Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2023/0498

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хурай ХХК /РД:2019086/

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нарын хооронд үүссэн Ашигт малтмалын ашиглалтын MV-000201 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 419 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхмэнд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Хурай ХХК нь тус шүүхэд хандан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт байрлах Цагаан гозгор нэртэй 99.5 гектар талбай бүхий "Хурай" ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-000201 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 419 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Анх Эрчим хүч, геологи, уул уурхайн сайдын 1995 оны 124 дүгээр тушаалаар Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Цагаан-Гозгор нэртэй талбайд ашигт малтмалын ашиглалтын 134 дугаартай тусгай зөвшөөрлийг Хурай ХХК-д олгожээ.[1]

2.2. 1995 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн аж ахуйн нэгжийн шинэчилсэн бүртгэлээр тус компанийн нэр давхардсан учраас Хурай ХХК болгон өөрчилж бүртгэсэн ба 1998 оны 03 дугаар сарын 19-ны өдөр тус компаниас ашигт малтмалын орд ашиглах гэрчилгээний нэрийг Хурай ХХК болгон солиулж гаргуулах хүсэлтийг гаргажээ.[2]

2.3. Тус хүсэлтийг үндэслэн тухайн үеийн Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн Кадастрын албаны даргын 1998 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2/512 тоотоор гэрчилгээ эзэмшигчийн нэрийг Хурай ХХК болгон бичиж олгохыг зөвшөөрч[3], улмаар Сэлэнгэ аймаг Орхонтуул сумын Цагаан газар нэртэй талбайд орших 10 гектар талбай бүхий газарт ашигт малтмал ашиглах 201А /134/ дүгээр лицензийн гэрчилгээг 60 жилийн хугацаагаар олгосон.[4]

2.4. Мөн лицензийг анх олгосон хугацааг 1995 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөр тооцохоор бичилт хийжээ.[5]

2.5. Үүнээс хойш буюу 2007 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 201А дугаар Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар олгосон байна.[6]

2.6. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2018/01 дүгээр дүгнэлт[7] гарч, тус дүгнэлтээр байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлсэн эсэхийг дүгнэхдээ байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлээгүй гэж үзэж, Хурай ХХК-ийн MV-000201 дүгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлт гаргасан.[8]

2.7. Улмаар дээрх дүгнэлтийг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 03/5093 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн.[9]

2.8. Ашигт малтмал, газрын тосны газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад Хурай ХХК-ийн MV-000201 дүгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдохгүй байгаа талаар 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 7/5831 дүгээр албан бичиг хүргүүлсэн.[10]

2.9. Дээрх үйл явдлын дараа нэхэмжлэгч Хурай ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2018/01 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 0037 дугаар шийдвэрээр Хурай ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож[11], Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 240 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.[12]

2.10. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2018/01 тоот дүгнэлттэй холбоотой шүүхийн маргаан дууссан тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01/4385 тоот албан бичгээр[13] Ашигт малтмал, газрын тосны газарт 2018/01 тоот дүгнэлтийг дахин хүргүүлснээр шийдвэр гаргах ажиллагааг үргэлжлүүлжээ.

2.11. 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хурай ХХК-ийн захирал Б.Биндэръяа, Б.Болор нарт шийдвэр гаргахтай холбоотой сонсох ажиллагаа явуулж[14], Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 419 дүгээр шийдвэрээр[15] Хурай ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-000201 дүгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан.

2.12. Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 8/4760 дугаар албан бичгээр Хурай ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-000201 дүгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан талаар мэдэгдсэн.[16]

2.13. Хурай ХХК-иас 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 21/70 дугаар албан бичгээр[17] гомдол гаргаж, Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2/5627 дугаар албан бичгээр[18] гомдлыг хүлээн авах боломжгүй талаар хариу өгсөн.

2.14. "Хурай ХХК-иас 2.9-д дурдсан шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар гаргасан хүсэлтүүдийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 221/ШТ2022/0971 дүгээр тогтоол[19], 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 164 дүгээр тогтоолоор хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.[20]

2.15. Нэхэмжлэгчийн зүгээс ... Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2018/01 дугаар дүгнэлтийг үндэслэн манай байгууллагын эзэмшлийн MV-000201 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан нь үндэслэлгүй, ... захиргааны актыг гаргах эрхгүй этгээд гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй, ... Захиргааны ерөнхий хуулийн дагуу хариуцагч сонсох ажиллагаа хийсэн. Гэвч Ашигт малтмалын тухай хуульд заасан процесс дарааллыг баримтлаагүй, ...өөрт нь хянаж үзэх эрх хэмжээ байсан боловч захиргааны актын шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг судалж үзээгүй... гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.16. Хариуцагчийн зүгээс ... Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 03/5093 тоот албан бичгээр ирүүлсэн 2018/01 дүгээр дүгнэлт, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 0037 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/MA201/0240 дүгээр магадлал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01/4385 тоот албан бичгийг тус тус үндэслэн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг Цагаан гозгор нэртэй ашигт малтмалын ашиглалтын МV-000201 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй ... Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь тусгай зөвшөөрлийг цуцлах хуулиар тогтоосон эрх хэмжээтэй этгээд мөн ... Сонсох ажиллагааг хийж, мэдэгдлийг хүргүүлсэн. Тус сонсох ажиллагаанд нэхэмжлэгчийн эрх бүхий этгээдүүд оролцсон ... 2018/01 тоот дүгнэлттэй холбоотой Захиргааны хэргийн шүүхийн маргаан дууссаны дараа Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2018/01 тоот дүгнэлтээ дахин ирүүлсний дагуу маргаж буй 419 дүгээр шийдвэрийг гаргасан ... гэх зэргээр тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор шүүхэд гаргасан тайлбартаа: ... Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт байрлах Цагаан гозгор нэртэй 99.5 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-000201 тоот тусгай зөвшөөрлийг 1995 оны 5 дугаар сарын 22-ны өдөр "Хурай ХХК-д анх олгож байсан. Тус талбайд 2006-2011 онуудад геологи хайгуулын ажил хийж бодитой болон боломжтой /B+C/ зэргийн нөөцийг 371058,8 тн-оор, 3.03 г/тн-ы дундаж агуулгатай алтыг 994.7 кг-аар тогтоож, хайгуулын ажилд 432,775,000 /дөрвөн зуун гучин хоёр сая долоон зуун далан таван мянга/ төгрөг зарцуулсан байдаг.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2018/01 дугаар байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлгүй гарсан дүгнэлтийг үндэслэн манай байгууллагын эзэмшлийн MV-000201 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан нь үндэслэлгүй байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 2018/01 дугаар дүгнэлт нь бүхэлдээ үндэслэлгүй гарсан, холбогдох баримт нотолгоогүй дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлт байхад энэ талаар ажиллагаа хийж тодруулалгүй шууд манай байгууллагын эрх ашигт халдсан шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Бид зөвхөн 2012 оны байдлаар Ашигт малтмалын газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтэд тусгагдсан 432,775,000 /дөрвөн зуун гучин хоёр сая долоон зуун далан таван мянга/ төгрөгийн зардлыг хайгуулын ажилд зарцуулсан бол үүнээс хойш тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хангахтай холбоотой болон бусад үйл ажиллагаанд их хэмжээний зардлыг нэмж гарган ажилласан байхад манай байгууллагад учирсан хохирлын асуудлыг аль ч төрийн байгууллага харгалзаж үзэхгүй, холбогдох асуудлыг нягтлалгүй илт нэг талыг хохироосон шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна.

MV-000201 тоот тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болгоод буй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2018/01 Дугаар дүгнэлтэд тусгагдсан овоолго нь Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.27-т заасан олборлолт, боловсруулалт, баяжуулалтын явцад ялгагдсан ашигт малтмалын тодорхой агуулга бүхий дахин боловсруулахад эдийн засгийн үр ашиг гаргаж болохуйц ашигт малтмалын овоолго буюу үүсмэл орд байх боломжтой гэх мэргэжлийн байгууллагын тодорхойлолт гарсан. Үүсмэл орд байх тохиолдолд "Хурай" ХХК-ийн эзэмшлийн MV- 007978 тоот тусгай зөвшөөрлийн талбайн олборлолтын боловсруулалт, баяжуулалтын явцад ялгагдсан овоолго тул энэ үүсмэл ордыг эзэмших эрхийн талаар маргаан үүсэхээр байна гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Кадастрын хэлтсийн даргад энэ тусгай зөвшөөрлийг цуцлах эрх хэмжээ олгогдсон уу гэдэг асуудал зүй ёсоор тавигдана. Ашигт малтмал тухай хуулийн 11.1.14-т заасны дагуу эрх хэмжээ олгогдсон гэж үзээд шийдвэртээ тусгасан. Тус хуулийн 11.1.14-т Кадастрын хэлтсийн дарга хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих гэдэг эрх хэмжээ байгаа юм. Ашигт малтмал тухай хуулийн 56.1.5-д ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах эрх хэмжээтэй юм байна гэж үзэх үндэслэл болсон. 56.1-т төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална. Кадастрын хэлтсийн даргад энэ ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 56 дугаар зүйлд заасан үндэслэлээр цуцлах эрх хэмжээ байхгүй. Эх олгосон заалт байхгүй буюу захиргааны актыг гаргах эрхгүй этгээд гаргасан байгаа нь нэгдүгээрт хууль зүйн үндэслэлгүй юм гэж үзэж байна.

Хоёрдугаарт тусгай зөвшөөрлийг цуцлахтай холбоотой процессыг журамласан буюу ашигт малтмалын харилцаанд баримтлах хуульд заасан журмыг тусгасан гэсэн үг. Захиргааны ерөнхий хуулийн дагуу хариуцагч сонсох ажиллагаа хийсэн. Гэвч Ашигт малтмалын тухай хуульд заасан дарааллыг баримтлаагүй асуудлууд байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 56.2-т Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл хүргүүлнэ. 2021 оны 9 дүгээр сарын 21-нд Байгаль орчны яамнаас дүгнэлт хүргүүлэх тухай албан бичиг явсан. Энэ албан бичиг дээр н.Уртнасан гээд гарын үсэг зурчихсан болохоос яг ямар албан тушаалтай, хэн гэдэг хүн нь ойлгомжгүй. 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс бид нар 10 өдөрт тооцвол 9 дүгээр сарын 31 эсвэл 10 дугаар сарын 01-нд Ашигт малтмалын газраас Хурай ХХК руу мэдэгдэл хүргүүлэх ёстой байсан боловч тийм мэдэгдэл ирээгүй.

Дараагийн асуудал нь сонсох ажиллагааг Ашигт малтмалын газар 10 дугаар сарын 13-ны өдөр явуулсан. Ашигт малтмалын тухай хуульд заасан хугацаанд мэдэгдлээ хүргүүлээгүй. Харин Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийсэн. Сонсох ажиллагаанд манай үйлчлүүлэгч оролцоод яагаад ашигт малтмалын цуцлах үндэслэлгүй гэж үзэж байгаа тайлбараа өгсөн. Сонсох ажиллагааны арын нүүрэнд байгаа 10 дугаар сарын 15-нд бид холбогдох нотлох баримтаа өгье гэдэг асуудал ярьсан.

Нотлох баримт гаргаснаас хойш төрийн захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 56.4-т зааснаар төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан баримтыг хянаад үндэслэлтэй бол цуцална. Үндэслэлгүй бол цуцлах тухай мэдэгдлээ 56.2-т заасны дагуу 10 хоногийн хугацаанд хүчингүй болгох ёстой. Энэ хоёр шийдвэрийг гаргах ёстой. Байгаль орчны яамнаас дүгнэлт ирснээр цуцлах үндэслэл болохгүй юм. Ашигт малтмалын тухай хуулийн 56.4-т заасны дагуу энэ дүгнэлт үндэслэлтэй юм уу? Энэ дүгнэлтээс гадна өөр ямар баримтууд байгааг судлаад үндэслэлтэй байвал шийдвэр гаргах хэмжээ нь Ашигт малтмалын газрын даргад нь байгаа болохоос Кадастрын хэлтсийн даргад энэ эрх хэмжээ байхгүй. Нэгдүгээрт эрх хэмжээ, хоёрдугаарт процесс дарааллыг зөрчсөн. Гуравдугаарт өөрт нь хянаж үзэх эрх хэмжээ байсан боловч захиргааны актын шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг судалж үзээгүй байна.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар 2018 онд хянагдсан судалгааны ажил байгаа. Үүний 24 дүгээр зүйл дээр Байгаль орчны яамны гаргаад байгаа байгаль орчныг хамгаалах үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч биелүүлээгүй байх талаар гаргасан дүгнэлт яаж үндэслэлтэй байх ёстой вэ гэдгийг тайлбарласан. Тайлбарлахдаа Байгаль орчны яамны мэргэжилтнүүдийн гаргасан энэ дүгнэлтийг Төрийн хяналт шалгалтын ч юм уу, бусад хуулиар хэлбэрийн болон агуулгын шаардлага тавиагүй байна. Тийм учраас бусад хуулиудаасаа бид нар ургуулаад үзэж байгаа гэсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 37.1-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Байгаль орчныг хамгаалах тухай үүргийг хүлээж байгаа. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15.1.1-д байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг Мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлэхээр эрх хэмжээг нь олгосон. Тус хуулийн 27.1.10-т улсын байцаагч нь хууль тогтоомж, технологийн зөрчил гаргаж байгаль орчинд хохирол учруулсан аж ахуйн нэгж, байгууллагын лиценз, зөвшөөрөл, эрхийг хүчингүй болгуулах, үйл ажиллагааг түр болон бүрмөсөн зогсоох саналаа тухайн эрх олгосон байгууллагад тавьж шийдвэрлүүлэхээр тус тус зааснаар үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, байгаль орчинд халтай хууль бус үйл ажиллагаа явуулсан нь Мэргэжлийн хяналтын байгууллагын эрх бүхий улсын байцаагчаас зохих журмын дагуу явуулсан хяналт шалгалтаар тогтоогдсон нь Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-д заасан дүгнэлт гаргах ерөнхий үндэслэл болох юм. Байгаль орчны яамны Ашигт малтмалын газрын үндэслээд манай зөвшөөрлийг цуцлаад байгаа 2 хуудас дүгнэлт нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн зохих хууль, дүрэм журмын дагуу явуулсан актаар давхар нотлогдож байж тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болох хууль зүйн боломжтой. Энэ асуудлыг шалгаж тогтоох эрх хэмжээ нь Ашигт малтмалын газарт байсаар атал хэрэгжүүлээгүй. Хавтаст хэргийн 144 дүгээр хуудсанд байгаа шүүхийн журмаар Ашигт малтмалын газраас гаргуулж авсан 201801 дугаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын манай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болоод байгаа дүгнэлтийг 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Байгаль орчны яамнаас мөн явуулж байсан. Гэтэл энэ дүгнэлтийг Ашигт малтмалын асуудал эрхэлсэн дарга нь цуцлах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзээд буцаагаад явуулсан. Өөрөөр хэлбэл манай үндэслэлээр эрх хэмжээнийхээ хүрээнд зөвхөн энэ дүгнэлтээр цуцлах үндэслэл тогтоогдохгүй байна гэж буцаагаад явуулсан зүйлийг 2019 оны 08 дугаар сард яг ижилхэн дүгнэлтээ тэр янзаар нь явуулахаар цуцлах үндэслэл тогтоогдож байна гээд одоо цуцалчхаад байгаа ойлгомжгүй нөхцөл байдал байгаа. Эдгээр хуул зүйн үндэслэлүүдээр Кадастрын хэлтсийн даргын шийдвэр үндэслэлгүй учир нэхэмжлэлийн шаардлага хангагдах хууль зүйн үндэслэл байна гэж үзэж байна гэв.

3.3. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэг: Эрчим хүч, геологи, уул уурхайн сайдын 1995 оны 124 дүгээр тушаалаар Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт байрлах Цагаан гозгор нэртэй талбайд ашигт малтмалын ашиглалтын 134 дугаартай тусгай зөвшөөрлийг "Хур" ХХК-д олгож, 1995 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн аж ахуйн нэгжийн шинэчилсэн бүртгэлээр тус компанийн нэр давхардсан учраас "Хурай" ХХК болон өөрчлөн бүртгэсэн байна.

"Хурай" ХХК нь 1997 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 134 дугаартай ашигт малтмалын ордыг ашиглуулах тусгай зөвшөөрлийн гэрчилгээг Геологи, уул уурхайн кадастрын алба /хуучин нэрээр/-ны шинэчилсэн бүртгэлд А-201 кодоор бүртгүүлж төлбөрөө төлсөн бөгөөд тус компанийн 1998 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн хүсэлтийн дагуу Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар /хуучин нэрээр/-ын Даргын 1998 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 29 дүгээр тушаалын 1.1-т заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын 201А дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 60 жилийн хугацаагаар "Хурай" ХХК-д олгож, анх олгосон огноог 1995 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөр тооцсон байна. "Хурай" ХХК-с ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл шинэчлэн бүртгүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын алба /хуучин нэрээр/-ны шинэчилсэн бүртгэлийн №2188 дугаарт бүртгэсэн байна. Хоёр: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын засаг даргаас 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1/80 дугаартай албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлжээ. Үүний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Цогтсайханы баталсан удирдамжийн дагуу ажлын хэсгийн бүрэлдэхүүн "Хурай" ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт орших Цагаан гозгор нэртэй ашигт малтмалын ашиглалтын МВ-000201 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд ажиллаж 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2018/01 дүгээр дүгнэлт гаргасан байна. Дүгнэлтийн үндэслэх хэсэгт Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг үндэслэн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлээгүй байсан нь "Хурай" ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МѴ- 000201 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болно" гэжээ.

"Хурай" ХХК нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2018/01 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 0037 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2021/0240 дүгээр магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

