Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 215/МА2024/00004

 

Б.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, шүүгч Ч.Э, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 133/ШШ2024/00021 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ........ аймгийн ......... сумын ... -р баг, .............. ... - ... -р байр ... тоотод оршин суух, У овгийн Б.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............... аймгийн ............ сумын ......... баг, ............. ...-р байр, ... тоотод оршин суух, Д.А-д холбогдох

Орон сууцны үнэд шилжүүлсэн 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, цэвэр усны төлбөр 263,670 төгрөг, цахилгаан эрчим хүчний төлбөр 247,050 төгрөг, орон сууцны засварын материалын үнэ 1,400,000 төгрөг, засварын зардал 300,000 төгрөг, түрээсийн төлбөр 2,100,000 төгрөг нийт 4,310,710 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны үнэд шилжүүлсэн 5,000,000 төгрөг гаргуулах тухай.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Б.О нь Д.А-той наймаа хийсэн. Өөрөөр хэлбэл 30 сая төгрөгөөр 1 өрөө байр худалдаж авахаар тохиролцож, 27 сая төгрөгийг нь Д.А-ын данс руу шилжүүлж, өгсөн байдаг. Үүн дээр талууд ямар нэгэн маргаан байхгүй. Ингээд уг байранд нь ороод гэрчилгээ гарсны ард 3,000,000 төгрөгийг өгнө гэсэн боловч Б.О-ыг байх хугацаанд гэрчилгээ нь гараагүй. Б.О-ыг асуухад тухайн байрыг улсын комисс хүлээж аваагүй байдаг. Уг байрны балкон нь хаалтгүй зүгээр банзаар сарайлгаад хийчихсэн. Ванны өрөөг нь дуусгаагүй зэрэг шалтгааны улмаас Б.О нь хөдөө явахдаа Г.А-д байрныхаа түлхүүрийг үлдээгээд дутуу зүйлээ хийж гүйцээгээд, гэрчилгээг нь гаргаж нэр дээр нь шилжүүлэх шаардлагыг тавьсан боловч уг шаардлагыг биелүүлээгүй. Ингээд тухайн байр нь шаардлага хангахгүй байсан учраас 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Д.А-той байрыг буцаах талаар ярилцаад байрыг нь чөлөөлж, түлхүүрийг нь хүлээлгэж өгсөн байдаг. Уг байранд 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр орсон. Тэгээд төлсөн мөнгөө авъя гэхэд 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 12,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус Б.О данс руу шилжүүлсэн. Уг нь үлдэгдэл 5,000,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сард төлнө гэсэн боловч 2022 он дуусаад 2023 он гарсан ч өгөхгүй байсан. Сүүлдээ Б.О утсыг нь авахаа байсан учраас Улаанбаатар хотоос Говь-Алтай аймагт ирж энэ хүмүүстэй уулзаад 5,000,000 төгрөгөө авъя гэхэд тохиролцоонд хүрээгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр намайг томилж үлдээсэн. Иймд үлдэгдэл 5,000,000 төгрөгөө гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

3. Хариуцагч хариу тайлбартаа: Иргэн Б.О нь миний барьсан 30 метр квадрат шинэ байрны ... тоотод 1 сар болсон тэгээд 3 давхарын болконтой байранд орно гээд 3 давхарын ... тоотод 6 сар амьдарсан. Б.О нь 2021 оны 04 дүгээр сараас 11 сар хүртэл 7 сарын хугацаанд амьдраад гарсан. 2023 оны 08 сарын 22-нд бид нар тохиролцоод 11 сарын 05-ны дотор 4,000,000 төгрөг өгч авалцахаар Б.О нь ах, бэр эгчтэйгээ ирж манайтай тохиролцсон гарын үсэг бүхий нотлох баримтын дагуу төлөхийг зөвшөөрсөн. 5,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй. Хэрэв тохиролцсоноос өөрөөр 5,000,000 төгрөг нэхвэл 7 сарын байрны хөлс, тог, цахилгаан, халаалт, цэвэр ус, 2 байрны элэгдэл хорогдол, засвар хийсэн нийт зардал болон 7 сарын амьдарсан түрээсийн мөнгө төгрөгийг нэхэмжлэх болно. Хэлэлцэж тохиролцсоны дагуу 4,000,000 төгрөгийг боломжоороо төлнө гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Цэвэр усны төлбөр 263,670 төгрөг, цахилгаан эрчим хүчний төлбөр 247,050 төгрөг, орон сууцны засварын материалын үнэ 1,400,000 төгрөг, засварын зардал 300,000 төгрөг, түрээсийн төлбөр 2,100,000 төгрөг нийт 4,310,710 төгрөг гаргуулах тухай.

 

5. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Би 2021 оны 04 дүгээр сард Б сумын иргэн Б-ын эхнэр Е.Д-тай хэлэлцэж тохиролцож ... -р байрны ... тоотын 1 өрөө 30 метр квадрат байрыг зарсан. Гэтэл 7 сар байрласаны дараа авахаа болилоо гэж байрнаас гараад мөнгөө буцааж авсан. 2023 оны 08-р сард бид нар харилцан тохиролцоод 2023 оны 11 дүгээр сард 4,000,000 төгрөгийг өгч авалцахаар тохиролцсон байсан. Гэтэл 5,000,000 төгрөг надаас авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Манай байранд 7 сар байх хугацаанд халаалт тогны мөнгө, цэвэр ус зэргийн мөнгийг төлөөгүй байсан учир гарсных нь дараа би өөрөө төлж барагдуулсан. Иймд усны мөнгө 263,670 төгрөг, тогны мөнгө 247,050 төгрөг, байрны засвар хийсэн материалын үнэ 1,400,000 төгрөг, засвар хийсэн ажлын хөлс 300,000 төгрөг, нийт 2,210,720 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хэргийн хариуцагч Д.А миний бие шүүхэд урьд гаргаж өгсөн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Нэхэмжлэгч Б.О нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-нийг дуустал дөнгөж ашиглалтад орсон шинэ байранд 7 сарын хугацаанд амьдарч байсан. Энэ хугацаанд амьдраад гарахдаа манайд ямар ч төлбөр төлөхгүйгээр манай шинэ байрны обойг урж халтардсан, хананд тавилга өлгөсөнтэй холбоотой нүх сүв гарсан, шалны хүрээ хагарсан, таазны хүрээ халтартсан байсан зэрэг элэгдэл гаргачихаад байрыг авахгүй наймаагаа буцаая гэсэн. Наймаа буцаахад биднээс үлдэгдэл төлбөрөө бүгдийг нь нэхэмжилсэн тул бид Б.О нь бидний үл хөдлөх эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байх тул шударга ёсны зарчимд үндэслэн Б.О-аас 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал 7 сарын хугацааны түрээсийн төлбөр 1 сарын 300,000 төгрөг нийт 2,100,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

 

6. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл энэ хүн 04 дүгээр сарын 01-нд нүүж орсон. Тэгээд 09 дүгээр сарын 23-ны өдөр гараад Д.А-д түлхүүрийг нь хүлээлгэж өгсөн. Гэрч Б-ын мэдүүлэг байгаа. Б уг маргаан бүхий байрыг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр аваад нүүж орсон. Б.О нь 09 дүгээр сард гараад 10 дугаар сарын 14-нд өөр айл нүүж орсон нь хавтаст хэргийн материалд тодорхой байгаа. Б.О-ыг байх хугацаанд 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд ус, тог цахилгаан, халаалтын мөнгө төлөөгүй. Энэ нь Монгол улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 211 дугаартай Коронавирусын цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолоор 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын тог цахилгаан, дулаан, цэвэр бохир усны төлбөрийг төлж байсан. Мөн хавтаст хэргийн материалд албан тоот ирсэн байгаа. Тухайн үеийн усны мөнгийг төрөөс төлж байсан. Энэ айл нь бүртгэлгүй явж байгаад 2021 оны 08 дугаар сард “............” ААТҮГ-т анх бүртгүүлсэн. Тэгээд 2021 оны 08, 09, 10 дугаар саруудын мөнгө болох 47,670 төгрөгийг хэрэглэгч төлөөгүй, Засгийн газраас төлсөн болно гэсэн байдаг. Ийм учраас Б.О-ыг амьдарч байх хугацаанд энэ нэхэмжлээд байгаа цэвэр бохир усны мөнгө, халаалтын мөнгийг Засгийн газраас төлсөн учраас уг мөнгийг төлөх боломжгүй гэж үзэж байна. Мөн түрээсийн мөнгө нэхэмжилж байна. Б.О-ыг амьдарч байх хугацаанд гэрчилгээг нь гаргаад нэр дээр нь шилжүүлчихсэн бол үлдэгдэл мөнгөө өгөөд энэ айлуудын дунд ямар нэгэн тооцоогүйгээр дуусах байсан. Гэтэл Б.О нэр дээр гэрчилгээ гаргаж өгөхгүй байсан. Тэгээд Б.О-ыг асууж сураглаад явахад уг байрыг улсын комисс хүлээж аваагүй, буцчихсан байсан. Уг шалтгаанаар наймаа буцах болоод Б.О нь Д.А-д түлхүүрийг нь хүлээлгэж өгөхөд ямар нэгэн байдлаар хэлээгүй. Мөнгийг чинь байраа зарж байгаад өгье. Одоогоор бөөнөөр нь өгөх боломжгүй байна. Увуулж цувуулаад өгье гээд түлхүүрээ хүлээж авсан. Ийм учраас уг байрны түрээсийг төлөх боломжгүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасны дагуу түрээсийн гэрээ хийж, түрээс төлнө гэж тохиролцож ороогүй. Наймаа буцах болсон шалтгаан нь энэ айлаас өөрөөс нь болсон. Тухайн үед улсын комисс хүлээж аваагүй, уг байр нь доголдолтой байсан. Доголдлоо заасан хугацаанд нь засаж өгөөгүй байдлаас нь болж наймаа буцаагдсан байгаа учраас түрээс төлөх боломжгүй. Засвар үйлчилгээ хийсэн гэж яриад байгаа. Б.О-ыг амьдарч байхад энэ байранд хоол цай хийхээр цантдаг. Ямар ч агааржуулалт байхгүй. Балкон нь дуусаагүй. Ванны өрөө нь бас дуусаагүй. Энэ доголдлуудыг Д.А нь засаж өгнө гэсэн боловч янзалж өгөхгүй байсаар эдгээр доголдлуудыг нь хэлээд байрыг буцаасан. Б.О-ыг амьдарч байх хугацаанд уг байр нь бүтэн засвар хийх хэмжээний бохир болоогүй. Би тухайн байранд байхаасаа байхгүй нь их байсан. Улаанбаатар хотод байсан гэдгээ Б.О тайлбарлаж байгаа учраас засварын мөнгийг өгөх боломжгүй гэж бодож байна. Мөн Б-ын мэдүүлэг дээр уг байранд 10 дугаар сарын 14-нд орсны дараа гадна талаар нь хөөс хийж дулаалж өгсөн нь маш тодорхой байгаа. Ийм учраас байрны доголдлыг арилгаж, өвөлжилтийн бэлтгэл хийгээд айлд зарсан байгаа юм. Иймд засварын мөнгийг үгүйсгэж байна. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны тус тус үндэслэн орон сууцны үнэд шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг Ж овгийн Д.А-оос гаргуулж, У овгийн Б.О-т олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч У овгийн Б.О-аас түрээсийн төлбөрт 1,667,000 төгрөг гаргуулж, хариуцагч Ж овгийн Д.А-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2,643,720 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 98,871 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А-оос нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О-т олгож, нэхэмжлэгч Б.О-аас сөрөг нэхэмжлэлийн хангагдсан шаардлага 1,667,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 41,622 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.А-д олгож ..... шийдвэрлэжээ.

 

8. Нэхэмжлэгч Б.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 

Б.О миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 133/ШШ2024/00021 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч байна. Д овогтой А-оос 27 сая төгрөг бэлэн өгч байрыг худалдан авсан боловч уг байраа гүйцээж дутуу зүйлсээ хийж өгөхгүй байсан. Мөн улсын комисс хүлээж аваагүй тул гэрчилгээ гараагүй байрыг буцаасан. Уг байрыг буцааж авахдаа зарчаад танай мөнгийг өгнө гээд түлхүүрээ авсан. Үлдэгдэл 5 сая төгрөгийг 2022 оны 11 дүгээр сард өгөхөөр тохирсон ам гэрээгээ үгүйсгэж дураараа дахин хугацааг сунгаж хасч өгөх гэсэн тул шүүхэд хандсан. Би Д.А-ын байрыг түрээслэж суугаагүй тул шийдвэрийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

9. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

10. Нэхэмжлэгч Б.О-ыг төлөөлж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М нь Д.А-д холбогдуулан байрны төлбөрт төлсөн 5,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

11. Хариуцагч Д.А нь нэхэмжлэгч Б.О-т холбогдуулан гүйцэтгээгүй цэвэр усны төлбөр 263,670 төгрөг, цахилгаан эрчим хүчний төлбөр 247,050 төгрөг, орон сууцны засварын материалын үнэ 1,400,000 төгрөг, засварын зардал 300,000 төгрөг, нийт 2,210,720 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр түрээсийн төлбөр 2,100,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

 

12. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар Б.О, Д.А нар 1 өрөө байрыг 30 сая төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулжээ. Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-т зааснаар эд хөрөнгийн доголдол буюу байрны тагтны хаалтгүй, угаалтуурын өрөөний засвар дуусаагүй, агааржуулалтгүй, цантдаг, доголдолтой, улсын комисс хүлээж аваагүй зэрэг шалтгаанаар худалдан авагч тал болох Б.О гэрээнээс татгалзах санал гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байна. Байрны үнэд төлсөн мөнгөнөөс 5.000.000 төгрөгийг буцааж өгөөгүй талаар зохигчид маргаагүй.

 

13. Нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь байрыг буцаан хариуцагчид шилжүүлж, хариуцагч нь байрны үнийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэгтэй.

 

14. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7 дахь хэсэгт гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүргийг биечлэн нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй гэж заасан байна.

 

15. Мөн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.3 дахь хэсэгт үүргийн зүйлийг ердийн элэгдэл, хорогдлоос гадуур гэмтээсэн, муутгасан, дутаасан, устгасан бол үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлөхөөр заасан байна.

 

16. Нэхэмжлэгч Б.О нь үүргийн зүйлийг ердийн элэгдэл хорогдлоос гадуур гэмтээсэн муутгасан гэх байдлыг хариуцагч нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл гэрээний зүйлийг зориулалтын дагуу ашиглах явцад бий болсон ердийн элэгдэл хорогдлыг засч сайжруулахад гарах зардлыг нэхэмжлэгч нь хариуцах үүрэггүй байна. Түүнчлэн хариуцагч нь гэрээний нэг тал гэрээнээс татгалзсаны улмаас өөрт нь хохирол учирсан болохыг нотлоогүй байна. Мөн худалдах худалдан авах гэрээний дагуу үнийг нь төлж худалдан авсан орон сууцанд амьдарч байсан хугацаанд нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй.

 

17. Цэвэр усны төлбөр 263,670 төгрөг, цахилгаан эрчим хүчний төлбөр 247,050 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 211 дугаартай Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолоор ...1. Айл өрхийн болон дор дурдсанаас бусад аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс тооцож 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд төрөөс хариуцан төлөх арга хэмжээг зохих журмын дагуу авч хэрэгжүүлэхийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай гэжээ. Иргэний хуулийн 210 дугаар зүйлд зааснаар хууль буюу гэрээнд үүргийг тусгайлан заагаагүй болон үүргийн шинж чанарт харшлаагүй тохиолдолд үүргийг гуравдагч этгээд гүйцэтгэсэн үндэслэлээр уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

 

Мөн талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй байна. Тиймээс анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан түрээсийн төлбөр гэх 1.667.000 төгрөгний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тиймээс үндсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хариуцагч нотлоогүй тул үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

18. Дээрх үндэслэлээр Б.О орон сууцны үнэд шилжүүлсэн 5,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Д.А-ын цэвэр усны төлбөр 263,670 төгрөг, цахилгаан эрчим хүчний төлбөр 247,050 төгрөг, орон сууцны засварын материалын үнэ 1,400,000 төгрөг, засварын зардал 300,000 төгрөг, түрээсийн төлбөр 2,100,000 төгрөг нийт 4,310,710 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээс 2.210.720 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 133/ШШ2024/00021 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.А-ын сөрөг нэхэмжлэл 2.210.720 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтад “олгож, нэхэмжлэгч Б.О-аас сөрөг нэхэмжлэлийн хангагдсан шаардлага 1,667,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 41,622 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.А-д” гэх хэсгийг хасч” шийдвэрийн бусад зүйл заалтын хэвээр үлдээсүгэй.

 

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 41,622 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.О

                                               ШҮҮГЧИД                            Ч.Э

                                                                                            Ш.Б