Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2023/04163

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 20 өдөр                 Дугаар 102/ШШ2023/04163                             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, ****** тоот хаягт байрлах “ОУ” ХХК,

Хариуцагч: Баянгол дүүргийн ****** тоот хаягт оршин суух, Б овогт Г-ын А,

Нэхэмжлэлийн шаардлага: Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов. Хариуцагч Г.А, түүний өмгөөлөгч А.Н нар шүүх хуралдааны дэг зөрчиж, даргалагчийн зөвшөөрөлгүйгээр хурлын танхимыг орхиж гарав.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч “ОУ” ХХК-ийн төлөөлөгч Г.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Е нэхэмжлэлийг дэмжиж гаргасан тайлбартаа:

Зээлдэгч “ЖИ” ХХК, Н.З нар нь зээлдүүлэгч “ОУ” ХХК-тай 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ЗГ20/191 дугаартай зээлийн гэрээг байгуулан 50,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 184 хоногийн хугацаатай, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ЗГ20/203 дугаартай зээлийн гэрээг байгуулан 20,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй 176 хоногийн хугацаатай, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ЗГ20/306 дугаартай зээлийн гэрээг байгуулан 25,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй 151 хоногийн хугацаатай тус тус зээлсэн. Дээрх зээлийн гэрээнүүдийн үүргийг гүйцэтгэх баталгаа болгон Г.Аийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 00000 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулсан. Уг барьцааны гэрээг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлдэгч “ЖИ” ХХК, Н.З нар нь зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийлгүй гэрээний үүргийг удаа дараа зөрчиж байсан тул манай байгууллагаас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн гэрээний үүрэг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүхийн хэрэг шийдвэрлэх ажиллагаанд барьцаалуулагч Г.Аийг бие даасан шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч “ОУ” ХХК нь эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 00000 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Г.Ат холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Анхдагч шаардлагын үүрэг гүйцэтгэгч нь хоёрдогч шаардлагын үүрэг гүйцэтгэгчээс өөр байх тохиолдолд шаардлага тус бүрийг хариуцвал зохих этгээдийг хариуцагчаар оролцуулах учиртай. Хэдийгээр хоёрдогч шаардлага нь анхдагч буюу үндсэн шаардлагаас салшгүй орших боловч энэ нь хоёрдогч шаардлагыг үндсэн шаардлагын үүрэг гүйцэтгэгчид холбогдуулан шууд шийдвэрлэх үндэслэл болохгүй...” гэж уг барьцаа хөрөнгөөр гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрт давж заалдах гомдлыг гаргасан бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.А ОУ ХХК нарын хооронд байгуулагдсан 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн БГ20/191, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн БГ20/203, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн БГ20/306 дугаар барьцааны гэрээнүүдээр Г.Аийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 00000 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахаар тохиролцжээ. Хариуцагч “ЖИ” ХХК, Н.З нар нь дээрх барьцааны гэрээний тал биш бөгөөд барьцаалагчийн өмнө үүрэг хүлээхгүй тул тэдгээрт холбогдуулан гаргасан уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй”, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт заасны дагуу барьцаалагч нь барьцаалуулагчид холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргахад шүүхийн энэ шийдвэр саад болохгүй” гэж заасан. Дээрх магадлалд зохигч гомдол гаргалгүй хуулийн хүчин төгөлдөр болсон. Шүүхийн шийдвэрээр зээлийн гэрээний үүргийн биелэлтийг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч тухайн үүргийн гүйцэтгэлийг хангахаар байгуулсан барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, дахин нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар дурдсан тул Иргэний хуулийн 153 дугаар зүйлд заасан барьцаалагчийн эрхийг эдлэх боломжоор хангаж өгнө үү. Иймд Г.Аийн өмчлөлийн уг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нэгдүгээрт зээл аваагүй гэдэг. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт заасны дагуу барьцаа хөрөнгөө зээл авсан хүний хөрөнгө биш, гуравдагч этгээдийн хөрөнгө байхыг хуулиар зөвшөөрсөн. Тийм учраас зээлийн гэрээ байгуулаагүй ч хуульд заасан шаардлагын дагуу барьцааны гэрээ байгуулсан тул энэ тайлбар хуулийн хүрээнд няцаагдаж байна. Хоёрдугаарт зээлдэгч нь хангалттай барьцаа хөрөнгөтэй гэдэг. Гэтэл бидний байгуулсан гэрээ тусдаа 8 зээлийн гэрээ байгаагийн 5 зээлийн гэрээ хариу тайлбарт дурдсан “ЖИ” ХХК-ийн байруудыг барьцаалсан. Харин үлдсэн 3 гэрээний барьцаа хөрөнгө нь хариуцагчийн өмчлөлийн уг хөрөнгө байгаа. Мөн тухайн орон сууцанд 6 хүн амьдарч байгаа, орох оронгүй болоод байна гэсэн ба зээл авах үед Г.А эд хөрөнгийн ганц өмчлөгч нь гээд гэрээ байгуулсан. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үл хөдлөх хөрөнгийн хаягаар нэхэмжлэлээ гаргасан. Гэтэл шүүхийн мэдэгдэх хуудаст тухайн хаягт оршин суудаггүй гэдэг нь баримтаар нотлогдож байна. Барьцааны гэрээг эрх зүйн бүрэн чадамжтай иргэн өөрөө байгуулаад, нотариатаар гэрчлүүлээд, улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Мөн Иргэний хуулийн 160 дугаар зүйлд заасны дагуу барьцаа дуусгавар болох үндэслэлд хамаарахгүй. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан тухайд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нэхэмжлэл гарга хболно гэж шийдвэрлэсний улмаас бид нэхэмжлэлээ гаргасан. Хариуцагч шүүх хуралдаанд оролцсон боловч шүүх хуралдааны дэгийг сахихгүйгээр орхиж явсан. Шүүхийн зүгээс түүний эзгүйд, шүүхэд гаргасан хариу тайлбар болон хавтаст хэрэгт цуглуулсан баримтуудын хүрээнд хэргийг хэлэлцүүлсэн. Иймд зээл болон барьцааны гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлийг Г.Аийн өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү...гэв.

2. Хариуцагч Г.А нэхэмжлэлд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Г овогтой А нь 2023 оны 8 дугаар сарын 09-ний 23/704 дугаарт “ОУ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: “ОУ” ХХК-иас миний бие зээл аваагүй. Зээлийн барьцаанд тавьсан гэх Баянгол дүүргийн 00000 тоот орон сууцанд одоогийн байдлаар нөхөр, хоёр хүүхэд, настай ээж болон дүү минь хүүхэдтэйгээ хамт амьдардаг ба саяхан миний бие хүнд мэс засалд орсон бөгөөд эрүүл мэндийн хувьд маш муу байна. “ЖИ” ХХК-ийн “ОУ” ХХК-иас нийт 590,000,000 төгрөгийн зээлийг авсан ба зээлийн барьцаануудад тус компанийн хотын А зэрэглэлд байрлах Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж 20/1 дүгээр байрны Сөүл плаза төвийн 5 дугаар давхрын 40 м.кв оффис, үйлчилгээний зориулалттай Ү-2203039799 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй, 5 дугаар давхрын 66 м.кв талбайтай Ү-2203039975 дугаартай гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанд тус бүр тавьсан юм. Дээрх оффис үйлчилгээний зориулалттай талбайн оффисын байрууд нь 1 м.кв талбайн зах зээлийн үнэлгээгээр 4000-4800 ам.долларын үнэлгээтэй байгаа юм. “ЖИ” ХХК-ийн зээлийн барьцаанд 40 м.кв талбайн зах зээлийн үнэ 192,000 ам.доллар буюу 672,000,000 төгрөг, 66 м.кв талбайн үнэ 316,000 ам.доллар буюу 1,108,800,000 төгрөг буюу нийт 508,800 ам.доллар буюу 1,780,800,000 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьсан болно. 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/00834 дугаартай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2023/01130 дугаартай Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар тухайн зээлийн барьцаанд байсан миний орон сууцыг чөлөөлсөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа болно. Иймд дээрх “ЖИ” ХХК-ийн зээлийн барьцаа хөрөнгө нь авсан зээлийн төлбөрт хангалттай хөрөнгө тавьсан учир миний амьдралын гол нөхцөл болсон орон сууцыг нэмж барьцаанд авах гэж буй нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн авах боломжгүй учир байранд амьдарч байгаа бидний 7 хүн гудамжинд гарах нөхцөлийг харгалзан үзэж урьд шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье...гэжээ.

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-3-4/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-5/, итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-7/, 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ20/191 тоот, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ20/203 тоот, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ20/306 тоот зээлийн гэрээнүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-8-16/, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ20/203-А, ЗГ20/306-А, ЗГ20/191-А тоот  Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-17-22/, 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн БГ20/191 тоот, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн БГ20/203 тоот, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн БГ20/306 тоот Барьцааны гэрээнүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-23-28/, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 29 дүгээр байрны 237 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-29/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/00834 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-30-37/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2023/01130 тоот магадлалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-38-43/, зарим итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзах тухай албан бичиг /хх-73/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан бол хариуцагч шүүхэд гаргасан.

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлаа нотлохоор: Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас “ЖИ” ХХК-д олгосон 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 02/192 тоот Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-52-53/, өмгөөлөгчтэй байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-54/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч “ОУ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч шаардах эрхээ “хариуцагч Г.Атэй хүчин төгөлдөр барьцааны гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлэн, уг гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлсэн учир гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэхдээ Г.Атэй байгуулсан барьцааны гэрээний үүргийг тухайн барьцааны гэрээний оролцогч тал бус ЖИ ХХК болон Н.З нар хариуцахгүй гэж шийдвэрлэсэн ба Г.А тухайн хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон учир хуульд зааснаар гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг шийдвэрлээгүй. Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийг барьцааны гэрээтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргахад тухайн шийдвэр саад болохгүй гэдгийг дурдсан байгаа” гэж тодорхойлжээ.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “уг нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэж, шийдвэр нь хүчин төгөлдөр болсон учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор байна. ЖИ ХХК, Н.З нартай байгуулсан зээлийн гэрээний үүргийг Г.Ат хамааруулж болохгүй. Г.А нь зээл аваагүй учир түүний ганц үл хөдлөх хөрөнгөөр бусадтай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй. Тухайн орон сууцанд нийт 7 хүн амьдардаг учир амьдралын гол нөхцөл болсон орон сууцыг нэмж барьцаанд авах гэж байгаа нь 7 хүн гудамжинд гарах нөхцөлд орсныг харгалзан үзэхийг хүсье” гэх үндэслэлээр үгүйсгэж маргасан байна.

4. Хариуцагч Г.А, хариуцагчийн өмгөөлөгч А.Н нар шүүх хуралдаанд оролцсон боловч хурлын дундуур зөвшөөрөл авалгүйгээр тогтоосон дэг зөрчиж, шүүх хуралдааны танхимыг орхиж гарсан ба тэдний эзгүйд хуралдааныг цааш үргэлжлүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

5. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

5.1. “ОУ” ХХК нь “ЖИ” ХХК, Н.З нартай 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ЗГ20/191 тоот зээлийн гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг 184 хоногийн хугацаатай, жилийн 36 хувь, сарын 3 хувийн хүүтэй бизнесийн зориулалтаар, мөн оны 7 дугаар сарын 28-ны өдөр ЗГ20/203 тоот зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг 176 хоногийн хугацаатай, жилийн 36 хувь, сарын 3 хувийн хүүтэй бизнесийн зориулалтаар, мөн оны 12 дугаар 22-ны өдөр ЗГ20/306 тоот зээлийн гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй бизнесийн зориулалтаар тус тус зээлдүүлж, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ20/191-А, ЗГ20/203-А, ЗГ20/306-А тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүдээр дээрх зээлийн гэрээнүүдийн зээлийн үлдэгдлийг тооцон, гэрээнүүдийн хугацааг сунгасан байна.

5.2. Дээрх зээлийн гэрээнүүдийн үүргийг хангуулахаар “ОУ” ХХК нь 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр БГ20/191 тоот, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр БГ20/203 тоот, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр БГ20/306 тоот барьцааны гэрээнүүдийг тус тус Г.Атэй байгуулан, эдгээр гэрээнүүдээр ЗГ20/191, ЗГ20/203, ЗГ20/306 тоот зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Г.Аийн өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 29 дүгээр байрны 237 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэлтэй, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 60,000,000 төгрөгөөр харилцан тохиролцож үнэлэн, барьцааны гэрээнүүдийг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, улмаар улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

5.3. Г.А нь барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 29 дүгээр байрны 237 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэлтэй, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр бүртгэгдэж, 000804109 тоот гэрчилгээ олгогджээ.

5.4. “ОУ” ХХК-иас зээлдэгч “ЖИ” ХХК, Н.З нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,154,237,497 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, уг хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр эцэслэн шийдвэрлэсэн байна. Уг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Г.А нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон байна.

5.5. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх зохигчдоос гаргасан давж заалдах гомдлын дагуу хянаад 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 01130 тоот магадлалаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

5.6. Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 02/192 тоот Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг “ЖИ” ХХК-д олгож, “...бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед үйл ажиллагаанд нь хязгаарлалт тогтоогоогүй хуулийн этгээдэд худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага ороогүй, ...Монгол улсын Засгийн газраас хуулийн этгээд, байгууллагуудын үйл ажиллагаанд хязгаарлалт хийсэн нөхцөл байдал, үүсэх болсон шалтгаан нь үүрэг хүлээсэн этгээдийн хүсэл зориг, хяналтаас гадуур, урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл үүссэн болохыг нотолж байна” гэжээ.

