Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 181

 

Л.Б-н нэхэмжлэлтэй,

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын

Засаг даргад холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:              Танхимын тэргүүн М.Батсуурь,  

Шүүгчид:                 Л.Атарцэцэг

                                  Х.Батсүрэн

                                  Б.Мөнхтуяа 

Илтгэгч шүүгч:       П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох,

Нэхэмжлэлийн шаардлага: Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил буюу Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах, өмгөөллийн хөлс 1.500.000 төгрөг гаргуулах тухай

Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 111/ШШ2017/0036 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2018/0047 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Хариуцагч Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг дарга З.М

Хариуцагч Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг дарга З.М-н гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 111/ШШ2017/0036 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/03 дугаартай “Л.Б-г ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, Л.Б-г урьд эрхэлж байсан ажил буюу Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Б-н ажилгүй байсан 9 cap 20 хоногийн цалин 8.413.520 төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, Л.Б-н нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг баримтлан “өмгөөллийн хөлс 1.500.000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2018/0047 дугаар магадлалаар: Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 111/ШШ2017/0036 дугаар шийдвэрийн 2 дахь заалтын “цалин 8.413.520 төгрөгийг” гэснийг “цалинг урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг бодон” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Хариуцагч Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг дарга З.М-н гомдлын агуулгад: Төрийн захиргааны удирдах албан тушаалтан Л.Б нь тухайн ажлын байрны сонгон шалгаруулалтад оролгүйгээр Жаргалант сумын ажлын байранд тэнцээд тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байранд орсон нь хуульд нийцэхгүй байна. УИХ-ын 2003 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 40 дэх заалтыг зөрчиж томилогдсон.  Энэ журмын 40-д заасны дагуу нөөц нь зөвхөн тухайн албан тушаалд томилогдох ажилтны нөөц юм. Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдох удирдах удирдах ажилтны нөөцөөс Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх боломжгүй гэдгийг Төрийн албаны зөвлөлөөс баталсан байдаг тул шүүх дутуу үнэлсэн гэж үзэж байна.

4. Жаргалант сум ажлын байрны шаардлагад төрийн албанд 3 буюу түүнээс жил ажилласан, нягтлан бодогч санхүүгийн мэргэжилтэй байхаар, Шинэжинст сум Нягтлан бодогч санхүүгийн мэргэжилтэй, төрийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн байх, төрийн албанд 5 буюу түүнээс жил ажилласан байхаар шалгуур тавьсан байдаг. Тухайн ажлын байранд тавигдсан дээр дурдсан шаардлагыг хангаагүйгээр томилогдсон нь эхнээсээ зөрчилтэй томилгоо юм.

5. Тухайн оны Үр дүнгийн гэрээний биелэлтийг хугацаанд нь гаргаж тайлагнаагүй нь албан хаагчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон гэж үзсэн боловч давж заалдах шатны шүүх “журмыг үндэслэх боломжгүй” гэж үзсэн. Хуулийг нэг мөр ойлгож, хуулийг хэрэгжүүлэх зорилгоор гаргаж мөрддөг гэж би ойлгодог. “Үр дүнгийн  гэрээний биелэлтийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны дотор тайлагнаж дараа оны 1 дүгээр сарын 05 -ны дотор үнэлж дүгнэхээр заасны дагуу 1 дүгээр сарын 10-н  хүртэл  хүлээгээд, “хангалтгүй” гэсэн үнэлгээ өгсөн нь журамд нийцээгүй байна” гэж анхан болон давж заалдах шатны шүүхүүд үзсэнийг хууль, журмыг гажуудуулсан гэж үзэж байна.

6. Санхүүгийн ноцтой зөрчлүүд илэрч, цаашид энэ албан тушаалын шаардлагыг хангаж ажиллаж чадахгүй болох Л.Б-н эхнэр нь тус сумын татварын байцаагчаар ажилладаг тул татварт төвлөрөх нотариатын үнэ, хураамжийг бүртгэл хөтлөхгүйгээр иргэнээс авч төсөвт төвлөрүүлэхгүй байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байгааг илэрхийлсэн, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгааг шүүх шат шатандаа харахгүй, үнэлэхгүй байна.

