Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 132/ШШ2024/00007

 

 

 

 

 

 

 

 

2023оны 12 сар 28

132/ШШ2024/00007

Булган аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 31,350,000 /гучин нэгэн сая гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай 183/2023/00420/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагвацэрэн /цахимаар/,

Хариуцагчийн өмгөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

 

Хариуцагчийн төлөөлөгч *******эд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Нэхэмжлэгч тал болон хариуцагчийн өмгөөлөгч түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 31,350,000 /гучин нэгэн сая гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

*******-ийн захирал ******* нь 2016 оны 5 сарын 11-ний өдөр *******-аас 20,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоногт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохирч зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийг зээлж аваад уг мөнгөө одоо болтол төлөөгүй, манай компанийг хохироож байна.

Энэ гэрээний үүргийг хангуулахаар манай компани анх 2018 онд *******ээс шаардаж нэхэмжпэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/02563 дугаартай шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталж шийдвэрлэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байхад хариуцагч ******* нь захирамжийг хүчингүй болгуулах хүсэлт гаргасны дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 20-ны өдрийн 183/Ш32021/16267 дугаартай шүүгчийн захирамжаар хүчингүй болгож, хэрэг дахин хянан хэлэлцэгдээд, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2022/01934 дугаартай шийдвэрээр ******* нь гүйцэтгэх захирлын хувьд *******-ийг төлөөлж зээлж авсан, зээлийг *******-ийн санхүүд хүлээлгэн өгч зарцуулсан байх тул ******* хариуцах үндэслэлгүй гэж дүгнэн *******-ийн захирал *******эд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Уг шийдвэр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхээр хянагдан *******эд холбогдох заалт хэвээр батлагдан *******ийн авсан зээлийг ******* хариуцах үндэслэл тогтоогдож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон юм.

Иймд *******-аас 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр *******-ийн барьцаалан зээлдүүлэх газраас зээлж авсан үндсэн зээл 20,000,000 төгрөгийг гэрээний хугацааны хүү 900,000 төгрөг, гэрээний 4 зүйл, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу алданги 10,450,000 төгрөг нийт 31,350,000 төгрөгийг гаргуулж *******-д олгож, зээлийн гэрээний ,үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* нь *******-ийг хариуцагчаар татан тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1.*******-ийн захирал ******* нь 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр *******-аас 20,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоногт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохирч зээлийн гэрээ байгуулсан гэжээ. Энэхүү зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр мөн эсэхэд эргэлзэж байна. Учир нь ******* нь зээлийн үйл ажиллагаа байнга эрхэлдэг бөгөөд ямар нэгэн зөвшөөрөл байхгүй байсныг сүүлд мэдсэн. Өөрөөр хэлбэл тухайн үед ямарч зөвшөөрөл авахгүйгээр барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлж байсан гэдэг нь тодорхой болсон. Тиймээс зээлийн үйл ажиллагаа буюу барьцаалан зээлдэх үйлчилгээг байнга эрхэлж, зээл олгож байгаа нь хууль бус юм. 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан энэхүү зээлийн гэрээг нэг талаас *******-ийн барьцаалан зээлдүүлэх газрын нэрийн өмнөөс байгуулсан байдаг. Тиймээс барьцаалан зээлдэх журмаар зээл олгохдоо ямар нэгэн зөвшөөрөлтэй байх ёстой. Тухайн ******* нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан учраас энэхүү зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

2.Хэрвээ тухайн үед ******* нь барьцаалан зээлдэх журмаар зээл олгох зөвшөөрөлтэй байсан бол *******-д зээл олгохдоо зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчийн хөдлөх эд хөрөнгийг барьцаалах ёстой байсан. Гэтэл манай компанийн газрыг барьцаалсан байдаг. Хамгийн гол нь ******* нь барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйлчилгээг байнга эрхэлж байгаа тул энэ асуудлыг иргэн хоорондын зээл мэтээр хандаж шийдвэрлэж болохгүй билээ.

3.Тус зээлийн гэрээнд барьцаалан зээлдүүлэх газар нэрээр гэрээ байгуулсан нь маш тодорхой байна. Хэрэв тус компани барьцаалан зээлдэх журмаар зээл олгох зөвшөөрөлтэй, эрхтэй байсан бол зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгодог. Энэ хугацаа нь 10 хоног байдаг. Өөрөөр хэлбэл 10 хоногийн алданги тооцох ёстой юм. Нэхэмжлэгч ******* нь хөдлөх хөрөнгө бус үл хөдлөх эд хөрөнгө барьцаалснаараа барьцаа хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргыг хэрэглэх боломжгүй болж, хугацаа сунжирсан нь өөрийнх нь үйлдлээс шалтгаалсан. Тиймээс нэхэмжлэлд дурдсан алданги шаардах боломжгүй юм.

4.******* нь газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг тариан талбайд мал орж талхлах болон байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас 2 жил дарааллан ургац алдан санхүүгийн хувьд хүндрэлтэй байдалд байсан. Энэ талаар сумын ургацын комиссийн дүгнэлт бичиг бий.

Дээрх зүйлүүдийн улмаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3.Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

-Нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 4-р хуудас/,

-Нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэл /хэргийн 5-р хуудас/,

-2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээ /хэргийн 6-р хуудас/

-Хариуцагчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 7-р хуудас/

-Кассын зарлагын ордер /хэргийн 8-р хуудас/,

-Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/02563 дугаартай шийдвэр /хэргийн 9-р хуудас/,

-Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШЗ2021/16267 дугаартай захирамж /хэргийн 10-12-р хуудас/,

-Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2022/01934 дугаартай шийдвэр /хэргийн 13-18-р хуудас/,

-Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2022/01706 дугаартай магадлал /хэргийн 19-21-р хуудас/,

-Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 001/ШХТ2022/01271 дугаартай тогтоол /хэргийн 22-р хуудас/,

-Нэхэмжлэгчийн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний батламж /хэргийн 75, 109-р хуудас/,

-Монголын татварын албаны *******-ийн Аж ахуй нэгж, байгууллагын тодорхойлолт, тайлан /хэргийн 76-77-р хуудас/,

-Нэгж талбарын , , ,, , , ,, , , , дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /хэргийн 102-107-р хуудас/

 

4.Хариуцагч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хэргийн 44-р хуудас/,

-Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 45-р хуудас/

 

5.Хариуцагчийн хүсэлтээр шүүх нэхэмжлэгч талаас ******* нь 2016 онд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй байсан эсэх талаарх холбогдох баримт, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар болон тус дүүргийн Худалдаа үйлчилгээний зөвлөлөөс *******-ийн 2016-2017 онуудад барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл /батламж/ байсан эсэх талаарх баримтыг гаргуулахаар шийдвэрлэж холбогдох баримтуудыг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. *******-аас 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр *******-ийн барьцаалан зээлдүүлэх газраас зээлж авсан үндсэн зээл 20,000,000 төгрөгийг гэрээний хүү 900,000 төгрөг, гэрээний 4 зүйл, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу алданги 10,450,000 төгрөг нийт 31,350,000 төгрөгийг гаргуулж *******-д олгож өгнө үү гэв.

3.Хариуцагч нь ******* нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан учраас энэхүү зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус, нэхэмжлэлд дурдсан алданги шаардах боломжгүй, *******-ийн тариан талбайд мал орж талхлах болон байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас 2 жил дарааллан ургац алдан санхүүгийн хувьд хүндрэлтэй байдалд байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

4.Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Нэхэмжлэгч *******, хариуцагч *******-ийн хооронд 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулагдсан байна.

