Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 133/ШШ2024/00021

 

ОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨ

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант  сумын *-р баг, 0тоотод оршин суух, У овгийн Б-ын О-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ** багийн 0 тоотод оршин суух, Д.А-д холбогдох

орон сууцны үнэд шилжүүлсэн 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, цэвэр усны төлбөр 263,670 төгрөг, цахилгаан эрчим хүчний төлбөр 247,050 төгрөг, орон сууцны засварын материалын үнэ 1,400,000 төгрөг, засварын зардал 300,000 төгрөг, түрээсийн төлбөр 2,100,000 төгрөг нийт 4,310,710 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг шилжүүлэн хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэлийн шаардлага: орон сууцны үнэд шилжүүлсэн 5,000,000 төгрөг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Б.О нь Д.А-той наймаа хийсэн. Өөрөөр хэлбэл 30 сая төгрөгөөр 1 өрөө байр худалдаж авахаар тохиролцож, 27 сая төгрөгийг нь Д.А-ын данс руу шилжүүлж, өгсөн байдаг. Үүн дээр талууд ямар нэгэн маргаан байхгүй. Ингээд уг байранд нь ороод гэрчилгээ гарсны ард 3,000,000 төгрөгийг өгнө гэсэн боловч Б.О-ыг байх хугацаанд гэрчилгээ нь гараагүй. Б.Оыг асуухад тухайн байрыг улсын комисс хүлээж аваагүй байдаг. Уг байрны балкон нь хаалтгүй зүгээр банзаар сарайлгаад хийчихсэн. Ванны өрөөг нь дуусгаагүй зэрэг шалтгааны улмаас Б.О нь хөдөө явахдаа Д.А-д байрныхаа түлхүүрийг үлдээгээд дутуу зүйлээ хийж гүйцээгээд, гэрчилгээг нь гаргаж нэр дээр нь шилжүүлэх шаардлагыг тавьсан боловч уг шаардлагыг биелүүлээгүй. Ингээд тухайн байр нь шаардлага хангахгүй байсан учраас 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Д.А-той байрыг буцаах талаар ярилцаад байрыг нь чөлөөлж, түлхүүрийг нь хүлээлгэж өгсөн байдаг. Уг байран 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр орсон. Тэгээд төлсөн мөнгөө авъя гэхэд 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 12,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус Б.О-ын данс руу шилжүүлсэн. Уг нь үлдэгдэл 5,000,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сард төлнө гэсэн боловч 2022 он нь дуусаад 2023 он гарсан ч өгөхгүй байсан. Сүүлдээ Б.О-ын утсыг нь авахаа байсан учраас Улаанбаатар хотоос Говь-Алтай аймагт ирж энэ хүмүүстэй уулзаад 5,000,000 төгрөгөө авъя гэхэд тохиролцоонд хүрээгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр намайг томилж үлдээсэн. Иймд үлдэгдэл 5,000,000 төгрөгөө гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

3. Хариуцагч хариу тайлбартаа: Иргэн Б.О нь миний барьсан 30 метр квадрат шинэ байрны 1 тоотод 1 сар болсон тэгээд 3 давхарын болконтой байранд орно гээд 3 давхарын 6 тоотод 6 сар амьдарсан. Б.О нь 2021 оны 04 дүгээр сараас 11 сар хүртэл 7 сарын хугацаанд амьдраад гарсан. 2023 оны 08 сарын 22-нд бид нар тохиролцоод 11 сарын 05-ны дотор 4,000,000 төгрөг өгч авалцахаар Б.О нь ах, бэр эгчтэйгээ ирж манайтай тохиролцсон гарын үсэг бүхий нотлох баримтын дагуу төлөхийг зөвшөөрсөн 5,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй. Хэрэв тохиролцсоноос өөрөөр 5,000,000 төгрөг нэхвэл 7 сарын байрны хөлс, тог, цахилгаан, халаалт, цэвэр ус, 2 байрны элэгдэл хорогдол, засвар хийсэн нийт зардал болон 7 сарын амьдарсан түрээсийн мөнгө төгрөгийг нэхэмжлэх болно. Хэлэлцэж тохиролцсоны дагуу 4,000,000 төгрөгийг боломжоороо төлнө гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Цэвэр усны төлбөр 263,670 төгрөг, цахилгаан эрчим хүчний төлбөр 247,050 төгрөг, орон сууцны засварын материалын үнэ 1,400,000 төгрөг, засварын зардал 300,000 төгрөг, түрээсийн төлбөр 2,100,000 төгрөг нийт 4,310,710 төгрөг гаргуулах тухай.

5. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Би 2021 оны 04 дүгээр сард Бугат сумын иргэн Б-ын эхнэр Е.Д-тай хэлэлцэж тохиролцож 320-р байрны 6 тоотын 1 өрөө 30 метр квадрат байрыг зарсан. Гэтэл 7 сар байрласаны дараа авахаа болилоо гэж байрнаас гараад мөнгөө буцааж авсан. 2023 оны 08-р сард бид нар харилцан тохиролцоод 2023 оны 11 дүгээр сард 4,000,000 төгрөгийг өгч авалцахаар тохиролцсон байсан. Гэтэл 5,000,000 төгрөг надаас авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Манай байранд 7 сар байх хугацаанд халаалт тогны мөнгө, цэвэр ус зэргийн мөнгийг төлөөгүй байсан учир гарсных нь дараа би өөрөө төлж барагдуулсан. Иймд усны мөнгө 263,670 төгрөг, тогны мөнгө 247,050 төгрөг, байрны засвар хийсэн материалын үнэ 1,400,000 төгрөг, засвар хийсэн ажлын хөлс 300,000 төгрөг, нийт 2,210,720 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хэргийн хариуцагч Д.А миний бие шүүхэд урьд гаргаж өгсөн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Нэхэмжлэгч Б.О нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 1-нийг дуустал дөнгөж ашиглалтад орсон шинэ байранд 7 сарын хугацаанд амьдарч байсан. Энэ хугацаанд амьдраад гарахдаа манайд ямар ч төлбөр төлөхгүйгээр манай шинэ байрны обойг урж халтардсан, хананд тавилга өлгөсөнтэй холбоотой нүх сүв гарсан, шалны хүрээ хагарсан, таазны хүрээ халтартсан байсан зэрэг элэгдэл гаргачихаад байрыг авахгүй наймаагаа буцаая гэсэн. Наймаа буцаахад биднээс үлдэгдэл төлбөрөө бүгдийг нь нэхэмжилсэн тул бид Б.О нь бидний үл хөдлөх эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байх тул шударга ёсны зарчимд үндэслэн Б.О-аас 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал 7 сарын хугацааны түрээсийн төлбөр 1 сарын 300,000 төгрөг нийт 2,100,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэв.

6. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл энэ хүн 04 дүгээр сарын 01-нд нүүж орсон. Тэгээд 09 дүгээр сарын 23-ны өдөр гараад Д.А-д түлхүүрийг нь хүлээлгэж өгсөн. Гэрч Б-ын мэдүүлэг байгаа. Б-ынх уг маргаан бүхий байрыг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр аваад нүүж орсон. Б.О нь 09 дүгээр сард гараад 10 дугаар сарын 14-нд өөр айл нүүж орсон нь хавтаст хэргийн материалд тодорхой байгаа. Б.О-ыг байх хугацаанд 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд ус, тог цахилгаан, халаалтын мөнгө төлөөгүй. Энэ нь Монгол улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 211 дугаартай Корона вирусын цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолоор 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын тог цахилгаан, дулаан, цэвэр бохир усны төлбөрийг төлж байсан. Мөн хавтаст хэргийн материалд албан тоот ирсэн байгаа. Тухайн үеийн усны мөнгийг төрөөс төлж байсан. Энэ айл нь бүртгэлгүй явж байгаад 2021 оны 08 дугаар сард Ундарга-Алтай ААТҮГ-т анх бүртгүүлсэн. Тэгээд 2021 оны 08, 09, 10 дугаар саруудын мөнгө болох 47,670 төгрөгийг хэрэглэгч төлөөгүй, Засгийн газраас төлсөн болно гэсэн байдаг. Ийм учраас Б.О-ыг амьдарч байх хугацаанд энэ нэхэмжлээд байгаа цэвэр бохир усны мөнгө, халаалтын мөнгийг Засгийн газраас төлсөн учраас уг мөнгийг төлөх боломжгүй гэж үзэж байна. Мөн түрээсийн мөнгө нэхэмжилж байна. Б.Оыг амьдарч байх хугацаанд гэрчилгээг нь гаргаад нэр дээр нь шилжүүлчихсэн бол үлдэгдэл мөнгөө өгөөд энэ айлуудын дунд ямар нэгэн тооцоогүйгээр дуусах байсан. Гэтэл Б.О-ын нэр дээр гэрчилгээ гаргаж өгөхгүй байсан. Тэгээд Б.Оыг асууж сураглаад явахад уг байрыг улсын комисс хүлээж аваагүй, буцчихсан байсан. Уг шалтгаанаар наймаа буцах болоод Б.О нь Д.А-д түлхүүрийг нь хүлээлгэж өгөхөд ямар нэгэн байдлаар хэлээгүй. Мөнгийг чинь байраа зарж байгаад өгье. Одоогоор бөөнөөр нь өгөх боломжгүй байна. Увуулж цувуулаад өгье гээд түлхүүрээ хүлээж авсан. Ийм учраас уг байрны түрээсийг төлөх боломжгүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасны дагуу түрээсийн гэрээ хийж, түрээс төлнө гэж тохиролцож ороогүй. Наймаа буцах болсон шалтгаан нь энэ айлаас өөрөөс нь болсон. Тухайн үед улсын комисс хүлээж аваагүй, уг байр нь доголдолтой байсан. Доголдлоо заасан хугацаанд нь засаж өгөөгүй байдлаас нь болж наймаа буцаагдсан байгаа учраас түрээс төлөх боломжгүй. Засвар үйлчилгээ хийсэн гэж яриад байгаа. Б.О-ыг амьдарч байхад энэ байранд хоол цай хийхээр цантдаг. Ямар ч агааржуулалт байхгүй. Балкон нь дуусаагүй. Ванны өрөө нь бас дуусаагүй. Энэ доголдлуудыг Д.А нь засаж өгнө гэсэн боловч янзалж өгөхгүй байсаар эдгээр доголдлуудыг нь хэлээд байрыг буцаасан. Б.О-ыг амьдарч байх хугацаанд уг байр нь бүтэн засвар хийх хэмжээний бохир болоогүй. Би тухайн байранд байхаасаа байхгүй нь их байсан. Улаанбаатар хотод байсан гэдгээ Б.О тайлбарлаж байгаа учраас засварын мөнгийг өгөх боломжгүй гэж бодож байна. Мөн Б-ын мэдүүлэг дээр уг байранд 10 дугаар сарын 14-нд орсны дараа гадна талаар нь хөөс хийж дулаалж өгсөн нь маш тодорхой байгаа. Ийм учраас байрны доголдлыг арилгаж, өвөлжилтийн бэлтгэл хийгээд айлд зарсан байгаа юм. Иймд засварын мөнгийг үгүйсгэж байна. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

7. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Б-ын О-ын харилцах дансны харилцагчийн хуулга,

-хадгаламжийн данс бэлэн бусаар хаах тухай мемориалын баримт,

-Б-ын О-ын ****** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга.  

8. Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: 

-4,000,000 төгрөг өгөх тухай гар бичмэлийн хуулбар,

-гэрэл зураг,

-2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн огноотой зарлагын баримт,

-Говь-Алтай аймаг “Ундарга Алтай” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 141 дугаартай тодорхойлолт,

-АУЭХС ТӨХК-ийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй хуулга,

-Д-ийн А, Ц-ын У нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

-Ц-ын У-ын **** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

-“Угалз мэргэн” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт.  

9. Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримт:

-Гэрч Б.Т-ын мэдүүлэг,

-Гэрч Ц.У-ын мэдүүлэг,

-Гэрч Д.Л-ийн мэдүүлэг,

-Гэрч Э.Б-ын мэдүүлэг,

-Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/859 дугаартай албан бичгээр ирүүлсэн нэхэмжлэгч Б.Оын тайлбар,

-Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ, Б-ийн Э-ийн ********* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Ц-ын У-ын ***** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

Говь-Алтай аймгийн “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 293 дугаартай албан бичиг, 3016045 хэрэглэгчийн кодтой хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй хуулга,

-Говь-Алтай аймаг “Ундарга Алтай” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 173 дугаартай тодорхойлолт.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

2.Нэхэмжлэгч Б.О-ыг төлөөлж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан нь Д.А-д холбогдуулан байрны төлбөрт төлсөн 5,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

3. Хариуцагч Д.А нь нэхэмжлэгч Б.О-т холбогдуулан гүйцэтгээгүй цэвэр усны төлбөр 263,670 төгрөг, цахилгаан эрчим хүчний төлбөр 247,050 төгрөг, орон сууцны засварын материалын үнэ 1,400,000 төгрөг, засварын зардал 300,000 төгрөг, нийт 2,210,720 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр түрээсийн төлбөр 2,100,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

4.1. Байрны төлбөрт төлсөн 5,000,0000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан нь ...Б.О нь Д.А-той 30,000,000 төгрөгөөр 1 өрөө байр худалдаж авахаар тохиролцож, 27,000,000 төгрөгийг Д.А-ын данс руу шилжүүлж, өгсөн байдаг. Ингээд уг байранд нь ороод гэрчилгээ гарсны ард 3,000,000 төгрөгийг өгнө гэсэн боловч Б.О-ыг байх хугацаанд гэрчилгээ нь гараагүй. Б.О-ыг асуухад тухайн байрыг улсын комисс хүлээж аваагүй байдаг. Уг байрны балкон нь хаалтгүй зүгээр банзаар сарайлгаад хийчихсэн. Ванны өрөөг нь дуусгаагүй зэрэг шалтгааны улмаас Б.О нь хөдөө явахдаа Д.А-д байрныхаа түлхүүрийг үлдээгээд дутуу зүйлээ хийж гүйцээгээд, гэрчилгээг нь гаргаж нэр дээр нь шилжүүлэх шаардлагыг тавьсан боловч уг шаардлагыг биелүүлээгүй. Ингээд тухайн байр нь шаардлага хангахгүй байсан учраас 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Д.А-той байрыг буцаах талаар ярилцаад байрыг нь чөлөөлж, түлхүүрийг нь хүлээлгэж өгсөн байдаг. Уг байран 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр орсон. Тэгээд төлсөн мөнгөө авъя гэхэд 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 12,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус Б.О-ын данс руу шилжүүлсэн. Уг нь үлдэгдэл 5,000,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сард төлнө гэсэн боловч 2022 он нь дуусаад 2023 он гарсан ч өгөхгүй байсан. Иймд үлдэгдэл 5,000,000 төгрөгөө гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.... гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлажээ.

4.3. Хариуцагч тал нь ...Би энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Өнгөрсөн хугацаанд уг байранд элэгдэл, хорогдол гарсан. Бид хоёр засвар нэмж хийсэн. 7 сар тус байранд амьдарсан. Анх 30 сая төгрөгөөр тохирсон гэж ярьж байна. Уг нь 36 сая төгрөгөөр зарна гэж ярьсан байдаг. Тэгээд 2023 оны 11 дүгээр сард өгнө гэж ярилцаж тохиролцохдоо 4,000,000 сая төгрөг өгөхөөр ярилцаад явсан байгаа. Гэтэл тэрийгээ өгөөгүй гэж ярьж байна. Тийм учраас бид хоёр түрээсийн төлбөр, байрны урсгал зардалд гарсан мөнгийг нэхэмжилж байна....” гэж маргажээ.

5. Үйл баримтын хувьд: Талууд харилцан тохиролцож 1 өрөө байр худалдах, худалдан авах хэлцэл хийж, Б.О нь Д.А-д байрны төлбөрт 27,000,000 төгрөг өгч, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Б.О нь байрыг хүлээн авч,  албан ёсоор байранд орсон бөгөөд тухайн байр нь шаардлага хангахгүй байсан учраас 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Д.А-той байрыг буцаах талаар ярилцаад байрыг нь чөлөөлж, түлхүүрийг нь хүлээлгэж өгсөн. 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 12,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус Б.О-ын данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл 5,000,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сард төлнө гэж тохиролцсон гэж талууд тайлбарлаж, уг үйл баримттай маргаагүй болно.

6. Хариуцагч Д.А нь нэхэмжлэгч Б.О-т нэгэнт бий болсон орон сууцыг санал болгож, нөгөө тал нь тохирсон үнийг төлөх тохиролцоо нь Иргэний хуульд заасан худалдах-худалдан авах гэрээ байна.

Шүүх  талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заасан “худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ. Учир нь худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг”.

7. Нэхэмжлэгч Б.О нь худалдах, худалдан авах тухай гэрээнээс татгалзаж, байрны төлбөрт шилжүүлсэн 27,000,000 төгрөгөөс 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 12,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус авч, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэнэ. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар худалдан авагч тал болох Б.О гэрээнээс татгалзах үндэслэлээ 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс байранд амьдарч эхэлснээс хойш мэдсэн, Иргэний хуулийн 204.2-т “хууль буюу гэрээнд өөрөөр заагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно.” гэж заасан. Хариуцагч Д.А нь хугацаа тогтоогоогүй, харин нэхэмжлэгч татгалзлаа илэрхийлж байраа хүлээлгэж өгснөөс хойш Д.А нь 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 12,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөгийг буцаан Б.О-т шилжүүлсэн. Үүнээс дүгнэхэд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар байрны чанарын доголдолоос шалтгаалан нэхэмжлэгч гэрээнээс татгалзсанг хариуцагч зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Гэрээнээс татгалзсах тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа буцаадаг.   

