Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2024/00694

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.К даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч дүүрэг   дугаар хороо баруун тасган  дүгээр гудамж  тоотод оршин суух,  онд төрсөн  настай, Б  вогт М.О

Хариуцагч: Б дүүрэг   дугаар хороо  дугаар бичил хороолол   тоотод бүртгэлтэй хаягтай  НҮТББ 8,656,025 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2023 оны  дүгээр сарын  -ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.О өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч М.О хариуцагч Г  НҮТББ-д холбогдох   ам доллар буюу 8,656,025 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч М.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2019 оны 11 дүгээр сард  НҮТББ-ын пэйж хуудсаар ороход БНХАУ-ын Тианжин хотын Tianjin Science & Technology их сургуульд 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна гэсэн зар байсантай танилцаж суралцахаар Гадаад хэл боловсролын цогц академи холбоо НҮТББ-тай холбогдсон. Уулзалтын цаг товлож тус төвийн захирал гэх С.Н гэж хүнтэй оффист нь хэд хэд уулзсан. Тэр хүн зуучлалын хөтөлбөр, бүрдүүлэх материал, Хятад Англи хэлний сургалт явуулдаг офиссоо танилцуулж бүх мэдээллийг өгсөн. Би шаардлагатай материалаа 7 хоногийн дотор бүрдүүлж захирал С.Н биеэр хүлээлгэж өгсөн. Удалгүй С.Н захирал утсаар холбогдож зуучлуулах боломжтой, материал чинь болж байна, ирж гэрээгээ хийгээрэй гэж хэлсэн. Гэрээ хийх хүртлээ түүнтэй 3 удаа уулзаад 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Зуучлалын гэрээг байгуулж Гадаад хэл боловсролын цогц академи холбоо НҮТББ-ын захирал С.Н баталгаажуулж гарын үсэг зурснаар урьдчилгаа 2500 ам долларыг  НҮТББ-ын данс руу энэ өдрөө шилжүүлж, үлдэх төлбөрийг бэлэн мөнгөний баримт үйлдэн С.Н захиралд өгсөн. Гэрээ хийсэн өдрөө цаашдаа манай компаний ажилтан Хятад улс руу оюутан зуучлах ажлыг хариуцсан Б.О уулзаж мэдээллээ авч байгаарай гэж танилцуулсан. Ингээд огт холбогдохгүй байж байгаад 2020 оны 07 дугаар сард вичатаар Б.О холбогдож бүх мэдээлийг авч байсан. Тухайн үед Ковид гарсан байсан тул намайг чи сургуульдаа онлайнаар суучих, сургуульд чинь ямар ч байсан оруулна, чамайг огт хохироохгүй, сургуульд оруулж өгөхгүй бол мөнгийг чинь буцааж өгнө, чамд хохиролтой гэж үзвэл манай сургалтын төвийн хэлний бэлтгэлд суугаад дараа жил нь хэлний бэлтгэлд биеэр сурвал амар гэж хэлсэн боловч өөрийн төвийн хэлний сургалтад суулгаагүй. 2020 оны 08 дугаар сард за ингээд болчихсон, сургуульдаа бараг элсээд орчихсон шүү гэж хэлсэн боловч элсүүлж өгөөгүй. Ингээд эхний жил өнгөрч дараа жил нь 08 дугаар сард холбогдоод надад чи сургуульдаа онлайн суувал чамаас хэлний шалгалт авна, 11 дүгээр сарын 04-ний өдөр авна гэж хэлсэн боловч тэр өдрийг нь хүлээсэн боловч ямар ч шалгалт аваагүй. Гэрээгээр намайг 2020 оны намар элсүүлэх ёстой байсан боловч 2021, 2022 он өнгөрч энэ хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй. Гэрээ биелэгдэхгүйг ойлгоод 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Б.О ви-чатаар төлбөрөө буцааж авъя гэж шаардахад захирал С.Нд хэлсэн урьдчилгаа төлбөрийг буцааж өгөхөөр болсон, цаашаа зуучлагч хүнд мөнгө шилжигдсэн тул хугацаа орох байх мөнгө хүлээж авах дансны дугаар мэдээллээ илгээ гэхээр нь дансны дугаар явуулсан боловч 2 сар өнгөрсөн. Ингээд би шүүхэд хандсан. Иймд хариуцагч  НҮТББ-аас урьдчилгаанд өгсөн 2500 ам доллар буюу 8,656,025 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч  НҮТББ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Гадаад хэл боловсролын цогц академи холбоо НҮТББ нь ямар ч зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэггүй. Хүүхэд залуучуудын мэдлэг боловсролыг дэмжих, хөгжүүлэх сургалт семинар зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Гадаад хэл боловсролын цогц академи холбоо НҮТББ нь 2019 оны 07 дугаар сараас эхлэн Б.О БНХАУ руу тэтгэлэгт хөтөлбөрт оюутан зуучлуулах холбоо тогтоож 2019 оны 08 дугаар сараас эхлэн БНХАУ руу тэтгэлэгт хөтөлбөрт зуучлуулах шалгуурт нийцэх хүмүүсийг олж бэлдэх зорилгоор Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Б.О хамтран БНХАУ-д суралцах хүсэлтэй хүмүүсийг бүртгэж эхэлсэн. Бүртгэлийн үйл ажиллагааны явцад М.Охолбогдож БНХАУ-ын Тианжин хотод байрлах Тианжиний их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт зуучлахаар тохиролцон 2019 оны 12 сарын 05-ны өдөр гэрээ байгуулж, бичиг баримтыг бүрдүүлж эхэлсэн. Ковидоос шалтгаалж олон улс хилээ хааж гаднаас оюутан авахаас татгалзаж эхэлсэн бөгөөд тэдний дунд БНХАУ ч байсан тул М.О зуучлах үйл ажиллагаа тодорхой хугацаагаар хойшлогдсон. Энэ тухай Б.О мэдэгдсэн. Б.О нь М.О холбоотой байгаа, мэдээллийг өгч байна санаа зоволтгүй гэсэн. Б.О 2022 оны 12 сарын эхээр холбогдож М.О маргаантай байгаагаа мэдэгдэж манайхаас Хамтран ажиллах гэрээний дагуу бид хүлээсэн үүргээ биелүүлсэн, өөрөө аль аль талыг нь хохиролгүй болгох тал дээр хурдан шуурхай анхаарч ажиллахыг хүссэн. Манай байгууллага Б.О зуучлуулах шаардлагад нийцсэн хүмүүсийг олж өгөхөөр тохиролцсон бөгөөд цаашдын үйл ажиллагааг Б.О явуулах ёстой. Хамтран ажиллах гэрээний дагуу зуучлалтай холбоотой гарсан аливаа маргаанд Б.О нь 100 хувь хариуцлага хүлээнэ гэсэн заалт байгаа. М.Отөлсөн төлбөр 6,801,300 төгрөгийг Б.О бэлнээр авсан. Тиймээс Б.О нэхэх үндэслэлтэй. Энэ тухай өөрөө ч гэрчээр мэдүүлэхдээ хэлсэн. Гэрээнд хариуцагч байгууллага тамга дарсан боловч ямар нэг үүрэг хэрэгжих боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

