Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 212/МА2019/00047

 

БНХАУ-ын иргэн Х-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2019/00410 дугаар шийдвэртэй, Х-ийн нэхэмжлэлтэй, “А” ХХК-нд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.       

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжан нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Махны үнэ 29456000.00 төгрөг гаргуулах” тухай.

 

Нэхэмжлэлд: “Миний бие хувиараа бизнес эрхэлдэг. Хариуцагч “А” ХХК-ний захирал Х.Б нь 2018 оны 5 дугаар сарын эхээр надаас нийт 49.956.000.00 төгрөгийн үнэ бүхий (1 кг махыг 4600 төгрөгөөр үнэлж авсан) 10,860 кг мах худалдаж авах, төлбөрийг нь нэг сарын дотор өгөх тухай санал тавьсан. Би “А” ХХК-ний захирал Х.Б-ын саналыг зөвшөөрч түүний хэлсэн ёсоор 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 10,860 кг махыг ачааны машинд ачуулж “А” ХХК-ний махны үйлдвэрт хүргэж өгч хариуцагч компанийн ажилтан Е.Х-д хүлээлгэн өгсөн. Хэлэлцэн тохиролцсон хугацаа болоход хариуцагч махны үнийг шилжүүлж өгөлгүй удахгүй шилжүүлнэ, маргааш, нөгөөдөр шилжүүлэх гэж байна, ирэх долоо хоногийг хүлээчих, дараагийн долоо хоногт шилжүүлэх гэж байна гэх мэтээр цааргалдаг. Шаардуулж байж 20.500.000.00 төгрөгийг хэд хэдэн удаа хувааж өгсөн ба үлдсэн 29.456.000.00 төгрөгийг одоо болтол өгөхгүй хохироож байна. Иймд хариуцагчаас махны үнэ 29.456.000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.”

 

