Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 212/МА2024/00024

 

 

Н.Р-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 130/ШШ2024/00075 дугаар шийдвэртэй,   нэхэмжлэгч ***** оршин суух Н.Р-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******оршин суух Х.Д-, Ш.А- нарт холбогдох,

 

“2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 0683 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үндсэн үлдэгдэл 35,400,000 төгрөг, алданги 4,200,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0093 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үлдэгдэл 12,000,000 төгрөг, зээлийн хүү 3,360,000 төгрөг, алданги 1,640,000 төгрөг, бүгд 56,600,000 /тавин зургаан сая зургаан зуун мянган/ төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Бахытбек, нэхэмжлэгч Н.Р-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагч Х.Д-, Ш.А-, хариуцагч нарын өмгөөлөгч С.Алтай, орчуулагч А.Ахмерей нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. Нэхэмжлэгч Н.Р- би төрөл садангийн холбоотой, нэг гэр бүлийн Х.Д-, Ш.А- нарын удаа дараагийн хүсэлт, хувийн бизнесийг дэмжих талаар тавьж байсан санал, санаачлалыг харгалзан үзэж, өөрийн хуримтлалд байсан мөнгөнөөс 2021-2023 онуудад удаа дараагийн үйлдлээр бэлэн болон бэлэн бусаар /дансаар/ мөнгө төгрөг зээлдүүлж, өгч авалцаж байлаа. Гэвч зээлдэгч Х.Д-,Ш.А- нар нь урьд авсан зээлийн мөнгийг хугацаандаа төлөхгүй байх, хугацаа хожимдуулах, зээлийн үлдэгдлийг өсгөх, хагас дутуу төлөх зэргээр үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байдлыг дахин давтан гаргасан учир өөрсдийг нь байлцуулж байж, 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр бүрэн тооцоо хийж, зээлийн үлдэгдэл нийтдээ 35,400,000 /гучин таван сая дөрвөн зуун мянган/ төгрөг байгаа болохыг тодорхойлж, мөн өдөр буюу 2023 он 6 дугаар сарын 06-ны өдөр Зээлийн 0683 дугаартай гэрээг талуудын хооронд шинэчлэн байгуулсан бөгөөд нотариатаар гэрчлүүлэн баталгаажуулсан болно.   

1.2. Зээлдэгч Н.Р-, зээлдэгч Х.Д-, Ш.А- нарын хооронд байгуулсан 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Зээлийн 0683 дугаартай гэрээний 3 дахь бүлгийн 3.4 дэх заалтаар зээлийн үлдэгдэл үнийн нийт дүн 35,400,000 төгрөг болох нь батлагдсан, мөн гэрээний 3.3 дахь заалтаар зээл хүүгүй байх, гэрээний 3.6 дахь заалтаар зээлдэгч 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 5,400,000 төгрөг төлөх, 2023 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс эхэлж сар бүр 450,000 төгрөг төлж байх, гэрээний эцсийн хугацааг 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгож, үлдэгдэл 25,500,000 төгрөг төлөх нөхцөл шаардсан гэрээг талууд эрх тэгш сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан болно. Гэвч зээлдэгч Х.Д-, Ш.А- нар нь гэрээний үүргээ ноцтой зөрчиж, гэрээ байгуулсан 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн одоо хүртэл зээлийн үлдэгдэл 35,400,000 төгрөгөөс нэг ч төгрөг төлөөгүй, гэрээний үүргийг огт биелүүлээгүй байгаа нь хариуцагч Х.Д-, Ш.А- нараас Зээлийн 0683 дугаартай гэрээний 4 дүгээр бүлгийн 4.1, 4.2, 4.3, 4.4, 4.7 дахь хэсгүүдэд заасан үндэслэлээр шаардах эрхийг хэрэгжүүлэх үндэслэл болж байна.

1.3. Хариуцагч Ш.А-, Х.Д- нар нь зээлийн гэрээ, банкны дансны хуулга зэрэг нотлох баримтаар батлагдаж байгаа зээлийн үнийн дүн, хүү, эргэн төлөлтийн тооцоог эс зөвшөөрч тайлбар ирүүлсэн учир 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0093 дугаартай зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 12,000,000 төгрөг, зээлийн хүү болох сарын 480,000 төгрөгийг 2023 оны 05 дугаар сараас хойш төлөөгүй болох нь Н.Р- миний дансны хуулгаар нотлогдох тул 2023 оны 6 дугаар сараас 2023 оны 12 дугаар сар дуусталх 7 сарын хугацааны зээлийн хүү 3,360,000 төгрөг, гэрээний нөхцөлийн 3.7 дахь заалтад заасан хугацаа хэтрүүлсэн алданги 1,640,000 төгрөг төлүүлэхийг хүсэж байна. Нэхэмжлэгч Н.Р- миний Хаан Банкны 5180971922 тоот данснаас 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 3,500,000 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 9,800,000 төгрөгийг зээлдэгч Ш.А-н эзэмшлийн **********тоот дансанд шилжүүлэн өгсөн тухай дансны хуулга мөн бэлнээр өгсөн 700,000 төгрөг өгч бүгд 14,000,000 төгрөг өгсөн болох нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2062 дугаартай зээлийн гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдоно.

1.4. Иймд 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 0683 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үндсэн үлдэгдэл 35,400,000 төгрөг, алданги 4,200,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0093 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үлдэгдэл 12,000,000 төгрөг, зээлийн хүү 3,360,000 төгрөг, алданги 1,640,000 төгрөг, бүгд 56,600,000 төгрөг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч Ш.А-н хариу тайлбар, татгалзал:

2.1. Н.Р- бид хоёр нэг айлын бэр байсан учраас 2021 оноос эхлэн анх нэхэмжлэгчээс мөнгө зээлж аваад шууд буцааж өгч байлаа. Би бүр 10 хувийн хүүтэйгээр мөнгө зээлж аваад хугацаандаа төлж байсан. Тухайн үед нэхэмжлэгч ч гэсэн би ч гэсэн хохироогүй. Яагаад гэвэл би зээлж авсан мөнгөө эргүүлж ашиг үзэж чадаж байсан. Тэр олсон орлогоос нэхэмжлэгчид хүү болгон өгдөг байлаа. Надад 12,000,000 төгрөг өгсөн нь үнэн. Би үүнийг хугацаандаа сар болгон 420,000 төгрөг төлж барагдуулсан байсан. Зөвхөн дансаар шилжүүлээгүй бэлнээр ч гэсэн мөнгөө өгсөн.

2.2. Бид хоёрын дунд маргаан гарах болсон шалтгаан нь 3,600,000 төгрөгийн маргаанаас болж гарсан. Уг 3,600,000 төгрөг нь өмнө авсан 12,000,000 төгрөгийн үлдэгдэл мөнгө нь байгаа. Нэхэмжлэгч тухайн үед надад чиний зээлж авсан 12,000,000 төгрөгөөс 4,000,000 төгрөг үлдэгдэл үлдсэн гэж хэлсэн. Гэхдээ би уг мөнгөнөөс 3,600,000 төгрөг үлдсэн талаар хэлсэн. Тэгээд бид дундаа тооцоо хийхэд миний хэлсний дагуу тооцоо 3,600,000 төгрөг үлдсэн байна. Үүнийг нэхэмжлэгч ч гэсэн тухай үед зөвшөөрөөд явсан. Миний тооцоо зөв болж таарсан учраас нэхэмжлэгч надад би чамд 30,000,000 хүртэл мөнгө зээлж чадна гэсэн. Тэгээд би өнгөрсөн намар амаржсан байх үед нэхэмжлэгч идшээ бэлдэж авахаар манай суманд очсон. Тэгэхэд надад 30,000,000 төгрөгийг шилжүүлээд өгнө гэж гарын баримт бичүүлж авсан. Тэр чигээр нь нэхэмжлэгч надад уг 30,000,000 төгрөгийг өгөөгүй. Би энэ талаар тухай үед нөхөртэй хэлж байсан. Тэгээд надад нэг өдөр нэхэмжлэгч чи хэрвээ надаас уг 30,000,000 төгрөгийг авах гэж байгаа бол нотариатаар гэрээнд сууна. Гэрээнд бид хоёр урьд өмнө өөрсдөө суугаад хоорондын асуудлаа шийддэг байсан. Одоо их хэмжээний мөнгө авах гэж байгаа учраас гэрээнд нөхрөө бас хамт оролцуулна гэж шаардлага тавьсан. Бид хоёрын дунд өмнө өгөгдөөгүй байсан нөгөө 3,600,000 төгрөгийг гэрээнд суухаас өмнө бэлнээр авсан. Тэгээд бид нарын дунд ямар ч авалцаа, өгөлцөө, өр, зээл, хэн нэгэнд төлөх төлбөр байгаагүй. Улмаар бид нарыг нэхэмжлэгч дагуулаад нотариатуудад орсон. Тэгээд эхний орсон 2 нотариат хэрвээ та нар нэг нэгэндээ одоо хүртэл 36,000,000 төгрөгийг өгөөгүй бол би үүнийг шууд баталгаажуулж чадахгүй гэж хөөж гаргасан. Хамгийн сүүлийн нотариат болох Монгол банкны урьд байдаг нотариатчид очсон. Энэхүү нотариатч бид нарын сүүлийн боломж байсан учраас нэхэмжлэгч бид нарт та нар алс хол сумаас хааяа нэг нөхөртэйгөө хамт ирсэн тул нотариатад суугаад явчхаарай гэж хэлсэн учраас нөхөр бид хоёр итгээд ямар ч мөнгө авахгүйгээр 35,400,000 төгрөг авахаар болж гэрээ хийсэн. Гэрээ хийсний дараа ч уг мөнгийг нэхэмжлэгчийн зүгээс шилжүүлж байгаагүй. Бид нар яагаад 35,400,000 төгрөгийн гэрээ хийсэн гэвэл нэхэмжлэгч 40,000,000 төгрөгөөс өмнө бэлэн авсан 3,600,000 төгрөгийг хасаж авсан юм. Миний дансанд одоогийн байдлаар 35,000,000 гаруй төгрөг орж байсан удаагүй. Бид нарын зүгээс авсан мөнгөө цаг хугацаандаа төлж байсан. Үүний хавтаст хэрэгт авагдсан миний дансны хуулга нотлох болно. Иймд шүүхээс шударга шийдвэр гаргаж өгөхийг хүсье. Надад одоо нэхэмжлэгчид өгөх ямар тооцоо байхгүй.

 

3. Хариуцагч Х.Д-ын хариу тайлбар, татгалзал:

3.1. Нэхэмжлэгч миний төрсөн бэр эгч байгаа. Нэхэмжлэгч болон миний эхнэр болох Ш.А- хоёр 2021 оноос эхлэн мөнгө зээлж аваад, хүүтэй нь хамт буцааж өгдөг байсан. Үүнд би гар биеэр оролцож байгаагүй ч гэсэн гаднаас мэддэг байлаа. Тэгээд бид нарт их хэмжээний мөнгө зээлнэ, заавал нөхрөө дагуулж ирээрэй гэхээр нь би ирж гэрээнд суусан. Гэрээнд суухаас өмнө бэр эгчид өгөх ёстой байсан үлдэгдэл мөнгө 3,600,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Бид нарын дундаа байгуулах гэж байгаа гэрээг эхэнд орсон 2 нотариатын байгууллага баталгаажуулж өгөх боломжгүй, мөнгө өгөөгүй бол баталгаажуулахгүй гэсэн тул 3 дахь нотариатад ирээд, 35,400,000 төгрөгийн баримтад гарын үсэг зураад гэрээ хийсэн. Хэдийгээр бид нотариатад суусан ч гэсэн уг мөнгийг нэхэмжлэгчээс аваагүй. Уг гэрээ байгуулснаас хойш бид нарын дансанд нэхэмжилж байгаа мөнгийг шилжүүлсэн бол баримтыг гаргаж өгөхийг хүсэж байна. Уг баримт одоогийн байдлаар байхгүй учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна.

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 130/ШШ2024/00075 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 0683 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг 35,400,000 төгрөг, алданги 4,200,000 төгрөг, бүгд 39,600,000 төгрөгийг хариуцагч Х.Д-, Ш.А- нараас гаргуулан нэхэмжлэгч Н.Р-д олгож, нэхэмжлэгийн илүү нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Р-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 598,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Д-, Ш.А- нараас 355,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Р-д олгож шийдвэрлэжээ.   

 

5. Хариуцагч нарын давж заалдах гомдлын агуулга:

5.1. Эрхэм шүүх бүрэлдэхүүнээс хүсэхэд хариуцагч Х.Д-, Ш.А- бид хоёрын анхан шатны шүүхэд 2023 оны 12 дугаар сард гаргасан “Дэлгэрэнгүй тайлбар”, мөн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр бичсэн Ш.А- миний шүүх хуралд гаргасан тайлбар зэрэг байгаа тул тус тусыг уншин танилцана уу.