6. Зохигчдын маргааны зүйл нь нэхэмжлэгч барьцааны гэрээний дагуу шүүхээр шийдвэрлэгдсэн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээний зүйл болох хариуцагчийн өмчлөлийн орон сууцаар хангуулахаар шаардах эрхтэй эсэх, хариуцагч нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулаагүй нь барьцааны гэрээний дагуу нэхэмжлэгчийн бусадтай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхийг хязгаарлах эсэх талаар өөр өөрийн үндэслэл гарган тайлбарлаж маргасан байна. Харин талуудын хооронд барьцааны гэрээнүүд бичгээр байгуулагдсан, эдгээр гэрээнүүдийг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн болон “ОУ” ХХК, “ЖИ” ХХК, Н.З нарын байгуулсан зээлийн гэрээний үүргийг шүүхээр шийдвэрлүүлсэн зэрэг үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

7. Талуудын байгуулсан барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар бичгээр хийж нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

8. Нэхэмжлэгч “ОУ” ХХК нь зээлийн гэрээний зээлдэгч тал болох “ЖИ” ХХК, Н.З нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,154,237,497 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг дараах барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар шаардсан байна. Үүнд:

- “ЖИ” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 20/1 байр 5 давхрын хэсэг тоот хаягт байрлах 66 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- “ЖИ” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 20/1 байр 5 давхрын хэсэг тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- Г.Аийн өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 29 дүгээр байрны 237 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

9. Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд барьцаа хөрөнгийн өмчлөгч Г.А нь бие даасан шаардалга гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон байх бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хянаад 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 00834 тоот шийдвэрээр хариуцагч “ЖИ” ХХК-иас 1,128,655,027 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ОУ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25,582,470 төгрөгийг гаргуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт Г.Аийн өмчлөлд бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 29 дүгээр байрны 237 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсэг болон хариуцагч Н.Зод холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд “ЖИ” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 20/1 байр 5 давхрын хэсэг тоот хаягт байрлах 66 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 20/1 байр 5 давхрын хэсэг тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

10. Шүүхийн дээрх шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаад, 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 01130 дугаар магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулан, “...ЖИ ХХК, Н.З нараас 1,107,455,536 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ОУ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 46,781,961 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

11. Барьцаалуулагч “ОУ” ХХК нь маргаан бүхий барьцааны гэрээний тал биш этгээд болох зээлдэгч “ЖИ” ХХК, Н.З нарт холбогдуулан тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Аийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаар барьцааны гэрээгээр барьцаалагчийн өмнө үүрэг хүлээгээгүй этгээдүүдэд холбогдуулан нэхэмжлэл гаргасан гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу Г.Атэй байгуулсан барьцааны гэрээний үүргийг уг гэрээний тал биш этгээдүүд болох “ЖИ” ХХК, Н.З нарт холбогдуулан шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй.

13. Иймд Г.Атэй байгуулсан барьцааны гэрээний дагуу түүний өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай “ОУ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй юм. Учир нь хариуцагч талын тайлбарлаж буй хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэх хэрэг нь Г.Ат холбогдуулан гаргаагүй, харин “ЖИ” ХХК, Н.З нарт холбогдуулан, Г.Атэй байгуулсан барьцааны гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэлийг шийдвэрлэсэн байх тул “ОУ” ХХК-иас Г.Ат холбогдуулан гаргаж буй энэхүү хэрэгт хамааралгүй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байна.

14. Хариуцагч талын зүгээс маргаан бүхий барьцааны гэрээг байгуулсан боловч нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулж зээл аваагүй учир тухайн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Г.Аийн өмчлөлийн хөрөнгөөр хангах үндэслэлгүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан байна. Гэвч Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно” гэж, Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт “Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно” гэж тус тус заасны дагуу барьцаалуулагч Г.А нь барьцаалагчтай зээлийн гэрээ байгуулж зээл аваагүй ч түүний өмчлөлийн хөрөнгийг барьцааны гэрээгээр барьцаалсан нь хуульд нийцсэн ба барьцааны гэрээний талууд заавал зээлийн гэрээний тал байхыг шаардахгүй. Иймд хариуцагчийн гаргасан уг татгалзал үндэслэлгүй байна гэж дүгнэв.

15. Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт “өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ” гэж заасны дагуу барьцааны эрх нь үндсэн зээлийн гэрээний үүргээс салангид оршихгүй хэдий ч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр маргаан бүхий барьцааны гэрээний үндсэн гэрээ болох Зээлийн гэрээний үүргийг шийдвэрлэсэн ба ийнхүү шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр Барьцааны гэрээний үүргийг шийдвэрлэсэн гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй маргаан бүхий Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар бичгээр хийж нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх ба уг гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.

16. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан “ОУ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Г.Аийн өмчлөлийн Ү-00000 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 00000 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр “ОУ” ХХК, “ЖИ” ХХК, Н.З нарын байгуулсан 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ЗГ20/191 дугаар, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ЗГ20/203 дугаар, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ЗГ20/306 дугаар зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.САРАНТУЯА