Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар      109/ШШ2023/0013

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

              Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.ТүвшинТ даргалж, тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Ж.Б, Ж.Т, Ж.Б, Ж.Ч

            Хариуцагч: Архангай аймгийн Ж********** сумын Засаг дарга, Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нарын хоорондын Ж.Б, Ж.Б, Ж.Ч, Ж.Т нарын Газрын тухай хуульд заасны дагуу хүсэлтээ гаргаж, эзэмших эрхтэй болсон газрын цахим мэдээллийн сан дахь мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгаж, зөвтгөхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, зөрчлийг арилгахыг Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын албанд даалгах”, “нэхэмжлэгч Ж.Б, Ж.Б, Ж.Ч, Ж.Т нарын эзэмшил газар дээр Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших зөвшөөрөлгүй Хын Бын барьсан малын хашааг албадан нүүлгэж, газар чөлөөлөхийг Ж********** сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б, Ж.Т, Ж.Б, Ж.Ч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я, С.Э, хариуцагч Архангай аймгийн Ж********** сумын Засаг дарга П.Алтанхуяг, Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, гуравдагч этгээд Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Б, Ж.Т, Ж.Б, Ж.Ч нар нь Архангай аймгийн Ж********** сумын Засаг дарга, Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан “Ж.Б, Ж.Б, Ж.Ч, Ж.Т нарын Газрын тухай хуульд заасны дагуу хүсэлтээ гаргаж, эзэмших эрхтэй болсон газрын цахим мэдээллийн сан дахь мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгаж, зөвтгөхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, зөрчлийг арилгахыг Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын албанд даалгах”, “нэхэмжлэгч Ж.Б, Ж.Б, Ж.Ч, Ж.Т нарын эзэмшил газар дээр Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших зөвшөөрөлгүй Хын Бын барьсан малын хашааг албадан нүүлгэж, газар чөлөөлөхийг Ж********** сумын Засаг даргад даалгах”-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч Ж.Б, Ж.Т, Ж.Б, Ж.Ч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Архангай аймгийн Ж********** сумын Асайт баг, Мухар бэлчирт гэх газарт бидний аав Ж гэж хүний өвөг дээдэс, удам угсаа эртнээс аж төрж, суурьшин амьдарч байсан бөгөөд аав маань нас барж, түүнээс хойш буюу бидний мэдэхээр 1966 оноос хойш үр хүүхдүүд бид мал аж ахуйгаа үргэлжлүүлэн аж төрж, байнгын оршин суугчаар бүртгэгдэн хот айлаараа амьдарч байна. Сумын Засаг дарга малчдад өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшүүлэх болсны дагуу хот айлаараа амьдарч байсан Жийн үр хүүхдүүд Ж.Б, Ж.Ч, Ж.Б, Ж.Т бид 2017 онд Газрын тухай хуульд заасны дагуу материалаа бүрдүүлэн, эзэмшлээ баталгаажуулахаар хүсэлт гаргасан. Ингэж хүсэлт гаргаж байгаа газрынхаа буюу өөрсдийн өвөлжөө, хаваржааны газрынхаа кадастрын зургийг эрх бүхий хүнээр нь хийлгэж хавсарган Сумын газрын даамалд хүсэлтээ гаргаснаар дараах байдлаар шийдвэрлэгдсэн болно. Жийн Чт Архангай аймгийн Ж********** сумын 1 дүгээр баг, “Мухар бэлчирт” гэх газарт тус сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/30 тоот захирамжаар өвөлжөөний зориулалтаар 6520001183 нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газар эзэмших эрх баталгаажсан. 2022 оноос нийтээр ашиглаж эхэлсэн www.egazar.gov.mn цахим мэдээллийн санд болохоор нэгж талбарын дугаар 6520001127 болж, 1 дүгээр баг нь 4 дүгээр баг болж өөрчлөгдсөн байдаг.

       Жийн Бд Архангай аймгийн Ж********** сумын 1 дүгээр баг, “Тошлойтын үзүүр” гэх газарт сумын Засаг даргын 2019 оны 4  дүгээр сарын 10-ны өдрийн А/20 тоот захирамжаар өвөлжөөний зориулалтаар 6520001233 дугаар бүхий нэгж талбарын 700 м.кв газар эзэмших эрх олгосон гэрчилгээ байхад, www.egazar.gov.mn цахим мэдээллийн санд нэгж талбарын дугаар нь 6520001344 болж, газрын нэр “Мухар бэлчирт” болж тус тус өөрчлөгдсөн.

       Жийн Бөд Архангай аймгийн Ж********** сумын 1 дүгээр  баг, “Шар гуяын дэнж” гэх газарт сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А20 тоот захирамжаар өвөлжөөний зориулалтаар 6520001232 нэгж талбар бүхий 700 м.кв газар эзэмших эрх олгосон боловч egazar.gov.mn цахим мэдээллийн санд кадастрын зураг нь Бийн Ж гэж алдаатай бүртгэгдсэн.

          Жийн Т Архангай аймгийн Ж********** сумын 1 дүгээр баг, “Мухар бэлчир” гэх газарт сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А20 тоот захирамжаар өвөлжөөний зориулалтаар 6520001360 нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газар эзэмших эрхтэй болсон боловч egazar.gov.mn цахим мэдээллийн санд 1 дүгээр баг нь 4 дүгээр баг болж өөрчлөгдсөн. 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр газар зүйн байрлалын  зураг  дээр миний эзэмшлийн газар дээр түр буучхаад нүүж өгөхгүй байгаа айлын байршлаар шүүж үзэхэд тухайн газар дээр Г.Баяраа гэж хүнд Ж********** сумын Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/76 дугаар захирамжаар 700 м.кв хэмжээтэй газрыг өвөлжөө хаваржааны зориулалтаар эзэмших эрх олгосон гэсэн мэдээлэл бүртгэгдсэн байв.

       Маргаан бүхий газрыг иргэн Ж.Б эзэмших эрхтэй тухайд: ... Ж.Б миний бие 2017 онд эзэмшихээр хүсэлт гаргаж, сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/20 дугаар захирамжийн дагуу эзэмших эрхтэй болсон газар дээр Ч ахаас гуйсан гэх, Ггийн Хынх гэдэг айл 2019 онд 1 жил өвөлжихөөр түр буусан. Тухайн газрыг анх эзэмших эрх хүсэж сумынхаа Засаг даргад хүсэлтээ гаргахдаа кадастрын зураг хийдэг эрх бүхий мэргэжлийн хүнийг авчирч газар дээр нь хэмжилт хийлгэн кадастрын зураг хийлгэж байсан бөгөөд тухайн байрлалаас өөр байрлалд зураг хийлгэж байгаагүй болно. Мөн миний бүрдүүлж өгсөн баримт материал түүний дотроос хүсэлтдээ хавсаргаж өгсөн кадастрын зургийг өөрчилсөн, өөрчлөх шаардлагатай тухай Ж********** сумын Засаг дарга болон Газрын даамлаас ямар нэг мэдэгдэл, шаардлага тавьж байгаагүй. Ийм учраас маргаан бүхий газрыг анх эзэмшихээр хүсэлт гаргасан Ж.Бд Архангай аймгийн Ж********** сумын 1-р баг, “Тошлойтын үзүүр” гэх газарт 700 м.кв газрыг сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/20 тоот захирамжаар өвөлжөөний зориулалтаар эзэмших эрх олгосон, түр буусан айл газар эзэмшигч Ж.Чаас нэг жилийн хугацаатайгаар л гуйж өвөлжихөөр болсон зэрэг үйл баримт нь энэхүү газрыг Ж.Б эзэмших эрхтэй болохыг нотолж байгаа болно. Өөрийн газраа бусдын хууль бус эзэмшлээс буюу түр буусан айлаас чөлөөлүүлэх талаар сумын Засаг дарга, Газрын даамал, иргэдийн нийтийн хурал гээд олон байгууллагад хандсан боловч хурал болгоноос дэмий л “өөр сум орноос ирсэн айлууд чөлөөлж өгөх нь зүйтэй" гэж амаар ярилцаад л өнгөрдөг, шийдэж өгөхгүй байгаа тул шүүхэд хандаж байгаа болно.

       Ж********** сумын Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/76 дугаар захирамжаар иргэн Г.Баяраад 700 м.кв хэмжээтэй газар эзэмших эрх олгосон нь Газрын тухай хууль болон нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тухайд:

       Дээр дурдсанчлан ах дүү бид газрын мэдээллийн санд гарсан алдаа бүгдийг нь залруулах, Газрын тухай хуулийн 6.2-т заасан газрын аль ангилалд хамаарах зэрэг асуудлыг тодруулах зорилгоор захиргааны хэд хэдэн байгууллагад хандаж зарим илтэд алдаатай, цөөн зөрчлийг арилгасан, бусад гол асуудлаа огт шийдээгүй талаар Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 519 тоот албан бичгээр хариу авсан. Энэхүү албан бичигт хавсарган ирүүлсэн Ж********** сумын Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 225 тоот албан бичгээс бидний амьдарч байгаа уулын аманд хаа нэгтээ Г.Баяраа гэж хүн газар эзэмших эрхтэй юм байна гэсэн ойлголт авсан бөгөөд ямар нэг захирамж, шийдвэр гарсан талаар мэдээлэл өгөөгүй. Г.Баяраа гэж хүн хаана амьдарч байгаа, яг хаана газар эзэмшдгийг мэдэхгүй байв. Ийм учраас бид 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр сумын болон аймгийн Засаг даргад зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгүүлэх, давхардуулж газар олгосон эсэхийг тодруулах хүсэлт өгсөн боловч өнөөдрийг хүртэл хариу аваагүй байна. Бид 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр газар зүйн байрлалын зураг дээр миний эзэмшлийн газар дээр түр буучхаад нүүж өгөхгүй байгаа айлын байршлаар шүүж үзэхэд тухайн газар дээр Г.Баяраа гэж хүнд Ж********** сумын Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/76 дугаар захирамжаар 700 м.кв хэмжээтэй газрыг өвөлжөө хаваржааны зориулалтаар эзэмших эрх олгосон гэсэн мэдээлэл бүртгэгдсэн байв. Г.Баяраа гэж нэртэй хүн байхгүй бөгөөд түр буусан айл маань сүүлдээ бид зөвшөөрлөө хөөцөлдөж байгаа, зөвшөөрлөө авсан гэх зэргээр маргалдаж байгаа тул эдгээр айлууд Г.Баяраа гэж хүний нэр дээр зөвшөөрөл авсан байна гэж ойлгоход хүрээд байна. Энэ талаар тодруулахаар 2022 оны 8 дугаар сарын З0-ны өдөр Архангай аймгийн Засаг даргад өмнө гаргасан гомдлынхоо хариуг авах, өөрийн газар дээр буусан айлыг нүүлгэх, иргэн Г.Баяраад газар олгосон будилаантай асуудлыг шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл мөн л ямар нэг хариу өгөхгүй байгаа тул өөрийн эзэмших ёстой газар дээр иргэн Г.Баяраад газар эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн 31.3 болон түүнээс өмнө хүсэлтээ гаргаж, Ж********** сумын Засаг даргын 2019 оны 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/20 тоот захирамжаар өвөлжөөний зориулалтаар олгосон 700 м.кв газар эзэмших эрхийг зөрчсөж байна.

