Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 214/МА2024/00003

 

 

Ж******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 132/ШШ2024/00007 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ж******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* ******* ХХК-д холбогдох

31,350,000 /гучин нэгэн сая гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгч О.З*******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Л******* /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч О.З*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Б******* ******* ХХК-ийн захирал Д.О******* нь 2016 оны 5 сарын 11-ний өдөр Ж******* ХХК-аас 20,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоногт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохирч зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийг зээлж аваад уг мөнгөө одоо болтол төлөөгүй, манай компанийг хохироож байна.

Энэ гэрээний үүргийг хангуулахаар манай компани анх 2018 онд Д.О*******ээс шаардаж нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/02563 дугаартай шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталж шийдвэрлэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байхад хариуцагч Д.О******* нь захирамжийг хүчингүй болгуулах хүсэлт гаргасны дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 20-ны өдрийн 183/Ш32021/16267 дугаартай шүүгчийн захирамжаар хүчингүй болгож, хэрэг дахин хянан хэлэлцэгдээд, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2022/01934 дугаартай шийдвэрээр Д.О******* нь гүйцэтгэх захирлын хувьд Б******* ******* ХХК-ийг төлөөлж зээлж авсан, зээлийг Б******* ******* ХХК-ийн санхүүд хүлээлгэн өгч зарцуулсан байх тул Д.О******* хариуцах үндэслэлгүй гэж дүгнэн Б******* ******* ХХК-ийн захирал Д.О*******эд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Уг шийдвэр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхээр хянагдан Д.О*******эд холбогдох заалт хэвээр батлагдан Д.О*******ийн авсан зээлийг Б******* ******* ХХК хариуцах үндэслэл тогтоогдож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон юм.

Иймд Б******* ******* ХХК-аас 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Ж******* ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газраас зээлж авсан үндсэн зээл 20,000,000 төгрөгийг гэрээний хугацааны хүү 900,000 төгрөг, гэрээний 4 зүйл, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу алданги 10,450,000 төгрөг нийт 31,350,000 төгрөгийг гаргуулж Ж******* ХХК-д олгож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б******* ******* ХХК шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч Д.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б******* ******* ХХК-ийн захирал Д.О******* нь 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Ж******* ХХК-аас 20,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоногт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохирч зээлийн гэрээ байгуулсан гэжээ. Энэхүү зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр мөн эсэхэд эргэлзэж байна. Учир нь Ж******* ХХК нь зээлийн үйл ажиллагаа байнга эрхэлдэг бөгөөд ямар нэгэн зөвшөөрөл байхгүй байсныг сүүлд мэдсэн. Өөрөөр хэлбэл тухайн үед ямар ч зөвшөөрөл авахгүйгээр барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлж байсан гэдэг нь тодорхой болсон. Тиймээс зээлийн үйл ажиллагаа буюу барьцаалан зээлдэх үйлчилгээг байнга эрхэлж, зээл олгож байгаа нь хууль бус юм. 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан энэхүү зээлийн гэрээг нэг талаас Ж******* ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газрын нэрийн өмнөөс байгуулсан байдаг. Тиймээс барьцаалан зээлдэх журмаар зээл олгохдоо ямар нэгэн зөвшөөрөлтэй байх ёстой. Тухайн Ж******* ХХК нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан учраас энэхүү зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

Хэрвээ тухайн үед Ж******* ХХК нь барьцаалан зээлдэх журмаар зээл олгох зөвшөөрөлтэй байсан бол Б******* ******* ХХК-д зээл олгохдоо зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчийн хөдлөх эд хөрөнгийг барьцаалах ёстой байсан. Гэтэл манай компанийн газрыг барьцаалсан байдаг. Хамгийн гол нь Ж******* ХХК нь барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйлчилгээг байнга эрхэлж байгаа тул энэ асуудлыг иргэн хоорондын зээл мэтээр хандаж шийдвэрлэж болохгүй билээ.