5.2. Н.Р-ээс нөхөр бид хоёр 40.000.000 төгрөг зээлдэхээр тохирч зээлдэгч Н.Р- нь заавал нотариатаар гэрчлүүлж байгаад өгнө гэснээр дээрх мөнгийг авахаар 2021 оны 12 дугаар сарын 27-нд хэд хэдэн нотариатыг дамжиж яваад 2062 дугаартай зээлийн гэрээг хийсэн билээ. Тэр үед Н.Р- нь “Өмнөх зээлээс 3.600.000 төгрөг үлдсэн байсан. Өмнөх зээлийн тооцоог бодоод 3.600.000 төгрөг үлдсэнийг бид хоорондоо ярилцан хүлээн зөвшөөрөөд та нар төлөхөөр болсон болохоор би шүүхэд гаргасан та нараас нэхэмжилсэн 40.000.000 төгрөгийг би “хоорондоо тооцоогоо хийж тохиролцсон” гэж хэлж нэхэмжлэлээ буцаад авсан. Би та нарт одоо зээл өгвөл 40.000.000 төгрөгөөс 3.600.000 төгрөгийг хасаж өгнө” гэж хэлсэн. Бид ч зөвшөөрсөн байсан. Тэгж байтал “Та нар 3.600.000 төгрөгийг шууд төлөхгүй бол зээл өгөхгүй” гэж зангаа хувиргахад би бусдаас зээл авч уг 3.600.000 төгрөгийг тэр доор нь төлж өгч, ямар ч тооцоогүй болж уг авах 40.000.000 төгрөгийн асуудлаар нотариатч Халибек нотариатад очсон.

5.3. Уг 2062 дугаартай зээлийн гэрээг бичиж эхлэхэд Н.Р- нь дахин хувирч 40.000.000 төгрөг биш 35.400.000 төгрөгийн зээл өгөхөөр болоход бид тохирч тэр 35.400.000 төгрөгийг зээлдэж авахаар болсноо нотариатч Халибект хэлж зөвшөөрч бичүүлсэн.

5.4. Харин нотариатчийн дэргэд Н.Р- байж гэрээг бичүүлсэн байсан. Нотариатаас гараад уг зээлдэх гэсэн 35.400.000 төгрөгийг авах гэхэд Н.Р- нь маргааш өгнө гэж буцаасан. Гэрээнүүдэд бид шууд гарын үсгүүдээ зурчхаад Цэнгэл явсан ба хэд хоногийн дараа ирж мөнгийг авахаар тохирсон. Гэтэл Н.Р- нь тэр чигт нь уг зээлсэн мөнгийг өгөхгүйгээр барахгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан.

5.5. Бид шүүхэд энэ нэхэмжлээд байгаа мөнгийг өөрөө шүүхэд өгөөд нэхэмжлэлээ буцаагаад авчихсан байсан. Өмнө нь төлөгдчихсөн мөнгө төгрөг юм. Бид Н.Р-д 3.600.000 төгрөгөөс төлөх төлбөргүй байхдаа нотариатад очихдоо уг мөнгийг ч төлсөн. Одоо өр төлбөргүй.

5.6. Н.Р- нь шүүхэд хүсэлт гаргаад бидний дунд өр зээлгүй гэж нотлоод нэхэмжлэлээ буцаан авсан болохоор өмнөх мөнгө гэж нэхэмжлэх эрх үгүй болсон.

5.7. Н.Р- нь төлөгдчихсөн зээлийг дахин сэргээж нотариатад итгүүлж бидний хайхрамжгүй байдлыг ашиглааж гэрээ хийж амжсан.

5.8. Зээлээр өгнө гэж нотариатаар гэрчлүүлсэн 35.400.000 төгрөгийг бид Н.Р-ээс огт авч чадахгүй байгаагаас гадна одоо болохоор хүү зээл гэх мэтийг төлүүлэхээр Н.Р- нь биднийг шүүхэд өгч дарамталж байна гэдэг талаас нь хэлсэн. Гэтэл анхан шатны шүүх нь шийдвэрийг яаруу сандруу өгсөн, авсан эсэх зэргийг тогтоохгүйгээр гаргалаа. Хэргийг дахин хянуулна. Нотлох баримтуудаа нөхөн гаргаж өгөх тул хэргийг дахин хянуулахаар анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

6. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Анхан шатны шүүхээс 17 сая төгрөгийг гаргуулахгүй шийдвэр гаргасан тул уг мөнгийг маань гаргаж өгөхийг хүсэж байна. Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдол хавтаст  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Мөн тэдгээр нотлох баримтуудыг цаг хугацааны хувьд буруу тооцсон. Хариуцагч нарт 40,000,000 төгрөг зээлдэхээр тохирсон. Ш.А- 1 жилийн зээлийн хүү болох 420,000 төгрөгийг төлж байсан талаарх баримтын хуудсыг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0093 дугаартай зээлийн үнийн дүнг 12,000,000 төгрөг болгон батлан өөрчилсөн. Уг зээлийн гэрээний сарын хүү 4 хувь буюу 480,000 төгрөг байгаа. Хариуцагч Ш.А- болон Х.Д- нараас 12,000,000 төгрөг, алдангийг 0,5 хувиар тооцож, нийт 17,000,000 төгрөг гаргуулж өгөхийг хүсэж байна.

6.2. Мөн хариуцагч нар нь нотариатч Е.Халибект бүртгэл батлуулсан гэсэн байна. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2062 дугаартай зээлийн гэрээ, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0093 дугаартай зээлийн гэрээг нотариатч Зүлай, Гүлжаукар нар баталсан байна. Хариуцагч нар нь намайг байнга ашигласаар ирсэн. Хариуцагч нар улайм цайм худал хэлж, хулгай хийдэг. Тооцоогоо хийсэн, одоо хийх төлбөргүй гэж намайг дахин дахин дарамтад оруулж, миний мөнгийг дээрэмдэж байна. Миний мөнгө хариуцагч нарын гарт байгаа гэдгийг андгайлж байна.

6.3. Миний бие сэтгэл санааны гүн дарамтад орж, сүүлийн үед эмнэлгийн хараа хяналтад байдаг болсон. Нөхөр маань барилга дээр ажиллаж, хоёр хүүхэд маань Улаанбаатар хотод оюутан, харин би одоо гэртээ ганцаараа амьдарч байна. Хариуцагч Х.Д- нь манай нөхрийн ойрын хамаатан, мөн тэр хоёр багадаа нэг айлд хүмүүжиж байсан. Хариуцагч Х.Д- нь манай шашны имам /лам/ хүн байгаа. Манай шашны хүмүүс худлаа хэлэх, хулгай хийх нь хамгийн их нүгэл гэж үздэг. Тийм байхад өнөөдөр надаас авсан мөнгөө аваагүй гэж хэлж сууж байна.

6.4. Хариуцагч Ш.А- надаас хамгийн анх 14,000,000 төгрөгийг авч, сар болгон надад 420,000 төгрөг төлж байсан. Дараа нь надад 2,000,000 төгрөг өгч, сарын хүү 4 хувь гэж тохирч 12,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 480,000 төгрөгөөр төлж байсан. Ийнхүү 14,000,000 төгрөгийг төлж дуусаад 1 сар хүрэхгүй хугацааны дотор 5,000,000 төгрөг асуусан. Хариуцагч Ш.А- надад “Би Т ББСБ”-ийн Улаанхус, Цэнгэл сумуудыг хариуцсан мэргэжилтэн надад 1,000 харилцагч байгаа. Таны мөнгийг авч, 10 хувийн хүү гаргаж өгнө” гэж хэлэхээр нь итгэж 5,000,000 төгрөг зээлдүүлсэн. Хариуцагчид 5,000,000 төгрөг зээлдүүлсний дараа 10 хоногийн дотор надад 500,000 төгрөг нэмж авч ирж өгнө гэхээр нь шилжүүлсэн. Хариуцагч дараа нь дахин надаас 10,000,000 төгрөг асуухаар нь итгэж, шилжүүлсэн. Дараа нь 10 хоногийн дотор 11,000,000 төгрөг болгож, буцааж өгсөн. Ийм байдлаар миний итгэлийг авч, өөрийн арга зальд оруулсан.

6.5. Хариуцагч нарын энэхүү үйлдлийг залилангийн хэрэг гэж харж байгаа. Өөрийнхөө авах ёстой мөнгөө авах гэж сүүлийн хоёр жил хөөцөлдөж байна. Энэ хугацаанд хариуцагч нар мөнгийг маань өгөхгүй улайм цайм худлаа хэлж ирсэн. Хариуцагч нар надаас дараа нь 17,000,000 төгрөг, 18,600,000 төгрөгийг тус тус авч байсан. 18,600,000 төгрөгийн хүүг хоёр сарын хугацаанд 1,860,000 төгрөгийн хоёр удаа хүү төлсөн. Хариуцагч нараас мөнгөө асуухад “таны мөнгийг хүнд зээлдүүлсэн. Уг хүнээс мөнгө орж ирэхгүй байна” зэргээр худлаа зүйлс хэлдэг.

