Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/68

 

Г.Ганбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2021/0225/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Г.Давааренчин, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

              Прокурор                                      Ц.Цэен-Ойдов

              Хохирогчийн өмгөөлөгч               Л.Оюунсувд

              Шүүгдэгчийн өмгөөлөгч               Ө.Ганзориг

              Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 241 дугаар шийтгэх тогтоолтой Ганбаатарын Ганбаярт холбогдох, 2118001850213 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Г.Энхзулын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сум 14-р баг, 34-р байрны 32 тоотод оршин суудаг, урьд:

-2010 оны 10 сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2.т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж ял хойшилсон,

-2013 оны 03 сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5.д зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тэнссэн,

-2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3.т зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 28 хоногийн хорих ялаас Өршөөлийн хуулиар суллагдсан,

-2017 оны 11 сарын 02-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

-2018 оны 03 сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1.т зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар,

-2019 оны 08 сарын 02-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, 2020 оны 05 сарын 15-ны өдөр 72 тоот шүүгчийн захирамжаар 2 сар 29 хоногийн хорих ял болгон өөрчилсөн Бодонгууд овогт Ганбаатарын Ганбаяр. /ТЕ93102415 регистрийн дугаартай/

Дархан-Уул аймгийн прокуророос шүүгдэгч Г.Ганбаярыг 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, хуучин хороолол, 34 дүгээр байрны 32 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Г.Энхзулын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь дух, хүзүү, баруун шуу, баруун, зүүн сарвууны ар, баруун 5 дугаар хуруунд цус хуралт, дух, баруун, зүүн хацарт зулгаралт, зүүн зовхи, хацар, баруун, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 241 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Бодонгууд овогт Ганбаатарын Ганбаярыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8.д заасныг журамлан шүүгдэгч Г.Ганбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2118001850213 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, өршөөн хэлтрүүлж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9.д зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ганбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Г.Энхзул давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Г.Ганбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14-р зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5,1,12 дугаар зүйлийн 12.8.д зааснаар Өршөөлийн хуульд хамруулж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэргийн зүйлчлэл нь мөн тохироогүй байна гэж би бодож байна. Би Г.Ганбаярын хувьд гэр бүлийн хамаарал бүхий хүн бөгөөд үр хүүхдийг нь төрүүлээд хамт амьдарч байсан шүү дээ. Тиймээс хэргийн зүйлчлэл нь өөрөөр зүйлчлэгдэх байсан болов уу гэж бодож байна.

Г.Ганбаяр нь 2021 оны 06 сарын 21-ний өдөр намайг хэл амаар доромжилж, үснээс зулгааж, толгойн зулай, дагзны хэсэг рүү олон удаа гараараа цохиж, хэвлий хэсэг рүү хөлөөрөө олон удаа өшиглөж, дээрээс дэвсэж, миний хоолойг 2 гараараа удаа дараа боож алахыг завдаж, хана мөргүүлэх зэргээр догшин авирлаж зодож биед маань хөнгөн гэмтэл учруулчхаад уучлалт ч гуйхгүй, санаа зовсон шинжгүй байсан бөгөөд гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардлаас нэг ч төгрөг надад төлөөгүй байхад шүүх хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн гэж үзэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Өршөөлийн хуульд хамруулсан байх юм. Шүүх хурлын дараа надад “хохирлын мөнгө төлөхгүй” гээд “чамд өгөх мөнгө байхгүй” гэх мэтээр удаа дараа согтуу ярьж сэтгэл зүйн дарамт үзүүлсэн.

Би 5.030.000 төгрөг нэхэмжилж холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл шүүх “Саран Элит“ эмнэлэгт үзүүлсэн 280.000 төгрөгийг л Г.Ганбаяраас гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Г.Ганбаярт зодуулсны дараа нүүрний хэсэг битүү хавантай байсан учраас хамрын таславчны мурийлт эход сайн харагдаагүй юм билээ. Нүүрний хавдар буугаад ирсний дараа хамар өвчтэй, амьсгал гүйцэд авагдахгүй байсан тул Улаанбаатар хотод очиж эмнэлэгт 2021.9.13-ны өдөр очиж үзүүлсэн. Гэтэл “хамрын таславч мурийлттай байна” гэсэн онош гарч, тэгшлүүлэх хагалгаа хийлгэхэд 2.000.000 төгрөг болно гэсэн. Мөн биед учирсан зодуурын шархны сорвийг лазераар арилгуулахад 2.750.000 төгрөг болно гэж эмч хэлсэн боловч надад хагалгаа хийлгэх сорви арилгуулах 4.750.000 төгрөг байхгүй учир хагалгаа хийлгэж чадаагүй ирсэн. Би дахин шүүх эмнэлэгт үзүүлж “хамрын мурийлт” гэсэн оношоо шүүх эмнэлгийн дүгнэлтэд тусгуулах шаардлагатай байна. Миний “хамрын мурийлт” гэсэн онош дүгнэлтэд тусгагдаагүй учраас би иргэний журмаар ч хохирлоо нэхэмжилж авах боломжгүй болохоор болчхоод байгаа учраас шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна.

Энэ хагалгаа, эмчилгээний зардлыг Г.Ганбаяр надад урьдчилаад сэтгэл гаргаад өгсөн бол надад гомдоод байх зүйлгүй байх байсан. Би эмэгтэй хүн учраас хамрын мурийлтаа засуулаад сорвио арилгуулах зайлшгүй шаардлага байгаа учраас миний нэхэмжилсэн хохирлыг Иргэний хуулийн 505.1.д зааснаар бүрэн хэмжээгээр Г.Ганбаяраас гаргуулж өгнө үү гэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.т Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй... гэж заажээ.

Шүүгдэгч Г.Ганбаяр нь 2014 оны 03 сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.д зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 28 хоногийн хорих ялаас Өршөөлийн хуулиар суллагдсан байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ганбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.т заасныг журамлан Г.Ганбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 сарын 28-ны өдрийн 241 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1.т заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэен-Ойдов дүгнэлтдээ:

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй гэж заасан. Шүүгдэгч Г.Ганбаяр нь 2014 оны 03 сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181-р зүйлийн 181.2.1, 181.2. дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 28 хоногийн хорих ялаас Өршөөлийн хуулиар суллагдсан байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ганбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 хэсэгт заасныг журамлан Г.Ганбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Л.Оюунсувд тайлбартаа:

Хохирогч нь Г.Ганбаярт зодуулсны дараа нүүрний хэсэн битүү хавантай байсан учраас хамрын таславчны мурийлт эход сайн харагдаагүй юм билээ. Нүүрний хавдар буугаад ирсний дараа хамар өвчтэй, амьсгал гүйцэд авагдахгүй байсан тул Улаанбаатар хотод очиж эмнэлэгт/ 2021.9.13-ны өдөр очиж үзүүлсэн. Гэтэл хамрын таславч мурийлттай байна гэсэн онош гарч , тэгшлүүлэх хагалгаа хийлгэхэд 2 000 000 төгрөг болно гэсэн. Мөн биед учирсан зодуурын шархны сорвийг лазераар арилгуулахад 2 750 000 төгрөг болно гэж эмч хэлсэн боловч надад хагалгаа хийлгэх сорви арилгуулах 4 750 000 төгрөг байхгүй учир хагалгаа хийлгэж чадаагүй ирсэн байдаг. Дахин шүүх эмнэлэгт үзүүлж хамрын мурийлт гэсэн оношоо шүүх эмнэлгийн дүгнэлтэд тусгуулах шаардлагатай байна. Хамрын мурийлт гэсэн онош дүгнэлтэд тусгагдаагүй учраас иргэний журмаар хохирлоо нэхэмжилж авах боломжгүй болоод байгаа юм. Иймд шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг тайлбартаа:

Миний үйлчлүүлэгчийн хувьд баримтаар гарсан хохирлыг бүрэн төлсөн. Хохирогчийн хувьд цаашид гарах хохирол төлбөр зардлыг иргэний хэргийн шүүхээр нэхэмжлээд явах боломжтой. Прокурор өршөөл үзүүлэх тухай тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж эсэргүүцэл бичсэн нь үндэслэлгүй. Миний үйлчлүүлэгчийн хувьд хорих ялгүй гэмт хэрэг үйлдсэн байгаа гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан хохирогч Г.Энхзулын гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Г.Ганбаярт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3.т зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Дархан-Уул аймгийн прокуророос шүүгдэгч Г.Ганбаярыг 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, хуучин хороолол, 34 дүгээр байрны 32 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Г.Энхзулын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь дух, хүзүү, баруун шуу, баруун, зүүн сарвууны ар, баруун 5 дугаар хуруунд цус хуралт, дух, баруун, зүүн хацарт зулгаралт, зүүн зовхи, хацар, баруун, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Г.Ганбаярыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8.д заасныг журамлан шүүгдэгч Г.Ганбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, өршөөн хэлтрүүлж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Г.Ганбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзвэл шүүгдэгч Г.Ганбаяр нь 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, хуучин хороолол, 34 дүгээр байрны 32 тоотод гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Г.Энхзулын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь дух, хүзүү, баруун шуу, баруун, зүүн сарвууны ар, баруун 5 дугаар хуруунд цус хуралт, дух, баруун, зүүн хацарт зулгаралт, зүүн зовхи, хацар, баруун, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-шүүгдэгч Г.Ганбаярын өөрийнх нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Энхзул нэг залуутай утсаар холбоотой байдгийг нь мэдээд Энхзулыг “чи хэнтэй унтаж хэвтээд яваад байгаа юм бэ” гэж орилж хашхираад хараалын үг хэлээд айлгасан юм. Энхзул надад “би чамаас өөр хүнтэй холбоотой” гэж хэлэхээр нь миний уур хүрээд зодсон юм. ...Миний буруу. Хохирол төлбөрийг төлнө...гэх мэдүүлэг, түүний  согтуурлыг шалгасан /2,69 хувь/ тухай тэмдэглэл /х.х-ийн 5/,

-хохирогч Г.Энхзулын “...2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нөхөр Ганбаяртай хамт түүний төрсөн эгч Энхнарангийн гэрт нь очсон. Тэгтэл Ганбаярын эгч нь найзуудтайгаа архи уугаад сууж байсан. Ганбаяр тэд нартай нийлээд архи уугаад нэлээн согтсон байсан, би Ганбаярыг дагуулаад 2021 оны 06 дугаар сарын 22-ны 01.00 цагийн үед гэрт хамт очихоор явж байхад Ганбаяр замдаа намайг элдэв үгээр доромжлоод, дайраад байсан. Бид хоёр Ганбаярын гэрт нь ороод байж байтал Ганбаяр намайг хэл амаар доромжлоод унтлагын өрөө рүүгээ чирч оруулаад, миний үснээс зулгаагаад, цохиж зодоод, миний хувцсыг урж тастаад, намайг дотоожтой шалдан гэрээсээ хөөгөөд гаргасан. Тэгэхээр нь би айлын хаалга тогшоод тусламж гуйгаад хүний утсаар цагдаад дуудлага өгсөн. ...Миний толгойн зулай, дагз хэсэг рүү, нүүр хэсэг рүү гараараа олон удаа цохисон, цээж хэвлий хэсэг рүү хөлөөрөө олон удаа өшиглөж, дээрээс дэвссэн, миний хоолойг хоёр гараараа боосон, үснээс зулгааж байгаад дагз хэсгээр хана мөргүүлсэн.” гэх мэдүүлэг /х.х-ийн 11/,

-гэрч Э.Энхнарангийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2021 оны 06 сарын 21-ний 17.00 цагийн үед өөрийн гэртээ байхад дүү Ганбаяр, эхнэр Энхзултайгаа хамт ирсэн. Тэр хоёр хоорондоо муудалцаад байсан. Тэгээд Ганбаяр эхнэр Энхзулыг цохих гээд гараа далайгаад дайрсан. Тэр үед нь би голоор нь ороод өөрөө цохиулсан юм. Эхнэр нь надад “аниа би Ганбаяраас айгаад байна, намайг гаргаад өгөөч” гэж хэлэхэд нь би Энхзулыг гаргаж өгсөн. Ганбаяр манайд үлдсэн юм. Орой Энхзул над руу залгаад “аниа би Дархан сумын 14 дүгээр баг 34-32 тоотод байрлах Ганбаярын гэрт байна, Ганбаярыг наанаа хонуулчхаарай, би энд хонолоо” гэж хэлсэн. Би Ганбаярт “Энхзул танайд хононо гэж байна, чи энд унтаарай” гэж хэлсэн. Ганбаяр тэр оройдоо гараад явчихсан байсан.” гэх мэдүүлэг /х.х-н17-18/,

-гэрч А.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би гэртээ 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр унтаж байхад өглөө 07.00 цагийн үед манай охин Энхзул аавынхаа утас руу залгаад надтай ярьсан. Энхзул надад “ээжээ, та тайван байгаарай, би үхэх гэж байна” гэж хэлсэн. Би сандраад “яасан бэ?” гэж асуухад Энхзул “Ганбаяр намайг зодчихлоо, та цагдаад хэлээрэй” гэж хэлсэн. Би “чи хаана байгаа юм бэ?” гэж асуухад Энхзул надад “би Дархан сумын 14 дүгээр баг 34-32 тоотод байрлах Ганбаярынд байна” гэж хэлсэн. Тэгээд би аавыг нь дагуулаад Ганбаярын гэрт очсон юм. Очиход Энхзулын үс гэзэг нь сэгсийсэн, нүүр ам нь хөхөрч хавдсан, толгойн орой хэсэгтээ хавдсан, гар, гарын хуруу нь хөхөрсөн, хүзүү хэсгээрээ боолгосон бололтой улайсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /х.х-ийн 21-22/,

-гэрч А.Гансүхийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өөрийн гэртээ байж байхад өглөө 06.00 цагийн орчим миний гар утас дуугараад авсан чинь манай охин Энхзул “ааваа, ээжтэй яръя” гэсэн. Манай эхнэр охинтойгоо ярьчхаад надад Энхзулыг Ганбаярт зодуулсан талаар хэлээд, эхнэр бид хоёр гэрээсээ гараад Ганбаярын гэр лүү нь очиход манай охин Энхзул Ганбаярын гэрт нь зодуулчихсан байж байсан. ...Энхзулын нүүр нь битүү хавдартай, хоёр нүдэнд нь цус хурсан, хоёр гар нь булчин хэсгээрээ хөхөрсөн, цээжнийх нь зүүн хэсгээр хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 24-25/,

-гэрч О.Энхмягмарын мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг дуудлагын дагуу очиход Энхзул гэх эмэгтэй айж сандарч, уйлсан, зодуулж цохиулсан бололтой нүд, гар нь хөхөрч, няцарсан байдалтай байсан ба би Энхзул гэх эмэгтэйгээс юу болсон талаар тодруулж асуухад “манай нөхөр Ганбаяр намайг зодчихоод зугтаагаад явчихлаа” гэж хэлсэн, хайгаад явж байхад “гэртээ ирчихлээ” гэж хэлэхээр нь би буцаад очиход Ганбаяр гэх хүн Энхзул гэх эмэгтэй рүү орилж, дайрсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 27/,

-гэрч Ц.Ёндоншаравын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад үүрээр 05.00 цагийн үед хаалга тогшоод байхаар нь онгойлгоход танихгүй эмэгтэй “ахаа утсаараа нэг яриулаач, би нөхөртөө зодуулчихлаа” гээд уйлаад байхаар нь би өөрийн утсаараа цагдаагийн 102 дугаар луу залгуулсан юм. ...Тухайн үед охин айж сандарсан, чичирсэн байдалтай байсан. Баруун доод зовхи нь хөхөрсөн, дух хэсэг нь хавдартай байсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 29-30/,

-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 381 дугаар “...Г.Энхзулын биед дух, хүзүү, баруун, зүүн зовхи, хамрын нуруу, баруун, зүүн хацар, эрүү, баруун, зүүн бугалга, баруун шуу, баруун, зүүн сарвууны ар, баруун 5-р хуруунд цус хуралт, дух, баруун, зүүн хацарт зулгаралт, зүүн зовхи, хацар, баруун, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /х.х-ийн 43-45/, хохирол нэхэмжилсэн баримт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдсон байна.  

Хохирогч Г.Энхзул нь ...анхан шатны шүүх Г.Ганбаярыг Өршөөлийн хуульд хамруулж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой. Хэргийн зүйлчлэл нь тохироогүй. Би Г.Ганбаярын хувьд гэр бүлийн хамаарал бүхий хүн бөгөөд үр хүүхдийг нь төрүүлээд хамт амьдарч байсан. Г.Ганбаяр нь намайг зодож биед маань хөнгөн гэмтэл учруулчхаад уучлалт ч гуйхгүй, санаа зовсон шинжгүй, эмчилгээний зардлаас нэг ч төгрөг төлөөгүй байхад шүүх хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн гэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Өршөөлийн хуульд хамруулсан. Би 5.030.000 төгрөг нэхэмжилсэн байхад “Саран Элит“ эмнэлэгт үзүүлсэн 280.000 төгрөгийг л Г.Ганбаяраас гаргуулахаар шийдвэрлэсэн. Г.Ганбаярт зодуулснаас болж “хамрын таславч мурийлттай байна” гэсэн онош гарч, тэгшлүүлэх хагалгаа хийлгэхэд 2.000.000 төгрөг, зодуурын шархны сорвийг лазераар арилгуулахад 2.750.000 төгрөг, нийт 4.750.000 төгрөг хэрэгтэй болсон. Би дахин шүүх эмнэлэгт үзүүлж энэ оношоо шүүх эмнэлгийн дүгнэлтэд тусгуулж хохирлоо нэхэмжилж авмаар байгаа тул шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлтэй. Энэ зардлыг Г.Ганбаяр надад урьдчилаад сэтгэл гаргаад өгсөн бол надад гомдоод байх зүйлгүй байх байсан. Би эмэгтэй хүн учраас хамрын мурийлтаа засуулах, сорвио арилгуулах зайлшгүй шаардлагатай учир дээрх хохирлыг бүрэн хэмжээгээр Г.Ганбаяраас гаргуулж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Г.Ганбаяр, хохирогч Г.Энхзул нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч, эхнэр нөхөр болох нь тогтоогдсон, үүнийг анхан шатны шүүх үгүйсгээгүй тул Г.Ганбаяр нь өөрийнхөө эхнэрийг зодож хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж түүний үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь зөв, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Ганбаяр нь урьд 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3.т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 240 дугаар шүүгчийн захирамжаар 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.т заасныг баримтлан Дүүргийн сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 03 сарын 11-ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3.т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлснээс эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 28 хоногийн хорих ялыг өршөөн хасаж хэлтрүүлжээ.  

2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.т “1991 оны 6 сарын 21-ний өдрийн хууль., 1996 оны 8 сарын 22-ны өдрийн хууль., 2000 оны 7 сарын 07-ны өдрийн хууль., 2006 оны 6 сарын 23-ны өдрийн хууль., 2009 оны 7 сарын 09-ний өдрийн хууль., 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй.” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Г.Ганбаяр нь урьд гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн боловч 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн дээрх Өршөөлийн хуулийн заалтад хамаарч эдлээгүй үлдсэн ялаас өршөөн хэлтрүүлсэн, урьд өршөөлд хамрагдсанаас хойш дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн хэдий ч түүний үйлдсэн гэмт хэргийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 гэсэн зүйлд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заасан ба хорих ял оногдуулах талаар хуульчлаагүй байна.

Өөрөөр хэлбэл: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т хорих ял оногдуулахаар хуульчилсан байсан бол, мөн уг ялыг оногдуулсан байсан бол өршөөлд хамааруулахгүй гэсэн хууль тогтоогчийн санаа, ойлголт юм.

Иймд шүүгдэгч Г.Ганбаярын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1.т заасан “Зарим хугацаа болон эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох” хэсэгт хамаарч байна.

Мөн дээрх 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8.д “Энэ хуулийн 5.1.д заасны дагуу эрүүгийн хэргийг .... яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж, энэ хуулийн 5.1.д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж тус тус заасан ба шүүгдэгч Г.Ганбаяр нь учруулсан хохирлоо нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8.д заасныг журамлан түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, дүгнэлт үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч Г.Ганбаяр нь давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө шийтгэх тогтоолоор гаргуулахаар шийдвэрлэсэн 280.000 төгрөгийг хохирогч Г.Энхзулд  төлсөн тухай баримтыг ирүүлсэн, мөн анхан шатны шүүх хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолдоо зааж тусгасан, мөн хэрэгт хохирогчийн “хамрын таславч мурийлттай” талаар баримт авагдаагүй, шинжээч дүгнэлтдээ энэ гэмтлийг орхигдуулсан, дүгнэлт үндэслэл муутай гарсан гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

Болсон хэргийн үйл баримт, шүүгдэгч Г.Ганбаярын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдлын талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх Эрүүгийн болон Өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин хохирогч Г.Энхзул нь шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах хангалттай, үндэслэл бүхий баримт, үүнтэй холбоотой гомдлоо прокурорт гаргах боломжтой.     

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох, эсхүл нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.Энхзулын гаргасан давж заалдах гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 241 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.Энхзулын гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                          ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ

                                                                      ШҮҮГЧ                                 Б.МАНЛАЙБААТАР

                                                                 ШҮҮГЧИД                                 Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                                   Ц.АМАРЖАРГАЛ