3. Нэхэмжлэгчээс 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн  НҮТББ-тай байгуулсан Зуучлалын гэрээ, Хаан банкны дансны хуулга, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Гадаад хэл боловсролын цогц академи холбоо НҮТББ-д 3,801,300 төгрөг хүлээлгэж өгсөн Бэлэн мөнгөний орлогын баримт, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа,

4. Хариуцагчаас 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Б.О байгуулсан Хамтран ажиллах гэрээ, 2019 оны 12 сарын 05-ны өдрийн Бэлэн мөнгөний зарлагын баримт, Б.О бэлэн мөнгө авсан тухай баримт,

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.О харилцсан вичатад үзлэг хийж, хариуцагчийн хүсэлтээр Б.Ог гэрчээр оролцуулж мэдүүлэг авч баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Нэхэмжлэгч М.О хариуцагч  НҮТББ-д холбогдох 2500 ам доллар буюу 8,656,025 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч нь М.О 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Гадаад хэл боловсролын цогц академи холбоо НҮТББ-тай Зуучлалын гэрээ байгуулж урьдчилгаа 2500 ам доллар буюу 6,801,300 төгрөгийг данс болон бэлнээр төлсөн. Гадаад хэл боловсролын цогц академи холбоо НҮТББ нь үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

