Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2021/00200

 

 

П.Дэлгэрмөрөнгийн нэхэмжлэлтэй

           иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/01873 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1625 дугаар магадлалтай,

 

П.Дэлгэрмөрөнгийн нэхэмжлэлтэй,

Т.Очирчуулган, Панорома трейд ХХК-д холбогдох,

 

Гэрээ цуцалж, хохиролд 38.680.186 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Эрдэнэхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Лхагважаргал, өмгөөлөгч Б.Гантөмөр, хариуцагч Т.Очирчуулган, өмгөөлөгч Г.Эрдэнэхүү, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч П.Дэлгэрмөрөн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зарын дагуу Баянгол дүүрэг 3 дугаар хороонд байрлах Панорама трейд зочид буудлын барны дотоод тохижилтыг компанитай нь зарна гэсэн зарын дагуу Т.Очирчуулгантай уулзахад 3 жилийн түрээсийн гэрээ хийх үү гэхэд хийнэ гэж хэлсэн. Ингээд тохиролцсон. Хэд хоногоос Т.Очирчуулгантай уулзаж худалдах, худалдан авах гэрээ хийж 23.500.000 төгрөгөөр компани, тусгай зөвшөөрөл, барны тохижилт, тоног төхөөрөмж худалдан авахаар тохирсон. Д.Бямбадорж гуайгаас баранд засвар үйлчилгээ хийж болох уу гэхэд болно гэхээр нь урагшаа Хятад улс руу захиалга өгч буйдан, ширээ хөшиг, гэрлүүдийг авчирсан. Засвар хийж байхдаа Д.Бямбадорж гуайд 3 жилийн түрээсийн гэрээг хийе гэхэд чамтай түрээсийн гэрээ хийхгүй. Чи Т.Очирчуулгантайгаа учраа ол гэсэн. Засвар үйлчилгээ хийж байх явцад 2 залуу орж ирээд 2 том дипүзер аваад явсан. Гэтэл Д.Бямбадорж гуай хөшиг нь минийх, буйдан сандлууд нь минийх гэсэн. Ингээд тэр дотор эвдэрхий хөргөгч л үлдсэн. Уг нь дэлгэц, компьютер байсан боловч намайг урагшаа явсан хойгуур Т.Очирчуулган өөрт байсан түлхүүрээр онгойлгоод ороод авсан байсан. Түүнд тусгай зөвшөөрөл, тохижилт зарсан биз дээ, гэтэл А-4 цаасан дээр бичсэн зүйлийг би 23.500.000 төгрөгөөр худалдаж авахгүй гээд бид хоёр маргалдсан. Ямар ч байсан би дахиад зар тавиад мөнгийг чинь гаргаж өгье. Нэгэнт чи засвар тохижилт хийсэн юм чинь ажиллуулж бай гэсэн. Миний ажиллуулсан хугацаа сар гаран л байгаа. Эргэж надтай 7 сард уулзаад барыг хүмүүст үзүүлье түлхүүрээ өгч бай гээд өөрөө дотор нь ороод суусан. Энэ үеэс эхлэн миний засаж хийсэн тохижилт дээр барыг надад зарсан бичиг баримтаа үндэслэн ажиллуулсан. Энэ хоёрын хэн нь үнэн, худал яриад байгаа нь мэдэгддэггүй. Т.Очирчуулганаас Цаст богдын Оргил ХХК, 7.480.000 төгрөгийн өөрийн үндсэн хөрөнгөтэй гэдэг хоосон цаас худалдаж авсан. Бид хэдийгээр бэлэглэлийн гэрээ хийсэн боловч барыг тохижилтын хамт худалдаж авсан. Гэтэл Т.Очирчуулганы худалдсан эд зүйл хөрөнгө нь эрхийн зөрчилтэй, биет байдлын доголдолтой, Цаст богдын Оргил ХХК-ийг бүхэлд нь буюу компаний үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй, компаний санхүүд тусгагдсан байгаа техник тоног төхөөрөмжүүд, Панорама трейд ХХК-тай байгуулсан урт хугацааны тогтвортой түрээсийн гэрээ, Нийслэлийн аялал жуулчлал, соёлын газраас олгодог тусгай зөвшөөрөл, тайчих үзүүлбэр үзүүлэх тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэх үүрэг хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, өгсөн 23.500.000 төгрөгөө Т.Очирчуулганаас нэхэмжилж байна.

Барны дотор тохижилтыг хийж хийсэн хөрөнгө байрандаа үлдсэн тул тохижилтод зарцуулсан хохирол 15.180.186 төгрөгийг хариуцагч Панарома трейд ХХК-наас нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Т.Очирчуулган шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Т.Лхагважаргал, П.Дэлгэрмөрөн нар ирээд зараа устгачих бид барыг худалдаж авъя гэснээр 1 сард барыг хүлээлгэж өгсөн. 04 дүгээр сард эрх шилжүүлэх гэрээ хийгдэж Цаст богдын Оргил ХХК-ийн үйлдвэрлэл үйлчилгээ, барны үйл ажиллагаа явуулах эрх, зарим дагалдах тоног төхөөрөмжийн хамт албан ёсоор шилжүүлж өгсөн. Байр нь Панарома трейд ХХК-ийн өмч, би түрээсээр 2 жил ашиглаж байсан. Засан сайжруулахтай холбоотой асуудалд Панорама трейд ХХК хяналт тавьдаг байсан. Барыг 2014 оны 01 дүгээр сард хүлээлгэж өгөөд энэ хүмүүс 07 дугаар сар хүртэл өөрсдөө ажиллуулаад 2014 оны 12 дугаар сараас хойш би өөрөө ажиллуулж эхэлсэн. Миний хувьд Цаст богдын Оргил ХХК-ийг хуулийн дагуу шилжүүлсэн. Надад доголдлын талаар мэдэгдээгүй. Шаардлага тавиагүй. Доголдол гэж яриад байгаа зүйлээ нотлоогүй. Надад барыг буцааж хүлээлгэж өгөөгүй. Компанийг шилжүүлэхэд П.Дэлгэрмөрөн гэж хүн өөрөө дүрмийнхээ санг батлаад хувьцаагаа өөрөө шийддэг зүйл. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Панорома трейд ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: 15.000.000 төгрөгийн задаргааг сүүлд нөхөж бичиж өгсөн бололтой байна. Тийм айхтар засвар хийсэн зүйл байхгүй. 2014 оны 07 дугаар сараас 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл түрээсээ өгөхгүй хаяж явчхаад энэ улс одоо хаачсан юм. Бид 1 жилийн хугацаатай аман гэрээ хийсэн болохоос би энэ хүнийг боль гэж гаргаагүй. Ганцхан сар ажилласан гэж худлаа ярьж болохгүй.  7 сараас 10 дугаар сарын 01 хүртэл өөр хүнд 5.000.000 төгрөгөөр түрээслэн явсан улсууд. Надад түрээслэхээ болилоо ч гэж хэлэлгүй түлхүүрийг өөр газар аваачаад хаясан байсан. Хэрэглээний зардлаа одоо болтол төлөөгүй. Энэ хүнд нэг ч тохижуулсан зүйл байхгүй. Хийсэн бол тэрийгээ аваад гарч болох л байсан. Надад хөрөнгө оруулалт нь хэрэггүй. Түрээсэлсэн хугацаанд юугаа хийх нь надад хамаагүй гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/01873 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар хариуцагч Т.Очирчуулганаас 23.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Дэлгэрмөрөнд олгож, хариуцагч Панорама трейд ХХК-наас хохиролд 15.180.186 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П.Дэлгэрмөрөнгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351.360 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Т.Очирчуулганаас 275.450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Дэлгэрмөрөнд олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1625 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/01873 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351.360 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Г.Эрдэнэхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 01873 дугаар шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дугаар сарын 04-ний өдрийн 1625 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1- д заасан хуулийн дээрх зохицуулалт нь нэг бодит нөхцөл байдлыг буюу нэг хэргийг шүүхүүд харилцан адилгүй шийдвэрлэх явдлаас сэргийлсэн агуулга бүхий заалт гэж ойлгогдохоор байгаа бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 24-ны өдөр анхан шатны шүүх хуралдаанаар П.Дэлгэрмөрөнгийн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэлд дурдсан үйл баримт нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцсэн эрх зүйн маргаантай харилцаанд үндэслэн маргааны зүйл өөрчлөгдөөгүй гэдэг нь тогтоогдсоор атал анхан шатны шүүх нэхэмжлэгчид ашигтайгаар хэргийг дахин шинээр шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэл зөв тодорхойлох түүнийгээ шүүхэд нотлох үүрэгтэй бөгөөд энэ үүргээ гаргагүйн улмаас Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж 2017 оны 01 дүгээр сарын 18 ны өдөр 00260 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Нэхэмжлэгч П.Дэлгэрмөрөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон үйл баримт нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш бий болсон шинэ нөхцөл байдалтай холбоотой гэдгээ нэхэмжлэгч баримтаар нотлоогүй. Хариуцагч нарын өмгөөлөгчөөс анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаатай холбогдуулан өмнө нь шийдвэрлэсэн хэргийн материалаас гэрчийн мэдүүлгүүд /гэрч Т.Лхагважаргал 193-194 , гэрч Н.Алтангэрэл 206-207, гэрч М.Цэвэлмаа хх191-1921 , анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлүүд хх176-180, 183-190, 211-220/, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлээ өөрчилсөн тухай 172-175 , 182, иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж хх181/ болон бусад холбогдох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулж гаргаж өгсөн боловч анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад болон зохигчдын нотлох үүргийн хуваарилалтад зөв дүгнэлт хийж үнэлээгүй, урьд нь 2 шатны шүүхээр дүгнэсэн харилцааг дахин дүгнэлт хийх байдлаар зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан тайлбарт үндэслэн хэргийг эсрэгээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий шаардлага хангаагүй гэж үзэж байна.

Иймд хуульд нийцүүлэн дүгнэлт өгч анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Нэхэмжлэгч П.Дэлгэрмөрөн нь хариуцагч Т.Очирчуулганд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 23.500.000 төгрөгийг буцаан гаргуулах, хариуцагч Панорама трейд ХХК-иас хохиролд 15.180.186 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус тус гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргасан байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч Т.Очирчуулганаас 23.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Панорама трейд ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Эрдэнэхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад дахин хянан шийдвэрлэсэн, ...хэрэгт авагдсан баримтад зөв дүгнэлт өгч үнэлээгүй, ...нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн... гэжээ.

 

Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

1.Т.Очирчуулганд холбогдох нэхэмжлэлийн талаар:

 

Т.Очирчуулган нь Цаст богдын оргил ХХК-ийн 7.480.000 төгрөгийн үнэ бүхий 748 ширхэг хувьцааг эзэмшиж байсан.

 

П.Дэлгэрмөрөн нь тус компаний хувьцаа болон Панорама трейд ХХК-ийн байранд байрлах баарны тохижилт, тоног төхөөрөмжийг 23.500.000 төгрөгөөр худалдан авахаар Т.Очирчуулгантай харилцан тохиролцож, 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Эрх шилжүүлэх гэрээ болон Бэлэглэлийн гэрээ байгуулж, Цаст богдын оргил ХХК-ийг өөрийн эзэмшилд шилжүүлж, 23.500.000 төгрөгийг Т.Очирчуулганд шилжүүлэн өгсөн нь тогтоогджээ /хэргийн 7-13, 16-18, 104-106 дугаар тал/.

 

Дээрх баримт, зохигчийн тайлбараар талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т нийцжээ.

 

    Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх ба зохигчийн хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Цаст богдын оргил ХХК П.Дэлгэрмөрөнгийн нэр дээр шилжиж улсын бүртгэлд бүртгэгдсэн боловч хариуцагч буюу худалдагч гэрээний зүйлийг нэхэмжлэгчид бүрэн шилжүүлэн өгсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба хариуцагч гэрээгээр тохиролцсон баарны тоног төхөөрөмжийг нэхэмжлэгчид шилжүүлсэн нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Худалдагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах тухайгаа мэдэгдсэн, Т.Очирчуулган нь 2014 оны 12 сараас баарны үйл ажиллагаа явуулж байгаагаа үгүйсгээгүй байна /хэргийн 232-233 дугаар тал/.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт байгаа баримтад тулгуурлан маргааны үйл баримтыг дүгнэж, Т.Очирчуулганаас 23.500.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв боловч гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг шийдвэрлээгүй, шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийг оновчтой сонгон хэрэглээгүй, уг алдааг давж заалдах шатны шүүх илрүүлж, залруулаагүй нь буруу.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-т зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

 

Дээрх зохицуулалтаар нэхэмжлэгч нь Цаст богдын оргил ХХК-ийн эрхийг Т.Очирчуулганы нэр дээр буцаан шилжүүлэх үүрэгтэй тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

 

2. Шүүх Панорама трейд ХХК-с 15.180.186 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хууль хэрэглээний алдаа гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6.-т зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгохоор мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-т зохицуулсан.

 

П.Дэлгэрмөрөн нь Т.Очирчуулганд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 38.680.186 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх ...худалдсан эд хөрөнгийн доголдолтой байдал нь гэрээ хүчин төгөлдөр бус байх үндэслэл болохгүй гэж үзэж, 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 260 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хүчинтэй байна /хэргийн 27-30, 36-37 дугаар тал/.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг өмнө нь гаргаж байгаагүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1625 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/01873 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1,-т заасныг баримтлан хариуцагч Т.Очирчуулганаас 23.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Дэлгэрмөрөнд олгож, Цаст богдын оргил ХХК-ийг Т.Очирчуулганы нэр дээр буцаан шилжүүлэхийг П.Дэлгэрмөрөнд даалгаж, хариуцагч Панорама трейд ХХК-с 15.180.186 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Дэлгэрмөрөнгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Г.Эрдэнэхүүгийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр төлсөн 351.360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Х.СОНИНБАЯР

 

Г.ЦАГААНЦООЖ

 

  Д. ЦОЛМОН

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2021/00200

 

 

Шийдвэр, магадлалд нэмэлт өөрчлөлт оруулах