Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2023/03028

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2023/03028

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух,  овогт Ц.Н

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  тоот хаягт оршин суух,  С.Б

 

Хариуцагч: Улаанбаатар хот, М.Э

 

Нэхэмжлэлийн шаардлага: 11,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Наранцацралт.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч М.Э нь нэхэмжлэгч нарын үүсгэн байгуулсан ДК ХХК-д 2018 оны 06 сарын 11-ний өдрөөс эхлэн ахлах мужааны албан тушаалд томилогдон ажиллаж байсан бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа төлбөр бол тухайн үед ажиллаж байх үед ээ компанийн удирдлагууд болох нэхэмжлэгч нараас хувиараа авсан байдаг юм.

Анх энэ төлбөрийн талаар 2020 оны 06 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шат шатны шүүхээс шийдвэр магадлал, тогтоол гарсан бөгөөд 2022 оны 03 сарын 22-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхээс тогтоол гарч эцэслэн шийдвэрлэгдсэн. Тус шийдвэр миний өнөөдөр гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг ДК ХХК нь хариуцагчаас шаардаж байгаа нь үндэслэлгүй буюу нэхэмжлэгч энэ шаардлагыг шаардах эрхгүй буюу субьектив эрхийг эдлэхгүй, ДК ХХК нь хувь этгээдийн өмнөөс мөнгөтэй холбоотой шаардлага гарган шаардах үндэслэлгүй гэж дүгнэсэн юм. Өөрөөр хэлбэл, ДК ХХК-ийн удирдлагууд хувиараа хариуцагч М.Эт нэхэмжлэлээ гаргаад шийдүүл гэсэн юм.

Хариуцагч М.Э нь 2019 оны 08 сарын 16-ны өдөр нэхэмжлэгч с.бын Хаан банкны 5163071275 дансаар дамжуулан өөрийн Хаан банкны 5083205880 дансанд 3,000,00 төгрөгийг 5 сарын хугацаатай зээлсэн байдаг. Мөн 2019 оны 09 сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөгийг 4 сарын 15 хоногийн хугацаатай хүүгүй гэсэн нөхцөлөөр харилцан тохиролцож нэхэмжлэгч с.б нь хариуцагч М.Эт бэлнээр хүлээлгэн өгч, мөнгө хүлээлцсэн баримтыг үйлдсэн байдаг. Мөн 2020 оны 02 сарын 22-ны өдөр М.Э иргэн ц.нгээс 3,500,000 төгрөгийг бэлнээр зээлж авсан байдаг бөгөөд мөнгө хүлээлцсэн баримтыг гараар бичиж үйлдсэн байдаг. Ингээд хариуцагч М.Э нь нэхэмжлэгч нараас нийт 11,500,000 төгрөгийг авсан байдаг бөгөөд энэ нэхэмжлэгч нараас зээлсэн мөнгөө өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч нарт төлж барагдуулалгүй нэхэмжлэгч нарыг ихээр хохироож байна. Иймд хариуцагч М.Эээс 11,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

1.2.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 3 сая, 5 сая төгрөг зээлж авсан дээр маргахгүй байгаа юм байна. 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 02537 тоот Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 154 тоот Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэл болгох хэрэгтэй. Энэ асуудалд 8 сая төгрөгтэй холбоотой асуудлыг шат шатны шүүхээс тусдаа шийдвэрлүүлэх асуудал байна гэж энэ талаар шүүхэд иргэний өмнөөс хуулийн этгээд шаардах эрхийг эдлэхгүй юм гэдгийг энэ гэрээ болоод мөнгө шилжүүлсэн баримтуудыг шийдвэрүүд дээр хасчихсан байгаа. Тэгэхээр энэ тал дээр шаардах эрх нь с.б болоод ц.н нарт үүссэн. Энэ шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа гэж ойлгож болно. Тэгэхээр энэ шаардах эрхийн хүрээнд ямарваа нэгэн төлбөр төлөгдөөгүй. Хариуцагчийн төлөөлөгчийн хэлж байгаачлан компанид ажиллаж үүнийгээ төлсөн гэсэн асуудлыг хэлж байна. Компанид ажилласан, төлсөн асуудал нь компанитай л холбоотой асуудал байгаа учраас компанитай холбогдуулж маргаан үүсгээд явсан нь зүйтэй юм. Харин иргэдээс зээлж авсан мөнгөө буцааж өгөх нь зайлшгүй асуудал юм. Төлөгдсөн зүйл бол байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах боломжтой байна. Мөн зохиож, сүүлд нь нэмж бичсэн зүйл бол байхгүй. Энэ мөнгийг 02 дугаар сарын 22-ны өдөр 3,500,000 төгрөг бэлнээр зээлж авав гээд М.Э өөрөө гарын үсэг зурсан ийм асуудал байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч М.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь ДК ХХК-ийн гүйцэтгэх захирал болон дэд захирал гэх албан тушаалд ажилладаг бөгөөд хариуцагч нь дээрх компанид 2020 оны 06 дугаар сарыг хүртэл Ахлах мужаан-аар ажиллаж ирсэн бөгөөд нэхэмжлэгч нарыг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан мөнгөн дүнгийн тодорхой хэсгийг 2020 оны цалингаар харилцан төлөхөөр тохиролцож барагдуулсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч М.Э нь ц.н, с.б нарын байгуулсан ДК ХХК-д тодорхой хугацаанд ажилладаг байсан. 2017 оноос хойш 2020 оны 06 дугаар сарыг дуустал хөдөлмөрийн харилцаатай байсан. Энэ харилцаатай байх хугацаанд ажилтан ажил олгогч гэдэг үүднээс цалинг нь барьцаалаад зээлийн гэрээ байгуулсан байдаг. 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр. Талууд энэхүү гэрээгээр цалингаас суутгаж авна, тухайн үед хүүгүйгээр суутгаж авна гэж тохиролцсон байдаг. Мөн 3 сая төгрөгийг с.б өөрийнхөө данснаас М.Э рүү шилжүүлсэн байдаг. 3 сая төгрөг болон 5 сая төгрөгийг зээлээр авсан нь үнэн. Гэхдээ М.Э бол 2019 оны 12 дугаар сар хүртэл ажил олгогчоосоо цалин авсан. Тэрнээс хойш буюу 2020 оны 06 дугаар сар хүртэл цалин аваагүй бүтэн ажилласан байдаг. Ажиллаад үндсэн цалингаараа энэ 2 зээлийн төлбөрт төлж барагдуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, ажиллаж байх хугацаандаа 1,500,000 төгрөгийн цалин авдаг байсан. Энэ цалингаасаа 6 сарын хугацаанд төлсөн буюу нийт 9 сая төгрөгийн зээлийн төлөлтийг барагдуулсан гэж үзэж байгаа. Тэгэхээр 8 сая төгрөг төлөхөөс бид 9 сая төгрөг ажил олгогчид төлсөн. Гэхдээ 2020 оны 06 дугаар сард тал хугацаанд ажилласан учраас 8 сая төгрөгийн эргэн төлөлтийг хөдөлмөр эрхлээд түүнээсээ олсон цалин хөлснөөсөө төлж барагдуулсан гэж үзэж байгаа. Энэ 3,500,000 төгрөг нэмж шаардаад байгааг энэхүү зээлийн гэрээгээр хариуцагчийн зүгээс ямар нэгэн байдлаар аваагүй. Авсан гэж байгаа баримт нь нэхэмжлэгчээс гаргаж өгөөд байгаа өөр бүртгэл, өр төлбөртэй холбоотой асуудлыг дурдсан байсныг сүүлд нэмээд гараараа зурчихсан байна лээ. Зээлийн гэрээний үндсэн шаардлага гэж байгаа, ямар гарын үсэг зурсан, хэзээ 3,500,000 төгрөг зээлсэн талаар хэн биччихсэн байгаа вэ гэдэг, сүүлд нь нэмээд биччихсэн л харагдаад байгаа. Тэгэхээр хариуцагчийн зүгээс 8 сая төгрөгийн зээл авсан нь үнэн. Үүнийгээ 2020 оны 01 дүгээр сараас эхлээд 06 дугаар сар хүртэлх хугацаанд ажилласан цалингаасаа нөхөж төлж барагдуулсан. Иймд ямар нэгэн байдлаар нэхэмжлэгч нарт зээлийн төлбөр төлөх үүрэггүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.01.16-ны итгэмжлэлүүд гаргаж өгсөн.

