Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 209/МА2023/00036

 

 

“*******”
ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  01 дүгээр сарын 23-ны өдрийн 135/ШШ2023/00117 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Гэм хорын хохиролд 60,200,638 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

“*******” ХХК нь авто замын ажил хийх явцдаа дулааны шугам холбох газар шорооны ажлыг гүйцэтгэх үеэр 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр болон 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 6 кв-ын кабель шугамыг тасалж гэмтээсэн. Тухайн гэмтэл зөрчил гарсан даруйд “*******” ХК-аас технологийн зөрчлийг судлан бүртгэх комисс газар дээр нь ажиллаж, энэ кабель шугамыг гуравдагч хүчин зүйл буюу гадны нөлөөтэй тасалсан байна гэдгийг бүртгэж, бригад ажиллаж гэмтлийг устгасан байдаг. Дархан хот байгуулагдаад 62 жилийн хугацаанд кабель шугамын насжилт, элэгдэл хорогдлын хугацаагаар нөхөж шаардлага хангахгүй болсон кабель сүлжээг “*******” ХК нь их засвар, техник зохион байгуулалт арга хэмжээний хүрээнд жил бүр тодорхой төлөвлөгөө гаргаж шинэчлэн засварладаг.

Тэгтэл “*******” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж шинэ кабель таслагдсан учраас зөрчлийг судлан бүртгэх актаар тогтоосон үнийн дүнгээр нэхэмжилж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид нэхэмжлэлийн шаардлагадаа өөрчлөлт оруулж, 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гарсан зөрчлийн хувьд “*******” ХХК-ийн тасалж гэмтээсэн 6/0.4 кВ ТП-23-аас 31 рүү явсан 6 кВ кабель шугам нь анх 1967 онд ашиглагдаж байсан учраас уртын хэмжээгээр биш зөвхөн муфть хийх байдлаар засварласан зардалд 646,997 төгрөгийн акт тогтоосон. Кабель шугамаар нийт Дархан-Уул аймгийн 2912 хэрэглэгч цахилгаан эрчим хүчээр тэжээгддэг. Дээрх 1912 хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагаа ямар ч эрсдэлгүй байлгахаар үйл ажиллагаагаа явуулдаг. Дээрх 2 зөрчлийн актаар тогтоосон нийт 60,200,638 төгрөгийг “*******” ХХК-иас гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

“*******” ХК нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага бууруулж 60,200,638 төгрөг нэхэмжилснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна. Үүнд:

Анагаахын шинжлэх ухааны Их сургуулийн уулзвараас Шинжлэх Ухаан технологийн Их сургуулийн авто замын шинэчлэлийн ажлыг Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс уг ажлын тендер зарлаж, тухайн ажилд Дархан хотын Барилга захиалагчийн газар өдөр тутам хяналт тавьж ажилласан.

Уг зурагт цахилгаан, кабелийн зураг тусгагдаагүй, мөн төсөвт цахилгааныг шилжүүлэх зардал байхгүй болно. Иймээс “*******” ХК-иас ямар нэгэн зөвшөөрөл авах шаардлага байгаагүй учир манай компанийн хувьд буруутай үйлдэл байхгүй.

“*******” ХК нь уг кабелийг байрлуулахдаа стандартын дагуу хийж гүйцэтгээгүй, дүрэм журамд заасан хэмжээний гүнд биш, кабель шугамын хамгаалалтын материал, анхааруулах тууз тавиагүй, дулааны шугам таг дээгүүр хөндлөн сул хаяж нимгэн шороо хөрсөөр дарж орхисон байсан. Цахилгаан кабель шугам татсан байдаг бол гүйцэтгэлийн зургийг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын архивд өгч, мэдээллийн санд бүртгүүлэх ёстой байтал бүртгүүлээгүй буруутай. Мэдээллийн сангаас кабель шугам байгаа эсэхийг лавлагаа авч, хийгдэх ажлын зураг төсөвт тусгах ёстой. Тухайлбал гэмтсэн гэх кабель 1967 оноос хойш огт солигдоогүй, ТП-23 дэд станцаас ТП-31 хүртэлх 6 кв-ын кабель мэдээллийн санд бүртгээгүй нь архивын лавлагаагаар гарч ирсэн.

