Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 135/ШШ2024/00202

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 135/ШШ2024/00202

Дархан-Уул аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2022/01943/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс даргалж, шүүгч Б.Номин, шүүгч Г.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, .. сум, . багт байрлах Д ХК /РД: ../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, сум, баг, хороолол, . байр, . тооттоотод байрлах,Ц ХХК /РД: ..../-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хор учруулсны хохиролд 60,200,638 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Ц.Чинзориг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч И.А,

Гэрч Б.Төмөр,

Иргэдийн төлөөлөгч О.Мөнгөншагай,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлага үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Х шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц ХХК нь авто замын ажил хийх явцдаа дулааны шугам холбох газар шорооны ажлыг гүйцэтгэх үеэр 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр, 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрүүдэд тус тус 6 кв-ын кабель шугамыг тасалж гэмтээсэн байдаг. Тухайн гэмтэл зөрчил гарсан даруйд технологийн зөрчлийг судлан бүртгэх комисс газар дээр нь ажиллаж гаднын нөлөөтэйгөөр кабель шугам тасалсан зөрчлийг бүртгэж, бригад ажиллан гэмтлийг засварласан. Дархан хот үүсэн байгуулагдсанаас хойш 63 жилийн хугацаанд кабель шугамын насжилт, элэгдэл хорогдлын хугацаа дуусаж, ашиглалтын шаардлага хангахгүй болсон 6 кв-ын кабель шугамыг Д ХК-иас их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд шинэчлэн засварласан. Тэгтэл Ц ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж шинэ кабель таслагдсан учраас зөрчлийг судлан бүртгэх актаар тогтоосон үнийн дүнгээр нэхэмжилж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Ц ХХК нь тасалж гэмтээсэн 6/0,4 кв-ын ТП-23-аас ТП-31 рүү явсан 6 кв кабель шугамаар 13,126,940 төгрөгийн акт тогтоосон. Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ТП-23-аас ТП-31 рүү явсан 6 кв кабель шугам анх 1967 онд Дархан-Уул аймаг байгуулагдах үед ашиглалтад орсон нь техникийн паспортоор тогтоогдсон. Тэгэхээр Д ХК-ийн зөрчлийг шалган тогтоох комиссын ажиллах журмын 6.2.3-г баримталж насжилтаас шалтгаалсан хуучны шугам байгаа учраас 646,997 төгрөгөөр тухай шугамд муфьт буюу холбогч хийж актыг шинэчлэн тогтоосон. Иймээс дээрх актын үнийн дүнд өөрчлөлт орж 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 60,200,638 төгрөгийг нэхэмжилж байна. Дээрх төлбөрийг барагдуулах талаар удаа дараа мэдэгдсэн. Дээрх тасалсан кабель шугамаас Дархан-Уул аймгийн 2912 хэрэглэгч цахилгаан эрчим хүчээр тэжээгддэг. Дээрх 2912 хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагаа энэ мэт эрсдэл дор байна. Иймд Эрчим хүчний тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 болон Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар гэм хор учруулсан төлбөр 60,200,638 төгрөгийг Ц ХХК-аас гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү.

Аймгийн Засаг даргын Тамгын газартай Ц ХХК 1,1 тэрбум төгрөгөөр гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээн дээр Ц ХХК бүх зүйлийг хариуцаж хүлээнэ, туслан гүйцэтгэгч авахгүй гэсэн байдаг. Бид яагаад Ц ХХК-ийг хариуцагчаар татаад байгаа вэ гэхээр тэр замын ажлыг гүйцэтгэж байсан компани нь Ц ХХК байгаа. Хариуцагч компани бид энд хамааралгүй гэсэн зүйл ярьдаг. Нэхэмжлэгч хариуцагчаа тодорхойлдог хуулийн заалт байна. Мөн санаатай төөрөгдүүлээд байна. СОТ-ийн үед хийгдсэн байгаа кабель 646,997 төгрөгөөр бууруулсан гэж яриад байна. Хэрэгт байгаа нотлох баримтаа нэг бүрчлэн үзмээр байна. Үнийн дүн дээр маргаад байгаа 59,5 сая төгрөгийн акт нь насжилт болоогүй, 30 жилийн хугацаанд Дархан-Уул аймгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангах ёстой кабелыг энэ компани тасалчхаад одоо бид өгөхгүй, гэрээ хийсэн компаниасаа ав яагаад манайхаас нэхээд байгаа юм бэ гэдэг. Тендер зарлахад зураг төсөлд нь тусаагүй, газрын албаны мэдээллийн санд байгаагүй гэж ярьдаг. Гэтэл нотлох баримтад Газрын албаны мэдээллийн санд тусчихсан байна. Албан бичгээр хандсан, шүүх үзлэг хийхдээ нотолсон. Хоёрдугаарт манай төсөвт энэ шугам байхгүй гэж байгаа. Тэгвэл газраа ухаж байхад нь цахилгааны шугам гараад ирэхэд энэ асуудлыг ярихгүйгээр дур мэдэж газар шорооны ажлаа эхлүүлж, бүхэл бүтэн кабель шилжүүлсэн. Мэргэжлийн байгууллага хяналтаа тавих гэхээр эд нар стандартын дагуу шугамаа хийгээгүй, ил байж байхад нь татаад гараад ирсэн гэдэг асуудал ярьдаг. Зураг дээр тодорхой харагдана. Дулааны худаг хийхэд худаг цөмөрч шугамыг гэмтээсэн гэдэг нь зургаас харагдана. Мөн тухайн үеийн урсгал засвараар шугамыг яаж хийдгийг би мэднэ. Тэгэхээр мэргэжлийн байгууллага стандартгүй ажил хийнэ гэж байхгүй, дутуу дулимаг ажил хөрөнгө зарж хийх тийм ёсгүй ажил манай компани хийхгүй. 1967 оны кабель 59 сая төгрөг нэхээд байна гээд байгаа. Тусдаа төсөв гарчихсан, мэргэшсэн төсөвчин гээд тамга тэмдэг нь байгаа, мөн давхар К ХХК-иар үнэлгээ хийлгэсэн. Дулааны шугам хийж байсан Г ХХК чинь гэмтээсэн гэж ярьдаг. Тэгэхээр тухайн байгууллага хоорондоо ямар гэрээ байгуулаад, ямар нөхцөлөөр тохиролцсон гэдгийг манайх тэр компанитай гэрээ хийгээгүй учраас мэдэхгүй. Үнэхээр гүйцэтгэгч Ц ХХК ажлаа хийж дуустлаа хариуцлагаа хүлээгээд дараа нь ямар асуудал гарсан түүнийгээ өөрсдөө нарийвчилсан гэрээгээр зохицуулах эрх зүйн үндэслэл байгаа. Мөн мэдээллийн санд байхгүй учраас төсөв мөнгөнд ороогүй гээд байна. Үнэхээр газар дээр ажил хийх гэж байгаа бол Төрийн захиргааны төв байгууллага Газрын албанаас зөвшөөрөл авах ёстой. Гэтэл тэр зурагт Газрын албатай зөвшилцөөд дарга нь гарын үсэг зураад тамга тэмдэг дарсан зүйл байхгүй. Тэгэхээр газар дор юу байгааг энэ хүмүүс яаж мэдэх вэ гэдэг асуудал гарна. Дээрээс нь мэдээллийн санд бүртгэлтэй байна гээд байхад зураг төсөл гаргасан З гэдэг компани гэрчийн мэдүүлэг өгөхдөө зургаа гаргаад уншвал ойлгомжтой гэсэн байгаа. Тэгэхээр цахилгааны шугам байгаа учраас мэдээллийн санд тусгагдсан энэ газар дээр ажил хийхдээ тодорхой зөвшөөрөл аваад манайд хэлээд хяналт тавиулаад энэ ажлыг хийсэн бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байсан. Манайхыг хувийн компани гэж яриад байна, үгүй ээ бид Дархан-Уул аймгийн 110 гаруй мянган хэрэглэгч, дээрээс нь Сэлэнгэ аймгийн 70, 80 мянган хэрэглэгчийг хоногийн 24 цагийн турш цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахаар ажилладаг. Үүн дээр хөрөнгө оруулалт хийгээд дөнгөж хийсэн шугамыг 10 гаруй жил болоогүй таслаад хаячихаар эрсдэл үүрэгч нь хэрэглэгчид байгаа юм гэв.

2. ХариуцагчЦ ХХК-ийн захирал Б.Т, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д" ХК нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийнхээ шаардлагыг бууруулж 60,200,638 төгрөг нэхэмжилснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна. Үүнд: АШУИС-ийн уулзвараас ШУТИС-ийн чиглэлийн авто замын шинэчлэлийн ажлын захиалагч тал болох Д уг ажлын зураг, төсвийг дүрэм журмын шаардлагад нийцсэн гэж үзэж тендер зарласан байгаа. Нөгөө талаар тухайн ажилд Дархан хот Барилга захиалагчийн газар өдөр тутам хяналт тавьж ажилласан. З ХХК-ийн хийж гүйцэтгэсэн зураг, төслийн дагуу манай байгууллага гүйцэтгэлийг хийсэн. Энэ зураг дээр Д ХК-ний төлөөлөл хянаж гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг.

Уг зурагт цахилгаан, кабелын зураг, тусгагдаагүй мөн төсөвт цахилгааныг шилжүүлэх зардал байхгүй. Нотлох баримт: Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 12 дугаар сарын 27-ны ..... тоотоор ирүүлсэн 2022 оны Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн АШУИС-ийн уулзвараас Дархан-Уул аймаг дахь ШУТИС-ийн чиглэлийн авто зам, явган замын зураг, төсвийг ирүүлсэн материалаас харагдана.