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь байрыг буцаан хүлээлгэн өгсөн тул Д.А-оос  байрны төлбөрт шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байна.

8. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны тус тус үндэслэн орон сууцны үнэд шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг Ж овгийн Д-ийн А-оос гаргуулж, У овгийн Б-ын О-т олгож  шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

9. Хариуцагч Д.А нь нэхэмжлэгч Б.О-т холбогдуулан гүйцэтгээгүй цэвэр усны төлбөр 263,670 төгрөг, цахилгаан эрчим хүчний төлбөр 247,050 төгрөг, орон сууцны засварын материалын үнэ 1,400,000 төгрөг, засварын зардал 300,000 төгрөг, нийт 2,210,720 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр түрээсийн төлбөр 2,100,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

9.1. Орон сууцны засварын материалын үнэ 1,400,000 төгрөг, засварын зардал 300,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Хариуцагч дээрх шаардлагыг “...байрны засвар хийсэн материалын үнэ 1,400,000 төгрөг, засвар хийсэн ажлын хөлс 300,000 төгрөг, нийт 2,210,720 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргаж байна” гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч тал ...2021 оны 09 дүгээр сард байраа чөлөөлж өгсөн гэж тайлбарлаж, гэрч Э.Б-ын “...би нөхөр Б.Э-ийн хамт уг орон сууцыг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Д.А-оос 36,000,000 төгрөгөөр худалдаж авсан” гэж,  гэрч Д.Л “...Би Д.А-ын хүсэлтээр 2022 оны намар Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ард талын 3 давхар орон сууцны 3 давхарт байрлах, нэг өрөө орон сууцанд засвар хийлгэсэн” гэж тус тус мэдүүлжээ.

Хэрэгт авагдсан Шинэ-Алтай зах 201 тоотоос Ууганбаяр 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 1,400,000 төгрөгийн үнэ бүхий барилгын материал  авсан зарлагын баримтыг ирүүлжээ, мөн Ц-ын У-ын депозит дансны дэлгэрэнгүй хуулгат 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ********* тоот дансанд boldoo barilga matrial  гэсэн утгатай 1,400,000 төгрөг шилжүүлсэн, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ........ тоот дансанд hoos hols  гэсэн утгатай 300,000 төгрөг шилжүүлсэн байна. 

Дээрх үйл баримтыг цаг хугацааны дарааллын хувьд авч үзэхэд нэхэмжлэгч Б.О нь 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байрыг буцаан хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж, тухайн маргаан бүхий байрыг гэрч Э.Б-ын “...би нөхөр Б.Энхтүвшингийн хамт уг орон сууцыг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Д.А-оос 36,000,000 төгрөгөөр худалдаж авсан” гэж мэдүүлж байх тул тухайн байрыг Б.О-аас хүлээж авсны дараа засвар хийж дараагийн айлд худалдан борлуулсан үйл баримт тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэсэн болно. Тухайлбал уг худалдаж авсан барилгын материалиар дээрх байранд завсар хийсэн болох нь тогтоогдохгүй байна.

Иймд орон сууцны засварын материалын үнэ 1,400,000 төгрөг, засварын зардал 300,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 9.2. Цэвэр усны төлбөр 263,670 төгрөг, цахилгаан эрчим хүчний төлбөр 247,050 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 211 дугаартай “Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолоор “...1. Айл өрхийн болон дор дурдсанаас бусад аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс тооцож 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд төрөөс хариуцан төлөх арга хэмжээг зохих журмын дагуу авч хэрэгжүүлэхийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай” гэж заажээ. 

Нэхэмжлэгч тал “...2021 оны 04 дүгээр сарын 01-нд нүүж орсон. Тэгээд 09 дүгээр сарын 23-ны өдөр гараад Г.А-д түлхүүрийг нь хүлээлгэж өгсөн” гэж тайлбарлаж,

Гэрч Э.Б-ын “...би нөхөр Б.Э-ийн хамт уг орон сууцыг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Д.А-оос 36,000,000 төгрөгөөр худалдаж авсан” гэж мэдүүлжээ.

Нэхэмжлэгчийн тухайн байранд нүүж орсон, мөн тухайн байрыг хүлээлгэж өгсөн хугацаа буюу 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг дуусталх хугацаа нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 211 дугаартай “Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолоор айл өрхийн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төрөөс хариуцан төлөхөөр шийдвэрлэсэн хугацаанд хамаарч байх тул хариуцагч Д.А нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг дуусталх хугацааны цэвэр усны төлбөр 263,670 төгрөг, цахилгаан эрчим хүчний төлбөр 247,050 төгрөгийг нэхэмжлэгч Б.О-аас нэхэмжлэх эрхгүй байна.

Иймд хариуцагч Д.А-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Цэвэр усны төлбөр 263,670 төгрөг, цахилгаан эрчим хүчний төлбөр 247,050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

16. Түрээсийн төлбөр 2,100,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч тал нь “...Б.О нь бидний үл хөдлөх эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байх тул шударга ёсны зарчимд үндэслэн Б.О-аас 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал 7 сарын хугацааны түрээсийн төлбөр 1 сарын 300,000 төгрөг нийт 2,100,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэж тайлбарлаж,

Нэхэмжлэгч тал “...Д.А гэдэг хүний байрыг түрээслэж суусан зүйл огт байхгүй. Байр зарна гэсэн зарын дагуу үзээд авсан боловч үл хөдлөхийн гэрчилгээг нь гаргаж өгөхгүй, уг байрыг улсын комисс хүлээж аваагүй байсан тул наймаа буцаасан. Байр нь баригдаж дуусаагүй гэр дотор дутуу зүйлүүд их байсан тул шаардлага тавиад дутуу зүйлээ хийж өгөхгүй байсан тул А-д уг байрны байгаа байдлыг нь үзүүлээд түлхүүрийг нь буцааж өгсөн. Түрээслэсэн зүйл огт байхгүй тул түрээсийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж маргажээ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч Д.А нь Б.О-аас 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг дуусталх хугацааны түрээсийн төлбөр шаардах эрхтэй байна.

Хэдийгээр хариуцагч тал нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал 7 сарын хугацааны түрээсийн төлбөр нэхэмжилсэн боловч нэхэмжлэгч тал 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Д.А-д байрны түлхүүрийг хүлээлгэж өгсөн гэж тайлбарлаж, гэрч Э.Б-ын “...би нөхөр Б.Э-ийн хамт уг орон сууцыг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Д.А-оос 36,000,000 төгрөгөөр худалдаж авсан” гэж мэдүүлж байх тул 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг дуусталх хугацааны түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч Б.О-аас гаргуулах үндэслэлтэй байна.

“Угалз мэргэн” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 тоот хөрөнгийн үнэлгээний дүгнэлтэд “...Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 10-р баг, Оргил лодойдамба гудамж, 320 байр 6 тоотод байршилтай 30 м2 талбайтай 1 өрөө байрны түрээсийн үнэлгээг 2021 оны 04 дүгээр сарын 01-ээс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны хоорондох хугацааг халаалттай үеийн үнийг 250,000 төгрөгөөр, халаалтгүй үеийн үнийг 210,000 төгрөгөөр тооцож нийт үнэлгээг 1,917,000 төгрөгөөр тогтоолоо” гэх дүгнэлтэд үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг дуусталх хугацааны түрээсийн төлбөр 1,667,000 (нэг сая зургаан зуун жаран долоон мянган) төгрөгийг нэхэмжлэгч Б.О-аас гаргуулж, хариуцагч Д.А-д олгох үндэслэлтэй байна.

16. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 98,871 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А-оос нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О-т олгож, нэхэмжлэгч Б.О-аас сөрөг нэхэмжлэлийн хангагдсан шаардлага 1,667,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 41,622 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.А-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны тус тус үндэслэн орон сууцны үнэд шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг Ж овгийн Д-ийн А-оос гаргуулж, У овгийн Б-ын О-т олгосугай.

2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Ун овгийн Б-ын О-аас түрээсийн төлбөрт 1,667,000 төгрөг гаргуулж, хариуцагч Ж овгийн Д-ийн А-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2,643,720 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 98,871 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А-оос нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О-т олгож, нэхэмжлэгч Б.О-аас сөрөг нэхэмжлэлийн хангагдсан шаардлага 1,667,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 41,622 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.А-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.ОЮУНБИЛЭГ