| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2023/01048/и |
| Дугаар | 135/ШШ2023/01694 |
| Огноо | 2023-12-19 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 135/ШШ2023/01694
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
135/2023/01048/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... хот, ... дүүрэг, ... хороо, ... гудамж, ... байр, ... тоотод оршин суух ... овгийн Л-ын О /РД:..., утас:..., итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, утас: .../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоотод оршин суух ... овгийн Ж-гийн Э /РД:..., утас: .../,
Хариуцагч: ... аймаг, ... сум, ... хороо, ... байр, ... тоотод оршин суух ... овгийн Ш-гийн О /РД:..., утас: ..., итгэмжлэгдсэн Ж.Э, утас: .../нарт холбогдох,
“2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт хийлгэхийг хариуцагч нарт даалгах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Д.Төмөрбаатар,
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Э,
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Б.Содболд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч Ж.Э, Ш.О нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...Ж.Э, Ш.О нар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өөрсдийн орон сууцаа албадан дуудлага худалдаагаар худалдагдаж алдах, орон сууцгүй болох гээд байна, шүүхийн шийдвэрийн өр, төлбөрийг төлөөд өгөөч гэдэг асуудлыг Л.О надад тавьсны дагуу зөвшөөрч шүүхийн шийдвэрийн өр, төлбөр болох 98,983,938 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлж барагдуулсан ба тухайн өр төлбөрөө шүүхийн шийдвэрээс чөлөөлөгдсөн байраа худалдан борлуулж зээлсэн мөнгөө өгөхөөр болсон.
Гэтэл Ж.Э, Ш.О нар нь хэлсэн ярьснаасаа буцаж Л.О миний бие нь Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 135/ШШ2023/00054 дугаар шүүхийн шийдвэр гарч Ж.Эээс 98,983,938 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.От олгосугай гэсэн шийдвэр гарсан. Энэхүү шүүхийн шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад буюу 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Л.О миний бие нь шүүхэд хандан Ж.Эийн өмчлөлийн ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... тоотод байрлах 3 өрөө орон сууцыг битүүмжлүүлэх хүсэлтийг гаргасан. Хариуцагч Ж.Э нь энэхүү хүсэлтийг мэдээд шүүхэд хүсэлт гаргасан өдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн төрсөн охин Ш овогтой О-д “Бэлэглэлийн гэрээ” хийж өмчлөх эрхээ шилжүүлсэн байсан болно.
Ж.Эийн Ш овогтой О-д “Бэлэглэлийн гэрээ” хийж өмчлөх эрхээ шилжүүлсэн үйлдэл нь шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг үр дүнгүй болгох, шүүхийн шийдвэрээр төлөх төлбөрийг төлөхөөс зайлсхийх зорилготой буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж үзэж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн өмчөө бусдад дүр үзүүлсэн гэрээ хийж шилжүүлснээр нэхэмжлэгч, төлбөр авагч Л.О миний хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор хохироож байна. Нэхэмжлэгч Л.О миний хууль ёсны эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байгаа ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан “Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна” гэж заасан байх тул Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар нь шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ:
“...Шүүх хуралдааны явцад хариуцагч энэ байрандаа би амьдарч байгаа, өөр үл хөдлөх хөрөнгө надад байхгүй, нөхөр, охин Ш.О, түүний хүүгийн хамт амьдарч байна гэж байна. Бэлэглэлийн гэрээ гэдэг өөрөө тодорхой хүсэл зорилготой, орон сууцны хувьд яривал хариуцагч 2 орон сууцтай, нэгэнд нь өөрөө амьдардаг, нөгөөд нь амьдардаггүй ч юм уу ийм тохиолдолд хүсэл зоригоо илэрхийлээд би чамд бэлэглэж байна гээд гэрээ хийсэн бол энэ бэлэглэлийн гэрээн дээр маргах зүйл байхгүй. Гэтэл өөрөө амьдарч байна, охин нь амьдарч байна. 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр бэлэглэлийн гэрээ хийгээд 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээд 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Ш.Огийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө шилжиж гэрчилгээ гарсан. Ж.Э нь энэ үед ч мөн охин Ш.Огийн хамт амьдарч байсан. Яг энэ хэрэгт охин Ш.О хариуцагчаар хамт татагдсан байсан. Гэхдээ шүүхийн шийдвэртэй холбоотой маргаан дээр 98,000,000 төгрөгийг хариуцагч Ж.Э би авсан, өөрийнхөө өр төлбөрийг дарна гэдэг баримт хэрэгт авагдсан байгаа. Тэгэхээр хариуцагч шүүхийн шийдвэрээр би өр төлбөртэй гарах юм байна, тийм учраас орон сууцаа Ш.О-д шилжүүлье гэдэг байдлаар шилжүүлсэн байна. Түүнээс хамт амьдарч байж нэг нь нэгэн рүүгээ шилжүүлж бэлэглэж байна гэдэг нь өр төлбөр төлөхөөс зайлсхийж, шүүхийн шийдвэрээр өр төлбөртэй гарна, байраа хураалгах нь тодорхой гэдгээ мэдээд ийм зүйл хийсэн байна. Хариуцагчийн яриад байгаа гэр бүлийн асуудал нь хүүхдийн асрамж, тэтгэлэгтэй холбоотой Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүхэд шийдвэрлэгдэж байгаа тусдаа асуудал. Эндээс харахад хэрэгт авагдсан баримтуудаар бэлэглэлийн гэрээ нь тодорхой хүсэл зорилгогүй, дүр үзүүлсэн хэлцэл болох нь харагдаж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан энэ хэлцлийг хийгээд байгаа Ж.Э, түүний охин Ш.О нар нь өр төлбөр төлөхөөс зайлсхийх, хуулиар тогтоосон хэм хэмжээ, өр төлбөрөө төлөхөөс зайлсхийх зорилготой дүр үзүүлж хийсэн хэлцэл мөн. Энэ хэлцэл хийгдсэн өдрөөсөө хүчин төгөлдөр бусд тооцогдох ёстой. Хариуцагч нэхэмжлэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж яриад байна. Энэ хүмүүст гэр бүлийн албан ёсны баталгаа байхгүй. Одоогийн байдлаар Л.О хөгжлийн бэрхшээлтэй том хүүтэйгээ, Ш.О охинтойгоо хамт амьдарч байгаа. Л.О гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд энэ нь эрүүгийн журмаар шалгагдаад байгаа асуудал байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагын хоёр дох асуудлыг эрх бүхий бүртгэлийн байгууллагад даалгахаас хариуцагч нарт даалгах үндэслэлгүй гэж байна. Шүүхийн шийдвэр гарахаар хариуцагч нар шийдвэрийг сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэдэг уялдаа холбоотой асуудал тул энэ шаардлага үндэслэлтэй. Иймд 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хийсэн бэлэглэлийн гэрээ дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэв.
2.Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“...Ж овогтой Э миний бие нь Л овогтой О-ын 2023 оны 06 дугаар сарын 12-нд шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хийж байна.
