Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00283

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00283

 

 

 

2024 02 05 210/МА2024/00283

 

Б.П-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 04-

ний өдрийн 101/ШШ2023/05380 дугаар шийдвэртэй, Б.П-ийн нэхэмжлэлтэй, А-И- ХХК-д холбогдох, Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж баталгаажуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.П-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Анх 2022 оны 08 сард А-И- ХХК-д жолоочоор ажилд орсон. Миний хувьд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн асуудал огт гаргаж байгаагүй. А-И- ХХК-ийн тээврийн жолооч нарын амрах байр, хоол ундыг хариуцаж, зохион байгуулагдаг газар нь 000 дугаар бөмбөлөг юм. Би ажлын шаардлагаар хоол унд, амралт, ажлын байрны талаар уг бөмбөлөгт компанийн үйл ажиллагааг хариуцсан менежер А.У-т шаардлага тавьсныг ажлаас хална гэж дарамталж, зарим жолооч нараар намайг замын хөдөлгөөнд оролцож байхад машинтай шахуулж дарамталж, заналхийлгэж байсан. Тухайн ажил хийж байх үед би сард үндсэн цалин 800,000 төгрөг, сард 4 удаа тээвэр хийж улсын хилээр гардаг тээвэр нь долоо хоногт 3,850,000 төгрөг ажлын хөлс авдаг сардаа 15,400,000 төгрөг, үндсэн цалин нэмээд нийт 16,200,000 төгрөг болдог. Иймд урьд эрхэлж байсан жолоочийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал зэргийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Б.П- нь Ц- байрлан ажиллаж байхдаа ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хамт ажиллаж байсан жолооч болон компанийн автомашины цонхыг хагалж, 2 толийг эвдэлж, архи зарж хөдөлмөрийн гэрээ цуцлах ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халсан. Тухайн үед БНХАУ-ын хил гаалийн журмаас шалтгаалан нүүрс тээвэрт оролцож байгаа жолооч нарт хатуу шаардлага тавьж ковид-19 халдвар авахаас сэргийлж тусгаарлан байрлуулдаг байсан үед жолооч нарын кемпед согтууруулах ундаа хэрэглэж бусад ажилчидтай маргалдаж компанийн тээврийн хэрэгслийн цонхыг хагалж зөрчил гаргасан. Компаниас Б.П-той холбоотой хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсгэж түүнийг хариуцаж ажиллаж байсан ажилтан бол А.У- юм. Мөн компанийн данснаас ямарваа нэг байдлаар цалин хөлс гэж Б.П-ид олгож байгаагүй, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ олдохгүй байгаа бөгөөд хэрэгт 2022 оны 06 сарын огноотой хөдөлмөрийн гэрээг ирүүлсэн. Эрүүгийн журмаар шалгуулсан асуудлын хувьд компанийг шалгуулаад гэмт хэргийн шинжгүй байна гэсэн хариу өгсөн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар Б.П-ийг А-И- ХХК-ийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 52,000,632 төгрөгийг хариуцагч А-И- ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Б.П-ид олгож, Б.П-ийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч А-И- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 417,953 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нь 2022 оны 08 сард тус компанид ажилд орсон бөгөөд 2023 оны 01 сарын 17-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэн 0000- автомашины жолооч нартай маргалдаж, өөрийн тээврийн хэрэгслийн толь, цонхыг хагалсан зөрчлийг кемпэд гаргаж, энэ талаар шаардлага тавьсан ажилтны шаардлагыг хүлээж авалгүй ажлаа орхин явсан байдаг. Үүнийг анхан шатны шүүхээс зөрчлийг шалгаж тогтоогоогүй нотлох баримтаа ирүүлээгүй гэжээ. Гэтэл энэ талаар тухайн үед хариуцан ажиллаж байсан менежер А.У-ын 2023 оны 10 сарын 03-ны өдрийн гэрчийн мэдүүлэгт "Б.П- нь хууль бус архи согтууруулах ундаа жолооч нартаа зарсан... 00-01 автомашины эзэнд 1,000 юанын хохирол гарч цалингаас нь суутгаагүй эзэн өөрөө төлсөн. Ажлаас чөлөөлсөн тушаал танилцуулах гэсэн боловч ирээгүй. Сүүлийн рейс хийхдээ 0000-автомашины жолооч нартай муудалцаад машины цонх, толийг нь хагалаад жолооч нарлуу чулуугаар шидсэн зарчил гаргасан учраас ажлаас чөлөөлсөн... Үндсэн цалин 800,000, тегрөг дээр ресийн цалин нь ордог байсан" гэж мэдүүлсэн.

