| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2023/0262/З |
| Дугаар | 128/ШШ2023/0550 |
| Огноо | 2023-06-21 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2023/0550
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Ирмүүнмальти медиа” ХХК,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: В.Энхтамир
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Энхзаяа,
Маргааны төрөл: “Ирмүүнмальти медиа” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/489 дүгээр тушаал нь нь хуульд нийцсэн эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаан: yэхэмжлэгчийн төлөөлөгч А.Дэлгэржаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Энхтамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсоёл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчээс “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/489 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.
2. “Ирмүүнмальти медиа” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-491 дүгээр тушаалаар Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын Дээд модот буланд 4.4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх авчээ.
3. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/139 дүгээр тушаалаар “Ирмүүнмальти медиа” ХХК-ийн дээрх газар ашиглах эрхийг “Жанхай тур” ХХК-ийн Г-талбайтай давхцалтай хэсэг болох 0.90 га талбайгаар хэсэгчлэн цуцалж, 3.5 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар олгожээ.
4. Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Газар ашиглах гэрчилгээг цуцлуулах тухай” 174 дүгээр албан бичгийг, мөн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 203 дугаар албан бичгийг буюу Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахаар газар ашиглах тусгай зөвшөөрөл авсан “Ирмүүнмальти медиа” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг цуцлуулах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүргүүлжээ.
Улмаар Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 165 дугаар албан бичгээр “Ирмүүнмальти медиа” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг цуцлах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлэх тухай сонсох ажиллагаа явуулах мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгчид өгчээ.
5. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/489 дүгээр тушаалаар Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 08 дугаар 31-ний өдрийн 174, 10 дугаар сарын 11-ний өдрийн 203 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэн Газрын тухай хууль, Ойн тухай хууль, тогтоомж зөрчсөн, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр “Ирмүүнмальти медиа” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгожээ.
6. Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 261 дүгээр албан бичгээр ... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/139 дүгээр тушаалаар Хөвсгөлийн байгалийн цогцолбор газрын Дээд модот булангийн хязгаарлалтын бүсэд олгогдсон 3.5 га газрын ашиглах эрхийг дуусгавар болгосныг нэхэмжлэгчид мэдэгдсэн байна.
7. Нэхэмжлэгчээс 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/489 дүгээр тушаал”-ыг эргэн харж, манай компанийн газар ашиглах эрхийг сэргээх арга хэмжээ авч өгнө үү...” гэх хүсэлтийг гаргасан.
8. Нэхэмжлэгч нь дээрх тушаалыг эс зөвшөөрч 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
9. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
“...Манай компани нь өөрийн газартаа аялал жуулчлалын зориулалтаар холбогдох төлөвлөлтөө хийж, хөрөнгө оруулалт хайж байсан боловч, хөрш зэргэлдээ газрыг ашиглагч гуравдагч этгээдийн зүгээс газар давхцалын маргаан үүсгэж, улмаар энэхүү маргааны үр дүнд манай компанид анх олгосон байсан 4.4 га газраас 0.9 га га талбайг гуравдагч этгээдэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Улмаар манай газрын хэмжээг 2019 онд шинэчлэн багасгаж 3.5 га талбайтайгаар холбогдох тушаал шийдвэр гарч, 2020 оны 05 сарын 13-ны өдөр газар ашиглах эрхийн гэрчилгээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас шинэчлэн олгосон.
