Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 212/МА2019/00051

 

М.Б-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2019/00454 дүгээр шийдвэртэй, Өлгий сумын 1 дүгээр баг Хуст арал гудамжны 3-26 тоотод оршин суух, “Ж” ОНӨААТҮГазрын гүйцэтгэх захирал М.Б-ийн нэхэмжлэлтэй, тус аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч М.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

                Нэхэмжлэлийн шаардлага: 2016 оноос 2019 оны 5 дугаар сар хүртэлх цалин 16.068.000.00 төгрөг, хүн амын орлогын албан татвар 1.482.000.00 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 1.960.000 төгрөг, нийтдээ 19.500.000 төгрөгийг гаргуулан Хаан банк дахь 5194006945 тоот дансанд шилжүүлэхийг даалгах тухай.

Нэхэмжлэлд: “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 137 тоот тогтоолоор “Ж” ОНӨААТҮГазар үүсгэн байгуулагдаж 11 хүний бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөлөө байгуулан, дүрмийг баталж 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хуулийн этгээдийг Улсын бүртгэлд бүртгүүлж хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Мөн оны 11 дүгээр сарын 13-ны өдөр аймгийн Засаг даргын 599 тоот захирамжаар намайг гүйцэтгэх захирлаар томилсон. Тус газрыг үүсгэн байгуулсан эрхийн акт, гүйцэтгэх удирдлага болон бүтэц орон тоог баталсан эрхийн актууд одоо хүртэл хүчин төгөлдөр. Тус газрын үйл ажиллагаа нь жигдрэхгүй, үйлчлэгчид очихгүй байсан тул томилогдсон ажилтнуудын тоог хасаж, Удирдах зөвлөлийн 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 03 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар гүйцэтгэх захирал-1, нягтлан бодогч-1, манаач-1, үйлчлэгч-1, бүгд 6 хүний орон тоогоор баталж, цалин хөлсийг тогтоосон. “Ж” ОНӨААТҮГазар нь үүсгэн байгуулагдсан мөчөөс эхэлж тус газрын зүгээс үйл ажиллагааг нь жигдрүүлэх зорилгоор үйлчлэгч нарт зориулан үнэгүй үйлчлэх микро автобус ажиллуулсан, гадаад дотоодын бизнес эрхлэгч нартай болон аж ахуйн нэгжүүдтэй холбоо тогтоож үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан ба өвс тэжээл, гурил оруулахаар тендер авсан. Аж ахуйн нэгжүүдийг тус худалдааны төвд байрлуулах Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний Тэргүүлэгчид, аймгийн Засаг дарга, “Ж” ОНӨААТҮГазрын Удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын зүгээс тал бүрийн арга хэмжээ авч, Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулж буй “Бараа болон хүнсний зах”-ыг нүүлгэх бүх талын арга хэмжээ авсан боловч өдий хүртэл үр дүн гарахгүй байна. “Ж” ОНӨААТҮГазар нь Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар балансын өртөг 3 тэрбум 50 сая төгрөгөөр барьсан үл хөдлөх хөрөнгөтэй, 325 сая төгрөгийн өртөг бүхий 252 хүний лангуутай, 100 хүний багтаамжтай, цайны газартай, иж бүрэн барилга байгууламжтай цогцолбор барилга юм. Тус газрын гүйцэтгэх удирдлага, гүйцэтгэх, үйлчлэх албаны удирдах зөвлөлийн 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаар тогтоолоор батлагдсан албан тушаалтнууд үйл ажиллагааг явуулж төрийн болон орон нутгийн өмчийн хадгалалт хамгаалалтыг бүрэн хариуцаж ямар ч нөхцөлд хэвийн ажиллах боломжийг хангаж, тайлан мэдээ, тооцоо судалгаа, бүртгэл хяналтын ажлыг зохих түвшинд гүйцэтгэж ирсэн нь тус газрын 2017 оны бизнесийн төлөвлөгөө, 2016, 2017, 2018, 2019 онуудын Аудитын зөрчилгүй дүгнэлт, мөн Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны “Ж” ОНӨААТҮГазрын 2014, 2015, 2016 онуудын үйл ажиллагаанд хийсэн Санхүүгийн шалгалтын үр дүнгийн танилцуулга, аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ажлын хэсэг байгуулах тухай А/024 тоот захирамжаар томилогдсон комиссыг 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн болон 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэл зэргээр батлагдаж байна. Ингэж “Ж” ОНӨААТҮГазрын гүйцэтгэх захирал М.Б миний бие хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хариуцлагыг үүрч, иргэний үүргээ биелүүлэн төрийн ажилд ямар нэгэн саад учруулахгүйгээр ажиллаж байгаа ба 39 сарын цалингаа авч чадалгүй хохирч байна. “Ж” ОНӨААТҮГазрын үүсгэн байгуулагч нь Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний Тэргүүлэгчид, аймгийн Засаг дарга боловч цогцолбор барилга байгууламжийн хувьд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын харьяанд байгаад 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 61 тоот УИХ-ын тогтоолоор 60%-ийг нь Орон нутгийн өмчийн газарт, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 293 тоот Засгийн газрын тогтоолоор 40%-ийг нь Авто тээврийн үндэсний төвийн мэдэлд тус тус шилжүүлсэн. “Ж” ОНӨААТҮГазрын гүйцэтгэх удирдлагын зүгээс аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, Орон нутгийн өмчийн газрын дарга мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга болон тус газраас манай аймагт ирж ажилласан мэргэжилтнүүд Авлигатай тэмцэх газраас ирсэн ажлын хэсгийнхэнд төсөв санхүүгийн асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг бичгээр болон биечлэн уулзах хэлбэрээр байнга тавьж ирсэн бөгөөд уг асуудлыг шийдэлгүй өдийн хүрсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77 дугаар зүйлийн 77.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2-т зааснаар “Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг эрх баригчийг томилох эрхийг Засаг даргад олгож, мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.5-д “Орон нутгийн өмчит албан байгууллагыг төсөв, эд хөрөнгөөр хангах үүргийг Засаг даргад хүлээлгэсэн” байдаг. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлд Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар нь дараах эх үүсвэрээр санхүүжнэ гэж заагаад орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан төсөв гэж мөн “Ж” ОНӨААТҮГазрын дүрмийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн 3 дугаарт “аймгийн Засаг дарга, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан төсөв” гэж тодорхой тусгаж санхүүжилтийг баталгаажуулсан. “Ж” ОНӨААТҮГазрын ажилчид болон гүйцэтгэх захирал нь 2016 оны 01 дүгээр сараас эхлэн тогтоосон цалин хөлсийг авч чадаагүй байгаа нь нотлогдож байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дүгээр зүйлд, 60 дугаар зүйлийн 60.1 дүгээр зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгч “Ж” ОНӨААТҮГазрын гүйцэтгэх захирал миний 2016 оноос 2019 оны 5 дугаар сар хүртэлх тайланд тусгагдсан цалин нийтдээ 19.500.000.00 төгрөгийг гаргуулан Хаан банк дахь 5194006945 тоот дансанд шилжүүлэхийг даалгах шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

                Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2019/00454 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 46 дүгээр зүйлийн 46.1, 128 дугаар зүйлийн 128.1.11-ийг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 2016 оноос 2019 оны 5 дугаар сар хүртэлх хугацааны цалин 16068000 төгрөг, хүн амын орлогын албан татвар 1482000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 1960000 төгрөг, нийтдээ 19500000 (арван есөн сая таван зуун) төгрөгийг гаргуулан Хаан банк дахь дансанд шилжүүлэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэгч М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.       

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: “Баян Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 137 тоот тогтоолоор “Ж” ОНӨААТҮГазар үүсгэн байгуулагдаж Удирдах зөвлөлийг байгуулж, 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Баян Өлгий аймгийн Засаг даргын 599 тоот захирамжаар тус газрын гүйцэтгэх захирлыг томилсон. Улмаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн137 тоот тогтоолоор тус газрын дүрмийг баталж, 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Улсын бүртгэлд бүртгүүлж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Тус газрын Удирдах зөвлөлийн 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 03 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар гүйцэтгэх захирал-1, нягтлан бодогч-1, манаач-3, үйлчлэгч-1 бүгд 6 хүний орон тоог баталж, цалин хөлсийг нь тогтоож, гүйцэтгэх захирлын сарын цалинг 500.000.00 (таван зуун мянга) төгрөгөөр баталсан. “Ж” ОНӨААТҮГазрын гүйцэтгэх захирал М.Б миний бие тус үйлдвэрийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, тус газрын дүрэмд заасан чиг үүргийг хэрэгжүүлж, хоёрдмол сэтгэлгүй хүчин зүтгэж ирсэн. Энэ нь хавтаст хэрэгт байгаа болон нотлох баримтаар өгөгдөөгүй байгаа бизнесийн төлөвлөгөө, жил бүрийн Аудитын зөрчилгүй дүгнэлт, санхүүгийн хяналт шалгалтын акт зэргээр нотлогдоно. Санхүүгийн ба аудитын бичиг баримтуудыг өгөх боломжгүй. “Ж” ОНӨААТҮГазар нь Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 3 тэрбум 50 сая төгрөгөөр баригдсан үл хөдлөх эд хөрөнгөтэй, 325 сая төгрөгийн өртөг бүхий 252 лангуутай, 100 хүний багтаамжтай цайны газартай иж бүрэн барилгын цогцолбор барилга юм.

“Ж” ОНӨААТҮГазар нь Баян Өлгий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 137 тоот тогтоолоор “Ж” ОНӨААТҮГазар болон үүсгэн байгуулагдсан Удирдах зөвлөлийг тус аймгийн ИТХ-ын тогтоолоор томилсон байх тул Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 (а), 18.1.3.(ж), 18,1.2(а) 18.1.2.(б), 29 дүгээр зүйлийн 29.1.2.(а), 29.1.2.(в), 29.1.2.(г)-д тус тус зааснаар “Ж” ОНӨААТҮГазрыг Баян Өлгий аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр байгуулж “Ж” ОНӨААТҮГазрын гүйцэтгэх захирал М.Б намайг Баян Өлгий аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “А.Б-ыг ажлаас чөлөөлж Т.Б-ыг ажилд томилох тухай” Б/747 тоот захирамжаар тухайн албан тушаалд томилсон. Гэтэл миний бие 2016 оноос одоо хүртэл цалин хөлс аваагүй. Нэгэнт Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 77 зүйлийн 77.1 дэх хэсэг, 78 зүйлийн 78.2.5-т зааснаар М.Б миний цалинг Баян Өлгий аймгийн Засаг дарга, түүний тамгын газар хариуцах учиртай гэж гомдол гаргаж байна. “Ж” ОНӨААТҮГазрын “Дүрэм” -ийн 15.1 дүгээр заалтын 3-д “Аймгийн засаг дарга, ИТХ-ын тэргүүлэгч, ИТХ-аас баталсан төсвөөр санхүүжнэ” гэж заасан ба Төсвийг өргөн мэдүүлэх, батлуулах эрх нь Аймгийн засаг даргад бий. Энэ эрхийг Засаг дарга хэрэгжүүлж, төсвийг батлуулах эсвэл “Ж” ОНӨААТҮГазрыг өөрчлөн байгуулах, татан буулгаж үндсэн хөрөнгийн холбогдох хэсгийг худалдан борлуулж төлбөрийг барагдуулах үүрэгтэй. Нэгэнт Засаг дарга намайг томилсон тул ажлаас чөлөөлөх хүртэл ажилласан хугацааны цалинг хариуцах юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийн “үндэслэл” нь хэсэгт “Санхүүгийн хяналт, аудитын албаны “Ж” ОНӨААТҮГазрын 2014,2015,2016 онуудын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд цалингийн өглөг 13,3 сая, НДШ 5,8 сая төгрөгийг олгох цаашид ямар бүтэц орон тоогоор ажиллах асуудлыг шийдвэрлэх” гэсэн боловч гүйцэтгэх захирал М.Б ямар ажил зохион байгуулсан нь тодорхой бус шийдвэрлэсэн нотлох баримт үгүй гэж шүүх буруу дүгнэлт хийсэн байна.

Гүйцэтгэх захирал М.Б надад “Ж” ОНӨААТҮГазрын өмчийг захиран зарцуулах эрх байхгүй, уг аж ахуйн нэгжийг зохион байгуулах, бүтэц орон тоог цөөрүүлэх зэрэг эрх хэмжээ хуулиар олгогдоогүй гэдгийг шүүх анхаарч үзээгүй байна.Энэ нь хэргийг хянан шийдвэрлэхэд шүүх нэг талыг баримталж шийдвэрлэсэн явдал.

Анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх 3 сарын хугацааг хэтрүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч М.Б миний бие “Ж” ОНӨААТҮГазрын үйл ажиллагаа, санхүүгийн байдал төсөв, ажилчдын цалин хөлсийг шийдвэрлэж өгөхийг хүсэж 2016 оноос эхлэн холбогдох газруудад хандаж Аймгийн ИТХ, засаг дарга, Удирдах зөвлөл зэрэгт байнга хандаж асуудал дэвшүүлж ирсэн.Түүнээс гадна М.Б миний бие 2016 оноос 2019 оны одоогийн цаг үе буюу өнөөдөр хүртэл тухайн албан тушаалд ажиллаж, гүйцэтгэх захирлын чиг үүргийг хэрэгжүүлж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан 2016 оноос 2019 оны 5 дугаар сар хүртэлх хугацааны цалин 16.068.000.00 төгрөг, хүн амын орлогын татвар 1.482.000.00 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 1.960.000.00 төгрөг нийт 19.500.000.00 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

М.Б нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/747 дугаартай захирамжаар “Ж” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлаар томилогдож,  ажиллаж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн өмчит үйлдвэрийн газар гэдэгт дан ганц төрийн өмчид үндэслэсэн болон улсын төсвөөс санхүүждэг үйлдвэрийн газар орох бөгөөд тэдгээрийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, улсын төсөвт үйлдвэрийн газар гэж ангилна”, 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар гэнэ.” гэж заажээ.

Баян-Өлгий аймгийн “Ж” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 79 дүгээр зүйлд зааснаар орон нутгийн өмчит хуулийн этгээд мөн бөгөөд энэ талаар зохигч маргаагүй, анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Баян-Өлгий аймгийн “Ж” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын “Байгууллагын дүрэм”-ийн 15.1-д байгууллагын орлого дараах эх үүсвэрээс бүрдэнэ: 1.Иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хандив, 2.Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого, түрээсийн орлого, 3. Аймгийн Засаг дарга, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч,  ИТХ-аас баталсан төсөв гэжээ. “Ж” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр үүсгэн байгуулагдсанаас хойш аймгийн ИТХ-аас төсөв баталж, орон нутгийн төсвөөс санхүүжиж байсан талаар хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байна.

 Баян-Өлгий аймгийн “Ж” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын хувьд, тус үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирлыг сонгох /томилох, чөлөөлөх/, өөрчлөх бүрэн эрхийг тус үйлдвэрийн төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлэхээр байна. Учир нь Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8 дахь хэсэгт төлөөлөн удирдах зөвлөлийн дээрх бүрэн эрхийг хуульчилсан ба мөн зүйлийн 76.1.18 дахь хэсэгт зааснаар төлөөлөн удирдах зөвлөл нь компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заажээ.

“Ж” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын байгууллагын дүрмийн 7.2 дахь заалтад “эрх барих байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөл байна.” гэж тогтоожээ.

Үүнээс дүгнэвэл, Баян-Өлгий аймгийн Засаг дарга нь орон нутгийн өмчит хуулийн этгээд “Ж” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирлын хувьд түүний ажил олгогч нь биш учир “Ж” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирлын ажил олгогч буюу түүнийг гэрээний үндсэн дээр авч ажиллуулж байгаа этгээд нь тус газрын төлөөлөн удирдах зөвлөл байна. Иймээс Баян-Өлгий аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгчийн шаардсан тус “Ж” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирлын цалин хөлсийг хариуцан төлөх үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн  “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2019/00454 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255.450 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

                                                                       

Д.КӨБЕШ