Нэхэмжлэгч өөрөө шүүх хуралдааны явцад тухайн өдөр 2 жолоочтой маргалдаж чулуугаар шидсэн автомашинаа эвдэлсэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх тайлбартаа архинд дарсан уламжлалт эмчилгээний зүйл хэрэглэсэн гэх тайлбарлан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн. Мөн гэмтэлд үзүүлсэн эмчилгээний хуудсыг 2023 оны 01 сарын 20-ны өдөр үзүүлж эм бичүүлж авсан, зодолдсон гэх фото зургаа хэрэгт өгсөн байдаг. Эдгээр гэрчийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар эмнэлэгт үзүүлсэн бичиг тайлбараар сахилгын зөрчлийг 2023 оны 01 сарын 17-ны өдөр гаргасан байхад уг зодоон нь хэзээ хэний буруутай үйлдлээс болсон нь тодорхойгүй, хариуцагч нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, нотлогдоогүй" гэсэн нь үндэслэлгүй.

Зодолдсон ажилчдын үйлдэл нь хэний буруутайгаас үл хамааран ажилтан бүрт сахилгын зөрчил гаргасан гэж үзнэ. Гэтэл уг зодооныг хэний буруутай үйлдлээс шалгаалж эрүү, зөрчлийн хэрэг шиг шийтгэл ногдуулах байсан гэсэн нь үндэслэлгүй. Ажил олгогчийн хувьд ковидын хатуу нөхцөлтэй үед нүүрс тээвэрт явж байгаа жолооч нар кемпдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж хоорондоо зодолдсон нь ноцтой зөрчилд тооцогдоно.

Мөн шүүхээс хариуцагч нь ажлын цагийн бүртгэл өгөөгүй бөгөөд ажил тасалсан гэдгийг нотлоогүй гэдэг. Тухайн үед ажиллаж байсан А.У-ын мэдүүлгээр нэхэмжлэгчийг ажлаа орхиж явсныг гэрчилсэн ба Б.П- нь автомашинд хохирол учруулж уг төлбөрөө төлөхгүй хаяж явсан байдаг.

Ажилтны үндсэн цалинг 800,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцохдоо ресийн тооцоог оруулж тооцон дундаж цалин хөлсийг тооцсон нь үндэслэлгүй. Рес хийсэн үед тухайн цалин тооцогдож бусад үед тооцогддоггүй ба ажлын үр дүнгээр тооцсон цалинг үндсэн цалинтай адилтгаж гаргасан нь үндэслэлгүй. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч худал хэлж байна. Би архи уугаагүй, архи уудаггүй. 200 грамм саримсны хандыг эмчээр дамжуулж А.У- өөрөө өгсөн. Зодоон хийхэд би эрүүл байсан. Зам дээр А-И- ХХК-ийн жолооч н.Н, н.Л нар намайг машинтай явж байхад замруу шахаж осолдуулж алахыг завдсан. Машинаасаа бууж ирээд намайг цохьсон, би нүүрс авч шидээд санамсаргүй байдлаар 80,000 төгрөгийн үнэтэй цонх хагалсан. Энэ талаар А.У- цагдаад мэдэгдэж хэрэггүй гэсэн. Би цагдаад мэдэгдсэн, утсаар ярьсан тэмдэглэл ч байгаа ба цагдаагийн зүгээс тухайн 2 жолооч таныг алахыг завдсан бол өргөдөл хүсэлтээ бичээд маргааш аваад ир гэж хэлсэн. Тухайн үед миний гар, хөл, нүд хөхрөөд гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Тухайн үед А.У-оос н.Н, н.Л нарыг уучлалт гуй гэсний дагуу тэр 2 уучлалт гуйсан. Хорио цээртэй үед архи хэрэглэх боломж байхгүй ба 20:00-08:00 цаг хүртэл амрах ёстой. Үндсэн цалин 800,000 төгрөг гэж байна. Ковид 19 вирус илэрчихвэл 800,000 төгрөг өгдөг, ковид илрээгүй, ажилд явж байгаа үеийн 1 рэйсэнд 3,800,000-4,800,000 төгрөг авдаг. Би сард 4 удаа рэйсэнд явдаг байсан баримтаа өгсөн. Бүх зүйл баримттай байгаа гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гомдлын хүрээнд хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Б.П- нь хариуцагч А-И- ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шитгэл төлж баталгаажуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь сахилгын ноцтой зөрчил гаргасан учир ажлаас чөлөөлсөн гэж маргажээ.

