Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00057

 

 

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00057

 

 

 

С.Б, Ц.Н нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2023/03028 дугаар шийдвэртэй

С.Б, Ц.Н нарын нэхэмжлэлтэй

М.Эт холбогдох

11,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч М.Э нь Д ХХК-д 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн ахлах мужааны албан тушаалд томилогдон ажиллаж байсан.

1.1. М.Э нь 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр С.Б-ын Хаан банкны 516307**** тоот дансаар дамжуулан өөрийн Хаан банкны 508320**** тоот дансанд 3,000,00 төгрөгийг, 5 сарын хугацаатай зээлсэн мөн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөгийг, 4 сарын 15 хоногийн хугацаатай, хүүгүй нөхцөлөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч С.Б нь хариуцагч М.Э-т бэлнээр хүлээлгэн өгч, баримт үйлдсэн байна.

1.2. Мөн 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр М.Э Ц.Н-гээс 3,500,000 төгрөгийг бэлнээр зээлж, мөнгө хүлээлцсэн баримт үйлдсэн байна. Хариуцагч М.Э нэхэмжлэгч нараас нийт 11,500,000 төгрөгийг авсан боловч төлж барагдуулахгүй байна.

Иймд хариуцагч М.Э-ээс 11,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: М.Э нь Ц.Н, С.Б нарын байгуулсан Д ХХК-д 2017 оноос 2020 оны 06 дугаар сарыг дуустал хөдөлмөрийн харилцаатай ажилладаг байсан. Энэ хугацаанд ажилтан нь ажил олгогчоос цалин барьцаалан зээлийн гэрээ байгуулсан байдаг.

2.1. Талууд 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээгээр цалингаас, тухайн үед хүүгүй суутгаж авна гэж тохиролцсон байдаг. Мөн 3,000,000 төгрөгийг С.Б өөрийн данснаас М.Э рүү шилжүүлсэн. Энэ 3 болон 5 сая төгрөгийг зээлээр авсан нь үнэн. Гэхдээ М.Э нь 2019 оны 12 дугаар сар хүртэл ажил олгогчоосоо цалин авсан. Тэрнээс хойш буюу 2020 оны 06 дугаар сар хүртэл цалингүй ажиллаад үндсэн цалингаараа энэ 2 зээлийн төлбөрийг төлж барагдуулсан. Өөрөөр хэлбэл, ажиллаж байх хугацаандаа 1,500,000 төгрөгийн авдаг байсан цалингаасаа 6 сарын хугацаанд төлсөн буюу нийт 9,000,000 төгрөгийн зээлийн төлөлтийг барагдуулсан. Гэхдээ 2020 оны 06 дугаар сард тал ажилласан учраас 8,000,000 төгрөгийн эргэн төлөлтийг хөдөлмөр эрхлээд түүнээсээ олсон цалин хөлснөөсөө төлж барагдуулсан гэж үзэж байгаа.

2.2. Нэмж шаардаж байгаа 3,500,000 төгрөгийг хариуцагч аваагүй. Авсан гэх баримт нь нэхэмжлэгчээс гаргаж өгөөд байгаа өөр бүртгэл, өр төлбөртэй холбоотой асуудлыг дурдсан байсныг сүүлд нэмээд гараараа зурчихсан байна. Тэгэхээр хариуцагчаас 8,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Үүнийгээ 2020 оны 01 дүгээр сараас эхлээд 06 дугаар сар хүртэлх хугацаанд ажилласан цалингаасаа нөхөж төлж барагдуулсан.

Иймд нэхэмжлэгч нарт зээлийн төлбөр төлөх үүрэггүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч М.Э-ээс 8,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Б-т, хариуцагч М.Э-ээс 3,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Н-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Н-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Э-ээс 198,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Н-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1.Хариуцагч М.Э нь Д" ХХК-ийн дэд захирал С.Б-тай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд тухайн зээлийн эргэн төлөлтийг тус компанид ажиллаж байх хугацааны цалин хөлсөөр төлөхөөр харилцан тохиролцож зээлсэн 8,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс Д ХХК-иас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч холбогдох баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч тухайн захирамжид дурдсан баримтуудыг ирүүлээгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүхээс шаардсан баримтыг гаргуулж авах талаар дахин хүсэлт гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4.2. Шүүх шийдвэрийн үндэслэлээ ...цалингаас суутгаж нийт 8,000,000 төгрөгийг төлсөн талаар баримтаар нотлоогүй... гэж дурдсан боловч хариуцагчийн зүгээс шүүхэд Д ХХК-д ажиллаж байх хугацааны цалин хөлсөө авдаг дансны 2019 оны 06 дугаар сараас 2020 оны 07 дугаар сарыг хүртэл хугацааны хуулгыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гарган өгсөн боловч үүнийг баримтаар үнэлээгүй. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан өмнөх шүүхийн шийдвэр болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, нотлох баримтуудаар хариуцагч М.Э нь 2020 оны 06 дугаар сарыг дуустал Д ХХК-д ажиллаж байсан нь тогтоогддог бөгөөд энэ хугацаанд компаниас цалин хөлс аваагүйг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч тухайн баримтыг үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй болно.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Ц.Н, С.Б нар нь хариуцагч М.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хэргийн баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч М.Эт 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 3,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай зээлдүүлсэн нь С.Б-ын Х банк ХК-ийн депозит дансны хуулгаар,

3.2. Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч М.Э-т 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 3,500,000 төгрөгийг зээлдүүлсэн нь хэргийн 8 дугаар талд авагдсан бичгийн баримтаар тус тус тогтоогдсон байна.

4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж дээрх үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа гэж тодорхойлж, хариуцагчаас 3,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Н-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 5. Хэргийн 6 дугаар талд С.Б нь М.Э-т 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөгийг, хүүгүй, 4 сар 15 хоногийн хугацаатай зээлдүүлсэн баримт авагджээ. Уг зээлийн гэрээтэй холбоотой маргааныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2020/02537 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 00154 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2022/00343 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт зааснаар зохигч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр ... байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж зохицуулжээ. Иймд дээрх зээлийн гэрээний маргааныг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт Энэ хуулийн 65.1.6-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. гэж заасны дагуу хариуцагч М.Э-ээс 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Б-ын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин хэрэгт авагдсан нэхэмжлэгч С.Бын депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар хариуцагч нь 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 3,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай зээлсэн нь нотлогдож байх тул хариуцагч М.Э-ээс 3,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Б-т олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцнэ

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

6.1. Д ХХК-д хариуцагч М.Э нь ажиллаж байсан хугацааны буюу 2020 оны цалингийн лавлагаа, хөдөлмөрийн гэрээний хуулбарыг нотлох баримтаар гаргуулахаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн боловч үүнтэй холбоотой баримт байхгүй талаар Д ХХК-аас 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хариу ирүүлсэн байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг дахин гаргасныг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул энэ талаар гаргасан хариуцагч талын гомдлыг хангахгүй.

6.2. Хариуцагч талаас гаргаж өгсөн М.Э-ийн ХААН банк ХК-ийн дансны хуулгаар 8,000,000 төгрөгийн зээл төлөгдсөн гэх байдал тогтоогдохгүй байна. Иймд хариуцагч нь компаниас цалин хөлс аваагүй гэдгийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч тухайн баримтыг үнэлээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2023/03028 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад ...8,000,000... гэснийг 3,000,000 гэж өөрчилж,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Б-ын нэхэмжлэлтэй хариуцагч М.Э-т холбогдох 5,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэсэн заалт нэмж,

2 дахь заалтын дугаарыг 3 гэж, 3 дахь заалтын дугаарыг 4 гэж,

3 дахь заалтад ...198,950... гэснийг 118,950 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч М.Эээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 198,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 Д.БЯМБАСҮРЭН