Иймээс Д Сүлжээ ХК-аас ямар нэгэн зөвшөөрөл авах шаардлага байгаагүй учир манай компанийн хувьд буруутай үйлдэл байхгүй. Д ХК нь уг кабелыг байрлуулахдаа стандартын дагуу хийж гүйцэтгээгүй, дүрэм, журамд заасан хэмжээ, гүнд биш, кабель шугамын хамгаалалтын материал, анхааруулах тууз тавиагүй, дулааны шугамын тагны дээгүүр хөндлөн сул хаяж нэмгэн шороо хөрсөөр дарж орхисон байсан тул хэрэв буруутай гэж үзвэл тус компани өөрөө буруутай. Д ХК урьд нь цахилгаан кабель шугам татсан байдаг бол гүйцэтгэлийн зургийг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын архивд өгч, мэдээллийн санд бүртгүүлээгүй буруутай тул тухайн төсөл арга хэмжээний зураг төсөвт суугдаагүй байсан. Мэдээллийн сангаас кабель шугам байгаа эсэхийг авч, хийгдэх ажлын зураг төсөвт тусгах ёстой. Тухайлбал гэмтсэн гэх 1967 оноос хойш огт солигдоогүй ТП-23 дэд станцаас ТП-31 хүртэлх 6 кв-ийн кабель мэдээллийн санд бүртгэгдээгүй нь архивын лавлагаагаар гарч ирсэн. Иймээс гэмтсэн гэх кабель зураг, төсөлд тусаагүй байдаг. Энэ нь Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ... тоотоор шүүхэд ирүүлсэн албан бичгээр нотлогдоно. Замын ажлыг захиалагч тал Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс цахилгаан кабель шугам зураг төсөвт тусаагүй байхад тендер зарласан, мөн энэ ажилд өдөр дутам хяналт тавьж ажилласан Дархан хот барилга захиалагчийн газарт нэхэмжлэгч тал хандаж хохирол хариуцлага нэхээгүй нь ойлгомжгүй байна. Дээрх байгууллагуудыг зайлшгүй хариуцагчаар татах шаардлагатай гэсэн хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Нэхэмжлээд байгаа мөнгөн дүн нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Д ХК нь 2 удаа цахилгааны кабель гэмтэхэд муфьт сольсноос өөр ямар ч ажил хийгээгүй. Тухайн үед муфьт, холболтын ажлын хөлсний тооцоог манай байгууллага хийж байсан. Урьд нь байсан кабелийн утсаа шинэчлүүлж авна гэж их хэмжээний мөнгө нэхэмжлэх нь үндэслэлгүй. Уг компани цахилгааныг залгаж өгөхгүй өөрсдөө саад учруулж 10 гаруй хоног ямар ч шалтгаангүй ажил зогсоосон тул бид Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ... тоот албан бичиг хүргүүлж байж залгуулсан. Нөгөө талаас энэ кабель тасалсан гэх асуудал манайд хамаагүй. Манай компанитай гэрээтэй ажиллаж дулааны шугам солих ажил хийж байсан Г ХХК хийсэн. Энэ нэхээд байгаа кабель нь 2011 оны кабель, зам дагуу явуулсан байсан. Үүнийг бид өөрсдийн зардлаар замаас зайлуулсан. Хэрвээ энэ кабель шугам зураг төсөлд суугдсан байсан бол бид түүнийх нь дагуу ажлаа хийх байсан. Аль ч зураг төсөлд байхгүй байсан, ухаж байтал гэнэт гарч ирсэн. Ухаж байхад гарч ирсэн бол хамгаалалт байх ёстой. Энэ нь 1967 оны кабель байгаа. Яг шүүх дээр нэхээд байгаа кабель нь 1967 оны кабель байгаа. Тэгэхээр энэ Д ХК-ийг сайн ойлгохгүй байна. Бүх кабель шугам аймаг орон нутгийн хөрөнгөөр олон тэрбум төгрөгийн ажил хийгдээд байгаа. Хэрвээ манайх буруутай гэвэл бид буцаагаад аймгаас нэхнэ. Яагаад гэвэл танай зураг төсөвт байхгүй учраас. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Д ХК нь 1967 оны кабель, 2014 оны кабель гэж яриад байгаа. 2022 онд манай тасалсан гэх кабелын тухай огт ярихгүй байна. Мэргэжлийн байгууллагын оролцоотой зайлуулсан, энэ газар өөрсдөө орсон. Уг нь бидний ярьж байгаа кабель 1967, 2011 оны кабель яриад байгаа. Санаатайгаар ингэж яриад байх шиг байна. Очиж үзлэг хийсэн хүмүүс мэдэж байгаа байх. Нотлох баримтыг зохиомлоор бүрдүүлж болдог юм уу. Акт дээр нь манай гарын үсэг байхгүй. Үндсэн акт бичсэн хүний бичиг өөр, доор нь гарын үсэг зурсан хүн нь шал өөр 2 өөр хүн бичсэн байгаа. Тухайн үед Д ХК-иас ирж акт тогтоосон зүйл байхгүй бүгдийг сүүлд нөхөж хийсэн байгаа. Нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлдэг, шүүхийг төөрөгдүүлсэн зүйл яриад байна гэв.

3. Хариуцагчийн өмгөөлөгч И.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг гэм хор учруулснаас үүссэн маргаан байгаа. Нэхэмжлэгч тал гэрээний улмаас үүссэн харилцааны хор хохирлыг нэхэмжилж байгаа зааг ялгаатай хандаад байгаа. Гэм хор учруулснаас үүссэн маргаан нь шууд гэрээний маргаанаас биш шууд учруулсан маргааныг ярьж байгаа. Энэ нь Ц ХХК биш, Г гээд компани байгаа. Энэ компани яагаад орж ирж байна вэ гэхээр төсөв, хөрөнгө зурагт суугдсан, түншлэлийн гэрээ байгуулагдсан учраас, мэргэжлийн байгууллага учраас орж ирж байгаа. Энэ компаниуд Дулааны шугам зайлуулах мэргэжлийн байгууллага биш зам засах байгууллага учраас чиглэл чиглэлээр орж ирж байгаа. Техник аюулгүй ажиллагаагаа хангаад орж ирж байгаа. Анх Д ХК-иас зөвшөөрөл өгөөд, зөвшөөрөл аваад орж ирэх ёстой. Тэгэхээр хариуцагчаа зөв тогтоох ёстой. Тийм учраас гэм хорын тухай онцолж ярих ёстой. Шүүх бүрэлдэхүүн урьд нь анхааруулж байсан. Гэрээний асуудал энд хамаарахгүй, ямар байгууллага кабелийг гэмтээв, тэр байгууллага татагдах ёстой гэж. Энэ утгаараа Ц ХХК хариуцагч биш учраас энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Хоёрдугаарт Д ХК өөрсдөө эцсийн эцэст ямар хариуцлагатай байх ёстой вэ, өөрсдөө стандартаа зөрчсөн. Туузаа тавих, хатуу материалаар хамгаалалт хийх заалтаа зөрчсөн. Энэ нь Монгол Улсын Цахилгаан тоног төхөөрөмж, байгууламжийн дүрмийн 2.3-т байгаа. Хэрэв тууз шуудуу нь өргөн байвал огтлолцуулж тавих ёстой. Мэргэжлийн байгууллага ухаад лент нь гарч ирвэл анхаарна, хатуу зүйл гарч ирвэл анхаарна. Гэрчүүд хэлэхдээ тийм тэмдэг гараагүй гэсэн байгаа. Мөн гүнээ зөрчсөн 1 кв-с дээш хүчдэлтэй байвал 0,7-1 метрийн гүнд кабель байрлуулах ёстой, гэтэл нэхэмжлэгч байгууллага зүгээр хавтан дээр чулуудсан байгаа. Энэ стандартаа зөрчөөгүй бол ийм осол гарахгүй байсан. Нөгөө талаас нь яривал Д ХК бусдад аюултай байдлыг бий болгож байгаа. Тэнд ажиллаж байгаа хүн гэмтэх аюултай байсан. Ийм ийм буруутай үйлдэл байна. Мөн зөвшөөрөл яриад байна, зөвшөөрөл ярина гэдэг нь дүрмийн заалтаас харахад энэ байгууллага мэдээгүй, мэдэх боломжгүй, ямар нэгэн гүйцэтгэгч байгууллага цахилгаан шугамтай газар дураараа, хувиараа ухаж юм хийхээр бол Д ХК-иас зөвшөөрөл авахаар байгаа. Гэтэл Д ХК нь гарын үсэг зураад баталчихсан. Хяналт тавьсан, дээр нь олон байгууллага оролцож байгаа. Мэдэгдэхүйц байгаа, ийм зүйл дээр зөвшөөрлийг давхардуулах, хяналт тавьсан. Дураараа газар ухаж кабель зайлуулсан гэж яриад байна. Бүхэл бүтэн аймгийн захиргаанаас заасан бүтээн байгуулалтын бүх байгууллага оролцож байгаа, хяналт тавьж байгаа ажил. Анхааруулга, сонордуулга хийх үүргийг Д ХК-д хуулиар тогтоогоод өгчихсөн байгаа. Мэдээгүй бол мэдсэн дариудаа зааварчилгаа өгөх ёстой. Трасс зааж өгсөн, нэг юман дээр гарын үсэг зурсан гээд байгаа. Тэр нь Г гэж хүн Ц ХХК-д ажилладаггүй, дараа нь энэ хүнээс гэрчийн мэдүүлэг авсан байгаа. Өөрөөр хэлбэл нотлох баримтыг зохиомлоор бий болгоод байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч байгууллагын шууд буруутай үйл ажиллагаа харагдаж байна. Энэ талыг шүүх анхаарч хараасай гэж хүсэж байна. Энэ ажил уулзварын газар, илүү анхаарал тавих ёстой. Нөгөө талаар энэ байгууллагын үүрэг байгаа, газар шорооны ажил хийж байхад өөрсдөө очиж хяналт тавьж, замын трассыг нь зааж өгөх ёстой. Очоогүй, зааж өгөөгүй, зааварчлаагүй. Эдгээр үйлдэл нь энэ газрын буруутай шууд үйлдэл байгаа. Тэнд гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн зургийн тухай ярина. Тэр зураг мэдээллийн санд орсон эсэх нь эргэлзээтэй, зураг төсөв дээр байх ёстой. Тухайн газар таних тэмдэг юу ч байхгүй, өөр дулааны шугам, утсан холбооны шугам байгаа. Гэрч ч хэлсэн, бид ч хэлж байна. Мэргэжлийн хүн зургийг нь уншвал тодорхой байгаа гэж байна. Хэрэв зураг байгаа бол төсөв хийгдээгүй байгаа юм. Ийм ийм зүйлээр нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байна. Эд нар өөрсдөө мартсан. Гэрээний талаар яривал захиалагч байгууллага нь Засаг дарга, захиалагч байгууллага нь ч мэдэхгүй байгаа. Албан бичиг дээрээ хариу өгсөн байгаа зураг төсөлд тусгагдаагүй учраас алдаа гарсан. Хохирлыг зохицуулж өгнө гэсэн байгаа. Г инжинеринг ХХК Д ХК-тай түншлэлийн гэрээ хийчихсэн, зураг төсөв бүх зүйлээрээ хийгдсэн. Үүнийг зааглаж, ялгаж шийдвэрлэж өгөөч. Акт тавих ёстой, 59 сая төгрөгт ямар ч акт байхгүй. Дараа нь өөрсдөө нөхөж бичсэн юм байгаа. Актыг яаж тавих талаар хуулиар зохицуулсан байгаа. Хэрэглэгч байгууллага, ажил гүйцэтгэж байгаа байгууллагатай хамтран хохирлын хэмжээг тогтоож, акт тавина гэж байгаа. Ийм маягаар зохиомол нотлох баримт бүрдүүлдэг. Ц ХХК-ийг буруутгах гээд байгууллагын гэрчилгээг нотариатаар батлуулж өгсөн байсан. Ямар үндэслэлээр хаанаас авсан тодорхой эх сурвалж байхгүй байна.

Ц ХХК таслаагүй. Хариуцагч биш энэ утгаараа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцлага хүлээн үндэслэл байхгүй байна. Технологийн зөрчлөө өөрсдөө ярьсан. Хэрэгт авагдсан зургаас харахад анхааруулах тэмдэг огт байгаагүй гэдэг нь харагдана. Гол нь 1967 оных төрийн мэдээллийн санд оруулаагүй гэж буруутгаж байгаа бол ямар ч байгууллагад хандсан хэрэгсэхгүй болгох юм байна гэж ойлгож байна. Яагаад гэвэл мэдээллийн санд ороогүй. 2011 оных нь нотлох баримтаар мөн гарч ирээгүй. Одоо өөрсдөөс нь гарч ирж байна. Тийм учраас хариуцлага хүлээн нотлох баримт байхгүй байна. Дээд шүүхийн 90 тоот нотлох баримтуудын талаар хэлсэн дүгнэлтэд дүгнэлт хийж үзээсэй гэж хүсэж байна. Тухайлбал ... тоот албан бичгийг 2 агуулгаар тайлбарласан байна. Нэг бол байгаа юм шиг, нөгөө болохоор шинээр бий болгосон юм шиг. Тэгэхээр үүн дээр үзлэг хийж үзэхэд ажил хийж гүйцэтгэж хүлээж авдаг л юм бол ажлын гүйцэтгэлийн зургийг хар гэж байгаа. Энэ зураг нь байхгүй, хаанаас гарч ирсэн бэ гэхээр эх сурвалж нь байхгүй. Зохих байгууллагаас гарах ёстой, тэгэхээр өөрсдөд нь байсан юм байна. Тэгэхээр ажлын гүйцэтгэлийн зураг гэдгийг нотолж чадахгүй юм байна. Дээд шүүхийн тогтоолоор манайхаас гарсан нотлох баримтыг дутуу гүйцэд шинжлэн судлаагүй гэсэн. Бид үзлэгээр очоод эх баримтыг олж хараагүй. 2011 оны юмыг өгөөгүй, 2014 онд шинэчилсэн материалаа яриад байдаг. Бид 2011 оны зүйл л ярьж байгаа. Дээд шүүхийн шийдвэрт Г гэж хүн Ц ХХК-ийн хүн юм байна. Үүнийг тодруул гэсэн энэ Ц ХХК-ийн хүн биш гэдэг нь гарч ирсэн. Өөр байгууллагын ажилтан гэдэг нь тодорхой болсон. Үүгээр нотлох баримт болгох үндэслэл алга байна. Би хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд технологийн үндэслэл дүрэмд дурдсан асуудлуудаа ярьсан. Хариуцагчийн хувьд ч нотлох баримтын хүрээнд ч энэ байгууллага хариуцлага хүлээх үндэслэл байхгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар Д ХК-ийн дотоод хяналтын хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хохирол төлүүлэх тухай албан бичиг, хавсралтын хамт, /1-р хх-3/, хамгаалалтаар тасарсан шугам тоноглол буюу хоногийн мэдээ /1-р хх-4-5/, 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн кабель шугамын трасс тодорхойлсон бүртгэлийн маягт /1-р хх-6/, 110/6кв-н Бурхант дэд станцын ЯЧ№13-н оролтын кабель шугам гэмтээсэн зөрчлийг судалсан акт .../21 /1-р хх-7-9/, шуурхай ажиллагааны 2022 оны журнал /1-р хх-10-17/, өртгийн тооцооны нэгтгэл /1-р хх-18/, цалингийн нэгтгэл /1-р хх-19-20/, материал ба тээврийн зардал /1-р хх-21/, нийт барилгын машин механизмын хэрэгцээ /1-р хх-22/, өртгийн товчоо, зураг /1-р хх-23/, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн үнийн санал /1-р хх-.../, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн тэжээгдэж байгаа хэрэглэгчийн жагсаалт /1-р хх-26-81/, 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн зөрчлийг судалсан акт, /1-р хх-82-85/, 6/0,4кв ТП-23-н ЯЧ№5-ААС 6/0,4кв ТП-31-Н ЯЧ№3-аас тэжээлтэй хэрэглэгчийн жагсаалт /1-р хх-86-89/, шуурхай ажиллагааны 2022 оны журнал, төсөвт өртгийн нэгдсэн товчоо, өртгийн товчоо, цалингийн нэгтгэл, бүлэг тус бүрийн материал ба тээврийн зардал, нийт барилгын машин механизмын хэрэгцээ /1-р хх-90-102/, зөрчлийг судлан бүртгэх комиссын ажиллах журам /1-р хх-103-114/, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ... дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, зураг, /1-р хх-133-134/, хуваарилах байгууламж шинээр барих ажил засварын капиталжих гүйцэтгэлийн дүн /1-р хх-135-137/, ........ дугаартай кабель шугам ашиглалтын паспорт /1-р хх-138-142/, АО И баримтууд /1-р хх-157-160/, Дархан-Уул аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаартай албан бичиг /1-р хх-164/, Д ХК-ийн Дархан салбарын харъяа 6/0,4КВ-н ТП-23-н ЯЧ№5-аас 6/0,4КВ ТП-31-н ЯЧ№3 руу явсан 6КВ Кабель шугамыг гэмтээсэн зөрчлийг судалсан акт ...... /1-р хх-168-172/, 70109028 дугаартай кабель шугам ашиглалтын паспорт /1-р хх-173/, 110/6кВ-ын Бурхант дэд станцаас 15-р багт байрлах РП-10 хуваарилах байгууламжийг тэжээх 6 кВ-ын кабель шугам /Ажлын зураг/ /2-р хх-190-196/, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ........ дугаартай акт /2-р хх-197-200/ зэргийг тус тус шүүхэд ирүүлсэн байна.

5. Хариуцагч талаас нотлох баримтаар 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дугаартай хариу тайлбарын хамт 5 хуудас зураг /1-р хх-214-218/,Ц ХХК-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2022 оны 07, 08 сарын тайлан /2-р хх-2-5/, 2022 оны 06 сарын 29-ний өдрийн ........ дугаартай Хамтран ажиллах гэрээ /2-р хх-6-14/, Анагаахын уулзвараас Шинжлэх ухаан технологийн Их сургуулийн чиглэлийн авто зам, явган зам, гэрэлтүүлгийн ажлын гэрээ /2-р хх-15-.../, зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна.

6. Шүүхээс зохигчдын хүсэлтээр Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ..... дугаартай албан бичиг, хавсралтын хамт Анагаахын уулзвараас Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн чиглэлийн авто замын зураг төсөл эх хувиар /шифр ....... дугаартай, 1 хавтас 80 хуудастай баримт/, анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто замын 1-р ээлжид баригдах хэсгийн барилгын ажлын төсөв, гэрэл зургууд /1-р хх-176-209/, гэрч Х.Ү мэдүүлэг /1-р хх-221-222/, гэрч Д.Г мэдүүлэг /1-р хх-223/, гэрч Д.Ц мэдүүлэг /1-р хх-224/, гэрч М.А мэдүүлэг /1-р хх-2.../, гэрч И.Т мэдүүлэг /1-р хх-236-237/, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ... дугаартай албан бичиг, хавсралтаар бурхант дэд станцаас РП-10 хоорондох цахилгааны 6 кв шугамын зураг /1-р хх-234-235/, Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /2-р хх-128-158/, гэрч Л.Гын мэдүүлэг /2-р хх-180-181/, гэрч П.Батсүхийн мэдүүлэг /2-р хх-182-183/, гэрч Н.Нямсүрэнгийн мэдүүлэг /2-р хх-202-203/, К ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний .... дугаартай тайлан /2-р хх-216-227/ зэргийг шүүхээс бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д ХК нь хариуцагчЦ ХХК-д холбогдуулан гэм хор учруулсны хохиролд 60,200,638 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 59,553,641 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсэг болох 646,997 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Д ХК нь шүүхэд анх 72,680,581 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 60,200,638 төгрөг болгон багасгасан байна.

2. Нэхэмжлэгч хариуцагч байгууллага нь авто замын засварын ажил хийх явцдаа 2022 оны 07 сарын 31, 2022 оны 08 сарын 26-ны өдрүүдэд 6 кв-ын кабель шугамыг тасалсны улмаас нийт 60,200,638 төгрөгийн хохирол учирсан тул Ц ХХК-иас хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлдог.

3. ХариуцагчЦ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ манай компани нь тендерт шалгарсны үндсэн дээр авто замын өргөтгөл, шинэчлэлын барилга угсралтын ажлыг З ХХК-ийн хийж гүйцэтгэсэн зураг төслийн дагуу хийж гүйцэтгэсэн. Энэ зураг төсөл дээр нэхэмжлэгч байгууллагын Ерөнхий инженер хянаж гарын үсэг зурсан бөгөөд энэ зураг төсөл дээр цахилгааны кабель шугам байхгүй байсан тул манай байгууллага зохих зөвшөөрөл авах шаардлагагүй байсан, мөн тухайн кабелийг стандартын дагуу гүнд байрлуулаагүй, өнгөц байснаас гэмтэл учирсан, нэхэмжлэгч компани нь цахилгааны кабель шугамыг татсан бол гүйцэтгэлийн зургийг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газрын архивт хадгалуулах үүргээ биелүүлээгүй өөрсдөө буруутай тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тайлбарладаг.

4. Хариуцагч Ц ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан сумын Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто зам, явган зам, гэрэлтүүлгийн ажлыг Дархан-Уул аймгийн Засаг даргатай байгуулсан 2022 оны 05 сарын 26-ны өдрийн ................... дугаартай гэрээний дагуу гүйцэтгэжээ. /2-р хх-15-... дугаар хуудас/

Энэхүү ажлыг гүйцэтгэх явцдаа 2022 оны 07 сарын 31-ний өдөр 110/6кв-н бурхант дэд станцын яц№29-с 6кв РП-10 ХХБ-н яч№13-н оролтын 6кв кабель шугамыг, 2022 оны 08 сарын 26-ны өдөр ТП-23 яч№5 6кв кабель шугамыг тус тус гэмтээж, тасалсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэхүү үйл баримтын хувьд талууд маргаагүй байна.

Нэхэмжлэгч Д ХК ньЦ ХХК-ийн дээрх үйлдлийн улмаас 110/6кв-н бурхант дэд станцын яц№29-с 6кв РП-10 ХХБ-н яч№13-н оролтын 6кв кабель шугамыг тасалсан зөрчлийг сэргээн засварлах явцдаа кабель утсыг залгаа хийн 240 мм2 холболтын муфтаар холбосон, мөн ТП-23 яч№5 6кв кабель шугамыг 150 мм2 муфтаар холболт хийсэн болох нь хэрэгт авагдсан кабель шугам гэмтээсэн зөрчлийг судалсан актууд, гэмтсэн кабель шугам татах өртгийн товчооны нэгтгэлийн тооцоо болон тайлбараар тогтоогдож байна.

5. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнө байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас нь өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг нөхөн төлнө гэж тус тус заажээ.

6. Нэхэмжлэгч Д ХК нь гэмтэл гарсан даруйд байгууллагын дотоод технологийн зөрчлийг судлан бүртгэх комиссын гишүүд зөрчлийг судалж, 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гарсан зөрчлийн улмаас 110/6кв-н бурхант дэд станцын яц№29-с 6кв РП-10 ХХБ-н яч№13-н оролтын 6кв кабель шугамыг засварлахад нийт 59,553,641 төгрөгийн, 2022 оны 08 сарын 26-ны өдөр гарсан зөрчлийн улмаас ТП-23 яч№5 6кв кабель шугамыг засварлахад 646,997 төгрөгийн хохирол тус тус учирсан гэж акт тогтоосон байна. /1-р хх-7-8, 1-р 168-171 дүгээр хуудас/

Нэхэмжлэгч тал дээрх актыг үйлдэхдээ Д ХК-ийн Зөрчлийг судлан бүртгэх комиссын ажиллах журам-ыг баримталсан гэж тайлбарлаж байх бөгөөд тус журмын 6.2 дахь хэсгийн тайлбарт зааснаар кабель шугам гэмтээсэн тохиолдолд хохирлыг 0-15 жилийн насжилттай кабель шугамыг нийт уртын дагуу шинэ кабелиар сольж зардлыг тогтооно, 16-30 жилийн насжилттай кабель шугамыг санхүү эдийн засгийн хэлтсээс гаргасан элэгдэл, хорогдлын зардлыг тооцсон дүнгээр хохирлыг тогтооно, 30 жилээс дээш насжилттай кабель шугамыг гэмтээсэн тохиолдолд муфть хийж гарсан зардлаар хохирлыг тогтоохоор тус тус заажээ. /1-р хх-ийн 103-114 дүгээр хуудас/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх журмын дагуу хохирлыг тогтоосон бөгөөд 110/6кв-н бурхант дэд станцын яц№29-с 6кв РП-10 ХХБ-н яч№13-н оролтын 6кв кабель шугам нь 2011 онд шинэчлэгдсэн тул дээрх журамд зааснаар нийт урт болох 700 м кабелийн үнэ 49,000,000 төгрөг, мөн хийсэн холболтын муфть 2 ширхгийн үнэ 320,000 төгрөг болон гарсан бусад материалын зардал нийт 49,894,538 төгрөг, ажиллах хүчний зардал 7,768,004 төгрөг, тээврийн зардал 319,086 төгрөг, машин механизмын зардал 1,572,013 төгрөг, нийт шууд зардлын дүнд 59,553,641 төгрөг, мөн 6/0,4 кв ТП-23 яч№5-аас 6/0,4 кв ТП-31 рүү явсан 6кв кабель шугам нь 1967 онд ашиглалтад орсон тул дээрх журамд зааснаар муфть хийж гарсан зардлаар тооцож, материалын зардал, дутуу түгээсэн эрчим хүч, тээврийн зардал, ажиллах хүчний зардал, хийгдсэн үйлчилгээ, комисс ажилласан зардал нийт 646,997 төгрөгийн бодит зардал гарсан гэж нэхэмжлэлийн шаардлагын дүнг тодорхойлж байна.

7. Хариуцагч тал кабель шугам тасарч, гэмтсэн үйл баримтын хувьд маргаагүй боловч үнийн дүнг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тухайн кабель шугам зураг төсөл дээр тэмдэглэгдээгүй тул бид тухайн газар доор цахилгааны кабель шугам байгааг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан, мөн кабелийг стандартын дагуу гүнд байршуулаагүй, хариуцагч тал гэм буруугүй, нэхэмжлээд байгаа үнийн дүн ойлгомжгүй, 2 удаа цахилгаан кабель гэмтэхэд муфть сольсноос өөр ажил хийгээгүй, урьд нь байсан кабель утсаа шинэчлүүлж авна гэж байгааг зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг байна.

Хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын Д ХК-д 2022 оны 09 сарын 02-ны өдөр хүргүүлж байсан ... дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичигт тус авто замын доогуурх дулааны шугам хоолойг шилжүүлэх, явцад трасст орсон 6000 В-ын кабель шугамыг танай байгууллага зааж өгч гүйцэтгэгчид анхааруулж, мэргэжил арга зүйгээр зөвлөж ажилласан боловч харамсалтай нь зам нягтруулах ажил хийгдэх явцад дулааны шугамын таг цөмөрч дахин солих шаардлага гарсантай холбогдуулан гүйцэтгэгч кабель шугамыг гэмтээсэн асуудал гарсан гэжээ. /1-р хх-133 дүгээр хуудас/

Мөн шүүх хариуцагч талын хүсэлтээр гэрчээс мэдүүлэг авсан бөгөөд гэрч М.А би авто техникээр замын өргөтгөлийг засаж байсан. 2022 оны 08 сараас 9 сарын хооронд байсан. Д ХК-иас зааварчилгааг өгөөгүй, гэхдээ миний ажиллаж байсан талд цахилгааны утас байгаа тухай хэлсэн. Нөгөө талд хэлсэн эсэхийг мэдэхгүй гэсэн мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын тус шүүхэд 2023 оны 01 сарын 12-ны өдөр ирүүлсэн ... дугаартай албан бичигт: Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто зам дагуу Бурхант дэд станцаас РП-10 станц хүртэлх 6 кВ кабель шугам мэдээллийн санд бүртгэлтэй байна гэсэн байдал, хавсаргаж ирүүлсэн Бурхант дэд станцаас РП-10 ХХБ-ын хоорондох цахилгааны шугамын трасс зураг зэргээс үзэхэд хариуцагчЦ ХХК-ийн нэхэмжлэгч нь цахилгааны кабель шугамыг татсан гүйцэтгэлийн зургийг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын архивт хадгалуулах үүргээ биелүүлээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

Нөгөө талаар хариуцагч тал авто замын зураг төсөлд тухайн цахилгааны шугам тусгагдаагүйгээс цахилгааны шугам байгаа эсэхийг мэдэх боломжгүй, мэдээгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн үйлдлээс болж цахилгааны кабель шугам гэмтсэн, тасарсан, улмаар хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто замын зураг төслийг Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын захиалгаар З ХХК гүйцэтгэсэн байх бөгөөд тус зураг төсөлд цахилгааны кабель шугамыг тусгаагүй байгаа нь нэхэмжлэгч Д ХК-ийн буруутай үйлдэл гэж үзэх үндэслэлгүй юм.

ХариуцагчЦ ХХК нь Засаг даргын тамгын газар буруутай гэж тайлбарлаж байгаа боловч талуудын байгуулсан гэрээний үүрэг тус гэм хор учруулсны хохирлын асуудалд хамааралгүй бөгөөд хариуцагч нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагаа шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар хариуцагчЦ ХХК нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

8. Нэхэмжлэгч тал Д ХК-ийн Зөрчлийг судлан бүртгэх комиссын ажиллах журам-д зааснаар гэмтсэн кабель утасны насжилтаас хамаарч хохирлын хэмжээг тооцсон, мөн ОХУ-ын И компаниас кабель утсыг харьцангуй зах зээлийн үнээс хямдаар худалдан авдаг гэх агуулгаар тус компанийн кабель бүтээгдэхүүний чанарын паспортыг эрх бүхий байгууллагын орчуулгатай ирүүлсэн байгаа бөгөөд энэхүү баримтаар муфтийн ашиглалтын баталгаат хугацаа монтажийн нөхцөлийг баримтлан муфтийг ашиглалтад оруулснаас хойш, 4,5 жил байхаар заажээ. /1-р хх-ийн 157-160 дугаар хуудас/

Хэрэгт авагдсан кабель шугам ашиглалтын паспорт, 110/6кВ-ын Бурхант дэд станцаас 15-р багт байрлах РП-10 хуваарилах байгууламжийг тэжээх 6 кВ-ын кабель шугам /Ажлын зураг/, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ........ дугаартай актаар 110/6кв-н бурхант дэд станцын яц№29-с 6кв РП-10 ХХБ-н яч№13-н оролтын 6кв кабель шугам нь 2011 онд ашиглалтад орсон болох нь тогтоогдож байна. /1-р хх-ийн 138-139, 2-р хх-190-196, 2-р хх-197-200 дугаар хуудас/

Мөн дээрх баримтаар муфтаар холбосон тохиолдолд ашиглаж эхэлснээс хойш 4-5 жилийн баталгаат хугацаатай, харин тухайн кампанийн кабелийн хувьд ашиглалтын хугацаа 30 жилээс багагүй байхаар заасныг нэхэмжлэгч тал баримтлан гэм хорын хэмжээг тооцон шаардаж байгааг буруутгах үндэслэлгүй байна.

К ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн .... дугаартай үнэлгээний тайлангаар ДСЦТС ХК-ийн эзэмшлийн 700м кабель шугамын гэмтэл, хохирлыг сэргээн засварлах зардлын үнэлгээний жагсаалт 59,553,641 төгрөг гэжээ.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээн өгөх үүрэгтэй бөгөөд ингэхдээ адил нэр төрөл, чанар байдалтай эд хөрөнгө өгөх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлдөг байна.

Нэхэмжлэгч талын нотлох баримтаар ирүүлсэн баримтаас үзэхэд 2011 онд шинээр ашиглалтад оруулсан кабель шугамыг гэмтээж, тасалсны улмаас муфть хийж холбосноор дээрх хуульд зааснаар кабель шугам өмнөх байсан байдалд сэргээгдсэн гэж үзэх боломжгүй юм.

Иймд хохирлыг мөнгөөр тооцож шаардлага гаргаж байгаа нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн болно.

10. Эрчим хүчний тухай хуулийн ... дугаар зүйлийн ....1.12-т зааснаар эрчим хүчээр хангагч байгууллага нь холбогдох дүрэм журам, норм, стандарт, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах, үйл ажиллагаагаа технологийн горимын дагуу осол, аюулгүй, техникийн өндөр түвшинд явуулах үүрэгтэй.

Мөн Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 2.1-т зааснаар Эрчим хүчний шугам сүлжээний аюулгүй ажиллагааг хангах, засвар үйлчилгээг саадгүй явуулах, хүн амьтан осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын зурвас тогтоохоор заажээ.

Нэхэмжлэгч байгууллага нь дээрх хууль, журамд заасан Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто зам дагуу Бурхант дэд станцаас РП-10 станц хүртэлх 6кв кабель шугам мэдээллийн санд бүргүүлэх үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ... дугаартай албан бичиг, Бурхант дэд станцаас РП-10 ХХБ-ын хоорондох цахилгааны шугамын трасс М1:4000 зураг, шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.Төмөрийн Маргаан бүхий 6 кв кабель шугамын мэдээлэл Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэдээллийн санд 2014 онд Дархан сумын хэмжээнд сумын суурьшлын бүсийн дэвсгэр зурагт байгаа. Би 2017 онд ажилд орсон. Үүнээс хойш мэдээллийн санд оруулах бүх мэдээллийг ажил хүлээлцэх актаар баталгаажуулдаг. 2014 оны дэвсгэр зураг нийтээрээ хийгдээд, инженерийн бүх байгууллагуудын зураг нийтээрээ хийгдээд хүлээж авсан баримт дээр манайх баяжилт хийгээд явдаг. Бусдаар таны ярьж байгаагаар мэдээлэл нь нөхөж бүртгэгддэггүй. 2014 оны зураг дээр байгаа. Тэгэхээр дахиж сүүлд нэмж оруулсан зүйл байхгүй. Улсын төсөв болон орон нутгийн төсөв, хувийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүх ажил манайд зураг төслийн шатанд зөвшилцдөг. Түүн дээр инженерийн байгууллагууд ороод явдаг. Манайх зөвхөн гарын үсэг зурдаггүй, бусад холбогдох байгууллагууд мөн гарын үсэг зурдаг. Жишээ нь цахилгаан түгээх станц гэхэд өөрсдийнх нь ийм цахилгааны утас байгаа, дулаан гэхэд манай ийм шугам байгаа гээд, яаж хамгаалах вэ гэдгээ ярилцдаг. Газар чөлөөлөх талаасаа манайх гарын үсэг зурдаг. Бүх ажлууд хийгдэхэд айлуудын өмчлөлийн газар давхцал юу байна гэдгийг хянаж явдаг гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгч Д ХКомпани нь Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн /ТП-23-аас ТП-31 хүртэлх/ кабель шугамыг мэдээллийн санд бүргүүлэх үүргээ хууль тогтоомжид заасны дагуу биелүүлээгүй гэм буруутай байгаа бөгөөд энэхүү эс үйлдэхүй нь гэм хорын хохирол учрахад нөлөөлсөн байна гэж үзэх үндэслэлтэй юм.

Иймд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т: Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасны дагуу 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 6 кв-ын кабель шугам тасалсны хохирол болох 646,997 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчЦ ХХК-иас 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 6 кв-ын кабель шугамыг тасалсны улмаас учирсан хохирол 59,553,641 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж шүүх шийдвэрлэлээ.

11. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ш.Мөнгөншагай гаргасан дүгнэлтдээ: сануулга өгсөн улмаас кабель тасалсан, 60,200,638 төгрөгийг гаргуулах нь зөв гэж үзэж байна.Ц ХХКомпани буруутай гэсэн дүгнэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн үндэслэлтэй байна гэж үзсэн болно.

12. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 521,355 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнгээс тооцож, хариуцагчаас 455,718.2 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д тус тус зааснаар хариуцагчЦ ХХК-иас 59,553,641 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 646,997 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 521,355 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчЦ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 455,718.2 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС

 

ШҮҮГЧИД Б.НОМИН

 

Г.САРАНТУЯА