Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 431

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

улсын яллагч А.Сайнбаяр,

шүүгдэгч Г.З, түүний өмгөөлөгч К.Бауиржан,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Д.Жаргал,

шүүгдэгч М.Х, түүний өмгөөлөгч Г.Баярбат,

шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.М, М.Х, Э.Г нарт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт тус тус зааснаар,

шүүгдэгч Г.З 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2501 1463 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

             1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, халх, эрэгтэй, 23 настай, дээд боловсролтой, байгаль орчны хяналт үнэлгээний мэргэжилтэн мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг, Булганы гудамжны 9-10 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ............, хэрэг хариуцах чадвартай, Г.З

             2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, халх, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ ШУТИС-ын өрөмдлөгийн 1 дүгээр курст суралцаж байсан, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, Хангалын 9-7 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ..............., хэрэг хариуцах чадвартай, Б.М.

             3. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, халх, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багт оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар .............., хэрэг хариуцах чадвартай, М.Х.

             4. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, халх, эрэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 1, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт оршин суух оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар .............., хэрэг хариуцах чадвартай, Э.Г.

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

            Шүүгдэгч Б.М, М.Х, Э.Г нар нь урьдчилан үгсэн тохиролцож 2016 оны 4 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Золжаргалыг өөрийн эзэмшлийн “64-87УНД” улсын дугаартай “Аванте ХД” маркийн автомашинтай таксинд явж байхад нь эд хөрөнгийг авах зорилгоор нарийн мяндсан уяагаар хоолойг нь боож амь биед нь аюултай аргаар хүч хэрэглэн хар өнгийн савхин куртик, бэлэн 20.000 төгрөг, гар утас зэрэг эд зүйлийг дээрэмдсэн, давтан үйлдлээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Өлзийсайханыг өөрийн эзэмшлийн “52-64 УБХ” улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн автомашинтай таксинд явж байхад нь эд зүйлийг нь авах зорилгоор нарийн мяндсан уяагаар хоолойг нь боож амь биед нь аюултай аргаар хүч хэрэглэн 30.000 төгрөг, “Нокиа” маркийн гар утас зэрэг эд зүйлийг дээрэмдсэн,

             Шүүгдэгч Г.З нь Б.М, М.Х, Э.Г нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг зорилгоор амь биед нь аюултай аргаар хүч хэрэглэн 2016 оны 4 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Золжаргалыг хар өнгийн савхин куртик, бэлэн 20.000 төгрөг, гар утас зэрэг эд зүйлийг дээрэмдсэн, давтан үйлдлээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Өлзийсайханы 30.000 төгрөг, “Нокиа” маркийн гар утас зэрэг эд зүйлийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхэд дээрмийн гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, шүүгдэгч Б.М, М.Х, Э.Г нарт зааж зөвлөх, гүйцэтгэх үүргийг хувиарлах, дээрэм хийсэн газраас очиж авах, хүргэж өгөх зэргээр өөрийн 49-16 ХЭҮ улсын дугаартай тоёота приус маркийн автомашинаар үйлчлэн дээрмийн гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “Тухайн үед хохирогч ухаан алдаж унаагүй ба амьсгалахад хэцүү байна гэхээр нь би боолтыг суллаж авсан. Үүнийг нэмж хэлмээр байна. Өөр зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.З мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Х мэдүүлэхдээ: “Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Г мэдүүлэхдээ: “Нэмж хэлэх зүйлгүй.” гэв.

