| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/06136/И |
| Дугаар | 102/ШШ2024/00355 |
| Огноо | 2024-01-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2024/00355
2024 оны 01 сарын 17 өдөр Дугаар 102/ШШ2024/00355 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион оргил-1, Хаан банк цамхагт байрлах “Хаан банк” ХК,
Хариуцагч: Баянгол дүүргийн ******** тоот хаягт оршин суух, эмэгтэй, Ш овогт Ц Э,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 28,976,443 төгрөг, нотариатын зардал 39,000 төгрөг, нийт 29,015,443 /хорин есөн сая арван таван мянга дөрвөн зуун дөчин гурван/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Намуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Хаан банк” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Зээлдэгч Ц.Э нь “Хаан банк” ХК-ийн Цамбагарав зээлийн төвтэй 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ЗГ/00000000 тоот зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар, 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/201843714952 тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 14,000,000 төгрөг дээр 16,000,000 төгрөгийг нэмэлтээр авч, нийт 30,000,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээл авсан. Мөн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр №201843940871 тоот кредит картын гэрээ байгуулж 3,000,000 төгрөгийн зээлжих эрх нээлгэж эрхийг бэлэн зарлагад жилийн 30 хувийн хүүтэй, бэлэн бус гүйлгээнд жилийн 24 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлжих эрхийн хүрээнд 3,000,000 төгрөгийн бэлэн зарлагын гүйлгээ хийж ашигласан байна. 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдөр БГХ201843457609 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, гэрийн эд хогшил, ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдөр БГХ201843714952 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хогшил, ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нь 2018 оны 7 дугаар сарын 06-ны зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 17,395,626 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 9,458,898 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 15,775 төгрөг, нийт 26,870,298 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн кредит картын гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 1,180,691 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,111,660 төгрөг, нийт 2,292,351 төгрөг тус тус төлсөн байна.
Ц.Э нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа өгөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоосон боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.7, 5.1.10, 6.5, 7.1 дэх заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Ц.Эаас 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 13,604,374.12 төгрөг, зээлийн хүү 9,948,540.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 960,489.20 төгрөг, нотариатын зардал 39,000 төгрөг, нийт 24,552,403.4 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн кредит картын гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 1,819,309.03 төгрөг, зээлийн хүү 2,442,758.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 200,971.34 төгрөг, нийт 4,463,038.90 төгрөг, бүгд 29,015,443 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Тухайн үед Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль үйлчилж байсан. Энэ хуулийн дагуу зөвхөн тухайн зээлтэй холбоотой баримтыг харилцагчаас шаардах бөгөөд зээлд хамааралгүй баримтыг шаардахгүй. Тухайлбал, нийгмийн даатгалын дэвтрээр тэр хүн ажил хөдөлмөр эрхэлдэг нь тогтоогдсон, ажил олгогчоос тодорхойлолт хийж тамга тэмдэг дарагдаад ирсэн тохиолдолд банкны хувьд харилцагчаас дахин нэмэлтээр ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байран дээр нь очиж үзэж танилцах зэрэг зүйлийг хийх шаардлага байхгүй. Тийм учраас төрийн эрх бүхий байгууллагын баримт болон тухайн ажил олгогчийн гаргасан тодорхойлолтыг үндэслэн олгосон. Иймд хууль болон гэрээнд заасны дагуу зээлдэгч Ц.Эаас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Энэхүү нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл болгож байгаа Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ. Мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3 дахь хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна” гэж заасан ба нэхэмжлэлд хавсаргасан 2018 оны Зээлийн гэрээний үед дагаж мөрдөж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалауулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэнэ” гэж зааснаар бол эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар олгосон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг дээр дурдсан заалтуудад үндэслэж нэхэмжлэх эрх зээлдүүлэгчид хуулиар олгогдох юм байна. Гэтэл нэхэмжлэгч нь хуулийн дээрх шаардлагыг хангасан нотлох баримтыг нэхэмжлэлдээ хавсаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж чадаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүйг харуулж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Ц.Этай зээлийн гэрээг зээлийн тооцооны төв дээр байгуулаагүй. Харин нотариат дээр очоод гарын үсэг зурж байгуулсан. Мөн энэ мөнгийг Ц.Э авч захиран зарцуулаагүй. Ц.Эын гаргасан өргөдөл дээрх бичгийн хэв болоод хариуцагчийн хэргийн материалтай танилцсан бичгийн хэвүүдийг шинжлэн судлуулмаар байна. Хоёр өөр бичгийн хэв байгаа. Хэдийгээр Ц.Э зээлийн гэрээнд гарын үсэг зурж мөнгө авсан боловч өөрөө ааваагүй, захиран зарцуулаагүй. Мөн 20,000,000 орчим төгрөгийн төлөлт хийсэн гэх боловч Ц.Э ямар ч төлөлт хийгээгүй. Хаанаас ямар данснаас ийм төлөлт хийгдээд, одоо 10,000,000 орчим төгрөг үлдэж байгаа гэдэг нь тодорхойгүй байна. Ц.Эын барьцаанд тавьсан зүйл нь хуучин эд хогшил бөгөөд барьцааны болон батлан даалтын зүйл тодорхойгүй байхад банк зээл олгосон. Мөн Ц.Эын гаргасан өргөдөл дээрх гарын үсэг, бичгийн хэвийг шинжлэн судлуулах шаардлагатай байна. Учир нь Ц.Э энэ мөнгийг өөрөө авч захиран зарцуулаагүй хэрнээ үлдсэн 15,000,000 төгрөгийн мөнгөн дүнг төлөх шаардлагатай болж байна. Энэ 20,000,000 төгрөгийг хариуцагч төлөөгүй. Банкнаас ямар данснаас орж ирснийг нь шалгуулах шаардлагатай байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү...гэв.
3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: “Хаан банк” ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-4/, төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-5-7/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-8-9/, нотариатын төлбөр төлсөн баримт /хх-10-11/, Зээлийн болон Барьцааны гэрээнүүд /хх-12-21/, зээлийн мөнгийг Ц.Эад шилжүүлсэн Мөнгөн шилжүүлгийн баримтууд /хх-22/, Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-23-24/, Зээлийн бүртгэлийн карт /хх-25-26/, Кредит картын гэрээ /хх-27-29/, кредит картын Зээлийн дансны хуулга /хх-30/, зээлийн бүртгэлийн карт /хх-31/, Хаан банкны Цамбагарав ТТ-д гаргасан хүсэлт /хх-32-33, 35/, Зээл хүсэгчийн анкет /хх-34/, Кредит картын хүсэлтийн маягт /хх-36-37/, Ц.Эын Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-38-39/, “Их буд хайрхан” ХХК-ийн тодорхойлолт /хх-40-41/, Ц.Эын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-42/, Хаан банк ХК-иас Ц.Эад хүргүүлсэн зээл төлөх мэдэгдлийн хуулбар /хх-43-44/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.
4. Хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбар татгалзлаа нотлохоор аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч “Хаан банк” ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Нэхэмжлэгч “Хаан банк” ХК нь хариуцагч Ц.Эаас Зээлийн гэрээний үүрэгт Зээлийн гэрээний үүрэгт 28,976,443 төгрөг, нотариатын зардал 39,000 төгрөг, нийт 29,015,443 /хорин есөн сая арван таван мянга дөрвөн зуун дөчин гурван/ төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан.
3. Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ: “хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулж, хариуцагчийн хөдлөх эд хөрөнгө болон ирээдүйд олох цалинг түүний ажил олгогчийн цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр буюу нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг үндэслэн барьцаалж зээлийг хариуцагчид олгосон. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй учир зээлийн үлдэгдэл төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болон нотариатын зардлыг шаардах эрхтэй” гэж тайлбарлан шаардаж байна.
4. Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ: “Зээлийн гэрээ Иргэний хуулийн 451.1, 453.1 дэх хэсэг, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчиж, барьцаа болон батлан даалтгүйгээр зээлийг олгосон, хариуцагч өөрөө зээлийн хүсэлт гаргаагүй, зээлийг авч ашиглаагүй, буцааж төлөөгүй учир уг зээлийн төлбөрийг хариуцахгүй” гэж тайлбарласан.
5. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, кредит картын гэрээ, зээлийн дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтууд, зээл хүсэгчийн анкет, хүсэлт, кредит картын хүсэлтийн маягт, Ц.Эын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, түүний ажил олгогч “Их буд хайрхан” ХХК-ийн цалингийн тодорхойлолт, цалингийн хүснэгт, зээл төлөх тухай мэдэгдлүүд болон зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
5.1. Ц.Э нь “Хаан банк” ХК-ийн Цамбагарав тооцооны төвд хандан 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр зээл авах хүсэлт, 7 дугаар сарын 06-ны өдөр зээл авах хүсэлт, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр кредит картын хүсэлт тус тус гаргаж, өөрийн нийгмийн даатгалын дэвтэр, ажил олгогч “Их буд хайрхан” ХХК-ийн цалингийн тодорхойлолт, цалингийн цэс, иргэний үнэмлэх, шилжин ирсэн тухай тодорхойлолт зэргийг зээлдүүлэгчид өгсөн байна.
5.2. “Хаан банк” ХК нь 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ/201843457609 тоот Зээлийн гэрээ, мөн өдрийн БГХ201843457609 тоот Барьцааны гэрээг Ц.Этай байгуулж, зээлдэгчид цалингийн зээлийн зориулалтаар 15,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй, зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцон зээлдүүлэхээр тохирч, гэрээ байгуулагдсан өдөр 15,000,000 төгрөгийг зээлдэгчид олгож, барьцааны гэрээгээр Ц.Эын 36 сарын цалинг 15,000,000 төгрөгөөр, гэрийн хуучин эд хогшлыг 8,000,000 төгрөгөөр тус тус үнэлж, гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
5.3. Талууд дахин 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/201843714952 дугаар Зээлийн гэрээ байгуулан, зээлийн үлдэгдэл 14,000,000 төгрөг дээр 16,000,000 төгрөг нэмж, нийт 30,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй, цалингийн зээлийн зориулалтаар зээлдүүлэх, зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцох болон бусад нөхцлийг харилцан тохиролцож гэрээг бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлжээ.
5.4. Мөн талууд 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр БГХ201843714952 дугаар Барьцааны гэрээ байгуулж, Ц.Эын 48 сарын цалинг 30,000,000 төгрөг, гэрийн хуучин эд хогшлыг 4,000,000 төгрөгөөр үнэлэн барьцаалсан байна.
5.5. Зээлдүүлэгчээс зээлдэгчийн дансанд 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 15,000,000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 16,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна. /хх-22/
5.6. Зээлдэгч нь 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд үндсэн зээлийн төлбөрт 17,395,626 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 9,458,898 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 15,775 төгрөг, нийт 26,870,298 төгрөг төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 13,604,374.12 төгрөг, зээлийн хүү 9,948,540.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 960,489.20 төгрөг, нийт 24,513,403.40 төгрөгийг төлөөгүй байна. /хх-23-26/
5.7. Талууд дахин 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр №201843940871 тоот Кредит картын гэрээ байгуулж, зээлдэгч Ц.Э 3,000,000 төгрөгийн зээлжих эрхтэй Гламур кредит картыг 60 сарын хугацаатай, сар тутмын санхүүгийн хэрэгцээний зориулалтаар, зээлжих эрхийн 20 хувьтай тэнцэх бэлэн зарлагын лимимттэй, бэлэн зарлагад жилийн 30 хувийн хүү тооцох, бэлэн бус гүйлгээнд жилийн 24 хувийн хүү, хугацаа хэтрүүлсний шимтгэл 25,000 төгрөг тооцох болон бусад нөхцлийг харилцан тохиролцож гэрээнд тусган, бичгээр байгуулсан байна. /хх-27-29/
5.8. Дээрх кредит картын гэрээний дагуу зээлдэгч нь 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд үндсэн зээлээс 1,180,691 төгрөг төлөгдөж 1,819,309.03 төгрөгийн үлдэгдэл, хуримтлуулан тооцогдсоон нийт хүү 3,554,419 төгрөгөөс 1,111,660 төгрөг төлж 2,442,758.53 төгрөгийн үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүү 200,971 төгрөг тооцогдсоноос төлөлт хийгдээгүй бөгөөд тус гэрээний дагуу нийт 4,463,038.90 төгрөг төлөгдөөгүй байна. /хх-30-31/
5.9. Зээлдүүлэгчээс 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зээлдэгчид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх мэдэгдлийг “Монгол шуудан” ХК-ийн шуудангаар хүргүүлжээ. /хх-43/
6. Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд зээлдүүлэгч “Хаан банк” ХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна.
7. Дээрх гэрээний хугацаанд буюу 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр үндсэн зээлийн үлдэгдэл 14,000,000 төгрөг байхад талууд дахрин гэрээ байгуулж зээлдүүлэгчээс нэмж 16,000,000 төгрөг зээлэх, зээлийн хүүг жилийн 19.2 хувь байхаар, зээлийн хугацааг 48 сар байхаар тус тус тохиролцож №ЗГ/201843714952 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн БГХ201843714952 тоот барьцааны гэрээ тус тус байгуулсан нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон” гэж зааснаар өмнө байгуулагдсан 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээг талууд харилцан дүгнэж, тус гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох 14,000,000 төгрөг дээр 16,000,000 төгрөг нэмж зээлдүүлэхээр тохиролцсон нь эхний зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж дүгнэх үндэслэлтэй.
8. Зээлдэгч Ц.Э зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 17,395,626 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 9,458,898 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 15,775 төгрөг, нийт 26,870,298 төгрөг төлж, төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 13,604,374.12 төгрөг, зээлийн хүү 9,948,540.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 960,489.20 төгрөг, нийт 24,513,403.40 төгрөгийг төлөөгүй байх тул зээлдүүлэгч “Хаан банк” ХК нь төлөгдөөгүй үлдсэн зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасны дагуу шаардах эрхтэй.
9. Хариуцагч талын зүгээс нэхэмжлэгчийг маргаан бүхий зээлийн гэрээг байгуулан зээл олгохдоо зээлдэгчийн 2018 оны цалин олголтын талаар тодруулаагүй, батлан даагч оролцуулаагүй нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж маргасан.
10. Маргаан бүхий зээлийн гэрээ байгуулагдах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 1995 оны хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэнэ” гэж заасан байна.
11. Хуулийн дээрх зохицуулалт нь энэ төрлийн зээлийг олгохдоо заавал барьцаа, батлан даалтайгаар олгох үүргийг зээлдүүлэгчид хүлээлгээгүй, харин зээл олгохдоо барьцаа, эсхүл батлан даалттайгаар олгох нөхцөлийг заасан бөгөөд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгогдох зээлийн онцлогийг тодорхойлсон байх тул “Хаан банк” ХК нь Ц.Эад зээл олгохдоо батлан даалттайгаар олгоогүй нь уг хуулийг зөрчсөн гэх үндэслэл болохгүй юм.
12. Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээг байгуулсан, гэрээний дагуу зээлийн мөнгийг зээлдүүлэгчээс хүлээн авсан талаар зохигчид маргаагүй бөгөөд энэ үйл баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар давхар нотлогдсон. Хариуцагч талын зүгээс уг мөнгийг ашиглаагүй, зээлийг Ц.Э буцаан төлөөгүй гэж тайлбарлах боловч түүний зээлийн дансанд төлөлт хийгдсэнийг зээлдүүлэгч хүлээн авсан болох нь Зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх тул хариуцагч талын татгалзал үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна гэж шүүх дүгнэв.
13. Нэхэмжлэлийн дараагийн шаардлага бол хариуцагчтай 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан кредит картын гэрээний дагуу 4,463,038.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл байна.
14. Талууд 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Кредит картын гэрээ байгуулж, зээлдүүлэгч “Хаан банк” ХК нь 3,000,000 төгрөгийн зээлжих эрх бүхий кредит картыг зээлдэгч Ц.Эад эзэмшүүлэх, зээлдэгч нь кредит картыг 60 сарын хугацаанд ашиглаж бэлэн бус гүйлгээнд жилийн 24 хувийн, бэлэн зарлагын гүйлгээнд жилийн 30 хувийн хүүгийн хамт буцаан төлөхөөр тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлүүдэд заасан хэлбэрийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр зээлийн гэрээ байна. Хариуцагч Ц.Э уг гэрээний үүрэгт үндсэн зээлээс 1,180,691 төгрөг төлөгдөж 1,819,309.03 төгрөгийн үлдэгдэл, хуримтлуулан тооцогдсоон нийт хүү 3,554,419 төгрөгөөс 1,111,660 төгрөг төлж 2,442,758.53 төгрөгийн үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүү 200,971 төгрөг тооцогдсоноос төлөлт хийгдээгүй бөгөөд тус гэрээний дагуу нийт 4,463,038.90 төгрөг төлөгдөөгүй байх тул нэхэмжлэгч энэ хэмжээгээр хариуцагчаас шаардах эрхтэй.
15. Нэхэмжлэгч тал дараагийн нэхэмжлэлээр нэмэлт зардал буюу нотариатын зардалд 39,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь төлбөрийн баримтаар тогтоогдсон ба уг шаардлага Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасантай нийцэж байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
16. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 303,030 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Эаас 330,030 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Хаан банк” ХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Эаас 29,015,443 /хорин есөн сая арван таван мянга дөрвөн зуун дөчин гурван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Хаан банк” ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 330,030 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Эаас 330,030 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Хаан банк” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА