Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 130/ШШ2019/00454

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 01 дүгээр баг “Хуст арал гудамжны” 3-26 тоотод оршин суух, “Ж” ОНӨААТҮГазрын гүйцэтгэх захирал ажилтай,  Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Засаг дарга А-д холбогдох хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З, хариуцагч Б аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 2016 оноос 2019 оны 5 дугаар сар хүртэлхцалин 16068000 төгрөг, хүн амын орлогын албан татвар 1482000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 1960000 төгрөг,  нийтдээ 19500000 төгрөгийг гаргуулан Хаан банк дахь 5194006945 тоот дансанд шилжүүлэхийг даалгах тухай.

Нэхэмжлэгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 137 тоот тогтоолоор “Ж” ОНӨААТҮГазар үүсгэн байгуулагдаж 11 хүний бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөлөө байгуулан мөн оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн аймгийн Засаг даргын 599 тоот захирамжаар “Ж” ОНӨААТҮГазрын гүйцэтгэх захирлаар томилсон билээ. Тус үйлдвэрийн газар нь батлагдсан дүрэм, журмын дагуу үйл ажиллагааг явуулж, сар улирал бүр санхүүгийн тайланг гаргаж, төрийн зүгээс зохион байгуулагддаг сургалт, семинар болон янз бүрийн хяналт шалгалт, судалгааны ажилд хамрагдаж улсын өмч хөрөнгийг арчлан хамгаалж хадгалалт хамгаалалтын горим журмын дагуу үйл ажиллагааг хэвийн явуулж байна. “Ж” ОНӨААТҮГазрыг үүсгэн байгуулсан эрхийн акт, гүйцэтгэх удирдлага болон бүтэц орон тоог баталсан эрхийн актууд одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа болно. Тухайлбал, “Ж” ОНӨААТҮГазрыг 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 137 тоот тогтоолоор аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар”-ын хэлбэрээр байгуулж, дүрмийг баталж 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хуулийн этгээдийг Улсын бүртгэлд бүртгүүлж 000075533 тоот (УБД******, РД:*****1) хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан юм. “Ж” ОНӨААТҮГазрын удирдах зөвлөлөөс шаардлагатай бүтэц орон тоо, цалингийн хэмжээг тогтоож өгч түүний дагуу багаа бүрдүүлэн ажиллаж эхэлсэн ба үйл ажиллагаа нь жигдрэхгүй, үйлчлэгчид очихгүй байсан тул ажилд томилогдсон ажилтнуудын тоог хасаж, гэрээг нь цуцлан ажлаас нь халаад Удирдах зөвлөлийн 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 03 тоот тогтоолын 1-р хавсралтаар “Ж” ОНӨААТҮГазрын бүтэц орон тоог өөрчлөн гүйцэтгэх захирал-1, нягтлан бодогч-1, манаач-1, үйлчлэгч-1, бүгд 6 хүний орон тоогоор баталж, цалин хөлсийг тогтоосон юм. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Худалдааны төвийн Удирдах зөвлөлийг шинээр батлуулах тухай 136 тоот тогтоолоор “Ж” ОНӨААТҮГазрын Удирдах зөвлөлийг шинээр батлуулсан бөгөөд одоогийн байдлаар тухайн бүрэлдэхүүнээр ажиллаж байгаа болно. “Ж” ОНӨААТҮГазар нь үүсгэн байгуулагдсан мөчөөс эхэлж тус газрын зүгээс үйл ажиллагааг нь жигдрүүлэх зорилгоор үйлчлэгч нарт зориулан үнэгүй үйлчлэх микроавтобус ажиллуулсан, гадаад дотоодын бизнес эрхлэгч нартай болон аж ахуйн нэгжүүдтэй холбоо тогтоож үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан ба өвс тэжээл, гурил оруулахаар тендер авсан. Аж ахуйн нэгжүүдийг тус худалдааны төвд байрлуулах ИТХ, түүний Тэргүүлэгчид, аймгийн Засаг дарга, “Ж” ОНӨААТҮГазрын Удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын зүгээс тал бүрийн арга хэмжээ авч, Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулж буй “Бараа болон хүнсний захыг” нүүлгэх бүх талын арга хэмжээ авсан боловч өдий хүртэл үр дүн гарахгүй байна. Нэгэнт  “Жана өлке” ОНӨААТҮГазар нь Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар балансын өртөг 3 тэрбум 50 сая төгрөгөөр барьсан үл хөдлөх хөрөнгөтэй, 325 сая төгрөгний өртөг бүхий 252 хүний лангуутай, 100 хүний багтаамжтай, цайны газартай, иж бүрэн барилга байгууламжтай ба цогцолбор барилга байгаа юм. “Ж” ОНӨААТҮГазрын гүйцэтгэх удирдлага, гүйцэтгэх, үйлчлэх албаны удирдах зөвлөлийн 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 03-р тогтоолоор батлагдсан албан тушаалтнууд үйл ажиллагааг явуулж төрийн болон орон нутгийн өмчийн хадгалалт хамгаалалтыг бүрэн хариуцаж ямар ч нөхцөлд хэвийн ажиллах боломжийг хангаж, тайлан мэдээ, тооцоо судалгаа, бүртгэл хяналтын ажлыг зохих түвшинд гүйцэтгэж байна. Үүний тод баталгаа нь “Ж” ОНӨААТҮГазрын 2017 оны бизнесийн төлөвлөгөө, 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 136 тоот Аудитын зөрчилгүй дүгнэлт, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 42БӨА-2017/03/СТА-ОНӨААН тоот Аудитын зөрчилгүй дүгнэлт,2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 132БӨА-2018/03/СТА-ОНӨААН тоот Аудитын зөрчилгүй дүгнэлт,  2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 01/61-БӨА-2019/03/СТА-ОНӨААН тоот Аудитын зөрчилгүй дүгнэлт,мөн Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн “Ж” ОНӨААТҮГазрын 2014, 2015, 2016 онуудын үйл ажиллагаанд хийсэн Санхүүгийн шалгалтын үр дүнгийн танилцуулга, аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “ажлын хэсэг байгуулах тухай” А/024 тоот захирамжаар томилогдсон комиссыг 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн болон 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэл зэргээр батлагдаж байна. Ингэж “Ж” ОНӨААТҮГазрын гүйцэтгэх захирал Б-гийн миний бие хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хариуцлагыг үүрч, иргэний үүргээ биелүүлэн төрийн ажилд ямар нэгэн саад учруулахгүйгээр ажиллаж байгаа ба 39 сарын цалингаа авч чадалгүй хохирч байна. “Ж” ОНӨААТҮГазрын үүсгэн байгуулагч нь Баян-Өлгий аймгийн ИТХ, түүний Тэргүүлэгчид, аймгийн Засаг дарга боловч цогцолбор барилга байгууламжийн хувьд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын харьяанд байгаад 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 61 тоот УИХ-ын тогтоолоор 60%-ийг нь Орон нутгийн өмчийн газарт, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 293 тоот Засгийн газрын тогтоолоор 40%-ийг нь Авто тээврийн үндэсний төвийн мэдэлд тус тус шилжүүлсэн болно. “Ж” ОНӨААТҮГазрын гүйцэтгэх удирдлагын зүгээс аймгийн ИТХ-ын даргал, Засаг даргад, Орон нутгийн өмчийн газрын даргад мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргад болон тус газраас манай аймагт ирж ажилласан мэргэжилтнүүдэд АТГазраас ирсэн ажлын хэсгийнхэнд “төсөв санхүүгийн” асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг бичгээр болон биечлэн уулзах хэлбэрээр байнга тавьж ирсэн бөгөөд уг асуудлыг шийдэлгүй өдийн хүрсэн юм. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1-д “ИТХ нь тухайн аймаг, нийслэл, сум дүүргийн өмчийн зүйлийн өмчлөгч нь байна” гэж заасан, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй” гэж заасан байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн хоёрд “Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг эрх баригчийг томилох эрхийг Засаг даргад олгож, мөн хуулийн 78 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 5 дугаартай “Орон нутгийн өмчит албан байгууллагыг төсөв, эд хөрөнгөөр хангах” үүргийг Засаг даргад хүлээлгэсэн байдаг. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлд Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар нь дараах эх үүсвэрээр санхүүжнэ гэж заагаад “орон нутгийн ИТХ-аас баталсан төсөв” гэж мөн “Ж” ОНӨААТҮГазрын дүрмийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн 3 дугаартай “аймгийн Засаг дарга, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, ИТХ-аас баталсан төсөв гэж тодорхой тусгаж санхүүжилтийг баталгаажуулсан юм. “Ж” ОНӨААТҮГазрыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 137 тоот тогтоолоор байгуулж, дүрмийг баталсан. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Удирдах зөвлөлийг шинээр байгуулах” тухай 136 тоот тогтоолоор Удирдах зөвлөлийг байгуулсан, “Ж” ОНӨААТҮГазрын УЗ-ийн 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 03 тогтоолоор ажилчдын цалин хөлсийг баталгаажуулж тогтоосон эрхийн актууд хүчин төгөлдөр байна. “Ж” ОНӨААТҮГазрын ажилчид болон гүйцэтгэх захирал нь 2016 оны 01 дүгээр сараас эхлэн тогтоосон цалин хөлсийг авч чадаагүй байгаа нь нотлогдож байна. Иймд шүүхээс хүсэх нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дүгээр зүйлд, 60 дугаар зүйлийн 60.1 дүгээр зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгч “Ж” ОНӨААТҮГазрын гүйцэтгэх захирал миний 2016 оноос 2019 оны 5 дугаар сар хүртэлх тайланд тусгагдсан цалин нийтдээ 19500000 төгрөгийг гаргуулан Хаан банк дахь 5194006945 тоот дансанд шилжүүлэхийг даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Би Б аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/747 дугаар захирамжаар “Ж” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирлаар томилогдоод одоо хүртэл ажиллаж байгаа. Миний цалинг тухайн үед “Ж” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр сарын цалинг 500000 төгрөгөөр тогтоож өгсөн. Тэр дагуу 2016-2019 оны 05 дугаар сар хүртэлх  цалин болох 19500000 төгрөгийг нэхэмжилж байна. Яагаад гэвэл нэгэнт тухайн хуулийн этгээд байгуулагдаад гүйцэтгэхээр захирлаар ажиллаж байсан учир өөрөө санаачлаад Улаанбаатар хот, ОХУ-тай хамтарч ажиллаж яармаг, үзэсгэлэн худалдаа явуулж, 2014-2016 он хүртэл өөрийн орлогоор цалинжиж цалин авч байсан. Улмаар 2016 онд засаг төр солигдсоноос хойш үйл ажиллагаа явагдахгүй байсан. Учир нь, засаг төрөөс дэмжлэг авч чадаагүй. Миний бие аймгийн удирдлагуудад удаа дараа энэ байгууллагыг яах юм бэ, өөр улстай хамтран ажиллах, үзэсгэлэн худалдаа явуулах санал гаргаж, шаардсан боловч дэмжлэг авч чадаагүй. Би аймгийн Засаг даргад болон ИТХ-ын даргад жилд 2-3 удаа албан бичиг явуулж шаардаж байсан. Тэрнээс ямар нэгэн хариу өгөөгүй. 