Замын ажлыг захиалагч тал Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, Хөрөнгө оруулалтын хэлтсийн цахилгаан кабель шугам зураг төсөвт тусгаагүй байхад тендер зарласан, мөн энэ ажилд өдөр тутам хяналт тавьж ажилласан Дархан хот барилга захиалагчийн газарт нэхэмжлэгч тал хандаж хохирол хариуцлага нэхээгүй нь ойлгомжгүй байна.

Мөн нэхэмжлээд байгаа мөнгө үндэслэлгүй юм. “*******” ХК нь 2 удаа цахилгааны кабель гэмтэхэд муфьт сольсноос өөр ямар ч ажил хийгээгүй. Тухайн үед муфьт, холболтын ажлын хөлсний тооцоог манай байгууллага хийсэн.

Замын ажилд олон байгууллага чиглэлийнхээ дагуу оролцсон. Зам засварын ажлын технологийн дагуу нягтрал хийж байхад өргөтгөлийн замын доор шугам таг цөмөрч түүн дээгүүр сул тавьсан кабель шугам тасрахад нөлөөлсөн шалтгааныг ч авч үзэх ёстой. Кабель шугам зураг төсөлд туссан бол хүчдэл хамгаалах ажил хийгдэж төлөвлөгдөх ёстой байсан.

Тасарсан гээд байгаа нэг кабелийн бүрээс нь шалбарсан бөгөөд өөр зайд байгаа кабель нь тасарч гэмтсэн байдаг. Утасны гэмтэл нь дээрх байдлаас хамааралтай болохоос манайхаас шалтгаалсан буруугүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

3. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: …кабелийн гэмтлийг засварласан зардлыг хариуцагч тал төлөх ёстой. Нэхэмжлэгч тал кабель шугам байгаа талаар анхааруулж хэлээгүй буруутай гэжээ.

4. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-аас 42,140,447 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18,060,191 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 521,355 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 368,652 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

            1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д байгаа Аймгийн Засаг даргын Тамгын газрын “ДСЦТС” ХК-нд 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 5-10/1206 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, гэрч *******ийн мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Газрын Харилцаа, Барилга Хот Байгуулалтын газрын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 25 тоот албан бичиг, хууль бус гэж үзэж болохоор зөрчлийн акт зэргийг нотлох баримтаар үнэлж дүгнэлт хийсэн байгаа нь учир дутагдалтай гэж үзэж байна.

- Захиргааны 5-10/1206 дугаартай албан бичиг нь 1967 оны 646997 төгрөгийн акт тогтоосон кабель утас залгуулахаар өгсөн хариу. Цахилгааны гэмтлийг хэн гаргасныг тогтоодог субъект биш. Дээрх Засаг захиргааны байгууллага нэг талаар захиалагч тал, нөгөө талаар кабель шугамыг зураг төсөвт тусгаагүй байхад тендер зарлаж бидэнтэй байгуулсан гэрээний заалтаар зураг төсөвтэй холбоотой хариуцлагыг өөрсдөө бүрэн хүлээхээр байгаа бөгөөд хариуцагчаар нэмж татуулах гэхэд хангаагүй, нэг талыг барьсан нотлох баримт юм.

-...******* нь техникээр замын хажуугийн шуудууны газрыг ухаж байхдаа 2011 онд шинэчилсэн гэх Бурхант дэд станцаас РП-10 станц хүртэлх кабель шугамыг таслаагүй, харин гаднах бүрээсийг шалбалсан байдаг.

-Цахилгаан сүлжээнийнхэн кабель утастай газар ажил гүйцэтгэж байхад мэдэж сонссоор байж биеэр ирж байлцаж зааж өгч зааварчилгаа өгөх үүргээ биелүүлээгүйг гэрч *******, *******, *******, нарын мэдүүлгээр нотлогдоно.

-Манай байгууллагаас нотлох баримт болгох зорилгоор шинэчилсэн гээд байгаа кабель утаснуудын гүйцэтгэлийн ажлын зургуудыг гаргуулах хүсэлтийг шүүхэд тавьсан. Гэтэл бидний хүссэн материал биш зөвхөн тоотоор хариу ирсэн. Гэмтсэн гэх 1967 оноос хойш огт солигдоогүй ТП-23 дэд станцаас ТП-31 хүртлэх бкВ-ийн кабель мэдээллийн санд бүртгэлгүй байдаг учир холбоотой материал байхгүй.

2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гарсан зөрчлийн улмаас 110/6кв-н бурхант дэд станцын яц№29-с 6кв-н РП-10 ХХБ-н яч№13-н оролтын  6кв кабель шугамыг засварлахад нийт 59,553,641 төгрөгийн, 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гарсан зөрчлийн улмаас ТП-23 яч№5 6кв-н кабель шугамыг засварлахад 646,997 төгрөгийн акт тогтоосон байна гэж үзэж нотлох баримтаар үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэтэл Бурхант дэд станцаас РП-10 ХХБ-н хүртэлх кабель 59,553,641 төгрөгийн үнэлгээтэй байгууллагын дотоод технологийн зөрчлийг судлан бүртгэх 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн акт нь тэр өдөртөө газар дээр ирж үзэж тавигдаагүй, манайхаас хүн байлцуулаагүй, танилцуулж гарын үсэг зуруулаагүй, өөрсдөө нөхөж хийж манайд бус шүүхэд өгсөн байсан байдаг болохоор хүчин төгөлдөр бус акт гэж үзнэ.

З. Монгол Улсын “Эрчим хүчний тухай” хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заахдаа “Хэрэглэгчийн аль нэгний буруутай үйлдлээр эрчим хүч тасалсан бол буруутай тал нь хохирлыг нөхөн төлнө. Хохирлын хэмжээг эрчим хүчээр хангагч хэрэглэгч хамтран тогтоож, актаар баталгаажуулсан байна.” гэжээ.

Гэтэл энэ процесс огтхон ч явагдаагүй өндөр хэмжээний нөхөн төлбөр яригдаж буйг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

4. Захиалагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, зам засварын ажлын зураг, төсөвт кабель шугам тусаагүй, гэмтсэн гэх кабель шугамын гүйцэтгэлийн ажлын зураг архивын мэдээллийн санд бүртгэгдээгүй, Замын ажлын өргөтгөл явагдаж байгааг “ДСЦДС” ХК мэдэх бүрэн боломжтой мэдсээр байж ирж заавар зөвлөгөөг өгөөгүй нь энэ байгууллагаас манайх зөвшөөрөл авах шаардлагагүй, буруугүйг нотолж байна.

5. “ДСЦДС” ХК -ний буруутай үйлдэл, эс үйлдлийн товчлон дурдвал:

а. Замын өргөтгөлийн ажлын зураг, төсөв дээр хариуцлагагүй хандаж гарын үсэг зурсан. Дөрвөн замын уулзварын зам засварын ажил явагдаж байгааг тодорхой мэдсээр байж газар дээр нь хүн очуулж заавар зөвлөгөө өгөөгүй. Өөрсдөө цахилгааны кабель хаагуур байгааг мэдэхгүй олон цагаар хайсан.

б.Уг кабель утсыг мэдээллийн санд бүртгүүлээгүй. Замын ажлын зураг төсөвт тусгахад чухалчлан анхаарах ёстой байгууллагын нэг байж, сонсоогүй юм шиг буруутай эс үйлдэл гаргасан нь ноцтой үйлдэл байсан.

в Гэмтсэн гэх цахилгаан кабель шугамыг татахдаа стандартын бус дулааны шугамын таг дээгүүр хөндлөн хаяж өнгөц шороогоор дарж анхааруулах дохио байхгүй.

