Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 212/МА2019/00050

 

М.Е-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2019/00448 дугаар шийдвэртэй, М.Е-н нэхэмжлэлтэй, Өлгий сумын 5 дугаар багт байрлах, Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч М.Е-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын ерөнхий найруулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

 Нэхэмжлэлд: “Миний бие урлагийн мэргэжлийн гэр бүлд төрж, театрын хөшигний ард өсөн бойжиж, урлагийн мэргэжил эзэмшин 23 жил тус байгууллагад ажиллаж байна. Аав найруулагч Монгол Улсын Ардын жүжигчин, ээж оёдолчин, 2 ах минь хөгжимчин, бүжигчнээр ажилласан. 1989 онд УБДС-ийн /хуучин нэрээр/ кино драмын ангийг жүжигчин найруулагч мэргэжлээр төгсөж, тус оноос жүжигчнээр, 1995 оноос найруулагчаар, 2013 оноос театрын даргын үүрэгт ажлыг нэр төртэйгөөр хашиж ирсэн. Ажиллаж байх хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаж, сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. 2016 онд төр засаг солигдож, намын харьяалал нэрийдлээр даргын үүрэгт ажлаа аргагүйн эрхэнд хүлээлгэн өгч, театрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар мэргэжлээрээ ерөнхий найруулагчаар ажиллаж эхэлсэн. Театрын даргын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/31 дугаартай тушаалаар театрын ерөнхий найруулагчийн ажлаас чөлөөлж, туслах найруулагчаар ажиллуулах тушаал гаргасныг хууль бус гэж үзээд 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, уг анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 560 дугаар шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 212\МА2017\00138 Магадлал, Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 001\ХТ2018\00433 тогтоолоор ерөнхий найруулагчийн ажилд эгүүлэн томилох шийдвэр гарч, театрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б\20 тушаалаар ерөнхий найруулагчийн ажилд томилогдон ажиллаж байсан. Гэтэл 2019 он гарсаар хамт олны өмнө удаа дараа нэр хүндэд минь халдаж, миний ажлыг зориудаар үгүйсгэж, хэсэг бүлэг хүний ятгалгаар сэтгэл санааны хямралд оруулж, ажлын байрны дарамт үзүүлсээр 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр өрөөндөө дуудаж таныг ерөнхий найруулагчийн ажлаас чөлөөлнө гэж хэлснээр миний бие муудан даралт ихсэж эмнэлэгт хэвтсэн. 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б\06 дугаар тушаалаар ерөнхий найруулагчийн ажлаас чөлөөлж, уг өдрөөс жүжигчнээр ажиллуулахаар болсныг мэдэгдэж тушаал өгсөн. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэл нь улс төржсөн, хувийн өш хонзон санасан, хуулийн дагуу шийдвэр гаргаагүй гэж үзэж байна. Иймд намайг үндэслэлгүй албан тушаалаас бууруулсан гэж үзэж байгаа тул тус Хөгжимт драмын театрын ерөнхий найруулагчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Тус аймгийн Хөгжимт драмын театрын дарга Б.А би нэхэмжлэгч М.Е-гаас тус шүүхэд 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Тус театрын ерөнхий найруулагчаар М.Е нь тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан чухал шаардлага болох драмын найруулагчийн мэргэжилтэй байх ажлын байрны шаардлагыг хангаагүй байгаа нөхцөл байдлыг харгалзан тус аймгийн Хөгжимт драмын театрын ерөнхий найруулагчийн үүрэгт ажлаас 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс чөлөөлж, мэргэжлийн дагуу мөн өдрөөс жүжигчнээр шилжүүлэн томилсон. Ер нь манай байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ажлын байранд тавих шаардлагыг хангасан иргэн ажиллах ёстой гэж үзэж байна.

Манай 2018 оны сүүлчээр байгууллагын хэмжээнд ажиллаж байгаа ажилтан нарын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталсан юм. Энэ талаар дээд газраас ч чиглэл зөвлөмж ирсэн юм. Манайх мэргэжлийн байгууллага тул нарийн мэргэшсэн урлагийн хүн ажиллах ёстой гэж үзэж байна. Иймд ажлын байранд заасан шаардлагыг хангаагүй ажилтан манай байгууллагад ажиллах эрхгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч М.Е-гийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2019/00448 дугаар шийдвэрээр:

            “1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан М.Е-г Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын ерөнхий найруулагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын санхүүгээс 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.” гэж шийдвэрлэжээ.  

           

            Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд: “Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.А би Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2019/000448 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна.

Ажил олгогч М.Е-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа түүний ажлын байрны тодорхойлолтод заасан чухал шаардлага болох найруулагчийн мэргэжилтэй байх шаардлагыг хангахгүй байгаа учраас үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж өөр ажилд шилжүүлсэн. Ажил олгогчоос баталсан ажлын байрны тодорхойлолт, ажилтан М.Е-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг тов тодорхой тусгасан байгааг анхан шатны шүүх үгүйсгэн зөвхөн нэг талаас үнэлж байгаад гомдолтой байна. Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа М.Е нь өөрөө сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан байгааг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч М.Е-н нэхэмжлэлийг шийдвэрлэхэд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг ноцтой зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч М.Е-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч М.Е- нь Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрт холбогдуулан тус театрын даргын  2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/06 дугаартай “М.Е-г ерөнхий найруулагчийн үүрэгт ажлаас чөлөөлж, жүжигчний ажилд шилжүүлэн томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус театрын Ерөнхий найруулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Ажил олгогч нь 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/06 дугаартай тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр 21.1.1, 21.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.4, 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 48 дугаар зүйлийн 48.3.2, 48.3.4, 130 дугаар зүйлийн 130.1, 130.2, Засгийн газрын 2019 оны 23 дугаар тогтоол, Төрийн албаны Зөвлөлийн 2019 оны 3 дугаар тогтоол, тус театрын даргын 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн А/03 тоот тушаалаар баталсан тухайн ажлын байрны жишиг тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журмын Хоёрдугаар зүйлийн 2.1.2, 2.2.1, 2.2.8, Гуравдугаар зүйлийн 3.4, 7 дугаар зүйлийн 7.1.9, Аравдугаар зүйлийн 10.2, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний Нэгдүгээр зүйлийн 1.3, Зургаадугаар зүйлийн 6.2, 6.4.10, тус театрын Захиргааны зөвлөлийн хурлын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн Ерөнхий найруулагч М.Е-г  ажлаас чөлөөлжээ.

 

Ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан, ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчилд тохирсон, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх учиртай боловч уг тушаалд баримталсан Хөдөлмөрийн  тухай хуулийн холбогдох зүйл заалтуудын чухам аль үндэслэлээр нэхэмжлэгч М.Е-г ажлаас чөлөөлсөн нь тодорхой бус болжээ. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлах бөгөөд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 

Ажилтныг ажилд эгүүлэн тогтоохдоо анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд “ажлын байрны тодорхойлолтод заасан чухал шаардлага болох драмын найруулагчийн мэргэжилтэй байх ажлын байранд заасан шаардлагыг хангахгүй учраас ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно. Харин хуульд өөрөөр заагаагүй бол боловсролын үнэмлэхгүй буюу дээд боловсролгүй, мэргэжил тохироогүй гэх зэрэг шалтгаан нь ажил олгогчоос ажилтныг мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэх, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2019/00448 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

                                                                       

Д.КӨБЕШ