Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2024/00919

 

 

 

 

 

        2024 оны өдөр

    02 сар      20  р                                            184/ШШ2024/00919

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “***” ХХК /РД: ****/. Хаяг: *** дүүрэг, 18-р хороо, **** тоот

Хариуцагч: *** овогт **** **** /РД: ******/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, ***-р хороо, ***** байр, 19** тоот

19,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга Т.Буянхишиг нар оролцов.         

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбарын агуулга: “*****” ХХК нь худалдаа эрхлэн явуулдаг бөгөөд компанийн эзэмшдэг Голомт банк ХК дах ******* дугаартай дансанд орлого, зарлага ихэвчлэн төвлөрдөг. Компанийн санхүүгийн гүйлгээний асуудлыг захирал ******* хариуцдаг. Зарим тохиолдолд өөрийн насанд хүрээгүй хүү болох 16 настай ***** хараа хяналттайгаар гүйлгээ хийлгэдэг байсан. Цахим хэрэгсэл ашиглахад хүндрэлтэй байдаг.

Хүү ******* нь 2023 оны 4-р сарын 13-ны өдрөөс эхлэн “******” ХХК-ийн Голомт банк ХК дах ***** тоот данснаас ************ эзэмшдэг Хаан банк дах *******1 тоот дансанд нийт 19,500,000 төгрөгийг цувуулан шилжүүлж зарлага хийсэн. Энэ асуудлаар Цагдаагийн байгууллага шалгалт хийж гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хаасан байдаг. Бооцоот тоглоом тоглох зорилгоор ******* өөрийн Хаан банк ХК дах өөрийн ********1 тоот дансандаа авсан. Уг мөнгийг хүү ***** зарцуулах эрхгүй бөгөөд компанийн зүгээс зөвшөөрөөгүй. Мөн иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй С************* нь түүний хууль ёсны төлөөлөгчгүйгээр уг хэлцлийг хийх эрхгүй. Иймд хууль бус хэлцлийн дагуу шилжүүлсэн 19,500,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ****аас гаргуулж өгнө үү.

Хариуцагч *******ын татгалзал, тайлбарын агуулга:  2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр ***** чатаар холбогдож ашгаа хувааж мөнгө өсгөж өгөх үү гэж асууж байсан. Тухайн үед боломжгүй гэж хариу хэлсэн. ***** өөрийгөө надад 18 настай, 12 дугаар анги гэж танилцуулсан. Аавынхаа данснаас нууцаар мөнгө аваад алдчихлаа өсгөхөд минь туслаач гэж гуйсан. 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр дахин холбогдож ээжийнхээ 40,000,000 төгрөгийг алдчихлаа, өөрт байгаа 20,000,000 төгрөгөө 60,000,000 төгрөг болгомоор байна гэж асуусан. Би туслах гэж хичээсэн боловч миний өгсөн таамгууд оновчтой байсан хэдий ч миний зөвлөгөөг дагалгүй мөнгөө алдсан байсан. Би өөрөө өрөнд орж, ээжийгээ зовоож үзсэн учраас Э.Улсболдод тусалсан.

2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр утсаа ломбардад тавиад алдсан гэж хэлээд миний аккаунтаар бэт тавихаар болсон. Миний аккаунтаар бэтлэхийн тулд миний өөрийн дансыг ашиглах шаардлагатай байдаг. Учир нь цэнэглэлт хийдэг газар нь иргэний үнэмлэх болон нэрийн данстай гүйлгээг цэнэглэж өгдөг учраас ******* цэнэглэлт хийж өгсөн. Өмнө нь мөнгөө тавиад алдсан учраас насанд хүрсэн гэдэгт нь итгэсэн. 19,500,000 төгрөг миний дансаар орж цэнэглэлт хийж, миний аккаунт нэвтрэх нууц үгийг авч өөрөө бооцоогоо тавьсан. Би тухайн үед таамаг болон зөвлөгөө өгсөн бүгд оновчтой байж мөнгийг нь тодорхой хэмжээнд өсгөсөн боловч ******** өөрөө бооцоо тавьж алдсаар байсан. 19,500,000 төгрөгөөс нэг ч төгрөгийг хувьдаа хэрэглээгүй, цэнэглэлт хийлгээд ********* өөрөө алдсан.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн итгэмжлэл, “***********” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, О****** ***** ХХК-ийн дансны хуулга,

Хариуцагч талаас гаргасан баримтын тухайд: Ц******ын Хаан банкны дансны хуулга зэрэг баримтуудыг хэрэгт хавсарган өгчээ. 

Талуудын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын ********* дугаар Прокурорын тогтоол

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “************” ХХК нь хариуцагч **************т холбогдуулан 19,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргаж байна.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ насанд хүрээгүй хүнтэй хийсэн хэлцлийн улмаас  үндэслэлгүй хөрөнгөжсөн тул буцаан гаргуулна гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч компанитай эрх зүйн харилцаанд ороогүй, мөнгийг аваагүй гэж тус тус тайлбарласан.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “*********” ХХК-ийн захирал Д**************ын хүү *********** нь хариуцагч ***********ын Хаан банк дахь *********** тоот дансанд 2023 оны 4 дүгээр сарын 14-ий өдөр гурван удаагийн гүйлгээгээр 9,000,000 төгрөг, 4 дүгээр сарын 18-ны өдөр 10,500,000 төгрөг, нийт 19,500,000 төгрөгийг “************” ХХК-ийн Голомт банк дахь ********* тоот данснаас шилжүүлсэн нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдоно.

Нэхэмжлэгч нь Цагдаагийн байгууллагад хандан хүү ******** нь компанийн данснаас 98,000,000 төгрөгийг цахим аппликейшн ашиглан бооцоо тавьж алдсан байна гомдол мэдээлэл гаргасныг мөрдөн шалгах ажиллагаа явуулаад Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн тогтоолоор гэмт хэрэг үйлдэгдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэжээ.  /хх-ийн 105/

Дээр дурдсан тогтоол, мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.**********, ************* нараас авсан мэдүүлэг зэргээс үзэхэд Э********* нь мөнгийг хариуцагчид шилжүүлэхдээ нэхэмжлэгч компанийн захирал Д.********ын зөвшөөрөлгүйгээр интернет банкны нууц кодыг нь  ашиглан дур мэдэн үйлдсэн,  мөн хариуцагчийн аккаунтыг ашиглан түүний дансанд шилжүүлсэн мөнгөөрөө  сагсан бөмбөгийн тоглолт болон цахим спортын тоглолтод бооцоо тавин алдсан нь нотлогдсон байна. /хх-ийн 97-104/

Хариуцагч нь мөнгийг хүлээн авсан, өөрийн данс, аккаунтыг ашиглуулан бооцоот тоглоом тоглуулж байсан тухайд маргадаггүй, харин шилжүүлсэн мөнгөнөөс огт аваагүй, Э.Улсболдын хүсэлтийн дагуу дансанд орсон мөнгөөр аккунтаа цэнэглэж байсан, түүний дансанд мөнгө шилжүүлсэн тухай бүр өөр этгээдийн буюу бооцоо хүлээн авагчийн дансанд шилжүүлэн өгсөн гэж тайлбарлаж, дансны хуулгаа гарган өгсөн.

Хариуцагчийн Хаан банк дахь ********** тоот дансны хуулгаар Хаан банкны ************** тоот данс руу 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 10,500,000 төгрөгийг *********** гэсэн агуулгаар, 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 9,000,000 төгрөгийг Хаан банкны ********** тоот дансуудад ******** гэсэн агуулгаар шилжүүлсэн нь тогтоогдож байна. /хх-ийн 42/

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 492.1.2   дахь  хэсгүүдэд  үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмшсэнээс иргэний эрх зүйн харилцаа үүсэж болох, бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” эсхүл “үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай” тохиолдолд буцаан шаардах эрхтэй байхаар зохицуулжээ.

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас дүгнэхэд зохигчийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэх, нэхэмжлэгч “***********” ХХК нь бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хөрөнгө шилжүүлсэн гэх, хариуцагч нь тухайн хөрөнгийг олж авсан  гэх   үндэслэлүүд тогтоогдохгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **********ын **********  нэр бүхий фейсбүүк хаягаас  *******ын ********** гэх хаягтай харилцсан бичвэрийг /латин үсгээр бичигдсэн/ үзлэг хийж бэхжүүлэн авсан бөгөөд талууд бичвэрийн агуулгын тухайд маргаагүй болно.

Иймд нэхэмжлэгч “**********” ХХК-ийн хариуцагч *********** холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 19,500,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй  гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгч “***********” ХХК-ийн хариуцагч **********т холбогдуулан гаргасан 19,500,000 /арван есөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