Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 718

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.З, Б.М, М.Х, Э.Г нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

Прокурор М.Цэнд-Аюуш,

Ялтан Г.З-н өмгөөлөгч К.Бауиржан,

Ялтан Б.М-н өмгөөлөгч Д.Жаргал,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 431 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Г.З өмгөөлөгч К.Бауиржаны гаргасан давж заалдах гомдлоор Г.З, Б.М, М.Х, Э.Г нарт холбогдох эрүүгийн 201625011463 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш овогт Г.З, 1993 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Байгаль орчны хяналт үнэлгээний мэргэжилтэн мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй /РД:.../,

Д овогт Б.М, 1997 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй /РД:.../,

И овогт М.Х, 1992 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ... оршин суух хаягтай, ял шийтгэлгүй /РД:.../,

Б овогт Э.Г, 1991 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, ... оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:.../,

Б.М, М.Х, Э.Г нар нь урьдчилан үгсэн тохиролцож 2016 оны 4 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.З өөрийн эзэмшлийн 64-87 УНД улсын дугаартай “Аванте ХД” маркийн автомашинтай таксинд явж байхад нь эд хөрөнгийг авах зорилгоор нарийн мяндсан уяагаар хоолойг нь боож амь биед нь аюултай аргаар хүч хэрэглэн хар өнгийн савхин куртик, бэлэн 20 000 төгрөг, гар утас зэрэг эд зүйлийг дээрэмдсэн, давтан үйлдлээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Ө өөрийн эзэмшлийн 52-64 УБХ улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн автомашинтай таксинд явж байхад нь эд зүйлийг нь авах зорилгоор нарийн мяндсан уяагаар хоолойг нь боож амь биед нь аюултай аргаар хүч хэрэглэн 30 000 төгрөг, “Нокиа” маркийн гар утас зэрэг эд зүйлийг дээрэмдсэн,

Г.З нь Б.М, М.Х, Э.Г нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултай аргаар хүч хэрэглэн 2016 оны 4 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.З хар өнгийн савхин куртик, бэлэн 20 000 төгрөг, гар утас зэрэг эд зүйлийг дээрэмдсэн, давтан үйлдлээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Ө 30 000 төгрөг, “Нокиа” маркийн гар утас зэрэг эд зүйлийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхэд дээрмийн гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, Б.М, М.Х, Э.Г нарт зааж зөвлөх, гүйцэтгэх үүргийг хувиарлах, дээрэм хийсэн газраас очиж авах, хүргэж өгөх зэргээр өөрийн 49-16 ХЭҮ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн автомашинаар үйлчлэн дээрмийн гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.М, М.Х, Э.Г нарын үйлдсэн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 3-нд батлагдсан шинэ Эрүүгийн хуулийн 1 дүгээр бүлгийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх” заалтыг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар,

Г.З үйлдсэн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.М, М.Х, Э.Г нарт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан зүйлчилж шүүхэд ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар, Г.З 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар тус тус өөрчлөн зүйлчилж, Г.З, Б.М, М.Х, Э.Г нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан, Б.М, М.Х, Э.Г нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар Г.З Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар Г.З, Б.М, М.Х, Э.Г нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ялтны өмгөөлөгч К.Бауиржан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгчийн хувьд шүүхийн энэхүү тогтоолын тогтоох хэсгийн 3,4 дэх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тогтоох боломжтой байсан гэж үзэж байгаа болно. Учир нь Г.З хувьд ганц бие эцэг бөгөөд түүний хүүхэд Б нь одоо 4 сартай, эцэг Г.З асрамжинд байсан болно. Хүүхдийн эхтэй нь асуудалтай байсан учраас төрсний дараа орхиод явсан гэсэн. Гэвч шүүхээс Г.З хорих ял оногдуулснаас хойш тэрээр эмээгийнхээ асрамжинд очоод байна. Г.З хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлж барагдуулсан, 4 сартай хүүхэдтэй ганц бие эцэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ялыг хойшлуулах боломжтой гэж үзэж байна. Түүний хувьд дээд сургууль төгссөн мэргэжил боловсролоороо ажил хийж хөдөлмөрлөн охиныгоо асарч, өсгөн хүмүүжүүлэх бүрэн боломжтой, цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадах нэгэн юм. Хэрэв давж заалдах шатны шүүхээс түүний энэхүү хувийн байдлыг харгалзан үзэж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хойшлуулсан тохиолдолд сайн хүн байж, дахин гэмт хэрэгт холбогдохгүй байх бүрэн боломжтой гэдгээ илэрхийлээд байгаа болно. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Г.З оногдуулсан 1 жилийн хорих ялыг хойшлуулж өгнө үү гэжээ.

