Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 1625

 

 

 

 

 

 

 

 

 

П.Д нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Б даргалж, шүүгч Т.Т, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/01873 дугаар шийдвэртэй, П.Д нэхэмжлэлтэй, хариуцагч “П”ХХК болон Т.О нарт холбогдох, худалдах, худалдан авах гэрээг цуцлах, хохиролд 38 680 186 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Э илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Л өмгөөлөгч Б.С хариуцагч Т.О, хариуцагч нарын өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2014 онд ТВ-8 телевизээр гарсан зарын дагуу Баянгол дүүрэг 3 дугаар хороонд байрлах П трейд зочид буудлын барны дотоод тохижилтыг компанитай нь зарна гэсэн зарын дагуу Т.О уулзсан. Хэд хоногоос Т.О уулзаж худалдах, худалдан авах гэрээ хийж 23 500 000 төгрөгөөр компани, тусгай зөвшөөрөл, баарны тохижилт, тоног төхөөрөмж худалдан авахаар тохирсон. Д.Б гуайгаас бааранд засвар үйлчилгээ хийж болохуу гэхэд болно гэхээр нь урагшаа Хятад улс руу захиалга өгч буйдан, ширээ хөшиг, гэрлүүдийг авчирсан. Засвар хийж байхдаа Д.Б гуайд 3 жилийн түрээсийн гэрээг хийе гэхэд “чамтай түрээсийн гэрээ хийхгүй. Чи Т.О учраа ол, мөнгө төгрөг өгснөө надад хэлэхгүй яасан юм. Т.О надад өртэй, тийм хүнээс яах гэж худалдаж авдаг юм. Надаас авсан бол тусгай зөвшөөрлийг чинь 5 000 000, 6 000 000 төгрөгөөр гаргаад чамд зарчихна ш дээ” гэж хэлсэн. Энэ талаар Т.О хэлэхэд би Д.Б гуайд хэдэн төгрөгийн өртэй юм, тэрийг нь өгчихнө л гэсэн. Надтай гэрээ хийхгүй байгаа талаар хэлэхэд би хэлчихнээ л гэсэн. Ингээд бүжигчидийн зөвшөөрөл авч өгнө гэж хэлсэн боловч авч өгөөгүй. Дараагийн ээлжинд засвар үйлчилгээ хийж байх явцад 2 залуу ирсэн. Т.О неоны гэрэл нэг дуучных байгаа юм, ирж авна гэж хэлсэн. Тэгсэн хоёр залуу орж ирээд 2 том дипүзер аваад явсан. Гэтэл Д.Б гуай хөшиг нь минийх, буйдан сандлууд нь минийх гэсэн. Ингээд тэр дотор эвдэрхий хөргөгч л үлдсэн. Уг нь дэлгэц, компьютер байсан боловч намайг урагшаа явсан хойгуур Т.О өөрт байсан түлхүүрээр онгойлгоод ороод авсан байсан. Утсаар ярьж учрыг нь асуухад процессорыг нь авчирч өгсөн. Түүнд тусгай зөвшөөрөл, тохижилт зарсан биз дээ, гэтэл А-4 цаасан дээр бичсэн зүйлийг би 23 500 000 төгрөгөөр худалдаж авахгүй гээд бид хоёр маргалдсан. Тэр үед Т.О өгсөн мөнгөөр чинь АНУ руу явах визинд хүнд өгсөн. Надад чамд өгөх мөнгө байхгүй. Ямар ч байсан би дахиад зар тавиад мөнгийг чинь гаргаж өгье. Нэгэнт чи засвар тохижилт хийсэн юм чинь ажиллуулж бай гэсэн. Миний ажиллуулсан хугацаа сар гаран л байгаа. Бүжигчидийн зөвшөөрлийг авч өгнө гэсэн боловч авч өгөөгүй тул 6 дугаар сарын 08-ны өдөр би өөрөө хөөцөлдөж авсан. Т.О мөнгө олж өгнө гэж хэлээд алга болсон. Эргэж надтай 7 сард уулзаад баарыг хүмүүст үзүүлье түлхүүрээ өгч бай гээд өөрөө дотор нь ороод суусан. Энэ үеэс эхлэн миний засаж хийсэн тохижилт дээр баарыг надад зарсан бичиг баримтаа үндэслэн ажиллуулсан. Учрыг нь асуухад Д.Б уулз, битгий өгөөрэй гэсэн гэдэг. Энэ хоёрын хэн нь үнэн, худал яриад байгаа нь мэдэгддэггүй. Т.О “Цаст богдын Оргил” ХХК, 7 480 000 төгрөгийн өөрийн үндсэн хөрөнгөтэй гэдэг хоосон цаас худалдаж авсан. Бид хэдийгээр бэлэглэлийн гэрээ хийсэн боловч баарыг тохижилтын хамт худалдаж авсан. Гэтэл Т.О худалдсан эд зүйл хөрөнгө нь эрхийн зөрчилтэй, биет байдлын доголдолтой, “Цаст богдын Оргил” ХХК-ийг бүхэлд нь буюу компаний үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, компаний санхүүд тусгагдсан байгаа техник тоног төхөөрөмжүүд, “П’’ХХК-тай байгуулсан урт хугацааны тогтвортой түрээсийн гэрээ, Нийслэлийн аялал жуулчлал, соёлын газраас олгодог тусгай зөвшөөрөл, тайчих үзүүлбэр үзүүлэх тусгай зөвшөөрөлүүдийг шилжүүлэх үүрэг хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, өгсөн 23 500 000 төгрөгөө Т.О нэхэмжилж байна. Т.О албан ёсоор хүлээлгэж өгсөн гэж байгаа боловч өгсөн хөрөнгөө акт үйлдээд нэг бүрчлэн жагсаагаад шилжүүлэх ёстой байсан. Баарны дотор тохижилтийг хийж хийсэн хөрөнгө байрандаа үлдсэн тул тохижилтонд зарцуулсан хохирол 15 180 186 төгрөгийг хариуцагч “П”ХХК-аас нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Т.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Т.Л, П.Д нар ирээд зараа устгачих бид баарыг худалдаж авъя гэснээр 1 сард баарыг хүлээлгэж өгсөн. 4 дүгээр сард эрх шилжүүлэх гэрээ хийгдэж “Ц” ХХК-ийн үйлдвэрлэл үйлчилгээ, баарны үйл ажиллагаа явуулах эрх, зарим дагалдах тоног төхөөрөмжийн хамт албан ёсоор шилжүүлж өгсөн. Байр нь “П”ХХК-ийн өмч, би түрээсээр 2 жил ашиглаж байсан. Засан сайжруулахтай холбоотой асуудалд “П” ХХК хяналт тавьдаг байсан. Баарыг 2014 оны 01 дүгээр сард хүлээлгэж өгөөд энэ хүмүүс 7 дугаар сар хүртэл өөрсдөө ажиллуулаад 2014 оны 12 дугаар сараас хойш би өөрөө ажиллуулж эхэлсэн. Миний хувьд “Ц” ХХК-ийг хуулийн дагуу шилжүүлсэн. Цаашид үйл ажиллагаа яаж явуулах нь өөрсөдтэй нь холбоотой асуудал. Би гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Надад доголдолын талаар мэдэгдээгүй. Шаардлага тавиагүй. Доголдол гэж яриад байгаа зүйлээ нотлоогүй. Надад баарыг буцааж хүлээлгэж өгөөгүй. Бүжигчидийн зөвшөөрөл гэж байна. Тэр зөвшөөрөл хувь хүн дээр, захиралынх нь нэр дээр гардаг зөвшөөрөл. Би улсад тушаадаг мөнгийг нь өг гэхэд өгөхгүй явсаар өөрсдөө гаргаж авсан. “Ц” ХХК нь улсад бүртгэгдсэн эд хөрөнгө, хувьцаа байхгүй. 748 ширхэг хувьцаа бол нэрлэсэн үнийн хувьцаа. Түүнээс биш улсын бүртгэлд бүртгүүлсэн албан ёсны хувьцаа биш. Үйл ажиллагааны орлого, цаашид өсөн нэмэгдэх үнэ цэнийг харгалзан тооцоолоод, компаний захирал, төлөөлөн удирдах зөвлөл нь дүрмийнхээ сангаар нэрлэсэн үнийнхээ хувьцааг тогтоодог юм байна лээ. Компанийг шилжүүлэхэд П.Д гэж хүн өөрөө дүрмийнхээ санг батлаад хувьцаагаа өөрөө шийддэг зүйл. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч “П” ХХК-ийн захирал Д.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч хэдэн газар очиж засвар хийгээд байгаа юм бэ. 15.000.000 төгрөгийн задаргааг сүүлд нөхөж бичиж өгсөн бололтой байна. Тийм айхтар засвар хийсэн зүйл байхгүй. Эд нар өөрсдөө баарыг ажиллуулахгүй хаяж явчихаад, хаяад явснаа ярихгүй одоо юу яриад байгаа юм. 2014 оны 7 дугаар сараас 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл түрээсээ өгөхгүй хаяж явчихаад энэ улс одоо хаачсан юм. Бид 1 жилийн хугацаатай аман гэрээ хийсэн болохоос би энэ хүнийг боль гэж гаргаагүй. Ганцхан сар ажилласан гэж худлаа ярьж болохгүй. Би та нарыг засвар хий, манайхыг түрээслэ гэж авчраагүй. Би та нарыг хөөж гаргаагүй. 7 дугаар сараас 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл өөр хүнд 5 000 000 төгрөгөөр түрээслэсэн байдаг. Тэгчихээд одоо сар гаруй ажилласан гэж байна. Хэн хэнд түрээслэснээ өөрөө мэдэж байгаа. Надад түрээслэхээ болилоо ч гэж хэлэлгүй түлхүүрийг өөр газар аваачаад хаясан байсан. Хэрэглээний зардлаа одоо болтол төлөөгүй. Энэ хүнд нэг ч тохижуулсан зүйл байхгүй. Надаас 15 000 000 төгрөг нэхэх биш харин ч надад өгөх ёстой. Би энэ баарнаас ямар нэгэн эд зүйл аваагүй. Тохижилт нь надад хамаагүй. Хийсэн бол тэрийгээ аваад гарч болох л байсан. Надад хөрөнгө оруулалт нь хэрэггүй. Түрээслэсэн хугацаанд юугаа хийх нь надад хамаагүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.О 23 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Д олгож, хариуцагч “П” ХХК-аас хохиролд 15 180 186 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П.Д нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351 360 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Т.О 275 450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн нарын өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч П.Д нь анх 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Тус бааранд байсан эд хогшлуудыг Т.О нь миний эзэмшлийн хөрөнгө хэмээн худалдсан. Гэтэл үйл ажиллагаа явуулж эхэлтэл баарны эд хөрөнгө бусад хүмүүсийн өмчлөлийнх байсан. Эд хөрөнгийг хүмүүс нь салган авснаар уг баарыг ажиллуулахад хэцүү болсон. П.Д ““Ц”” ХХК-ийн тамга, гэрчилгээнээс өөр зүйл байхгүй. Иргэний хуулийн 253, 254, 256 дугаар зүйлд зааснаар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Т.О 38 680 186 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлж нэхэмжлэл гаргасныг тус шүүхээс хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч П.Д нэхэмжлэлд дурдсан үйл баримттай холбоотой асуудлаар Т.О холбогдуулан дахин нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс иргэний хэрэг үүсгэж, улмаар хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Т.О 23 500 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд “бүжигчдийн зөвшөөрөл авч өгнө гэсэн боловч авч өгөөгүй”, дараагийн засвар үйлчилгээ хийж байх явцад 2 залуу ирсэн.Т.О неоны гэрэл нэг дуучных байгаа юм, ирж авна гэж хэлсэн. Тэгсэн 2 залуу орж ирээд 2 том дипүзер аваад явсан. Гэтэл Д.Б гуай хөшиг нь минийх, буйдан сандлууд нь минийх гэсэн. Уг нь дэлгэц, компьютер байсан боловч намайг урагшаа явсан хойгуур Т.О өөртөө байсан түлхүүрээр онгойлгоод ороод авсан байсан.” гэх тайлбар нь бодит байдалд нийцээгүй, анхнаасаа үндэслэлгүй гэдэг нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэгээс харагддаг. Тодруулбал, гэрч Н.А 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн мэдүүлэгт ...зааланд нь шал, гэрэлнүүдийг сольсон........хөшигнүүдийг сольсон” гэх мэдүүлэг, гэрч Т.Л 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн мэдүүлэгт “ Баарыг ажиллуулах гэж байхад янз бүрийн хүмүүс ирж, тус газрын гэрэлтүүлэг нь манайх, хөшиг нь манайх  авмаар байна гэдэг байсан” гэх мэдүүлэг, гэрч М.Ц 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн мэдүүлэгт “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Таныг тус бааранд ажиллаж байхад тус баарны эд хогшлыг хүмүүс ирж авдаг байсан уу, хэрэв авдаг байсан бол юу гэж хэлж авдаг байсан бэ гэхэд, гэрч: авдаг байсан, сандал ширээ, гэрэлтүүлэг, дипүзер, тоног төхөөрөмжийг минийх гэж хэлээд авдаг байсан гэв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Компанийн захирал гэж хүн ирж авдаг байсан уу, Т.О ирж авдаг байсан уу гэхэд, гэрч Т.О гэж байсан байх гэв” Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой харьцуулан үзэлгүй зөвхөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн баримтаар нотлогдоогүй тайлбарт үндэслэж дүгнэлт хийсэн төдийгүй хариуцагч нь гэрэээгээр компанийн эрхийг шилжүүлсэн боловч 7 480 000 төгрөгийн үнэ бүхий 100 хувийн хувьцааг шилжүүлээгүй, хариуцагч 2014 оны 12 дугаар сараас эхлэн баарыг ажиллуулж байгаа үйл баримтууд шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна гэснээс үзэхэд шүүх хэрэгт хамааралгүй, нэхэмжлэлийн үндэслэл болоогүй асуудлаар дүгнэлт хийсэн байгаа бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 болон шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх зарчимтай нийцээгүй. Нөгөөтэйгүүр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа....бол” шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “энэ хуулийн 65.1.6-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан. Нэхэмжлэгч П.Д нь шүүхэд дахин хариуцагч Т.О холбогдуулж гаргасан нэхэмжлэлдээ худалдах, худалдан авах гэрээг цуцалж гэрээгээр шилжүүлсэн 23 500 000 төгрөгийг Т.О нэхэмжлэх болсон шалтгаанаа 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 03 тоот бэлэглэлийн гэрээ болон эрх шилжүүлэх гэрээгээр худалдан авсан эд хөрөнгө нь эрхийн зөрчилтэй, биет байдлын хувьд доголдолтой байсан гэх нөхцөл байдалтай холбон тайлбарладаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан дээрх үйл баримттай холбоотой асуудлаар 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Т.О холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж дахин нэхэмжлэл гаргасан хэдий ч нэхэмжлэлийн шаардлага нь өмнөх нэхэмжлэлийн үйл баримтад үндэслэсэн гэдэг шүүх хуралдааны үед тогтоогдсон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэгч дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шүүхээр дахин хэлэлцэх үндэслэл тогтоогдоогүй байхад хэт нэг талыг барьж хэргийг дахин шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Нэхэмжлэгч П.Д нь хариуцагч Т.О худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээгээр шилжүүлсэн 23 500 000 төгрөг гаргуулах, хариуцагч “П” ХХК-аас хохирол 15 180 186 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ./хэргийн 1-2, 35, 157 дугаар тал/

 

            Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч П.Д хариуцагч Т.О нарын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 03 тоот бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан боловч Т.О “Ц” ХХК-ийн эрх 7 480 000 төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг хувьцаа, Баянгол дүүрэг 2 дугаар хороо П зочид буудлын 2 дугаар давхарт байрлах баарны тоног төхөөрөмж, эд зүйлийг 23 500 000 төгрөгөөр П.Д худалдан авсан болох нь зохигчдын тайлбар, гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, мөнгө хүлээлцсэн баримт зэрэг баримтуудаар тогтоогдсон болон тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

            Талууд хэдийгээр “Ц” ХХК-ийн эрх 7 480 000 төгрөгийн үнэ бүхий 100 хувийн хувьцаа, Баянгол дүүрэг 2 дугаар хороо “П”зочид буудлын 2 дугаар давхарт байрлах баарны тохижилт, тоног төхөөрөмж худалдахаар тохирч компаний эрхийг шилжүүлсэн байх боловч гэрээгээр хэдэн төгрөгийн үнэтэй ямар тоног төхөөрөмж, эд хөрөнгийг шилжүүлсэн болох нь тодорхойгүй, хариуцагч худалдах худалдан авах гэрээний үүргээ хэрхэн гүйцэтгэсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байгаа талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Гэрчүүд баарны тоног төхөөрөмж, тавилгыг өөр бусад этгээдүүд авч явсан талаар мэдүүлсэн байгаа нь хариуцагч Т.О гэрээгээр тохиролцсон зүйлийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн болохыг нотлох баримт болохгүй юм. Өөрөөр хэлбэл доголдолгүй эд хөрөнгө шилжүүлсэн болохыг нотлохгүй юм.

            Нэхэмжлэгч гэрээнээс татгалзах талаар Т.О мэдэгдэж, хариуцагч 2014 оны 12 дугаар сараас эхлэн баарыг өөрөө ажиллуулж байгаа үйл баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар тогтоогдож байна. Иймээс талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний зүйлийг харилцан буцааж өгөх үүрэгтэй тул хариуцагч Т.О  23 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлжээ.

 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэн өгөх үүрэгтэй бөгөөд гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар, иж бүрдлийн талаар ямар нэг дутагдалтайн улмаас худалдан авагчийн ахуйн болон үйлдвэрлэлийн хэрэгцээг хангаж чадахгүй эд хөрөнгийг биет байдлын доголдол гэж үзэхээр Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасныг шүүх зөв тайлбарлан хэрэглэжээ. Мөн Иргэний хуулийн 188 дугаар зүйлийн 188.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.О нь худалдаж буй эд хөрөнгийн талаар үнэн зөв бөгөөд бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүргээ биелүүлээгүй буруутай талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

            Түүнчлэн, нэхэмжлэгчийн “П” ХХК-аас баарны дотоод тохижилтонд зарцуулсан 15 180 186 төгрөгийг хохиролд тооцон гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаж маргаагүй тул дүгнэлт хийх шаардлагагүй болно.

 

            Иймээс давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/01873 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351 360 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.БАТЗОРИГ

 

                                                 ШҮҮГЧИД                                Т.ТУЯА

 

                                                                                                    С.ЭНХТӨР