2. Хариуцагч нь 2019 онд Б.О хамтран ажиллах гэрээ байгуулж Тяньжины их сургуульд тэтгэлэгт хамрагдах хүмүүсийг манайх олж өгөх үүрэг гүйцэтгэх, Б.О зуучлалын үйл ажиллагааг гүйцэтгэхээр хамтран ажилласан. М.О манайд шилжүүлсэн 6,801,300 төгрөгийг Б.О хүлээж авсан. Хариуцагч мөнгийг аваагүй тул хариуцагч биш гэсэн үндэслэлээр няцаасан.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1. Зохигчийн хооронд 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр БНХАУ-ын их дээд сургуульд элсүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах зорилгоор Зуучлалын гэрээ байгуулагдаж, энэ өдрөө урьдчилгаа төлбөр 2500 ам доллар буюу нэхэмжлэгч нь 6,801,300 төгрөгний 3,000,000 төгрөгийг хариуцагч байгууллагын дансанд шилжүүлж, үлдэгдэл 3,801,300 төгрөгийг бэлнээр хүлээлцсэн болох нь гэрээ, талуудын тайлбар, нэхэмжлэгчийн Хаан банкны хуулга, бэлэн мөнгөний орлогын баримт гэх баримтуудаар тогтоогдсон.

Зуучлалын гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

3.2. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан.

Зуучлалын гэрээгээр зуучлагч  НҮТББ нь зуучлуулагчыг БНХАУ-ын Тианжин хотын тианжин сайенс энд технологийн их сургуульд 100%-ийн тэтгэлэгт хамруулж өгөх үүргийг, зуучлуулагч М.Озохих бичиг баримтыг хууль ёсны дагуу бүрдүүлж, урьдчилаа төлбөр 2500 ам долларыг төлөх, суралцах урилга ирсэн даруйд үлдэгдэл төлбөр 1500 ам долларыг төлөх үүргийг тус тус хүлээсэн.

3.3. Нэхэмжлэгч М.Огэрээний дагуу зохих бичиг баримтыг бүрдүүлж, урьдчилгаа 2500 ам долларыг төлсөн боловч зуучлагч Гадаад хэл боловсролын цогц академи холбоо НҮТББ нь гэрээний 2.1.1-д заасан үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээний 3.4-т зааснаар урьдчилгаа төлбөрт төлсөн төлбөрийг шаардах эрхтэй.

Хариуцагч  НҮТББ нь шүүх хуралдаанд Б.О Хамтран ажиллах гэрээ байгуулсан, нэхэмжлэгчийн шилжүүлсэн төлбөрийг манай байгууллага аваагүй гэсэн тайлбар гаргасан боловч тус гэрээгээр хоёр тал ашиг олох болон тодорхой зорилгыг хэрэгжүүлэхээр хамтран ажиллах гэрээ байгуулсан нь М.Ононтой байгуулсан Зуучлалын гэрээнд хамааралгүй, урьдчилаа төлбөр 2500 ам долларыг хариуцагч хүлээн авч цааш нь хэнд дамжуулж шилжүүлсэн нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үүрэгт хамааралгүй тул хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.О Б.О нарын хооронд харьцсан ви-чатанд хийсэн үзлэгээр Зуучлалын гэрээгээр заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй тул урдаас буцаалт орж ирэхээр мөнгийг М.О буцаан шилжүүлэхээр түүний дансны дугаарыг авсан, 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд гэрч Б.Огийн Зуучлалын гэрээг  НҮТББ-ын захирал н.Нарангэрэл, М.Онар байгуулсан, мөнгийг хариуцагч байгууллагын данс руу шилжүүлсэн гэсэн мэдүүлгээр гэрээний төлбөрийг хариуцагч Гадаад хэл боловсролын цогц академи холбоо НҮТББ нь хүлээн авсан, буцаан төлөхийг зөвшөөрч байсан үйл баримт тогтоогдож байгаа тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм.

4. Нэхэмжлэгч нь төлбөрт шилжүүлсэн 2500 ам долларыг 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагааг үндэслэн 1 ам долларыг 3,462.41 төгрөгт тооцон 8,656,025 төгрөг шаардсан тул Иргэний хуулийн 218 дугаар зүйлд зааснаар үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг гаргуулах нь зүйтэй.

5. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Гадаад хэл боловсролын цогц академи холбоо НҮТББ-аас 2500 ам доллар буюу 8,656,025 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.О олгох нь зүйтэй.

6. Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 410 дугаар зүйлийн 410.1-т зааснаар хариуцагч Гадаад хэл боловсролын цогц академи холбоо НҮТББ-аас 2500 ам доллар буюу 8,656,025 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.О олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153,346 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Гадаад хэл боловсролын цогц академи холбоо НҮТББ-аас 153,346 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.О олгосугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.К