Гэтэл Хөвсгөл аймгийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 11 сарын 30-ны өдрийн 261 дугаартай мэдэгдлээр манай компанийн газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн А/489 дугаар тушаалаар хүчингүй болгосон тухай бид олж мэдлээ.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан ерөнхий зарчим 4.1-д “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дахь хэсэгт заасан Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ”, 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална”, 4.2.6-д "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" гэсэн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь бидний маргаж байгаа актын талаар бидэнд урьдчилан мэдэгдэж ямар нэг сонсох ажиллагаа явуулаагүй зөвхөн Байгал орчин, аялал жуулчлалын яамны нэг мэргэжилтэн утсаар ярьж зарим мэдээлэл авчхаад "тэгвэл танай газрыг чинь цуцална" гэж байсан өөрөөр бидэнд мэдэгдсэнгүй зүйлгүй болно. Бидний газрын эрх үүссэн даруй газрын маргаантай байсан төдийгүй цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 02 дугаар сараас эхлэн бүх нийтийг хамарсан болон өндөржүүлсэн бэлэн байдлыг удаа дараа зарласан байдаг. Одоо ч Монгол Улсад аялал жуулчлалын үйл ажиллагаа, бизнес хэвийн горимдоо ороогүй байгаа зэрэг нөхцөл байдлыг холбогдох яам болон сайдын зүгээс харгалзан үзэлгүйгээр бидэнд мэдэгдэлгүйгээр бидний газрын эрхийг хугацаанаас нь өмнө бидэнд мэдэгдэлгүйгээр бидний газрын эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс манай компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгохдоо Ой, Усны тухай хууль зөрчигдсөн мэтээр биднийг буруутгаж байгаа нь бидэнд ойлгомжгүй төдийгүй үндэслэлгүй болно. Зүй нь газар дээр нь бодит нөхцөлийг тогтоож, бидэнд тайлбар, учирлах боломж олгосон бол бид харилцан ойлголцох боломж байсан гэж бодож байна.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 11 сарын 03-ны өдрийн А/489 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдад эрх хэмжээ олгосон заалт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь Байгаль орчин аялал жуулчлалын яамны ерөнхий чиг үүргийг олгосон заалт. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл. Эдгээр нь ерөнхий заалтууд юм. Газар ашиглалттай холбоотой заалт гэвэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтаас эхэлсэн байдаг. Уг заалт нь газар эзэмших эрх дуусгавар болгох үндэслэлээс иш татсан. Хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна. Хугацаа сунгуулах, хүсэлт өгөх нөхцөл байдал байхгүй. 2012 онд олгосон газартай гуравдагч этгээд маргасан. Үүний улмаас 4,4 газрыг шилжүүлж 3,5 га газрыг шинэчлэн олгож 2020 онд гэрчилгээ гаргасан. Ингээд эрх шинээр үүсэж 5 жилийн хугацаатай 2025 онд дуусах ёстой гэрчилгээ авсан.
Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д.газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрх дуусгавар болно гэж заасан байдаг. Нэхэмжлэгч талд хугацаа дууссан асуудал байхгүй. Хоёрдугаарт Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дах заалтыг баримталсан. Уг заалтад Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно гэж заасан байгаа. Маргаан бүхий газрын шинэчилсэн акт нь Газрын тухай хуулийн 33 дугаар 33.6 буюу усан сан бүхий газрыг эзэмшүүлж ашиглуулах заалт нь “Ирмүүнмальти медиа” ХХК-д газар олгосноос хойш гарсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч захиргааны хууль тогтоомжийг буцаан хэрэглэсэн нь үндэслэлгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д газрыг 2 жил ашиглаагүй гэдэг асуудал яригддаг.
Газар дээр бүтээн байгуулалт хийгдээгүй. Өмгөөлөгчийн зүгээс маргахгүй. Шүүхийн маргаан байсан. Тусгай хамгаалалтын нутаг дэвсгэрт газар эзэмшигчийн гурван талт гэрээ байгуулаагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иш татаж тайлбарласан Монгол Улсын Дээд шүүхийн тайлбарт гэрээ байгуулагдсанаас хойш 2 жил дараалан ашиглаагүй бол гэж заасан байгаа. Яагаад гэрээ байгуулагдаагүй вэ гэхээр Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын захиргааны дарга удаа дараа солигдсон учраас уулзаж чадаагүй, гэрээ байгуулаагүй. Ингээд мэдэгдэл ирсэн гэж нэхэмжлэгч надад хэлж байсан. Газрын эрхийг цуцалж байх үед Ковидын өндөржүүлсэн бэлэн байдалд байсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-дах заалтад шүүхийн маргаантай байсан, гурван талт гэрээ хийгдээгүй, ковидын нөхцөл байдал нөлөөлсөн. Нэхэмжлэгч маргаан бүхий газар буюу Хөвсгөл далайн эрэг дээр Цондоолой, Цүндээлэй номын үргэлжлэл болох Монгол дах Дисней лэндийг бүтээн байгуулах зорилготой байсан юм. Ийм л мөрөөдөлтэй бүсгүй юм. Аялал жуулчлалын салбар нь ковидын нөхцөл байдлын улмаас хэрхэн нөлөөлсөн талаар бүгд мэдэж байгаа. Засгийн газрын тогтоолыг баримтаар гаргаж өгсөн. 2012 онд хийгдсэн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлангийн ус ойтой холбоотой хэсгийг уншсан. Хамгаалалтын дэглэм зөрчсөн гэсэн зүйл байхгүй. Хариуцагчаас гарган өгсөн зургаас харахад Хөвсгөл нуурын голдрилоос 50 м зайд “Ирмүүнмальти медиа” ХХК-ийн эргэлтийн цэг байгаа нь харагдана.
Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дах заалт нь хамгаалалтын бүс, зам гүүр тавих гээд хамааралгүй заалтыг баримталсан. Хориглосон заалт учраас ач холбогдолгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд уг газрыг олгож газар эзэмших эрхийг хүчингүй болгохын тулд ойн, усны холбогдох бүх заалтыг баримталж тушаал гаргасан. Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10 дах заалт ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барихыг хориглоно гэж заасан байдаг. Байгаль орчны үнэлгээний тайланд энэ төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж ерөнхий шинжээч дүгнэн баталсан. Энэ нь хэдийгээр 2012 онд хийгдсэн боловч Захиргааны ерөнхий хуулийн дагуу итгэл төрүүлсэн. Нэхэмжлэгч Хөвсгөл аймагт газартай гэж бодоод л явж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 1 мэргэжилтэн хувийн сэдлээр газрын цуцалсан гэж үзэж байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.
11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
“Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцлахдаа Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэг, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтыг тус тус үндэслэсэн.
Нэхэмжлэгч компанийн ашиглах эрхтэй байсан гэх газар нь усны энгийн болон онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай байгаа нь харагддаг. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бус тогтооно.", Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно.” гэж заасан.
Мөн Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт “Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтад “ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах;”-ыг хориглохоор заасан. Маргаан бүхий актыг дээрх хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан тул эрх зүйн үндэслэлтэй юм.
Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” бол эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан. Нэхэмжлэгч нь анх 2012 онд газар ашиглах эрхийн гэрчилгээг авч байсан бөгөөд үүнээс хойш 10 жил өнгөрсөн хэдий ч одоог хүртэл газар дээрээ тодорхой үйл ажиллагаа явуулаагүй байна. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-т “1.10. Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно.” гэж тайлбарласан. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь ашиглах эрх бүхий газартаа гэрээнд заагдсан зориулалтын дагуу 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй, ашиглаагүй болох нь тодорхой байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч анх 2012 онд 5 жилийн хугацаатай газар эзэмших эрхтэй байсан. 2022 он газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. 2019 онд газрын давхцалтай маргаан гарсан. Ингээд газрыг хэсэгчилсэн шийдвэр гарсан. Газрыг ашиглаад 5 жил өнгөрсөн байсан гэсэн үг. Газар дээр ямар нэгэн бүтээн байгуулалт байхгүй гэдгийг нэхэмжлэгч нар өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Маргаан бүхий актын үндэслэл болсон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газрыг зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нөхцөл байдал тогтоогдсон. Уг хуулийн заалтыг Монгол Улсын дээд шүүх 2008 онд ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгуулам, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэт/ байхыг ойлгоно гэж тайлбарласан байдаг. Үүнээс үзвэл гэрээнд заасны дагуу 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй болох нь тодорхой байна. Газар ашиглагч нь газрыг сунгуулах хүсэлт өгөөгүй. Нэхэмжлэгч талаас аливаа тайлбар өгөөгүй учраас хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ гаргах ёстой. Энэ 2 эрх зүйн үндэслэлээр маргаан бүхий акт гарсан. Нэхэмжлэгчийн газар ойн болон усны сав бүхий газартай давхцалтай. Усны тухай хуульд онцгой хамгаалалттай бүсэд давхацсан хэсэгт барилга байгууламж барихыг хориглоно гэж заасан байсан. 2019 онд Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж усны сан бүхий газарт газар ашиглах эрх олгохыг хориглоно гэсэн заалт нэмэгдсэн. Маргаан бүхий акт Газрын тухай хуульд үндэслэж гарсан. Мөн Ойн тухай хуульд ойн сан бүхий газарт тусгай хэрэгцээний арга хэмжээ зохион байгуулахаас өөр барилга байгууламж барихыг хориглосон заалт бий. Хариуцагчийн зүгээс маргаан бүхий газар ойн болон усны сав бүхий газартай хэрхэн давхцаж байгаа талаарх баримтыг өгсөн. Дээрх хуулийн заалтуудтай нийцүүлж маргаан бүхий захиргааны акт гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Материаллаг хуулийг тухайн этгээдэд тааламжтай нөхцөл бий болгож байгаа тохиолдолд буцаан хэрэглэх боломжтой ба нэхэмжлэгч 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-491 дүгээр тушаалаар Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын Дээд модот буланд 4.4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх авсан байна.
Иймд хуулийн тус заалтыг батлахдаа буцаан хэрэглэх талаар зохицуулаагүй тул тус заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэлгүй гэж үзлээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/489 дүгээр тушаалаар газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэхдээ нэхэмжлэгч тухайн газраа ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх талаар хангалттай нотлоогүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-491 дүгээр тушаалаар Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын Дээд модот буланд 4.4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх авснаас хойш газрын хэмжээний асуудлаар маргаан үүсч “Жанхай тур” ХХК Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасаныг тус шүүхийн 2017 оны 128/ШШ2017/252 дугаар шийдвэрээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, Газрын тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.6, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь “Жанхай тур” ХХК-ийн газар ашиглах гэрээг сунгах эсэх талаар дахин шинэ акт гаргах хүртэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/181 дүгээр тушаалын " Жанхай тур" ХХК-д холбогдох хэсгийг 6 сарын хугацаатай түдгэлзүүлсэн байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/139 дүгээр тушаалаар “Ирмүүнмальти медиа” ХХК-ийн дээрх газар ашиглах эрхийг “Жанхай тур” ХХК-ийн Г-талбайтай давхцалтай хэсэг болох 0.90 га талбайгаар хэсэгчлэн цуцалж, 3.5 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар олгосон ба 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гэрчилгээг 5 жилээр олгосоноос хойш цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан газраа ашиглаж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгчийг газар ашиглах дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй гэх боловч хариуцагчаас нэхэмжлэгчид 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр газар ашиглах гэрчилгээг 5 жилээр олгосоноос үзвэл газар ашиглах эрхийн хугацаа дуусаагүй гэж үзэх үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл хуулийн дээрх зохицуулалтад зааснаар гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ гаргах ба газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болох ба нэхэмжлэгчийн тухайд 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хариуцагчаас олгосон газар ашиглах гэрчилгээнд хугацааг 5 жил гэж заасан тул хугацаа дууссан гэж үзэхгүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/139 дүгээр тушаалаар “Ирмүүнмальти медиа” ХХК-ийн газар ашиглах эрх бүхий газрын “Жанхай тур” ХХК-ийн Г-талбайтай давхцалтай хэсэг болох 0.90 га талбайгаар хэсэгчлэн цуцалж, 3.5 га газар ашиглах эрхийг олгосонтой холбогдуулан гэрчилгээг шинээр бичиж өгөхдөө өмнөх хугацаагаар 5 жил гэж бичсэн. Хугацааг сунгаагүй …” гэж тайлбарлаж байх боловч газрын хэмжээ өөрчлөгдсөн нь гэрчилгээг шинээр олгох үндэслэл болохгүй.
Учир нь дээр дурдсанаар шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/139 дүгээр тушаалыг үндэслэн 3.5 га газрыг 5 жилийн ашиглуулах тухай гэрчилгээг хүлээн авсан нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр “... газар ашиглах эрхийн хугацааг 2025 онд дуусна гэж ойлгосон…” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байгааг буруутгах боломжгүй.
Хуулийн дээрх зохицуулалт нь газар ашиглах эрхийг цуцлах үндэслэлд шууд хамаарахгүй ба харин нэхэмжлэгч газар ашиглах явцдаа хуулийн дээрх заалтыг зөрчсөн тохиолдолд түүнийг нь тогтоосны үндсэн дээр Газрын тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгох цуцлах тохиолдолд хэрэглэх юм.
Гэтэл нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас газраа ашиглаж чадаагүй тул Ойн тухай хууль, Усны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/489 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН