Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/ма2024/00038

 

 

 

 

 

 

 

 

2023 12 27 210/МА2024/00038

 

 

Л.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2023/03931 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Б-гийн хариуцагч Н-т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/03085 дугаар шийдвэрээр хариуцагч Л.Б нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00369 тоот шийдвэрийн дагуу 88,258,983 төгрөгийг нэхэмжлэгч Х ХХК-д төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Л.Б-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн0 дүгээр хороо , Жаргалантын 3 дугаар гудамж, - тоот хаягт байрлах 0 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 0 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээчээр үнэлгээ тогтоолгоход 47,900,000 төгрөгөөр үнэлсэн. Тухайн Ү- өмчлөлийн эрхийн дугаартай хувийн сууц, Г- дугаарт бүртгэлтэй газар нь төв зам дагуу байрлалтай, газарт орж төлөвлөлтийн дагуу зах зээлийн үнэлгээ өссөн байршил тогтоцын дагуу зах зээлийн үнэлгээ өндрөөр үнэлж, хамгийн хямд 65,000,000 төгрөгөөр үнэлүүлсэн. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар миний хашаа, байшинг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур, үндэслэлгүй бага үнээр үнэлсэнд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үндэслэлгүй үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/03085 дугаар шийдвэрээр Л.Б ээс 88,258,983 төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн Ү- дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн0 дүгээр хороо , Жаргалант 3 дугаар гудамжны - тоот хаягт байрлах 0 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах эрхийн улсын Г- дугаарт бүртгэлтэй 0 м.кв талбайтай газрын хамт 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01/22250545 дугаартай битүүмжлэх тогтоолуудаар битүүмжилсэн. 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 02/22250545 тоот хураах тогтоолоор хураан авч, төлбөр төлөгч Л.Б ээс үнийн санал авахад 65,000,000 төгрөгөөр үнийн санал өгсөн. Төлбөр авагч Х ХХК-аас үнийн санал авахад үнийн саналыг зөвшөөрөөгүй бөгөөд зах зээлийн бодит үнэлгээ хийлгэх, өөрөөр хэлбэл хөндлөнгийн шинжээчээр үнэлүлэх, үнэлгээ хийлгэх саналыг 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 20/1625 дугаартай бичгээр ирүүлсэн. 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 4/159 тоот шинжээч томилох тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр Виннер вэй ХХК-ийн шинжээч О.Бат-Эрдэнэ томилогдож, тус барьцааны хөрөнгийг нийт 47,900,000 төгрөгөөр тогтоосон. Дээрх шинжээчийн тогтоосон үнэлгээг төлбөр төлөгч Л.Б, төлбөр авагч Х ХХК нарт 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 4-171/8467, 4-171/8466 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Үнэлгээний тайлан шийдвэр гүйцэтгэх газраас томилсон хөндлөнгийн шинжээчийн гаргасан тайлан орлогын, зах зээлийн үнэлгээг харьцуулан гаргасан. Нэхэмжлэгч үнэлгээнд гомдол гаргасан байдал шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сунжруулах, төлбөр төлөгч төлбөрөө төлөхгүй байх, зайлсхийх нөхцөл байдал хайсан гэж ойлгож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Н-т холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай Л.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрт хэргийн оролцогч буюу Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б оролцсон гэж бичсэн атлаа шүүхийн шийдвэрт Д.Батцэнгэл оролцсон гэжээ. Шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл зөрүүтэй байна. Мөн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 2.3, 115.2.2. гэжээ. Шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэр аль аль нь нотлох баримт гэж үзэж байна. Гэтэл 2 нотлох баримт нь зөрүүтэй бичигдсэн байгааг анхаарч үзнэ үү. Анхан шатны шүүх хуралдааны явцад дахин үнэлгээг хийлгүүлэхээр хүсэлт гаргасан боловч энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй байх ба миний хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар мөн тусгаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд миний бие оролцсон боловч шүүх хурал маш хурдан болж өнгөрсөн. Миний гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй байсан. Учир нь Баянзүрх дүүргийн0 дүгээр хороо Жаргалантын 3 дугаар гудамж - тоот од байрлах Ү- , Г- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг зөвхөн байшинг үнэлсэн ба тухайн өмчлөгдсөн газрын зах зээлийн үнэлгээг тогтоохдоо өнөөдрийн зах зээлийн үнэлгээгээр бодитой тогтоогоогүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр хэргийг буцааж өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгчийн гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Н-т холбогдуулан хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/03085 дугаар шийдвэрээр хариуцагч Л.Б нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00369 тоот шийдвэрийн дагуу 88,258,983 төгрөгийг нэхэмжлэгч Х ХХК-д төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Л.Б-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо , Жаргалантын 3 дугаар гудамж, - тоот хаягт байрлах 0 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 0 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Н-т даалгаж шийдвэрлэжээ./хх24-25/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх учиртай.

4. Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна./хх-23, 26/

4.1. Мөн шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн0 дүгээр хороо , Жаргалантын 3 дугаар гудамж, - тоот хаягт байрлах 0 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 0 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01/22250545 дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 02/22250545 дугаар тогтоолоор хураажээ. /хх27-28, 29-30/

4.2. Барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

5. Талууд дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийн талаар тохиролцоогүй тул хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр В ХХК -ийг шинжээчээр томилж, шинжээч В ХХК нь төлбөрт хураагдсан Л.Б-гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн0 дүгээр хороо , Жаргалантын 3 дугаар гудамж, - тоот хаягт байрлах 0 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 0 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 47,900,000 төгрөгөөр үнэлж, Н-т ирүүлжээ./хх31, 32, 33, 36-44/

6. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар шинжээчийн үнэлгээг нэхэмжлэгч Л.Б т 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр танилцуулсан болох нь хэрэгт авагдсан мөн өдрийн 4-171/8466 дугаар мэдэгдлээр /хх-47/ тогтоогдож байна.

7. В ХХК үнэлгээг тогтоохдоо хөрөнгийн үнэлгээний орлогын, зах зээлийн, өртгийн хандлагын аргыг ашиглан ойролцоо байршилд байрлах үл хөдлөх эд хөрөнгийг харьцуулан үнэлгээ хийсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасантай нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.

8. Нэхэмжлэгч нь ...Ү- , Г- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг зөвхөн байшинг үнэлсэн ба тухайн өмчлөгдсөн газрын зах зээлийн үнэлгээг тогтоохдоо зах зээлийн ханшаар бодитой тогтоогоогүй гэх гомдол гаргажээ. Шинжээч дүгнэлт гаргахдаа үнэлэгдэж буй үл хөдлөх хөрөнгийн байршил, зориулалт зэргийг харгалзан зах зээлд худалдан борлогдож байгаа бусад ижил төсөөтэй хөрөнгүүдтэй харьцуулах байдлаар хувийн сууцыг 16,935,723 төгрөг, газрыг 30,967,243 төгрөг, нийт 47,902,966 төгрөгийн үнэ цэнэтэй хөрөнгө болохыг тодорхойлж, холбогдох сайтын зургуудыг тайландаа хавсаргажээ. Иймд хувийн сууцыг үнэлгээгүй гэх гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна./хх36-44/

8.1. Түүнчлэн, нэхэмжлэгч Л.Б нь ...Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б оролцсон гэж бичсэн атлаа шүүхийн шийдвэрт Д.Батцэнгэл оролцсон гэсэн байгаа нь зөрүүтэй гэж гомдол гаргажээ. Хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл болон шийдвэрт гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэнгэл гэж тусгагдсан байх тул хэргийн оролцогчийн нэрийг зөрүүтэй бичсэн гэж үзэхгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

8.2. Мөн нэхэмжлэгч нь дахин үнэлгээ хийлгүүлэхээр хүсэлт гаргасан боловч шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй, уг хүсэлтийг шийдвэрлээгүй гэх агуулгаар гомдол гаргасан байна. Хэргийн баримтаар нэхэмжлэгч дахин шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан байдал тогтоогдохгүй байхаас гадна шүүх хуралдааны тэмдэглэлд хуульд заасан хугацаанд засвар оруулахаар хүсэлт гаргаж байгаагүй байх тул уг гомдлыг хангахгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2023/03931 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Д.ЦОГТСАЙХАН