Тус зээлийн гэрээнд барьцаалан зээлдүүлэх газар нэрээр гэрээ байгуулсан нь маш тодорхой байна. Хэрэв тус компани барьцаалан зээлдэх журмаар зээл олгох зөвшөөрөлтэй, эрхтэй байсан бол зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгодог. Энэ хугацаа нь 10 хоног байдаг. Өөрөөр хэлбэл 10 хоногийн алданги тооцох ёстой юм. Нэхэмжлэгч Ж******* ХХК нь хөдлөх хөрөнгө бус үл хөдлөх эд хөрөнгө барьцаалснаараа барьцаа хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргыг хэрэглэх боломжгүй болж, хугацаа сунжирсан нь өөрийнх нь үйлдлээс шалтгаалсан. Тиймээс нэхэмжлэлд дурдсан алданги шаардах боломжгүй юм.

Б******* ******* ХХК нь газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг тариан талбайд мал орж талхлах болон байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас 2 жил дараалан ургац алдан санхүүгийн хувьд хүндрэлтэй байдалд байсан. Энэ талаар сумын ургацын комиссын дүгнэлт бичиг бий. Дээрх зүйлүүдийн улмаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б******* ******* ХХК-аас 31,350,000 /гучин нэгэн сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж******* ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314,700 /гурван зуун арван дөрвөн мянга долоон зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 314,700 /гурван зуун арван дөрвөн мянга долоон зуу/ төгрөг, Төрийн сангаас 1,200 /нэг мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн өмгөөлөгч О.З******* давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Нэг. 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Ж******* ХХК болон Б******* ******* ХХК-ийн хооронд гэрээ байгуулагдсан. Гэвч анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж чадаагүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, нэхэмжлэлийн шаардлага бүрийн талаар хуулийн үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй, хэрэглэх ёстой хуулийг үндэслэл бүхий хэрэглэж чадаагүйгээс талуудын хооронд байгуулсан гэрээг зээлийн гэрээ гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсгийг зөрчсөн.

Б******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 132/ШШ2024/00007 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт Шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн. Учир нь ... Нэхэмжлэгч "Ж*******" ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тусгасан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд үндэслэн барьцаалан зээлдүүлэхээс бусад зээлийн гэрээ байгуулах эрхийг хязгаарлахгүй. Талуудын хооронд байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн гэрээний үндэслэл болгосон хууль нь Иргэний хуулийн 281-285 дугаар зүйл гэсэн байгаа зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч нь хариуцагчид Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан зээлийг олгоогүй болохыг илэрхийлж байна гэжээ.

Хэрэгт авагдсан Ж******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шийдвэрлэж, 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэлд бүртгэжээ. Түүнээс хойш тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд ямар нэгэн өөрчлөлт тусгагдаагүй байна. Өөрөөр хэлбэл үүгээрээ барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ байнга эрхэлж ашиг олдог гэсэн үг юм.

Ж******* ХХК нь 2011 онд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг, зөвшөөрөлтэй байсан гэдгээ өөрсдийн тайлбар болон хэрэгт авагдсан "Ж*******" ХХК-ийн татварын баримтаар тогтоогддог.

Иргэний хуульд зээлдүүлэгч буюу субъектээс хамаарч зээлийн гэрээний төрлийг тодорхойлсон байдаг ба барьцаалан зээлдэх журмаар олгох зээлийн харилцааг Иргэний хуулийн 286 дугаар зүйлд тусгайлан зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл зээлдүүлэгч буюу субъектээс хамаарч гэрээний төрлийг тодорхойлно гэдгийг Иргэний хуулийн 4 дүгээр зүйлд маш тодорхой заасан байдаг. Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т "Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ.", 4.3-т "Тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно." гэж заасан нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан барьцаалан зээлдэх журмаар олгох зээлийн харилцаа гэж тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхад өөр төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэж болохгүй гэсэн үг юм.

