Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 221/MA2017/0357

 

   

 

 

 

 

 

 

 

 

Д.Баасансүрэнгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Э.Халиунбаяр, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Д.Баасансүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 175 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Баасансүрэнгийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 175 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Баасансүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/81 тоот тушаалыг хүчингүй болгон, нэхэмжлэгч Д.Баасансүрэнг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалтай нь дүйцэхүйц ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг /олгосон тэтгэмжийн зөрүүгээр/ хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шаардлагаа урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах гэж тайлбарлаж байсан бөгөөд шүүх хурлын явцад Сонгинохайрхан дүүргийн шинээр байгуулагдсан Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд томилуулах гэж өөрчилсөн болно. Үүнтэй холбогдуулан шүүх хариуцагч талаас тайлбараа өөрчилж гаргах боломж, хугацааг тогтоож өгч байсан. Тодруулбал, шүүхээс Сонгинохайрхан дүүргийн шинээр байгуулагдсан Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын орон тоонд одоо хүн томилогдсон байгаа эсэх, сонгон шалгаруулалт явуулах эсэх, явуулах бол хэзээ явуулах талаар тодруулга тайлбар авч байсан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрээс харахад нэхэмжлэгч эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах буюу Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст эгүүлэн томилуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар бичсэн байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтыг зөвхөн Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод харьцуулж дүгнэлт хийгээд нийлүүлж нэгтгэгдсэн Хөдөлмөрийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтыг үнэлж үзээгүй. Үүнээс шалтгаалан нэхэмжлэгч Д.Баасансүрэнгийн урьд эрхэлж байсан албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг шинээр байгуулагдсан Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст нэмэгдэж орсон байна гэж үзсэн. Ажлын байрны тодорхойлолтод хийсэн шүүхийн дүгнэлтээс харахад шийдвэрээ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг үндэслэж гаргасан гэж ойлгогдож байгаа боловч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.2.4 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалтай нь дүйцэхүйц ажил албан тушаалд эгүүлж тогтоогоод байгаа нь хариуцагч талд ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүйд тооцуулахаар гомдол гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Баасансүрэн нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад холбогдуулан “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/81 дүгээр тушаалыг хүчингүй болгож эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан байх ба шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг хүсчээ.  

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй бөгөөд хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэж байгаа шүүхийн шийдвэр хэргийн оролцогчид ойлгомжтой, тодорхой, биелэгдэх боломжтой, локик уялдаа холбоотой байх шаардлагатай.

Гэтэл анхан шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг хүссэн Д.Баасансүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “...нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийг нийлүүлж өөрчлөн зохион байгуулсан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт нэмэгдэж орсон байхад ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг зөрчсөн...” талаар дүгнэсэн атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “өмнө эрхэлж байсан ажил албан тушаалтай нь дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоож” шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр бодит байдалд хэрхэн хэрэгжих эсэх нь тодорхойгүй болжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйтэй холбоотой маргаж, ямар нэг шийдвэр гаргахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, харин тодорхой албан тушаалыг нэрлэн зааж, тухайн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан атал ямар албан тушаалд эгүүлэн тогтоож байгаа нь тодорхойгүй шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-д заасан “шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан” гэх үндэслэлд хамаарч байна.

Түүнчлэн, хэрэгт авагдсан дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга болон Хөдөлмөрийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг өөрчлөн байгуулагдсан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилготой харьцуулан дүгнэвэл Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалын ангилал нь ижил, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байрны чиг үүргээс илүү хадгалагдан үлдсэн байх ба Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг зөрчиж шалгаруулалт явуулаагүй гэж хариуцагчийг буруутгах тохиолдолд шалгаруулалтад оролцох өөр албан хаагч байгаа эсэх, хуучин дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан албан тушаалтны эрх ашиг хөндөгдөх эсэхийг тодруулалгүйгээр нэхэмжлэгч Д.Баасансүрэнгийн “Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн хэргийг шийдвэрлэх боломжгүй юм.

Мөн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/11 дүгээр тушаалаар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн бүтэц, орон тоог батлахдаа Дарга, Захиргаа хяналтын алба, Хөдөлмөр эрхлэлтийн алба, Нийгмийн халамжийн алба, Хороо хариуцсан мэргэжилтэн гэсэн бүтэцтэй байхаар, гурван алба нь тус тус даргатай байхаар тогтоосон байх ба үүнээс үзвэл хуучин дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн чиг үүрэг өөрчлөн байгуулагдсан хэлтсийн Нийгмийн халамжийн албанд, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн чиг үүрэг Хөдөлмөр эрхлэлтийн албанд шилжсэн байх магадлалтай.

Зүй нь энэ тохиолдолд шүүх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Нийгмийн халамжийн албаны даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгтэй хэрхэн нийцэж байгааг шалгаж тогтоосноор нэхэмжлэгчийг чухам аль албан тушаалд эгүүлэн тогтоох эсэх нь тодорхой болох бөгөөд нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан ажлын байрны чиг үүрэг нь тухайн байгууллагын хэлтсийн дарга, эсхүл албаны даргын ажлын байрны алинд нь илүү  хадгалагдан үлдсэн болохыг тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 Дээрх нөхцөл байдлыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлэлгүй шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэх үндэслэл болох ба хэрэгт авагдсан баримтыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүх Хөдөлмөрийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтыг үнэлж үзээгүй, нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалтай нь дүйцэхүйц ажил албан тушаалд эгүүлж тогтоогоод байгаа нь хариуцагч талд ойлгомжгүй” гэх давж заалдах гомдлыг хангаж шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 175 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                               

                              

                               ШҮҮГЧ                                                   Г.БИЛГҮҮН                                                    

                               ШҮҮГЧ                                                          Э.ХАЛИУНБАЯР  

                               ШҮҮГЧ                                                   О.НОМУУЛИН