Хариуцагчийн тайлбарт: ““А” ХХК буюу захирал Х.Б-аас махны үнэ 29.456.000.00 төгрөг нэхэмжилж тус компанийг хариуцагчаар татуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. “А” ХХК буюу захирал Х.Б би энэ нэхэмжлэлийн хариуцагч биш. Манай компани БНХАУ-ын иргэн Х-тай махны наймаа хийж байсан нь үнэн боловч 29.456.000.00 төгрөг нэхэмжилж буй асуудал нь манай компанид хамааралгүй. Учир нь иргэн Е.Х өөрийн зүгээс БНХАУ-ын иргэн Х-гоос 29.456.000 төгрөгийн үнэ бүхий мах авсан ба энэ тооцоогоо дуусгаагүй байгаа талаар тайлбарлаж байна. Тэдний хооронд хэдэн кг мах авалцаж өгөлцсөн талаар би мэдэхгүй. 29.456.000.00 төгрөг нэхэмжилсэн нь манай компанид хамаагүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Е.Х-ын гарын үсэг бүхий баримтаар нотлогдож байна. Х-оос “А” ХХК-д авсан махны үнийг тухай бүрд нь шилжүүлж байсан. Манай компанид ажилладаг ажилтан бүрийн хувийн гэрээ хэлцэлд компани хариуцлага хүлээх ёсгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг болон манай “А” ХХК-ийг хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ талаар иргэн Е.Х-тай ярилцсан бөгөөд тэр өөрийн авсан махны тооцоогоо дуусгана, компанид хамаагүй гэдгийг хэлж байсан ба Е.Х-аас асуувал энэ талаар тайлбар ирүүлэх байх.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2019/00410 дугаар шийдвэрээр  Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1-ийг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн “А” ХХК-аас махны үнэ болох үлдэгдэл мөнгө 29.456.000.00 (хорин есөн сая дөрвөн зуун тавин зургаан мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд: “Нэхэмжлэгч Х-той “А” ХХК нь 2018 онд мах нийлүүлэх талаар аман хэлцлээр хийж махны наймаа хийж байсан бөгөөд БНХАУ-ын иргэн Х-гоос нийлүүлсэн махны үнийг “А" ХХК нь бүрэн төлсөн нь хавтаст хэрэгт авагдсан “А” ХХК-ны ХААН банк дахь деспозиц дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдоно. Сүүлд “А” ХХК-ийн үйлдвэрийн даргаар ажилладаг Е.Х нь хувиараа Х-той тохиролцож мах авч, уг махыг “А” ХХК-ийн урьд авсан махтай нийлүүлж, нийт 10,860 кг мах хүлээж авсан гэж гар баримт бичиж өгсөн байна. Сүүлд Е.Х-ын авсан мах нь “А” ХХК-д хамаагүй. Е.Х компанийн урд авч хадгалж байсан махтай нийлүүлж Улаанбаатар хот руу ачуулж худалдаж дундаас нь ашиг олох зорилгоор өөртөө авсан мах юм. Энэ талаар Е.Х анх шүүхэд мэдүүлэг өгөхдөө тодорхой хэлсэн. Тиймээс Е.Х-ын сүүлд авсан махны үнэ болох 29.456.000.00 төгрөгийг манай “А” ХХК-аас аргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Е.Х нь өөртөө авсан, би өөрөө хариуцаж төлнө гэж мэдүүлэг өгсөн, тухайн үед “А” ХХК-ийн захиралд мэдэгдээгүй байгаа нь түүний удаа дараагийн мэдүүлгээр нотлогдож байна. Гэтэл анхан шатны шүүх Е.Х-ын “тус компанийн захирлын зөвшөөрөлгүй Улаанбаатар хот руу ачуулсан мөнгө нь орж ирээгүй” гэж мэдүүлсэн мэдүүлгийг үнэлж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон. Е.Х өөртөө авсан, өөрөө ашиг олох гэж аваад Улаанбаатар хот руу ачуулсан мах байтал яагаад “компанийн захирлын зөвшөөрөлгүй ачуулсан” гэж хэлсэн болох талаар болон Е.Х-ын эхнэр нь Е.Х хэн хэнтэй ямар наймаа хийж байсан Х-той махны наймаа хийснийг мэдэж байсан эсэх талаар тус тус Е.Х-аас тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл Е.Х-ын удаа дараа өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй байхад зөвхөн хамгийн сүүлийн мэдүүлгийг нь үндэслэн шийдвэрлэснийг хэргийг нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Е.Х-ыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулж, дээрх мэдүүлгийн зөрүү, ойлгомжгүй байдлуудыг тодруулан асууж байж шийдвэрлэх ёстой байсан. Энэ хэргийн жинхэнэ хариуцагч нь Е.Х байхад “А” ХХК-ийг хариуцагчаар татаж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

            Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Х нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан махны үлдэгдэл үнэ 29.456.000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...“А” ХХК-ийн захирал Х.Б нь нийт 49.956.000.00 төгрөгийн үнэ бүхий 10,860 кг мах худалдаж авч, төлбөрийг нь нэг сарын дотор төлөхөөр тохиролцон боловч 29.456.000.00 төгрөгийг өгөөгүйгэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ Манай компани БНХАУ-ын иргэн Х-той махны наймаа хийж байсан нь үнэн боловч 29.456.000.00 төгрөг нэхэмжилж буй асуудал нь манай компанид хамааралгүй. Иргэн Е.Х өөрийн зүгээс БНХАУ-ын иргэн Х-гоос 29.456.000.00 төгрөгийн мах авсан ба энэ тооцоогоо дуусгаагүй байна.  Х-гоос “А” ХХК-д авсан махны үнийг тухай бүрд нь шилжүүлж өгч байсан. Харин манай компанийн ажилтан Е.Х өөрийн хувийн зүгээс Х-той наймаа хийсэн нь компанид хамаагүй. Манай компанид ажилладаг ажилтан бүрийн хувийн гэрээ хэлцэлд компани хариуцлага хүлээх ёсгүй гэж тус тус тайлбарлаж, талууд мэтгэлцжээ.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч Х, хариуцагч “А” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т зааснаар мах худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч Х-нь 1 кг махыг 4600.00 төгрөгөөр тооцож, 10,860 кг буюу 49.956.000.00 төгрөгийн махыг 3 удаагийн ачилтаар “А” ХХК-нд хүлээлгэн өгч, “А” ХХК нь 3 удаагийн гүйлгээгээр махны үнэд 20.500.000.00 төгрөгийг худалдагчид төлж, 29.456.000.00 төгрөгийг дараа шилжүүлэхээр тохирчээ.

 

Хуульд зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдан авагч нь хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүрэг хүлээх учраас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т зааснаар хариуцагч “А” ХХК-аас худалдан авсан махны үнээс үлдсэн 29.456.000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Х-д олгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

 

Хариуцагч “А” ХХК-ийн захирал Х.Б-нь “Х-гоос “А” ХХК-ийн  авсан махны үнийг тухай бүрд нь шилжүүлсэн. Манай компанийн ажилтан Е.Х нь хувиараа Х-той махны наймаа хийсэн тул 29.456.000.00 төгрөгийг компани хариуцахгүй” гэж тайлбарлаж байгаа боловч мах худалдах-худалдан авах гэрээ  “А” ХХК болон Х нарын хооронд байгуулагдсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас гадна гэрч Б.С, Ж.М, M нарын мэдүүлгээр нотлогдож байна. Тус худалдах-худалдан авах гэрээнд Е.Х нь өөрийн нэрийн өмнөөс биш “А” ХХК-ийн үйлдвэрийн даргын хувьд уг компанид нийлүүлсэн махыг хүлээн авах чиг үүрэгтэйгээр оролцсон байх бөгөөд Е.Х нь “А” ХХК-д үйлдвэрийн даргаар ажилладаг болох нь хавтаст хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогджээ. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Е.Х-ын Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрчээр өгсөн “Энэ төлбөрийг миний бие төлнө. “А” ХХК-т хамааралгүй тул төлөх ёсгүй.” гэх мэдүүлэг нь хавтаст хэргийн 99-100, 110-111 хуудаст авагдсан Е.Х-ын Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт өгсөн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна. Тухайлбал, гэрч Е.Х нь цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ “...Х-тай мах худалдах-худалдан авах талаар гэрээ байгуулж байгаагүй. Би “А” ХХК-ийн үйлдвэрийн даргаар ажилладаг бөгөөд 2018 оны 6 дугаар сард БНХАУ-ын иргэн Х-гаас “А” ХХК нь мах нийлүүлж авсан. Тухайн үед би үйлдвэрийн даргын хувьд махыг Х-гаас хүлээж аваад, баримт бичиж өгсөн. “А” ХХК-ийн үйлдвэрийн даргын хувьд уг махыг би хүлээж авсан. Ингээд дараа нь би хувь хүнийхээ хувьд “А” ХХК-д байсан махыг тус компанийн захирал эзгүйд буюу түүнд хэлэлгүйгээр Улаанбаатар хот руу ачуулаад явуулсан. Үүнээс бол “А” ХХК-ийн захирал Б бид хоёрыг хооронд авлага, өр үүссэн.

Махыг би дур мэдэн ачуулснаас болоод уг махны үнийг би төлөхөөр болсон. Үүнийг би иргэний хэргийн шүүхэд хэлсэн. Тухайн үед тодорхой дэлгэрэнгүй мэдүүлэг өгөөгүйгээс болоод дутуу бичигдсэн байна.” гэжээ. Үүнээс дүгнэвэл, хариуцагчийн “Х-д төлөх худалдах-худалдан авах гэрээний үнийг тухайн компанийн ажилтан Е.Х төлнө” гэх татгалзал үндэслэлгүй болох нь тогтоогдсон байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “тус хэргийн жинхэнэ хариуцагч нь Е.Х учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох тухай” давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүний гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээв. 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2019/00410 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330.000.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ                                                              

С.ӨМИРБЕК