Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 116/ШШ2023/0029

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

                    Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р баг, 30 дугаар байрны 55 тоотод оршин суух, Машбаярын Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй,

                   Хариуцагч: Дорнод аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдуулан гаргасан,

                  Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгуулсан тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны даргын албан тушаалын сул орон тоог нөхөх шалгалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Алтанцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нандин-Эрдэнэ, гуравдагч этгээд Г.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                Нэхэмжлэгч М.Алтанцэцэг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Машбаярын Алтанцэцэг нь Дорнод аймаг дахь Салбар зөвлөлөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгуулсан тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ойн албаны даргын албан тушаалын сул орон тоог нөхөх шалгалтанд оролцсон. Хууль эрх зүйн мэдлэг шалгах сорилтын шалгалтанд 15 оноо, дүн шинжилгээ хийх чадварын шалгалтанд 13 оноо, асуудал шийдвэрлэх чадварын шалгалтанд 11 оноо, Монгол хэлний ярианы болон бичгийн чадварын шалгалтанд 13 оноо, удирдах зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадварын шалгалтанд 09 оноо, нийт 88 оноогоор тус шалгаруулалтын 2 дугаарт бичигдсэн. Миний хувьд “Удирдах зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадварын” шалгаруулалтын оноог хүлээн зөвшөөрөхгүй байна. Сорилын шалгалтад би 69 оноо, Мягмарсүрэн 53 оноо авсан байсан. Дараа нь ярилцлага 12 цагийн үед болсон. Гарч ирээд шалгалтын дүн нь байршсан эсэхийг лавлаж харахад ахлах түшмэлийн албан тушаалд оролцсон хүний дүн нь бүрэн гарсан байсан. Миний дүн болон Мягмарсүрэнгийн дүн нь гараагүй байсан. 16:00 цагт ирж дүнтэйгээ танилцаж гарын үсгээ зураарай гэж мэдэгдсэн. Ингээд би очиж өөрийнхөө дүнтэй танилцсан. Дараа нь гарч ирээд сайт дээрээс дүнгээ харахад би 88 оноо, Мягмарсүрэн 89 оноо авсан харагдаж байсан. Шалгалтын дүнг тухай бүрт мэдээллэх үүргээ ноцтой зөрчиж, нэг талыг барьсан шийдвэр гаргасан, мөн шалгалтыг яг үнэн зөвөөр шийдвэрлэсэн, дүгнэсэн гэдэгт эргэлзэж байна. Төрийн албаны салбар зөвлөлөөс ирүүлсэн хариунд ямар нэг хуралдааны тэмдэглэл огт байхгүй байгаа гэдгийг илэрхийлсэн. Шалгалтын дүнг ахлах удирдах албан тушаалтны дүнг тэр дор нь шивсэн байсан. Гэтэл шалгалт өгсөн 3 хүнээс 1 хүнийх нь дүнг шивчихээд 2 хүнийх нь дүнг 4 цагийн дараа гаргаж байгааг гайхаж, хардаж байна. Ажлын байрны тодорхойлолт гэж үндсэн 5 хэсгийг тодорхойлж өгсөн байдаг. Үүнээс 3 дугаар зүйлд заасан мэргэжлийн шаардлага дээр “Ой зүйч” байхыг шаарддаг. Миний мэргэжил нь ажлын байрны шаардлагад бүрэн нийцсэн байгаа. Гэтэл Мягмарсүрэнгийн мэргэжил нь экологи, байгаль хамгаалагчийн бакалаврын зэрэгтэй байдаг. Тиймээс анхнаасаа бүртгүүлэхдээ шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Бүртгэх үеэсээ л эхлэн Төрийн албан тухай хууль, шалгалт өгөх журмыг ноцтой зөрчиж ирсэн байна гэж харж болохоор байна. Боловсролын сайдын 2002 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/160 тоот тушаал байдаг. Миний хувьд мэргэжлийн код нь хүртэл нарийвчлан таарч байгаа юм. Гэтэл энэ хүний мэргэжлийн шаардлага нь хамаарахгүй индекстэй байгаа нь ч харагдаж байна. Цахим системд бүртгүүлсэн хуудас хэргийн материалд хавсаргагдсан байгаа. Мэргэжил, мэргэшил гэдэг хоёр зүйл байна. Мэргэшүүлэх сургалтад огт хамрагдаж байгаагүй болох нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байна.

                  Энэ талаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд “Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ойн албаны даргын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулагдсан гэж үзэж байна” ... гэжээ. Мөн түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 5.4-т “Бүртгэлтэй холбоотой гомдлыг ажлын 1 өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд комисс уг гомдлыг ажлын 3 өдрийн дотор хянан эцэслэн шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд та тухайн үед сонгон шалгаруулалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хуульд заасан хугацааны дотор гомдол гаргаагүй гэж тайлбарлажээ. Би тухайн шалгалтанд хэн оролцож байгааг, тухайн бүртгүүлсэн хүмүүс нь ямар болзол шаардлага хангасан эсэхийг мэдэх боломжгүй. Цаашлаад энэ асуудал Монгол Улсын Хууль хүний нууцын тухай хуультай холбоотой асуудал гэж үзэж байна. Иймд Дорнод аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгуулсан тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны даргын албан тушаалын сул орон тоог нөхөх шалгалтыг хүчингүй болгож өгнө үү гэв.

             Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нандин-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны тухай хууль болон Төрийн албаны зөвлөлийн 14 дүгээр тогтоолд заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь салбар зөвлөлийн 2023.01.25-ны өдрийн 02 дугаар “Комисс томилох тухай” тогтоолоор ажлын хэсэг байгуулагдан дээрх шалгалтыг зохион байгуулсан. Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсаар тусгай шалгалтыг зарлаж, шалгалтын бүртгэлийг 2023.01.24-25-нд 09.00-17.00 цагийн хооронд зарлагдсан ажлын байранд өрсөлдөх иргэдийн материалыг хүлээн авсан. Шалгалтанд бүртгүүлэхээр ирүүлсэн материалыг ажлын хэсэг бүртгэлийг нээхэд дэс түшмэлийн удирдах албан тушаалд 3 иргэн материал ирүүлсэн байсан бөгөөд 1 иргэний материал шаардлага хангаагүй учраас бүртгэлийг цуцалж 2 иргэний бүртгэлийг баталгаажуулан 2023.01.31-ний өдөр тусгай шалгалтыг зохион байгуулсан. Тусгай шалгалтын бүртгэл болон цахимд оруулсан үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн үнэлгээтэй холбоотой гомдол комисст ирээгүй. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам” тогтоолын 6 дугаар хэсгийн 6.1.1, 6.1.2, 6.1.3, 6.1.4, 6.1.5, 6.1.6, 6.1.7, 6.1.8-д заасны дагуу зохион байгуулсан бөгөөд цахимд гарсан дүн ярилцлагын дүнг тухай бүр шалгалтанд оролцогчдод танилцуулж, баталгаажуулсан. Шалгалтын бүртгэлд хамрагдсан иргэд, шалгалтын дүн, шалгалтын явцыг www.csc.gov.mn цахим сайтаар тухай бүр хянах, мэдээлэл авах боломж нээлттэй байдаг. М.Алтанцэцэг нь тухайн шалгалтанд нийт 88 оноотой тусгай шалгалтын онооны дарааллаар 2 дугаарт жагссан, харин Г.Мягмарсүрэн 89 оноогоор 1 дүгээрт орсноор Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 02 дугаар хуралдаанаар хэлэлцүүлж, 2023.02.03-ны өдрийн 06 дугаар “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” тогтоолыг Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хүргүүлсэн. Мөн индексийг нээлттэйгээр зарлаж, ерөнхий мэргэжлийн хэмжээнд шалгалтыг авч болно гэдэг чиглэлийг Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн. Зарим индекс ер нь огт байдаггүй, Монгол Улсын хэмжээнд гарч байгаа нийтлэг алдаа юм. Албан тушаалын мэргэжил дээр зөвхөн тоймчилсон мэргэжлийг тогтоосон байдаг. Мэргэжил нь тохирч байгаа хоёр албан тушаалтанг шалгалтанд орохыг зөвшөөрсөн. Эхний шалгалт нь 9:00 цагт эхлээд 09:45 миниутанд дуусгавар болдог ба тэр дороо оноо нь гардаг. Ойролцоогоор 5 минутын дараа бусад этгээдийн шалгалтын дүнг харах боломжтой болдог. Бид тухайн шалгалтыг боловсрол соёлын газарт авсан. Шалгалтыг 12:00 цагт авахаар тохирсон ба 13:40 минутын орчимд дууссан. Үдлээгүй байсан учраас үдлэхээр явсан. Ингээд 15:00 цагт ажил дээрээ ирж, Засаг даргын хуралд оролцоод 16:00 цагт оролцогч нарт дүнг танилцуулахаар дуудсан. Хэн нь хэдэн оноо авсан гэдгийг цахимаас шууд нээлттэйгээр дүнг харах боломжтой, өөрт нь ч гэсэн танилцуулсан. Энэ шалгалтын хувьд дүн дээр маргах зүйл байхгүй. Яагаад гэхээр тухайн үед Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан. Бичлэг хийсэн боловч цэнэггүй болоод бичлэг хийгдээгүй байсан. Хурлын тэмдэглэл, оноо, явцын талаарх баримтуудаа төрийн албаны зөвлөл рүү явуулсан. Ингэхэд Төрийн албаны зөвлөлөөс “ямар нэг журам зөрчөөгүй байна” гэдэг хариуг ирүүлсэн. Ямар нэг маргаан гараагүй учраас шалгалт үргэлжилсэн байна гэж дүгнэсэн. Төрийн албаны зөвлөлөөс бидэнд ирүүлсэн баримтыг цахимаар болон цаасаар харсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

              Гуравдагч этгээд Г.Мягмарсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тухайн өдөр Төрийн албаны шалгалтад оролцсон. Бид урьд нь нэг салбарт ажилладаг байсан учраас нэг нэгнээ сайн мэднэ. Яагаад гэнэт ийм гомдол гаргаад байгааг ойлгохгүй байна. Төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлага байх ёстой. Өөрөө төрийн албан хаагч байж Төрийн албан салбар зөвлөлд хөндлөнгөөс нөлөөлсөн гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Хамтдаа зэрэгцэж сууж байгаад шалгалтаа өгсөн. Ярилцлагад орохдоо миний дараа орсон ба 14:00 цагийн орчим өөрөө гадаа нь сууж байсан. Надад үнэхээр чирэгдэл учруулж байна. Би үнэхээр гайхаж байна. Би сая өөрийнхөө боловсролын лавлагааг нотлох баримтаар гаргаж өгсөн. Дүйцүүлэхээр хамтран ордог талаар надад хүртэл тайлбарлаж хэллээ. Миний хувьд хөдөө гадаа ажил их байгаа. Гэтэл намайг энд тэнд муулаад явж байгаа сураг дуулдсан. Би яаж энэ Төрийн албан хаагчийн шалгалтанд нөлөөлөх юм бэ? Үнэхээр баримт байгаа бол гаргаад ир. Намайг дотор юу ярьж байгааг хүртэл сонсоод сууж байсан хүн шүү дээ. Таньдаг хүн минь орж ирсэн учраас зүгээр өрсөлдөөд үзье л гэж бодсон. Эрхэлсэн ажил мэргэжлийн хувьд би чамаас илүү. Гэхдээ жаахан ёс зүйтэй бай гэж хэлмээр байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

                Нэхэмжлэгч М.Алтанцэцэг нь тус шүүхэд “Дорнод аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгуулсан тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны даргын албан тушаалын сул орон тоог нөхөх шалгалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

            Дорнод аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Комисс томилох тухай” 02 дугаар тогтоолоор ... тусгай шалгалтыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулжээ.[1]

              Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсаар тусгай шалгалтыг зарлаж, шалгалтын бүртгэлийг 2023 оны 01 дүгээр сарын 24, 25-нд 09.00-17.00 цагийн хооронд зарлагдсан ажлын байранд өрсөлдөх иргэдийн материалыг хүлээн авсан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Комисс томилох тухай” 02 дугаар тогтоолоор батлагдсан Ажлын хэсэг бүртгэлийг нээхэд дэс түшмэлийн удирдах албан тушаалд 3 иргэн материал ирүүлсэн байсан бөгөөд 1 иргэний материал шаардлага хангаагүй учраас бүртгэлийг цуцалж, 2 иргэний бүртгэлийг баталгаажуулан[2] 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тусгай шалгалтыг аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Боловсрол, шинжлэх ухааны газарт зохион байгуулсан байна.

               Шалгалтын агуулгыг Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 6 дугаар хэсгийн 6.1.1-д “тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг”, 6.1.2-д “дүн шинжилгээ хийх чадвар”, 6.1.3-д “асуудал шийдэрлэх чадвар”, 6.1.4-д “удирдан зохион байгуулах чадвар”, 6.1.6-д “манлайлах чадвар”, 6.1.7-д “ багаар ажиллах чадвар”, 6.1.8-д “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин” гэсэн хэлбэртэй байхаар тусгажээ.

               Тусгай шалгалтанд оролцогч, М.Алтанцэцэг нь  хууль, эрх зүйн мэдлэг 15, дүн шинжилгээ хийх чадвар 13, асуудал шийдвэрлэх чадвар 11, монгол хэлний ярианы болон бичгийн чадвар 13, удирдан зохион байгуулах, манлайлах чадвар, багаар ажиллах чадвар нийт 9, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин 27 нийт 88 оноог, Г.Мягмарсүрэн нь хууль, эрх зүйн мэдлэг 14, дүн шинжилгээ хийх чадвар 7, асуудал шийдвэрлэх чадвар 8, монгол хэлний ярианы болон бичгийн чадвар 13, удирдан зохион байгуулах, манлайлах чадвар, багаар ажиллах чадвар нийт 26, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин 21 нийт 89 оноог тус тус авч, шалгалтанд оролцогчид шалгалтын дүнг хүлээн зөвшөөрч, шалгалтын дүнгийн хуудсанд гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.[3] Дээрхи шалгалтын дүнгээр Гөлгөөгийн Мягмарсүрэн нь нийт 89 оноогоор  Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны даргын албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтанд 1 дүгээрт эрэмблэгдсэн байна. Энэхүү шалгалтын дүнг эс зөвшөөрч тусгай шалгалтанд оролцогч Машбаярын Алтанцэцэг нь 2023 оны 2 дугаар сарын 01-нд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан.[4] Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 02/880 дугаартай “Гомдлын хариу хүргүүлэх тухай” албан бичгийг гомдол гаргагч М.Алтанцэцэгт хүргүүлжээ.[5]  Тус албан бичигт: “...Нэр дэвшигч Г.Мягмарсүрэн нь Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/07 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ойн албаны даргын албан тушаалын тодорхойлолт”-д зааснаар, тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлага болох боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлагын шаардлагыг тус тус хангасан байна... Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны даргын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулагдсан” гэж дурджээ.

                 Шалгалтын дүнг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 02 дугаар 01-ний өдрийн 02 дугаар хуралдаанаар хэлэлцүүлж, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” 06 дугаар тогтоолыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хүргүүлсэн байна.[6]

              Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар[7] Гөлгөө овогтой Мягмарсүрэнг ойн албаны даргын албан тушаалд томилжээ.

                Дорнод аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Комисс томилох тухай” 02 дугаар тогтоолоор батлагдсан Ажлын хэсгээс зохион байгуулсан Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны даргын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт нь Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ыг зөрчөөгүй болох нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 02/880 дугаартай албан бичиг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

               Нэхэмжлэгч М.Алтанцэцэгийн “... Миний хувьд “Удирдах зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадварын шалгаруулалтын оноог хүлээн зөвшөөрөхгүй байна. Шалгалтын дүнг тухай бүрт мэдээллэх үүргээ ноцтой зөрчиж, нэг талыг барьсан шийдвэр гаргасан, мөн шалгалтыг яг үнэн зөвөөр шийдвэрлэсэн, дүгнэсэн гэдэгт эргэлзэж байна ... мэргэжлийн шаардлага дээр “Ой зүйч” байхыг шаарддаг. Миний мэргэжил нь ажлын байрны шаардлагад бүрэн нийцсэн байгаа. Гэтэл Мягмарсүрэнгийн мэргэжил нь экологи, байгаль хамгаалагчийн бакалаврын зэрэгтэй ...” гэх агуулга бүхий гомдлууд нь хавтаст хэрэгт авагдсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 5.4-т “Бүртгэлтэй холбоотой гомдлыг ажлын 1 өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд комисс уг гомдлыг ажлын 3 өдрийн дотор хянан эцэслэн шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд тухайн үед сонгон шалгаруулалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хуульд заасан хугацааны дотор гомдол гаргаагүй байгааг дурдах нь зүйтэй. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т “энэ хуулийн 27.1.3-т заасны дагуу нөхөх боломжгүй бол нээлттэй сонгон шалгаруулалт зарлах”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д “... тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг мөн хуулийн 27.1.1, 27.1.2-т төрийн албан хаагчаас болон мөн хуулийн 27.1.3-т заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна.”, мөн хуулийн 33.4-т “Энэ хуулийн 33.2-т заасан ... тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг төрийн албаны төв байгууллага зохион байгуулна” гэж тус тус хуульчилжээ.

               Дээрхи хууль болон холбогдох журмын дагуу зохион байгуулсан шалгалтын дүнгээр Гөлгөөгийн Мягмарсүрэн нь нийт 89 оноогоор  Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны даргын албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтанд 1 дүгээрт эрэмблэгдсэнийг буруутгах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Г.Мягмарсүрэн нь Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/07 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ойн албаны даргын албан тушаалын тодорхойлолт”-д зааснаар, тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлага болох боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлагын шаардлагыг тус тус хангасан байна. Иймд Дорнод аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгуулсан тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны даргын албан тушаалын сул орон тоог нөхөх шалгалтыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

                 1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4, 33 дугаар зүйлийн 33.3, 33.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч М.Алтанцэцэгийн, Дорнод аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд холбогдуулан гаргасан, Дорнод аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгуулсан тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны даргын албан тушаалын сул орон тоог нөхөх шалгалтыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

                2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн  шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  14  хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.      

                   

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               П.АМАРЖАРГАЛ

 

[1] Хавтаст хэргийн 28-р хуудас

[2] Хавтаст хэргийн 34-р хуудас

[3] Хавтаст хэргийн 32-33-р хуудас

[4] Хавтаст хэргийн 5-р хуудас

[5] Хавтаст хэргийн 17-р хуудас

[6] Хавтаст хэргийн 29-31, 41-р хуудас

[7] Хавтаст хэргийн 46-р хуудас