          Түр буусан Ггийн Х, Хын Б, Хын Р гэх айлуудыг албадан нүүлгэж газар чөлөөлөхийг Ж********** сумын Засаг даргад даалгах шаардлагын тухайд: Ж.Бн эзэмшил газар дээр түр буусан айлыг нүүлгэх, газраа чөлөөлүүлэхээр 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Аймгийн Засаг даргад хандсан боловч бидний гомдолд хариу өгөөгүй, 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дахин хандсан боловч мөн л өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна. Газрын тухай хуулийн 60.1.2-т газар эзэмших, ашиглах талаар иргэдийн хооронд гарсан маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэхээр заасан тул ийнхүү Б нарын бидний иргэд сумын Засаг даргадаа хандсан. Мөн л ямар нэг хариу өгөөгүй, маргааныг шийдвэрлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа болно. Мөн Газрын тухай хуулийн 60.2-т иргэд газартай холбоотой үүссэн маргааны талаар дээд шатны байгууллага буюу Аймгийн Засаг даргаар шийдвэрлүүлэхээр заасны дагуу Аймгийн Засаг даргад удаа дараа хандсан боловч мөн л ямар нэг хариу өгөхгүй байна. Иймд иргэн Ж.Б нь анх эзэмшихээр хүсэлт гаргасан газраа эзэмших эрхтэй болохыг тогтоож, түүний эзэмшил газар дээр түр буусан айл буюу иргэн Г.Баяраад газар эзэмших эрх олгосон Ж********** сумын Засаг даргын 2019 оны 09 сарын 20-ны өдрийн А/76 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, түр буусан айлуудыг албадан нүүлгэж газар чөлөөлөхийг Ж********** сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

          3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзаж, үлдсэн шаардлагыг тодруулахдаа: “... - Архангай аймгийн Ж********** сумын Засаг даргын 2019 оны 09 сарын 20-ны өдрийн А/76 дугаар захирамжийн иргэн Ганхуягийн Баяраад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

  • Маргаан бүхий газрыг иргэн Ж.Б эзэмших эрхтэй болохыг тогтоолгох;

       - Маргаан бүхий газар дээр түр буусан Ггийн Х, Хын Б, Хын Р гэх айлуудыг албадан нүүлгэж, газар чөлөөлөхийг Ж********** сумын Засаг даргад даалгах.

         Дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч Ж********** сумын Засаг дарга гардаж аваад 2022 оны 12 сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа иргэн Ж.Б, Г.Баяраа нарт 2019 онд эзэмшүүлсэн газрын мэдээллийг цахим санд бүртгэхдээ эзэмшил газрын байрлал, нэгж талбар, газар усны нэр гэх мэт мэдээллийг буруу бүртгэсэн зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч уг зөрчлийг арилгах талаар эрх бүхий байгууллагад хандсан байна. Энэхүү тайлбараас харахад бидний гаргасан нэхэмжлэлийн эхний шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд иргэн Г.Баяраад маргаан бүхий байрлалаас өөр байрлалд буюу Баянцагаан багийн Хонгор өвөр гэх газарт байгаа тул бид өөрсдөдөө хамааралгүй хүний гэрчилгээг хүчингүй болгуулах гэж явах шаардлагагүй тул бид нэхэмжлэлийн эхний 2 шаардлагаас татгалзаж байна.

          Харин Сумын Засаг дарга газрын мэдээллийн санд алдаатай бүртгэл хийсэн зөрчлөө арилгуулахаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын албанд 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хандсан, шүүхээс 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр тус байгууллагаас сумын Засаг даргын уламжилсны дагуу иргэдийн мэдээллийг газрын цахим санд буруу бүртгэсэн зөрчлүүдийг арилгаж зассан эсэх талаар тодруулсан. Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын алба 2023 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр шүүхэд газар дээр нь хэмжилт хийх шаардлагатай гэсэн хариу ирүүлсэн боловч ямар нэг үйлдэл хийгээгүй, газрын цахим санд зөрчил арилаагүй хэвээр байна.

          Одоогийн байдлаар сум, аймаг хоёр яг аль нь мэдээллийг эцэслэн зөвтгөж өгөх нь тодорхойгүй мэдээллийн сан дахь мэдээлэл будилаантай хэвээр байсаар байна. Газар эзэмшигч бидний эзэмшил газрын мэдээлэл цахим мэдээллийн санд дараах байдлаар буруу орсон нь маргаан үүсэх гол эх сурвалж болоод байгаа юм.

          Иймд бид нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Үүнд: Иргэн Ж.Б, Ж.Б, Ж.Ч, Ж.Т нар Газрын тухай хуульд заасны дагуу хүсэлтээ гаргаж, эзэмших эрхтэй болсон газрын цахим мэдээллийн сан дахь мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгаж, зөвтгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, зөрчлийг арилгахыг Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын албанд даалгах;