"Хурай" ХХК-ийн зүгээс магадлалыг эс зөвшөөрч Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар хяналтын журмаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01/4385 дугаар "Дүгнэлт хүргүүлэх тухай" албан бичгээр 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2018/01 дугаартай дүгнэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлсний дагуу Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж заасны дагуу "Хурай" ХХК-ийн төлөөллийг байлцуулж 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр сонсох ажиллагаа явуулсан. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д "тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар зохицуулсан. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 56 дугаар зүйлийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 03/5093 тоот албан бичгээр ирүүлсэн 2018/01 дүгээр дүгнэлт, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 0037 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/MA201/0240 дүгээр магадлал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01/4385 тоот албан бичгийг тус тус үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 419 дүгээр шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг Цагаан гозгор нэртэй ашигт малтмалын ашиглалтын МВ-000201 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд "Хурай" ХХК-ийн эзэмшиж байсан Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт байрлах Цагаан гозгор нэртэй 99.5 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МV-000201 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 419 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Кадастрын хэлтсийн дарга Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.14 гэж байх шиг байна. Нэгдсэн хяналт тавих гэж тодотгож уншаад байх шиг байна. Кадастрын хэлтсийн дарга Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.7-д кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ хуулийн 11.1.13-аас 11.1.26 заасан асуудлыг эрхэлнэ гэж заасан. Энд 11.1.14 нь өөрөө орж байгаа юм. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүх үйл ажиллагаанд нэгдсэн хяналтаа энэ хүн тавина. Хяналт тавьснаараа ямар хууль тогтоомж зөрчсөнийг тайлбарласангүй. Энийг бараг нэгдсэн хяналт тавихгүй гэж хэлж байгаатай агуулга нэг надад ойлгогдох шиг боллоо. Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-д заасан эрх хэмжээний хүрээнд цуцлахгүй гэж байх шиг байна. Аливаа ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой цуцлах асуудал маань Кадастрын хэлтсийн даргын бүрэн эрх хэмжээний асуудал. Агентлагийн дарга ч хөндлөнгийн байдлаас оролцохгүй. Үүнийг шүүх ойлгож байгаа байх. 56.1.5 гэдэг нь орон нутгийн саналыг үндэслээд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дүгнэлт гаргасан л бол энийг кадастрын хэлтсийн дарга эрх хэмжээний хүрээнд цуцлах эрх нь байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 56.2-ыг яриад байна. Төрийн захиргааны байгууллага цуцлах юм бол мэдэгдэл өгнө. Мэдэгдлийг өгөөгүй гэж байна. Хурай компанитай сонсох ажиллагаа хийсэн. Мэдэгдэнэ гэдгийг ямар ч хэлбэрээр мэдэгдэж болно. Хурай компанийн сонсох ажиллагаанд захирал Б.Болор өмгөөлөгч н.Биндэрьяа билүү, 2 хүн оролцсон. Түрүүн өөрөө хэлж байх шиг байна лээ. 2021 оны 10 сарын 13-ны өдөр хийсэн. Үүний дагуу цуцлах үндэслэл тогтоосноос хойш оролцогчдыг сонсох үүднээс Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу оролцогчоо сонссон. Энд 56 2-т заасан ажиллагаа явагдсан гэж үзэж байгаа. Сонсох ажиллагаа хийгээд цуцлах үндэслэлтэй юм байна аа гээд Ашигт малтмалын тухай хуулийн 56.4-д заасны дагуу цуцлаад, цуцалсан тухай мэдэгдлийг Хурай компанид хүргүүлсэн. Хурай компани мэдэгдлийг гардаж авсан гэдгээ нэхэмжлэлийн шаардлага дээрээ тодорхой биччихсэн байдаг. Дээрээс нь энэ Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 419 дүгээр шийдвэр нь юу юуг үндэслэсэн гэхээр түрүүн нэхэмжлэлийн өмгөөлөгч хуулиудын нэр томьёог хэлсэн. Би энэ дээр дахиад хэлчихье. Нийслэл дэх Захиргааны анхан шатын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 03593 тоот албан бичгээр ирүүлсэн дүгнэлт. Дээрээс нь 2 шийдвэр, магадлалд үндэслэсэн. Сая хэлж байна. 2018 онд яг энэ бичиг ирээд цуцлах нөхцөл тогтоогдоогүй гээд буцаасан гэж байгаа юм. Дараа нь ирэхлээр нь цуцлах нөхцөл тогтоогдлоо гэж байна. Өөрөө сая энийгээ яагаад ярьсангүй вэ? Шүүхийн шийдвэр, магадлал хэзээ гарсан бэ гэдгээ хэлэхгүй байна. 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 37 дугаар шийдвэр. Дараа нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал байгаа. 2018 онд Хурай компанийн Байгаль орчны яамнаас дүгнэлт ирүүлсэн. Хүчингүй болгосон хангалттай шүүхийн шийдвэр, магадлал байхгүй байсан. Сүүлд шүүхийн шийдвэр, магадлал гараад ирснээр Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-д заасан үндэслэл хангалттай тогтоогдсон гэдэг үүднээс Кадастрын хэлтсийн даргын 419 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан нь үндэслэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Хурай ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 419 дүгээр шийдвэрийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 56 дугаар зүйлийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 03/5093 тоот албан бичгээр ирүүлсэн 2018/01 дүгээр дүгнэлт, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 0037 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/MA201/0240 дүгээр магадлал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01/4385 тоот албан бичиг, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн сонсох ажиллагаа явуулсан тэмдэглэлийг тус тус үндэслэжээ.

2. Дээрх маргаан бүхий шийдвэрт үндэслэн эрх зүйн хэм хэмжээнүүдээс голлох эрх зүйн үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалт байна.

3. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална: гээд, мөн зүйлийн 56.1.5 дахь заалтад тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан; гэж заажээ.

4. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзэхэд, аливаа хуулийн этгээдэд олгосон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлахад тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан гаргасан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт шаардлагатай байхаар байна.

5. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харвал, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга /хуучин нэрээр/ нь маргаж буй 419 дүгээр шийдвэрийг гаргахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай 2018/01 дүгээр дүгнэлтийг үндэслэсэн болох нь тогтоогдож байна.

6. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дээрх дүгнэлтээр нэхэмжлэгчийг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэж, улмаар Хурай ХХК-ийн MV-000201 дүгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болно гэж үзжээ.

7. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тус дүгнэлтийг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 03/5093 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн боловч Ашигт малтмал, газрын тосны газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад Хурай ХХК-ийн MV-000201 дүгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдохгүй байгаа талаар 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 7/5831 дүгээр албан бичигт дурджээ.

8. Дээрх үйл явдлын дараа нэхэмжлэгч Хурай ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2018/01 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 0037 дугаар шийдвэрээр ... маргаан бүхий 2018/01 дугаартай дүгнэлт нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж заасан захиргааны байгууллагын эрх хэмжээнд нийцсэн гэж үзнэ ... маргаан бүхий 2018/01 тоот дүгнэлт нь захиргааны байгууллагад хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гарсан бөгөөд уг дүгнэлтээр тогтоогдсон нөхцөл байдал нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүдэлтэй байх тул маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдөөгүй байна гэж шүүх дүгнэлээ ... гэх зэргээр эрх зүйн дүгнэлт хийжээ.

9. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/MA201/0240 дүгээр магадлалаар тухайн тусгай зөвшөөрөл бүхий талбайн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх үүрэг Хурай ХХК-д л ногдоно ... анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй... гэж тус тус дүгнэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр болсон дээрх шүүхийн шийдвэр, магадлалаар нэгэнт тогтоосон үйл баримтыг шүүх дахин нотлохгүй тул Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2018/01 тоот дүгнэлтийг үндэслэн маргаж буй 419 дүгээр шийдвэрийг гаргасан хариуцагчийн үйл ажиллагааг хуульд нийцсэн гэж үзнэ.

11. Тодруулбал, маргаан бүхий актын гол үндэслэл болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай 2018/01 дүгээр дүгнэлтийг хуульд нийцсэн гэж дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 419 дүгээр шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

12. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарласан ... Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга нь тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргах эрх хэмжээгүй ... гэх агуулгатай тайлбарыг шүүх дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй. Тодруулахад:

13. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт Төрийн захиргааны байгууллагын ... кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13 11.1.26-д заасан асуудлыг эрхэлнэ. гээд, мөн зүйлийн 11.1.15 дахь заалтад ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх; гэж зохицуулжээ.

14. Хуулийн дээрх хэм хэмжээнүүдээс үзэхэд, хэдийгээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Төрийн захиргааны байгууллага ... гэж байгаа боловч эрх зүйн хэм хэмжээг системчлэн тайлбарлах аргын хүрээнд тайлбарлавал, хууль тогтоогчоос төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэгжүүлэх чиг үүрэг, эрх хэмжээг дотоод нэгжид нь ялгамжтай байдлаар хуваарилсан байх ба тухайлбал, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргах эрх хэмжээг тус байгууллагын кадастрын асуудал хариуцсан нэгж болох Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс /хуучин нэрээр/ буюу Кадастрын хэлтэст олгожээ.

15. Мөн хариуцагч маргаж буй шийдвэртээ Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийг үндэслээгүй, харин 11.1.14 дэх заалтыг үндэслэсэн гэдэг нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргах Кадастрын хэлтсийн эрх хэмжээг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй.

16. Иймд энэ талаарх өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй гэж шүүх дүгнэж байна.

17. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана., 56.3 дахь хэсэгт Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ., 56.4 дэх хэсэгт Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ. гэж шийдвэр гаргах ажиллагааны журмыг хуульчилжээ.

18. Хэдийгээр нэхэмжлэгч талаас хариуцагчийг дээр дурдсан хуульд заасан 10 хоногт багтаан мэдэгдэл өгөөгүй гэх агуулгаар буруутгаж байх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож буй хэргийн нөхцөл байдлаас үзэхэд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 2018/01 тоот дүгнэлтийг гарсны дараа буюу 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 03/5093 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн, Ашигт малтмал, газрын тосны газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад Хурай ХХК-ийн MV-000201 дүгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдохгүй байгаа талаар 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 7/5831 дүгээр албан бичиг хүргүүлсэн, эдгээр үйл явдлын дараа нэхэмжлэгч Хурай ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2018/01 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүхээс шийдвэрлэсэн зэрэг үйл баримтууд тогтоогдлоо.

19. Дээрх үйл баримтуудаас үзэхэд, хууль зүйн агуулгаараа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018/01 тоот дүгнэлттэй холбоотойгоор шүүхийн маргаан шийдвэрлэгдэж дууссаны дараа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01/4385 тоот албан бичгээр 2018/01 тоот дүгнэлтийг дахин ирүүлснээр хариуцагчаас ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай 419 дүгээр шийдвэр гаргах ажиллагааг үргэлжлүүлсэн гэж үзнэ.

20. Тийм ч учраас маргаж буй 419 дүгээр шийдвэрт ... Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 03/5093 тоот албан бичгээр ирүүлсэн 2018/01 дүгээр дүгнэлт ... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01/4385 тоот албан бичиг ...-ийг тус тус үндэслэжээ.

21. Түүнчлэн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хурай ХХК-ийн захирал Б.Биндэръяа, Б.Болор нарт шийдвэр гаргахтай холбоотой сонсох ажиллагаа хийсэн, Хурай ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-000201 дүгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан талаар Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 8/4760 тоот албан бичгээр мэдэгдсэн байх тул хариуцагч захиргааны байгууллагыг хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааг баримтлаагүй гэж шууд дүгнэх боломжгүй.

22. Эдгээр агуулгаараа хариуцагчийн гаргасан 419 дүгээр шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:, мөн зүйлийн 4.2.5 дахь заалтын ... шийдвэр нь үндэслэл бүхий байх; зарчимд нийцсэн байна.

23. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Хурай ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 11 дүгээр зүйлийн 11.1.15 дахь заалт, 11.2 дахь хэсэг, 56.1 дэх хэсэг, 56.1.5 дахь заалт, 56.2, 56.3, 56.4 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Хурай ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт байрлах Цагаан гозгор нэртэй 99.5 гектар талбай бүхий "Хурай" ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-000201 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 419 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 1-р хавтасны /цаашид 1Хх гэх/ 84 дэх тал

[2] 1Хх 86 дахь тал

[3] 1Хх 84 дэх талын арын нүүр

[4] 1Хх 83 дахь тал

[5] 1Хх 85 дахь тал

[6] 1хх 89 дэх тал

[7] 1Хх 134-135 дахь тал

[8] Мөн тэнд

[9] 1Хх 133 дахь тал

[10] 1Хх 144 дэх тал

[11] Хэргийн 2-р хавтасны /цаашид 2Хх гэх/ 82-98 дахь тал

[12] 2Хх 99-110 дахь тал

[13] 1Хх 78 дахь тал

[14] 1Хх 75-77 дахь тал

[15] 1Хх 70 дахь тал

[16] 1Хх 25 дахь тал

[17] 1Хх 22-24 дэх тал

[18] 1Хх 71 дэх тал

[19] 1Хх 246-249 дэх тал

[20] 1Хх 7-14 дэх тал