4.2.Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ зохигчийн хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан барьцаалан зээлдүүлэх гэрээ байгуулагдсан тул нэхэмжлэгч 10 хоногийн алданги нэхэмжлэх эрхтэй боловч нэхэмжлэгч барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй байсан тул зохигчийн хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус гэж,

4.3.Шүүх хуралдааны шатанд хариуцагчийн өмгөөлөгч *******-аас ******* нь 20,000,000 төгрөг авсан бөгөөд 20,000,000 төгрөг, сарын хүү болох 900,000 төгрөг нийт 20,900,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрдөг, алданги 10,450,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргадаг.

4.4.Харин нэхэмжлэгч тал зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан тул хариуцагчаас 20,000,000 төгрөг, гэрээгээр тохирсон хүү 900,000 төгрөг, алданги 10,450,000 төгрөг нийт 31,350,000 төгрөгийг гаргуулна гэв.

4.5.Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй. 286 дугаар зүйлийн 286.2 дахь хэсэгт Барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцон тогтооно. 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг ...худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно.

Мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээг зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэжээ.

4.6.Шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн.

Учир нь: Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нь 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр ******* нь *******-д 20,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ /хх-ийн 6-р хуудас/, кассын орлогын ордер /хх-ийн 8-р хуудас/-оор нотлогдож байна.

Мөн хариуцагчийн төлөөлөгч 20,000,000 төгрөгийг хүлээн аваагүй талаар маргадаггүй, хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас 20,000,000 төгрөг түүний хүү 900,000 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрнө гэх тайлбарыг гаргасан.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэсэн байх тул *******-аас *******-д 20,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн бөгөөд хариуцагч тал хүлээн авснаа зөвшөөрч байгаа нь зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдож байна.

Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгч хүү нэхэмжлэх эрхтэй байна.

5.Нэхэмжлэгч *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тусгасан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд үндэслэн барьцаалан зээлдүүлэхээс бусад зээлийн гэрээ байгуулах эрхийг хязгаарлахгүй.

Талуудын хооронд байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн гэрээний үндэслэл болгосон хууль нь Иргэний хуулийн 281-285 дугаар зүйл гэсэн байгаа зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч нь хариуцагчид Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан зээлийг олгоогүй болохыг илэрхийлж байна.

6.Талуудын хооронд байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаанд Булганы Орхон сумд 424,83 мкв газрыг барьцаанд тавьж байна гэж тохиролцсон гэрээний хэсэг нь газрыг бус газар эзэмших эрхийг барьцаалах хүсэл зоригийн хэлбэр юм.

Газар эзэмших эрхийг барьцаалсан нөхцөлд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. Гэвч хэрэгт газар эзэмших эрх барьцаалсантай холбоотой нотлох баримт авагдаагүй бөгөөд газрын эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгээгүй байдал нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт заасан гэрээ хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч нь барьцааны гэрээний үүрэг шаардаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

7.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, 232.4 дэх хэсэгт ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж хуульчилсан байна.

Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний 4-т гэрээнд засан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алданги зээлдэгчид төлнө гэж тохирсон учраас зээлдүүлэгч болох нэхэмжлэгч ******* нь алданги шаардах эрхтэй.

Зээлийн гэрээний үүрэг 20,900,000 төгрөгийн 50 хувиар тооцож, алданги 10,450,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасанд нийцэж байна.

8.Дээр дурдсан үндэслэл тогтоогдож байх тул хариуцагч *******-аас үндсэн зээл 20,000,000 төгрөг, хүү 900,000 төгрөг, алданги 10,450,000 төгрөг нийт 31,350,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314,700 /гурван зуун арван дөрвөн мянга долоон зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 314,700 /гурван зуун арван дөрвөн мянга долоон зуу/ төгрөг, Төрийн сангаас улсын тэмдэгтийн хураамжинд илүү төлсөн 1,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-аас 31,350,000 /гучин нэгэн сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314,700 /гурван зуун арван дөрвөн мянга долоон зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 314,700 /гурван зуун арван дөрвөн мянга долоон зуу/ төгрөг, Төрийн сангаас 1,200 /нэг мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ХИШИГДЭЛГЭР