     Мөн мөрдөн байцаалтад тээврийн хэрэгслийн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-5/, орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-6/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1хх-19-20/, хохирогч С.Золжаргалын мэдүүлэг /1хх-23/, хохирогч Х.Өлзийсайханы мэдүүлэг /1хх-37/, гэрч Б.Баттөрийн мэдүүлэг /1хх-39/, гэрч Б.Уртнасангийн мэдүүлэг /1хх-40/, гэрч Г.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг /1хх-44/, гэрч М.Мөнхзаяагийн мэдүүлэг /1хх-47/, шинжээчийн ¹5384 дугаартай дүгнэлт /1хх-50/, шинжээчийн ¹5386 дугаартай дүгнэлт /1хх-52/, шүүгдэгч Б.М, М.Х, Э.Г, Г.З нарын ял шалгах  хуудас /1хх-151, 158, 164, 166/, шүүгдэгч Б.М, М.Х, Э.Г, Г.З нарын хувийн байдлыг тухай баримтууд /1хх-153-156, 157, 158, 159, 161, 166, 168, 169/, мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /1хх-230, 2хх-88-89/ шүүгдэгч Б.М-ын “Ачтан” эмнэлэгт хагалгаанд орсон талаарх эмнэлгийн тодорхойлолт /хх-162/, хэргийн материалтай шүүгдэгч Б.М-ыг танилцуулсан тэмдэглэл /хх-206/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-30/, хохирогч Х.Өлзийсайханы гомдол, саналгүй гэсэн тодорхойлолт /1хх-207/, хохирлын мөнгө төлсөн баримт /1хх-18/, “Нокиа” загварын гар утсыг хохирогч Х.Өлзийсайханд хүлээлгэн өгсөн баримт /1хх-13/ гэрч С.Ганболдын мэдүүлэг /1хх-38/, шүүгдэгч Б.М-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-132, 135/, шүүгдэгч М.Х-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-139-140, 143-144/ шүүгдэгч Э.Г-ны сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-145-146, 147-148/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.З-ыг Б.М, М.Х, Э.Г нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултай аргаар хүч хэрэглэн 2016 оны 4 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Золжаргалыг хар өнгийн савхин куртик, бэлэн 20.000 төгрөг, гар утас зэрэг эд зүйлийг дээрэмдсэн, давтан үйлдлээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Өлзийсайханы 30.000 төгрөг, “Нокиа” маркийн гар утас зэрэг эд зүйлийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхэд дээрмийн гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, Б.М, М.Х, Э.Г нарт зааж зөвлөх, гүйцэтгэх үүргийг хувиарлах, дээрэм хийсэн газраас очиж авах, хүргэж өгөх зэргээр өөрийн 49-16 ХЭҮ улсын дугаартай тоёота приус маркийн автомашинаар үйлчлэн дээрмийн гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон гэж прокуророос шүүгдэгчид 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Прокурор шүүгдэгч Г.З-ын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, холбогдох үйлдлийг ялгаж зааглалгүйгээр “дээрмийн гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, Б.М, М.Х, Э.Г нарт зааж зөвлөх, гүйцэтгэх үүргийг хувиарлах, дээрэм хийсэн газраас очиж авах, хүргэж өгөх зэргээр өөрийн 49-16 ХЭҮ улсын дугаартай тоёота приус маркийн автомашинаар үйлчлэн дээрмийн гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон” гэх боловч шүүгдэгч нарын удаа дараагийн тогтворгүй мэдүүлгүүд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.З нь гэмт хэрэг үйлдэхийг гардан зохион байгуулсан буюу удирдсан, үйл ажиллагааг нь чиглүүлж удирдсан болох нь тогтоогдоогүй.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.З нь дээрмийн гэмт хэрэг үйлдэхэд өөрийн 49-16 ХЭҮ улсын дугаартай тоёота приус маркийн автомашинаар үйлчлэн бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон болох тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.З-д холбогдох зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан “зааж зөвлөх, унаа, орон байраар хангах гэх зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж” дээрмийн хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй байна гэж үзэв.

             Шүүгдэгч Б.М, М.Х, Э.Г нар нь урьдчилан үгсэн тохиролцож 2016 оны 4 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Золжаргалыг өөрийн эзэмшлийн “64-87УНД” улсын дугаартай “Аванте ХД” маркийн автомашинтай таксинд явж байхад нь эд хөрөнгийг авах зорилгоор нарийн мяндсан уяагаар хоолойг нь боож амь биед нь аюултай аргаар хүч хэрэглэн хар өнгийн савхин куртик, бэлэн 20.000 төгрөг, гар утас зэрэг эд зүйлийг дээрэмдсэн, давтан үйлдлээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Өлзийсайханыг өөрийн эзэмшлийн “52-64 УБХ” улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн автомашинтай таксинд явж байхад нь эд зүйлийг нь авах зорилгоор нарийн мяндсан уяагаар хоолойг нь боож амь биед нь аюултай аргаар хүч хэрэглэн 30.000 төгрөг, “Нокиа” маркийн гар утас зэрэг эд зүйлийг дээрэмдсэн,

