Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинжавын Ганболд |
Хэргийн индекс | 101/2024/00842/И |
Дугаар | 101/ШШ2024/00964 |
Огноо | 2024-02-21 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2024/00964
2024 02 21 | 101/ШШ2024/00964 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,******* тоот хаягт оршин байрлах “*******” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,******* тоотод оршин суух Хотгойд овогт ийн /рд:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 6,534,760 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч А. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр М. нь “*******” ХХК-тай 15020423 дүгээр “Зээлийн гэрээ”, “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ”-г тус тус байгуулж, 8,300,000 /найман сая, гурван зуун мянга/ төгрөгийг сарын 3,0 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.2 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “Тоёота Приус-41” маркийн УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн.
Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийн байдлаар үндсэн зээл 4,235,100 төгрөг, хүү 851,255 төгрөг, алданги 1,448,405 төгрөг, нийт 6.534,760 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Зээлдэгч Б.аас үүрэг гүйцэтгэх хугацааг 201 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Зээлдэгч 10 удаагийн төлөлтийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж, 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл огт зээлийн эргэн төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа 1024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болно.
Талуудын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 3.5-д “Хөрөнгийг гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгэгчийн эзэмшил ашиглалтад байлгах бөгөөд энэ гэрээнд заасан хязгаарлалтын хүрээнд эзэмшиж ашиглана” гэж тохиролцсоны дагуу үүрэг гүйцэтгэгчийн эзэмшилд байх хугацаанд М. зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул манай байгууллагаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй бөгөөд авто машиныг устгаж, одоогоор тус тээврийн хэрэгсэл олдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болж улмаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, хүү, алдангийг нэхэмжлэх болоод байна.
Өөрөөр хэлбэл, фидуцийн зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг энэ гэрээний дагуу хангуулах боломжгүй болсон.
Иймд М.той байгуулсан 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 15020423 дугаартай зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,235,100 төгрөг, хүү 851,255 төгрөг, алданги 1,448,405 төгрөг, нийт 6,534,760 төгрөгийг гаргуулж өгнө үү.
1а. Шинээр гаргах баримтгүй. Хариуцагч ирээгүй тул хуулийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх саналтай.
Хариуцагч нь нэхэмжлэгчтэй зээлийн болон фидуцийн гэрээ байгуулж 8,3 сая төгрөгийг зээлсэн. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Хариуцагч нь хуваарийн дагуу зээлээ төлөөгүй бөгөөд зээл, хүү, алданги нь 6,534,760 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүргийг 201 хоногоор хэтрүүлсэн. Эргэн төлөлтийг 10 удаа төлсөн ба үүнээс хойш зээлээ төлөөгүй юм. Гэрээний хугацаа дуусгавар болсон байгаа юм. Фидуцийн гэрээнд зааснаар автомашин хариуцагчийн эзэмшилд байсан бөгөөд зээлээ төлөхөөр шаардсан боловч төлөөгүй, машин хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болсон. Иймд 6,534,760 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгч нь шүүхэд дараах нотлох баримтыг ирүүлсэн: Зээлийн гэрээний хуулбар /хх5-7/, фидуцийн гэрээний хуулбар /хх8-9/, барьцаат зээлийн тооцооны хуудасны хуулбар /хх10/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 5,086,355 төгрөг гаргуулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,235,100 төгрөг, хүү 851,255 төгрөг, алданги 1,448,405 төгрөг, нийт 6,534,760 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч М. нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй. Улмаар өнөөдрийн шүүх хуралдааны товыг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр буюу 6 хоногийн өмнө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Түүнчлэн хариуцагч нь мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй. Иймд дээрх хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Хэдийгээр дээрх үндэслэлээр хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй боловч шүүх хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.
4. Зохигчид 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 8,300,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулсан. /хх5-7/
Зээлийн гэрээгээр сард 3 хувийн хүү төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 0.2 хувийн алданги төлөхөөр тохиролцож, 18 сарын хугацаатайгаар байгуулсан байна.
Улмаар нэхэмжлэгч нь гэрээний дагуу 8,300,000 төгрөгийг олгосон болох барьцаат зээлийн тооцооны хуудсаар тогтоогдож байна. /хх10/
5. Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийн гэрээний үүргийг удаа дараа зөрчсөн, фидуцийн зүйл хаана байгаа нь мэдэгдэхгүй гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгэж маргаагүй. Иймд нэхэмжлэгчид Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 226 дугаар зүйлийн 226.1.1-д зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрх үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
6. Зээлийн гэрээ байгуулсан өдөр зээлийн мөнгөн хөрөнгө олгогдож, улмаар 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул гэрээ 1 жил, 4 сар, 19 хоног хэрэгжсэн байна. Энэхүү хугацаанд зээлийн гэрээний дагуу үүссэн үүргийн тооцвол 1 сард 249,000 төгрөг, 16 сард 3,984,000 төгрөг, 1 хоногт /249,000*12/365/ 8,186.30 төгрөг, 19 хоногт 155,539.70 төгрөг буюу нийт 4,139,539.70 төгрөгийн хүү тооцогдоно. Иймд хариуцагчид үндсэн зээлийн хамт нийт 12,439,539.70 төгрөг төлөх үүрэг үүсжээ.
7. Нэхэмжлэгч нь зээлийг буцаан төлсөн төлбөрийн талаарх баримт болон зээл, хүүгийн тооцооллыг шүүхэд ирүүлээгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагчийг эргэн төлөх хуваарийн дагуу эхний 10 удаагийн төлөлтийг гүйцэтгэсэн гэж тайлбарласан. Иймд зээлийн эргэн төлөх хуваариас үзэхэд хариуцагч нийт 6,039,590 төгрөг төлсөн байна.
8. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас өмнө цуцалсан тул алданги шаардах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцэхгүй. Иймд алданги шаардах үндэслэлгүй.
9. Дээрх үндэслэлийг нэгтгэн дүгнэвэл хариуцагчид үүссэн 12,439,539.70 төгрөг төлөх үүргээс төлсөн 6,039,590 төгрөгийг хасвал үлдэх төлбөр нь 6,402,949.70 төгрөг болно. Гэвч нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй бөгөөд үндсэн зээлд 4,235,100 төгрөг, хүүд 851,255 төгрөг шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчаас 5,086,355 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч М.оос 5,086,355 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,448,405 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 119,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 96,331.68 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД