Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2024/00963

 

 

 

 

 

 

                               2024       02          21

                   101/ШШ2024/00963

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

          Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоот хаягт оршин суух Уржин овогт *******ын ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 хаягт оршин байрлах *******т холбогдох

 

          Эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.*******, хариуцагчийн төлөөлөгч Б., гэрч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 101/Ш32023/12976 дугаар захирамжаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжид заасан зөрчлийг арилгаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан бүрдүүлбэрийг хангаж дахин нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэг, 122 дугаар зүйлийн 122.4, 122.5 дахь хэсэгт заасны дагуу тодорхойлж байна.

Нэхэмжлэгч Б.******* миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хэлтсийн дарга бөгөөд Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Ц.гийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 4-187/9304 дугаартай мэдэгдэл, үнэлгээний /шинжээчийн/ тайланг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гардан авч танилцсан.

Тус мэдэгдэлд төлбөр төлөгч С.ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.*******, Ж. нарын өмчлөлийн төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн дугаартай, дүүргийн хороо, Зайсангийн тойруу гудамж, байрны тоотод байрлах 177 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу шинжээч /“” ХХК-ийн үнэлгээчин Н./-ээр үнэлгээ тогтоолгоход 932.600.000 /есөн зуун гучин хоёр сая зургаан зуун мянган/ төгрөгөөр үнэлэгдсэн талаар үнэлгээний тайланг хавсаргаж, дээрх үнэлэгдсэн үнээс багагүй үнээр өөрийн хөрөнгөө 1 сарын дотор бие даан худалдан борлуулах бол саналаа ажлын 3 хоногт ирүүлэхийг мэдэгдсэн болно.

Нэхэмжлэгчийн өмчлөлийн дүүргийн хороо, Зайсангийн тойруу гудамж, байрны тоотод байрлах 177 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны үнэлгээг 932.600.000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь уг орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байх бөгөөд шинжээчийн тайлан дахь үнэлгээг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Манай барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн харьцуулалтын үнэлгээнд тулгуурлан үнэлгээ тогтоосон нь учир дутагдалтай байна. Тухайлбал, Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 8-р хуудсанд “Хийц бүтээцийн байдал: тус барилга нь аяган болон шугаман суурьтай, тоосгон хийцийн ханатай" гэсэн нь үндэслэлгүй бөгөөд хана нь тоосгон биш, суурь нь цутгамал болно. Мөн хөрөнгийн үнэлгээний тайлан 10-11 хуудас 2.2. Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэний тооцоолол, Үнэлгээний хандлага ба аргыг сонгосон хэрнээ м.кв нь өөр өөр орон сууцуудыг зах зээлийн жишиг үнийн хандлагын шууд харьцуулалтын аргаар үнэлсэнд гомдолтой байна. Зөвхөн шаардагдах мэдээлэл хомс гэсэн үндэслэлээр Үл хөдлөх хөрөнгийн орлогын хандлагын аргаар үнэлээгүй нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл хөрөнгийн үнэлгээний аргыг хэрэглэхдээ зах зээлийн жишиг үнээс хэт доогуур үнэлж, үнэлгээний тайланд тусгаж байгаа нь үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй байна гэж үзэж байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 “Хөрөнгийн үнэлгээг хийхэд үнэлгээний олон улсын болон үндэсний стандарт, энэ хуулийн 7.2-т заасан хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг мөрдөнө”, 7.2.2 “дуудлага худалдааны зориулалттай үнэлгээний журам, аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэсэн журам, аргачлалын дагуу үнэлээгүй, түүнчлэн мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1 “хөрөнгийн үнэлгээний үнэ цэнийн суурийг тодорхойлоход үнэлгээний ажлын нөхцөл, зорилгод тохируулан сонгосон байх;”, 8.2.2 “хөрөнгийн үнэлгээний тайланд хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 3.1.1-д заасан тохиолдлын талаар тэмдэглэж тайлбарласан байх. Аливаа гажилт нь үнэлгээний тайлангийн найдвартай байдалд нөлөө үзүүлэхгүй байх;” гэсний хөрөнгийн үнэлгээний стандартын талаар дутуу тайлбарласан, 8.2.3 “хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх” шаардлагыг хангаагүй, 8.3.6-т заасан “хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолт”-ыг зөрүүтэй байдлаар гаргасанд гомдолтой байгаа болно.

Түүнчлэн жишиг хөрөнгийн зах зээлийн судалгааг хийхдээ Монголын хамгийн үнэтэй “” хотхоны яг хажууд байршилтай манай хотхоны орон сууцыг зөвхөн зарын групп, сайт дээр байгаа хийсвэр, бодит бус үнэлгээгээр тооцсон нь үндэслэлгүй болсон байна. Жишээ нь: Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 13-р хуудсанд №2 баганан дурдсан орон сууц нь УБТЗ-ын хураагдсан таун хаус бөгөөд бусад нь 1.8 тэрбумын үнэтэй, манайх шиг 177 м.кв 4 өрөө орон сууц 1.2 тэрбум төгрөгөөр зарагдсан байх жишээтэй. Гэтэл Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх үнэлгээний тайланг нягтлалгүй, шууд хүлээн авч, бидэнд мэдэгдсэн болоод л хөрөнгийн үнэлгээний дээрх дүнг шууд бодит зөв дүн хэмээн үзэж, үнэлгээнд тусгагдсан 932.600.000 /есөн зуун гучин хоёр сая зургаан зуун мянган/ төгрөгийн 70 хувиар тооцож 652,820,000 /зургаан зуун тавин хоёр сая найман зуун хорин мянган/ төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр албадан дуудлага худалдаанд шууд оруулж байгаа нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч эхнэр Ж., бид хоёрын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

1а. Хөрөнгийг үнэлгээ бодитой бус доогуур гарсан гэж маргаж байгаа юм. 4 өрөө орон сууцыг 932,600,000 үнэлснийг зөвшөөрөхгүй. Зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн. Зах зээлийн харьцуулалтын аргаар үнэлсэн нь учир дутагдалтай. Аяган суурьтай тоосгон ханатай гэсэн нь бодит байдалд нийцэхгүй юм. Шаардагдах мэдээлэл хомс гэдгээр орлогын хандлагын аргаар үнэлээгүй нь буруу юм. Шүүгчээс татгалзах хүсэлтэй байна. Учир нь хүсэлтийг хангаагүй, мөн нэхэмжлэлийг уншуулаагүй тул эргэлзээ төрж байна.

Үнэлгээний тухай хуульд заасан зарчим байгаа юм. Хариуцагч нь дамжмал байгууллага биш. Учир нь үнэлгээний байгууллага гаргасан тул шууд хэрэглэнэ гэж үзэхгүй. Анхны үнэлгээ нь туйлын үнэн гэж үзэхгүй юм. Үнэлгээний тайлангийн 8-д байгаа хийц бүтээцийн байдлын талаар буруу гаргасан. Суурь нь бүрэн цутгамал юм. Хана нь бас бүрэн цутгамал юм. Үүнийг юуг үндэслэж ингэж бичээд байгаа нь тодорхойгүй байна. Ажлын зургийг авч танилцсан зүйл харагдахгүй байгаа юм. Мөн улсын комиссын актыг авч үзээгүй байдаг. Зөвхөн зах зээлийн жишиг хандлагын аргаар үнэлж, жишиг үнийг үнэгүй сайтаас авч байгаа нь үндэслэлгүй юм. Харьцуулсан үнэлгээний 3 байршил дээр бас л алдаатай байгаа юм. Ийнхүү алдаатай байгааг шийдвэр гүйцэтгэх байгууллага нягтлах байсан юм. Тайланг туйлын үнэн гэж шууд үзэхгүйгээр нягталж үзэх ёстой байсан. Өөрөө зээл аваагүй хүний өмчтэй холбоотой асуудал яригдаж байгаа юм. Дуудлага худалдаагаар 70 хувиар доошлуулж байгаад гомдолтой байгаа юм. Иймд үнэлгээний тайланг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Шийдвэрээр зөвхөн оос мөнгөн төлбөр гаргуулахаар шийдсэн бөгөөд *******оос төлбөр гаргуулахаар шийдээгүй. Хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар үнэлгээтэй холбоотой тайлбар гаргахгүй байна. Үнэлгээ стандартад нийцэхгүй гэж бид тайлбарласан. Гэтэл үнэлгээчин гарын үсэг зурж тэмдэг дарснаар үнэн болохгүй. Мэтгэлцэж байгаа асуудал байхгүй байна гэв.

 

2.         Хариуцагчийн төлөөлөгч А. нь шүүхэд, Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч төлөгч Б.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 3095 дугаар шийдвэрээр С.оос 444.715.145 төгрөгийг гаргуулж “ ББСБ” ХХК-д олгож С. нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.*******, Ж. нарын өмчлөлийн дүүргийн*******, хотхон, тоотод байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, 380.341.595 төгрөгийн хэмжээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаа явуулж төлбөр төлөгч С.ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.*******, Ж. нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай дүүргийн*******, Зайсангийн тойруу гудамж байрны тоотод байрлах 177 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талууд харилцан тохиролцож үнийн санал ирүүлэх тухай 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 4-187/6811 тоот мэдэгдлийг талуудад хүргүүлэхэд харилцан тохиролцож үнийн санал ирүүлээгүй бөгөөд төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.ээс 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох тухай хүсэлтийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 5/168 тоот шинжээч томилох тогтоолоор шинжээч Н.ээр үнэлгээ тогтоолгоход 932,600,000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 4-187/9303 тоот үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч С.ид 223 оны 5 дугаар сарын 11-ний өдөр гардуулан өгч үнэлгээний тайлантай танилцуулж, өмчлөгч Б.*******той 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр дугаартай утсаар холбогдон ирж шинжээчийн үнэлсэн үнэлгээний тайлантай танилцуулахыг сануулахад “... би очих боломжгүй тул шуудангаар хүргүүлж болно” гэж тайлбар өгсний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 4-187/9304 тоот үнэлгээний мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлж, 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр биечлэн танилцуулж гарын үсэг зуруулж хууль тайлбарлан өгсөн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д болон 44 дүгээр зүйлийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

2а. Шүүхийн шийдвэрээр , *******, нараас төлбөр гаргуулахаар шийдвэр гаргасан. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдсэн. Удаа дараа шийдвэр гүйцэтгэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул эд хөрөнгийг битүүмжилж, хураасан. Улмаар үнийн санал авахаар мэдэгдэхэд өмчлөгч нар санал ирүүлээгүй тул мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгэсэн. Ингээд бие даан худалдах боломжтой талаар тайлбарласан. Ажиллагаа 55.7-д зааснаар хуулийн дагуу явагдсан. Хуульд мэргэжлийн шинжээчээр үнэлүүлнэ гэж заасан. Бид өөрсдөө худалдаандаа төлбөрөө төлөөч гэж удаа дараа мэдэгдсэн. Бид мэргэжлийн шинжээч биш тул үнэлгээчнийг гэрчээр оролцуулахаар болсон юм. Энэ дагуу гэрчийг оролцуулж байна. Улмаар үнэлгээчнээр дүгнэлтийг тайлбарлуулах юм. Би мэргэжлийн шинжээчийн өмнөөс дур мэдэн ярих эрхгүй. Бид үнэлгээчний эрхгүй тул мэргэжлийн байгууллагыг томилдог юм гэв.

 

3.         Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

3а. Нэхэмжлэгчээс: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 4-187/9304 дүгээр албан тоот /хх6/, үнэлгээний тайлан /хх7-32/

3б. Хариуцагчаас: Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийн хавтасны хуулбар /хх57/, шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар /хх58/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 03095 дугаар шийдвэрийн хуулбар /хх59-65/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 00415 дугаар захирамжийн хуулбар /хх66/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоолын хуулбар /хх67/, зарлан дуудах болон шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар /хх68/, шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдлийн хуулбар /хх69/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар /хх70/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хх71/, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар 2 ширхэг /хх72, 73/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хх74/, эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбар /хх75/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 4-187/6811 дүгээр албан тоотын хуулбар /хх76/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хх77/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 4-159/8213 дугаар албан тоотын хуулбар /хх78/, мөн өдрийн 4-159/8214 дугаар албан тоотын хуулбар /хх79/, төлбөр авагчийн төлөөлөгчийн гарсан хүсэлтийн хуулбар /хх80/, шинжээч томилох тухай тогтоолын хуулбар /хх81/, шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэлийн хуулбар /хх82/, үнэлгээний тайлангийн хуулбар /хх83-102/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 4-187/9304 дүгээр албан тоотын хуулбар /хх103/, мөн өдрийн 4-187/9303 дугаар албан тоотын хуулбар /хх106/, шийдвэр гүйцэтгэгчийн утсаар ярьсан тэмдэглэлийн хуулбар /хх107/, шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдлийн хуулбар /хх108/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар 2 ширхэг /хх109, 110/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч Б.******* нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.         Хариуцагч ******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргасан.

 

4.         Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага танилцуулах явцдаа шүүхээс нэхэмжлэл хэрхэн тайлбарлах талаар сануулсан, мөн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хэрхэн хянан шийдвэрлэсэн нь шүүгчийг татгалзан гаргах тухай үндэслэлд хамаарахгүй. Мөн шүүхийн хэлэлцүүлэг эхэлсний дараа шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг гаргавал шүүгч хэрэв боломжтой гэж үзсэн тохиолдолд түүнийг гаргаагүйд тооцож, шүүх хуралдааныг үргэлжлүүлнэ. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хүлээн авч ерөнхий шүүгчээр хянан шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэн хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

 

5.         Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 03095 дугаар шийдвэрээр С.оос 444,715,145 төгрөг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Б.*******, Ж. нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, *******,*******, хотхон, тоот хаягт байрлах 4 өрөө орон сууцыг албадан худалдаж, 380,341,595 төгрөгийн хэмжээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх59-65/

Улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 00415 дугаар захирамжаар дээрх шүүхийн шийдвэр болон магадлалыг албадан гүйцэтгэхээр шийдвэрлэж, мөн өдөр гүйцэтгэх хуудас бичигджээ. /хх58, 66/

Үүний дагуу 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарч, шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдсэн. /хх67, 68/

Гэвч төлбөр төлөгч нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Б.*******, Ж. нарын өмчлөлийн *******,*******, Зайсан тойруу гудамж, байр, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 177 м.кв талбайтай орон сууцыг битүүмжилж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн. /хх70, 72, 73/ Цаашлаад, 2023 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр дээрх орон сууцыг хураах ажиллагаа явагдсан. /хх75/

Мөн өдөр нэхэмжлэгчид орон сууцны үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг гардуулсан байна. /хх76/ Үүний дараа 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр орон сууцны үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг шуудангаар хүргүүлжээ. /хх78/

Гэвч нэхэмжлэгч нь үнийн санал ирүүлээгүйн улмаас төлбөр авагчийн төлөөлөгч хүсэлт гаргаснаар 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр дээрх орон сууцны үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон. /хх81/

Ийнхүү шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцнэ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эдгээр ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21, 44, 49, 54, 55 дугаар зүйлүүдэд нийцсэн бөгөөд дээрх ажиллагааны талаар зохигч маргаагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь дээрх ажиллагааны талаар гомдол гаргаагүй.

Шинжээч нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр орон сууцны үнэлгээг 932,600,000 төгрөг гэж гаргасан. /хх83-103/

 

6.         Нэхэмжлэгчид үнэлгээний талаар 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр утсаар мэдэгдэж, 11-ны өдөр холбогдох мэдэгдлийг шуудангаар хүргүүлжээ. /хх107, 103/

Нэхэмжлэлд өмнө нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, улмаар захирамжид заасан зөрчлийг арилган 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан талаар дурдсан боловч энэ талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу шүүхэд ирүүлээгүй.

Гэвч шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар хариуцагч тал маргахгүй байх тул гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй, өөрөөр хэлбэл өмнө нь гаргасан нэхэмжлэлийг хугацаандаа гаргаж, шүүх хүлээн авахаас татгалзсанаар хөөн хэлэлцэх хугацаа дахин тоологдож, улмаар 7 дахь хоног дээр дахин нэхэмжлэл гаргасан гэж үзлээ.

 

7.         Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур 932,600,000 төгрөгөөр үнэлсэн гэж, мөн маргаж буй үнэлгээний зүйл нь орон сууц бөгөөд таун хаус биш гэж тайлбарласан.

Маргаж буй үнэлгээний тайлангаас үзэхэд тухайн хотхонд 4-5 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээнээс 1 м.кв талбайн үнийг тооцож, улмаар нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцны талбайн хэмжээгээр үржүүлж үнэлгээг тогтоосон байна. Энэхүү аргачлалаар орон сууцны үнэлгээг тогтоосныг буруутгах үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч нь 1,200,000,000 төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй.

7а. Энэхүү үнэлгээг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар албадан дуудлага худалдаанд оруулах зорилгоор тогтоолгосон байх тул дан ганц зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн нь буруу гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй. /хх7-30/

7б. Барилгын хийцийн хувьд гэрч нь тайлан дээр андуурагдаж бичигдсэн бөгөөд нэг хотхонд байгаа адил төстэй материалаар баригдсан барилгатай жишсэн тул барилгын хийц нь үнэлгээнд нөлөөлөхгүй гэж тайлбарласан. Гэрчийн энэхүү тайлбар нь үнэлгээний тайлангаар нотлогдсон. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хийцийн талаар судалгаа хийгээгүй тул үнэлгээ бодит байдалд нийцэхгүй гарсан гэх тайлбар үндэслэлгүй.

Мөн үнэлгээ нь олон улсын болон үндэсний стандарт, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцээгүй гэх үйл баримт тогтоогдоогүй. Энэ талаарх тайлбараа нотолж чадаагүй.

Эдгээр үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн орон сууцны үнэлгээ нь зохих журмын дагуу нэг байрлалд, адил материалаар баригдсан орон сууцтай жиших замаар тооцооллын алдаагүй хийгдсэн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

8.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1.         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч *******т холбогдох *******,*******, Зайсангийн тойруу гудамж, байр, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлтийн дугаарт бүртгэгдсэн, 177 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.ГАНБОЛД