Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 130/ШШ2024/00075

 

 

 

 

 

 2024              01            16      

                   130/ШШ2024/00075

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Ж овогт Н-ын Р

Хариуцагч: Б аймгийн Ц сумын 9 дүгээр багт оршин суух, С овогт Х-ын Д

Хариуцагч: Б аймгийн Ц сумын 9 дүгээр багт оршин суух, М овогт Ш-ы А

Нэхэмжлэлийн шаардлага: 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн  дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үндсэн үлдэгдэл 35,400,000 төгрөг, алданги 4,200,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн  дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үлдэгдэл  12,000,000 төгрөг, зээлийн хүү 3,360,000 төгрөг, алданги 1,640,000 төгрөг, бүгд 56,600,000 /тавин зургаан сая зургаан зуун мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.Р, түүний өмгөөлөгч Х.З,

Хариуцагч Ш.А, Х.Д, тэд нарын өмгөөлөгч С.А

Орчуулагч Б.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч Н.Р нь хариуцагч Х.Д, Ш.А нарт холбогдуулан 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн  дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үндсэн үлдэгдэл 35,400,000 төгрөг, алданги 4,200,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0093 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үлдэгдэл  12,000,000 төгрөг, зээлийн хүү 3,360,000 төгрөг, алданги 1,640,000 төгрөг, бүгд 56,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч Н.Р би төрөл садангийн холбоотой, нэг гэр бүлийн Х.Д, Ш.А нарын удаа дараагийн хүсэлт, хувийн бизнесийг дэмжих талаар тавьж байсан санал, санаачлалыг харгалзан үзэж, өөрийн хуримтлалд байсан мөнгөнөөс 2021-2023 онуудад удаа дараагийн үйлдлээр бэлэн болон бэлэн бусаар /дансаар/ мөнгө төгрөг зээлдүүлж, өгч авалцаж байлаа. Гэвч зээлдэгч Х.Д,Ш.А нар нь урьд авсан зээлийн мөнгийг хугацаанд төлөхгүй байх, хугацаа хожимдуулах, зээлийн үлдэгдлийг өсгөх, хагас дутуу төлөх зэргээр үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байдлыг дахин давтан гаргасан учир өөрсдийг нь байлцуулж байж, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр бүрэн тооцоо хийж, зээлийн үлдэгдэл нийтдээ 35,400,000 /гучин таван сая дөрвөн зуун мянган/ төгрөг байгаа болохыг тодорхойлж, мөн өдөр буюу 2023 он 06 дугаар сарын 06-ны өдөр “Зээлийн Гэрээ” дугаартай зээлийн гэрээг талуудын хооронд шинэчлэн байгуулсан бөгөөд нотариатаар гэрчлүүлэн баталгаажуулсан болно.

1.2. Зээлдэгч Н.Р, зээлдэгч Х.Д.Ш.А нарын хооронд байгуулсан 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Зээлийн гэрээ” дугаартай гэрээний 3 дахь бүлгийн 3.4 дэх заалтаар зээлийн үлдэгдэл үнийн нийт дүн 35,400,000 төгрөг болох нь батлагдсан мөн гэрээний 3.3 дахь заалтаар зээл хүүгүй байх, гэрээний 3.6 дахь заалтаар зээлдэгч 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 5,400,000 төгрөг төлөх, 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс эхэлж сар бүр 450,000 төгрөг төлж байх, гэрээний эцсийн хугацааг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгож, үлдэгдэл 25,500,000 төгрөг төлөх нөхцөл шаардсан гэрээг талууд эрх тэгш сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан болно. Гэвч зээлдэгч Х.Д.Ш.А нар нь гэрээний үүргээ ноцтой зөрчиж, гэрээ байгуулсан 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн одоо хүртэл зээлийн үлдэгдэл 35,400,000 төгрөгөөс нэг ч төгрөг төлөөгүй, гэрээний үүргийг огт биелүүлээгүй байгаа нь хариуцагч Х.Д.Ш.А нараас “Зээлийн гэрээ” 0683 дугаартай гэрээний 4 дүгээр бүлгийн 4.1, 4.2, 4.3, 4.4, 4.7 дахь хэсгүүдэд заасан үндэслэлээр шаардах эрхийг хэрэгжүүлэх үндэслэл болж байна.

1.3. Хариуцагч Ш.А.Х.Д нар нь зээлийн гэрээ, банкны дансны хуулга зэрэг нотлох баримтаар батлагдаж байгаа зээлийн үнийн дүн, хүү, эргэн төлөлтийн тооцоог эс зөвшөөрч тайлбар ирүүлсэн учир 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн  дугаартай зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 12,000,000 төгрөг, зээлийн хүү болох сарын 480,000 төгрөгийг 2023 оны 05 дугаар сараас хойш төлөөгүй болох нь Н.Р миний дансны хуулгаар нотлогдох тул 2023 оны 06 дугаар сараас 2023 оны 12 дугаар сар дуусталх 7 сарын хугацааны зээлийн хүү 3,360,000 төгрөг, гэрээний нөхцөлийн 3.7 дахь заалтад заасан хугацаа хэтрүүлсэн алданги 1,640,000 төгрөг төлүүлэхийг хүсэж байна. Нэхэмжлэгч Н.Р миний Хаан Банкны тоот данснаас 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 3,500,000 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 9,800,000 төгрөгийг зээлдэгч Ш.А-н эзэмшлийн  тоот дансанд шилжүүлэн өгсөн тухай дансны хуулга мөн бэлнээр өгсөн 700,000 төгрөг өгч бүгд 14,000,000 өгрөг өгсөн болох нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн  дугаартай Зээлийн гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдоно.

1.4. Иймд 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 0683 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үндсэн үлдэгдэл 35,400,000 төгрөг, алданги 4,200,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0093 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үлдэгдэл  12,000,000 төгрөг, зээлийн хүү 3,360,000 төгрөг, алданги 1,640,000 төгрөг, бүгд 56,600,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ш.А хариу тайлбартаа: Н.Р бид хоёр нэг айлын бэр байсан учраас 2021 оноос эхлэн анх нэхэмжлэгчээс мөнгө зээлж аваад шууд буцааж өгч байлаа. Би бүр 10 хувийн хүүтэйгээр мөнгө зээлж аваад хугацаандаа төлж байсан. Тухайн үед нэхэмжлэгч ч гэсэн би ч гэсэн хохироогүй. Яагаад гэвэл би зээлж авсан мөнгөө эргүүлж ашиг үзэж чадаж байсан. Тэр олсон орлогоос нэхэмжлэгчид хүү болгон өгдөг байлаа. Надад 12,000,000 төгрөг өгсөн нь үнэн. Би үүнийг хугацаандаа сар болгон 420,000 төгрөг төлж барагдуулсан байсан. Зөвхөн дансаар шилжүүлээгүй бэлнээр ч гэсэн мөнгөө өгсөн. Бид хоёрын дунд маргаан гарах болсон шалтгаан нь 3,600,000 төгрөгийн маргаанаас болж гарсан. Уг 3,600,000 төгрөг нь өмнө авсан 12,000,000 төгрөгийн үлдэгдэл мөнгө нь байгаа. Нэхэмжлэгч тухайн үед надад чиний зээлж авсан 12,000,000 төгрөгөөс 4,000,000 төгрөг үлдэгдэл үлдсэн гэж хэлсэн. Гэхдээ би уг мөнгөнөөс 3,600,000 төгрөг үлдсэн талаар хэлсэн. Тэгээд бид дундаа тооцоо хийхэд миний хэлсний дагуу тооцоо 3,600,000 төгрөг үлдсэн байна. Үүнийг нэхэмжлэгч ч гэсэн тухай үед зөвшөөрөөд явсан. Миний тооцоо зөв болж таарсан учраас нэхэмжлэгч надад би чамд 30,000,000 хүртэл мөнгө зээлж чадна гэсэн. Тэгээд би өнгөрсөн намар амаржсан байх үед нэхэмжлэгч идшээ бэлдэж аваахаар манай суманд очсон. Тэгэхэд надад 30,000,000 төгрөгийг шилжүүлээд өгнө гэж гарын баримт бичүүлж авсан. Тэр чигээр нь нэхэмжлэгч надад уг 30,000,000 төгрөгийг өгөөгүй. Би энэ талаар тухай үед нөхөртэй хэлж байсан. Тэгээд надад нэг өдөр нэхэмжлэгч чи хэрвээ надаас уг 30,000,000 төгрөгийг авах гэж байгаа бол нотариатаар гэрээнд сууна. Гэрээнд бид хоёр урьд өмнө өөрсдөө суугаад хоорондын асуудлаа шийддэг байсан. Одоо их хэмжээний мөнгө авах гэж байгаа учраас гэрээнд нөхрөө бас хамт оролцуулан гэж шаардлага тавьсан. Бид хоёрын дундаа өмнө өгөгдөөгүй байсан нөгөө 3,600,000 төгрөгийг гэрээнд суухаас өмнө бэлнээр авсан. Тэгээд бид нарын дунд ямар ч өгөлцөө, өр, зээл, хэн нэгэнд төлөх  төлбөр байгаагүй. Улмаар бид нарын нэхэмжлэгч дагуулж нотариатуудад орсон. Тэгээд эхний орсон 2 нотариат хэрвээ та нар нэг нэгэндээ одоо хүртэл 36,000,000 төгрөгийг өгөөгүй бол би үүнийг шууд баталгаажуулж чадахгүй гэж хөөж гаргасан. Хамгийн сүүлийн нотариат болох “М”-ны урьд байдаг нотариатчид очсон. Энэхүү нотариатч бид нарын сүүлийн боломж байсан учраас нэхэмжлэгч бид нарт “та нар алс хол сумаас хааяа нэг нөхөртэй хамт ирсэн тул нотариатад суугаад явчхаарай” гэж хэлсэн учраас нөхөр бид хоёр итгээд ямар ч мөнгө авахгүйгээр 35,400,000 төгрөг авахаар болж гэрээ хийсэн. Гэрээ хийсэний дараа ч уг мөнгийг нэхэмжлэгчийн зүгээс шилжүүлж байгаагүй. Бид нар яагаад 35,400,000 төгрөгийн гэрээ хийсэн гэвэл нэхэмжлэгч 40,000,000 төгрөгөөс өмнө бэлэн авсан 3,6000,000 төгрөгийг хасаж авсан юм. Миний дансанд одоогийн байдлаар 35,000,000 гаруй төгрөг орж байсан удаагүй. Бид нарын зүгээс авсан мөнгөө цаг хугацаандаа төлж байсан. Үүнийг хавтаст хэрэгт авагдсан Н.Р-ийн дансны хуулга нотлох болно. Иймд шүүхээс шударга шийдвэр гаргаж өгөхийг хүсье. Надад одоо нэхэмжлэгчид өгөх ямар ч тооцоо байхгүй гэв

3. Хариуцагч Х.Д хариу тайлбартаа: Нэхэмжлэгч миний төрсөн бэр эгч байгаа. Нэхэмжлэгч болон миний эхнэр болох Ш.А хоёр 2021 оноос эхлэн мөнгө зээлж аваад, хүүтэй нь хамт буцааж өгдөг байсан. Үүнд би гар биеэр оролцож байгаагүй ч гэсэн гаднаас мэддэг байлаа. Тэгээд бид нарт их хэмжээний мөнгө зээлэн заавал нөхрөө дагуулж ирээрэй гэхээр нь би ирж гэрээнд суусан. Гэрээнд суухаас өмнө бэр эгчид өгөх ёстой байсан үлдэгдэл мөнгө 3,600,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Бид нарын дунд байгуулсан гэрээг эхэнд орсон 2 нотариатын байгууллага баталгаажуулж өгөх боломжгүй, мөнгө өгөөгүй бол баталгаажуулахгүй гэсэн тул 3 дахь нотариатад ирээд, 35,400,000 төгрөгийн баримтад гарын үсэг зураад гэрээ хийсэн. Хэдийгээр бид нотариатад суусан ч гэсэн уг мөнгийг нэхэмжлэгчээс аваагүй. Уг гэрээ байгуулснаас хойш бид нарын дансанд нэхэмжилж байгаа мөнгийг шилжүүлсэн бол баримтыг гаргаж өгөхийг хүсэж байна. Уг баримт одоогийн байдлаар байхгүй учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна гэв

4. Нэхэмжлэгчээс 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 0683 дугаартай зээлийн гэрээ, Н.Р-ийн Хаан банкны  дугаар дансны 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох дансны дэлгэрэнгүй хуулга, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хоорондох дансны дэлгэрэнгүй хуулга, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн өдрийн хоорондох дансны дэлгэрэнгүй хуулга, өмгөөлөгч Х.З-тай байгуулсан өмгөөллийн гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн  дугаартай зээлийн гэрээ, Ш.А-ийн гарын баримт, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн  дугаартай зээлийн гэрээ, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай зээлийн гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Ш.А-ийн гарын баримт, 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Ш.А, Х.Д нарын гарын баримт, Ш.А-ийн гарын баримт, 2022 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн Ш.А-ийн гарын баримт, Н.Р-ийн Хаан банкны  дугаар дансны 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох дансны дэлгэрэнгүй хуулга,  2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох дансны дэлгэрэнгүй хуулга, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох дансны дэлгэрэнгүй хуулга, нэмэлт тайлбар, 2 ширхэг флаш, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

5. Хариуцагч нараас Эмнэлгийн магадалгаа,  өмгөөлөгч С.А-тай байгуулсан өмгөөллийн гэрээ, 1 ширхэг СД,  Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамжийг гаргаж өгсөн.

6. Хариуцагч талын хүсэлтээр шүүх Б аймаг дахь шүүхийн тамгын газрын газраас тус шүүхийн 2023 оны 06 дугаар сарын15-ны өдрийн дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч Н.Р-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.А-д холбогдох иргэний хэргээс нэхэмжлэгч Н.Р-ийн нотлох баримтаар гаргаж өгсөн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

7. Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

8.Нэхэмжлэгч Н.Р дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

8.1. Нэхэмжлэгч Н.Р би төрөл садангийн холбоотой, нэг гэр бүлийн Х.Д, Ш.А нарын удаа дараагийн хүсэлт, хувийн бизнесийг дэмжих талаар тавьж байсан санал, санаачлалыг харгалзан үзэж, өөрийн хуримтлалд байсан мөнгөнөөс 2021-2023 онуудад удаа дараагийн үйлдлээр бэлэн болон бэлэн бусаар /дансаар/ мөнгө төгрөг зээлдүүлж, өгч авалцаж байлаа. Гэвч зээлдэгч Х.Д,Ш.А нар нь урьд авсан зээлийн мөнгийг хугацаанд төлөхгүй байх, хугацаа хожимдуулах, зээлийн үлдэгдлийг өсгөх, хагас дутуу төлөх зэргээр үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байдлыг дахин давтан гаргасан учир өөрсдийг нь байлцуулж байж, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр бүрэн тооцоо хийж зээлийн үлдэгдэл нийтдээ 35,400,000 төгрөг байгаа болохыг тодорхойлж, мөн өдөр буюу 2023 он 06 дугаар сарын 06-ны өдөр 0683 дугаартай, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн  дугаартай зээлийн гэрээнүүдийг тус тус байгуулж байсан.  

Иймд 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн  дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үндсэн үлдэгдэл 35,400,000 төгрөг, алданги 4,200,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн  дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үлдэгдэл  12,000,000 төгрөг, зээлийн хүү 3,360,000 төгрөг, алданги 1,640,000 төгрөг, бүгд 56,600,000 төгрөгийг Х.Д, Ш.А нараас гаргуулж өгнө үү гэв.

9. Хариуцагч Х.Д, Ш.А нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

9.1. Н.Р-ийн нөхөр нь Х.Д-ын ах нь байсан учир бид 2021 оноос эхлэн анх нэхэмжлэгчээс мөнгө зээлж аваад шууд буцааж өгч байлаа. 10 хувийн хүүтэйгээр мөнгө зээлж аваад хугацаандаа төлж байсан. Тухайн үед нэхэмжлэгч ч гэсэн би ч гэсэн хохироогүй. Яагаад гэвэл би зээлж авсан мөнгөө эргүүлж ашиг үзэж чадаж байсан. Тэр олсон орлогоос нэхэмжлэгчид хүү болгон өгдөг байлаа. Бид сүүлд тооцоо нийлэхэд 3,600,000 төгрөгийг үлдэгдэлтэй байсан. Уг мөнгийг бид бэлнээр Н.Р-д төлж өгсөн. Одоо ямар нэгэн өр төлбөргүй. Бид нарыг хууран мэхэлж өмнө авсан мөнгийг төлсний дараа авсан гэж гарын баримт бичүүлж авсан. Мөн сүүлд 35,400,000 төгрөгийн гэрээг хийсэн боловч уг мөнгийг бид нарт шилжүүлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

10. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

10.1.Нэхэмжлэгч Н.Р нь нэхэмжлэлийн шаардлага 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2062 дугаартай зээлийн гэрээ болон 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн  дугаартай зээлийн гэрээ, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн  дугаартай зээлийн гэрээг тус тус байгуулж хариуцагч Х.Д, Ш.А нар зээл авсан боловч энэхүү зээлийн хүүг төлсөн ба үндсэн зээлээ төлөөлгүй гэж тайлбарлаж хариуцагч нараас 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн  дугаартай гэрээг үндэслэж зээлийн үнийн дүн 35,400,000 төгрөг, алданги 4,200,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн  дугаартай гэрээг үндэслэж үндсэн зээлийн үнийн дүн 12,000,000 төгрөг, зээлийн хүү 3,360,000 төгрөг, алданги 1,640,000 төгрөг бүгд 56,600,000 төгрөг нэхэмжилж байна гэх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Х.Р нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн  дугаартай, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн  дугаартай зээлийн гэрээнүүдийн талаар нэхэмжлэгч Х.Р шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зохигчид тооцоо нийлж, харилцан тохиролцож гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар нотлогдож байх тул түүнийг дахин үнэлэн дүгнэх шаардлагагүй болно. 

10.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ. 

10.3.Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн  дугаартай зээлийн гэрээгээр 35,400,000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар, хүүгүй зээлдүүлж нэхэмжлэгч /зээлдүүлэгч/ Н.Р нь хариуцагч /зээлдэгч/ Х.Д, Ш.А нар харилцан тохиролцож талууд гэрээний нөхцөлийг зөвшөөрч, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан энэхүү гэрээний талаар шүүхээс дүгнэлт хийлээ.

Хариуцагч Х.Д, Ш.А нар нь 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн  дугаартай зээлийн гэрээг үгүйсгэж маргасан болно.

11. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т  гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэжээ. 

11.1. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д эргэн төлөх нөхцөлийн талаар талууд тохиролцсон байх ба 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 5,400,000 төгрөг төлнө, үлдэгдлийг 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс эхлээд сар бүрийн 6-ны өдөр хүртэл 450,000 төгрөг төлж байх ба 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр үлдэгдэл 25,500,000 төгрөгийг бүрэн төлж дуусгана гэж талууд тохиролцож гэрээ байгуулсан байна.

11.2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч Н.Р нь хариуцагч Х.Д, Ш.А нараас зээлдүүлсэн мөнгийг шаардах эрхтэй болно.

11.3. Мөнгө болон эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан.Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч гэрээнд заасан мөнгийг өгөх, зээлдэгч хүлээн авах үүрэгтэй.

11.4. Хариуцагч Ш.А нь гэрээнд заасан мөнгийг надад зээлдэгч Н.Р нь шилжүүлээгүй, тэр нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн ХААН банкны депозит дансны хуулгаар нотлогдон гэж тайлбарлаж маргаж байгаа боловч талуудын хоорондох зээлийн харилцааг бүхэлд нь үгүйсгээгүй болно.

11.5. Зохигчийн тайлбар, хэрэгт буй баримтаас үзвэл хариуцагч Х.Д, Ш.А нар нь нэхэмжлэгчээс мөнгө зээлсэн, талууд уг зээлийн гэрээний үүргийн биелэлтийг дүгнэж шинээр гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдсон тул сүүлийн гэрээгээр “мөнгийг бодитоор шилжүүлээгүй” гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байгаа учир талуудын мэтгэлцээнийг үндэслэн нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээгээр шаардах эрх үүссэн байна гэж үзлээ.