Ялтан Б.М өмгөөлөгч Д.Жаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М одоо 20 настай. Анхан шатны шүүх хуралдаанд өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 21 насанд хүрсэн хүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч болно. Гэтэл шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих боломжтой. Гэтэл Б.М сургалт, хүмүүжлийн тусгай байгууллага гэсэн хууль нь батлагдаагүйгээс насанд хүрсэн хүмүүстэй адил ял шийтгэл оногдуулаад байгаа учраас ялын хэмжээг 2 дахин багасгаж өгнө үү гэв.

Прокурор М.Цэнд-Аюуш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Харин ч хөнгөн ял шийтгэл оногдуулсан гэж дүгнэж байна. Үүнээс илүү ял шийтгэлийг нь хөнгөрүүлж, хорих ялыг хойшлуулах асуудал байх боломжгүй гэж үзэж байна. Ганц бие эцэг гэдэг нь нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Дөнгөж төрсөн хүүхдээ хаяад явдаг эх гэж байхгүй байх. Хүүхэд нь одоо эхийнхээ асрамжид байгаа байх. Энэ гэмт хэрэг нь 2016 онд үйлдэгдсэн хэрэг юм. Мөрдөн байцаалтын шатанд удаан шалгагдахад огт яригдаагүй байж байгаад өнөөдөр ял шийтгэл оногдуулсны дараа давж заалдах шатны шүүхэд үндэслэл муутай нотлох баримт гаргаж гомдлоо гаргасан байна. Тэгэхээр давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн  3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд шийтгэх тогтоол хуульд нийцэж гарсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

М.Х, Э.Г, Б.М, Г.З нар нь урьдчилан үгсэн тохиролцож 2016 оны 4 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.З өөрийн эзэмшлийн 64-87 УНД улсын дугаартай “Аванте ХД” маркийн автомашинтай таксинд явж байхад нь эд хөрөнгийг авах зорилгоор нарийн мяндсан уяагаар хоолойг нь боож амь биед нь аюултай аргаар хүч хэрэглэн хар өнгийн савхин куртик, бэлэн 20 000 төгрөг, гар утас зэрэг эд зүйлийг дээрэмдсэн, давтан үйлдлээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Ө өөрийн эзэмшлийн 52-64 УБХ улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн автомашинтай таксинд явж байхад нь эд зүйлийг нь авах зорилгоор нарийн мяндсан уяагаар хоолойг нь боож амь биед нь аюултай аргаар хүч хэрэглэн 30 000 төгрөг, “Нокиа” маркийн гар утас зэрэг эд зүйлийг дээрэмдсэн,

Г.З нь Б.М, М.Х, Э.Г нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултай аргаар хүч хэрэглэн 2016 оны 4 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.З хар өнгийн савхин куртик, бэлэн 20 000 төгрөг, гар утас зэрэг эд зүйлийг дээрэмдсэн, давтан үйлдлээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Ө 30 000 төгрөг, “Нокиа” маркийн гар утас зэрэг эд зүйлийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхэд дээрмийн гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, Б.М, М.Х, Э.Г нарт зааж зөвлөх, гүйцэтгэх үүргийг хувиарлах, дээрэм хийсэн газраас очиж авах, хүргэж өгөх зэргээр өөрийн 49-16 ХЭҮ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн автомашинаар үйлчлэн дээрмийн гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь:

хохирогч С.З мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 4 дүгээр сарын 18-19-ний шилжих шөнө 04 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн 64-87 УНД улсын дугаартай Аванте ХД маркийн машинтайгаа таксинд явж байгаад “Натур” төвийн орчмоос зам дээрээс үл таних 3 залуу гар өргөж сууцгаасан. Тэд нар “Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжин явна” гэсэн. Жанжины Чулуун овооны урд гудамжаар ороод Ботаникийн хашаа орчимд Баруун Жанжин 22-451 тоот айлын гадаа зогс гэсэн. Би 4500 төгрөг гарсан байна гэсэн чинь араас нэг залуу нь үгийн зөрүүгүй араас нарийн уяагаар хоолой боогоод намайг ухаан алдуулсан. Тэр 3 залуу бүгд машины арын суудалд суусан юм. Намайг сэрэхэд миний өмсөж явсан хар өнгийн хагас богино савхин куртик, өмдний карманд байсан. Түрийвчнээс 75.000 төгрөг аваад түрийвчийг үлдээсэн. “Касио” маркийн оосортой шар бүрмэл бугуйн цаг “Самсунг С4” маркийн шар өнгийн урд хэсгээрээ цагаан гар утас, “Zippo” маркийн асаагуур зэрэг эд зүйлийг дээрэмдээд явсан байсан…20-25 орчим насны 3 залуу байсан. Хоолойг нарийн уяагаар боосон.” /1хх-23/ гэх мэдүүлэг,

хохирогч Х.Ө мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 4 дүгээр сарын 18-19-ний шилжих шөнө 04 цаг 30 минутын үед Жуковын автобусны “Офицер, Улаанхуаран” руу явдаг буудлаас үл таних 3 залуу такси барьж сууцгаасан. Тэр 3 залуу миний машины хойд талын суудалд сууж явсан. Тэр 3 Улаанхуаран орно гэсэн. Тэгээд Улаанхуарангийн эцэст ирсэн. Тэгээд би “хаашаа эргэх бэ” гэж асуухад голд сууж байсан нэг залуу нь “автобусны буудал өнгөрөөд баруун гар тийшээ эргэ” гэсэн. Тэгэхээр нь би машинаар хэлснээр нь эргүүлсэн. Тэгсэн мухар гудамж байсан. Тэд нар зогсож амжаагүй байхад араас баруун талд сууж явсан залуу нарийн цагаан уяагаар миний хоолойг боосон. Би уяанд нэг гараа оруулж амжсан. Тэгсэн нэг залуу нь “мөнгөө өг, чамайг ална” шүү гэсэн. Тэгэхээр нь би нөгөө гараараа куртикнээсээ мөнгө гаргаж өгсөн. Тэгсэн “утсаа өг” гэхээр нь “надад утас байхгүй” гэсэн. Тэгээд худлаа яриад бай, чамд утас байхгүй юу гээд боолтоо улам чангалсан. Тэгэхээр нь куртикныхээ карманаас би утсаа гаргаж өгсөн. Тэд нар хоорондоо “наадахынхаа түлхүүрийг ав” гээд яриад байсан. Тэгэхээр нь би “та нар хүн аллаа” гээд хоёр гурав орилсон. Тэгэхэд “машиныхаа түлхүүрийг ав” гэж орилоод хоёр талын хаалга онгойлгоод хэн нэгэн түлхүүрийг нь хашааны буланд тавилаа шүү гэж орилоод тэд нар гүйсэн. Намайг боож байсан хоёр залуугийн араас нь би гүйсэн…20-05 орчим насны 3 залуу байсан.” /1хх-37/ гэх мэдүүлэг,

ялтан Б.М сэжигтэн, ялладагчаар өгсөн: “2016 оны 4 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө 01 цагийн үед М.Х ах, Э.Г, Г.З бид 4 Г.З машинтай гарсан. Г.З өөрөө приус 10 маркийн машинтай байдаг юм. Тэгээд Г.З бид 3-ыг Бөхийн өргөөний орчимд буулгасан. Бид 3 буцаад Жуков руу алхсан. Тэндээс такси барьсан. Такситайгаа Улаанхуаран орсон. Улаанхуарангийн эцсийн буудлын мухар гудамж руу уг таксиг оруулсан. Тэгээд би таксины жолоочийг нарийн уяагаар араас нь боосон. Э.Г, М.Х хоёр жолоочоос эд зүйлсийг авсан. Тэр жолоочоос 30.000 төгрөг “Нокиа” маркийн гар утсыг аваад машиныхаа түлхүүрийг аваад хашааны буланд орхилоо шүү гэж тэр хоёрын нэг нь орилсон. Хэн нь тэгж орилсоныг мэдэхгүй. Тэгээд Г.З ахыг утсаар Улаанхуарангийн автобусны буудлын орчимд дуудсан. Г.З ахаар тэндээс 13 хорооллын доош голын замын орчимд зам дээр хүргүүлсэн. “Натур” төвийн орчмоос ахиж такси барьсан. Тэр таксигаа “Чулуун овоо”-ны гэр хороолол руу оруулсан. Тэр таксины жолоочийг би мөн адил 100-ын уяагаар араас нь хоолойг нь боосон. Тэр таксины жолоочоос эд зүйлсийг М.Хонгор ах, Э.Г ах нар авсан. Тэр таксины жолоочоос савхин куртик ЛЖИ маркийн гар утас, 20.000 төгрөгийг авсан. Бид нар ахиж тэндээс Г.З дуудсан…Г.З машинаараа бид нарыг хүргэж өгч байсан. Би дандаа жолоочийн араас нь боож хөдөлгөөнгүй болгож М.Х ах, Э.Г нар эд зүйлсийг авч байсан.” /1хх-132/ гэх мэдүүлэг,

ялтан М.Х сэжигтэн, ялладагчаар өгсөн: “2016 оны 4 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Э.Г, Б.М бид 3 манай гэрээс гараад хүнтэй уулзахаар 16 дугаар хороолол орсон ба тэндээсээ 13 дугаар хороолол руу явах гэсэн чинь автобус унаа зогсчихсон байсан. Тэгэхээр нь би Г.З дуудаж Г.З машинаар 13 дугаар хороолол хүргүүлсэн ба замдаа Г.З такси дээрэмдэх санааг гаргаж М.Г бид 3-ыг хий гэсэн…Ингээд Э.Г, Б.М бид 3 Хөдөө аж ахуйн автобусны буудал дээр буугаад тэндээсээ алхаж байгаа такси барьсан…Таксины жолоочийн хоолойг Б.М мяндсан уяагаар боож А.Г бид 2 жолоочийн эд зүйлийг ухаж авч байсан. Харин Г.З машинаараа биднийг байгаа газраас нь авч буцаад өөр өөр газруудад буулгаж өгч байсан.” /1хх-223/ гэх мэдүүлэг,

ялтан Э.Г сэжигтэн, ялладагчаар өгсөн: “2016 оны 4 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө М.Х гэрээс Улаанхуарангаас гараад микронд сууж айл руу явна гэсэн боловч микро зогсчихсон байхаар нь М.Х, Г.З дуудаж Г.З машинтайгаа ирж биднийг аваал явсан. Ингээд Б.М, М.Х бид 3 машинаас буугаад алхаж байгаад такси барьж дээрэм хийсэн. Би хот сайн мэдэхгүй учраас хаана хаанаас такси барьж хаана хаана очсоныг мэдэхгүй байна. Тэгээд Б.М жолоочийн хоолойг боож М.Х эд зүйлийг авч байсан. Харин би нэг бугуйн цаг л авсан. Эхний таксины дээрмээс Г.З 10.000 төгрөг өгсөн байх. Маргааш нь М.Х надад 8500 төгрөг л өгсөн. Ингээд би нэг бугуйн цаг, 8500 төгрөг авсан.” /1хх-224/ гэх мэдүүлэг,

ялтан нарын ял шалгах хуудас /1хх-151, 158, 164, 166/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол Тоёота приус 10 маркийн 49-16 ХЭҮ улсын дугаартай автомашин /1хх-216/,

Эд зүйлийн үнэлгээ /2хх-9/,

“Хөрөнгө үнэлгээний Дамно” компанийн автомашины үнийн тодорхойлолт /2хх-188/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-5/,

Орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-6/,

Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-7-8/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-11, 12, 13, 14 15, 16/,

Хохирлын мөнгө түр хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-17/,

Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-18/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1хх-20/,

Эд зүйлийн үнэлгээ /1хх-21, 35/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-30/,

            гэрэл зургийн үзүүлэлт /1хх-31, 33-34, 2хх-18-19/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /2хх-10-11/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн  заалттай нийцжээ.

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, М.Х, Э.Г, Б.М, Г.З нарт оногдуулсан ял  нь  ялтны хувийн байдал, тэдний гэм буруу, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээнд тохирсон, хохирлыг зөв тооцжээ.

Прокуророос Г.З дээрмийн гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн байх боловч анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэж дүгнэн зүйлчлэлд өөрчлөлт оруулсныг хууль буруу хэрэглэсэн гэж үзсэнгүй.

Ялтан Г. өмгөөлөгч К.Бауиржан “Г.З нь 4 сартай хүүхэдтэй ганц бие эцэг тул  хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг  хойшлуулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргасан бөгөөд хэргээс үзэхэд Г.З хүүхэдтэй байсан эсэх, ганц бие эцэг болохыг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй, ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдолдоо хавсаргасан “ганц бие эцэг” гэх багийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэл бүхий баримт гэж үзэх боломжгүй бөгөөд Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх заалт нь “хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг заавал хойшлуулах” үүрэг бүхий заалт биш юм.

Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж ялтны өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй  гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 Шүүхийн шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 3 дахь заалт  хууль зүйн үндэслэлтэй боловч  утга найруулгын хувьд ойлгомжгүй бичигдсэнийг цаашид анхаарах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 431 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Г.З өмгөөлөгч К.Бауиржаны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

        

 

 

                                    ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                       Д.ГАНСҮХ                                                   

                                    ШҮҮГЧИД                                                           М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                           

                                                                                                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