г. Гаргасан зөрчлийн 59,553,641 төгрөгийн үнэлгээтэй актыг танилцуулж гарын үсэг зуруулаагүй, нөхөж үйлдсэн гэж үзэхээр байгаа учир хүчин төгөлдөр бус болсон.

Д. Манайх хариуцагч биш байхад хариуцагчаа зөв сонгоогүй гэж үзэж байна. Захиалагч тал, ажил гүйцэтгэж байгаа талуудын үүрэг хариуцлагыг анхаарч үзээгүй, та нарын гэрээнүүд хамаагүй гэж үзсэн байтлаа ямар үндэслэлээр манайхыг хариуцагчаар татаад байгаа нь ойлгомжгүй. Цахилгаан кабель шугамыг шууд гэмтээсэн шалтгаант холбоотой байгууллага нь манайх биш дулааны шугамын ажлыг зураг, төсвөөр мөнгийг нь авч ажил гүйцэтгэсэн “Грийн хэйд инженеринг” ХХК-ийн газар ухагч техникийн жолооч нар хохирол учруулсан гэж үзэхээр байгаа. Шүүх талуудын гэрээнүүдийг ач холбогдолтой гэж үзээгүй байтлаа гэрээний үндсэн дээр манайхыг хариуцагчаар татсан нь ойлгомжгүй.

е. “ДСЦТС” ХК нь зохиомол нотлох баримтыг бүрдүүлсэн. 2022 оны 07 дугаар сарын 18-нд кабель шугамын трансыг тодорхойлсон бүртгэлийн маягтад заавар зөвлөгөө өгч Ганбат гэдэг хүнээр гарын үсэг зуруулж, манай байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар батлуулж хууль бус үйлдэл хийсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

            6. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн  шаардлагыг хангаагүй байна. 

3. Нэхэмжлэгч “Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХК нь “*******” ХХК-аас гэм хорын хохирол 60,200,638 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар 42,140,447 төгрөгийг “*******” ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18,060,191 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан ба давж заалдах гомдлын үндэслэлээ “...бидний гэм буруугүй болохыг нотолсон баримтыг үнэлээгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй” гэж тодорхойлжээ.

Хэргээс судлан үзэхэд:

4. Нэхэмжлэгч “*******” ХК нь “*******” ХХК-ийг авто замын засварын ажил хийх явцдаа 2022 оны 7 дугаар сарын 31, 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрүүдэд 6кв-ын кабель шугам тасалсны улмаас 60,200,638 төгрөгийн хохирол учруулсан гэж, хариуцагч “*******” ХХК-аас нэхэмжилсэнийг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “манай компани “Засмал зам” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн зураг төслийн дагуу авто замын өргөтгөл шинэчлэлийн барилгын ажлыг хийж гүйцтэтгэсэн. Энэ зураг төсөл дээр цахилгааны кабель шугам байхгүй байсан, кабелийг стандартын дагуу гүнд байрлуулаагүй, нэхэмжлэгч компани цахилгааны кабель шугам татсан бол гүйцэтгэлийн зургийг Дархан-Уул аймгийн  Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын архивт хадгалуулах үүргээ биелүүлээгүй буруутай.” гэж маргажээ.

5. “*******” ХХК нь Дархан-Уул аймгийн Засаг даргатай 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ДУАОНӨГ/202203051 дугаартай “Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто зам, явган зам, гэрэлтүүлэгийн ажлын гэрээ байгуулж, уг ажлыг “Засмал зам” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн зураг төслийн дагуу гүйцэтгэж, уг ажлыг гүйцэтгэх явцдаа 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 110/6кв-н Бурхант дэд станцын яц№29-с 6кв РП-10 ХХБ-н яч№13-н оролтын 6кв кабель шугамыг, 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ТП-23 яч№5-н 6кв кабель шугамыг тус тус гэмтээж, тасалсан үйл баримт тогтоогдсон, уг үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

“*******” ХК нь гэмтэл гарсан даруйд байгууллагын дотоод технологийн зөрчлийг судлан бүртгэх комиссын гишүүд зөрчлийг судалж, 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гарсан зөрчлийн улмаас 110/6кв-н Бурхант дэд станцын яц№29-с 6кв РП-10 ХХБ-н яч№13-н оролтын 6кв кабель шугамыг засварлахад 59,553,641 төгрөгийн, 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ТП-23 яч№5-н 6кв кабель шугамыг  засварлахад 646,997 төгрөгийн зардал гарахыг тооцож, хохирлын акт тогтоожээ. /хх-ийн 7-9, 168-172/

6. Хариуцагч тал кабель шугам тасарч, гэмтсэн үйл баримтын талаар маргаагүй боловч хохирлыг хэн хариуцан арилгах үүрэгтэй болох, хариуцагчийн гэм буруутай үйлдэл бий эсэхэд маргасан байхад анхан шатны шүүх хариуцагч хохирол тогтоосон үнийн дүнг зөвшөөрөхгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заасан.

Хэрэгт “Засмал зам” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн “Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто замын зураг төсөл”-ийг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд тус зураг төсөлд цахилгааны кабель шугам тэмдэглэгдээгүй, түүнчлэн Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 835 дугаар албан бичигт “Бурхант дэд станцаас РП-10 ХХБ хүртэлх 6кв-ын кабель шугам мэдээллийн санд орсон байна “гэж, мөн тус газрын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар албан бичигт “Бурхант дэд станцаас РП-10 ХХБ хүртэлх 6кв-ын кабель шугам мэдээллийн санд орсон байна“ гээд цахилгааны шугамын трасс М1:4000 зургийг нотлох баримтаар тус тус ирүүлсэн боловч тус шугамын трассыг 2023 онд гүйцэтгэсэн гэж тэмдэглэсэн байна. /хх-ийн 149, 234-235/

Өөрөөр хэлбэл Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто замын зураг төсөл”-ийг хийх явцад нэхэмжлэгч байгууллага нь Бурхант дэд станцаас РП-10 ХХБ хүртэлх 6кв-ын кабель шугамыг мэдээллийн санд бүртгүүлээгүй байсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн бүрдүүлэлт хийсэн гэж үзэхээр байна

7. “*******” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Засаг даргатай 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан ДУАОНӨГ/202203051 дугаартай “Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто зам, явган зам, гэрэлтүүлэгийн ажлын гэрээ”-ний 7.3.3-т “захиалагчийн буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас ажил, материал болон тоног төхөөрөмж гэмтсэн, устсан”, 7.3.4-т “захиалагчийн зураг төслийн алдааны улмаас үүссэн аливаа эрсдэл”-ийг захиалагч хүлээнэ гэж заажээ.

  “*******” ХХК нь дээрх гэрээгээр “Засмал зам” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн зураг төслийн дагуу зам засварын ажил хийж гүйцэтгэх явцдаа 110/6кв-н Бурхант дэд станцын яц№29-с 6кв РП-10 ХХБ-н яч№13-н оролтын 6кв кабель шугамыг, ТП-23 яч№5-н 6кв кабель шугамыг тус тус гэмтээсний улмаас гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд “*******” ХХК нь дээрх гэм хорын хохирлыг хариуцан төлөх үүрэггүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь кабелийн гэмтлийг засварласан зардлыг хариуцагч тал төлөх ёстой. Нэхэмжлэгч тал кабель шугам байгаа талаар анхааруулж хэлээгүй буруутай гэж дүгнэснийг анхан шатны шүүх үндэслэлтэй гэж зөв дүгнэжээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  01 дүгээр сарын 23-ны өдрийн 135/ШШ2023/00117 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 368,652 /гурван зуун жаран найман мянга зургаан зуун тавин хоёр/ төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, “*******” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                      

           

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Я.ТУУЛ                                          

                                             ШҮҮГЧИД                                        Л.АМАРСАНАА

                                                                                                                            Г.МЯГМАРСҮРЭН