Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2023/05531

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, шүүгч Г.Бямбажаргал, шүүгч Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, *** /регистрийн дугаар ***/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** /регистрийн дугаар ***/,

Хариуцагч: ***тоотод оршин суух, *** /регистрийн дугаар ***/ нарт холбогдох,

Гэм хорын хохирол 30,287,441 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ***,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***,

Хариуцагч ***,

Хариуцагч ***,

Хариуцагч ***,

Хариуцагч ***,

Иргэдийн төлөөлөгч ***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.******* миний бие 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр т 3,900 грамм жинтэй эрүүл саруул хүүг төрүүлж, А. гэх нэрийг өгсөн. Хүү А.г төрмөгц 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр вакцин хийлгэж 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр буюу 2 хоногийн дараа эмнэлгээс гарсан. Эмнэлгээс гарахад эмч ... шинээр төрсөн нярайн бичгээ өрхийн эмнэлэгтээ аваачиж өгөөрэй, 24 цагийн дотор эмч ирж үзлэг хийнэ гэж хэлсэн учир тус өдрөө нярайн бичгийг ээжээрээ харьяа өрхийн эмнэлэг Хасагт-Эрдэнэ ӨЭМТ-д хүргүүлсэн байдаг. Гэвч өрхийн эмнэлгээс хэн ч яриагүй, ирээгүй бөгөөд хүү А.гийн хүй нь бохирдож эвгүй үнэр гарч байсан тул ээжийгээ өрхийн эмнэлэг рүү очоод хэзээ эмч ирэхийг нь асуугаад ир гэж явуулсан боловч ... хүлээж бай гадуур үзлэгтэй өдрөө очинр гэж хэлээд явуулсан байсан. Хүүхдийн хүй бохирдоод байсан учир ээж минь манай хэсгийг хариуцдаг их эмч Б.*******тэй уулзахад ... 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн гадуур үзлэгтэй өдрөө сувилагч н.Уянга нь гудамж орхигдуулан явсан байна, дараагийн гадуур үзлэгтэй өдрөө үзье гэж хэлсэн учир хүүхдийн хүй бохирдож, үнэр гарч байгаа талаар хэлэхэд ...бүлээн усаар сайн угаа, уусмалаар зайлж бай би 4 дэх өдөр гадуур үзлэгтэй явдаг, тэгээд очиж цэвэрлэж өгье гээд явуулсан. Манай гэрт их эмч Б.*******, сувилагч н.Уянга нар 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр анх ирж нярайд үзлэг хийсэн бөгөөд ... 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ирж вакцинаа хийлгээрэй гэж хэлээд явсан, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүүхдийн жин, өндрийг хэмжүүлэхээр Хасагт-Эрдэнэ ӨЭМТ-д очиж хүүхэд шар, ногоон бааж байна гэхэд линекс бичиж өгсөн /шарлалттай хүүхэд хар ногооноор баадаг/. 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүү А.д вакцин хийлгэхээр их эмч Б.*******т үзүүлэхэд ... хүүхдийн бие хэвийн байна, сувилагч руу очиж вакцинаа хийлгэ гэж хэлсэн. Их эмч Б.*******ийн хэлсний дагуу сувилагч дээр очиж вакцин хийлгэх гэтэл сувилагч ... вакцин хийх бюломжгүй, хүү тань шарлалттай байна, та дахиад их эмчид үзүүлээд ир гэсэн учир дахин Б.******* эмчид үзүүлэхэд өөр өвчтөн үзэнгээ ... шарлалт алга, би түрүүн үзсэн, сувилагч мэдэхгүй, би мэднэ вакцинаа хийлгэ гэж үүрэгдсэн учир сувилагч дээр дахин очиж их эмчийн хэлснээр вакцин хийлгэсэн.Вакцин хийлгэснээс хойш 2 хоногийн дараа буюу 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хөл нь том хавдаад байсан учир өрхийн эмч дээр очиход ...натри хлороор жин тавь 3 хоноод хавдар бууна гэсэн боловч 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар хөл нь хавдсан чигээрээ байсан тул дахин өрхийн эмнэлэг рүү очтол ... кампресс тавиад хүнсний скочоор сайн боо гээд буцаасан.2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар хавдар нь буугаагүй тул дахин эмч дээр очиход утасны дагуу надад өгөөд утсаар зөвөлгөө ав гэж хэлээд хүүхдийн эмч рүү явуулсан ч хүүхдийн эмч нь намайг арчаагүй, хүүхдээ ч асарч чадахгүй гэж загнаад байсан учир өөр эмчид үзүүлсэн нь дээр гэж бодоод Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд үзүүлэх 13 дугаар маягтын бичүүлэн авсан.2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн орой 23:00 цагийн үед хүү уйлаад зүүн нүдэнд нь таталт өгөөд байхаар нь Б.******* эмчрүү залгаж ... хүү маань таталт өгөөд, ам нь мурийгаад байна, түргэн тусламж дуудах уу яах ёстой вэ гэхэд Б.******* эмч ...Парацетрамолыг өгөөд унтуул, маргааш өглөө хүрээд ир гэсэн. Маргааш нь буюу 2017 оны 3 дугаар сарын 21-ны өдөр ЭХЭМҮТ-д очтол ...хүүхдийн тархинд цус харвасан байна, яаралтай эрчимт эмчилгээний тасагт хэвтүүл гэсэн. Хүү минь сэхээнд 2 хоног ухаангүй байсан ба эмч хэлэхдээ ...хэрэв ухаан орвол тархннд цус харвасан тархины хагалгаа хийнэ, ухаан орохгүй ч байж магадгүй тул сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай гэж сануулсан. 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 3 дугаар эмнэлгийн эмч н.Тугбаяр ирж хүүд тань хагалгаа хийлгэх заалттай юм байна гээд хагалгааны дараа гарч болох хүндрэлийг тайлбарлан өгч зөвшөөрөл авч хагалгаа хийсэн. Хүү мипь хагалгаанд ороод 21 хоногийн турш эмнэлэгт хэвтсэн бөгөөд хагалгааны үед зүүн духны чамархай хэсгийн ясыг авхуулсан, үе үе таталт өгдөг, байнгын асаргаанд байх болсон. Одоо хүүхэд байнгын асаргаа хяналтанд байхаас гадна өндөр эрсдэлтэй байдалд байна. Тодруулбал хүүхдийг халууцуулж, уурлуулж, уйлуулж болохгүй, хоолыг нь тааруулахгүй бол баас нь хатна, хүчтэй дүлүүлж болохгүй, дархлаа сул, шүд муу, нойр хоолондоо тааруу, дурдвал маш олон хүндрэлтэй нөхцөлд байна. Хүү А.г Монгол Улсад хагалгаа хийх боломжгүй тул Солонгос улсын Snun Пүндан сөүл их сургуулийн эмнэлэгт хагалгаанд орохоор явсан боловч хагалгаа хийхэд нас нь жоохон байна, эрсдэлтэй гэх шалтгаанаар хойшлуулсан.

Иймд эмч болон эмнэлгийн хариуцлагагүй, буруутай үйлдлээс болж гарсан дараах хохирлыг хариуцагч нараас гаргуулах хүсэлтэй байна. Үүнд: 1 дүгээр хавтаст хэргийн 13 дугаар тал БНСУ-руу нисэх билетйн зардал 1,676,515 төгрөг, 1 дүгээр хавтас хэргийн 15-29 тал эм худалдан авсан НӨАТ-ын баримтууд 3,324,450 төгрөг, 1 дүгээр сарны хавтас хэргийн 32-33 талд эмчмилгээий баримтуудыг орчуулахад гарсан зардал 290,000 төгрөг, 1 дүгээр хавтаст хэргийн 34 дүгээр тал виз мэдүүлгийн төлбөр 287,000 төгрөг, 1 дүгээр хавтас хэргийн 67-86 тал БНСУ-ын Snun Пүндан сөүл их сургуулийн эмнэлэгт хийлгэсэн үзлэг, хагалгааны төлбөр /11,231,580 вон х 2,2/= 24,709,476 төгрөг, нийт 30,287,441 төгрөг болж байх бөгөөд хариуцагч Хасагт-Эрдэн ӨЭМТ-өөс 15,143,720 төгрөг, хариуцагч Б.Батчимгээс 15,143,720 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Хасагт-Эрдэнэ ӨЭМТ-ийн төлөөлөгч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.******* 31 настай эмэгтэй, анхны жирэмслэлт, анхны төрөлт, жирэмсний хяналт Баянзүрх дүүргийн эмэгтэйчүүдийн эмчийн хяналтанд байсан. 2017 оны 01 дүгээр сарын 11-нд DS:Gr I/I 40 недельтэй т 3900 кг жинтэй, 53 см урттай, толгойны тойрог 35 см хүү төрүүлсэн. Өрхийн эмнэлэгт төрсөн тухай 2017 оны 01 дүгээр сарын 12-нд өөрсдөө ирж мэдэгдсэн. Нярай болон төрсөн ээжийн эхний эргэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 13-нд буюу эмнэлгээс гарсны дараах 24 цагт гэрээр очиж үзсэн. /Нярай хүүхдийг эмнэлгээс гарснаас хойш 48 цагийн дотор эргэдэг/. Үзлэгт нярайн биеийн байдал хэвийн, зовиургүй, шарлалтгүй дан хөхөөр, нойронд сайн, өтгөн болон шээсний гарц хэвийн, хүүхдийн биеийн байдал сайн байсан учир асаргааны зөвөлгөө өгсөн. Үүнд: Өдөр болгон усанд оруулах, хүйнд ус хүргэж угаах, хөхийг хүссэн үед нь ойр ойрхон хөхүүлэх, хөхүүлсний дараа 10-20 минут босоо тэврэх нуруунд иллэг массаж хийх, гэрт 2 цаг тутамд 15-20 минут агаарын солилцоо оруулах. Ээжийн биеийн байдал сайн зовиургүй, биеийн халуун 36,5, арьс салст цэвэр, артерийн даралт 110/70 мм,муб, судасны лугшилт 1 минуланд 76 удаа, хөхний талаас эмгэг өөрчлөлтгүй, сүүний гарц сайн, умайн ёрсол хүйснээс доош 4 хуруу, шавхрага улаан өнгөтэй, шээсний гарц сайн, ууснаар, хаван үгүй байсан учир эрүүл ахуй хооллолт, амралтын дэглэмийн талаар зөвөлгөө өгсөн. Хоёрдахь эргэлт 2017 оны 01 дүгээр сарын 19-нд гэрээр эргэлт хийж очиход эх хүүхдийн биеийн байдал сайн зовиургүй байсан. Гуравдахь эргэлт 01 дүгээр сарын 26, дөрөвдэх эргэлт 02 дугаар сарын 02-нд хийсэн ба эдгээр үзлэгт хүүхэд, эхийн бие зовиургүй хэвийн байсан. 2017 оны 02 дугаар сарын 10-нд 1 сартай хүүхдийн өсөлт хөгжлийн үзлэгт жин, өндөрийн хэмжилт хийхэд өсөлт хөгжлийн хоцрогдол байгаагүй, хүүхдийн биеийн байдал сайн, зовиургүй, арьс салст хэвийн үзлэгт өөрчлөлтгүй. Цээжний тойрог 36 см, толгойн тойрог З6 см, жин 4700 кг, урт 56 см, БЖИ 15.1 дан хөхөөр, ерөнхий эрүүл мэндийн байдал эрүүл тул хооллолт болон асаргаа сувилгааны зөвөлгөө өгч, витамин ДЗ өдөрт 500 ОУН 1 удаа уух, дараагийн үзлэг товлон буцаасан. 2017 оны 3 дугаар сарын 13-нд 2 сартайн үзлэгт ирсэн. Зовиур бага зэрэг устай байна, үзлэгт өөрчлөлтгүй цээжний тойрог 59см, толгойн тойрог 38 см, жин 6 кг, урт 59, БЖИ 17,6. Ерөнхий эрүүл мэндийн байдал эрүүл байсан тул үзлэг хийж вакцинд хамрагдах талаар зөвөлгөө өгсөн. Вакцины эсрэг заалт болох өндөр халууралт, тарих талбайд тууралт, цочмог сул саажилт, мэдрэлийн талаас эмгэг гэх мэт шинж тэмдэг байгаагүй тул вакцинд хамрагдахыг зөвлөсөн. Вакцины дараах хариу урвалын талаар t0-38,5 буюу түүнээс дээш халуурвал Paracetamol 125 мг лаа 8-12 цагийн зайтай шулуун гэдсээр хийх, вакцин хийсэн газар хавдаж улайвал Ма СI 0.9% уусмалыг ариун бинтэнд шингээж бүлээн жин тавих 3-5 минутаар, эхний өдөр вакцин хийсэн газарт ус хүргэхгүй, дулаан байлгах, хөхийг хүссэн үед 30 минутаас дээш хугацаагаар хөхүүлэх зөвөлгөө өгч 5-т вакцины I тун, саагийн II тунг хийлгэсэн. 2017 оны 3 дугаар сарын 15-нд Х.гийн эмээ нь өрхийн эмнэлэг дзэр ирж вакцин хийлгэснээс хойш хүүхэд маань уйлаад байна гэсэн зовиуртай Х.гийн эмээ, ээж нар хүүхдээ авч ирж үзүүлсэн. Хүүхдийг үзэхэд зовиур уйлагнана, үзлэгт хүүхдийн биеийн байдал дунд t-36.5, Status Localis-зүүн гуяаны доод 1/3 хэсэгт 1,5-2 см орчим хатуу бэрсүү тэмтрэгдсэн, улайлтгүй, вакцин хийлгэсэн зүүний оромтой Зөвөлсөн зүйлээ шалгаж юу хэрэглэсэн талаар асуухад эмээ нь хөхний сүүгээр жин тавьсан гэсэн. Дээрх зовиур үзлэгийг үндэслэн дахин NaCl 0.9% -ийн уусмалаар бүлээн жин тавих, хөхний сүүгээр жин тавихгүйг зөвлөж, хөхийг хүссэн үед хөхүүлэх, АЕШ илэрвэл яаралтай ирэх хүүхдийн биеийн байдлыг ажиглахаар буцаасан. 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр А.гийн эмээ хүүхдийн маань зүүн гуя хавдаад уйлаад байна гэсээр хүүхдээ авчирсан. Хүүхдийг үзэхэд биеийн байдал дунд арьс цонхигор цайвар, халуунгүй t 36,8, зүрхний авиа тод хэм жигд, эмгэг шуугиан үгүй, уушги чагнахад ширүүн амьсгалтай, хэвлий зөөлөн эмзэглэлгүй, дан хөхөөр, шээсний гарц хэвийн баасны өнгө шар, Status.Localis-д зүүн хөл өвдөгнөес гуяа хүртэп хавдсан байсан. Тэмтэрч үзэхэд эмзэглэлтэй хавдсан хэсгийн арьс хүйтэн, арьсны өнгө эрүүл хөлтэй адил байсан. Үзлэг хийж Баянзүрх дүүргийн хүүхдийн мэргэжилтэнд яаралтайгаар илгээсэн. 3 дугаар сарын 20-нд Баянзүрх дүүргийн хүүхдийн мэргэжилтэнд яаралтай үзүүлсэн, хүүхдийн мэргэжилтэн н.Эрдэнэчимэгийн үзлэгт БЕБ дунд, царай цонхигор, алга салст цайссн. Status.Localis зүүн гуяны дээд хэсэгт хатуу нэвчдэстэй, эмзэглэлтэй, поствакцинальная местная реакция, инфильтрат с абсцедированнием гэсэн оноштой, таб.кетотифен 0,001-г 1/4x2 удаа 5 хоног уухаар, ОАК, Физик эмчилгээ, мэс заслын эмчид үзүүлэх зөвлөгөө өгсөн. 3 дугаар сарын 21-ний өдрөөс 4 дүгээр сарын 10-нд ЭХЭМҮТ-д хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн. Цитомегаловирусийн шалтгаант ургийн дотоод халдвар болон цус бүлэгнэлтийн алдагдлын суурин дээр үүссэн тархины цус харвалт, Тархины цусны эргэлтийн алдагдал, Тархины даралтын шалтгаант таталтын хам шинж, Ургийн элэгний үрэвсэл, Тарилгын дараах зүүн гуяны нэвчдэст идээт үрэвсэл, Цус алдалтын дараах цус багадалт оношоор хэвтэн эмчлүүлсэн. Цитомегаловирусийн шалтгаант ургийн дотоод халдвар болон цус бүлэгнэлтийн алдагдлын суурин дээр үүссэн тархины цус харвасан ЭХЭМҮТ-ийн оноштой эмчлэгдэж байсан. Одоогоор хүүхдийн биеийн байдал сайн, саа саажилтгүй, Солонгос улсын Пүндан Сөүл их сургуулийн эмнэлэгт үзүүлж шинжилгээ өгсөн. Шинжилгээнд өөрчлөлт гараагүй гэж байсан. Мөн ямар нэг мэс заслын эмчилгээнд ороогүй.

Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3. Хариуцагч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өрхийн эмнэлэг нь эрүүл саруул хүүхдийг шарлалттай байхад нь вакцин хийснээс болж тархинд нь цус харвасан, улмаар хагалгаа хийсэнтэй холбоотойгоор гарсан хохирлыг гаргуулах гэж тодорхойлсон, өөрөөр хэлбэл өрхийн эмнэлгийн болон эмч Б.*******ийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан хүүхдийн эрүүл мэндэд гэм хор учирсан тул гарсан зардлыг гаргуулахаар нэхэмжилсэн гэж ойлгогдохоор байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй боловч хүүхдийг шарлалт өвчтэй байхад вакцин тарьсан гэдэг нь баримтаар хангалттай тогтоогдоогүй байх тул шаардлага нь үндэслэлгүй. Нэхэмжпэлийн шаардлага нь зөрчлийн улмаас үүсэх үүрэг буюу гэм хор учруулснаас үүсэх үүргийн дагуу шаардаж байгаа гэж үзэхээр байна. Гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэлийг гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, санаатай, болгоомжгүй үйлдлийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг хариуцан арилгахыг шаарддаг бөгөөд дээрх үйлдлүүд нь тогтоогдсон байх ёстой. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх зохицуулалтын агуулгаас үзэхэд гэм хорын хариуцлага хүлээлгэхэд дээрх үндсэн нөхцөл, шалтгаан бүрдсэн байх ёстой. Гэтэл А. хүү нь эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон болох нь тогтоогдож байгаа боловч эрүүл мэндийг хохироосон гэж үзэж байгаа Б.*******ийн вакцин хийлгэх чиглэл өгсөн үйлдэл нь шууд гэм хор учруулсан гэж үзэхэд эргэлзээтэй байна. Тухайлбал Б.******* нь Иргэний хуулиийн 497 дугаар зүйлд заасан хууль бусаар, эсхүл санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр А.д гэм хор учруулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. А.******* нь хуулийн дагуу тангараг өргөсөн эмч бөгөөд өрхийн эмчийн үйл ажиллагааны хүрээнд хүүхдийн биеийн байдлыг үзэж шалгасны эцэст вакцины эсрэг заалтад хамаарах зүйл илрээгүй тул вакцинд хамруулах эсэхийг шийдвэрлэснийг хууль бус үйлдэл хийсэн гэж үзэхгүй. Тухайлбал: Эрүүл мэндийн сайдын 2015 оны 261 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дархлаажуулалтын өмнө эмчийн үзлэг хийх журмын 1.3-т Дархлаажуулалт хийхийн өмнө эмч үзлэг хийхдээ өмнөх дархлаажуулалтын талаар урвал илэрсэн эсэх, ямар урвал илэрсэн, төрөлтийн явц, өмнө нь өвдсөн өвчин эмгэг, хийлгэсэн эмчилгээ, гэр бүлийн гишүүдийн удамшлын байдал, ямар нэгэн зүйлийн харшилтай эсэхийг эцэг эхээс асууж тэмдэглэнэ гэсний дагуу Хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн 6 дахь хуудсанд авагдсан Эхийн эрүүл мэндийн хуудсыг хүүгийн эх Т.*******гийн өгсөн мэдээллийн дагуу Хасагт-Эрдэнэ ӨЭМТ нь бөглөсөн байдаг. Харин тухайн үед эх Т.******* нь өөрийн цитомеглавирустэй талаар тэмдэглүүлээгүй. Хэдийгээр сувилагч нь шарлалттай байна, дахиад эмчид үзүүлээд ир гэж хэлсэн гэж нэхэмжлэлд дурдсан байх боловч хүүхдийг үзэж вакцин хийлгэх чиглэлийг гагцхүү эмч л өгөх, вакцин хийж болох эсэхийг зөвхөн эмч өгөгдсөн журмын хүрээнд тодорхойлох эрхтэй. Өөрөөр хэлбэл хүүхдийн биеийн байдал хэвийн байсан учир эмч вакцин хийлгэхийг зөвлөсөн. Харин ч эмч вакцин хийж болох эсэх талаар хүүхдийг дахин үзсэний үндсэн дээр нягталж биеийн байдал нь вакцин хийлгэхэд хэвийн байсан учир хууль, тогтоомжид заасны дагуу заавал хийх дархлаажуулалтыг эмч зөвлөсөн. Мөн А. хүүг төрснөөс нь хойш өрхөөр болон гэрээр үзлэг 2017.01.19, 2017.01.26, 2017.02.02, 2017.02.10, 2017.03.13-ны өдрүүдэд хийхэд шарлалтгүй, бие нь хэвийн байсан болохыг тэмдэглэсэн хүүхдийн үзлэгийн карт нь хэрэгт авагдсан байдаг. Иймээс сувилагчийн дахин эмчид үзүүл, хүүхэд шарлалттай байна гэснийг үндэслэн Б.*******ийг шууд гэм буруутай гэж үзэх боломжгүй бөгөөд үүнд хууль бус, санаатай, болгоомжгүй үйлдэл байхгүй. Мөн вакцин хийлгэсний дараа буюу 3 дугаар сарын 20-нд Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн эмчийн үзлэгийн тэмдэглэлд хүүхдийг шарлалт буюу биллирубинтэй гэж оношлоогүй бөгөөд хөл хавдаж хатуурсан, уйлагнах зовиуртай, царай цонхигор, алга салст цайсан, зүүн гуяны дээд хэсэгт хатуу нэвчдэстэй, эмзэглэлтэй гэснээс үзэхэд дүүргийн эмчийн хийсэн үзлэгийн тэмдэглэлээр ч ямар нэгэн шарлалтын талаар дурдагдаагүй байгаа болох нь тодорхой байдаг. Хүүхдийг үзэж оношлоод яаралтайгаар 3 дугаар шатлалын эмнэлэгт ч хүргээгүй байдаг. Үүнээс үзвэл хүүхдийн биеийн байдлыг 2 дугаар шатлалын эмч ч шууд үзлэгээр оношлох боломжгүй нөхцөл байдалд байсан байна. 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр А.г Баянзүрх дүүргийн эмнэлэгт үзүүлэхэд А. нь цус харвалт өгөөгүй байсан болно. Энэхүү нөхцлийг дүүргийн эмч С.Эрдэнэчимэг мөн мэдэж байсан нь нотлох баримтаас харагдана. Түүнчлэн хэрэгт цугларсан баримтаас үзэхэд Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв, болон ЭХЭМТөвд хүүхдэд хийсэн үзлэгийг тэмдэглэсэн хэсэгт шарлалттай байсан талаар тэмдэглэсэн зүйлгүй байгаа нь А. хүүд вакцин хийхэд шарлалттай байсан гэдэг байдлыг үгүйсгэж байгаа юм. Хэрэв шарлалттай байгаад вакцин хийсний улмаас хүүхдийн бие хүндэрсэн бол тухайн шарлалт нь алга болохгүй, эсрэгээрээ бүр их болох байсан. Харин ч ЭХЭМҮТ-д хийлгэсэн нарийвчилсан шинжилгээгээр хүүхдээс өөр өвчний онош буюу төрөлхийн цитомегаловирусын шалтгаант ургийн дотоод халдвар болон цус бүлэгнэлтийн алдагдлын суурь гэсэн онош илэрсэн, үүний улмаас шалтгаалан тархинд цус харвасан болохыг тодорхойлсон байдаг. Энэхүү үеэс эхлээд хүүхдийг цитомегаловирустай болохыг анх тогтоосон. Дээрх байдлуудаас дүгнэвэл шарлалттай хүүхдэд вакцин хийсний улмаас цус харвасан бус А. нь төрөлхийн цитомегаловирусын халдварын улмаас тухайн өвчин хүндэрч цус харвасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Нөгөө талаас вакцин тарих чиглэл өгсөн эмч нь ургаар дамжсан цитомегаловирусыг урьдчилан илрүүлэх ямар ч боломжгүй нөхцөлд байсан. Иймээс цитомегаловирустэй талаараа хүүгийн ээж Т.******* нь тухайн үед өрхийн эмчээс асуусан асуултад тэмдэглүүлээгүйгээс хүндрэл үүссэн гэх шалтгаант холбоо тогтоогдож байна. Магадгүй хүүгийн эхийн жирэмсний картад тухайн вирусын талаар тэмдэглэгдсэн байснаас дүгнэхэд Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн жирэмсний хяналтын эмч Т.*******г хүүхдээ төрүүлэхээс өмнө нь цитомегаловирусын халдвартай байсныг анхлан мэдсэн байгаа ба энэхүү вирустэй холбоотойгоор урагт халдах магадлалын талаар ч юм уу, эсхүл энэ вирусын талаар хүүхдийн эхэд тодорхой мэдээлэл өгсөн байсан бол хүүгийн эх ч гэсэн вакцин хийлгэхийн өмнө өрхийн эмчид энэ талаар сануулж цаашид гарах эрсдлийн талаар мөн урьдчилан анхаарч болох байсныг үгүйсгэхгүй. Дархлаажуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д тарилгын дараахь хүндрэл гэж сэргийлэх тарилгын улмаас хүний эрүүл мэндэд учирсан тогтвортой, эсхүл ноцтой хямралыг хэлнэ гэж заасан. Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2001 оны Дархлаажуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай 34 дүгээр тогтоолын Нэгд Тарилгын дараах хүндрэлийн жагсаалтыг гаргасан бөгөөд Үүнд: L 0.4. Тунгалгийн булчирхайн үрэвсэл, T 88.1 БЦЖ вакцины дараах буглаа, ясны үрэвсэл, A48.3 Анафилакси-ийн шок, G40.5. Таталт, G 92. Энцефалопати, G.80. Сул саажилт, I-50. Зүрх судасны дутмагшил, L-02 Буглаа, A-41. Үжил, Т.50.9. Хордлогын хам шинж, L.23 Хэсэг газрын харшлын урвал зэрэг хүндрэлүүд байж болохыг заасан байгаа нь вакциныг хүүхдэд хийснээр дээрх шинж, тэмдэг, хүндрэл илэрч гарч болохыг үгүйсгээгүй байна. Тодорхойлбол вакциныг буруу, зөв хийснээс үл шалтгаалан хүндрэл гарах тохиолдол байж болзошгүй болохыг дээрх байдлаар тодорхой тусгасан байна. Өрхийн эмч нь өөрийн хууль болон журмаар тогтоогдсон эрхийн хэмжээнд онош тавьж, үзлэг хийх үүрэгтэй ба хүүхдийн ургаас халдварласан вирусийн голомтот өвчний оношийг зөвхөн гаднах үзлэгээр тогтоох боломжгүй юм. Түүнчлэн хүүгийн эхээс авсан тандалт, лавлагаагаар уг вирусын талаар эмчид мэдэгдсэн зүйлгүй болох нь баримтаар нотлогддог. Ядахдаа вирусын талаар эмчид хүүгийн ээж зөв мэдээлэл анхнаасаа өгсөн бол вакцин хийлгэхэд гарч болох эрсдлийн талаар эмч урьдчилан мэдэж, арга хэмжээ авах боломжтой байсан. Өөрөөр хэлбэл эмч Б.*******ийн хууль бус, санаатай, болгоомжгүй үйлдлийн улмаас хүүхэд хохирсон болох нь тогтоогдохгүй байгаа. Иймээс шарлалттай байхад хүүхдэд вакцин хийлгэх чиглэл өгсний улмаас гэм хор учирсан тул уг гэм хорын хариуцлагыг Б.******* эмчид ногдуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь эрх зүйн үндэслэлгүй юм. Түүнчлэн БНСУ-ын Пүндан Сөүл их сургуулийн эмнэлэгт нэг удаа хагалгаанд орсон төлбөр 30,287,441 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа гэж нэхэмжлэлд дурдсан байх боловч тус эмнэлэгт хагалгаа хийлгэсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжпэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо өрхийн эмнэлэг нь эрүүл саруул хүүхдийг шарлалттай байхад нь вакцин хийснээс болж тархинд нь цус харвасан гэж буруутгаж байгаа боловч шарлалттай хүүхдэд вакцин хийсний улмаас тархинд цус харвалт үүссэн гэдэг нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдоогүй. Түүнчлэн хариуцагчийн хүсэлтээр шүүхээс бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон бөгөөд уг шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дүгнэлтээр А. хүүгийн өвчний оношийн талаар болон ямар шалтгааны улмаас тархинд цус харвасан, уг өвчнийг эмнэлгийн ямар шатанд илрүүлэх боломжтой эсэх талаар маш тодорхой дүгнэлтийг ирүүлсэн байдаг. Энэхүү дүгнэлтээс харахад Б.******* болон өрхийн эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан хүүгийн тархинд шууд цус харвалт үүссэн гэх байдал бүрэн няцаагдаж байгаа. Тухайлбал шинжээчийн дүгнэлтийн 2а-д нярайн шарлалт нь ...элгэн доторх шалтгаант ургийн халдварууд орно, 2б-д Оношийн тайлал гэсэн хэсэгт Үндсэн өвчний оношийг Цитомегаловирусын шалтгаант ургийн халдвар, цус бүлэгнэлтийн алдагдалд суурилсан тархины цус харвалт-вакциныг буруу хийсний улмаас цус харвасан гэсэн онош тавигдаагүй, хүндрэлийн онош Тархины цочмог дутмагшил, гавлын дотоод даралт ихсэлт ба таталтын хам шинж, Төрөлхийн элэгний үрэвсэл, цусны билурбин ихсэлт. Хавсарсан өвчний онош Вакцины дараах зүүн гуяны нэвчдэс, цус харвалтын дараах цус багадалт-вакцинаас шалтгаалан зүүн гуянд зөвхөн нэвчдэс үүссэн ба энэ нь зөвхөн хавсарсан өвчний оношид хамаарч байна. Түүнчлэн дүгнэлтийн дүгнэхэд хэсэгт төрөлхийн Цитомегаловирусын халдварын улмаас цус бүлэгнэлтийн тогтолцооны хямрал үүсч, үүний суурин дээр тархинд цус харвасан байж болох юм. Цитомегаловирусын халдвар ураг үүсэх үеэс эхлэн элгийг үрэвсүүлж, үүний илрэл байдлаар нярайн шарлалт удаан үргэлжилсэн. Элгэн доторх шарлалт учир нүдээр хараад мэдэгдэх бопомжгүй/.Төрөлхийн вирусын халдварын улмаас нярайн дархлаа тогтолцооны алдагдалтай холбоотойгоор вакцин хийлгэсэн хэсэгт хэсэг газрын үрэвсэл хүндрэл үүссэн байх магадлалтай. Энэ нь зүүн гуяны хэсэгт нэвчдэс үүссэн шалтгаан гэж үзэхээр байгаа боловч вакциныг буруу хийснээс болж цус харвалт үүссэн гэдэг байдлыг бүрэн үгүйсгэж байна. 2г-д Цитомегаловирусын халдвар нь цус шүлс, шээс, үрийн шингэн, үтрээний шүүрлээр эхэд халдварлах ба эхээс урагт ихэсийн хоригийг нэвтэрч эсвэл төрөх замын халдварлагдсан бусад шингэнийг залгих, цацар үед халдварладаг. Мөн төрсний дараа хөхний сүүгээр дамжиж болно. Төрөлхийн Цитомегаловирусын халдвартай хүүхдэд цусархаг хам шинж, цус бүлэгнэлтийн алдагдал, цавины эвэрхий, нярайн шарлалт, төрөлхийн элэгний үрэвсэл, уушгины үрэвсэл, цус багадалт зэрэг эмнэлзүйн шинжүүд илэрдэг. 2д-д цусанд цитомегаловирусын эсрэг иммуоноглобулин ба иммуннологийн шинжилгээний тусгай анализатор, урвалж оношлуур ашиглан хийнэ. Энэхүү шинжилгээг гуравдугаар шатлалын эмнэлгүүд, хувийн хэвшлийн зарим лабораториуд хийж байна. 2е-д Анхан шатанд цитомегаловирусын халдварыг илрүүлэх зөвлөмж байхгүй. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад иммунологийн шинжилгээ хийгддэггүй тул Өрхийн эрүүл мэндийн төвийн түвшинд цитомегаловирусын халдварыг шууд оношлох боломжгүй гэсэн гэсэн дүгнэлтийг гаргасан. Эндээс дүгнэвэл А. хүү нь төрөлхийн цитомегаловирусын халдвартай байсан нь нотлогддог бөгөөд уг халдвар нь эхээс урагт халдсан байдаг. Тархинд цус харвасан гол шалтгаан нь вирусын шалтгаант халдвараас болсон гэдгийг дүгнэлтээс харж болохоор байгаа. Харин вакцин хийсний улмаас ч юмуу эсхүл шарлалттай байсны улмаас вакцин хийснээр тархинд цус харвалт үүсэх ямар ч боломжгүй болох нь энэхүү дүгнэлтээс тодорхой харагддаг.

Иймээс Б.******* нь хүүгийн эмчилгээнд гарсан зардлыг хариуцах эрх зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Иргэдийн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Өрхийн эмнэлгийн эмч Б.*******ийн хувьд хүүхдийн товлолт вакцины үед шарлалтыг хянан хийх, мөн вакцины дараах хүндрэл үүссэн буюу вакцин хийсэн хэсэгт буглаа үүссэнийг дараагийн шатлалд хурдан мэдэгдэх байсан гэж бодож байна. Вакцины хүндрэл, дархлаажуулалтын талаар авах арга хэмжээ, удирдамжийн талаар сургалтанд суусан байх ёстой байх гэж бодож байна. Бас вакцины хүндрэл үүссэн хүүхдэд утсаар мэдээлэл өгч, дараагийн шатлалын эмнэлэгт мэдэгдэхгүй бага зэрэг хариуцлага алдагдсан гэж бодож байна. Өрхийн эмнэлгийн хувьд ч сургалт, мөн вакцины хүндрэлийн үед арга хэмжээ аваагүй байна. Хариуцлагагүй хандсан, чанарын болон ёс зүйн хорооны хурал, нэхэмжлэгч талын баримт ярианаас харагдаж байна. Нэхэмжлэгч бас эрүүл мэндийн мэдлэг, боловсрол, мөн жирэмсний хяналт, хүүхдийн өмнө хүлээсэн хариуцлага муу байгаа нь харагдаж байна гэв.

5. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэлүүд, Т.*******гийн иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, Алтана ХХК-ийн тодорхойлолт, Т.*******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хүүхдийн гадаад паспорт, Хасагт-Эрдэнэ өрхийн эмнэлгийн чанарын багийн хурлын 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаартай тэмдэглэл, МИАТ ХК-ийн 2019.03.18-ны өдрийн Т19/07 дугаартай тодорхойлолт, Т.*******гийн гадаад паспорт, ибаримтууд, Мөнгөнгүүр эмнэлгийн 2017.07.21-ний өдрийн баримтын тасалбар, 2018.01.31-ний өдрийн кассын орлогын ордер, Ёст бичээс ХХК-ийн 2019.04.25-ны өдрийн зарлагын баримт, Эрдмийн цуурай ХХК-ийн 2019.04.25-ны өдрийн зарлагын баримт, Монгол намшин ХХК-ийн 2019.07.07-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, 2018.02.23-ны өдрийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын дүгнэлт, Пүндан Сөүл их сургуулийн эмнэлгийн гэрчилгээ, эмнэлгийн тодорхойлолт, Пүндан Сөүл их сургуулийн эмнэлэг-ийн 2018 онд хүү А.гийн өгсөн шинжилгээний болон эмчилгээний төлбөрийн баримтууд /солонгос хэл дээр болон орчуулгын хамт/, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хүүхдийн зөвлөх поликлиник, кабенитын 2017.09.04-ний өдрийн тархины цахилгаан бичлэгийн шинжилгээ, Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр /нийт 64 хуудас/, А.гийн Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /нийт 7 хуудас, 8 хуудас, 9 хуудас/, Т.*******гийн Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /нийт 34 хуудас/, Томографик харуулсан СД-2 ширхэг, Мөнгөнгүүр эмнэлгийн 1 ширхэг СД, Пүндан Сөүл их сургуулийн эмнэлэг-ийн 2 ширхэг СД, нэхэмжлэгчийн тодруулсан шаардлага, Эрүүл мэнд, спорьын сайдын 2015.07.07-ны өдрийн 261 дугаартай тушаал, хавсралт, 2012.06.27-ны өдрийн 217 дугаартай тушаал, хавсралт, Оюу шүр эмнэлзүйн лабораторийн 2020.05.14-ний өдрийн шинжилгээний хариу, Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтын 2020.05.26-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, нэхэмжлэлийн төлбөрийн задаргаа, Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст 2020.09.01-ний өдөр Т.*******гийн гаргасан хүсэлт, 2017, 2018, 2019 оны ибаримтын жагсаалт, Ө.Энхтайван өмгөөлөгчийн хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, Б.******* өмгөөлөгчийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

Хариуцагч Хасагт-Эрдэнэ ӨЭМТ-ийн хариу тайлбар, А.гийн Иргэний эрүүл мэндийн дэвтрийн хуулбар /нотлох баримтын шаардлага хангахгүй/, Эрүүл мэндийн сайдын 2012.06.27-ны өдрийн 217 дугаартай тушаал, О.******* өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариуцагчийн итгэмжлэл, Хасагт-Эрдэнэ ӨЭМТ-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус ирүүлсэн, хариуцагч Б.*******ийн өмгөөлөгч Г.гийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариуцагчийн хариу тайлбарыг тус тус ирүүлсэн байна.

6. Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2017.03.21-ний өдрийн А.гийн өвчний түүх 005295, мөн өдрийн яаралтай тусламж үйлчилгээний хуудас, ЭХЭМҮТ-ийн 2017.03.23-ны өдрийн компьютерт томографийн оношилгоо, эмчийн үзлэг, эмнэлзүйн урьдчилсан оношийн үндэслэл, эмчилгээ хийгдсэнтэй холбоотой эмч нарын хүүхдийн өвчнийг үзсэн үзлэгийн талаарх бичилтүүд, Амь нас эрүүл мэндэд эрсдэлтэй тусламж үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийн хуудаснууд, А.гийн шинжилгээ өгсөн шинжилгээний хариунууд, Эрчимт эмчилгээний хяналтын хуудаснууд, Төвийн венийн гуурстай үйлчлүүлэгчийн хяналтын хуудас, Сувилгааны тэмдэглэлүүд, Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, Эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудаснууд, Сувилагч эмчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх хуудаснууд, Цус, цусан бүтээгдэхүүн захиалах маягт, Цус, цусан бүтээгдэхүүнийг сэлбэсэн протоколууд, Цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх зөвшөөрөл авах маягтууд, ЦЦБ-ийн биологийн тохирооог тодорхойлсон тухай, Мэдээгүйжүүлгийн зарлагын хяналтын хуудаснууд, Мэдээгүйжүүлэлтийн явц ба сэрээх өрөөний хяналт, Мэс заслын тэмдэглэл, Мэс засал/мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас, Мэс заслын сувилагчийн хяналтын хуудаснууд, Клиникийн оношийн үндэслэл, Эмнэлгээс гарах, шилжих үеийн баримтыг тус тус ирүүлсэн, 2020.01.14-ний өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.09-ний өдрийн дугаар 101/ШТ2019/00591 тоот тогтоолын дагуу шинжээчийн дүгнэлт гаргах нь, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2020.05.19-ний өдрийн 187 дугаартай албан бичгээр 2017.06.05-ны өдрийн 12 дугаартай Хасагт Эрдэнэ өрхийн эмнэлгийн чанарын багийн хурлын тэмдэглэл, *******ийн даргын 2017.07.04-ний өдрийн Б/15 дугаартай Арга хэмжээ авах тухай тушаал, 2017.06.30-ны өдрийн БЗЭМТөвийн дэргэдэх ёс зүйн хэсгийн хорооны хурлын тэмдэглэл, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны 2017.06.30-ны өдрийн 01 дугаартай Гомдол хэлэлцсэн тухай тогтоол, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Удирдлагын зөвлөлийн хурлын 2017.06.28-ны өдрийн 04 дугаартай тэмдэглэл, 2017.06.07-ны өдрийн 05 дугаартай Эмнэлгийн тусламж үйлчилгээний алба, чанарын албаны өргөтгөсөн хурлын тэмдэглэл, Физиологийн шарлалтын сургалтын материалыг тус тус ирүүлсэн, 2020.07.01-ний өдөр гэрч Д.Энхтуулаас авсан мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021.09.07-ны өдрийн 668 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022.03.30-ны өдрийн 904 дугаартай шинжээчийн дүгнэлт, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2022.08.22-ны өдрийн 532 дугаартай албан бичгээр 2022.08.17-ны өдрийн дүгнэлтийг ирүүлсэн, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023.07.26-ны өдрийн 700 дугаартай шинжээчийн дүгнэлт, Хасагт-Эрдэнэ ӨЭМТ-ийн 2023.09.18-ны өдрийн 80 дугаартай албан бичгээр Хүүхдийн эрүүл өсөлт, хөгжлийн хяналтын карт, Хүүхдийн эрүүл өсөлт, хөгжлийн бүртгэлийн маягтууд, 2 сар хүртэлх нярай хүүхдийн үзлэгийн маягтууд, Дархлаажуулалтанд хамрагдсан 0-15 насны хүүхдийн нэгдсэн бүртгэл, 0-15 настай хүүхдийг дархлаажуулах төлөвлөгөө, хамралтын сарын бүртгэл, Дархлаажуулалтын бүртгэл, Дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн сарын мэдээний нэгдсэн бүртгэл, ДДУХ-ийн судалгааны хуудас, 5т вакцины дархлаажуулалтын дараах урвалын дүгнэлт, 2023.10.31-ний өдөр гэрч Ц.Тугбаяраас авсан мэдүүлэг зэргийг тус тус бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Хасагт-Эрдэнэ ӨЭМТ, Б.******* нарт холбогдуулан гэм хорын хохиролд нийт 30,287,441 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа тодруулж, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тодруулан 30,287,441 төгрөгийг эмч болон эмнэлгийн хариуцлагагүй, буруутай үйлдлээс болж гарсан хохирол гэж үзэн хариуцагч тус бүрээс 15,143,720 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

1б. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын задаргаа нь БНСУ-руу ниссэн билетийн зардал 1,676,515 төгрөг, эм худалдан авсан НӨАТ баримтууд 3,324,450 төгрөг, эмчилгээний баримтуудыг орчуулахад гарсан зардал 290,000 төгрөг, виз мэдүүлэгийн төлбөр 287,000 төгрөг, БНСУ-ын Snun Пүндан сөүл их сургуулийн эмнэлэгт хийлгэсэн үзлэг, эмчилгээний төлбөр 11,231,580 вон /монгол төгрөгтэй харьцах ханш 2,2 төгрөг/ төгрөг буюу 24,709,476 төгрөг, нийт 30,287,441 төгрөг гэжээ

2. Хариуцагч Хасагт-Эрдэнэ ӨЭМТ нь өрхийн эмнэлгийн зүгээс нярай хүүхдийг эргэх журмын дагуу А. хүүд үзлэг хийж, эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэрт зохих тэмдэглэлийг хөтөлсөн, ЭХЭМҮТ-д А. нь цитомегаловирусийн шалтгаант ургийн дотоод халдвар болон цус бүлэгнэлтийн алдагдлын суурин дээр үүссэн тархины цус харвалт гэсэн оношоор хэвтэн эмчлүүлж, хагалгаанд орсон байдаг, хүүхдэд вакцин хийснээс болж бугалаа үүсэн, үүний улмаас тархинд цус харвасан болох нь тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хариуцагч Б.******* нь А. хүү нь төрөлхийн цитомегаловирусын халдвартай байсан нь нотлогддог бөгөөд уг халдвар нь эхээс урагт халдсан байдаг, тархинд цус харвасан гол шалтгаан нь вирусын шалтгаант халдвараас болсон гэдгийг шинжээчийн дүгнэлтүүдээс харж болохоор байгаа, харин вакцин хийсний улмаас ч юмуу эсхүл шарлалттай байсны улмаас вакцин хийснээр тархинд цус харвалт үүсэх ямар ч боломжгүй болох нь дүгнэлтээс тодорхой харагддаг, иймээс хүүгийн эмчилгээнд гарсан зардлыг хариуцах эрх зүйн үндэслэлгүй гэж маргаж байна.

3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4а. ******* овогтой хүү 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрснийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр иргэний төрсний бүртгэлд бүртгэж, 1110590032 дугаартай гэрчилгээ олгогджээ.

Т.******* нь хүү А.г т төрүүлээд, эмнэлгээс 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гарсан байх ба ийнхүү гарахад амаржих газрын эмч нярай хүүхдэд үзлэг хийж, үзлэгээр хүүхдийн шарлалт хэвийн байсан, улмаар Хасагт-Эрдэнэ ӨЭМТ-ийн их эмч Б.******* нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр, 01 дүгээр сарын 26-ны өдөр, 02 дугаар сарын 02-ны өдөр тус тус үзлэг хийж, шарлалт, гуужилт, хөх-ийг ажиглах зөвлөгөөг эхэд өгч, 02 дугаар сарын 10-ны өдөр хүүхдийг үзэхэд хооллолт сайн, ерөнхий эрүүл мэндийн байдал нь эрүүл байсан болох нь Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэрт тэмдэглэсэн үзлэгийн тэмдэглэлүүд, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

4б. Т.******* нь хүү А.гийн 2 сартай хийлгэх 5-т вакциныг хийлгэхээр Хасагт-Эрдэнэ ӨЭМТ-ийн их эмч Б.*******т 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр үзүүлж, эмчийн зааврын дагуу сувилагч Д.Энхтуул руу очиход тэрээр хүүхэд шарлалттай юм биш үү гэж хэлээд эмч рүү дахин явуулахад эмч Б.******* нь хүүхдийг үзсэн, вакцин хий гэсний дагуу хүү А.д вакцин хийгдсэн болох нь гэрч Д.Энхтуулын мэдүүлэг, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Ийнхүү хүүхдэд вакцин хийснээс хойш 2 хоногийн дараа 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр вакцин хийсэн хөл нь хавдаж, өрхийн эмнэлгийн эмчээс зөвлөгөө авахад натри хлороор жин тавиад 3 хоноод хавдар бууна гэсэн боловч хавдар нь буугаагүй, 3 дугаар сарын 17-ны өдөр өрхийн эмнэлэгт очиход кампресс тавиад хүнсний скочоор сайн боо гэж хэлээд буцаасан, 3 дугаар сарын 20-ны өдөр хавдар буугаагүй дахин үзүүлсэн, дүүргийн хүүхдийн эмчид үзүүлсэн, улмаар ЭХЭМҮТ-д үзүүлэхээр 13 дугаар маягт авсан байна.

4в. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүү А.г үзүүлэхэд хүүхдийн тархинд цус харвасан, яаралтайгаар эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлж, 3 дугаар сарын 24-ний өдөр хүү А. хагалгаанд орж, хэвтэн эмчлүүлж байгаад 4 дүгээр сарын 10-ны өдөр эмнэлгээс гарсан байна.

5. Т.*******гийн ээж н.Уранчимэг нь А. нь 2 сартай 5-т вакцин тариулаад тарилгын дараа хүндрэл өгч ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлсэн, хүүхдийн биеийн байдал бүрэн үнэлэлгүй тарилга хийснээс болж хүндрэл гарсан гэх агуулга бүхий гомдлыг гаргасан байх бөгөөд уг гомдлын дагуу Хасагт-Эрдэнэ ӨЭМТ-ийн чанарын багийн хурал 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж, 12 дугаартай тэмдэглэл үйлдэгджээ.

5а. Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Удирдлагын зөвлөлийн хурал 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж, их эмч Б.*******, сувилагч Д.Энхтуул нарыг ёс зүйн хорооны хурлаар оруулахаар шийдвэрлэж, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дэргэдэх Ёс зүйн хэсгийн хорооны хурал 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр болж, их эмч Б.*******, сувилагч Д.Энхтуул нарт сахилгын арга хэмжээ авах саналыг Эрүүл мэндийн төвийн Удирдлагын зөвлөлд оруулахаар шийдвэрлэсэн байна.

5б. Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай Гомдол хэлэлцсэн тухай тогтоолоор Хасагт-Эрдэнэ ӨЭМТ-ийн их эмч Б.******* эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн тухай Эрүүл мэндийн сайдын 446 тоот тушаалын 5.1, 5.3 тоот заалтуудыг зөрчсөн гэж үзээд цалингийн 20 хувиар 3 сар, вакцины сувилагч Д.Энхтуул эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн тухай Эрүүл мэндийн сайдын 446 тоот тушаалын 5.8 тоот заалтыг зөрчсөн гэж үзээд цалингийн 20 хувиар 1 сар бууруулах сахилгын арга хэмжээ авах саналыг ЭМТ-ийн удирдлагын зөвлөл оруулах-аар шийдвэрлэжээ.

5в. *******ийн даргын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/15 дугаартай Арга хэмжээ авах тухай тушаалаар Эрүүл мэндийн сайдын 2013 оны 446 тоот тушаал, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн ёс зүйн хэсгийн хорооны хурал, Өрхийн эрүүл мэндийн төвийн чанарын багийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 12 тоот хурлыг тус тус үндэслэн Холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан их эмч Б.*******ийг мэргэжлийн үйл ажиллагаанд хариуцлагатай хандахыг сануулан, 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний зөрчил гаргасан сувилахуйн багийн ахлагч, вакцинатор Д.Энхтуулд сануулах арга хэмжээг тус тус авсан байна.

5г. Их эмч Б.******* нь Хасагт-Эрдэнэ ӨЭМТ-д хөдөлмөрийн гэрээний үндсэн ажилладаг, дээрх арга хэмжээ авсан асуудалд зохих хууль, журмын дагуу эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй болох нь дээр дурдсан үйл баримт, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

5д. Дээрх арга хэмжээ авагдсан тушаал гарах цаг хугацаанд мөрдөгдөж байсан Эрүүл мэндийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 446 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ-ний 5.1-д Эмнэлгийн мэргэжилтэн хоорондын харилцаа нь нэг нэгнийгээ дэмжсэн, харилцан хүндэтгэсэн, хамтын ажиллагааны зарчимд үндэслэнэ, 5.3-т Эмнэлгийн мэргэжилтэн нь мэргэжил нэгт нөхөд, эмнэлгийн бусад мэргэжилтний эрхийг хүндэтгэн, нөхөрсөг, шударгаар хамтран ажиллах ба ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргах, үйлчлүүлэгчид хайхрамжгүй хандах, хууран мэхлэх, залилахтай эвлэрэхгүй байхын зэрэгцээ эдгээр үйлдлээс өөрийгөө болон мэргэжил нэгтнээ сэргийлэн ажиллана, 5.8-д Сувилагч нь анагаах ухаан, сувилахуйн стандартад нийцээгүй үйлчилгээ, үйлдлийг эмчийн зааврын дагуу гүйцэтгэхээс татгалзах эрхтэй ба хэрэв ийм үйлчилгээ, үйлдэл хийхийг шаардсан, зааварласан тохиолдолд шууд харъяалах дээд албан тушаалтанд мэдээлнэ гэж тус тус заажээ.

6. Хасагт-Эрдэнэ ӨЭМТ-ийн чанарын багийн хурлыг 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 100 хувийн ирцтэй буюу хариуцагчийн төлөөлөгч Г.Цогзолмаа, Б.*******, их эмч Б.******* нар оролцож, 12 дугаартай тэмдэглэл үйлдэгдсэн байх бөгөөд уг хурлын тэмдэглэлээс үзвэл дүгнэлт гаргахдаа ... дутагдалтай тал: хүүхдийн бүртгэл судалгаа дутуу, вакцины дараах урвал хүндрэлийг эхэд ойлгуулаагүй, 2 удаа эмнэлэгт хандахад үнэлгээ дутуу хийж хугацаа алдсан, карт хөтлөлт ядмаг, онош дутуу, зөвлөгөө дутуу, сувилагч огт ажиллаагүй, тухайлбал утасдаж асуугаагүй, вакцины дараах урвалыг шалгаагүй, картанд тусгаж бичээгүй гэж өөрийн байгууллагын үйл ажиллагаа болон эмчийн асуудлаар дүгнэлт гаргасан байна.

6а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 700 дугаартай шинжээчийн дүгнэлтэд 1.7.8. Хүүхдэд дархлаажуулалт хийх тохиолдол бүрийн өмнө эрүүл мэндийн үзлэг хийнэ. Эхийн жирэмслэлт төрөлтийн явц, удмын байдал, хүүхдийн бие сэтгэцийн өсөлт, өвчилж байсан өвчин, урьд нь вакцин тариулсны дараа урвал хүндрэл илэрч байсан эсхийг судална. Дархлаажуулалт хийхэд эсрэг заалт байгаа эсэхийг тогтоож харшлах заалт илэрсэн хүүхдэд эмчилгээ хийж эрүүлжүүлж байж хийх шаардлагатай ба А.гийн цитомегаповирусийн шалтгаант ургийн халдварыг илрүүлж оношилж эмчлэх байжээ. 2. А. нь төрөлхийн цитомегаловирусийн халдварын улмаас цус бүлэгнэлтийн тогтолцооны хямрал үүсч, үүний суурин дээр тархинд цус харвасан байж болохоор байна. 3. Тархинд цус харвасан эсэхийг өрхийн эмчийн үзлэгээр бүрэн тогтоох боломжгүй ба дараагийн шатлалын эмнэлэгт тогтооно. 4. Шарлалттай хүүхдийн шарлалт буурч байгаад дахин ихсэх боломжтой. 5. А.г эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэрт 2017 оны 01 сарын 19, 01 сарын 26, 02 сарын 02-ны үзлэгт хэвийн гэж тэмдэглэсэн байна. 6. Хасагт эрдэнэ ӨЭМТөвийн эмч Б.******* нь хүүхдийн өвчний цогц менежмент /ХӨЦМ/ болон Эрүүл мэнд спортын сайдын 2016.07.08-ны А/278 тоот тушаалын 2.1 дэх заалтыг барьж ажиллаагүй байна. 9.10. Төрөлхийн вирүсийн халдварын улмаас нярайн дархлаа тогтолцооны алдагдалтай холбоотойгоор вакцин хийлгэсэн хэсэгт хэсэг газрын хүндрэл үүссэн байх боломжтой. 11.12.13.Төрөлхийн цитомегаловирүсийн халдвартай хүүхдэд цусархаг хамшинж цус бүлэгнэлтийн алдагдал, цавины эвэрхий, нярайн эмгэг шарлалт, төрөлхийн элэгний үрэвсэл, уушгины үрэвсэл, тархины эдийн үрэвсэл, тархины шохойжилт, бөөрний завсар эдийн үрэвсэл, цус багадалт зэрэг эмнэлзүйн шинжүүд илэрдэг ба тархинд цус харвах эрсдэлтэй байдаг. 14.15. Дархлаажуулалтын дараа урвал хүндрэл гарсан тохиолдолд эмчлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулна. А.д дархлаажуулалтын дараах урвал хүндрэлд үзлэг шинжилгээг зохих журмын дагуу үзүүлсэн байна. 16. А.гийн тархинд цус харваснаас таталт өгсөн ба ЭХЭМҮТөв оношийг зөв тогтоож зөв эмчилгээ хийжээ. 17. Шарлалттай хүүхэд хар ногооноор баах шинж илэрдэг ба үндсэн шалтгаан оношийг тогтоож байж эмчлэх ёстой гэжээ.

Дээрх шинжээчийн дүгнэлтэд ... Хүүхдэд дархлаажуулалт хийх тохиолдол бүрийн өмнө эрүүл мэндийн үзлэг хийнэ. Эхийн жирэмслэлт төрөлтийн явц, удмын байдал, хүүхдийн бие сэтгэцийн өсөлт, өвчилж байсан өвчин, урьд нь вакцин тариулсны дараа урвал хүндрэл илэрч байсан эсэхийг судална. Дархлаажуулалт хийхэд эсрэг заалт байгаа эсэхийг тогтоож харшлах заалт илэрсэн хүүхдэд эмчилгээ хийж эрүүлжүүлж байж хийх шаардлагатай ба А.гийн цитомегаповирусийн шалтгаант ургийн халдварыг илрүүлж оношилж эмчлэх байжээ ... Хасагт-Эрдэнэ ӨЭМТ-ийн эмч Б.******* нь хүүхдийн өвчний цогц менежмент /ХӨЦМ/ болон Эрүүл мэнд спортын сайдын 2016.07.08-ны өдрийн А/278 тоот тушаалын 2.1 дэх заалтыг барьж ажиллаагүй байна гэж дүгнэсэн.

6б. Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/278 тоот тушаалын 2.1-д Хүүхдэд дархлаажуулалт хийх тохиолдол бүрийн өмнө эрүүл мэндийн үзлэг хийнэ. Эхийн жирэмслэлт, төрөлтийн явц, удмын байдал, хүүхдийн бие сэтгэцийн өсөлт, өвчилж байсан өвчин, урьд нь вакцин тариулсны дараа урвал хүндрэл илэрч байсан эсхийг судална. Дархлаажуулалт хийхэд эсрэг заалт байгаа эсэхийг тогтоож, харшлах заалт илэрсэн хүүхдэд эмчилгээ хийж эрүүлжүүлж, цаашид ямар вакцинаар, ямар товлолоор хийхийг тогтоож өгнө гэж дархлаажуулалт хийдэг эмнэлгийн нярайн болон хүүхдийн эмч нарын гүйцэтгэх үүрэгт хамааралтай байна.