          Иргэн Ж.Б нарын эзэмшил газар дээр түр буусан, Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших зөвшөөрөлгүй Ггийн Х, Хын Б, Хын Р гэх айлуудыг албадан нүүлгэж, газар чөлөөлөхийг Архангай аймгийн Ж********** сумын Засаг даргад даалгах” гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б нар буюу нэхэмжлэгч 4 иргэн нэхэмжлэгч байх эрх нь юугаар тогтоогдож байна вэ гэхээр Тас ургийн овгийн Жийн Чын тухайд Архангай аймгийн Ж********** сумын Засаг даргад 2017 оны 08 дугаар сард өөрийн эзэмшиж буй газраа баталгаажуулж гэрчилгээ авах хүсэлтээ гаргасан. Хуульд заасан бүрдүүлбэрийг хангаж Засаг даргад хандсан. Засаг дарга 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр А/130 дугаартай захирамжаар Чд Ж********** сумын Асайт багийн Чингистэйн мухар бэлчрийн дэнж гэх газарт өвөлжөө, хаваржааны зориулалтаар 700 метр квадрат газрыг эзэмшүүлсэн. Энэ захирамж хэрэгт авагдсан. 2 дахь нэхэмжлэгч нь Архангай аймгийн Ж********** сумын 1 дүгээр багийн иргэн Жийн Б, энэ Б, Б, Т нар нь  нэг захирамжаар газар эзэмших эрхийг олж авсан. Тэр нь 2019 оны 03 дугаар сард Ж********** сумын Засаг даргад тус бүртээ захирамж гаргасан. Газар усны нэрийг тодруулж хэлэхэд Чингистэйн мухар бэлчрийн дэнж, Тошлойтын үзүүр, Чингистэйн шар гуяын дэнж гэх нэртэй газруудад өвөлжөө, хаваржааны зориулалтаар хууль ёсоор эзэмшиж буй газраа баталгаажуулах хүсэлтийг гаргасан байдаг. Энэ хүсэлтийн дагуу Ж********** сумын Засаг дарга 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр А/20 дугаартай захирамжаар энэ нэр бүхий 3 иргэнд газрыг эзэмшүүлсэн. Мөн сумын Засаг даргын Тамгын газарт хийсэн нотлох баримтыг үзлэгээр тогтоосон. Энэ хүмүүст эзэмших эрхийн гэрчилгээ эх хувиараа байгаа. Нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн юм бэ гэдэг байдлаар тодруулж ярихад улс орон даяар egazar.mn сайтаар иргэд газраа харах эрхийг нээлттэй болгосон. Үүнд ямар хууль бус мэдээллийг оруулсан бэ гэхээр хэрэгт авагдсан баримтыг хараад иргэд маш их гайхсан. Энэ нөхцөл байдлыг тодруулахаар 2021 оноос хойш хөөцөлдсөн. Анхны нэхэмжлэлийн шаардлага Баяраагийн Ганхуягт холбогдох захирамжийн хэсгийг хүчингүй болгох байсан. Энэ иргэн нэхэмжлэлээсээ татгалзсан учраас үндэслэлийг ярих шаардлагагүй болж байна. Мэдээллийн яагаад зөрүүтэй байгаа юм бэ гэсэн асуулт тавигдана. Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр үзлэг хийгдсэн. Энэ үзлэгээр ямар баримт хэрэгт авагдсан гэхээр Чын мэдээлэл буруу орсон. Эзэмшсэн газрын нэр кадастрын зургаар Чингистэйн мухар бэлчрийн дэнж гэх газар байгаа. Нэгж талбарын дугаар улсын хэмжээнд өөрчлөгдсөн. Шүүх хуралдааны явцад газрын харилцааны төлөөлөгчийн тайлбарыг хүлээж авсан. Гэхдээ эдгээр 4 иргэний гэрчилгээ 4 дүгээр баг, Зуслан гэж гарч ирдэг. Нэгдүгээрт газар эзэмшсэн байршил буруу байна. Хоёрдугаарт нэгдүгээр багийн нутаг дэвсгэр байтал 4 дүгээр баг Зуслан гэж гарч ирээд байдаг. Ж.Бийн хууль ёсны эрх ашиг сонирхол нь яаж хөндөгдөөд байна вэ гэхээр Чингистэйн шар гуяын дэнж гэх газар усны нэрийг тодруулах шаардлагатай. Мөн Бийн Ж гэх нэр солигдсон бүртгэлийг залруулах шаардлагатай. Одоо Жийн Б гэж орохоор 0 газартай гэж гарч ирдэг. Газрын байршлыг харахаар 4 дүгээр баг Зуслан гэсэн байдаг. Бн тухайд Чингистэйн Тошлойтын үзүүр гэх газарт газар эзэмших эрхтэй, гэрчилгээтэй. Гэтэл Бн нэрээр орохоор түүний кадастрын зураг өөр газарт шилжин байршсан байгаа. Бн газрын гэрчилгээтэй газар Ганхуягийн Баяраа гэсэн байдаг. Зориуд төөрөгдөлд оруулсан мэдээлэл өнөөдрийг хүртэл байгаа. Гэрчилгээнд Тошлойтын  үзүүр гэсэн байдаг.  Ийм төөрөгдөлд оруулсан мэдээлэл одоо хүртэл байна. Баяраагийн Ганхуяг гэсэн огт байхгүй иргэнийг цахимд оруулсан. Ер нь Архангай аймгийн Ж********** сумын хэмжээнд харахаар малчин иргэдийн дундах маргааныг шийдвэрлэж өгөхгүй удаашруулж байгаа эс үйлдэхүй харагдаж байна. Хуульчийн хувьд энэ асуудлыг зориуд тэмдэглүүлмээр байна. 4 иргэний кадастрын мэдээлэл алдаатай гарснаас болоод QR кодоор гэрчилгээгээ шинэчлүүлж хэвлүүлэх энэ ажиллагаа хийгдэх боломжгүй байгаад байдаг. Эхний шаардлагын тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс цаг алдалгүй шуурхай нотлох баримтуудыг цуглуулах ажиллагаа хийж ирсэнд талархалтай хандаж байна. Сумаас танайх засах боломжтой юу, аймгаас танайх засах боломжтой юу гэдэг талаарх бүхий л боломжтой хувилбаруудаас үзсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь энэ мэдээллийг засаж болох нь болно, мэдээлэл зөрүүтэй орсон. Нэхэмжлэгч 4 иргэний эзэмших эрх бүхий газруудыг дотор нь сольсон зөрчил байгаа гэдгийг үзлэгийн явцад төлөөлөгч хэлж байсан. Энэ мэдээллүүдийг нэн яаралтай залруулж өгөх шаардлагатай байгаа юм. Хэн нь залруулах нь мэдэгдэхгүй аймаг нь сум руугаа, сум нь аймаг руугаа бие биеэсээ зугтаалгасан байдалтай байлгаад байдаг. Уг бүртгэлийг засаж өгөхгүй өдий 2 жил хүртэл явуулаад байгаа нь хууль бус үйлдлийг шүүхээр тогтоолгож, залруулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Сумын Засаг даргын өөрийнх нь гаргасан гэрчилгээ байгаа. Уг газарт онцгой нөхцөл байдлаас улбаалаад 1 жил байхыг зөвшөөрсөн гэж нэхэмжлэгч иргэн тайлбарладаг. Дараа нь энэ мэдээллийн зөрүүтэй байдалд дөрөөлж зөвшөөрөлгүйгээр бусдын эзэмшлийн газарт малын хашаа, саравч барьсан. Энэ байдал нь нотлох баримтаар хангалттай нотлогдож байна. Газрын тухай хуулиар газрыг албадан чөлөөлөх нь сумын Засаг даргын эрх хэмжээнд олгогдсон өөр этгээдэд олгогдоогүй чиг үүрэг байгаа. Ийм учраас иргэдийн хурал ч юм уу өөр хэн нэгэн этгээд рүү нялцайхгүйгээр хуулиар нэр заан олгогдсон байгаа газрыг чөлөөлж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгож, газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж нэхэмжлэлийн үйл баримт шаардлагаа тодруулж байна.” гэв.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: “Нэгж талбарын дугаар гэдгийг Газрын кадастрын тухай хуулийн 3.1.16-т тодорхой заасан байдаг. Дахин давтагдахгүй дугаар гэдгийг хуульчилж өгсөн байдаг. Гэтэл яагаад давтагдаж өөрчлөгдөөд байгааг ойлгохгүй байна. Энэ байдлыг сум хийх боломжгүй талаараа хэлээд байгаа. Агентлагийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын төлөөлөгч сум өөрөө хийх боломжтой гэж хэлсэнтэй санал нэг байна. Яагаад гэхээр Гарын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т сумын газрын даамал Засаг даргын захирамжтай бол кадастрын зургийг үйлдэж улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэсэн. Тэгэхээр энэ ажлаа хийхгүй аймаг хийнэ гэж байгаа нь сонин байна. Газрын баталгаажилтын хувийн хэргийг татаж авсан. Түүнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан журам байгаа. Тэр журмын дагуу газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг олгодог. Уг журамд хувийн хэргийн бүрдүүлбэрийг тодорхой заасан. Тийм учраас уг журмын дагуу хувийн хэргийг авч энэ маргаан ойлгомжтой болно гэж бодож шүүхэд хүсэлт гаргасан. Харамсалтай нь ирсэн материалууд дутуу. Ч тухайд гэрээ, гэрчилгээ байсан. 4 нэхэмжлэгчийн хэнд нь ч кадастрын зураг байхгүй. 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 4 иргэний кадастрын зураг гарсан. Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн газрын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 3/2062 дугаартай албан бичигт 2020 оны 06 дугаар сарын 07-нд өөрчлөлт орсон байна. Хаягийн хувьд Ж.Б эзэмшил газар Мухар бэлчир гэж өөрчлөгдсөн байна. Гэтэл яагаад 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн өмнөх зураг байхгүй байна вэ гэдэг нь сонирхолтой байна. Бид 2019 онд газар эзэмших эрх олж авахад заагаад тэр дагуу газраа эзэмшиж яваа. Магадгүй газрын  даамал Газрын тухай хуулийн 23.4.2-т заасан эрхийнхээ хүрээнд өөрчлөлтүүдийг оруулж 2019 оны кадастрын зураг зөрчилтэй байсан учраас гаргаж өгөхгүй байсан юм болов уу гэсэн хардлага төрж байна. Мөн давхацсан нэгж талбарыг Ж.Бнх гэж үзэж байна. Гэтэл үзлэгээр Т гэж гарч ирсэн. Тэгэхээр Ж.Б, Тийн газрын нотлох баримтын хүрээнд үзэхээр 2019 онд Т сумын Засаг даргын захирамжаар Бөмбөнгийн дэнж гэх газарт байгаа боловч зураг байхгүй. 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс өөрчлөлт орж Мухар бэлчир болж өөрчлөгдсөн. Түүний дараа хариуцагч 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр тайлбар гаргаж өгсөн. Энэ тайлбараар Тийн эзэмшил газар Шар гуяын дэнж гэх газар байна. Эдгээр 3 бичиг баримтаар өөр өөр нөхцөл харагдаж байна. Гэтэл газар усны нэр өөрчлөгдсөн тогтоол, шийдвэр байхгүй байна. Дээрх нөхцөл байдлыг Ж.Бн хувьд авч үзвэл анхнаасаа яагаад маргалдсан гэхээр сумын Засаг даргын 2019 оны захирамжаар кадастрын зураг хийгдэж улсын бүртгэлд бүртгэгдэх ёстой.  Үүнийг зөрчиж байгаа нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т заасан нөхцөл зөрчигдөж байна. Дараагийн асуудал хувийн хэрэгтэй холбоотой зохицуулалт байна. Газрын тухай хуулийн 34.6.3-т заасныг зөрчиж байна. Мөн 2019 оны 83 дугаар тогтоолоор баталсан журам зөрчигдөж байна. Газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т Газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхэлнэ” гэсэн зохицуулалттай байна. Хэдийгээр аймгийн Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газар мэдээллийг засах боломжтой гэж хэлж байгаа ч гэсэн хуульд зааснаар хэрэгжүүлэх үүрэг нь суманд байна. Гуравдагч этгээд Х.Бын хувьд маргаан бүхий байрлалд буюу Тошлойтын үзүүрт Ж.Бд 2019 оны А/20 дугаар захирамжаар олгосон байршилд Х.Б эрхгүй байна. Харин өөрийнхөө өвөлжөө, хаваржааны хашаа нь маргаан бүхий газраас өөр Цохиот гэх газарт байна. Тэгэхээр Газрын тухай хуульд зааснаараа өөр газарт газар эзэмших эрх нээлттэй, түүнтэй маргаагүй. 2019 оны эзэмшсэн Ж.Бн газартай давхцаад байгаа учраас зөвшөөрөлгүй тул нүүлгэ гэж сумын Засаг даргад хандаж байгаа. Газарт хийсэн үзлэгээр маш олон Бн нэр гараад байгаа. Тэгсэн хэр нь Бын хашаанд Тийн нэр яваад байгаа. Тэр дотор Х.Бын хашаа байгаа. Х.Б зөвшөөрөлгүй учраас тэр хашааг барихгүй. Харин Тийн зураг буруу байгаа. Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газрын мэргэжилтнийг хэрэгт хамааралтай зүйлийг хэлэх болов уу гэж бодож хүлээж байлаа. Яг тэрийг харахад өнөөдөр бодит байдалд нийцэхгүй байна. Бн эзэмшил газар дээр Х.Б хашаа хороо барьсан учраас эзэмшил газраа ашиглаж чадахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.” гэв.

 

6. Нэхэмжлэгч Ж.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 1987 онд 8 дугаар анги төгсөөд мал дээр гарсан. Үүнээс хойш 2000 он хүртэл тухайн газарт отор хийж 2000 онд  манай хашаа түймэрт шатаад хөрс суухаар нь хашаа баръя гэж бодоод  сүүлийн хэдэн жил отроор орж буугаагүй. Түүнээс бол өмнө үхэр тэргээр гэрээ зөөгөөд отроор ордог байсан. Хэрвээ Х.Б 2016 онд гэрчилгээ нь гарсан бол 2019 онд хашаа барьсан  байх. Намайг 2017 онд гэрчилгээ авахад тэр газарт хашаа бариагүй байсан. Гуравдугаарт цас, зудтай үед 1 жил бууя гэж гуйж буучхаад дараа жил нь шөнөөр хашаа хороо бариад эхэлсэн. Тэр үед манай дүү нар гуйж буучхаад яаж байгаа юм бэ гэсэн асуудал яригдсан. Түүнээс бол 1987-2000 он хүртэл отор хийж өвөлжиж байсан. Дараа нь 2000 онд түймэр гараад хэдэн жил буугаагүй. Энэ байдлыг нотлох хүмүүс багийн нийтийн хуралд ирсэн. Тэр газарт Х.Бын өвөг, эцэг байсан талаар нутгийн хөгшчүүлээс асуухад байгаагүй гэж хэлж байсан.” гэв.

 

7. Нэхэмжлэгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.Бын 2016 онд хашаа барьж дууссан гэдэг нь 2016 онд Мөнхөө ахын хашаанд гуйж буусан. Ах бид хоёрын хашаа хамт байсан. Мөнхөө ахын хадам талын хүмүүс учраас цаг хэцүү үед 1 жил хашаанд нь бууж байсан. Тэгээд 2018 онд Х.Б хашаагаа барьсан. Хашаа барихад нь сум багийн удирдлагууд зөвшөөрсөн гэж хэлж байна. Гэтэл зөвшөөрөөгүй. Багийн даргад хэлэхэд багийн даргаас барьж буй хашаагаа түр зогсоо гэсэн тодорхойлолт өгсөн. Тэгээд Засаг дарга ийм тодорхойлолт гаргасан байна үүнийгээ хараа гэхэд аав нь миний урдаас шидсэн. Тэгэхээр нь миний хашаа барих гэсэн газар та нар хашаа барьж байна. Би шав тавьсан. Хуучирч өмхөрсөн модтой хашаагаа ах бид хоёр салгаж шинээр хашаа барина гэхэд аав нь хэлээ хүрэх газраа хүртэл хэл, хөлөө хүрэх газар хүртлээ яв. Монгол Улсад хаанаа ч хашаа барих эрхтэй гэж зөрж хашаа барьсан.” гэв.

 

8. Нэхэмжлэгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би энэ дүүг гуйхаар нь 1 жил отроор оруулсан. Манай авгай гуйгаад байсан. Манай авгай Х.Б хоёр эгч дүүс байгаа юм. Тухайн үед өрөвдөөд 1 жил буулгасан чинь дараа нь хашаа барьсан. Дүү нартай хэлээгүй буулгасан болохоор хэлэхгүй гэдэг байдлаар маргаж байсан. Би өөрөө дүү нартай хэлээгүй оруулсан юм чинь гэж бодоод юм дугараагүй. Сайн санаж буулгасан биш сүүлдээ хашаа барьж эзэмшсэн. Би өөрөө ч отроор орж чадахгүй байгаа. Гол нь мал нь багтдаггүй. Аав, ээжийнхээ хамт олон жил бууж байсан. Түймэр гарч хонь, мал байхын аргагүй хөө болсон байдалтай байсан.” гэв.

 

9. Нэхэмжлэгч Ж.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид хүний зүйлийг дээрэмдэх гээд байгаа зүйл биш. Аав, ээж минь бидэнд үлдээсэн. Энэ байдлаас болж төрсөн ах, дүү нар хоорондоо муудалцаж байна. Ийм хурцадмал байдалд хүргэчхээд ичихгүй ингэж ярихдаа бодох л ёстой.” гэв.

 

10. Хариуцагч Архангай аймгийн Ж********** сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: “... Жийн Чт Архангай аймгийн Ж********** сумын 1-р баг, “Мухар бэлчирт” гэх газарт тус сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/130 тоот захирамжаар өвөлжөөний зориулалтаар 6520001183 нэгж талбарын дугаар бүхий газар эзэмших эрх баталгаажигдсан нь еgazar.gov.mn цахим мэдээллийн санд 6520001127 болж, мөн 1-р баг нь 4-р баг болон өөрчлөгдсөнийг залруулах боломжтой бөгөөд уг залруулгыг хийх эрх, өөрчлөх боломж сумын газрын даамалд байхгүй тул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт уламжилсан болно.

Жийн Бд тус сумын 1-р баг “Тошлойтын үзүүр” гэх газарт сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/20 тоот захирамжаар өвөлжөөний зориулалтаар 6520001233 дугаар бүхий нэгж талбарын 700 м2 газар эзэмших эрх олгосон гэрчилгээ еgazar.gov.mn цахим мэдээллийн санд нэгж талбарын дугаар нь 6520001344 болж, газрын нэр нь “Мухар бэлчирт” болж өөрчлөгдсөнийг мөн Г.Баяраа гэх хүнд газар эзэмших эрх олгосон мэт харагдаж байгаа нь газрын мэдээллийн сангаас шүүж үзэхэд Баяраа овогтой Ганхуягийн Баянцагаан баг Хонгор-Өвөр гэх газарт байршилтай 700 м2 газрын өвөлжөө хаваржааны зориулалтай газар эзэмшлийн 6520001345 нэгж талбарын дугаартайгаар цахим системд буруу оруулсан байх зөрчлийг мөн сумын газрын даамал залруулах боломжгүй тул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт уламжилсан болно.

Жийн Бийн “Шар гуяын дэнж” гэх газрын өвөлжөөний зориулалтаар 6520001232 нэгж талбарын дугаар бүхий эзэмших эрхийн еgаzаr.gоv.mn цахим мэдээллийн санд кадастрын зураг нь Бийн Ж гэж алдаатай бүртгэгдсэнийг сумын газрын даамал залруулах боломжгүй тул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт уламжилсан болно.

Жийн Т нь тус сумын 1-р багийн “Мухар бэлчирт” гэх газарт 6520001360 нэгж талбарын дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ газрын цахим мэдээллийн санд 1-р баг нь 4-р баг болон өөрчлөгдсөнийг суманд залруулга хийх боломжгүй тул мөн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт уламжилсан болно.

Дээрх маргаан бүхий газарт иргэн Г.Х, Х.Б, Х.Р нар нь тухайн үед түр буусан боловч одоо болтол газрыг чөлөөлөхгүй байгаа талаар гомдол саналыг 2022 оны 11 дугаар сарын 17-нд болсон 1-р баг Асайт багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж багийн иргэдийн саналаар шийдвэрлэхээр оролдсон боловч хурлын ирц хараахан хүрээгүй тул дараагийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэснийг иргэн Бд тайлбарлаж хэлсэн болно.

Ж.Бн эзэмшил гэх газарт түр буусан айлыг нүүлгэх, газар чөлөөлүүлэх асуудлыг 2022 оны 03 дугаар сарын 31 -ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлаар 8 дугаар тогтоолоор батлагдсан “Ж********** сумын бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах” журмын хүрээнд шийдвэрлүүлэх нь зүйтэй талаар тус багийн дарга Д.Сүхбаатар болон иргэн Ж.Б нарт хандаж тайлбарласан, ба хуулиар хүлээсэн үүргийн дагуу 2 удаа уулзалт хийсэн болохыг энд дурдах нь зүйтэй.” гэжээ.

 

11. Хариуцагч Архангай аймгийн Ж********** сумын Засаг дарга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбаргүй” гэв.

 

12. Хариуцагч Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т шүүхэд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч нарын тодруулсан нэхэмжлэлийн шаардлага дахь иргэн Ж.Б, Ж.Б, Ж.Ч, Ж.Т нар Газрын тухай хуульд заасны дагуу хүсэлтээ гаргаж, эзэмших эрхтэй болсон цахим мэдээллийн сан дахь мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгаж, зөвтгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, зөрчлийг арилгахыг Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын албанд даалгах асуудал нь мэргэжлийн байгууллагын гүйцэтгэх ёстой асуудал хэдий ч эс үйлдэхүй, хууль бус үйлдэл байсан эсэхийг шүүх хуралдаанд оролцохдоо мэтгэлцэх зарчмаар шийдвэрлэх хүсэлтэй байна.” гэжээ.

 

13. Хариуцагч Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын  итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талаас Чын газар усны нэр болоод багийн нэр зөрүүтэй, Б, Б, Т нарын газрын байршил зөрүүтэй гэж тайлбарлаж байна. Манай талаас дээрх байдлыг засах боломжтой. Шүүх энэ хэргийг шийдэж шүүхийн шийдвэр гарчихвал бид шүүхийн шийдвэрийг үндэслэн засах боломжтой. Засаг дарга өөрийнхөө бүрэн эрхийн хэмжээнд шийдчих боломжтой асуудал юм. Мэтгэлцэхээсээ илүү газруудыг байршлыг зөвөөр тогтоох ёстой. Хуулийн хүрээнд шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлнэ. Мэдээлэл засах байдлаар хариуцагчаар татагдсан. Уг алдаагаа бүрэн хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч даамал хийчих боломжтой үйлдлээ хийгээгүй байна гэж хэллээ. Нэгж талбарын хувийн хэргийг зохих ёсоор нь бүрдүүлнэ гэлээ. Энэ тухайд өмнөх тайлбартаа Засаг даргын захирамж болон шүүхийн шийдвэрийг үндэслэж засах боломжтой гэж хэллээ. Энэ байдлыг засна. Үүнийг засахад Газрын харилцаа болоод Засаг даргын эрх хэмжээ байгааг анхаарч өгнө үү. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар хэрэгжүүлэх эрхтэй. Иргэд хоорондын маргааныг шийдвэрлэх эрх нь Засаг даргад байгаа. Маргааны явцыг харахад хууль бусаар оршин суусан малын хашаа давхацсан асуудал байгаа юм байна. асуудлыг шийдэхэд маш амархан байна. Давхцаад байгаа хашааг нөгөө талд нь барьчихвал багийн иргэдийн хурлаар хэлэлцээд сумын иргэдийн хурал тухайн жилийн төлөвлөгөөг баталж газар олголтын асуудал явагдана. Гэтэл багийн иргэдийн хурлаа хийж чадахгүй өнөөдрийг хүрсэн учраас шүүхээр шийдвэрлүүлэхээр орж ирсэн харагдаж байна. Тиймээс шүүхээс шийдвэрлэх нь зүйтэй гэж харж байна. Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газраас хуульд нийцсэн хэд хэдэн зөрчил харагдаж байна. Мөн хэд хэдэн хууль зөрчигдсөн харагдаж байна. Тиймээс эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй хуульд нийцүүлж шийдвэрлэж өгнө үү. Манай талаас нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд бүрэн биелүүлнэ.” гэв.

 

14. Гуравдагч этгээд Х.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “Х овогтой Б миний бие Ж.Б, Ж.Ч, Б, Ж.Т нарын нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Архангай аймгийн Ж********** сумын 1-р баг Асайт багийн иргэн Б, Ж.Т нар тус аймгийн Ж********** сумын Асайт багийн Чингэстэйн голд амьдардаггүй иргэд юм. Энэ 2 иргэнд 2016-2020 онд ажиллаж байсан сум, багийн Засаг дарга нар үндэслэлгүйгээр газар эзэмших гэрчилгээ гаргаж өгсөн байна. Энэ хоёр иргэний газар эзэмших гэрчилгээг цуцлуулах хүсэлттэй байна. Иргэн Ж.Ч Чингистэйн мухар бэлчирт сүүлийн 3 жил буюу 2020, 2022 онуудад өвөлжсөн 2020 оноос өмнө тус газарт огт амьдардаггүй байсан. Иргэн Ж.Б 2011 оны Хавар, 2017 оны өвөл хоёр удаа л буусан айл юм. Сүүлийн 12 жилд эдгээр 4 иргэнийг тус аймгийн Ж********** сумын Асайт багийн Чингэстэй голын Мухар бэлчир, Шар гуяын дэнж, Тошлойтын үзүүр гэх газарт амьдардаггүй нутгийн иргэн Чингистэйн голын айлуудаар гэрчлүүлж худал бичиг  баримтаар авсан газар эзэмших гэрчилгээг цуцлуулах хүсэлттэй байна. Миний бие Х овогтой Б иргэн Ж.Б, Ж.Ч нарын  эзэмшлийнх гэх 700 мкв газар луу хашаагаа огт оруулж бариагүй. Энэ маргаан бүхий газарт буугаагүй байхад манайхыг албадан нүүлгүүлж газар чөлөөлүүлнэ гэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.” гэжээ.

 

15. Гуравдагч этгээд Х.Р шүүхэд гаргасан тайлбартаа: “Х овогтой Р миний бие Ж.Б, Ж.Ч, Ж.Б, Ж.Т нарын нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие энэ маргаан бүхий газарт өөрийн гэсэн хашаа бууц байхгүй, Б, Ж.Ч нар тусдаа хашаа бууцтай. Харин Ж.Б, Т нар тус аймгийн Ж********** сумын Асайт багийн Чингистэйн голд огт амьдардаггүй иргэд. Би иргэн Ж.Б, Ж.Ч, Ж.Б, Ж.Т нарын эзэмшлийнх гэх 700 м.кв газар дээр гэрээ бариагүй. Энэ маргаан бүхий газарт буугаагүй байхад газар эзэмшигч нар нь эзэмшиж байгаа газраа буюу нэг уулын амыг нь эзэмшиж байгаа мэтээр бодож албадан нүүлгүүлэх нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Ж.Б, Ж.Ч, Ж.Б, Ж.Т нарын гаргасан Хын Б болон манайхыг албадан нүүлгэж газар чөлөөлөхийг Ж********** сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

 

16. Гуравдагч этгээд Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газрын тухай хуульд заасан үндэслэлээр явагдах учраас гэрчилгээ гаргасан нь хууль бус юм. Манайх 2016 онд хашаа барьсан Нэхэмжлэгч тал 2019 онд гэрчилгээ гаргасан. Ингээд харахад залилангийн шинжтэй нөхцөл байдал харагдаад байна. Гэрчилгээ гаргасан болон газар хэмжсэн албан тушаалтан  нар хүний эрхэнд халдсан гэж бодож байна. Даалгах шаардлагатай холбогдуулан санал, хүсэлтгүй. ... Эдгээр хүмүүс 1987-2000 он хүртэл амьдарсан гэж хэлж байна. Манай аавын тал бүгд Чингистэйд нутаглаж байсан. Би хөгшчүүлээсээ асуухад Ж гуайн Чингистэйд байгаагүй Завагт нутаглаж байсан, түүнээс бол энд нутаглаад удаагүй гэж ярьсан. Эд нар амьдарч болоод би амьдарч болохгүй байгаад байгаа юм уу яагаад байгаа юм. Хэнд нь давуу эрх олгогдоод байгаа юм. Хуульд зааснаар эзэмшил газраа эзэмшээгүй байна. Хуулийн дагуу ашиглаагүй учраас эзэмших эрх нь хүчингүй болно гэж бодож байна. Нөгөө талаас оршин тогтноогүй газрын гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болох байх. Энэ 2 үндэслэлээр газрын гэрчилгээ хүчингүй болох үндэслэлтэй гэж үзэж байна. Газрын дур мэдэн өгсөн учраас зөндөө газар бий болж байна. Бэлчээрийн даацыг яаж тодорхойлсон юм. Бэлчээрийн даацыг тодорхойлсон өөр мал орох боломжгүй гэж ярьж байна. Мөн малын тоо толгойг хэлж байгаа учраас өөрсдийнх нь малын тоо толгойг харж үзмээр байна. Мөн өвөлжөө, хаваржааны газрыг олгохдоо хашаан доорх газрыг олгодог болохоос биш хашаа зайлуулж барих газар олгодоггүй гэдгийг харж үзнэ үү. Иймээс гэрчилгээг хүчингүй болгуулах саналтай байна. Шүүхийн шийдвэрийг харж байгаад дараа нь гомдлоо гаргана. Нэг зүйлийг нэмж хэлэхэд иргэн Ж.Б нь бие бялдрын хөгжил сайтай, биерхүү том биетэйгээрээ бусдыг дээрэлхдэг. Сумын заан болох миний ахыг зодсон. Хадсан байсан өвсийг миний талбайд хадлаа гэж ачиж явсан, намайг зодох гэж чулуу мод барьж мотоциклтой хөөсөн. Ах дүү нартайгаа хагарал үүсгэсэн шалтгаан нь Ж.Б нь та нар хүн орууллаа гэж дээрэлхсэн болов уу гэсэн хөндлөнгийн байдал ажиглагдаж байна.” гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд,  тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар  зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн зарим шаардлагын хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Анх шүүхэд нэхэмжлэгч Ж.Б, Ж.Б, Ж.Ч, Ж.Т нар “Маргаан бүхий газрыг иргэн Ж.Б эзэмших эрхтэй болохыг тогтоолгох,  Архангай аймгийн Ж********** сумын Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/76 дугаар захирамжийн иргэн Ганхуягийн Баяраад холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, түр буусан Ггийн Х, Хын Б, Хын Р гэх айлуудыг албадан нүүлгэж газар чөлөөлөхийг Ж********** сумын Засаг даргад даалгах” шаардлага гаргасан.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Маргаан бүхий газрыг иргэн Ж.Б эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, Архангай аймгийн Ж********** сумын Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/76 дугаар захирамжийн иргэн Ганхуягийн Баяраад холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.

 

4. Харин “иргэн Ж.Б, Ж.Б, Ж.Ч, Ж.Т нарын Газрын тухай хуульд заасны дагуу хүсэлтээ гаргаж, эзэмших эрхтэй болсон газрын цахим мэдээллийн сан дахь мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгаж, зөвтгөхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, зөрчлийг арилгахыг Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын албанд даалгах, “Иргэн Ж.Б нарын эзэмшил газар дээр буусан, Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших зөвшөөрөлгүй Ггийн Х, Хын Б, Хын Р гэх айлуудыг албадан нүүлгэж, газар чөлөөлөхийг Ж********** сумын Засаг даргад даалгах” гэж өөрчилж тодруулсан.

 

5. Улмаар эцсийн байдлаар шүүх хуралдаан дээр “Ж.Б, Ж.Б, Ж.Ч, Ж.Т нарын Газрын тухай хуульд заасны дагуу хүсэлтээ гаргаж, эзэмших эрхтэй болсон газрын цахим мэдээллийн сан дахь мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгаж, зөвтгөхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, зөрчлийг арилгахыг Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын албанд даалгах”, “нэхэмжлэгч Ж.Б, Ж.Б, Ж.Ч, Ж.Т нарын эзэмшил газар дээр Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших зөвшөөрөлгүй Хын Бын барьсан малын хашааг албадан нүүлгэж, газар чөлөөлөхийг Ж********** сумын Засаг даргад даалгах” гэж тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэв.

 

6. Шүүхээс хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг гуравдагч этгээдийн өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн мэдэгдсэн ч гуравдагч этгээд Х.Р “байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзахгүй” болохоо шүүхэд илэрхийлсэн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд оролцоогүй, гуравдагч этгээд Х.Бын өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаан оролцохгүй талаараа шүүхэд мэдэгдсэн, гуравдагч этгээд Х.Б өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох талаар шүүхэд илэрхийлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ”, 91.6-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын аль аль нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бол шүүх хэргийг энэ хуулийн 91.5-д заасны дагуу шийдвэрлэж болно” гэж заасны дагуу хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Нэг. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын газар эзэмших эрхийн тухайд:

 

Нэхэмжлэгч Ж.Бн газар эзэмших эрхийн тухайд,

 

7. Нэхэмжлэгч Ж.Б нь 2022 оны жилийн эцсийн тооллогоор хонин толгойд шилжүүлснээр 612 толгой малтай мал бүхий иргэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 185 дахь тал)

 

8. Нэхэмжлэгч Ж.Б нь Архангай аймгийн Ж********** сумын газрын даамалд Архангай аймгийн Ж********** сумын 1 дүгээр багийн Чингэстэйн голын Мухар бэлчрийн дэнж гэдэг нэртэй газарт газар эзэмшихээр  холбогдох баримыг хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 80-84 дэх тал)

 

9. Улмаар Архангай аймгийн Ж сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/20 дугаар “Иргэнд өвөлжөө, хаваржааны доорх газрыг эзэмших эрх баталгаажуулах тухай” захирамжаар иргэн Ж.Бд Архангай аймгийн Ж********** сум, Асайт багийн Тошлойтын үзүүр гэх газарт 700м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ. Улмаар 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 000057829 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 6520001233 дугаартай нэгж талбарын хувийн хэрэг нээсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 116-117, 129 дэх тал)

 

10. Ийнхүү Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7. дахь хэсэгт “Өвөлжөө, хаваржааны доорх газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно.” гэж зааснаар газар эзэмших эрх нэхэмжлэгч Ж.Бд үүссэн байна.

 

11. Мөн нэхэмжлэгч Ж.Б нь Архангай аймгийн Ж********** сумын Асайт багийн нутаг Шархадны тохой гэх газар хаваржаа, Ар нарийн гэх газар өвөлжөөний хашаа, саравчтай байна. (1 дүгээр хавтаст хэргийн 217 дахь тал)

 

Нэхэмжлэгч Ж.Бийн газар эзэмших эрхийн тухайд,

 

12. Нэхэмжлэгч Ж.Б нь 2022 оны жилийн эцсийн тооллогоор хонин толгойд шилжүүлснээр 355 толгой малтай мал бүхий иргэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 185 дахь тал)

 

13. Нэхэмжлэгч Ж.Б нь Архангай аймгийн Ж********** сумын газрын даамалд Архангай аймгийн Ж********** сумын 1 дүгээр багийн Чингэстэйн голын Мухар бэлчирийн дэнж, Шар гуяын дэнж гэх газарт газар эзэмшихээр холбогдох баримтыг хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 94-96 дахь тал)

 

14. Улмаар Архангай аймгийн Ж сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/20 дугаар “Иргэнд өвөлжөө, хаваржааны доорх газрыг эзэмших эрх баталгаажуулах тухай” захирамжаар иргэн Ж.Бөд Архангай аймгийн Ж********** сум, Асайт багийн Шар гуяын дэнж гэх газарт 700 м.кв газрыг хаваржааны зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ. Улмаар 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 000057830 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 6520001232 дугаартай нэгж талбарын хувийн хэрэг нээсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 116-117, 128 дахь тал)

 

15. Ийнхүү Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7. дахь хэсэгт “Өвөлжөө, хаваржааны доорх газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно.” гэж зааснаар газар эзэмших эрх нэхэмжлэгч Ж.Бөд үүссэн байна.

 

16. Мөн нэхэмжлэгч Ж.Б нь Архангай аймгийн Ж********** сумын Асайт багийн нутаг Шархадны тохой гэх газар өвөлжөө, Мухарын ам гэх газар хаваржааны хашаа, саравчтай байна. (1 дүгээр хавтаст хэргийн 219 дэх тал)

 

Нэхэмжлэгч Ж.Чын газар эзэмших эрхийн тухайд,

 

17. Нэхэмжлэгч Ж.Ч нь 2022 оны жилийн эцсийн тооллогоор хонин толгойд шилжүүлснээр 471 толгой малтай мал бүхий иргэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 185 дахь тал)

 

18. Нэхэмжлэгч Ж.Ч нь Архангай аймгийн Ж********** сумын газрын даамалд Архангай аймгийн Ж********** сумын 1 дүгээр багийн Чингэстэйн голын Мухар бэлчирт  газар эзэмшихээр холбогдох баримыг хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 85-93 дахь тал)

 

19. Улмаар Архангай аймгийн Ж сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/130 дугаар “Иргэнд өвөлжөө, хаваржааны доорх газрыг эзэмших эрх баталгаажуулах тухай” захирамжаар иргэн Ж.Чт Архангай аймгийн Ж********** сум, Асайт багийн Мухар бэлчирт газарт 700м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар 20 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ.

 

20. Архангай аймгийн Ж сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/130 дугаар захирамжийг үндэслэн 000714316 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр олгож, мөн өдөр гэрээ байгуулан 6320001183 дугаартай нэгж талбарын хувийн хэрэг нээсэн байна. Ийнхүү Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7. дахь хэсэгт “Өвөлжөө, хаваржааны доорх газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно.” гэж зааснаар газар эзэмших эрх нэхэмжлэгч Ж.Чт үүссэн байна.

 

21. Мөн нэхэмжлэгч Ж.Ч нь Архангай аймгийн Ж********** сумын Асайт багийн нутаг Шархадны тохой гэх газар өвөлжөө, Мараат гэх газар хаваржааны хашаа, саравчтай байна. (1 дүгээр хавтаст хэргийн 217 дахь тал)

 

Нэхэмжлэгч Ж.Тийн газар эзэмших эрхийн тухайд,

 

22. Нэхэмжлэгч Ж.Т нь Архангай аймгийн Ж********** сумын газрын даамалд Архангай аймгийн Ж********** сумын 1 дүгээр багийн Чингэстэйн голын Мухар бэлчирийн дэнж, Тошлойтын үзүүр гэх газарт газар эзэмшихээр холбогдох баримтыг хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 99-103 дахь тал)

 

23. Улмаар Архангай аймгийн Ж сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/20 дугаар “Иргэнд өвөлжөө, хаваржааны доорх газрыг эзэмших эрх баталгаажуулах тухай” захирамжаар иргэн Ж.Тид Архангай аймгийн Ж********** сум, Асайт багийн Бөмбөнгийн дэнж гэх газарт 700м.кв газрыг хаваржааны зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 116-117 дахь тал)

 

24. Ийнхүү  Архангай аймгийн Ж сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/20 дугаар захирамжийг үндэслэн 000714316 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр олгож, 6520001360 дугаартай нэгж талбарын хувийн хэрэг нээсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 98-103 дахь тал)

 

25. Архангай аймгийн Ж сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/20 дугаар захирамжийг үндэслэн 000714316 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр олгосон болохыг гэрч Архангай аймгийн Ж********** сумын газрын даамал ажилтай М.А: “... Ж.Тийн гэрчилгээ 6 дугаар сарын 19-ний өдөр гарсан. ... Тухайн үед Бн гэрчилгээтэй хамт гарах байсан боловч гэрчилгээ гаргах үнэт цаас дууссан байсан. ... Өмнө нь үнэт цаасан дээр гэрчилгээ гаргадаг байсан бол одоо QR код уншуулаад цаасан дээр гаргаж байгаа.”  гэх мэдүүлэгтээ дурдсан. Нөгөөтээгүүр нэхэмжлэгч 000714316 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр олгосныг хэргийн оролцогч талууд үгүйсгэж маргаагүй болно.

 

26. Нэхэмжлэгч Ж.Тийн 6520001360 нэгж талбарын дугаартай 700м.кв өвөлжөөний зориулалтайгаар эзэмшүүлсэн газарт давхцуулан гуравдагч этгээд Х.Б нь малын хашааг 2019 оны өвлөөс хойш барьж малаа адгуулан зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмших болсон нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбар, нэхэмжлэгч Ж.Тийн эзэмшиж байгаа өвөлжөөний газрын байршлын кадастрын зураг түүний тайлбар, үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдож байна. (1 дүгээр хавтаст хэргийн 15, 16, 133, 189-190, 203-204 дэх тал)

 

27. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 27.3. дахь хэсэгт “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4. дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 31 дүгээр зүйлийн 31.3. дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 52 дугаар зүйлийн 52.7. дахь хэсэгт “Өвөлжөө, хаваржааны доорх газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно.” гэж тус тус заасан.

 

28. Ийнхүү нэхэмжлэгч Ж.Тийн 6520001360 нэгж талбарын дугаартай 700м.кв өвөлжөөний зориулалтайгаар эзэмшүүлсэн газарт давхцуулан гуравдагч этгээд Х.Б нь малын хашааг 2019 оны өвлөөс хойш барьж малаа адгуулан зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмших болсноор нэхэмжлэгч Ж.Тийн газар эзэмших эрхийг зөрчих болсон байна.

 

Гуравдагч этгээд Х.Б, Х.Р нарын газар эзэмших эрхийн тухайд,

 

29. Газрын тухай хуулийн 3.1.3.-т “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг;”, 27 дугаар зүйлийн 27.1. дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4. дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 31 дүгээр зүйлийн 31.3. дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 52 дугаар зүйлийн 52.7. дахь хэсэгт “Өвөлжөө, хаваржааны доорх газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно.” гэж тус тус заасан.

 

30. Гуравдагч этгээд Х.Б нь 2022 оны жилийн эцсийн тооллогоор хонин толгойд шилжүүлснээр 2397 толгой малтай мал бүхий иргэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 185 дахь тал)

 

31. Гуравдагч этгээд Х.Р нь 2022 оны жилийн эцсийн тооллогоор хонин толгойд шилжүүлснээр 671 толгой малтай мал бүхий иргэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 185 дахь тал)

 

32. Хэрэгт цугларсан баримтаас үзвэл, гуравдагч этгээд Х.Б, Х.Р нарт маргаан бүхий газар болох Архангай аймгийн Ж********** сумын Асайт баг “Мухар” бэлчир гэх газар өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмших эрх үүсээгүй, энэ талаар эрх бүхий этгээдэд хүсэлтээ гаргаж зохих ёсоор шийдвэрлүүлэлгүйгээр, нэхэмжлэгч Ж.Тийн эзэмших эрхтэй газартай давхцуулан малын хашаа барьж, зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн болох нь хэрэгт авагдсан гэрч Архангай аймгийн Ж********** сумын газрын даамал ажилтай М.Аийн: “... Иргэн Х.Б газар эзэмших асуудлаар хандаж гаргасан хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг, үзлэг хийсэн тухай тэмдэглэл, газрын байршлын кадастрын зураг, тэмдэглэл, тайлбар, гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбар, мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна. (Үзлэгийн тэмдэглэл 1 дүгээр хавтаст хэргийн 189-190, 199, 203-204 дэх тал, гэрчийн мэдүүлэг 2 дугаар хавтаст хэргийн 91-112 дахь тал)

 

33. Мөн гуравдагч этгээд Х.Б, Х.Р нар нь Архангай аймгийн Ж********** сумын Асайт багийн нутаг Цохиот гэх газар өвөлжөө, Ороох гэх газар хаваржааны хашаа, саравч, байшинтай байна. (1 дүгээр хавтаст хэргийн 215, 216 дахь тал)

 

34. Ийнхүү нэхэмжлэгч Ж.Тийн 6520001360 нэгж талбарын дугаартай 700м.кв өвөлжөөний зориулалтайгаар эзэмшүүлсэн газарт давхцуулан гуравдагч этгээд Х.Б нь малын хашааг 2019 оны өвлөөс хойш барьж малаа адгуулан зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмших болсноор нэхэмжлэгч Ж.Тийн газар эзэмших эрхийг хөндөх болсон байна.

 

35. Харин бусад нэхэмжлэгч болох Ж.Б, Ж.Б, Ж.Ч нарын өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмших эрхтэй газартай гуравдагч этгээд Х.Бын барьсан малын хашаа давхцалгүй буюу эдгээр газар эзэмшигч иргэдийн газар эзэмшихтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, субьектив эрхийг шууд зөрчөөгүй байна гэж шүүхээс дүгнэлээ.

 

Хоёр. Нэхэмжлэгч Ж.Б, Ж.Б, Ж.Ч, Ж.Т нарын Газрын тухай хуульд заасны дагуу хүсэлтээ гаргаж, эзэмших эрхтэй болсон газрын цахим мэдээллийн сан дахь мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгаж, зөвтгөхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, зөрчлийг арилгахыг Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах шаардлагын тухайд:

 

36. Анх иргэн Ж.Бд Архангай аймгийн Ж********** сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/20 дугаар захирамжаар өвөлжөөний зориулалтаар 700 м.кв газрыг Архангай аймгийн Ж********** сум, Асайт баг “Тошлойтын үзүүрт эзэмшүүлж, нэгж талбарын  6520001233 дугаар олгосон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 116-117 дахь тал)

 

37. Гэвч  Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын цахим мэдээллийн санд иргэн Ж.Баднайдсэдийд олгосон 6520001233 нэгж талбарын дугаар нь 6520001344 гэж өөрчлөгдөж, мөн Архангай аймаг, Ж********** сум, 4 дүгээр баг,  Зуслан баг, Мухар бэлчир гол гэж бүртгэгджээ.  (2 дугаар хавтаст хэргийн 38-40 дэх тал)

 

38. Иргэн Ж.Тид Архангай аймгийн Ж********** сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/20 дугаар захирамжаар хаваржааны зориулалтаар 700 м.кв газрыг Архангай аймгийн Ж********** сум, Асайт баг, Бөмбөнгийн дэнж гэх газарт эзэмшүүлж, нэгж талбарын 6520001234 дугаар олгожээ. (1 дүгээр хавтаст хэргийн 116-117 дахь тал)

 

39. Гэтэл Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын цахим мэдээллийн санд иргэн Ж.Тид олгосон 6520001234 нэгж талбарын дугаар нь 6520001360 гэж өөрчлөгдөж, Архангай аймаг, Ж********** сум, 4 дүгээр баг, Зуслан баг, Шар гуяын жалга болж өөрчлөгдсөн, мөн Жийн Түшиндорж гэж бүртгэгдсэн байна. (2 дугаар хавтаст хэргийн 35-37 дахь тал)

 

40. Иргэн Ж.Бөд Архангай аймгийн Ж********** сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/20 дугаар захирамжаар өвөлжөөний зориулалтаар 700 м.кв газрыг Архангай аймаг, Ж********** сум, Асайт баг, Шар гуяын дэнжид эзэмшүүлж, нэгж татварын 6520001232 дугаар олгосон ч Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын цахим мэдээллийн санд 6520001232 нэгж талбарын дугаар нь 6520001343 гэж өөрчлөгдсөн, Архангай аймаг, Ж********** сум, 4 дүгээр баг, Зуслан баг, Мухар бэлчир гол гэж бүртгэгдсэн, мөн Бийн Ж нэрээр бүртгэгдсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 116-117, 2 дугаар хавтаст хэргийн 47-49 дэх тал)

 

41. Иргэн Ж.Чт Архангай аймгийн Ж********** сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/130 дугаар захирамжаар өвөлжөөний зориулалтаар 700 м.кв газрыг Архангай аймаг, Ж********** сум, Асайт баг, Мухар бэлчирт эзэмшүүлж, нэгж талбарын 6520001183 дугаар олгосон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 122-123 дахь тал)

 

42. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын цахим мэдээллийн санд  нэгж талбарын 6520001183 дугаар нь 6520001127 гэж өөрчлөгдсөн, Архангай аймаг, Ж********** сум, 4 дүгээр баг, Зуслан, Мухар бэлчир гол гэж өөрчлөгдсөн байна. (2 дугаар хавтаст хэргийн 44-46 дахь тал)

 

43. Иргэн Баяраагийн Ганхуягт Архангай аймгийн Ж********** сумын Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/76 дугаар захирамжаар Архангай аймаг, Ж********** сум, Баянцагаан баг, Хонгор өвөр гэх газарт 700 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, нэгж талбарын 6520001286 дугаар олгосон байна.

 

44. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын цахим мэдээллийн санд иргэн Ж.Тид  Архангай аймгийн Ж********** сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/20 дугаар захирамжаар хаваржааны зориулалтаар 700 м.кв газрыг Архангай аймгийн Ж********** сум, Асайт баг, Бөмбөнгийн дэнж гэх газарт эзэмшүүлсэн, нэгж талбарын 6520001234 дугаар бүхий газартай иргэн Баяраагийн Ганхуягийн 6520001345 нэгж талбарын дугаартай газар давхцалтай харагдаж байна. (1 дүгээр хавтаст хэргийн 113-114 дэх тал)

 

45. Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 1006 дугаар албан бичигт: Архангай аймгийн Ж********** сумын Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/76 дугаар захирамжаар иргэн Баяраагийн Ганхуягт нь Баянцагаан баг, Хонгор өвөр байршилд 700 м.кв газрыг өвөлжөө, хаваржааны зориулалттай газраа одоо хүртэл эзэмшиж амьдарч байна. Гэтэл тухайн иргэний газрыг 2019 оны газрын кадастрын системд оруулахдаа Асайт баг, Мухар бэлчир гол гэх газарт 6520001345 нэгж талбарын дугаартайгаар дээрх захирамжаар оруулсан байна.” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 124 дэх тал)

 

46. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас Чын газар усны нэр болоод багийн нэр зөрүүтэй, Ж.Б, Ж.Б, Ж.Т нарын газрын байршил зөрүүтэй гэж тайлбарлаж байна. Манай талаас дээрх байдлыг засах боломжтой. Шүүх энэ хэргийг шийдэж шүүхийн шийдвэр гарчихвал бид шүүхийн шийдвэрийг үндэслэн засах боломжтой. Засаг дарга өөрийнхөө бүрэн эрхийн хэмжээнд шийдчих боломжтой асуудал юм. Мэтгэлцэхээсээ илүү газруудыг байршлыг зөвөөр тогтоох ёстой. Хуулийн хүрээнд шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлнэ. Нэхэмжлэлийн өөрт хамааралтай хэсэгтэй маргахгүй байна.” гэжээ.

 

47. Нэхэмжлэгч нараас газрын цахим мэдээллийн сан дахь мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгахаар хүсэлт гаргаж, улмаар Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрыг 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 519 дүгээр албан бичгээр хариу авсан байна. (2 дугаар хавтаст хэргийн 82 дахь тал)

 

48. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15.-д “газрын мэдээллийн сан” гэж газрын нэгдмэл сангийн мэдээлэл, өгөгдөлд боловсруулалт хийх бололцоотой техник, технологид үндэслэсэн төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хэрэгцээг хангахуйц системчлэгдсэн өгөгдлүүдийн цогцыг.” хэлнэ гэж заажээ.

 

49. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна:”, 23 дугаар зүйлийн 23.3.3-т ”газрын кадастр эрхлэх, аймаг, нийслэлийн газрын мэдээллийн сан байгуулж, олон нийтэд мэдээллээр үйлчлэх;” гэж зааж, хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл газрын кадастын мэдээллийн үнэн зөвийг эрхлэн хариуцах, газрын цахим мэдээллийн сан дахь мэдээллийг засах эрх хэмжээ нь Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт олгогдсон байна.