7. Захиргааны хэргийн давж заалдах шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв дүгнэж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

9. Нэхэмжлэгч Л.Б нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар 5 үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгаж, ажлаас чөлөөлсөн байна. Гэвч эдгээр үндэслэлүүд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хангалттай тогтоогдоогүй, нэхэмжлэгч албан үүргээ удаа дараа хангалтгүй хэрэгжүүлсэн, үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшин нь тухайн албан тушаалыг эрхлэх шаардлагыг хангахгүй болсон гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

10. Хариуцагчийн “анх ажилд орохдоо хуулийн шаардлага хангаагүй, өөр сумын ажлын байранд сонгон шалгаруулалтад орсон” гэх үндэслэл нь хуульд нийцэхгүй байна. Учир нь нэхэмжлэгчээс Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд төрийн албаны шалгалт өгч, нөөцөд бүртгэгдсэн болох нь Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 24 дүгээр албан бичгээр тогтоогдсон, Төрийн албаны хуулийн 17 дугаар зүйлийн 17.8, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 99 дүгээр тогтоолд зааснаар нөөцөд байгаа иргэн мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан тушаалын зэрэглэлтэйгээ адил зэрэглэлийн төрийн жинхэнэ албаны өөр албан тушаалд томилогдон ажиллаж болохоор байна. Эндээс үзэхэд Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын чиг үүрэг нь аль сумынх байхаас үл хамааран төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл адилхан тул нэхэмжлэгчийг “хууль зөрчиж, ажилд томилогдсон” гэж үзэхгүй.

11. Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын Аравын 40-д “өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөнөөс өөр албан тушаалд ажиллахыг хүсвэл сонгон шалгаруулалтад дахин орно” гэсэн зохицуулалт нь энэ маргаанд хэрэглэгдэхгүй, учир нь Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаал нь төрийн албаны ангилал, зэрэглэлийн хувьд нэг, албан тушаалын чиг үүрэг адилхан тул өөр албан тушаал гэж үзэхээргүй бөгөөд нэр дэвшсэн сум өөр байх нь тухайн албан тушаалыг ялгаатай гэж үзэх хуулийн үндэслэл биш байна.

12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхэд хэлэлцэгдээгүй, маргаагүй асуудлаар давж заалдах, хяналтын гомдол гаргах эрхгүй. Энэ тохиолдолд хариуцагчийн “ажлын байрны шаардлага хангаагүй, төрийн албанд 5 жил ажиллаагүй” гэх гомдол нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй, маргаан бүхий захирамжийн үндэслэл болоогүй, нөгөө талаар захиргааны байгууллагын шийдвэрээр нэхэмжлэгч маргаан бүхий ажилд томилогдсон, захиргааны байгууллага ийнхүү нэхэмжлэгчийг анх ажилд томилохдоо ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан эсэхийг шалгах үүрэг нь захиргааны байгууллагад хамааралтай тул гомдлын 3 болон 4 дэх хэсэг үндэслэлгүй.

13. Хариуцагчийн “Үр дүнгийн гэрээний биелэлтийг шаардсан хугацаанд тайлагнаагүй, дүгнүүлээгүй” гэх үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, хариуцагчаас Үр дүнгийн гэрээг үнэлж, дүгнэх талаар хэзээ нэхэмжлэгчтэй ярилцсан, ямар хугацаа олгосон болох нь тодорхойгүй байна. Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журмын 2.3 дахь хэсэгт зааснаар менежер нь төрийн жинхэнэ албан хаагчийн тухайн оны гэрээний биелэлтийг дүгнэх үүрэгтэй атлаа тухайн онд нэхэмжлэгч бодитоор албаны чиг үүрэг хэрэгжүүлсэн байхад үнэлж дүгнээгүй, зөвхөн “хугацаандаа тайлагнаагүй” гэх үндэслэлээр “тэг” үнэлгээ өгсөн нь төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнг үнэн зөв, хийсэн ажилд нь тохирсон үнэлгээ өгөх зарчимд нийцэхгүй байна.

14. Гомдлын 6-д заасан “Санхүүгийн ноцтой зөрчлүүд илэрсэн,  нотариатын хураамжийг бүртгэл хөтлөхгүйгээр иргэнээс авсан, төсөвт төвлөрүүлээгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгааг шүүх үнэлэхгүй байна” гэх тухайд: Маргаан бүхий захирамж нь 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр гарсан байхад 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гарсан улсын байцаагчийн актыг маргааны үйл баримтад холбогдуулан үнэлэх хууль зүйн үндэслэлгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэлт хийжээ. Хариуцагчийн “зөрчил гаргасан болох нь бодит байдалд тогтоогдсон байхад шүүх үнэлэх байсан” тухай тайлбар нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр 24.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй, маргаан бүхий шийдвэрийг гаргахаас өмнө нөхцөл байдлыг сайтар тодруулах, холбогдох баримтыг бүрдүүлэх үүрэг нь захиргааны байгууллагын үүрэг бөгөөд энэхүү үүргээ бүрэн гүйцэд биелүүлээгүй тохиолдолд захиргааны акт хууль ёсны болж чадахгүй.

15. Эдгээр үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2018/0047 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