Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2023/03632

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2023/03632

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Т.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.. төвд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З, Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Б.Сувд нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус дүүрэгт статистик эмчээр ажиллаж улмаар албаны даргаар ажиллахаар хөдөлмөрийн гэрээ хийсэн. 2021 оны 11 дүгээр сард ажилд орсон бөгөөд тухайн байгууллагад 1 жил 6 сар ажиллаж байгаад 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр буюу ажилдаа орсон өдрөө даргын тус өдрийн ... тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэж ажлаас чөлөөлөгдсөн. Миний бие энэхүү шийдвэрийг хууль бус хэмээн үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шийдвэрлэж өгнө үү. Ажиллах хугацаанд үр бүтээлтэй, санаачилгатай ажиллаж байсан бөгөөд шударга бус урамшуулал олгож байгааг удаа дараа хэлснээр ажлаас чөлөөлөгдөж буй нь харамсалтай байна. Иймд би албан тушаалдаа эгүүлэн томилогдох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс урамшууллын олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч Б... төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Э-ийн Б... төвд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна. Т.Э нь тус эмнэлэгт 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс статистик дүн бүртгэлийн албаны даргаар ажиллаж байсан бөгөөд тус төв нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталснаар Т.Э нь 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс Статистик эмчээр ажиллаж эхэлсэн билээ. Тэрээр 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүний нөөцийн ажилтан Д.У-н ширээнд дур мэдэн сууж, ажилчдын цалингийн болон хувийн мэдээлэл хадгалагдсан компьютероос зөвшөөрөлгүйгээр албаны ажилчдын үр дүнгийн урамшууллын мэдээллийг гар утсаараа зураг даран авч байхад нь хүний нөөцийн ажилтан Б.Г, бичиг хэргийн ажилтан Х.Г нар таслан зогсоож, дарж авсан зургуудаа устгахыг шаардахад эсэргүүцэж гарч явсан, мөн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр эрсдэлийн менежер Ч.Ц-н компьютерыг зөвшөөрөлгүй асааж хуудас, материал татаж хэвлэж авсан зэрэг Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг зөрчсөн зөрчил гаргасан тул Хүний нөөцийн ажилтан Д.У-н зүгээс Эрүүл мэндийн төвийн дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн хороонд холбогдох гомдлыг гаргасан байдаг. Тус ёс зүйн хороо нь 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр уг гомдлыг хэлэлцээд ...статистик эмч Т.Э-г Эрүүл мэндийн сайдын ... тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.3, 3.1.5, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.2, 8.7-д заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож, түүнд сахилгын шийтгэл ноогдуулах тухай саналыг ирүүлсэн байдаг. Нийтийн нээлттэй мэдээлэлд огт хамаарахгүй мэдээллийг бусад ажилчид буюу мэдээллийн эздийнх нь зөвшөөрөлгүйгээр, мэдээлэл хариуцагч эрх бүхий албан тушаалтнуудын ажлын компьютерт дураараа нэвтрэх замаар цуглуулсан Хувь хүний мэдээллийн тухай хуулийн 29.1 дэх заалтаар хориглогдсон уг үйлдлээ Т.Э эрх бүхий албан тушаалтнуудын шаардлагаар таслан зогсоох нь бүү хэл маргааш нь дахин гаргасан. Эмнэлгийн мэргэжилтний хувьд Т.Э-н гаргаж буй дээрх хууль бус үйлдэл нь Хувь хүний мэдээллийн тухай хуулийг зөрчөөд зогсохгүй Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчсөн зөрчил болохыг Ёс зүйн хороо тогтоосон тул ЭМТ-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.7.4 Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны шийдвэр, саналаар тогтоогдсон бол хөдөлмөрийн харилцааг шууд зогсооно гэсэн заалтын дагуу түүнтэй байгуулсан хөдөлмөрийг гэрээг цуцлах үндэслэл бүрдсэн. Түүнчлэн Т.Э нь ЭМТ-ийн эрх бүхий албан тушаалтнуудын ажлын компьютерт дураараа нэвтрэх замаар бусдын мэдээллийг өөрийн ашиг сонирхлын төлөө ашиглах зорилгоор хууль бусаар цуглуулсан үйлдэл гаргасан нь ЭМТ-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.7.6-д Төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албан мэдээллийг албан бус зорилгоор ашиглаж, завшсан бол хөдөлмөрийн харилцааг шууд зогсооно гэсэн зөрчилд мөн хамаарч байгаа. Т.Э нь Хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор заасан 2 зөрчлийг нэг дор гаргасан нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийг гэрээг цуцлах буюу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах талаар заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.9, 80.1.4, 123.1, 123.2.5 дахь зохицуулалтуудад нийцсэн тул ажил олгогчийн санаачилгаар 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/244 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Иймд түүний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна. гэв.

3. Нэхэмжлэгчээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 12130 дугаар шүүгчийн захирамж /хх 3/, Нийслэлийн Б төвийн даргын 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/244 дүгээр Т.Э-н хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын хуулбар /хх 6/, Б төвийн дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 26 дугаар санал хүргүүлэх тухай алба бичгийн хуулбар /хх 7/, Б-н төвийн дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 4 дугаар Т.Э-н ёс зүйн зөрчлийг хянан тогтоосон тухай тогтоол /хх 8/, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ /хх 9-11/, Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 31 дугаартай шийдвэр, тэмдэглэл /хх 12-14/, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 04 албан бичиг /хх 63/, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаартай албан бичиг /хх 74/, хариуцагчаас ЭМТ-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон итгэмжлэл /хх 15-16/, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаар хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг шинэчлэх тухай тушаал, хавсралт /хх 24-31/, Б-ийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/419 дүгээр Т.Э-н албан тушаалыг шилжүүлж, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал /хх 32/, Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаар бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай тушаал /хх 33-34/, Б-н даргын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/114 дугаар Т.Э-г ажлаас чөлөөлж, өөр ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал /хх 35/, Б-н даргын 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/244 дүгээр Т.Э-н хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын хуулбар /хх 36/, Б төвийн дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 26 дугаар санал хүргүүлэх тухай алба бичгийн хуулбар /хх 39/, Б төвийн дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 4 дугаар Т.Э-н ёс зүйн зөрчлийг хянан тогтоосон тухай тогтоол /хх 40-43/, Б төвийн ёс зүйн хэсгийн хороонд ирүүлсэн өргөдөл /хх 65-66/, Б төвийн ёс зүйн хэсгийн хороонд ирүүлсэн өргөдөл /хх 65-66/, хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрэмтэй танилцаж, хөдөлмөрийн гэрээ хийсэн хүмүүсийн жагсаалт /хх 87-95/, Б төвийн даргын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/128 дугаар тэтгэмж олгох тухай тушаал /хх 96/, Т.Э-н тусламж хүссэн өргөдөл, бүртгэл хяналтын карт /хх 97-98/, Б төвийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 582, 583 дугаартай албан бичиг /хх 99-104/ тус тус гаргаж өгсөн.

Шүүх хариуцагчаас нэхэмжлэгчийн цалингийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтыг /хх 84-85/ бүрдүүлсэн байна.

                                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

5. Нэхэмжлэгч Т.Э нь Б төвд холбогдуулан статистик эмчийн ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, энэ үеийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие алдаа дутагдал гаргаж байгаагүй, Урангоо намайг харахыг зөвшөөрсөн өөрийн цалингийн урамшууллын мэдээллийн зургийг авсан нь миний урамшууллыг дутуу бодсон байсантай холбоотой гэж тайлбарлажээ. 

Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Д.У-н ширээнд дур мэдэн сууж, ажилчдын цалингийн болон хувийн мэдээлэл хадгалагдсан компьютерээс зөвшөөрөлгүйгээр албаны ажилчдын үр дүнгийн урамшууллын мэдээллийг гар утсаараа зураг даран авсан, эрсдэлийн менежер Ч.Ц-н компьютерийг зөвшөөрөлгүй асааж материал татаж, хэвлэж авсан зэрэг эмнэлгийн мэргэжлийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг зөрчсөн тул Д.У-н зүгээс ёс зүйн хороонд гомдол гаргасан. Ёс зүйн хороо сахилгын шийтгэл оногдуулах саналыг ирүүлсэн. Түүний гаргасан зөрчил нь хөдөлмөрийн дотоод журамд заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэлд хамаарсан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж маргажээ.

            6. Зохигчдын тайлбар, хэргээс шинжлэн судалсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

Нэхэмжлэгч Т.Э нь Б төвийн даргын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/114 дугаартай Т.Э-н ажлаас чөлөөлж, өөр ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаалаар Статистик дүн бүртгэлийн албаны даргын ажлаас чөлөөлж, мөн өдрөөс Статистик эмчээр ажиллаж байгаад Б төвийн даргын 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/244 дугаар Т.Э-н хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар ажлаас нь чөлөөлсөн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, ажилд томилсон тушаал, ажлаас чөлөөлсөн тушаалаар тогтоогдож байна.

Ажил олгогч Б төв нь ажилтан Т.Э-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болох нь зохигчийн тайлбар, гэрч Д.У-н манай бусад ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулах санал хүргүүлсэн байх гэсэн мэдүүлгээр тогтоогджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч хөдөлмөрийн гэрээ байгуулсан, эсхүл Т.Э гэрээ байгуулахаас болон дотоод журамтай танилцахаас татгалзсан болохыг баримтаар нотлоогүй байна.

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэжээ.

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэр, тэмдэглэлийг 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор гомдлоо гаргахаар заасан ба нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан дээрх хугацаанд шүүхэд гомдлын шаардлагаа гаргажээ.

8. Б төвийн даргын 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/244 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.6.6, 9 дүгээр зүйлийн 9.3, 13 дугаар зүйлийн 13.7.4, 13.7.6, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.3, 9 дүгээр зүйлийн 9.7, 9.7.4, 9.7.6, Эрүүл мэндийн төвийн дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг тус тус үндэслэл болгожээ.

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэлд хөдөлмөрийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргаж болохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд зохицуулжээ.

Хөдөлмөрийн тухай 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэжээ.

Хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан нь хөдөлмөрийн харилцааны дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний төлөө сахилгын хариуцлага хүлээдэг. Харин сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал юм. Сахилгын зөрчил нь эрх зүйн бусад зөрчлөөс ялгаатай. Тухайлбал: сахилгын зөрчил гаргагч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтан, зөрчилд арга хэмжээ авах эрх бүхий этгээд нь ажил олгогч этгээд байдаг бөгөөд харин ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдхүй байна.

Энэ зүйлд заасан "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардана.

Иймээс ажил олгогчоос гаргасан дүрэм, журам, зааварт тусгагдсан ажлын байрны тогтоосон горим, журмыг ажилтан ноцтой байдлаар зөрчсөн ч тухайн актыг хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэх боломжгүй, харин дээрх дүрэм, журам, зааврын зарим заалтыг зөрчвөл "ноцтой зөрчил"-д тооцохоор хөдөлмөрийн гэрээнд заасныг адилтган үзэж болох юм.

Мөн ажил олгогч, ажилтан нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй тохиолдолд ажилтны гаргасан зөрчил нь дээр дурдсан ноцтой зөрчлийн хэмжээнд байгаа хэдий ч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан "хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох" үндэслэлд хамаарахгүй болно.

Түүнчлэн Хөдөлмөрийн дотоод журмын 9.3-т Ажилтан нь гар утас, камер, сонсох төхөөрөмжөөр бичлэг хийх, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон цахим хуудас, нийгмийн сүлжээний хэрэгслээр байгууллагатай холбоотой асуудлаар албан бус байр суурь, үзэл бодлоо илэрхийлэх, сөрөг мэдээ, мэдээлэл түгээх, 13.7.4-т Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны шийдвэр, саналаар тогтоогдсон, 13.7.6-д Төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албан мэдээллийг албан бус зорилгоор ашиглаж, завшсан гэсэн үндэслэл хэрэгт авагдсан маргааны үйл баримттай тохирохгүй байна. Ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах хэлбэрийн шаардлагыг хангах ёстой. Өөрөөр хэлбэл баримталсан зүйл нь гаргасан зөрчилтэй нийцсэн байх шаардлагатай нийцэхгүй болжээ.

Хөдөлмөрийн дотоод журамд зураг дарахыг ноцтой зөрчилд хамруулаагүй байхаас гадна Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны шийдвэр, саналд хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчлөөс өөр үндэслэлээр зөрчил гаргасан гэж үзэж, сахилгын шийтгэл оногдуулах санал гаргажээ. Түүнчлэн Ч.Цэгмидийн компьютерийг асааж, цалингийн урамшуулал хэвлэснээр байгууллагад ямар ноцтой хохирол учруулан болох нь тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч Т.Э-н Б төвийн статистик эмчийн ажил эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлтэй болжээ. 

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж заажээ.

Нэхэмжлэгч Т.Э-г ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул түүний урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэх нь зүйтэй.

Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-т зааснаар шүүх нэхэмжлэгч Т.Э-н цалингийн дунджийг түүний хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг үндэслэн сүүлийн бүтэн ажилласан гурван сарын дундаж болох нэг сарын гар дээр авах цалингийн дундаж 1,132,415 төгрөг, нэг өдрийн дундаж цалин 51,473 төгрөг болох нь хэрэгт авагдсан Т.Энхжаргалын цалингийн картаар тогтоогдож байна. Шүүх нэхэмжлэгч Т.Энхжаргалын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо түүний ажилласан сүүлийн 3 сар буюу 2023 оны 3, 4, 5 дүгээр саруудын цалингаас тооцсон болохыг дурдаж байна.  

Иймд Т.Э-н ажилгүй байсан 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцож 4,941,444 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж заасны дагуу Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд нэхэмжлэгч Т.Э-н нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасахгүйгээр тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл болон түүнд холбогдох бусад шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч Т.Э-н нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэж байгаа тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Э-г Б төвийн статистик эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б төвөөс дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 4,941,444 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Э-д олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар нэхэмжлэгч Т.Э-н төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр дээрх олговроос шимтгэл тооцохгүйгээр тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Б төвд даалгасугай

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.ЗҮМБЭРЭЛ