1994 оны Иргэний хуульд зөвхөн зээлийн нэг харилцаа, мөн банк ба банк бус санхүүгийн байгууллагаас зээл олгох харилцааг зохицуулсан хэм хэмжээ л байсан. Харин "Барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох" харилцааг тусгайлан зохицуулсан хэм хэмжээг хууль тогтоогч 2002 оны Иргэний хуульд шинээр нэмж оруулсан байдаг. Мөн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн үзэл баримтлалд "Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний эрх зүйн орчны талаар 2013 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Судалгаа, мэдээлэл, лавлагааны албанд гүйцэтгэсэн судалгаанд энэ үйлчилгээ нь зөвхөн нэг талын зээлдүүлэгчийн эрх ашигт нийцсэн үйлчилгээ болж хувирсан бөгөөд энэхүү байдал нь нийгэм, эдийн засгийн олон сөрөг үр дагаврууд бий болгож байгаа талаар дүгнэсэн байдаг. Учир нь ашиг олох зорилгогүй иргэд хоорондын зээлийн гэрээний харилцааг ашиг олох зорилготой, байнга, тасралтгүй зээлийн үйл ажиллагаа явуулдаг этгээдээс ялгаж, тус бүрд үйлчлэх нөхцөлийг тодорхойлж өгснөөр дураараа зээлийн үйл ажиллагаа эрхэлж, мөнгө хүүлдэг явдлаас сэргийлж, иргэд барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгч зээлийн үйл ажиллагааг ашгийн төлөө, байнга эрхлэхээр бол бүртгүүлэх, бүртгүүлээгүй бол хүү авах боломжгүй байх, харин иргэд хоорондын ашиг олох зорилгогүй, нэг удаагийн шинжтэй зээлийн гэрээнд хүү тохиролцож болох зарчмыг ялгавартайгаар Иргэний хуульд тусгах нь гол шийдэл, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн үзэл баримтлал байх болно" гэжээ.

Иргэний хуульд барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох харилцааг тусгайлан зохицуулсан хэм хэмжээ байхад анхан шатны шүүх "... гэрээний чөлөөт байдлын зарчимд үндэслэн барьцаалан зээлдүүлэхээс бусад зээлийн гэрээ байгуулах эрхийг хязгаарлахгүй" гэсэн нь нэг талын эрх ашигт нийцүүлж, ашиг олох зорилготой, байнга, тасралтгүй зээлийн үйл ажиллагаа явуулдаг этгээдийн байгуулсан гэрээг ашиг олох зорилгогүй иргэд хоорондын зээлийн гэрээ мэт дүгнэсэн нь дураараа зээлийн үйл ажиллагаа эрхэлж, мөнгө хүүлж болно гэсэн явдлыг дэмжсэн төдийгүй хууль бус юм.

Хэрэв банк, банк бус, барьцаалан зээлдүүлэх газрын зээл олгосон харилцааг зээлийн үйл ажиллагааг байнга, тасралтгүй, ашиг олох зорилгогүй иргэд хоорондын зээлийн харилцаа мэтээр дүгнэх нь нэг талаас дураараа зээлийн үйл ажиллагаа эрхлэх, мөнгө хүүлэх явдлыг дэмжсэн төдийгүй хууль тогтоогчийн эрхэд халдаж буй явдал юм. Өөрөөр хэлбэл тухайн харилцааг зохицуулсан нарийвчилсан, тусгайлсан зохицуулалт хуульд байх шаардлагагүй юм.

Тиймээс 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Ж******* ХХК болон Б******* *******" ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээг зээлийн гэрээ гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсгийг зөрчсөн бөгөөд энэхүү харилцаа нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасан барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох харилцаа юм. Ж******* ХХК нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлд зааснаар барьцаалан зээлдэх газрын үйл ажиллагааны үндсэн зорилгод нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулах ёстой. Өөрөөр хэлбэл Ж******* ХХК нь хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулах ёстой.

Барьцаалан зээлдүүлэх газрын эрх зүйн байдал болон зээл олгох, буцаан төлүүлэх, үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагааг зохицуулах тусгайлсан хууль байхгүй байсан учир тухайн төрлийн зээлийн харилцааг зохицуулах хэм хэмжээ нь Иргэний хуулийн 286 дугаар зүйл байна.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлд зааснаар зээл олгохдоо зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчийн хөдлөх эд хөрөнгийг барьцаалах, зээлдэгч нь зээлсэн мөнгө, түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулдаг онцлогтой. Гэтэл Ж******* ХХК нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.3-т заасныг тус тус зөрчиж үл хөдлөх хөрөнгө барьцаанд бариулан зээл олгосон.

Өөрөөр хэлбэл Ж******* ХХК нь барьцаалан зээлдэх газрын үйл ажиллагааны үндсэн зорилгод нийцээгүй, үндсэн зорилгыг зөрчиж хэлцэл хийсэн тул талуудын хооронд 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр Ж******* ХХК болон Б******* ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус байна.

Хоёр.Барьцаалан зээлдүүлэх газрын эрх зүйн байдал болон зээл олгох, буцаан төлүүлэх, үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагааг зохицуулах тусгайлсан хууль байхгүй. Харин энэ төрлийн зээлийн харилцааг Иргэний хуулиар зохицуулж байсан.

Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 286 дугаар зүйлд зааснаар тус газар нь зээл олгохдоо зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчийн хөдлөх эд хөрөнгийг барьцаалах, зээлдэгч нь зээлсэн мөнгө, түүний хүүг хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулдаг зээлийн гэрээний онцлог төрөл юм.

Барьцаалан зээлдүүлэх газар нь бусад зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс /банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос / олгох зээлээс ялгаатай зөвхөн хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ.

Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно. гэж барьцааны зүйлээр зээлийн төлбөрийг хангуулахдаа хялбар нөхцөл, худалдааны аргыг сонгохыг тодорхойлсон байна.

Гэтэл Ж******* ХХК нь хөдлөх эд хөрөнгө бус үл хөдлөх эд хөрөнгө буюу газар барьцаалж барьцааны гэрээ байгуулсан нь Ж******* ХХК-ийн үйл ажиллагааны чиглэлд нийцэхгүй, тиймээс барьцааны гэрээнүүд нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байна. Тиймээс барьцааг чөлөөлөх ёстой. Өөрөөр хэлбэл хууль бусаар барьцаанд авсан газрын бичиг баримтуудыг хариуцагчид буцаан олгох ёстой.

Гурав. Анхан шатны шүүх Ж******* ХХК барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг байнга ашиг олдог этгээд болохыг зөв тодорхойлсон мөртлөө "Ж*******" ХХК болон Б******* ******* ХХК-ийн хоорондын харилцааг зөв тодорхойлж чадаагүйгээс алданги тооцохдоо 50 хувиар тооцсон нь үндэслэлгүй байна.

Хариуцагч барьцааны гэрээнд заагдсан үл хөдлөх хөрөнгийн бүх холбогдох бичиг баримтыг өгсөн, тэд хурааж авсан, дээр нь олон зүйл хурааж авсан гэдгийг нэг бүрчлэн хэлсэн. Энэ талаар маргаагүй гэдэг нь худал юм. Мөн барьцаанд бариулсан үл хөдлөх хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлээгүй нь хариуцагчийн буруу биш юм.

Мөн барьцаалан зээлдүүлэх газрын зээл олгох, буцаан төлүүлэх үйл ажиллагааны онцлогийг анхаарч дүгнэлт хийгээгүйгээс алданги гаргуулах шаардлагын талаар анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан дүгнэлт нь хуулийн агуулгад нийцээгүй байна. Иргэний хуулийн 286 дугаар зүйлд зааснаар барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгохдоо зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчийн хөдлөх эд хөрөнгийг барьцаалах, зээлдэгч нь зээлсэн мөнгө, түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулдаг зээлийн гэрээний онцлог төрөл юм.

Гэтэл нэхэмжлэгч Ж******* ХХК нь хөдлөх эд хөрөнгө бус үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж гэрээ байгуулсан нь тус газрын үйл ажиллагааны чиглэлд нийцэхгүй бөгөөд барьцааны гэрээ нь анхнаасаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар хүчин төгөлдөр бус байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар "хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон мөнгөн төлбөрийг алданги" гэж тодорхойлжээ. Энэ дагуу зээлийн гэрээний 4-т Гэрээнд заасан хугацаанд зээлийг, хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар бодож алданги зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй. гэж тохиролцож гэрээнд тусгасан хэдий ч анз авах эрхээ алдах үндэслэлийг тооцон анхан шатны шүүх дүгнэлт хийх ёстой.

Алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга мөн хэдий ч Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үздэг. Мөн Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар анз авах эрхээ алддаг.

Нэхэмжлэгч Ж******* ХХК нь хөдлөх хөрөнгө бус үл хөдлөх эд хөрөнгө барьцаалснаараа барьцаа хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргыг хэрэглэх боломжгүй болж, хугацаа сунжирсан нь өөрийнх нь үйлдлээс шалтгаалсан гэж үзэх үндэслэлтэй юм.

Ж******* ХХК нь Иргэний хуулийн 286.3-т заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргыг хэрэглээгүй, хугацаа сунжирсанд хариуцагчийн буруутай болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй юм. Харин хөдлөх хөрөнгө барьцаалсан бол тухайн зүйлийг худалдан борлуулах эрх үүсэх хүртэл хугацаа буюу 10 хоногоор алдангийг тооцох ёстой.

Тиймээс Б******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 132/ШШ2024/00007 дугаар шийдвэрийн алдангийг 50 хувиар тооцон шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасны дагуу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага-ыг хангаагүй байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримт болон хариуцагчийн шүүхэд бичгээр болон амаар гаргасан тайлбаруудыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, бүхий л талаас нь дүгнээгүй байна.

Дөрөв.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн гаргасан тайлбаруудыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, бүхий л талаас нь дүгнээгүй шалтгаан нь "Ж*******" ХХК нь 2016 онд барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох үйл ажиллагаа явуулж байсан эсэхийг тогтоосон нотлох баримтыг бүрдүүлээгүй явдал юм.

"Ж*******" ХХК болон "Б******* *******" ХХК-ийн хооронд ямар харилцаа үүссэн бэ , ямар төрлийн гэрээ байгуулсан бэ тогтоох зорилгоор хариуцагчийн зүгээс "Ж*******" ХХК-ийг 2016 онд барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох үйл ажиллагаа явуулж байсан эсэх нотлох баримтыг гаргуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүх холбогдох төрийн байгууллагаас гаргуулахаар хүсэлтийг ханган шийдвэрлэсэн байдаг. Гэтэл шүүхийн тус захирамжид дурдсан холбогдох төрийн байгууллага нь биш байсан гэдгийг шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас тодруулсан тайлбарласан юм. Энэ талаар яагаад шүүх хуралдаанаас өмнө яагаад мэдэгдээгүй нууцалж байсан гэдгийг шүүх тодруулаагүй. "Ж*******" ХХК-ийн байрлаж байгаа хаяг нь 2016 онд Хан-Уул дүүрэгт харьяалагдаж байсан бөгөөд сүүлд Баянгол дүүрэгт харьяалагдах болсон байна. Хэрвээ нэхэмжлэгч анхнаасаа Хан-Уул дүүрэгт харьяалагдаж байсан гэдгээ хэлсэн бол тус хэргийг хянан шийдвэрлэхэд маш чухал ач холбогдол бүхий нотлох баримтыг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас гаргуулж болох байлаа. Гэвч нэхэмжлэгч үнэн зөв тайлбар гаргах үүргээ зөрчин энэ талаар шүүх хуралдааны явцад мэдэгдсэн нь шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдсан нөхцөл байдал үүссэн.

Энэхүү нотлох баримт нь нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд үүссэн харилцааг тодорхойлж, гэрээний төрлийг тогтооход чухал ач холбогдолтой нотлох баримт юм.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах эрхийг шүүх эдэлдэг бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлээгүйгээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй байна.

Тав.Мөн хариуцагч нь хүнд өвчин тусан хуралд оролцож чадахгүй гэдгээ шүүхэд утсаар мэдэгдсэн бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч болон нэхэмжлэгч тал тусгайлсан саналгүй гэснийг "нэхэмжлэгч тал болон хариуцагчийн өмгөөлөгч түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэсэн" гэж дүгнэн нэхэмжлэгч талаас ямар нэгэн хүсэлт өгөөгүй байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна гэж үзэж байна.

Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлд заасны дагуу Б******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 132/ШШ2024/00007 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Л******* тайлбартаа: ...Ж******* ХХК, Б******* ******* ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 181 дүгээр зүйлд заасны дагуу ердийн зээлийн гэрээ байгуулагдсан. Анхан шатны шүүхийн шийдвэр бусад төрийн зээлийн гэрээ байгуулахыг хязгаарлаагүй гэдгийг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг үндэслэл болгосон нь үндэслэлтэй гэж үзэж байна. 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан гэрээндээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйл болон 208 дугаар зүйлд заасан үндэслэлээр тодорхойлж байгуулсан. Тус гэрээг Иргэний хуулийн 286 дугаар зүйлд зааснаар өөрчилсөн зүйл байхгүй. Талуудын хооронд байгуулсан Иргэний хуулийн 281 дүгээр зүйл болон 208 дугаар зүйлд заасан ердийн зээлийн гэрээ байгуулсан байгаа нь нотлогдож, тогтоогдож байна... Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд барьцаалан зээлдүүлэх ажиллагаанаас ашиг олж, нотлох баримтаар баталгаажуулсан гэх зүйл ярьж байна. Хавтас хэрэгт авагдсан Ж******* ХХК-ийн гэрчилгээний үйл ажиллагааны чиглэлд барьцаалдан зээлдүүлэх үйл ажиллагаа, аялал жуулчлал, гадаад худалдаа эрхэлсэн бусад төрлийн үйл ажиллагаануудыг заасан байдаг. Татварын албанаас гаргасан тодорхойлолт бүх үйл ажиллагаанаас олсон ашгийг тодорхойлон, зөвхөн зээлийн үйл ажиллагаанаас ашиг олдоггүй гэдгийг нотолсон. Тус байгууллага автомашин гадаадаас оруулж худалдаж, худалдан авж, аялал жуучлалын үйл ажиллагаа явуулдаг. Тухайн байгууллага 2011 онд гэрчилгээ авахдаа Хан-Уул дүүрэг гэх хаягт байдаг гэдгийг хэрэгт авагдсан гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. Энэ талаар хариуцагч тал болон тэдгээрийн өмгөөлөгч хэд хэдэн удаа танилцаж байсан ба манай талаас нуусан зүйл байхгүй... Мөн гомдолд хариуцагч өвчтэй байгаа гэдгээ шүүхэд мэдэгдсэн, Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг оролцуулах эсэх талаар шүүх хуралдаанд оролцогчид тусгайлсан, хариуцагчийн өмгөөлөгч үйлчлүүлэгчээ оролцуулах санал гаргаагүй. Хариуцагч шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлт ирүүлээгүй, зүрхний өвчтэй байгаа гэсэн боловч холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүх өөрийн санаачилгаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой, хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Хариуцагч талаас үл хөдлөх хөрөнгө барьцаалсан гэж байна. Ямар ч үл хөдлөх хөрөнгө барьцаалаагүй байгаа. Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч О.З*******ын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан нь хууль зөрчөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж үзнэ.

 

3. Нэхэмжлэгч Ж******* ХХК нь Б******* ******* ХХК-д холбогдуулан 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр олгосон үндсэн зээл 20,000,000 төгрөг, хүүний төлбөр 900,000 төгрөг, алдангийн төлбөр 10,450,000 төгрөг нийт 31,350,000 төгрөгийг гаргуулна гэж,

 

4. Хариуцагч Б******* ******* ХХК нь Ж******* ХХК нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан учраас энэхүү зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус, нэхэмжлэлд дурдсан алданги шаардах боломжгүй, Б******* ******* ХХК-ийн тариан талбайд мал орж талхлах болон байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас 2 жил дараалан ургац алдан санхүүгийн хувьд хүндрэлтэй байдалд байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж, хариуцагчийн өмгөөлөгч нь талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, нэхэмжлэлийн шаардлага бүрийн талаар хуулийн үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй, хэрэглэх ёстой хуулийг үндэслэл бүхий хэрэглэж чадаагүй, хоорондын харилцааг зөв тодорхойлж чадаагүйгээс алданги тооцохдоо 50 хувиар тооцсон нь үндэслэлгүй, барьцааны гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус, нотлох баримтыг бүрдүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх агуулгаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

 

5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангасан гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгч Ж******* ХХК, хариуцагч Б******* ******* ХХК-ийн хооронд 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл 0,5 хувийн алданги тооцох нөхцөлтэй, Б******* аймгийн Орхон сумд байрлах 424,83 м.кв газрыг барьцаалсан зээлийн гэрээ байгуулагдсан ба мөнгийг тухайн өдрөө шилжүүлж өгсөн болох нь Ж******* ХХК-ийн кассын зарлагын ордероор нотлогддог тул зээлийн гэрээний үүргийг хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.

6а. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байхаас гадна хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчөөгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6б. Нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны чиглэлийг бүртгэсэн байдаг боловч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлын зарчмаар Ж******* ХХК нь барьцаалан зээлдүүлэх зээлээс бусад зээлийн гэрээ байгуулах эрхийг хязгаарлаагүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

6в. Мөн талуудын хооронд байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний барьцаанд Б*******ы Орхон сумд 424,83 мкв газрыг барьцаанд тавьж байна гэж тохиролцсон боловч нэхэмжлэгч барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

6г. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан, зээлийн гэрээний 4-т гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алданги зээлдэгчид төлнө гэж тохирсон учраас зээлдүүлэгч Ж******* ХХК нь алданги шаардах эрхтэй.

 

7. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн гаргасан тайлбаруудыг ач холбогдолтой, үнэн зөв бүхий л талаас нь дүгнээгүй шалтгаан нь Ж******* ХХК нь 2016 онд барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох үйл ажиллагааг явуулж байсан эсэхийг тогтоосон нотлох баримтыг бүрдүүлээгүй гэсэн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй. Учир нь Ж******* ХХК-нд 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон байх ба уг гэрчилгээнд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг талаар үйл ажиллагааны чиглэлд тусгасан байна. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгөх нотлох баримт, санал хүсэлт бий эсэхийг даргалагчийн зүгээс асуухад байхгүй гэсэн хариуг өгсөн байна.

7а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4.-т Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ. гэж заасан ба хариуцагчийн төлөөлөгч Д.О*******эд шүүх хуралдаан хэзээ болохыг зохих журмын дагуу шүүхээс мэдэгдсэн, ...зүрхний шигдээс өвчний улмаас хол явах боломжгүй, шүүх хуралдаанд оролцохгүй, өмгөөлөгч оролцоно гэж хариуцагч хүсэл зоригоо илэрхийлсэн байдал, хариуцагчийн өмгөөлөгч, нэхэмжлэгч нарын тусгайлсан саналгүй гэсэн тайлбарыг үндэслэн шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 132/ШШ2024/00007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч О.З*******ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч О.З*******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 314,700 /гурван зуун арван дөрвөн мянга долоон зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ

 

Л.АРИУНЦЭЦЭГ