 

3. А-И- ХХК-ийн 2023 оны 01 сарын 23-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай 23/33 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, 80 дугаар зүйлийн 80.1.4, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.6, 10.6.4, 10.6.6, 10.6.7, 10.7, 10.9, хөдөлмөрийн гэрээний 8.8, 8.8.1, 8.8.13, 8.8.14-т заасныг тус тус үндэслэл болгон Б.П-той байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, түүнийг ажлаас чөлөөлжээ.

 

4. Анхан шатны шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоон, нэхэмжлэгч Б.П-ийг хариуцагч А-И- ХХК-ийн жолоочийн ажлын байранд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасан зохицуулалтад нийцсэн байна.

Тодруулбал, хариуцагч нь ...2023 оны 01 сарын 17-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн, борлуулсан, хамтран ажиллагсадтай маргалдсан, танхайрсан, компанийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг эвдсэн, чөлөө зөвшөөрөлгүй 3 өдөр ажил тасалсан сахилгын ноцтой зөрчлийг гаргасан... гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 123.4 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтны гаргасан сахилгын зөрчлийг урьдчилан тогтоож, түүнд тохирсон сахилгын шийтгэлийн ногдуулах үүрэгтэй.

Гэтэл нэхэмжлэгч нь дээрх 00/03 дугаартай тушаалд тоочин заасан зөрчлийг гаргасан эсэх, зөрчлийг гаргасан бол уг зөрчил нь сахилгын ноцтой зөрчилд хамаарах эсэхийг хариуцагч шалган тогтоох ажиллагаа хийхгүйгээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасанд нийцээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

5. Гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгч сахилгын ноцтой зөрчил гаргасан нь нотлогдсон гэх хариуцагчийн давж заалдах гомдол хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Гэрч А.У- нь нэхэмжлэгч Б.П-ийн ажил үүргээ хэрхэн гүйцэтгэж байсан болон түүний хувийн байдлын талаархи ерөнхий мэдээллийг агуулсан мэдүүлэг өгснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодорхойлж бататгасан эсхүл үгүйсгэсэн агуулгыг илэрхийлсэн гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх болсон үндэслэлээ шүүхэд баримтаар нотлоогүй тохиолдолд гэрч А.У-ын мэдүүлэг нь хариуцагчийн татгалзлыг дангаар нотлохгүй, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг нотолгооны бусад хэрэгслээр нотлогдох учиртай.

Иймд хариуцагч татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

6. Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалын хавсралт журмын дагуу 2022 оны 11, 12, 2023 оны 01 саруудад нэхэмжлэгчийн авч байсан цалингаас тооцон дундаж цалин хөлсийг тогтоон олгож, уг хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт нийцсэн байна. Иймд нэхэмжлэгчийн цалинг үндсэн цалин 800,000 төгрөгөөс тооцох ёстой байсан гэх гомдлыг хангахгүй.

 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.П-ийг хариуцагч А-И- ХХК-ийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасантай нийцсэн, Хөдөлмөрийн тухай хуулийг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагч талын гомдлын агуулгаар шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 04-ний өдрийн 101/ШШ2023/05380 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч А-И- ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 417,953 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Э.ЭНЭБИШ