2016 онд Засаг дарга ажлын хэсэг байгуулж “Ж” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай танилцаж, аудит хийсэн. Ажлын хэсгийн хуралд би шаардлага тавьж байсан. Тухайн хуралд цалинг шийдвэрлэж өгөөрэй гээд чиглэл өгч байсан. Цаашид би яах вэ, цалингаа яах вэ гэсэн боловч хариу мэдэгдээгүй, авч хэлэлцээгүй өнөөдрийг хүртэл явж байна. “Ж” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Удирдах зөвлөлөөс 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гүйцэтгэх захирлын сарын цалинг 500000 төгрөгөөр тогтоож өгсөн. Миний бие 2016 онд 2 сарын цалин авсан, одоо намайг “Ж” ОНӨААТҮГазрын гүйцэтгэх захирлаар томилсон аймгийн Засаг даргаас 2016 оноос 2019 оны 5 дугаар сар хүртэлх цалинг 16068000 төгрөг, Хүн амын орлогын албан татвар 1482000 төгрөг, Нийгмийн даатгалын шимтгэл 1960000 төгрөг, нийтдээ 19500000 төгрөгийг гаргуулан Хаан банк дахь миний 5194006945 тоот дансанд шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Б аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж бичгээр тайлбар ирүүлээгүй ч гэсэн өнөөдрийн шүүх хуралдаанд дараах тайлбарыг биечлэн гаргаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн гол агуулга нь “Ж” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын үйл ажиллагаа нь хэвийн явагдсан боловч цалин авч чадаагүй, миний цалинг аймгийн Засаг дарга цалин төлөх ёстой гэсэн агуулга бүхий нэхэмжлэл гаргасан. “Ж” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь анх 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдаж гэрчилгээгээ авсан. Тэрнээс хойш тухайн байгууллагын ажилчдын цалин, гүйцэтгэх захирлын цалинг аймгийн Засаг даргаас шийдвэрлэж байгаагүй. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15.2-т “Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар гэнэ” гэж заасан. Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь өөрийгөө санхүүжүүлэх замаар үйл ажиллагаа явуулах ёстой. “Ж” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь анх байгуулагдсан цагаас хойш аймгийн Засаг дарга тухайн байгууллагын ажилчдын цалинг шийдвэрлэх үүргийг хүлээгээгүй. Нөгөө талаар аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын эрх зүйн зохицуулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд зохицуулж өгсөн. Тэгэхээр дээрх хуулийн 15 дугаар зүйлийг удирдлага болгох үндэслэлтэй. Нөгөө талаар “Ж” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь Иргэний хуулиар хуулийн этгээдэд тооцогдоно. Хуулийн этгээд нь өөрөө өмчлөлдөө эд хөрөнгөтэй, үүнийг захиран зарцуулах эрхтэй, гарах үр дагаврыг бие даасан хариуцах эрх зүйн чадвар чадамжтай. Тэгэхээр цалингийн асуудлыг тухайн хуулийн этгээдийн өөрийн бий болгосон хөрөнгөөс зохицуулах боломжтой. Аймгийн Засаг дарга хариуцах боломжгүй учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч тайлбарлахдаа анх 2016 онд томилогдсоноос хойш 2 сар цалин авсан гэж байна. Энэ хугацаанд эрх ашиг нь зөрчигдсөн байвал тодорхой хугацааны дотор шүүхэд хандах ёстой байсан. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд хандаагүй байна. Шүүх  эдгээр асуудлыг тус тус анхаарч үзээд Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтастхэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанд ээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь,

Б аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/747 дугаартай “А.Байганатыг ажлаас чөлөөлж, Б-гийн ажилд томилох тухай” тушаалын 1 дэх заалтаар...“Ж” ОНӨААТҮГазрын гүйцэтгэх захирлаар Б-ны 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн томилсон ба 2 дугаар заалтаар Б-гийн цалинг зохих журмын дагуу бодож олгохыг тус байгууллагын санхүүд зөвшөөрсөн байна.

“Ж” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын “Байгууллагын дүрэм”-ийн 15.1-д Байгууллагын орлого дараах эх үүсвэрээс бүрдэж болно:

1) Иргэд аж ахуйн нэгж байгууллагын хандив,

2) Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого, түрээсийн орлого,

3) Аймгийн Засаг дарга, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, ИТХ-аас баталсан төсөв гэсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15.2-т “Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар гэнэ” гэж заасан ба  “Ж” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь өөрийгөө санхүүжүүлэх замаар үйл ажиллагаа явуулсан тухай нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна.

Мөн  “Ж” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал Б нь Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б-д 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/05 дугаартай болон2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/06 дугаартай “Санхүүгийн асуудлыг шийдвэрлүүлэх тухай” албан бичгийг, мөн “Ж” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал М.Бейбитхан нь Б аймгийн Засаг дарга Г-д 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/04 дугаартай болон 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/07 дугаартай “Санхүүгийн асуудлыг шийдвэрлүүлэх тухай” албан бичгийг тус тус явуулсан боловч Б аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Б аймгийн Засаг даргаас “Ж” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын төсөв хуваарилагдаагүй буюу төсөв баталж өгөөгүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч Б аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/24 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжаар аймгийн төвд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж одоо хүртэл ашиглагдахгүй байгаа “Ж” битүү захын үйл ажиллаа болон санхүүгийн байдлыг шалгаж үнэлэлт, дүгнэлт өгч ашиглалтын менежментийг сайжруулах санал боловсруулах үүрэг бүхий ажлыг хэсгийг байгуулж байсан байна.

Мөн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Санхүүгийн Хяналт, Аудитын албаны” “Ж” ОНӨААТҮГ-ын 2014, 2015, 2016 онуудын үйл ажиллагаанд хийгдсэн санхүүгийн шалгалтын талаарх”   хяналт шалгалтын танилцуулгын дүгнэлтэд: ....“Ж” захын үл ажиллагаа зогсонгуй байдалд орж жил дараалан өр төлбөрийн хэмжээ нэмэгдэн алдагдалтай гарч, 2016 оны жилийн эцсийн тайлангаар 464.5 сая төгрөгний өр төлбөртэй, 264,7 сая төгрөгийн алдагдалтай гарсан байна. Цаашид авах арга хэмжээний санал гэдэгт:

1.Засгийн газарт асуудал тавьж тус “Ж” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын өмчийн харьяаллын асуудал өөрөөр хэлбэл төрийн өмчөөс орон нутгийн өмчид шилжүүлэх асуудлыг тавьж шийдвэрлүүлэх,

2.Түрээсийн гэрээгээр авсан 238 түрээслэгчдийн түрээсийн гэрээг дүгнэж цаашид гэрээний асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх,

3.2016 оны эцэст гарсан 464.5 сая төгрөгийн өр төлбөрийн асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх,

4.Ард иргэдэд зориулан 3,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан төрийн өмчийн хөрөнгийг иргэд олон нийтийн хүртээл болгож ашиглах талаар аймгийн ард иргэд, бизнес худалдаа эрхлэгчдэд ойлгуулан ухуулга, сурталчилгаа хийх ажил зохион байгуулах,

5.Одоо ажиллаж байгаа ажиллагсдын цалингийн өглөг 13,3 сая, НДШ-ийн өглөг 5,8 сая төгрөгийг олгох, цаашид ямар бүтэц орон тоогоор ажиллах асуудлыг шийдвэрлэх гэсэн боловч эдгээр цаашид авах ёстой арга хэмжээний дагуугүйцэтгэх захирал буюу нэхэмжлэгч Б нь ямар ажил зохион байгуулсан нь тодорхой бус, эдгээр асуудлыг хэрхэн шийдсэн тухай нотлох баримт байхгүй байна.

Харин “Ж” захын түрээслэгч нэр бүхий 8 хүн шүүхэд хандаж байсан тухай Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 966 дугаартай “Шүүх хуралдаан хойшлуулж, хамтран хариуцагчаар татан оролцуулах тухай” шүүгчийн захирамж, мөн Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс “Ж” ХХК-аас дутуу төлсөн шимтгэл 1471680 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2019/00081 дугаартай “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж тус тус гарч байсан байна.

2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Дугаар 03 “Ж” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Удирдах зөвлөлийн[1]-ийн албан бичгийн тогтоох нь гэдэгт 1.“Ж” ОНӨААТҮГазрын үйл ажиллагааг жигдрүүлэх хүртэл хавсралтад заасан орон тооны бүтэцтэй ажиллахыг гүйцэтгэх захиралд даалгасан, 2.Өмчийн хадгалалт хамгаалалт болон бүрэн бүтэн байдалд байнга хяналт тавьж, манаач харуулуудыг зөв зохион байгуулж ажиллуулахыг гүйцэтгэх захиралд үүрэг болгосон, 3.Хавсралтад заасан орон тооны бүтцээр ажиллуулан цагийн бүртгэл хөтөлж, цалин бодолт хийж, холбогдох сар улирлын тайлан мэдээг цаг хугацаанд нь гаргаж төрийн ажилд саад бэрхшээл учруулахгүй байхыг нягтлан бодогчид даалгасан бахавсралт №01-ээр гүйцэтгэх захирлын орон тоо-1, сарын цалингийн хэмжээ 500000 төгрөгөөр тогтоосон байна.

Хавтаст хэрэгт авагдсан “Ж” ОНӨААТҮГазрын ня-бо С-гийн тооцоолон гаргаж өгсөн “Ж” ОНӨААТҮГазрын гүйцэтгэх захирал Б-гийн 2016 оноос 2019 оны 5 дугаар сар хүртэлх ажилласан хугацааны цалингийн нэгтгэл”-ээр нэхэмжлэгч Б нь 2016 оны 4 сард мөн оны 01 дүгээр сарын цалинг, 5 дугаар сард мөн оны 02 дугаар сарын цалинг тус тус олгосон гэсэн байна.

Эдгээр нотлох баримтаар нэхэмжлэгч Б нь 2016 оны 01 дугаар сараас 2019 оны 05 дугаар сар хүртэлх хугацааны хөдөлмөрийн хөлс болох сарын цалинг авч чадаагүй бол эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх 3 сарын хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна.

Нэхэмжлэгч Б нь гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаанд хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээг хариуцагч Б аймгийн Засаг даргатай байгуулж байгаагүй, мөн 2016, 2017, 2018, 2019 оны 5 дугаар сарын байдлаар “Ж” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа зогсонгуй байдалд орсон, ямар нэгэн санхүүгийн эх үүсвэргүй, орсон орлогогүй гэдгийг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч байгаа байдал, мөн  цагийн бүртгэл хөтөлж байсан тухай, тухайн сар болгон цалин бодолт хийлгэж байсан тухай болон холбогдох сар улирлын тайлан мэдээг цаг хугацаанд нь гаргаж байсан тухай ямар  нэгэн нотлох баримт байхгүй байна.

Иймд нэхэмжлэгч Б нь 2016 оны 01 дүгээр сараас 2019 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд цалин аваагүй гэдэг нь түүний 2016 оны 01 дүгээр сарын цалингаа авч чадаагүйгээ мэдсэн өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасны дагуу гомдлоо 3 сарын дотор шүүхэд гаргаагүй буюу шүүхэд нэхэмжлэлээ 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гаргаж хуулийн хугацааг хэтрүүлсэн, мөн 2016, 2017, 2018, 2019 оны 5 дугаар сарын байдлаар “Ж” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа зогсонгуй байдалд орсон ямар нэгэн үйл ажиллагаа эрхлээгүй гэдэг нь дээрх нотлох баримтаар нотлогдож байгаа тул нэхэмжлэгч Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255450 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д  заасныг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 46 дүгээр зүйлийн 46.1, 128 дугаар зүйлийн 128.1.11-ийг тус тус баримтлан хариуцагч Б аймгийн Засаг даргаас 2016 оноос 2019 оны 5 дугаар сар хүртэлх хугацааны цалин 16068000 төгрөг, хүн амын орлогын албан татвар 1482000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл1960000 төгрөг, нийтдээ 19500000 (арван есөн сая таван зуун) төгрөгийг гаргуулан Хаан банк дахь 5194006945 тоот дансанд шилжүүлэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэгч Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255450  (хоёр зуун тавин таван мянга дөрвөн зуун тавин) төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.МАНГИЛИК

 

 

 

 


[1]Энэхүү Ж” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Удирдах зөвлөл 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Дугаар 03 гэсэн албан бичигт удирдах зөвлөлийн дарга Н.С гэж гарын үсэг зурж, тус газрын тамгыг дарсан боловч ямар эрхийн акт гэдэг нь тодорхойгүй, мөн үг үсгийн алдаатай бичигдсэн байна.