Хариуцагч гэгдэх миний гэр бүл ийм нөхцөл байдалд орсон шалтгаан, гэр бүлийн хүчирхийлэлд олон жил амьдарсан охиныхоо эрүүл мэнд, амь насыг хамгаалж, хүчирхийллийг таслан зогсоох гэсэн эцэг эхийн хүсэл эрмэлзэл нь өс хонзонгийн хэрэглэгдэхүүн болж эцэг эхээ дэмжиж, дундын өмчөөсөө өгсөн мөнгөн дэмжлэг нь өр авлага болон шүүхэд шилжихэд хүргэсэн нь туйлын үнэн юм. Үүний зэрэгцээ Л.О нь 9 настай хүү Т, 14 настай хүү Б нарыг зуны амралтаар хөдөө амрааж сувилуулах хүсэлтийг минь дэмжиж хамт явуулчихаад ар хударгаар нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, цагдаа шүүхээр дуудуулж, сэтгэл зүйн дарамтанд оруулж, шүүхийн ажилтнуудыг ч ажлаа хийсэнгүй гэж шахаж шаардаж байсан нь эцэг хүнээс гарамгүй, хүнлэг бус үйлдэл байсныг хэлье. Учир нь хүү Б минь урт удаан хугацааны сэргээн засах эмчилгээ шаардлагатай, харвалт өгсөн, баруун хөл, гар саажилттай учир зуны улиралд бариа засал хийлгэх нэн хэрэгтэйг О-т хэлж энэ нэхэмжлэлээ хойшлуул, эсвэл татаач, өвчтэй хүүгээ сэргээн засал хийлгэх боломжийг минь бүү саатуул гэж гуйхад би өмгөөлөгч Төмөрбаатартаа хэлчихлээ гэж 3 удаа хэлсэн ба бас ямар утаснаас залгаад байгааг асууж шүүхийн туслахын дугаарыг авч байсан билээ. Утсанд баримт нь үлдсэн байдаг. Надад 2 хүүгээ хаяад ирэх ямар ч боломж байгаагүйг О сайн мэдэж байсан. 2 хүүгийн аж байдлын талаар үргэлж харилцаатай байж зураг, бичлэгийг явуулж байсан.
1.Л.Оын хүсэлтээр байрыг охины нэр дээр шилжүүлсэн. Мөн 2 хүүтэйгээ гудамжинд өмссөн хувцаснаас өөр зүйлгүй хөөгдөж, гүтгүүлж, доромжлуулж зовж яваа охин үрээ өрөвдөж, өөрийн цорын ганц өмч болох орон байраа бэлэглэлийн гэрээгээр өгсөн эхийн сэтгэл байсан учир хууль зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй байна. Гэтэл бидний хууль ёсны эрхэд бүдүүлгээр халдаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлүүлэх, бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох зорилгодоо шүүх байгууллагыг хэрэглэгдэхүүн болгон ашиглаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Л.Оын байр шилжүүл гэж шаардсан, дарамталсан, доромжилсон баримтуудыг шүүхэд хангалттай өгсөн. Одоо ч би та нарт байр авч өгсөн, та нар цагдаа шүүхээс өргөдлөө тат гэж дарамталсаар байна.
2.Миний охин Ш овогтой О 2007 оноос энэ хүнтэй 14 жил хамт амьдарч, 2 хүү төрүүлж өсгөн, хэдэн зуун тэрбумаар тоологдох эд хөрөнгийг нь бүтээлцэж, өдөр шөнөгүй хөдөлмөрлөж ирсэн байхад зөвхөн хүчирхийллийн асуудлаа далдлах гэж цагдаад өгч шалгууллаа гэж өсөрхөн хууль ёсны эрхийг нь зөрчиж, эхнэр хүүхдийнхээ амьдарч байгаа байраар өс хонзонгийн хэрэглэгдэхүүн хийж байгааг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
3.Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар 135/ШШ2023/00054 тоот шийдвэрээр охин Ш.О-г хэргийн хариуцагчаар татсаныг хэрэгсэхгүй болгосон байхад Л.О нь байрыг нь битүүмжлэх, бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах хүсэлт гаргасан нь хүний хууль ёсны эрхэд халдсан гэмт хэрэг гэж үзэж байна.
4.Л.О нь өөрийн үйлддэг хүчирхийллээ хүлээн зөвшөөрч, буруугаа хүлээн гарын үсгээ зурж өгсөн баримт нотолгоо, мессеж бидэнд хангалттай бий. Энэ хүн бидэнд өгсөн амлалт гарын үсэг, бичиж ирүүлсэн мессежүүддээ эзэн болж, худал гүтгэлэг бүхий нэхэмжлэлүүддээ хуулийн хариуцлага хүлээх ёстой эрх зүйн чадамжтай эцэг хүн.
Бидний амьдралыг там болгосон хүчирхийллийн асуудлаа дахин давтах боломжгүй болсон нь сайхан боловч зээ хүү Б, охин Огийн алдагдсан эрүүл мэнд, бас хүүхдүүдийн минь шархалсан бие сэтгэл, туулсан зовлонг юугаар ч төлж, нөхөн сэргээх боломжгүй гэдгийг хэлье. Иймд бодит байдалд дүгнэлт хийж, энэ нэхэмжлэлийг дахин хянаж үзнэ үү” гэжээ.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Содболд нь шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ:
“...Нэхэмжлэгч бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч тал өмгөөлөгчтэй оролцож байгаа, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргадаггүй. Үүнийг нотлох баримтаар, тайлбараар шүүх нотлоод, харин үр дагаврыг шаарддаг. Тэгэхээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар бие даасан шаардлага гаргах ямар ч боломжгүй. Үүнийг шүүх шаардлага байна гэж үзэж хүлээж авч шийдвэрлэх боломжгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлээс хойш 57-60-н хооронд хүч хэрэглэсэн, хууран мэхэлсэн гээд бусад хэлбэрээр хүчин төгөлдөр бус байх хэлцлийг нотлоод хүчин төгөлдөр бусд тооцуулахыг шаардаж болно. Тэгэхээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл юм гээд тайлбарлахдаа төлбөр төлөхөөс зайлсхийсэн гэдэг агуулга яриад байгаа нь өөрөө бие даасан шаардлага гаргах ёсгүй, хуулийн зохицуулалтаар шаардлага гаргаад байгааг шүүх хүлээж авч шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байгааг шүүх анхаарах байх. Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасан үр дагаврыг шаардахыг хууль зөвшөөрсөн. Хоёрдугаар шаардлагын хүрээнд улсын бүртгэлийг зөвтгөж бүртгүүлэхийг даалгах гэж байна. Гэтэл бүртгэлд өөрчлөлт оруулах эрх улсын бүртгэлийн байгууллагын эрх хэмжээний асуудал байна. Өнөөдөр хариуцагчаар иргэн Ж.Э, Ш.О нар татагдсан. Энэ хүмүүст даалгаад энэ хоёр хүн очоод бүртгэл хийчихдэг тийм амархан асуудал биш. Тэгэхээр аливаа даалгах шаардлага гаргаж байгаа тохиолдолд тухайн үйлдлийг хийх эрхтэй этгээд хариуцагчаар татагдсан байх ёстой. Энд улсын бүртгэлийн хэлтэс татагдаагүй, хийсвэрээр бодоод шүүх даалгалаа гэхэд Ш.О, Ж.Э нар өөрсдөө очоод улсын бүртгэлийн тамга тэмдэг аваад, үнэт цаасан дээр хэвлэж аваад даалгасан шаардлагыг биелүүлэх боломжгүй. Тэгэхээр хоёрдох нэхэмжлэлийн шаардлага энэ хоёр хариуцагчтай холбоотой шаардлага биш байна. Хэрэв даалгах шаардлага гаргаж байгаа бол үл хөдлөх хөрөнгийг бүртгэдэг улсын бүртгэлийн байгууллагыг хариуцагчаар татсаны үндсэн дээр тухайн байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлэх зарчмаар явагдах ёстой. Ш.О нь миний үйлчлүүлэгч Ж.Эийн охин нь буюу нэхэмжлэл гаргаад байгаа Л.Оын хууль ёсны эхнэр байгаа юм. Энэ хүмүүс дундаасаа 2 хүүхэдтэй, гэр бүлийн маргаан нь Баянгол дүүргийн шүүх дээр явж байгаа. 98,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг дээр Ш.О, Ж.Э хоёрыг хоёуланг нь хариуцагчаар татсан боловч Ш.Од холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Ж.Эээс 98,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Тухайн мөнгийг хүргэн нь хадам ээждээ туслах байдлаар орон сууцанд нь дэмжлэг болох байдлаар өгсөн асуудал байдаг. Гэхдээ нэгэнт хүн нь нэхсэн, авч хэрэглэсэн учраас төлье гээд шүүхийн шийдвэр гарсан байгаа. Яагаад энэ хоёр асуудал яригдаад байна вэ гэхээр өнөөдөр би нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч татгалзаж байгаа татгалзлаа нотлоод нэг ёсондоо нэхэмжлэгч хариуцагч нарын асуудлыг шийдвэрлэнэ гэж бодтол, нэхэмжлэгч талаас гаргаж байгаа бүх тайлбараар төлбөр авагч төлбөр төлөгч хоёрын асуудал яригдаад нөгөө 98,000,000 төгрөгийн асуудал яригдаад байна. Өөрөө ямар ч хөрөнгөгүй байж өөрийнхөө ганц үл хөдлөх хөрөнгийг 98,000,000 төгрөгтөө хураалгах ёстой байсан, дүр үзүүлж бэлэглэсэн байна гээд байна. Гэтэл цаг хугацааны хувьд төлбөр авагч төлбөр төлөгч гэдэг ойлголт 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоод шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэх үед албадан гүйцэтгэх захирамж гарсны үндсэн дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хувийн хэрэг үүсэж байж төлбөр авагч төлбөр төлөгч буюу Л.От Ж.Э 98,000,000 төгрөг өгөхтэй холбоотой ажиллагаа эхэлж байгаа. Гэтэл өнөөдрийн шийдвэрлүүлэх гээд байгаа бэлэглэлийн гэрээ энэ үйл явдлаас 1 жил 2 сарын өмнө буюу 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Ш.Од шилжчихсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэр гараагүй, үүнтэй холбоотой бид битүүмжлэх хүсэлт гаргахад энэ хүн аль хэдийн шилжүүлсэн байсан гээд байна. 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр битүүмжлэх шүүгчийн захирамж гарч 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр Ш.О-д шилжсэн учраас шүүгчийн захирамж биелэгдэх боломжгүй байна гэдэг бичиг ирчихсэн. 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч тал үүнийг мэдсэн гээд байгаа. Бодит байдал дээр төлбөр төлөгч болоогүй, шүүхийн шийдвэр гараагүй, шүүгчийн захирамж гараагүй байхад бэлэглэлийн гэрээгээр шилжсэн байна. Нас өндөр болсон эх хүн төрсөн охин нь гэр бүлийн хүчирхийлэлд байгаа, заримдаа хөөгдөж туугдаж, зодуулж, цохиулж ирдэг охиндоо өөрийнхөө өмчийг яагаад шилжүүлж болохгүй гэж. Хөөгдөөд ирэхэд нь миний охин өөрийн гэсэн орох оронтой байг, би өндөр настай хүн гээд охиндоо бэлэглэсэн байна. Энэ юу нь дүр үзүүлээд байна вэ. Төлбөр төлөгч болсны дараа хууль зөрчиж бэлэглэл хийсэн бол энэ шаардлага зөв. Одоо хавтаст хэрэгт байгаа баримтуудыг он сарын дараалалтай судлаад үзвэл бэлэглэлийн гэрээ аль эрт хийгдсэн байна. Ээж нь охиндоо байраа бэлэглэж байгаа нь бодит нөхцөл байдал, энэ бол хүсэл зоригийн илэрхийлэл. Энэ хүн бэлэглэсэн бэлэглээгүй, хуулийн дагуу өв залгамжлалаараа охин нь өвлөх эрхтэй. Харь элгийн хэн нэгэнд дүр үзүүлж худалдах гэрээ хийчхээд тэр байрандаа өөрөө амьдраад байгаа бол нэхэмжлэгчийн тайлбар нь үндэслэлтэй. Тэгэхээр энэ бол хүчин төгөлдөр хэлцэл байна. Хүчин төгөлдөр хэлцэл болох нь тогтоогдож байгаа ба Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д заасан бэлэглэлийн гэрээ хийгдсэн байна. Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохдоо хуулийн тусгай нарийвчилсан зохицуулалтаар хүчингүй болгоно. Тэгэхээр хүчин төгөлдөр бэлэглэлийн гэрээг яаж хүчингүй болгохыг Иргэний хуулийн 280 дугаар зүйлд зохицуулсан байгаа. Иргэний хуулийн 280 дугаар зүйл дээр бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох 2 тохиолдол байгаа. 280.1.1, 280.1.2, 280.3-т бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй гэж заасан. 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, нэхэмжлэгч талын иш татаж асуугаад байгаад баримтууд дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 заасан нөхцөл байдал үүсэж байгаа. 98,000,000 төгрөгийн асуудал тусдаа асуудал, үүний үйл баримтыг энд ярих шаардлага байхгүй, тогтоогдсон үйл баримт байна. Нотлох баримтаар дүр үзүүлж шилжүүлсэн зүйл алга, дүр үзүүлсэн шаардлагыг шүүх хүлээж авч шийдвэрлэх боломж алга, даалгах нэхэмжлэлийн шаардлагыг улсын бүртгэлд даалгадаг болохоос хоёр хариуцагчид даалгана гэсэн хууль зүйн боломж байхгүй. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хэрэгсэхгүй болох үндэслэлтэй байна” гэв.