Шүүгдэгч Г.З нь 2016 оны 4 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Золжаргалыг хар өнгийн савхин куртик, бэлэн 20.000 төгрөг, гар утас зэрэг эд зүйлийг дээрэмдсэн, давтан үйлдлээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Өлзийсайханы 30.000 төгрөг, “Нокиа” маркийн гар утас зэрэг эд зүйлийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхэд дээрмийн гэмт хэрэг үйлдэхэд өөрийн 49-16 ХЭҮ улсын дугаартай тоёота приус маркийн автомашинаар үйлчлэн бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогч С.Золжаргалын өгсөн: “2016 оны 4 дүгээр сарын 18-19-ний шилжих шөнө 04 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн 64-87 УНД улсын дугаартай Аванте ХД маркийн машинтайгаа таксинд явж байгаад “Натур” төвийн орчмоос зам дээрээс үл таних 3 залуу гар өргөж сууцгаасан. Тэд нар “Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжин явна” гэсэн. Жанжины Чулуун овооны урд гудамжаар ороод Ботаникийн хашаа орчимд Баруун Жанжин 22-451 тоот айлын гадаа зогс гэсэн. Би 4500 төгрөг гарсан байна гэсэн чинь араас нэг залуу нь үгийн зөрүүгүй араас нарийн уяагаар хоолой боогоод намайг ухаан алдуулсан. Тэр 3 залуу бүгд машины арын суудалд суусан юм. Намайг сэрэхэд миний өмсөж явсан хар өнгийн хагас богино савхин куртик, өмдний карманд байсан. Түрийвчнээс 75.000 төгрөг аваад түрийвчийг үлдээсэн. “Касио” маркийн оосортой шар бүрмэл бугуйн цаг “Самсунг С4” маркийн шар өнгийн урд хэсгээрээ цагаан гар утас, “Zippo” маркийн асаагуур зэрэг эд зүйлийг дээрэмдээд явсан байсан…20-25 орчим насны 3 залуу байсан. Хоолойг нарийн уяагаар боосон.” /1хх-23/ гэх мэдүүлэг,  

Мөрдөн байцаалтад хохирогч Х.Өлзийсайханы өгсөн: “2016 оны 4 дүгээр сарын 18-19-ний шилжих шөнө 04 цаг 30 минутын үед Жуковын автобусны “Офицер, Улаанхуаран” руу явдаг буудлаас үл таних 3 залуу такси барьж сууцгаасан. Тэр 3 залуу миний машины хойд талын суудалд сууж явсан. Тэр 3 Улаанхуаран орно гэсэн. Тэгээд Улаанхуарангийн эцэст ирсэн. Тэгээд би “хаашаа эргэх бэ” гэж асуухад  голд сууж байсан нэг залуу нь “автобусны буудал өнгөрөөд баруун гар тийшээ эргэ” гэсэн. Тэгэхээр нь би машинаар хэлснээр нь эргүүлсэн. Тэгсэн мухар гудамж байсан. Тэд нар зогсож амжаагүй байхад араас баруун талд сууж явсан залуу нарийн цагаан уяагаар миний хоолойг боосон. Би уяанд нэг гараа оруулж амжсан. Тэгсэн нэг залуу нь “мөнгөө өг, чамайг ална” шүү гэсэн. Тэгэхээр нь би нөгөө гараараа куртикнээсээ мөнгө гаргаж өгсөн. Тэгсэн “утсаа өг” гэхээр нь “надад утас байхгүй” гэсэн. Тэгээд худлаа яриад бай, чамд утас байгуу гээд боолтоо улам чангалсан. Тэгэхээр нь куртикныхээ карманаас би утсаа гаргаж өгсөн. Тэд нар хоорондоо “наадахынхаа түлхүүрийг ав” гээд яриад байсан. Тэгэхээр нь би “та нар хүн аллаа” гээд хоёр гурав орилсон. Тэгэхэд “машиныхаа түлхүүрийг ав” гэж орилоод хоёр талын хаалга онгойлгоод хэн нэгэн түлхүүрийг нь хашааны буланд тавилаа шүү гэж орилоод тэд нар гүйсэн. Намайг боож байсан хоёр залуугийн араас нь би гүйсэн…20-05 орчим насны 3 залуу байсан.” /1хх-37/ гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн ¹5384 дугаартай дүгнэлтэд:

1. С.Золжаргалын биед хүзүүнд цус хуралт, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Уг гэмтэл нь шинэ байна.

5. Хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /1хх-50/,

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн ¹5386 дугаартай дүгнэлтэд:

1. Х.Өлзийсайханы биед хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /1хх-52/,

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.М-ын сэжигтэн, ялладагчаар өгсөн: “2016 оны 4 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө 01 цагийн үед М.Х ах, Э.Г, Г.З бид 4 Г.З-ийн машинтай гарсан. Г.З өөрөө приус 10 маркийн машинтай байдаг юм. Тэгээд Г.З бид 3-ыг Бөхийн өргөөний орчимд буулгасан. Бид 3 буцаад Жуков руу алхсан. Тэндээс такси барьсан. Такситайгаа Улаанхуаран орсон. Улаанхуарангийн эцсийн буудлын мухар гудамж руу уг таксиг оруулсан. Тэгээд би таксины жолоочийг нарийн уяагаар араас нь боосон. Э.Г, М.Х хоёр жолоочоос эд зүйлсийг авсан. Тэр жолоочоос 30.000 төгрөг “Нокиа” маркийн гар утсыг аваад машиныхаа түлхүүрийг аваад хашааны буланд орхилоо шүү гэж тэр хоёрын нэг нь орилсон. Хэн нь тэгж орилсоныг мэдэхгүй. Тэгээд Г.З ахыг утсаар Улаанхуарангийн автобусны буудлын орчимд дуудсан. Г.З ахаар тэндээс 13 хорооллын доош голын замын орчимд зам дээр хүргүүлсэн. “Натур” төвийн орчмоос ахиж такси барьсан. Тэр таксигаа “Члуун овоо”-ны гэр хороолол руу оруулсан. Тэр таксины жолоочийг би мөн адил 100-ын уяагаар араас нь хоолойг нь боосон. Тэр таксины жолоочоос эд зүйлсийг М.Х ах, Э.Г ах нар авсан. Тэр таксины жолоочоос савхин куртик ЛЖИ маркийн гар утас, 20.000 төгрөгийг авсан. Бид нар ахиж тэндээс Г.З-г дуудсан…Г.З машинаараа бид нарыг хүргэж өгч байсан. Би дандаа жолоочийн араас нь боож хөдөлгөөнгүй болгож М.Х ах, Э.Г нар эд зүйлсийг авч байсан.” /1хх-132/ гэх мэдүүлэг, 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Х-ын сэжигтэн, ялладагчаар өгсөн: “2016 оны 4 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Э.Г, Б.М бид 3 манай гэрээс гараад хүнтэй уулзахаар 16 дугаар хороолол орсон ба тэндээсээ 13 дугаар хороолол руу явах гэсэн чинь автобус унаа зогсчихсон байсан. Тэгэхээр нь би Г.З-ын дуудаж Г.З-ын машинаар 13 дугаар хороолол хүргүүлсэн ба замдаа Г.З такси дээрэмдэх санааг гаргаж М.Г бид 3-ыг хий гэсэн…Ингээд Э.Г, Б.М бид 3 Хөдөө аж ахуйн автобусны буудал дээр буугаад тэндээсээ алхаж байгаа такси барьсан…Таксины жолоочийн хоолойг Б.М мяндсан уяагаар боож А.Г бид 2 жолоочийн эд зүйлийг ухаж авч байсан. Харин Г.З машинаараа биднийг байгаа газраас нь авч буцаад өөр өөр газруудад буулгаж өгч байсан.” /1хх-223/ гэх мэдүүлэг,

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Г-ны сэжигтэн, ялладагчаар өгсөн: “2016 оны 4 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө М.Х-ын гэрээс Улаанхуарангаас гараад микронд сууж айл руу явна гэсэн боловч микро зогсчихсон байхаар нь М.Х Г.З-ыг дуудаж Г.З машинтайгаа ирж биднийг аваал явсан. Ингээд Б.М, М.Х бид 3 машинаас буугаад алхаж байгаад такси барьж дээрэм хийсэн. Би хот сайн мэдэхгүй учраас хаана хаанаас такси барьж хаана хаана очсоныг мэдэхгүй байна. Тэгээд Б.М жолоочийн хоолойг боож М.Х эд зүйлийг авч байсан. Харин би нэг бугуйн цаг л авсан. Эхний таксины дээрмээс Г.З 10.000 төгрөг өгсөн байх. Маргааш нь М.Х надад 8500 төгрөг л өгсөн. Ингээд би нэг бугуйн цаг, 8500 төгрөг авсан.” /1хх-224/ гэх мэдүүлэг,

            Шүүгдэгч нарын ял шалгах хуудас /1хх-151, 158, 164, 166/,

            Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол Тоёота приус 10 маркийн 49-16 ХЭҮ улсын дугаартай автомашин /1хх-216/,

            Эд зүйлийн үнэлгээ /2хх-9/, “Хөрөнгө үнэлгээний Дамно” компанийн автомашины үнийн тодорхойлолт /2хх-188/

            Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-5/,

            Орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-6/,

            Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-7-8/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-11, 12, 13, 14 15, 16/,

Хохирлын мөнгө түр хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-17/,

Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-18/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1хх-20/,

Эд зүйлийн үнэлгээ /1хх-21, 35/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-30/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-31, 33-34, 2хх-18-19/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /2хх-10-11/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

               Шүүгдэгч Б.М, М.Х, Э.Г нар нь урьдчилан үгсэн тохиролцож бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултай аргаар хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн,

            Шүүгдэгч Г.З нь дээрмийн гэмт хэрэг үйлдэхэд автомашинаар үйлчлэн бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.М, М.Х, Э.Г, Г.З нар нь 2016 оны 4 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө тухайн гэмт хэргийг үйлдсэн бөгөөд 2015 оны /Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй, оногдуулах ялыг хөнгөрүүлсөн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ. Иймд шүүгдэгч Б.М, М.Х, Э.Г нарт холбогдох үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэнийг өөрчилж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар зүйлчлэх,

мөн шүүгдэгч Г.З-д 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэнийг өөрчилж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар тус тус зүйлчилж зохих ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх Б.М, М.Х, Э.Г, Г.З нарт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 80 см-ийн урттай цагаан уяаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах, мөрдөн байцаагчийн 2016 оны 7 сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Г.З-ын эзэмшлийн 49-16 ХЭҮ улсын дугаартай тоёота приус маркийн автомашиныг хураан улсын орлогод шилжүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Х, Э.Г нар нь 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 2 өдрийг хүртэл 42 хоног, шүүгдэгч Б.М нь 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл 15 хоног, шүүгдэгч Г.З нь 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 29 хоног тус тус цагдан хоригдсон байх бөгөөд тэдний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэлээ.

           

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.М, М.Х, Э.Г нарт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан зүйчилж шүүхэд ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар,

шүүгдэгч Г.З-д 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар тус тус өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Г.З, Б.М, М.Х, Э.Г нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн /2015/ ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан, шүүгдэгч Б.М, М.Х, Э.Г нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар, шүүгдэгч Г.З-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар нарыг тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн /2015/ ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар Г.З, Б.М, М.Х, Э.Г нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Х, Э.Г нарын урьд цагдан хоригдсон 42 хоног, Б.М-ын цагдан хоригдсон 15 хоног, Г.З-ын цагдан хоригдсон 29 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

            6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5-д зааснаар 2016 оны 7 сарын 18-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Г.З-ын эзэмшлийн 49-16 ХЭҮ улсын дугаартай тоёота приус маркийн автомашиныг хураан улсын орлогод оруулсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 80 см урттай цагаан мяндсан уяаг устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.З, Б.М, М.Х, Э.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.З, Б.М, М.Х, Э.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                                        Э.ЧИНГИС