 

50. Хариуцагч Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь Газрын тухай хуульд заасан хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, өөрт хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд иргэн Ж.Б, Ж.Б, Ж.Ч, Ж.Т нарын газрын цахим мэдээллийн сан дахь мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгаж, зөвтгөн засварлаагүй эс үйлдэхүй гаргасан байх тул дээрх үндэслэлээр Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн эл шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

51. Нөгөөтээгүүр нэхэмжлэлийн эл шаардлагатай хариуцагч Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар маргаагүй, няцааж мэтгэлцээгүй болно.

 

Гурав. Нэхэмжлэгч Ж.Б, Ж.Б, Ж.Ч, Ж.Т нарын эзэмшил газар дээр буусан, Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших зөвшөөрөлгүй Хын Бын барьсан малын хашааг албадан нүүлгэж, газар чөлөөлөхийг Ж********** сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

52. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно”. гэж заажээ.

 

53. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзвэл, аливаа захиргааны байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан тохиолдолд түүнийг эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээр байна.

 

54. Энэ хэргийн тухайд нэхэмжлэгч нарын зүгээс өөрсдийн эзэмшлийн өвөлжөөний газарт түр буусан гуравдагч этгээд Х.Б, Хын Р гэх айлуудыг нүүлгэж, газар чөлөөлөх талаар сумын Засаг даргатай уулзан хандаж байсан боловч эл асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан гэж тайлбарлан маргадаг.

 

55. Хариуцагч Архангай аймгийн Ж********** сумын Засаг дарга ч дээрх нөхцөл байдлыг мэдэж байсан бөгөөд нэхэмжлэгч нараас эл асуудлаар хандаж, уулзаж байсан үйл баримтыг үгүйсгэдэггүй. Тухайлбал, шүүхэд гаргасан тайлбартаа: “...иргэн Ж.Б нарт хандаж тайлбарласан, ба хуулиар хүлээсэн үүргийн дагуу 2 удаа уулзалт хийсэн болохыг энд дурдах нь зүйтэй.” гэх, (1 дүгээр хавтаст хэргийн 55 дахь тал)

 

56. Мөн хариуцагч Архангай аймгийн Ж********** сумын Засаг дарга шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “... Бтэй 2-3 удаа уулзаж байсан. ... Х.Б хашаа, хороо барьсан асуудлаар уулзсан. Яагаад уулзсан гэхээр сум өөрөө энэ төрлийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж бэлчээрийг хариуцлагажуулах журмыг баримтжуулж, түүний дараа хууль зүйн яам хянуулж албан ёсоор бүртгүүлж акт болсон. Энэ дагуу шийдвэрлэх боломжтой байгаа юм. Тэгсэн маргалдаж буй талууд санал хураалт авах боломжийг олгоогүй гэх мэдүүлдэг. (2 дугаар хавтаст хэргийн 109 дэх тал “шүүх хуралдаан тэмдэглэл 19 дэх нүүр, 8-13 дахь догол мөр)

 

57. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2. дахь хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад  газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 20.2.1.-т “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, ... хэрэгжилтийг зохион байгуулж хангах”, 20.2.2.-т “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах”, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10.-т “бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга  шийдвэрлэнэ”, 57 дугаар зүйлийн 57.1. дэх хэсэгт “Газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд Засгийн газар, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавина”., 57 дугаар зүйлийн 57.3. дахь хэсэгт “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57 дугаар зүйлийн 57.4. дэх хэсэгт “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” 59 дүгээр зүйлийн 59.1.1.-т “...эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн, ашигласан бол албадан нүүлгэх тухай Засаг даргын шийдвэрийн биелэлтийг хангах” гэж тус тус зааснаас үзэхэд,  сумын Засаг дарга нь хуульд заасан дээрх нөхцөл байдлууд тогтоогдсон тохиолдолд албадан нүүлгэх шийдвэр гаргах үүрэгтэй.

 

58. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1. дэх хэсэгт “Сумын Засаг дарга  харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 59.1.1.-т “хууль тогтоомж, ... хэрэгжүүлэх”, 59.1.13.-т “нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, бэлчээр, газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний хөтөлбөрийг боловсруулж Хуралд өргөн мэдүүлэх, батлагдсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, 59.1.15.-т “сумын Засаг даргын олгосон газар эзэмших, ашиглах эрхийн талаарх иргэд, аж ахуйн нэгж, байгууллага хооронд үүссэн маргааныг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх” гэж тус тус заажээ.

 

59. Дээр дурдсан хуулийн хэм хэмжээнүүдийн урьдчилсан нөхцөлийг авч үзвэл  зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгөх үүрэгтэй, мөн хугацаатай мэдэгдэл өгөөд байхад газрыг чөлөөлөөгүй бол холбогдох Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авах эрхтэй байхаар хуульчилсан байна.

 

60. Хариуцагч Архангай аймгийн Ж********** сумын Засаг даргын хувьд дээрх маргаан бүхий нөхцөл байдлыг мэдэж байсан боловч дээр дурдсан хуулийн хэм хэмжээний дагуу, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж эл маргаан бүхий асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээр байна.

 

61. Архангай аймгийн Ж********** сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 8 дугаар тогтоолоор “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах” журмыг баталсан. Улмаар тус журмыг Захиргааны ерөнхий хуулийн 59-67 дахь зохицуулалтын дагуу хүчин төгөлдөр болох нөхцөл, журмыг хангаж хүчин төгөлдөр болсон байна. 

 

62. Маргаан бүхий энэ хэргийн тухайд тус захиргааны хэм хэмжээний актын дагуу гуравдагч этгээд Х.Бын бусдын өвөлжөөний газарт зөвшөөрөлгүйгээр малын хашаа барьсан асуудлаар Архангай аймгийн Ж********** сумын Асайт багийн иргэдийн нийтийн хурал 2022 оны 11 дүгээр сарын 17, 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрүүдэд тус тус болж эл асуудлыг хэлэлцсэн боловч эцэслэн тохиролцоонд хүрч чадаагүй шийдвэрлэгдээгүй болох нь хэрэгт авагдсан Ж********** сумын Асайт багийн иргэдийн нийтийн хуралдааны тэмдэглэл, хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. (1 дүгээр хавтаст хэргийн  175-184 /182/ дэх тал, 2 дугаар хавтаст хэргийн 69-77 /75/ дахь)

 

63. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10. дахь хэсэгт “бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга  шийдвэрлэнэ.” гэж заасан.

 

64. Энэ маргаан бүхий хэргийн тухайд бусдын эзэмшлийн өвөлжөөний газарт давхцуулан хашаа барьж, бэлчээр ашиглалтын маргаан үүсгэсэн эл асуудлыг Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10. дахь хэсэгт заасны дагуу багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэж чадаагүй, тохиролцоонд хүрээгүй тохиолдолд  сумын Засаг дарга шийдвэрлэх үүрэг хүлээхээр хуульчлан зохицуулсан байна.

 

65. Нэхэмжлэгч Ж.Тийн 6520001360 нэгж талбарын дугаартай 700м.кв өвөлжөөний зориулалтайгаар эзэмшүүлсэн газарт давхцуулан гуравдагч этгээд Х.Б нь малын хашааг 2019 оны өвлөөс хойш барьж малаа адгуулан зохих зөвшөөрөлгүйгээр, дур мэдэн газар эзэмших болсноор нэхэмжлэгч Ж.Тийн газар эзэмших эрхийг хөндөх болсон байна.

 

66. Харин бусад нэхэмжлэгч болох Ж.Б, Ж.Б, Ж.Ч нарын өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмших эрхтэй газартай гуравдагч этгээд Х.Бын барьсан малын хашаа давхцалгүй буюу эдгээр газар эзэмшигч иргэдийн газар эзэмшихтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, субьектив эрхийг шууд зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.

 

67. Үүнтэй холбоотойгоор хариуцагч Архангай аймгийн Ж********** сумын Засаг даргын хувьд Газрын тухай хуулийн дээрх хэм хэмжээ, хуулиар хүүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй газар эзэмшлийн асуудлаар гарсан маргаан бүхий эл асуудлыг өөрт хуулиар хуулиар олгосон бүрэн эрх, үүргийн хүрээнд шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй гаргасан учир  нэхэмжлэгч Ж.Тийн эзэмшил газарт барьсан Х.Бын барьсан малын хашааг албадан нүүлгэж, газар чөлөөлөх шийдвэр гаргахыг Архангай аймгийн Ж********** сумын Засаг даргад даалгаж бусад нэхэмжлэгч нарт хамаарах нэхэмжлэлийн эл шаардлагын үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3., 23.3.3., Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн энэ шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Ж.Б, Ж.Б, Ж.Ч, Ж.Т нарын Газрын тухай хуульд заасны дагуу хүсэлтээ гаргаж, эзэмших эрхтэй болсон газрын цахим мэдээллийн сан дахь мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгаж, зөвтгөхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, зөрчлийг арилгахыг Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын албанд даалгасугай.

 

2. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7., 52 дугаар зүйлийн  52.10., 57 дугаар зүйлийн 57.3., 57 дугаар зүйлийн 57.4., Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.15., Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “нэхэмжлэгч Ж.Б, Ж.Б, Ж.Ч, Ж.Т нарын эзэмшил газар дээр Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших зөвшөөрөлгүй Хын Бын барьсан малын хашааг албадан нүүлгэж, газар чөлөөлөхийг Ж********** сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Ж.Тийн нэхэмжлэлийг шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Ж.Тийн эзэмшил газарт барьсан Х.Бын барьсан малын хашааг албадан нүүлгэж, газар чөлөөлөх шийдвэр гаргахыг Архангай аймгийн Ж********** сумын Засаг даргад даалгаж, бусад нэхэмжлэгч нарт хамаарах нэхэмжлэлийн эл шаардлагын үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Ж********** сумын Засаг даргаас 35100 төгрөгийг, хариуцагч Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын албанаас 35100 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2., 114 дүгээр зүйлийн 114.1. дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.ТҮВШИНТУЛГА