Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00237

 

БНХАУ-ын иргэн Хан Хайтао /HAN HAITAO/-ийн

Нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Х.Сонинбаяр, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2019/00410 дугаар шийдвэртэй,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дугаар сарын 17-ны өдрийн 212/МА2018/00047 дугаар магадлалтай,

 БНХАУ-ын иргэн Хан Хайтао /Han Haitao/-ийн нэхэмжлэлтэй,

Азат ХХК-д холбогдох

 Махны үнэ 29,456,000.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бауыржаны гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие хувиараа бизнес эрхэлдэг. Хариуцагч Азат ХХК-ний захирал Х.Бердимурат нь 2018 оны 5 дугаар сарын эхээр надаас нийт 49,956,000.00 төгрөгийн үнэ бүхий (1 кг махыг 4,600 төгрөгөөр үнэлж авсан) 10,860 кг мах худалдаж авах, төлбөрийг нь нэг сарын дотор өгөх тухай санал тавьсан. Би Азат ХХК-ний захирал Х.Бердимуратын саналыг зөвшөөрч түүний хэлсэн ёсоор 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 10,860 кг махыг ачааны машинд ачуулж Азат ХХК-ний махны үйлдвэрт хүргэж өгч хариуцагч компанийн ажилтан Е.Ханатад хүлээлгэн өгсөн. Хэлэлцэн тохиролцсон хугацаа болоход хариуцагч махны үнийг шилжүүлж өгөлгүй удахгүй шилжүүлнэ, маргааш, нөгөөдөр шилжүүлэх гэж байна, ирэх долоо хоногийг хүлээчих, дараагийн долоо хоногт шилжүүлэх гэж байна гэх мэтээр цааргалдаг. Шаардуулж байж 20,500,000.00 төгрөгийг хэд хэдэн удаа хувааж өгсөн ба үлдсэн 29,456,000.00 төгрөгийг одоо болтол өгөхгүй хохироож байна. Иймд хариуцагчаас махны үнэ 29,456,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Х.Бердимурат шүүхэд гаргасан тайлбартаа: Азат ХХК буюу захирал Х.Бердмуратаас махны үнэ 29,456,000.00 төгрөг нэхэмжилж тус компанийг хариуцагчаар татуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Азат ХХК буюу захирал Х.Бердмурат би энэ нэхэмжлэлийн хариуцагч биш. Манай компани БНХАУ-ын иргэн Хан Хайтаотой махны наймаа хийж байсан нь үнэн боловч 29,456,000.00 төгрөг нэхэмжилж буй асуудал нь манай компанид хамааралгүй. Учир нь иргэн Е.Ханат өөрийн зүгээс БНХАУ-ын иргэн Хан Хайтаогоос 29,456,000 төгрөгийн үнэ бүхий мах авсан ба энэ тооцоогоо дуусгаагүй байгаа талаар тайлбарлаж байна. Тэдний хооронд хэдэн кг мах авалцаж өгөлцсөн талаар би мэдэхгүй. 29,456,000.00 төгрөг нэхэмжилсэн нь манай компанид хамаагүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Е.Ханатын гарын үсэг бүхий баримтаар нотлогдож байна. Хан Хайтаогоос Азат ХХК-д авсан махны үнийг тухай бүрд нь шилжүүлж байсан. Манай компанид ажилладаг ажилтан бүрийн хувийн гэрээ хэлцэлд компани хариуцлага хүлээх ёсгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг болон манай Азат ХХК-ийг хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ талаар иргэн Е.Ханаттай ярилцсан бөгөөд тэр өөрийн авсан махны тооцоогоо дуусгана, компанид хамаагүй гэдгийг хэлж байсан ба Е.Ханатаас асуувал энэ талаар тайлбар ирүүлэх байх гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2019/00410 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1-ийг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Азат ХХК-аас махны үнэ болох үлдэгдэл мөнгө 29,456,000.00 (хорин есөн сая дөрвөн зуун тавин зургаан мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хан Хайтаод олгож, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57 дугаар зүйлийн 57.1-ийг баримтлан нэхэмжлэгч Хан Хайтао-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305230 (гурван зуун таван мянга хоёр зуун гучин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Азат ХХК-иас 305,230 (гурван зуун таван мянга хоёр зуун гучин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хан Хайтао-д олгохоор шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дугаар сарын 17-ны өдрийн 212/МА2018/00047 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2019/00410 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,000.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бауыржан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан үзэж, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 212/МА2018/00047 дугаар магадлал гаргаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэснийг миний бие 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, уг шийдвэрийг эс зөвшөөрөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1,172.2-т зааснаар шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Үүнд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдагдсан Гэрч Е.Ханатын удаа дараа өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй байхад зөвхөн хамгийн сүүлийн мэдүүлгийг нь үндэслэн шийдвэрлэснийг хэргийг нэг талыг барьж шийдвэрлэсэн үйлдэл мөн тул Е.Ханатыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулж, мэдүүлгийн зөрүүг тодруулан асууж шийдвэр гаргах хүсэлтийг хангаагүй байх тул энэ гомдлыг дахин хянаж үзэх.

Нэхэмжлэгч Хан Хайтаогийн нэхэмжилж буй 29,456,000.00 төгрөгийг БНХАУ иргэн Хан Жин Рунг 2018 оны 01 дүгээр сард Хан Хай Таод шилжүүлсэн байна. Учир нь иргэн Хан Жин Рунг Азат ХХК-д төлөх төлбөртэй байсан бөгөөд уг төлбөрөө төлөөгүй, учрыг асуухад Азат ХХК-д төлөх мөнгөө Хан Хай Тао-д өгсөн байгаа, би Хан Хай Тао-д нийтдээ 160 сая төгрөг өгсөн гэж байгаа тул уг асуудлыг тодруулж, уг маргааныг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Хан Хайтао /HAN HAITAO/ Азат ХХК-иас 29,456,000.00 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасанд хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, маргахдаа ...Е.Ханат, Хан Хайтаогоос 29,456,000 төгрөгийн үнэ бүхий мах авсан, ...тэр өөрийн авсан махны тооцоогоо дуусгана, компанид хамаагүй... гэсэн үндэслэлийг заажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

 Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсэж гэрээний зүйл болох махны үнийг төлж байсан талаар үгүйсгэгдэхгүй байгаа ба Е.Ханат нь Азат ХХК-ийн махны үйлдвэрийн даргаар ажиллаж байхдаа нэхэмжлэгчээс 10,860 кг мах 1 кг- г нь 4,600 төгрөгөөр тооцон тус үйлдвэрийн үйл ажиллагаанд зориулж хүлээн авсан нь гэрч нарын мэдүүлэг, эхний 1, 2 удаагийн махны үнийг төлсөн гэх хариуцагчийн тайлбар, мах хүлээн авсан тухай 2018 оны 06 дугаар сарын 06ны өдрийн баримт, Е.Ханатыг хариуцагч компанийн махны үйлдвэрийн даргаар ажилладаг тухай тушаал, ажил байдлын тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогджээ.

 Түүнчлэн мах хүлээн авах үед Е.Ханат, Азат ХХК-ийн махны үйлдвэрийн даргын хувьд ажил үүргээ гүйцэтгэж байсан гэж мэдүүлснийг хариуцагч баримтаар үгүйсгээгүй байна.

Мөн 29,456,000.00 төгрөгийг БНХАУ иргэн Хан Жин Рунг Хан Хайтаод шилжүүлсэн байхад асуудлыг тодруулахгүй хэргийг шийдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй, тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар нотлох баримт цуглуулах хүсэлт гаргаж байгаагүйгээс гадна гомдолд Хан Жин Рунг, Азат ХХК-ийн хоорондын төлбөрийн талаар дурдсан нь энэ маргаанд хамааралгүй байна.

 Хоёр шатны шүүх, 3 дах удаагийн махыг Е.Ханат зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөр тийш ачуулсан гэх хариуцагчийн тайлбар хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтанд тулгуурласан, хэргийн нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй, хэргийг шийдвэрлэхдээ маргааны харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-дэх хэсгийг оновчтой сонгон хэрэглэжээ.

 Анхан шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.4. зүйлд заасан шаардлагыг хангасан хуулийн үндэслэл бүхий болсон давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д заасныг хэрэгжүүлсэн байна.

 Иймд гэрч Е.Ханатын мэдүүлгүүдийн зөрүүг арилгаагүй, мөн 29,456,000.00 төгрөгийг БНХАУ иргэн Хан Жин Рунг, Хан Хайтаод шилжүүлсэн байхад асуудлыг тодруулахгүй хэргийг шийдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гомдол хангагдахгүй юм.

 Харин шийдвэр, магадлалын тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн нэрийг албан ёсны баримт бичигт /гадаад паспорт/ бичигдсэн хэлбэрээр нэмж бичин өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-т нийцнэ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2019/00410 дугаар шийдвэрийн 1, 2дахь заалт,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дугаар сарын 17-ны өдрийн 212/МА2018/00047 дугаар магадлалын 1 дэх заалтын ...Хан Хайтао... гэснийг ...Хан Хайтао /HAN HAITAO/... гэж өөрчлөн, шийдвэр магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 302 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.УНДРАХ

                                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       Г.АЛТАНЧИМЭГ

                                                                ШҮҮГЧИД                                           Х.СОНИНБАЯР

                                                                                                                            П.ЗОЛЗАЯА

                                                                                                                            Д.ЦОЛМОН