Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0241

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0225/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг,

Шүүгдэгч Г.Г- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г-т холбогдох 2118001850213 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Г.Г, 1993 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, урьд 6  удаагийн ял шийтгэлтэй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Г.Г- нь 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг хуучин хороолол 34 дүгээр байрны 32 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Г.Э-ыг эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь “дух, хүзүү, баруун шуу, баруун зүүн сарвууны ар, баруун 5 дугаар хуруунд цус хуралт, дух, баруун, зүүн хацарт зулгаралт, зүүн зовхи, хацар, баруун, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

- Шүүгдэгч Г.Г-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2021 оны 06 сарын 2-ний өдөр өөрийн эгч болох Энхнарангийнд Энхзултай хамт очоод байж байгаад Энхзулыг үлдээгээд Дархан сумын 14 дүгээр баг 34-32 тоотод байрлах өөрийн гэртээ ирсэн Энхзул удалгүй над руу залгаад ирээд ав гэж хэлсэн. Би буцаж очоод Энхзулыг аваад Дархан сумын 14 дүгээр баг 34-32 тоотод байрлах гэртээ 2021 оны 06 дугаар сарын 22 ны 01 цагийн орчим ирсэн. Тэгээд Энхзул нэг залуутай утсаар холбоотой байдгийг нь мэдээд Энхзулыг “чи хэнтэй унтаж хэвтээд яваад байгаа юм бэ” гэж асуугаад орилж хашхираад хараалын үг хэлээд айлгасан юм. Энхзул надад би чамаас өөр хүнтэй холбоотой байдаг гэж хэлэхээр нь миний уур хүрээд зодсон юм.

... Миний буруу. Хохирол төлбөрийг төлнө. гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4/,

 

-“Г.Г-ыг согтуурал шалгах драгер багажаар үлээлгэхэд 2,69 хувь гарсан” гэх согтуурал шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 5/,

 

-“Үнэлгээ дунд” гэх Аюулын зэргийн үнэлгээ хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 6-7/,

 

-Хохирогч Г.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нөхөр Ганбаяртай хамт Дархан сумын 8 дугаар багт байрлах Ганбаярын төрсөн эгч болох Энхнарангийн гэрт нь очсон юм. Тэгтэл Ганбаярын эгч нь найзуудтайгаа архи уугаад сууж байсан. Ганбаяр тэд нартай нийлээд архи уугаад нэлээн согтсон байсан би Ганбаярыг дагуулаад 2021 оны 06 дугаар сарын 22-ны 01 цагийн үед Дархан сум 14 дүгээр баг хуучин хорооллын 34-32 тоотод байрлах Ганбаярын гэрт хамт очихоор явж байхад Ганбаяр замдаа намайг элдэв үгээр доромжлоод дайраад байсан. Бид хоёр Ганбаярын гэрт нь ороод байж байтал Ганбаяр намайг хэл амаар доромжлоод унтлагын өрөөрүүгээ чирч оруулаад миний үснээс зулгаагаад цохиж зодоод, миний хувцсыг урж тастаад намайг дотоожтой шалдан гэрээсээ хөөгөөд гаргасан. Тэгэхээр нь би айлын хаалга тогшоод тусламж гуйгаад хүний утсаар цагдаад дуудлага өгсөн.

...Миний толгойн зулай, дагз хэсэг рүү, нүүр хэсэг рүү гараараа олон удаа цохисон, цээж хэвлий хэсэг рүү хөлөөрөө олон удаа өшиглөж дээрээс дэвссэн, миний хоолойг хоёр гараараа боосон, үснээс зулгааж байгаад дагз хэсгээр хана мөргүүлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11/,

 

-Гэрч Э.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 оны 06 сарын 21-ний 17 цагийн үед Дархан сумын 8 дугаар баг 11-6 тоотод байрлах өөрийн гэртээ байхад дүү Ганбаяр, эхнэр Энхзултайгаа хамт ирсэн. Тэр хоёр хоорондоо муудалцаад байсан. Тэгээд Ганбаяр эхнэр Энхзулыг цохих гээд гараа далайгаад дайрсан. Тэр үед нь би голоор нь ороод өөрөө цохиулсан юм. Эхнэр нь надад “аниа би Ганбаяраас айгаад байна намайг гаргаад өгөөч” гэж хэлэхэд нь би Энхзулыг гаргаж өгсөн. Ганбаяр манайд үлдсэн юм. Орой Энхзул над руу залгаад “аниа би Дархан сумын 14 дүгээр баг 34-32 тоотод байрлах Ганбаярын гэрт байна Ганбаярыг наанаа хонуулчихаарай, би энд хонолоо” гэж хэлсэн. Би Ганбаярт “Энхзул танайд хононо гэж байна, чи энд унтаарай” гэж хэлсэн. Ганбаяр тэр оройдоо гараад явцан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн17-18/,

 

-Гэрч А.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Дархан сум 13 дугаар баг их сургуулийн 3-14 тоот гэртээ 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр унтаж байхад өглөө 07 цагийн үед манай охин Энхзул аавынхаа утас руу залгаад надтай ярьсан. Энхзул надад “эжээ та тайван байгаараа би үхэх гэж байна” гэж хэлсэн. Би сандраад яасан бэ? гэж асуухад Энхзул “Ганбаяр намайг зодчихлоо, та цагдаад хэлээрэй” гэж хэлсэн. Би чи хаана байгаа юм бэ? гэж асуухад Энхзул надад “би Дархан сумын 14 дүгээр баг 34-32 тоотод байрлах Ганбаярынд байна” гэж хэлсэн. Тэгээд би аавыг нь дагуулаад Ганбаярын гэрт очсон юм.

...Ганбаярынд очиход Энхзулын үс гэзэг нь сэгсийсэн, нүүр ам нь хөхөрч хавдсан, толгойн орой хэсэгтээ хавдсан, гар, гарын хуруу нь хөхөрсөн, хүзүү хэсгээрээ боолгосон бололтой улайсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22/,

 

-Гэрч А.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Дархан сумын 13 дугаар баг 3-14 тоотод байрлах өөрийн гэртээ байж байхад өглөө 06 цагийн орчим миний гар утас дуугараад авсан чинь манай охин Энхзул ааваа ээжтэй яръя гэсэн. Манай эхнэр охинтойгоо ярьчихаад надад Энхзулыг Ганбаярт зодуулсан талаар хэлээд эхнэр бид хоёр гэрээсээ гараад Дархан сумын 14 дүгээр баг хуучин хорооллын 34-32 тоотод байх Ганбаярын гэрлүү нь явсан юм. Бид хоёрыг очиход манай охин Энхзул Ганбаярын гэрт нь зодуулчихсан байж байсан.

...Энхзулын нүүр нь битүү хавдартай, хоёр нүдэнд нь цус хурсан, хоёр гар нь булчин хэсгээрээ хөхөрсөн, цээжнийх нь зүүн хэсгээр хөхөрсөн байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25/,

 

-Гэрч А.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг дуудлагын дагуу дархан сумын 14 дүгээр баг 34-32 тоотод очиход Энхзул гэх эмэгтэй айж сандарч, уйлсан, зодуулж цохиулсан бололтой нүд гар нь хөхөрч, няцарсан байдалтай байсан ба би Энхзул гэх эмэгтэйгээс юу болсон талаар тодруулж асуухад “манай нөхөр Ганбаяр намайг зодчихоод зугтаагаад явчихлаа” гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27/,

 

-Гэрч Ц.Ё-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад үүрээр 5 цагийн үед хаалга тогшоод байхаар нь онгойлгоход танихгүй эмэгтэй “ахаа утсаараа нэг яриулаач, би нөхөртөө зодуулчихлаа гээд уйлаад байхаар нь би өөрийн утсаараа цагдаагийн 102 дугаарлуу залгуулсан юм.

...Тухайн үед охин айж сандарсан, чичирсэн байдалтай байсан. Баруун доод зовхи нь хөхөрсөн, дух хэсэг нь хавдартай байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30/,

 

-“...Г.Э-ын биед дух, хүзуү, баруун, зүүн зовхи, хамрын нуруу, баруун зүүн хацар, арүү, баруун зүүн бугалга, баруун шуу, баруун зүүн сарвууны ар, баруун 5-р хуруунд цус хуралт, дух, баруун зүүн хацарт зулгаралт, зүүн зовхи, хацар, баруун зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 381 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 43-45/,

 

-Г.Э-д тусламж үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 46-47/,

 

-Хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хавтаст хэргийн 156-158/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Г.Г- нь 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг хуучин хороолол 34 дүгээр байрны 32 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Г.Э-ыг эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь “дух, хүзүү, баруун шуу, баруун зүүн сарвууны ар, баруун 5 дугаар хуруунд цус хуралт, дух, баруун, зүүн хацарт зулгаралт, зүүн зовхи, хацар, баруун, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 381 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 43-45/ нотлогдож байна.

 

Шүүгдэгч Г.Г- нь хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулахдаа гэм буруугийн санаатай хэлбэрээр учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Г.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Э-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан бөгөөд хохирогч Г.Э- нь 5030000 төгрөг нэхэмжилж, холбогдох нотлох баримтуудаа ирүүлжээ. Г.Э-ын нэхэмжилсэн төлбөрийн 280000 төгрөг нь “Саран элит” эмнэлэгт ЭХО-нд харуулсан үзлэгийн зардал байх бөгөөд үлдэх 4750000 төгрөг нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбоотой урьдчилсан үзлэгийн зардал байна.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж хуульчилсны дагуу шүүгдэгч Г.Г-аас 280000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Э-д олгох нь зүйтэй байна.

Мөн хохирогч Г.Э- нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Г- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд мөн байна.

 

Шүүгдэгч Г.Г- нь 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 28 хоногийн хорих ялаас 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өршөөлийн хуулийн дагуу суллагджээ.

 

2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “...2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй.” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Г.Г-ын үйлдсэн гэмт хэрэг нь хорих ял хуульчлагдаагүй байна.

Иймд шүүгдэгч Г.Г-ын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дэх хэсэгт заасан “Зарим хугацаа болон эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох” хэсэгт хамаарч байна.

 

Уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-т “энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно, Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Г-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Г- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г.Г-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Г-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2118001850213 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, өршөөн хэлтрүүлсүгэй.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Я.ТУУЛ