ажиллуулах тушаал гарсан Намханноров шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр ажилтныг 3 жил хүртэлх хугацаагаар сэлгэн ажиллуулж болно гэж заасныг тайлбарладаг. Тушаал гарсантай холбоотойгоор Н*******той уулзаж сэлгэн ажиллуулах томилолтын хугацааг хийх ажлын талаар тохиролцон тодорхой чиглэлийг өгч харилцан ойлголцсон бөгөөд Хэрлэн, Баян-Улаан бүсэд ажиллах хугацаандаа нийт хэрэгжүүлэх ажлыг нэг бүрчлэн ярилцаж Н******* өөрийн дэвтэрт тэмдэглэл хөтөлж авсан бөгөөд сургуулийн хүүхдийн амралтын хугацаанд ажиллахаар болсон. Аймаг дундын ашиглалтын захиргааны даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/33 дугаартай Н*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хувьд сэлгэн ажиллуулах тухай тушаал гарсантай холбоотойгоор Н*******ын ажлын цагийг огт баримтлахгүй албан тушаалын тодорхойлолт албан үүрэгтэйгээ холбоотой баримт мэдээллийг удаа дараа худал гарган өгч тус захиргааны дээд шатны байгууллага болох ХХААХҮЯ-ны холбогдох газар болон засгийн газрын үүрэг даалгаврын биелэлтэд зөрөөтэй мэдээллээр Г.Мөнхбаярыг хангаж удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байгууллагын үйл ажиллагааг санаатайгаар удаашруулсан. Иймд Н*******той 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 1901ХГ05 дугаартай хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар заасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн болно Н******* дээрх тушаалыг эс зөвшөөрч Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд гомдол гаргасан байдаг бөгөөд Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хорооны хуралдааны 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 21 дугаартай шийдвэр гарч шийдвэрийг 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр гардан авч эс зөвшөөрч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлтэйгээр шүүхийн шүүгчийн 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 2426 дугаартай захирамж гарсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

4. -Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр /хх-ийн 4-7 тал/,

-Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 8 тал/,

-2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2019/01/ХГ/05 дугаартай хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-ийн 9-12 тал/,

-Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/27 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 13 тал/,

-Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/28 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 14 тал/,

-Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/33 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 15 тал/,

-Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/16 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 16 тал/,

-Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргын 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/02 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 17 тал/,

-Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны захирлын 2012 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/27 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 18 тал/,

-Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны захирлын 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/14 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 19 тал/,

-Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/02 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 20 тал/,

 

-2. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан авч, хариу тайлбар ирүүлсэн байна. /хх-ийн 34-35/,

- Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/58 дугаартрай тушаал, түүний хавсралт /хх-ийн36-37/,

-Хэрлэнбаян-Улаан аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээр ашиглалтыг зохицуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн хурлын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1 дугаартай тэмдэглэл, тус хуралд оролцогчдын бүртгэл /хх-ийн 38-47/,

-Хэ аймгийн Хэрлэн Баян-Улаан  тосгоны захирагчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/06 албан бичиг /хх-ийн 50/,

- Хэ аймгийн Хэрлэн Баян-Улаан  тосгоны захирагчийн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/21 дугаартай захирамж /хх-ийн 51/,

-2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/01 дугаартай захирамж /хх-ийн 52/,

- Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дунгийн хуудас, судалгаа /хх-ийн 53-61 /,

- Б.Н*******ын хүсэлт /хх-ийн 63-64/,

- Цагийн бүртгэл, даалгаварын биелэлт дүгнэх хуудас /хх-ийн 65-82/

3. Шүүхийн санаачилгаар Б.Н*******ын нийгмийн даатгалын дэвтэр, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А-20 дүгээр тушаалаар батлагдсан хөдөлмөрийн дотоод журам зэргийг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Н*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан зөрчил гаргаагүй, надаас зөвшөөрөл авахгүйгээр сэлгэн ажиллуулсан байх тул намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулна гэв.

3.Хариуцагч талаас нэхэмжлэгч Б.Н******* нь удирдлагаас зөвшөөрөл авалгүй дур мэдэн отрын зөвшөөрөл олгосон. Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчтэй тохиролцсоны үндсэн дээр үүсэж болох зүй бус гадны нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сэлгэн ажиллуулах тушаал гарсан. Б.Н******* нь сэлгэн ажиллуулах тухай тушаал гарсантай холбоотойгоор ажлын цаг  баримтлахгүй албан тушаалын тодорхойлолт, албан үүрэгтэйгээ холбоотой баримт мэдээллийг удаа дараа худал гарган өгч тус захиргааны дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байгууллагын үйл ажиллагааг санаатайгаар удаашруулсан зөрчил гаргасан тул түүнийг ажлаас чөлөөлсөн шийдвэр гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

4. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр Б.Н******* нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны отор нүүдлийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажил үүргийг гүйцэтгэхээр тохирч, түүний сарын үндсэн цалингийн хэмжээг тогтоож, уг цалинг олгох үүргийг хариуцагч хүлээжээ.

Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ” гэж заасан. Энэхүү тохиролцоо зохигчийн хооронд хийгдсэн, энэ талаар маргаагүй байх ба Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар зохигчийн хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсчээ. 

5. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 154 дүгээр зүйлийн 154.1-д “Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй”, 154 дүгээр зүйлийн 154.2-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш  дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй”, 154.2.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор”, 154.8.-д “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж тус тус заасан.

          5.1. Нэхэмжлэгч Б.Н******* нь Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гомдол гаргасныг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрийг гомдол гаргагч Б.Н******* 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авсан байна. /1-р хх-ийн 91 /

5.2. Б.Н******* нь ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халагдсан тухай гомдлоо анх 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-д заасан хугацаанд гомдлоо гаргажээ гэж үзэв.

6. Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн  өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”-нд тусгагдсан нөхцөл буюу ажлын байрны буюу албан тушаалын нэр /2.2 зүйл /, үндсэн цалин /2.3 зүйл/, ажил, амралтын цаг /2.8 зүйл /, ажилтны эрх, үүрэг /4.1-4.10 зүйл/, гэрээ дуусгавар болох нөхцөл /7.1, 7.2, 7.2.1-7.2.10 зүйл/ зэрэг зохицуулалтаас үзэхэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны отор нүүдлийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаал нь “Байнгын ажлын байр”-ны шинжийг агуулж байх тул хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 23 дугаар зүйлийн 23.2.1-д нийцсэн байна.

 6.1. Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/28 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр 59.1.4, хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.1.3, 15.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан “Б.Н*******ыг сэлгэн ажиллуулах тухай” тушаалаар отор нүүдлинй бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажлаас чөлөөлж мөн өдрөөс эхлэн Хэрлэн Баян-Улаан отрын бүс нутгийн ашиглалт хамгаалалт хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд томилсон, мөн тус захиргааны даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/33 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.1, Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар бүлгийн 15.1.5, 15.1.7, 15.1.19 дэх хэсгийг баримтлан Хэрлэн Баян-Улаан отрын бүс нутгийн ашиглалт хамгаалалт хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байна.         

 

7. Хариуцагч Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/28 дугаартай “Б.Н*******ыг сэлгэн ажиллуулах тухай” тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр 59.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.1.3, 15.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Н*******ыг отор нүүдлинй бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажлаас чөлөөлж Хэрлэнбаян-Улаан отрын бүс нутгийн ашиглалт хамгаалалт хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд томилсон нь дараах байдлаар хууль зөрчсөн байна. Үүнд:

7.1. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4-д “Ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд дараах үндэслэлээр ажилтныг гурван жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно” гэж заасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтаас үзэхэд ажил олгогч нь ажилтныг сэлгэн ажиллуулсан тохиолдолд ажилтантай харилцан тохиролцсон байх шаардлагатай байх бөгөөд хариуцагч Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас нэхэмжлэгч  Б.Н*******ыг отор нүүдлинй бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажлаас чөлөөлж Хэрлэн Баян-Улаан отрын бүс нутгийн ашиглалт хамгаалалт хариуцсан мэргэжилтнээр сэлгэн ажиллуулах гэж байгааг мэдэгдэн санал гаргасан эсэх, нэхэмжлэгч сэлгэн ажиллуулах саналыг хүлээн авсан эсэх, талууд харилцан тохиролцсон эсэхийг нотлох баримтгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т “Ажилтантай тохиролцоогүй бол ажилтныг албан тушаал, цалин хөлсийг бууруулж сэлгэн ажиллуулахыг хориглоно.” гэж заасныг зөрчиж байна.

7.2. Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар хэсгийн 15.1.3, 15.1.5 дахь заалт нь ажилтаны сахилга хариуцлагатай холбогдолтой зохицуулалт байх бөгөөд энэхүү хэсэгт ажилтаныг өөр ажилд сэлгэн ажиллуулах тухай тусгагдаагүй байна

8. Ажил олгогч нь ажилтныг ажлаас халах тохиолдолд шийдвэр гаргах ба уг шийдвэр нь эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг тул ямар үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаагаа энэхүү шийдвэртээ тодорхой тусгаж Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл, заалтыг баримтлах шаардлагатай. Тушаалд бичигдсэн ажлаас халсан үндэслэл, баримталсан хуулийн зохицуулалт хоорондоо тохирч байх нь хуульд нийцнэ.

8.1. Б.Н*******ыг Хэрлэн Баян-Улаан отрын бүс нутгийн ашиглалт хамгаалалт хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай хариуцагч Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/33 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.1, Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар бүлгийн 15.1.5, 15.1.7, 15.1.9 дэх  хэсгийг баримтлан гарчээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр  ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” гээд 80.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж тус тус заасан.

8.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Б.Н******* нь сэлгэн ажиллуулах тухай тушаал гарсантай холбоотойгоор ажлын цаг  баримтлахгүй албан тушаалын тодорхойлолт, албан үүрэгтэйгээ холбоотой баримт мэдээллийг удаа дараа худал гарган өгч тус захиргааны дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байгууллагын үйл ажиллагааг санаатайгаар удаашруулсан зөрчил гаргасан тул түүнийг ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

Хариуцагч  тал шүүхэд Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/58 дугаартрай тушаал, түүний хавсралт, Хэрлэнбаян-Улаан аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээр ашиглалтыг зохицуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн хурлын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1 дугаартай тэмдэглэл, тус хуралд оролцогчдын бүртгэл, Хэ аймгийн Хэрлэн Баян-Улаан  тосгоны захирагчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/06 албан бичиг, Хэ аймгийн Хэрлэн Баян-Улаан  тосгоны захирагчийн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/21 дугаартай захирамж, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/01 дугаартай захирамж, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дунгийн хуудас, Б.Н*******ын хүсэлт, цагийн бүртгэл, даалгаварын биелэлт дүгнэх хуудас зэрэг нотлох баримт гаргаж өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т заасан шаардлагыг хангахгүй байх тул шүүх энэхүү баримтуудад дүгнэлт хийх боломжгүй.

8.3. Хариуцагч Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас нэхэмжлэгч  Б.Н*******ыг отор нүүдлинй бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажлаас чөлөөлж сэлгэн ажиллуулах шийдвэр гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг зөрчсөн. Ажилтан сэлгэн ажиллах болсон ажлаа хүлээж аваагүй, Хэрлэн Баян-Улаан отрын бүс нутгийн ашиглалт хамгаалалт хариуцсан мэргэжилтний үүргийг гүйцэтгээгүй байхад түүнийг дээрх албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй байна.

Иймд нэхэмжлэгч Б.Н*******ыг Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны отор нүүдлийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

9. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно” гэж заасан. Энэхүү журмаар 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг сүүлийн 3 сар /бүтэн ажилласан/ буюу 2022 оны 9-11  сарын цалин хөлсөөр тодорхойлвол /3,597,599 : 3 сар = 1,199,199 төгрөг : 21 ажлын өдөр= 57,104 төгрөг, 57,104 төгрөг х 267 ажилгүй байсан хугацаа/ = 15,246,768 төгрөг болж байна. Дээрх тооцоог нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар суутгаагүй, нийт олговол зохих цалин хөлснөөс тодорхойлсон тул уг дүнгээс дээрх суутгалуудыг сар бүрээр тооцон төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

10. Хуульд зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч  ДЗ-наас цалинтай тэнцэх хэмжээний олговор 15,246,768 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 234,184 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 61 дүгээр зүйлийн 61.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н*******ыг Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд отор нүүдлийн бодлого хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

          2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас ажилгүй байсан хугацааны цалинд 15,246,768 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Н*******т олгож, үүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нөхөн төлөхийг хариуцагчид даалгасугай. 

 

3. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас 234,184 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, Төрийн санд оруулсугай.

 

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.ОДОНЧИМЭГ