6в. Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар өрхийн эрүүл мэндийн төв нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх бөгөөд 16 дугаар зүйлийн 16.2-т зааснаар өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдалд үнэлгээ өгөх, хянах, эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах үйл ажиллагааг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ хамаарна гэж, Эрүүл мэндийн байгууллага нь Эрүүл мэндийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7-д эмнэлгийн мэргэжилтэнд мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, ажилтны нийгмийн баталгааг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэгтэй байхаар заасан бөгөөд хариуцагч Хасагт-Эрдэнэ ӨЭМТ нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллуулж буй их эмч, сувилагчдаа хяналт тавих, зохих сургалтанд хууль, журмын дагуу хамруулах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж зааснаар буруутай гэж үзэв.

6г. Эмнэлгийн мэргэжилтэн нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-д мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, 5 жил тутамд төгсөлтийн дараах сургалтад байгууллагын зардлаар хамрагдах эрхтэй байх бөгөөд дархлаажуулалттай холбоотой сургалтанд хариуцагч Б.******* нь хэрхэн хамрагдаж, энэхүү эрхээ хэрхэн хэрэгжүүлсэн болох нь тогтоогдоогүй, мөн 28.4.1-д эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг биелүүлж, хүнлэг, энэрэнгүй үзлийг эрхэмлэн, мэргэжлээ хүний эрүүл мэндийн эсрэг ашиглахгүй байх үүргээ хангалттай биелүүлээгүй, эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор үзүүлээгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар буруутай гэж үзэв.

А. нь төрөлхийн цитомегаловирусийн халдварын улмаас цус бүлэгнэлтийн тогтолцооны хямрал үүсч, үүний суурин дээр тархинд цус харвасан байж болохоор, тархинд цус харвасан эсэхийг өрхийн эмчийн үзлэгээр бүрэн тогтоох боломжгүй ба дараагийн шатлалын эмнэлэгт тогтооно гэсэн шинжээчийн дүгнэлтүүд гарсан боловч өрхийн эмнэлэг болон их эмч Б.******* нар нь дээр дурдсанчилан хууль болон журамд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эмчийн хувьд хүү А.д вакцин хийсэнтэй холбоотой асуудалд ёс зүйн зөрчил гаргасан гэж арга хэмжээ авагдсан байна.

7. Нэхэмжлэгч Т.******* нь хүү А.гийн хамт 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр БНСУ-руу явж, 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр буцаж ирсэн, билетийн зардалд 1,676,515 төгрөг зарцуулсан болох нь МИАТ ХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Т19/07 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байна.

7а. Хүү А. нь БНСУ-ын Пүндан Сөүл их сургуулийн эмнэлэгт толгойн ясны гэмтэл /М95.2/ оноштойгоор 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хэвтэн эмчлүүлж, Чих хамар хоолойн тасаг, Дүрс оношилогоо, мэдрэлийн тасаг, Олон улсын эрүүл мэндийн төв, Хүүхдийн тасагт холбогдох бүхий л шинжилгээг өгч, нийт 11,231,580 воныг төлсөн болох нь Эмчилгээний төлбөрийн баримт-уудаар тогтоогдож байна.

7б. Солонгос хэл дээрх эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой баримтуудыг Эрдмийн цуурай ХХК болон Ёст бичээч ХХК-иудаар 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр орчуулуулж, нийтдээ 290,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.******* төлсөн болох нь тус компаниудын зарлагын баримтуудаар тогтоогдож байна.

7в. Т.******* нь 2017 оноос 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд ибаримтад бүртгүүлсэн эмийн сангийн баримтуудыг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс гаргуулах хүсэлтийг гаргаж, энэ хугацаанд тэрээр 9,536,654.61 төгрөгийн баримтыг бүртгүүлсэн талаарх баримтыг татварын хэлтсээс 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гаргаж өгсөн байх ба үүнээс нэхэмжлэгч нь эм худалдан авсан НӨАТ баримтаар тогтоогдож байгаа 3,324,450 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн, мөн виз мэдүүлэгийн төлбөрт төлсөн 287,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Нэхэмжлэгчээс хүү А.гийн эмчилгээтэй холбоотой гарсан бодит зардлыг эмч болон эмнэлгийн хариуцлагагүй, буруутай үйлдлээс болж гарсан хохирол гэж үзэн хариуцагч нараас нэхэмжилсэн, энэхүү нэхэмжилсэн үнийн дүн болон баримтуудын талаар хариуцагч нар маргаагүй байна.

8. Нэхэмжлэгч Т.******* нь иргэний хувьд Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д эрүүл мэндийн боловсрол эзэмших, хэвшүүлэх, амьдрал ахуйн таатай нөхцөлийг бүрдүүлэх болон эцэг, эх нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах үүрэгтэй бөгөөд энэхүү иргэний эрх, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эмчилгээ хугацаа алдаж хийгдсэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж зааснаар хүү А.гийн тархинд цус харваж, хагалгаанд орж, эмчилгээ хийлгэсэн нөхцөл байдал нь хохирогчийн буюу нэхэмжлэгчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн гэж үзэж, гэм хорын хэмжээг багасган тооцож, нэхэмжлэгчийн хариуцагч тус бүрээс нэхэмжилсэн 15,143,720 төгрөгийн 50 хувь болох 7,571,860 төгрөгийг хариуцагч тус бүрээс гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 15,143,720 /15,143,720 : 2 = 7,571,860/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

9. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх хэрэг, маргааныг анхан шатны журмаар, хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулна гэж зааснаар Баянзүрх дүүрэгт оршин суудаг иргэн Г. нь шүүх хуралдаанд оролцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д зааснаар маргааны үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар дүгнэлтээ гаргасан байна.

Иргэдийн төлөөлөгч Г. нь Өрхийн эмнэлгийн эмч Б.*******ийн хувьд хүүхдийн товлолт вакцины үед шарлалтыг хянан хийх, мөн вакцины дараах хүндрэл үүссэн буюу вакцин хийсэн хэсэгт буглаа үүссэнийг дараагийн шатлалд хурдан мэдэгдэх байсан гэж бодож байна. Вакцины хүндрэл, дархлаажуулалтын талаар авах арга хэмжээ, удирдамжийн талаар сургалтанд суусан байх ёстой байх гэж бодож байна. Бас вакцины хүндрэл үүссэн хүүхдэд утсаар мэдээлэл өгч, дараагийн шатлалын эмнэлэгт мэдэгдэхгүй бага зэрэг хариуцлага алдагдсан гэж бодож байна. Өрхийн эмнэлгийн хувьд ч сургалт, мөн вакцины хүндрэлийн үед арга хэмжээ аваагүй байна. Хариуцлагагүй хандсан, чанарын болон ёс зүйн хорооны хурал, нэхэмжлэгч талын баримт ярианаас харагдаж байна. Нэхэмжлэгч бас эрүүл мэндийн мэдлэг, боловсрол, мөн жирэмсний хяналт, хүүхдийн өмнө хүлээсэн хариуцлага муу байгаа нь харагдаж байна гэсэн дүгнэлтийг гаргасан буюу хариуцагч Хасагт-Эрдэнэ ӨЭМТ, хариуцагч Б.******* нарыг хариуцлага алдсан, өрхийн эмнэлгийн хувьд эмчээ сургалтанд суулгаагүй, нэхэмжлэгч Т.*******гийн хувьд эрүүл мэндийн мэдлэг боловсрол дутмаг, хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хариуцлага муу зэргээр дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байна.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 309,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 136,100 төгрөгийг хариуцагч тус бүрээс гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Хасагт-Эрдэнэ ӨЭМТ-өөс 7,571,860 /долоон сая таван зуун далан нэгэн мянга найман зуун жар/ төгрөг, хариуцагч Б.*******ээс 7,571,860 /долоон сая таван зуун далан нэгэн мянга найман зуун жар/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т.*******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 15,143,720 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 309,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хасагт-Эрдэнэ ӨЭМТ-өөс 136,100 /нэг зуун гучин зургаан мянга нэг зуу/ төгрөг, хариуцагч Б.*******ээс 136,100 /нэг зуун гучин зургаан мянга нэг зуу/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ

ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ

ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