3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт эхээр, тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 135/ШШ2023/00054 дугаартай шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, мөн тус шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1961 дугаартай “хүсэлт шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 21 дугаартай шүүхийн тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 630 дугаартай шүүгчийн захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Л.Оаас Д.Бд олгосон итгэмжлэл эх хувиар, ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар нээлттэй хорих ангийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаартай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаартай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаартай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ... дугаартай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улсын бүртгэлийн ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, тус шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 135/ШЗ2023/03495 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж эхээр, 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тотоол зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. /хх-3-17, 19-24, 129-131 хуудас/
4.Хариуцагчаас 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Ш.Огоос Ж.Эт олгосон итгэмжлэлийг эх хувиар шүүхэд гаргасан. /хх 51 хуудас/
5.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-ний хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбар, 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай гүйцэтгэх хуудас, 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай тус шүүхийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамжийн хуулбар, тус шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 949 дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийн хуулбар, Х банкны 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шилжүүлгийн баримтын хуулбар, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, К банкны орлогын мэдүүлгийн баримтууд хуулбар, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбар, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1028 дугаартай “К банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн гүйцэтгэх хуудас, материал хаалгах тухай албан хүсэлтийн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлсэн. /хх 34, 74-95 хуудас/
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Оын хариуцагч Ж.Э, Ш.О нарт холбогдуулан гаргасан “2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт хийлгэхийг хариуцагч нарт даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...Ж.Э нь К банкны өр төлбөрт өөрийн орон сууцаа алдах гээд байна гээд нэхэмжлэгч Л.Оаар 98,000,000 төгрөгийн өр төлбөрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлүүлсэн. Тухайн мөнгийг орон сууцыг худалдан борлуулсны дараа төлнө гэсэн боловч хариуцагч нар хэлсэн ярьснаасаа буцсан. Иймээс нэхэмжлэгч нь 98,000,000 төгрөгийг хариуцагч нараас буцаан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 54 дугаартай шүүхийн шийдвэрээр Ж.Э-ээс 98,983,938 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Тухайн маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад нэхэмжлэгчийн зүгээс Ж.Эийн өмчлөлийн орон сууцыг битүүмжлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд үүнийг хариуцагч мэдээд шүүхэд хүсэлт гаргасан өдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр тухайн орон сууцыг өөрийн охин Ш.О-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Энэ нь шүүхийн шийдвэрээр төлөх төлбөрөөс санаатайгаар зайлсхийх зорилготой байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл байна. Тухайн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулбал шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Ж.Эийн эд хөрөнгийг битүүмжилж, худалдан борлуулж, төлбөр авагч Л.Оын эрх ашиг сэргэнэ. Ж.Э нь ганц үл хөдлөх хөрөнгөтэй, бусдад өр төлбөртэй, шүүхийн шийдвэр гарвал байраа хураалгана гэдгийг мэдээд бэлэглэлийн гэрээгээр орон сууцыг шилжүүлсэн байх ба өөрийн бодит хүсэл зориг байгаагүй” гэж шаардах эрхээ тодорхойлж, тайлбарлаж байна.
2.Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э нь “... К банк дампуураад зээл нь шүүхийн шийдвэрт шилжсэн. Л.О нь 98,000,000 төгрөгийг буцаан авна гэж өгөөгүй, тусламж гэж өгсөн боловч шүүхийн шийдвэр гарсан учир би хүлээн зөвшөөрсөн. Л.О, Ш.О нар нь дундаасаа 2 хүүхэдтэй, 10 гаруй жил хамт амьдарсан. Энэ хоёрын гэр бүлийн асуудал Улаанбаатар хотын шүүхэд байгаа, удахгүй шийдэгдэх байх. Л.О нь гэр бүлийн хүчирхийллийн асуудалтай. Хүчирхийллээс зугтаж, гудамд хөөгдөөд гарсан, орох оронгүй болсон төрсөн охиндоо байраа өгснийг би буруу зүйл гэж бодохгүй байна. Намайг байраа гэнэт шилжүүлж өгсөн гэж яриад байна. Өмнө нь 2 орд харштай, гражаараа дүүрэн машинтай, ээжээ би нөхөртэйгөө сайхан амьдарч байна гээд байсан хүнд байраа өгөх шалтгаан байхгүй байсан. Надад ямар нэгэн байдлаар төлбөрөө төлөхгүй гэсэн санаа байгаагүй. Битүүмжлэх шийдвэр гараагүй байсан” гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.
3.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 949 дугаартай шүүхийн шийдвэрээр “К банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Э, Э.Ш нарт холбогдох 125,682,150.51 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэрэгт ... зохигчдын 103,844,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөх, төлөөгүй тохиолдолд ... улсын бүртгэлийн дугаартай ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоот 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн... эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх 81-84 хуудас/
Тухайн шүүхийн шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр албадан гүйцэтгүүлэхээр Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2414 дугаартай шүүгчийн захирамж, ... дугаартай гүйцэтгэх хуудас гарч, уг гүйцэтгэх баримт бичигт 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсэж үл хөдлөх эд хөрөнгийг хураасан, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр төлөгч төлбөрийг бүрэн барагдуулсан үндэслэлээр дуусгавар болсонд тооцжээ. /хх 74-80, 91, 95 хуудас/
Мөн Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 54 дугаартай шүүхийн шийдвэрээр Л.Оын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Э, Ш.О нарт холбогдох 98,983,938 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг ....хариуцагч Ж.Э нь нэхэмжлэгч Л.Оаас 98,983,938 төгрөгийг зээлж авсан ба тэрээр өөрийн өр төлбөрт зарцуулсан болох нь тогтоогдож байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй, хариуцагч Ш.О нь нэхэмжлэгчээс мөнгө зээлэхээр тохиролцсон, тэдний хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзэж, нэхэмжлэгч Л.Оын гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Ш.Од холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ж.Эээс 98,983,938 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.От олгохоор... шийдвэрлэсэн байна. /хх 4-7 хуудас/
Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаартай тогтоолоор 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 54 дугаартай шүүхийн шийдвэрт үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /хх 131 хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан ба дээрх үйл баримтууд талууд маргаагүй.
4.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “Дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна”, 56 дугаар зүйлийн 56.4-т “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно” гэж заасан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, түүний үр дагаврыг арилгуулах агуулгатай байна.
5.Нэхэмжлэгчийн зүгээс Л.Оын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Э, Ш.О нарт холбогдох 98,983,938 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад Ж.Э нь маргаан бүхий ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоот орон сууцыг битүүмжлүүлэх хүсэлт гаргасныг мэдээд хүсэлт гаргасан өдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн охин Ш.О-д бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлсэн нь шүүхийн шийдвэрээр төлөх төлбөрөөс санаатайгаар зайлсхийх зорилготой дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэснийг хариуцагч нар эс зөвшөөрч, гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд орох оронгүй болсон охиндоо өөрийн орон сууцыг шилжүүлсэн, шилжүүлэх үед шүүхээс ямар нэг шийдвэр гараагүй байсан, бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр гэж талууд маргаж байна.
6.Хавтаст хэрэгт авагдсан ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 629 дугаартай шүүгчийн захирамж, мөн шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 21 дугаартай тогтоол, ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ... дугаартай болон 2022 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн ... дугаартай албан бичиг, ... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн ... дугаартай албан бичиг, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 54 дугаартай шийдвэр зэрэг баримтуудаар Ж.Э нь шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж, 98,983,938 төгрөг гаргуулах тухай шүүхийн шийдвэр гарахаас өмнө үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ш.Огийн өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /11-16, 19, 21, 22 хуудас/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр орон сууцыг битүүмжлэх хүсэлт шүүхэд гаргасан, хүсэлт гаргасныг Ж.Э мэдээд тэр өдрөө орон сууцыг шилжүүлсэн гэх боловч тухайн үйл баримт тогтоогдохгүй, энэ талаарх баримт хэрэгт байхгүй.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх үндсэн дээр хэрэгждэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм буруу, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
7.Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д “Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ” гэж зааснаар хариуцагч Ж.Э, хариуцагч Ш.О нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ... улсын бүртгэлийн дугаартай, ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоот ... м.кв талбай бүхий 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ байгуулагдаж, бэлэглэлийн гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн, өмчлөх эрх шинээр Ш.Од үүсэж, Ж.Эийн өмчлөх эрх дуусгавар болсон байна.
Хариуцагч Ж.Эийн “...Л.О, Ш.О нар 10 гаруй жил хамт амьдарсан, дундаасаа 2 хүүхэдтэй, гэр бүлийн маргаан нь Баянгол дүүргийн шүүх дээр хянагдаж байгаа, маргаан бүхий орон сууцанд Ш.О амьдарч байгаа” гэж тайлбарласныг нэхэмжлэгчийн зүгээс үгүйсгэж, маргаагүй.
Тодруулбал, Ш.О гэр бүлийн маргааны улмаас бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан орон сууцанд амьдарч, орон сууцыг бодитойгоор эзэмшиж, ашиглаж байгаа болох нь тогтоогдож байх ба хариуцагч нарыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрээр төлөх төлбөрийг санаатайгаар зайлсхийх зорилгоор дүр үзүүлэн бэлэглэлийн гэрээг хийсэн гэж үзэх боломжгүй юм.
8.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.6-д “Өмчлөгч энэ зүйлд заасан эрхээ бусдад шилжүүлж болох бөгөөд эрх шилжүүлэн авсан этгээд эд юмсыг өмчлөгчийн зөвшөөрсөн зориулалт, өөрийн үйл ажиллагааны зорилго, дүрмийн дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй” гэж заасан.
Хариуцагч Ж.Эийг орон сууцны өмчлөх эрхийг Ш.Од шилжүүлэх үед түүнийг төлбөр төлөх үүрэг бүхий этгээд гэж шүүхээс тогтоосон, орон сууцыг захиран зарцуулах эрхийг хязгаарласан ямарваа нэг шийдвэр гараагүй байсан байх ба хариуцагч нь өөрийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй бөгөөд Үндсэн хуулиар баталгаажсан уг иргэний үндсэн эрхийг хуульд заасан үндэслэлээс бусдаар хязгаарлахыг хориглосон.
Иймд 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Ж.Э, Ш.О нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцлээс үүсэх үр дагаврыг хариуцагч нараас шардах эрхгүй байна.
9.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хуульд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56 дугаар зүйлийн 56.4, 276 дугаар зүйлийн 276.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Л.Оын хариуцагч Ж.Э, Ш.О нарт холбогдуулан гаргасан “2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт хийлгэхийг хариуцагч нарт даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НОМИН