Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2023/03931

 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 01 өдөр                  Дугаар 102/ШШ2023/03931                             Улаанбаатар хот

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ***** хаягт оршин суух, **** овогт Л Б,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг******* байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сүхбаатар дүүргийн ********* байранд байрлах “Хас банк” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Л Б ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Аваасүрэн,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэнгэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л Б  надад холбогдох “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрээр зээлийн гэрээний үүрэгт 88,258,983 төгрөгийг гаргуулж “Хас банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Зээлийн гэрээний барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн ***** хаягт байрлах 35 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 511 м.кв талбайтай газрын хамт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д заасны дагуу шинжээчээр үнэлгээ тогтоолгоход 47,900,000 төгрөгөөр үнэлсэн. Тухайн Ү-000000 өмчлөлийн эрхийн дугаартай хувийн сууц, Г-0000000 дугаарт бүртгэлтэй газар нь төв зам дагуу байрлалтай, газарт орж төлөвлөлтийн дагуу зах зээлийн үнэлгээ өссөн байршил тогтоцын дагуу зах зээлийн үнэлгээ өндрөөр үнэлж, хамгийн хямддаа 65,000,000 төгрөгөөр үнэлүүлсэн. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар миний хашаа байшинг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур, үндэслэлгүй бага үнээр үнэлсэнд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үндэслэлгүй үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Энэ тогтоогдсон үнэлгээнээс албадан дуудлага худалдаанд оруулах үнэ буурсаар байгаад машины үнэ ч хүрэхгүй болох гээд байна. Тиймээс зах зээлийн бодит үнээр үнэлүүлмээр байна. Тэнд байгаа хашаа байшин хамгийн багадаа 500 м.кв хүрэхгүй хашаа байшин 70,000,000-80,000,000 төгрөгөөр үнэлж байна. Тэгэхээр шинжээчийн үнэлгээг бодит үнэлгээ гэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үндэслэлгүй үнэлгээг хүчингүй болгож өгнө үү...гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/000000 дугаар шийдвэрээр Л Б ээс 88,258,983 төгрөгийг гаргуулж “Хас банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн Ү-000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх ******** хаягт байрлах 35 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах эрхийн улсын Г-0000000 дугаарт бүртгэлтэй 511 м.кв талбайтай газрын хамт 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01/0000000 дугаартай битүүмжлэх тогтоолуудаар битүүмжилсэн. 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 02/0000000 тоот хураах тогтоолоор хураан авч, төлбөр төлөгч Л Б ээс үнийн санал авахад 65,000,000 төгрөгөөр үнийн санал өгсөн. Төлбөр авагч “Хас банк” ХХК-иас үнийн санал авахад үнийн саналыг зөвшөөрөөгүй бөгөөд зах зээлийн бодит үнэлгээ хийлгэх, өөрөөр хэлбэл хөндлөнгийн шинжээчээр үнэлүлэх, үнэлгээ хийлгэх саналыг 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 20/1625 дугаартай бичгээр ирүүлсэн. 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 4/159 тоот шинжээч томилох тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр “Виннер вэй” ХХК-ийн шинжээч О.Б томилогдож, тус барьцааны хөрөнгийг нийт 47,900,000 төгрөгөөр тогтоосон. Дээрх шинжээчийн тогтоосон үнэлгээг төлбөр төлөгч Л Б , төлбөр авагч “Хас банк” ХХК нарт 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 4-171/8467, 4-171/8466 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Хөндлөнгийн шинжээч мэргэжлийн байгууллага оролцуулж үнэлгээ тодруулсан. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээ албадан дуудлага худалдаагаар 30% буурч 70%-иар тооцоолон 33,000,000 төгрөг болох байх. Үүнээс дээшээ үнэ дуудагддаг. Буурна гэж байхгүй...гэв.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Хас банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Үнэлгээний тайлан шийдвэр гүйцэтгэх газраас томилсон хөндлөнгийн шинжээчийн гаргасан тайлан орлогын зах зээлийн үнэлгээгээ  харьцуулан гаргасан. Нэхэмжлэгч үнэлгээнд гомдол гаргасан байдал шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сунжруулах, төлбөр төлөгч төлбөрөө төлөхгүй байх, зайлсхийх нөхцөл байдал  хайж  байна гэж ойлгож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Л Б  болон Д.Мөнхтуяагийн 88,258,9833 төгрөгийн асуудал дуусгаагүй болохоор энэ үр дагавар гарж байна.  Л Б ийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан хашаа байшингаас гадна хоёр  хүний хөрөнгө барьцаалсан асуудал бий. Гэрээний  үүргийг зээлийн төлбөрийг төлөөд дуусгавал энэ асуудлууд дуусдаг. Үнэлгээний маргаан хийгээд цаг хугацаа алдсанаас төлбөрийг хурдан төлж дуусгаад бусдын өмчлөлийн эрх ашгийг хамгаалах асуудлыг дуусга. Одоо гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байна. Гэрээний үүргийг хурдан төлөөд дуусга гэсэн саналтай байна...гэв.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 4-171/8466 тоот мэдэгдлийн эх хувь /хх-5/, Хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар /хх-6-16/ зэргийг нотлох баримтаар гаргасан.

5. Хариуцагч тал шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна. Үүнд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 00359 тоот гүйцэтгэх хуудсын хуулбар /хх-23/, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/03085 дугаар шийдвэрийн хуулбар /хх-24-25/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 22350545 дугаар тогтоолын хуулбар /хх-26/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01/22250545 дугаар тогтоолын хуулбар /хх-27-28/, Эд хөрөнгө хураах тухай 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 02/22250545 дугаар тогтоолын хуулбар /хх-29-30/, Л Б ийн гаргасан 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн үнийн санал /хх-31/, “Хас банк” ХХК-ийн гаргасан шинжээч томилуулах тухай 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хүсэлт /хх-32/, Шинжээч томилох тухай 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 4/159 тоот тогтоолын хуулбар /хх-33/, Шинжээчид хууль тайлбарласан тухай баримтын хуулбар /хх-34-35/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-36-46/, Хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн мэдэгдлүүдийн хуулбар /хх-47-48/ зэрэг болно.

6. Гуравдагч этгээд “Хас банк” ХХК-иас шүүхэд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-60/-ыг нотлох баримтаар гаргасан.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх Л Б ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан ба нэхэмжлэлийн үндэслэлээ “шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдсан барьцаа хөрөнгө болох хувийн сууц, өмчлөх эрхтэй газар зэргийг зах зээлийн үнээс хэт доогуур, үндэслэлгүй багаар үнэлсэн, тухайн газар нь төв зам дагуу байрладаг учир ирээдүйд үнэ нь өсөх ба одоогоор зах зээлийн бодит ханш хамгийн багадаа 65,000,000 төгрөгөөр үнэлэгдэхээр байхад багаар үнэлсэнд гомдолтой” гэж тодорхойлсон байна.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнэлгээг хуульд заасан журмын дагуу тогтоолгосон учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэж тайлбарласан.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг нэхэмжлэлтэй холбоотойгоор “үнэлгээтэй холбоотой нэхэмжлэл гаргаж байгаа нь зориуд санаатайгаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилготой гэж үзэхээр байна” гэж тайлбарласан.

5. Хэрэгт нотлох баримтаар авагдсан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг болон зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

5.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/00000 дугаар шийдвэрээр Л Б т холбогдох Баянзүрх дүүргийн ****** хаягт байрлах 35 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 511 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэн, уг шийдвэр хүчин төгөлдөр болслон байна.

5.2. Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр “Хас банк” ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 00359 тоот гүйцэтгэх хуудас  бичигдэн, 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 20000000 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, мөн өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлжээ.

5.3. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01/000000000 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор барьцаа хөрөнгө болох Ү-000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ********* хаягт байрлах 35 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах эрхийн улсын Г-0000000 дугаарт бүртгэлтэй 511 м.кв талбайтай газар зэрэг хөрөнгийг битүүмжилж, 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 02/22250545 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор дээрх хөрөнгийг Л Б  болон хөндлөнгийн хоёр гэрч байлцуулан хураасан байна.

5.4. Улмаар 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Л Б  нь хөрөнгийн үнийн саналыг 65,000,000 төгрөгөөр тогтоон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, “Хас банк” ХХК-иас үнэлгээ хийлгэх хүсэлт гарган, 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 4/159 дүгээр Шинжээч томилох тухай тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний “Виннер вэй” ХХК-ийн үнэлгээчин О.Бат-Эрдэнийг шинжээчээр томилж, дүгнэлтээ ирүүлэхийг даалгажээ.

5.5. Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу томилогдсон шинжээч дүгнэлтээ 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гарган, хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт 47,900,000 төгрөг болохыг тогтоосон байна. Үнэлгээний тайланд шинжээч О.Бат-Эрдэнийн Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, “Виннер вэй” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг хавсаргасан байна.

5.6. Шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 4-171/8466, 4-171/8467 дугаар хөрөнгийн үнэлгээний мэдэгдлүүдийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчдод хүргүүлснийг төлбөр төлөгч Л Б  2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авчээ.

5.7. Дээрх мэдэгдлийг хүлээн аваад нэхэмжлэгч Л Б  нь 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

6. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар төлбөр төлөгч болон төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй буюу төлбөр төлөгч талаас хураагдсан хөрөнгийн талаар гаргасан 65,000,000 төгрөгийн үнэлгээг төлбөр авагч эс зөвшөөрч шинжээчээр үнэлгээ тогтоолгохыг хүссэний улмаас шийдвэр гүйцэтгэгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт зааснаар хөндлөнгийн шинжээчээр “Виннер вэй” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин О.Бат-Эрдэнийг томилсон нь хуульд нийцжээ.

7. Шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн тогтоосон үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу дүгнэлтийг хүлээн авсан өдрөө шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдсэн болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан мэдэгдлүүд, зохигчдын тайлбараар тогтоогдсон.

8. Нэхэмжлэгч Л Б  нь үнэлгээний мэдэгдлийг 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 5 дугаар сарын 04-ний өдөр уг үнэлгээг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан гомдол гаргах 7 хоногийн хугацааг хэтрүүлээгүй байна.

9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээч мэргэшсэн үнэлгээчин О.Бат-Эрдэнэ нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлан дүгнэлтээ гаргасан талаар хөрөнгийн үнэлгээний тайланд тусгажээ.

10. Нэхэмжлэгч Л Б  нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг “зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн” гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнэ ханш хэдэн төгрөг болж байгаа талаар баримтаар нотлоогүй байх тул эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

11. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай Л Б ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.САРАНТУЯА