ХЯНАВАЛ:

 

7. Шүүхийн шийдвэр хууль ёсны байна гэдэгт шүүх процессын хэм хэмжээг чанд мөрдөж, хэрэгт хуульд заасан арга, журмаар цугларсан, ач холбогдолтой, хамааралтай, хуульд заасан шаардлагыг хангасан нотлох баримтуудаар хэргийн үйл баримт, түүнд ач холбогдол бүхий бусад бүхий л нөхцөл байдлыг талуудын мэтгэлцээнийг үндэслэж сэргээн тогтоон, түүнд материаллаг хуулийг зөв тайлбарлаж хэрэглэх замаар маргааныг шийдвэрлэсэн байхыг ойлгох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан уг шаардлагыг хангаагүй байна.

 

8. Нэхэмжлэгч Н.Р- нь хариуцагч Х.Д-, Ш.А- нарт холбогдуулж (1) 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 35.400.000 төгрөг, алданги 4.200.000 төгрөг, нийт 39.600.000 төгрөг, (2) хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нэмэгдүүлж 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж үндсэн зээл 12.000.000 төгрөг, зээлийн хүү 3.360.000 төгрөг, алданги 1.640.000 төгрөг, нийт 17.000.000 төгрөг, нэхэмжлэлийн нийт шаардлага 56.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор дээрх зээлийн гэрээнүүдээс гадна өөрийнхөө ХААН банк дахь дансны хуулга, бусад бичмэл нотлох баримтуудыг гаргаж өгчээ.

 

9. Харин  хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ нотлохоор Н.Р-ийн ХААН банк дахь дансны хуулгыг иш татаж шүүхийн журмаар бүрдүүлсэн (хэргийн 155, 157 дахь тал) бөгөөд “Н.Р-ээс мөнгө зээлдэн авч, хүүгээр нь өсгөж өгөх зэргээр 2-3 жил болж байна. ... 2023 оны 6 дугаар сард нотариатчид очоод мөнгө төгрөг өгч, авалцсан гэж худлаа хэлж байгаад 35.400.000 төгрөгийн зээлийн гэрээг гэрчлүүлсэн (хэргийн 142 дахь тал), … 2021 оноос мөнгө зээлж авч буцаан төлж байсан ба үлдэгдэл мөнгөний дүн 12.000.000 төгрөг болсон. Энэ мөнгийг би Р-ийн нэхэмжлэлдээ бичсэнчлэн бэлэн болон бэлэн бусаар түүний ХААН банк дахь тоот дансанд ихэнхдээ 420.000, 435.000 орчим төгрөгөөр өөрийн ХААН банк дахь тоот дансаар дамжуулан төлж байсан. 12.000.000 төгрөгөөс төлөгдөөгүй 3.600.000 төгрөг үлдсэн байсан. Дараа нь дахин 30.000.000 төгрөг зээлдэж авахаар, үүнээс дээрх 3.600.000 төгрөгийг төлөхөөр болж 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр баримт бичиж өгсөн. Гэтэл 30.000.000 төгрөг авлаа гэсэн баримтыг авчхаад Н.Р- нь мөнгийг болон баримтыг надад өгөөгүй.

Н.Р- надад утсаар “Чи 30.000.000 төгрөг авлаа гээд баримт өгсөн. Тэр мөнгийг би 40.000.000 төгрөг болгож өсгөж байна. Урьд тохирсноор 10 хувь өсгөж төлж өгөөрэй, нотариатчаар баталгаажуулна. 40.000.000 төгрөгөөс өмнөх авлага 3.600.000 төгрөгийг авч үлдэнэ, эсвэл бэлэн авч ирээрэй” гэж хэлснийг би зөвшөөрч 3.600.000 төгрөгийг бэлнээр авч хөдөөгөөс Өлгий сумын төв ирээд 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 3.600.000 төгрөгийг Н.Р-д тоолж өгөөд 40.000.000 төгрөгийг авахын тулд нотариатчаар баталгаажуулахаар очсон. Зээлийн гэрээг гэрчлүүлэхдээ Н.Р-ийн үгэнд итгэж мөнгийг өгч, авалцсан гэж худал хэлж 0683 дугаартай зээлийн гэрээг гэрчлүүлсэн. Гэхдээ Н.Р- нь надаас өмнөх зээлээс үлдсэн 3.600.000 төгрөгийг нотариатчаар батлуулах үед бэлэн авчхаад одоо чамд 35.400.000 төгрөг (40.000.000 – 3.600.000) зээлдүүлнэ гэж гэрээ хийснийг би зөвшөөрсөн. Гэтэл нотариатчаар гэрчлүүлсэн мөнгийг Н.Р- нь өгөөгүй” гэж шүүхэд хариу тайлбар ирүүлж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг үгүйсгэхээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 552 дугаар “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийг гаргаж өгчээ.

 

10. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаас үзвэл, тухайлбал нэхэмжлэгчийн гаргаж өгсөн:

- 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгчээс  зээлдэгчийн өмчлөлд:

  1. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлсэн 3.500.000 төгрөг,
  2. 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шилжүүлсэн 5.000.000 төгрөг,
  3. 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлсэн 11.000.000 төгрөг,
  4. 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шилжүүлсэн 10.500.000 төгрөг /бэлнээр/,
  5. 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн 5.400.000 төгрөг /бэлнээр/, нийт 35.400.000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар хүүгүй, барьцаагүйгээр зээлдүүлсэн бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 5.400.000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн сар бүрийн 06-ны өдөр хүртэл 450.000 төгрөг төлж байх ба 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр үлдсэн 25.500.000 төгрөгийг төлж дуусгахаар харилцан тохиролцсон,

- 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд 14.000.000 төгрөгийг мөн өдөр бэлэн бусаар шилжүүлэхээр, 12 сарын хугацаатайгаар 3 хувийн хүүтэй, зээлийн үндсэн төлбөр 14.000.000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төлөхөөр, харин хүүгийн төлбөрт сар бүр 420.000 төгрөгийг бэлэн бусаар буюу дансаар төлөхөөр тохиролцсон,

- “2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Н.Р-ээс 3.500.000 төгрөгийг 6 сарын хугацаагаар, 0,3 хувийн хүүтэй авсан, хугацаа хэтэрвэл 0,4 хувиар төлөх болно” гэх хариуцагч Ш.А-н үйлдсэн баримт,

- “Н.Р-ээс 11.000.000 төгрөгийг 1 сарын хугацаагаар авлаа, 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өгөх болно” гэж хариуцагч Ш.А-н 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр үйлдсэн баримт,

- “Н.Р-ээс 17.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаагаар авлаа, авсан мөнгийг хугацаанд нь төлөх болно” гэж 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч Ш.А-н үйлдсэн баримт,

- “Н.Р-ээс 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 18.600.000 төгрөгийг 1 жилийн хугацаагаар, 1.860.000 төгрөгийн хүүтэй авлаа, хүүг сар бүр төлөх болно. 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр авсан, 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр өгнө” гэж хариуцагч Ш.А-н үйлдсэн баримт,

- “Н.Р-ээс 18.600.000 төгрөгийг 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр авсан, 18.600.000 төгрөгийн хүү болох 1.860.000 төгрөгийг сар бүр төлөх болно” гэж хариуцагч Ш.А-н 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр үйлдсэн гэх баримт,

- Н.Р-ийн ХААН банк дахь *********** дугаартай дансны хуулга зэрэг баримтуудаар нэхэмжлэгч Н.Р- нь хариуцагч Х.Д-, Ш.А- нарын хооронд зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд хүүтэй, эсхүл хүүгүйгээр буцаан төлөх үйл ажиллагаа 2021 оноос хойш үргэлжилсэн бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болсон, талуудын хооронд байгуулагдаж нотариатчаар гэрчлүүлсэн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн хэлцлийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэж дүгнэхдээ тухайн гэрээг байгуулсан өдөр талууд өмнөх хамтын ажиллагааны талаар харилцан тохиролцож тооцоо нийлсэн эсэх, уг тооцооны дүнг харилцан хүлээн зөвшөөрсөн эсэх, тус хэлцэлд дурдсанчлан зээлийг тухай бүр /тодруулбал гэрээнд дурдсанаар 5 удаагийн үйлдэл тус бүрийг/ зээлдэгчид шилжүүлэн өгсөн нь тогтоогдсон эсэх зэрэг хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой бусад нөхцөл байдлыг хангалттай тодруулаагүй, орхигдуулсан, Иргэний хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөлүүдийг шалгахгүйгээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Хариуцагч нар тус зээлийн гэрээний талаар “Өмнөх зээлийн үлдэгдэл 3.600.000 төгрөгийг бэлнээр авч 40.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулна гэсэн боловч 35.400.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан ба уг гэрээний дагуу мөнгийг шилжүүлж өгөөгүй” гэж маргаж хариу тайлбар ирүүлсээр байхад анхан шатны шүүх “шүүх хуралдааны шатанд тодруулж асуухад хариуцагч Ш.А- гэрээнд тусгасан мөнгийг миний дансанд шилжүүлсэн, би авсан” гэж тайлбарласан гэж дүгнэсэн нь нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас, бусад нотолгооны хэрэгслүүдтэй харьцуулж үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөнөөс гадна маргааны үйл баримт хангалттай, бодитой тогтоогдоогүй талаар хариуцагч нарын давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

11. Н.Р-ийн ХААН банк дахь *********** дугаартай дансны хуулганаас үзвэл, тухайлбал хариуцагч Ш.А-гээс 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1.000.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 3.000.000, 2.500.000 төгрөг, 27-ны өдөр 420.000 төгрөг, 2 дугаар сарын 12-ны өдөр 11.000.000 төгрөг, 27-ны өдөр 420.000 төгрөг, 3 дугаар сарын 13-ны өдөр 600.000 төгрөг, 27-ны өдөр 420.000 төгрөг, 4 дүгээр сарын 15-ны өдөр 370.000 төгрөг, 28-ны өдөр 475.000 төгрөг зэргээр 2023 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд сар бүр 1, эсхүл 2 удаагийн шилжүүлгээр Н.Р-ийн дансанд мөнгө шилжүүлдэг байсан, энэ талаар хариуцагч нар эсрэг талын буюу нэхэмжлэгчийн гаргаж өгсөн Н.Р-ийн ХААН банк дахь *********** дугаартай дансны хуулгыг иш татаж, мөн шүүхийн журмаар бүрдүүлж хэрэгт хавсарган нэхэмжлэлийг эс зөвшөөрч “зээл авч байсан боловч эргэн төлөлт хийж байсан” гэж хариу тайлбар ирүүлсээр байтал анхан шатны шүүх хариуцагчийн хариу тайлбарт дурдсан, татгалзлын үндэс болсон уг баримтат мэдээллийн талаар эрх зүйн үнэлэлт өгөөгүй атлаа “хариуцагч нар татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй” гэж дүгнэж хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэх журмыг зөрчжээ.

 

12. Шүүх нэхэмжлэгчийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэж хариуцагч нараас тус гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж үндсэн зээл 12.000.000 төгрөг, зээлийн хүү 3.360.000 төгрөг, алданги 1.640.000 төгрөг, нийт 17.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг “хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмыг хангаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь заалт, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж байгаа тохиолдолд, хэрвээ энэ үндэслэл нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол “хэргийг хэрэгсэхгүй болгох” ба анхан шатны шүүх уг үндэслэл бий болсон гэж үзсэн атлаа “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

13. Түүнчлэн шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэс болсон, хариуцагч талаас гаргаж өгсөн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 552 дугаар “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамжаас үзвэл, тус хэрэг дэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь “2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 30.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаагаар зээлдүүлсэн” гэсэн зээлийн гэрээнд үндэслэгдсэн, харин Н.Р-ийн хариуцагч Х.Д-, Ш.А- нарт холбогдуулж гаргасан энэ удаагийн нэхэмжлэлийн үндэслэл нь талуудын хооронд 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдаж, нотариатчаар гэрчлүүлсэн “зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд 12.000.000 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээлгэн өгсөн, 13 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй ба барьцаагүй, сар бүрийн 27-ны өдөр 480.000 төгрөгөөр зээлийн эргэн төлөлтийн хуваарь тогтоож харилцан тохиролцсон”  гэх зээлийн гэрээтэй холбоотой учраас анхан шатны шүүхийн “хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй” гэх дүгнэлт бодит байдалд нийцсэн эсэх нь эргэлзээтэй ба үүнийг нягталж, тодруулах шаардлагатай.

 

            14. Маргааны үйл баримт, түүнд ач холбогдол бүхий бусад нөхцөл байдлуудыг үндэслэлтэй зөв сэргээн тогтоогоогүй, нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн агуулгатай хариуцагч нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт зааснаар буюу шийдвэрт өөрчлөлт оруулах замаар маргааныг шийдвэрлэх боломжгүй учраас анхан шатны шүүхийн хууль ёсны байх шаардлагыг хангаагүй шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

            Хуульд зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 598.900 төгрөгийг төрийн сангийн зохих данснаас гаргуулж, Х.Д-, Ш.А- нарт буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 130/ШШ2024/00075 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Х.Д-, Ш.А- нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.Д-, Ш.А- нарын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 598.900 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК