Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2023/05380

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, *** /регистрийн дугаар **/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** тоотод байрлах, *** /регистрийн дугаар ***/-д холбогдох

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.******* би 2022 оны 8 дугаар сард анх ******* ХХК-ийн 138 дугаар бөмбөлөгт ажилд орсон ба тус компани нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын 5 дугаар баг Хайрхан гэх газар жолооч нараар автомашин бариулж нүүрс тээвэрлүүлдэг 138 дугаар бөмбөлөг юм. Тус газарт байгууллагын ажилчдын амрах байр байдаг ба тус байранд байрлах жолооч нар нь амрах үедээ хорио цээрийн дэглэмтэй үед архидан согтуурч хутга барьж нэг нэгийгээ ална гэж айлган сүрдүүлж дарамталсан байдалтай байдаг. Би тухайн зөрчилд нь удирдах албан тушаалтан болох, менежер Э.Урантогост хэлж шаардлага тавьдаг, хэл ам хийдэг байсанд таалагдахгүйн улмаас намайг ажлаас халж байна гэж би ойлгож байна. Учир нь тухайн ажлаас ямар шалтгаанаар халж байгаагаа хэлэхгүй утсаар ажлаас халсан гэж хэлж байгаа нь үндэслэлгүй. Миний хувьд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн асуудал огт гаргаж байгаагүй юм. ******* ХХК-ийн 138 дугаар бөмбөлгийн менежер Э.Урантогос нь ажлын шаардлагаар хоол унд, амралт, ажлын байрны талаар шаардлага тавьж байсан, шаардлага тавьж байсан жолооч нарыг ажлаас хална гэж дарамталж, зарим жолооч нараар намайг замын хөдөлгөөнд оролцож байхад машинтай шахуулж айлган дарамталж амь насанд заналхийлгэж байсан. Тухайн ажил хийж байх үед би сард үндсэн цалин 800,000 төгрөг, сард 4 удаа тээвэр хийж улсын хилээр гардаг тээвэр нь долоо хоногт 3,850,000 төгрөг ажлын хөлс авдаг сардаа 15,400,000 төгрөг, үндсэн цалин нэмээд нийт 16,200,000 төгрөг болдог. 2023 оны 2 дугаар сарын 20-нд Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор орсон юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороо хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээг дуусгавар болгон иргэний хэргийн шүүхээр шийдүүлэхээр болсон. Надтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, хэрэгт ирүүлсэн гэрээнд би гарын үсэг зураагүй боловч миний байгуулсан гэрээтэй утгын хувьд ижил байна.

Иймд намайг ажилд минь эгүүлэн томилж, миний ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал зэргийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

2. Хариуцагч ******* ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.*******ийн нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б.******* нь цагаан хаданд байрлаж ажиллаж байхдаа ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хамт ажиллаж байсан жолооч болон компанийн машины цонхыг хагалж, 2 толийг эвдэлж, архи зарж хөдөлмөрийн гэрээ цуцлах ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Тухайн үед БНХАУ-ын хил гаалийн журмаас шалтгаалан нүүрс тээвэрт оролцож байгаа жолооч нарт хатуу шаардлага тавьж ковид 19 халдвар авахаас сэргийлж тусгаарлалтын байдалтай байрлуулдаг байсан. Учир нь нэг л жолоочоос ковид илэрсэн тохиолдолд тухайн багцад орсон бусад жолооч нар тээвэрлэлт хийх боломжгүй болох дахин шинжилгээ өгөх зэрэг олон ажил хийгддэг нүүрсээ ч цагтаа тээвэрлэж чадахгүйд хүрч байсан. Гэтэл ийм үед жолооч нарыг тусгаарлан байрлуулсан кемпед архи согтууруулах ундаа хэрэглэж бусад ажилчидтай маргалдаж компанийн тээврийн хэрэгслийн цонхыг хагалж зөрчил гаргасан. Ингээд ажлаас халсан тушаалыг танилцуулах гэсэн боловч ажлын байраа орхин явсан байсан. Мөн компаниас Б.*******той холбоотой хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсгэж түүнийг хариуцаж ажиллаж байсан ажилтан бол А.Урантогос бөгөөд Улаанбаатар хотод ажиллаж буй ажилтнууд Б.*******ийн талаар мэдээгүй байсан. Мөн компанийн данснаас ямарваа нэг байдлаар цалин хөлс гэж Б.*******ид олгож байгаагүй. Б.*******ийн гарын үсэг зурж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь олдохгүй байгаа бөгөөд хэрэгт 2022 оны 6 дугаар сарын огноотой хөдөлмөрийн гэрээг ирүүлсэн. Хөдөлмөрийн дотоод журамд дугаарлалтын алдаатай байна лээ, сахилгын ноцтой зөрчил гаргасан. Эрүүгийн журмаар шалгуулсан асуудлын хувьд компанийг шалгуулаад гэмт хэргийн шинжгүй байна гэсэн хариу өгсөн байдаг.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Б.*******ийн ******* ХХК-д гаргасан хүсэлт, Баянзүрх дүүргийн Засаг даргад гаргасан хүсэлт, ******* ХХК-ийн шимтгэл төлөлтийн талаарх баримт, Б.*******ийн иргэний үнэмлэх, Б.*******ийн Хаан банкны 5029873705 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б.*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, нэхэмжлэгчийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа, фото зургууд, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн үзлэгийн баримт, Энгүүнболор хуяг ХХК болон Галба ресурс ХХК, Энержи ресурс ХХК, Алтан говь транс ХХК-ийн пүүний баримтууд, Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицууулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 26 дугаартай тэмдэглэл, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаартай тогтоол, Нийслэлийн прокурорын газрын Прокурорын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 114 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 1/976 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Б.*******ийн 9411-4254 дугаарын утасны биллыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн,

Хариуцагчийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагчийн итгэмжлэлүүд, хариуцагчийн хариу тайлбарыг тус тус хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

4. Зохигчдын хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримт: 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн гэрч А.Урантогосын мэдүүлэг, ******* ХХК-ийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 23/33 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал, тус компанийн хөдөлмөрийн дотоод журмыг тус тус зохигчдын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Б.******* нь ******* ХХК-ийн цагаан хаданд байрлах кемпид ажиллаж байхдаа ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хамт ажиллаж байсан жолоочтой муудалцсан, компанийн машины цонхыг хагалж, 2 толийг эвдэлж, архи зарж хөдөлмөрийн гэрээ цуцлах ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж хариуцагч маргаж байна.

3. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4а. Хавтаст хэрэгт хариуцагч талаас 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ХГ/8 дугаартай Хөдөлмөрийн гэрээ-г ирүүлсэн ба уг гэрээнд нэхэмжлэгч Б.******* нь гарын үсэг зураагүй боловч тэрээр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний агуулгатай ижил байна гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан тул нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй гэж үзэв.

4б. Б.******* нь ******* ХХК-д 2022 оны 8 дугаар сард жолоочоор ажилд орж, 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр нүүрс коксжих боловсруулаагүй бүтээгдэхүүнийг ******* ХХК /тээвэрлэгч/-ийн 3861 УНЧ улсын дугаартай автомашинаар экспортын тээвэрлэлт хийж, 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдөр цалин авч, энэ цаг хугацаанаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн болох нь Энгүүнболор хуяг ХХК-ийн пүүний баримт, нэхэмжлэгчийн хаан банкны дансны хуулга, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ гэж зааснаар зохигчдын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа 2022 оны 8 дугаар сард үүссэн байна.

5. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 23/33 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, 80 дугаар зүйлийн 80.1.4, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.6, 10.6.4, 10.6.6, 10.6.7, 10.7, 10.9, хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.8, 8.8.1, 8.8.13, 8.8.14-т заасныг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл бий болсон буюу 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн, борлуулсан, хамтран ажиллагсадтай маргалдсан, танхайрсан, компанийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг эвдэлсэн, чөлөө зөвшөөрөлгүй 3 өдөр ажлаа тасалсан сахилгын ноцтой зөрчил гаргасан тул тус компанид жолооч ажилтай Б.*******той 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан №ХГ/8 хөдөлмөрийн гэрээг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөр тасалбар болгон цуцалж ажлаас чөлөөлжээ.

5а. Дээрх тушаалыг ажил олгогчийн зүгээс Б.*******ид танилцуулаагүй боловч энэхүү хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосонтой холбоотойгоор нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, тус хорооноос 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр №26 дугаартай тэмдэглэл үйлдэгдэж, уг тэмдэглэлийг 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, улмаар 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гомдлын шаардлага гаргажээ.

Дээрхээс үзвэл нэхэмжлэгч Б.******* нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбоотой гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж заасны дагуу гаргаж, урьдчилан шийдвэрлүүлэн, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж зааснаар хуулийн хугацаанд гомдлын шаардлагаа шүүхэд гаргасан байна.

6. Б.*******ийг ажлаас чөлөөлсөн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн, борлуулсан, хамтран ажиллагсадтай маргалдсан, танхайрсан, компанийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг эвдсэн, Чөлөө зөвшөөрөлгүй 3 өдөр ажлаа тасалсан гэх үндэслэлийн хувьд:

6а. ******* ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гэсэн дэд хэсгийн 10.6.6-д Ажлын цагаар /томилолтоор ажиллах/ болон ажлын байранд, кемпэд амрах байрлах үе, ачилтын талбай, тээврийн замд зорчих үед согтууруулах ундаа хэрэглэсэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажлын байранд нэвтэрсэн, 10.6.7-д Ажлын байранд, кемпэд бусдад саад учруулж танхайрсан, хамт олны эвсэг байдалд сөргөөр нөлөөлөхүйц харилцааны зүй бус үйлдэл гаргасан, бусад ёс зүйгүй үйлдэл /үндэслэлгүй хов жив тараах, бусдыг доромжлох, нэр хүндэд нь халдах, компанийн эсрэг сурталчилгаа хийж бусдыг өдөөн турхирах, хамт олныг хагалган бутаргах үйл ажиллагаа явуулах, зодолдох, маргалдах, танхайрах гэх мэт/ гаргасан гэж заажээ.

Нэхэмжлэгч Б.******* нь бусад жолооч нартай кемпэд байхдаа маргалдаж, хоорондоо зодолдсон, компанийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн цонхыг хагалсан гэх боловч уг зодоон нь хэзээ, хэний буруутай үйлдлээс болсон нь тодорхойгүй, мөн энэхүү асуудлыг хариуцагч нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг хаагдсан гэсэн тайлбарыг гаргаж байх боловч холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн тайлбар, татгалзлыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, ажил олгогчийн зүгээс ажилтны гаргасан зөрчлийг хууль, журамд заасны дагуу тогтоосон болох нь нотлогдохгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд би согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй гэх тайлбарыг гаргаж байх бөгөөд хариуцагч нь түүнийг согтруулах ундааны зүйл хэрэглэсэн гэсэн үндэслэл зааж ажлаас чөлөөлөхдөө энэхүү зөрчлийг хэрхэн тогтоосон болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

6б. Хөдөлмөрийн дотоод журмын Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гэсэн дэд хэсгийн 10.6.4-т Харьяа нэгжийн удирдлагад урьдчилан мэдэгдэж албан ёсоор чөлөө авалгүй нэг сарын дотор 3 ба түүнээс дээш удаа мөн дарааллан 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, орхиж явсан эсхүл ажил тасалсан болон хоцорсон, ажлын цаг дуусахаас өмнө явсан цагууд нийлбэрээр нэг сард 72 цаг ба түүнээс дээш гарсан, чөлөөний хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 1 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн гэж заажээ.

Б.*******ийн хувьд ажил тасалсан өдрүүд тодорхойгүй буюу хэднээс хэдний хооронд 3 өдөр ажил тасалсан болох, энэ талаарх цагийн бүртгэл зэрэг баримтыг хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй байна.

6в. Ийнхүү ажил олгогчийн удирдлагын зүгээс ажилтныг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн дотоод журмын 10.9-д Хүний нөөцийн мэргэжилтэн, менежер нь сахилгын шийтгэл ногдуулах санал гаргах ба саналаа зөрчлийг мэдэх хүмүүс болон зөрчил гаргасан ажилтны саналыг амаар боломжтой бол бичгээр авч холбогдох баримтыг хавсаргасан байна. Саналыг үндэслэн гүйцэтгэх захирал тушаал гаргана гэж зааснаар хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч Б.*******ийн гаргасан гэж үзэж буй ноцтой зөрчлийг хэрхэн тогтоож, баримтжуулан, өөрт нь болон холбогдох бусад ажилтнаас санал авах ажиллагааг хийсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана гэж заасан ажиллагааг хариуцагч нь хийгээгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Б.*******ийг ******* ХХК-ийн жолоочийн ажил, албан тушаалд эгүүлэн томилох нь зүйтэй гэж үзэв.

7. Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх-ээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заажээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3, 2.3.5-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор-ыг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох олговрыг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр, 1.6-д хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр тооцохоор журамласан байна.

7а. Дээр дурдсанчилан хавтаст хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд хөдөлмөрийн гэрээний 4.1-д ажил олгогч нь ажилтны цалин хөлсийг сард 2 удаа буюу сар бүрийн 25-ны өдрүүдэд олгох бөгөөд тухайн өдөр нь ... гэж, мөн Б.*******ийн Хаан банкны дансны хуулгаас үзэхэд зарим цалин нь хятадын компаниас шууд ордог байсан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.*******ийн Хаан банкны дансны хуулгаас үзэхэд 5601074973 тоот данснаас 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 3,050,000 төгрөг цалин гэсэн утгаар, мөн данснаас 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 3,255,000 төгрөг цалин гэсэн утгаар, мөн данснаас 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 3,255,000 төгрөг цалин гэсэн утгаар, мөн данснаас 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 3,255,000 төгрөг цалин гэсэн утгаар, мөн данснаас 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 3,345,000 төгрөг цалин гэсэн утгаар, 211600030307 тоот данснаас 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 3,058,000 төгрөг цалин Урантогос Авирмэд гэсэн утгаар, мөн данснаас 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2,540,000 төгрөг цалин Урантогос Авирмэд гэсэн утгаар тус тус шилжүүлжээ.

Цалин хөлсийг 2 удаа олгоно гэсэн хөдөлмөрийн гэрээний заалтыг үндэслэн цалин хөлсний дундажийг тооцох нь зүйтэй байх бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 3,255,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 3,255,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 3,345,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 3,058,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2,540,000 төгрөгийн цалин хөлсний дундаж 15,453,000 төгрөг ба үүнийг 3 сард хуваахад 5,151,000 төгрөг гарч байна. Энэхүү 5,151,000 төгрөгийг ажлын 21 өдөрт хуваахад нэг өдрийн цалин 245,286 төгрөг гарч байх бөгөөд үүнийг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх ажлын 212 хоногоор тооцоход 52,000,632 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

7б. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах нь ажил олгогчийн үүрэг ба нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу бичилт хийж, холбогдох суутгалыг хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

8. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага бүхий хэрэг нь гомдлоор хэлэлцэх маргаан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 52,000,632 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн тул энэхүү үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 417,953 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ийг ******* ХХК-ийн жолоочийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговорт 52,000,632 /тавин хоёр сая зургаан зуун гучин хоёр/ төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Б.*******ид олгож, Б.*******ийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 417,953 /дөрвөн зуун арван долоон мянга есөн зуун тавин гурав/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