11.6. 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний 3.7 дахь хэсэгт гэрээнд заасан  хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж хариуцагч нар үүрэг хүлээсэн байна.

11.7. Мөн нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар нэхэмжлэгч болон хариуцагч нар нь хоорондоо зээлийн гэрээ байгуулан зээлээр мөнгө авч, өгч байсан үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн  дугаартай зээлийн гэрээний 3.4-т бэлэн бусаар ХААН банк-ны  тоот дансанд 2021-12-3 /3 500 000/, 2022-1-3 /5 000 000/, 2022-1-13 /11 000 000/, 2022-11-20 /10 500 000/ бэлэн, 2023-06-06 /5 400 000/ бэлэн өдөр зээлдүүлэгч мөнгийг шилжүүлнэ гэсэн байх ба энэхүү гэрээний 3.4-т тусгасан мөнгийг нэхэмжлэгч Н.Р нь хариуцагч Ш.А танд шилжүүлж өгснийг шүүх хуралдааны шатанд тодруулж асуухад хариуцагч Ш.А гэрээнд тусгасан мөнгийг миний дансанд шилжүүлсэн би авсан, дугаартай данс миний данс мөн гэж тайлбарласан хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн нэхэмжлэгч Н.Р-ийн ХААН банкны  дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.

11.8. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.3-д хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасан байна.

Харин энэхүү гэрээний дагуу хугацаандаа төлөөгүй буюу гэрээний үүргээ биелүүлээгүйгээс хамаарч алданги тооцохоор заасан нь хуулийн дээрх заалтад нийцсэн байна.

12. Хариуцагч Х.Д,Ш.А нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч хариуцагч өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нар  энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно.

13. Хариуцагч Х.Д, Ш.А нар зээлийн гэрээний хугацаанд үүргээ огт биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, мөн зээлийн гэрээний 5.1-т зээлдэгч нь “зээлийн эргэн төлөлтийн нөхцөл” зөрчсөн бол гэрээний үүргийг зөрчсөнд тооцож зээлдүүлэгч гэрээг цуцалж, алданги торгууль, төлөгдөөгүй үлдсэн зээлийг төлүүлэхээр шаардах эрхтэй гэснээр нэхэмжлэгчийн талуудын хооронд байгуулсан 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

14. Иймд 2023 оны 06 дугаар сарын 06-ний өдрийн  дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг 35,400,000 төгрөг, алданги 4,200,000 төгрөг бүгд 39,600,000 төгрөгийг хариуцагч /зээлдэгч/ Х.Д, Ш.А нараас гаргуулан нэхэмжлэгч Н.Р-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилснийг хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгов. 

15. Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 598,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээгээр хариуцагч хариуцуулна гэснээр хариуцагч Х.Д, Ш.А нараас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ болох 39,600,000 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулж нэхэмжлэгч Н.Р-д олгож шийдвэрлэв.      

16. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын шүүх хуралдааны шатанд нотлох баримтаар гаргаж өгсөн СД бичлэг, 2 ш плашыг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад СД бичлэг нь нээхгүй, ямар бичлэг байгаа нь тодорхойгүй, мөн 2 ш плаш зэрэг нь нотлох баримтад тавигдах шаардлагыг хангагдаагүй яаж бэхжүүлж авсан нь тодорхойгүй байх тул энэхүү СД бичлэг, 2 ш плаш нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар

2023 оны 06 дугаар сарын 06-ний өдрийн 0 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг 35,400,000 төгрөг, алданги 4,200,000 төгрөг, бүгд 39,600,000 /гучин есөн сая зургаан зуун мянган/ төгрөгийг хариуцагч С овогт Х-ын Д, М овогт Ш-ы А нараас гаргуулан нэхэмжлэгч Ж овогт Н-ын Р-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Р-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 598,900 /таван зуун ерэн найман мянга есөн зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Д, Ш.А нараас 355,950 /гурван зуун тавин таван мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Р-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             К.Б