 

4.Хариуцагчаас 2023.04.24-ний өдрийн итгэмжлэл, 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хариу тайлбар, М.Эийн Хаан банкны депозит дансны 2020.01.01-2020.07.01-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга, 2019.08.01-2019.12.31-ний өдрийн дэлгэрэнгүй хуулга гаргаж өгсөн.

 

5.Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.09-ний өдрийн 182/ШШ2020/02537 дугаартай шийдвэртэй хэргээс Хаан банкны 2019.08.16-ны өдрийн депозит дансны хуулга, 2019.09.07-ны өдрийн 05/19 тоот с.б М.Э нарын зээлийн гэрээ, 2020.02.22-ны өдрийн гараар бичсэн бичиг /ц.н, М.Э гэх гарын үсэгтэй/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.11-ний өдрийн 182/ШШ2020/02537 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.15-ны өдрийн 0015 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн 2022.03.22-ны өдрийн 001/ХТ2022/00343 дугаар магадлал, ДК ХХК-ийн 2023.09.25-ны өдрийн нотлох баримтын талаарх тайлбарыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч ц.н, с.б нар нь хариуцагч М.Эт холбогдуулан 11,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... М.Э нь 2019 оны 08 сарын 16-ны өдөр нэхэмжлэгч с.баас 3,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай зээлсэн байдаг.

2019 оны 09 сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөгийг 4 сарын 15 хоногийн хугацаатай хүүгүй гэсэн нөхцөлөөр харилцан тохиролцож нэхэмжлэгч с.б нь хариуцагч М.Эт бэлнээр хүлээлгэн өгч, мөнгө хүлээлцсэн баримтыг үйлдсэн байдаг.

2020 оны 02 сарын 22-ны өдөр М.Э ц.нгээс 3,500,000 төгрөгийг бэлнээр зээлж авсан байдаг бөгөөд мөнгө хүлээлцсэн баримтыг гараар бичиж үйлдсэн байдаг.

Нийт 11,500,000 төгрөгийг зээлж авсан байдаг бөгөөд зээлсэн мөнгөө нэхэмжлэгч нарт төлж барагдуулаагүй... гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ... М.Э нь ц.н, с.б нарын үүсгэн байгуулсан ДК ХХК-д 2017-2020 оны 06-р сарыг дуустал хөдөлмөрийн харилцаатай байсан ба цалин барьцаалаад зээлийн гэрээ байгуулсан байдаг. 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр талууд энэхүү гэрээгээр цалингаас суутгаж авна, тухайн үед хүүгүйгээр суутгаж авна гэж тохиролцсон байдаг.

8 сая төгрөгийг зээлээр авсан нь үнэн. 1,5 сая төгрөгийн цалингаасаа 6 сарын хугацаанд төлсөн буюу нийт 9 сая төгрөгийн зээлийн төлөлтийг барагдуулсан учир 8 сая төгрөгийн эргэн төлөлтийг төлсөн.

3,500,000 төгрөгийг хариуцагчийн зүгээс ямар нэгэн байдлаар аваагүй. Авсан гэж байгаа баримт нь нэхэмжлэгчээс гаргаж өгөөд байгаа өөр бүртгэл, өр төлбөртэй холбоотой асуудлыг дурдсан байсныг сүүлд нэмээд гараараа зурчихсан байна лээ.

Зээлийн гэрээний үндсэн шаардлага гэж байгаа, ямар гарын үсэг зурсан, хэзээ 3,500,000 төгрөг зээлсэн талаар хэн бичсэн байгаа вэ гэдэг, сүүлд нь нэмээд бичсэн л харагдаад байгаа.

Иймд нэхэмжлэгч нарт зээлийн төлбөр төлөх үүрэггүй гэж үзэж байна...гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч с.б, хариуцагч М.Э нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд, уг гэрээгээр 5,000,000 төгрөгийг, хүүгүй, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийг хүртэл 4 сар 15 хоногийн хугацаатай М.Эт зээлдүүлсэн ба зээлийн барьцаа нь зээл авагчийн ДК ХХК-д гүйцэтгэх ажлын хөдөлмөрийн хөлс байх талаар талууд харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Зээлийн гэрээ, мөнгө хүлээлгэн өгсөн баримт, зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч с.б нь хариуцагч М.Эийн Хаан банкны 5083205880 дугаартай данс руу 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 3,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай зээлэв гэдэг утгатайгаар шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан с.бын Хаан банкин дахь 5163071275 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулганы баримтаар тогтоогдож байна.

 

2020 оны 02 дугаар сарын 22-нд 3,500,000 төгрөгийг бэлнээр зээлж авав, ц.н, М.Э гэсэн гарын үсгийн бичвэртэй баримт хэрэгт авагджээ.

 

Дээрх баримтуудаас үзвэл с.б нь М.Эт дансаар 3,000,000 төгрөг, бэлнээр 5,000,000 төгрөг, нийтдээ 8,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдож байх ба зохигчид 8,000,000 төгрөгийг зээлүүлсэн талаар маргаагүй.

 

Харин с.баас зээлсэн 8,000,000 төгрөгийг М.Э буцаан төлсөн болон ц.нгээс М.Э 3,500,000 төгрөг зээлсэн болон бэлнээр өгсөн талаар талууд маргадаг.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ,

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан,

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцох,

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.,

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ, 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ, 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээнд талууд хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан, мөн талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан, эд хөрөнгө шилжүүлсэн зэрэг үйлдлүүд тогтоогдож байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

 

Талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа нь зээлийн гэрээний харилцаанд хамаарах бөгөөд энэхүү харилцаанаас үүссэн маргаан буюу аливаа шаардах эрх нь Иргэний хуульд заасан Зээлийн гэрээний эрх зүйн зохицуулалтад хамаарч байх бөгөөд хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Дээр дурдсан хуульд зааснаар хариуцагч М.Э нь зээлийн гэрээнд зааснаар зээлийг нэхэмжлэгч с.б болон ц.н нарт тус тусад нь төлөх үүрэгтэй байна.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд бичгийн хэлцэл нь талууд гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хугацаанд нь буцаан төлөх үүрэг хүлээдэг.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд дээр дурдсан хуульд зааснаар хариуцагч М.Э нь зээлийн гэрээнд зааснаар үндсэн зээлийг нэхэмжлэгч с.б, ц.н нарт тус тусад нь төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч ц.н нь с.б, ц.нтэй байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон боловч тэрээр гэрээнд заасан үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ с.б болон ц.н нарын үүсгэн байгуулсан ДК ХХК-д хөдөлмөрийн гэрээний дагуу ажилладаг байсан ба цалингаас суутгаж нийт 8,000,000 төгрөгийг төлсөн талаар тайлбарлах боловч хариуцагч үүнийгээ баримтаар нотлоогүй.

 

Түүнчлэн, ц.нгээс 3,500,000 төгрөгийг хариуцагчийн зүгээс ямар нэгэн байдлаар аваагүй, авсан гэх баримт нь өөр бүртгэл, өр төлбөртэй холбоотой асуудлыг дурдсан байсан, баримт дээр сүүлд нэмээд гараараа зурчихсан, ямар гарын үсэг зурсан, хэзээ 3,500,000 төгрөг зээлсэн талаар хэн бичсэн байгаа вэ гэдэг сүүлд нь нэмээд бичсэн баримт гэсэн тайлбараа хариуцагч баримтаар нотлоогүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж  тус тус зохицуулжээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг татгалзаж буй үндэслэлээ нотлох үүрэгтэй боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

 

Иймд хариуцагч М.Эээс 8,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч с.бт, хариуцагч М.Эээс 3,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ц.нд олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч М.Эээс 8,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Болдбаатарт, хариуцагч М.Эээс 3,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ц.нд олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ц.нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Эээс 198,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ц.нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС