Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 149/ШШ2024/00002

 

2023 оны 12 дугаар

сарын 21-ний өдөр Дугаар 149/ШШ2024/00002 Мандал сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч:Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, 36 дугаар байрны 51 тоотод оршин суух, ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Хайлаастын 59 тоотод оршин суух, ******* овогт ******* *******д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 43219000 төгрөг, худалдах худалдан авах гэрээний үүрэгт 535000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Гансүх, хариуцагч Ц.*******, хариуцагчийн өмгөөлөгч С.Баатар, нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэгдүүлсэн нэхэмжлэлдээ: Би *******г өмнө таньдаг байсан болохоор мөнгө зээлээч гэж гуйхаар нь 2015 оны 11 дүгээр сараас мөнгө зээлсэн. Найдвартай өгч авалцаад явсан болохоор 2016 оны 02 дугаар сараас их хэмжээгээр өгч эхэлсэн. Тухайн үед ******* нь төмрийн үйлдвэрт тогооч хийдэг бас хажуугаар нь даргынхаа хүүхдийг харж өндөр цалин авдаг гэж байсан 2016 оны 02 дугаар сарын 20-оос 2017 оны 08 дугаар сарын 10-ыг хүртэл хугацаанд 14 баримтаар 34845000 төгрөг зээлдүүлснээс 6032000 төгрөг төлөгдөж үлдсэн 28813000 төгрөгийг хүү алданги 6180000 төгрөгийн хамт нийт 34993000 төгрөгийг *******гээс гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү ...,

Нэхэмжлэгч Ш.******* нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Ш.******* миний бие ******* *******тэй сайн танил хамт ажиллаж байсан тул 2015 оны үед мөнгө зээлэх хүсэлт тавихад нь зөвшөөрч Ц.*******д мөнгө зээлдүүлж байсан тэр ч авсан мөнгөө хугацаанд нь төлж мар нэгэн хэл ам гаргаж байгаагүй тул 2016 оноос эхлэн Ц.*******д нэлээд хэмжээний мөнгө зээлдүүлдэг болсон юм. Учир нь тэр үед Ц.******* нь Монгол Хятадын хамтарсан төмрийн үйлдвэрт тогоочоор ажиллаж байсан ба хамт ажилладаг хүмүүст мөнгөний хэрэгцээ гарлаа мөн байгууллагадаа ч өөрийн хамаатан хүмүүст авч байгаа гэж хэлээд 2016 оны 02 дугаар сарын 20-оос 2017 оны 08 дугаар сарын 10-ыг хүртэл хугацаанд надаас нийт 13 удаагийн зээлийн гэрээ байгуулж нийт 34845000 төгрөгийн зээлж авсан юм. Энэ мөнгийг би зөвхөн Ц.*******д өөрт нь бэлнээр болон бэлэн бусаар өгч байсан ба шилжүүлгээр өгөхдөө Ц.*******гийн өөрийнх нь дансанд хийж өгч байсан нь баримтаар нотлогдоно. Би анхнаасаа л Ц.*******тэй энэ талаар ярьж тохирсон. Би янз бүрийн таних танихгүй хүнтэй уулзахгүй би зөвхөн чамтай л харьцана чи цаанаа хэнд өгч авдаг чинь хамаагүй гэж хэлсэн тул Ц.******* нь нэг хүний нэр хэлээд л надаас мөнгө авдаг гэрээн дээрээ хамтран зээлдэгч гэж хүний нэр утас хаягийг бичээд л өгдөг байсан юм. Тухайлбал зээлийн гэрээн дээр хамтран зээлдэг гэж гарын үсэг зурсан Уртаа гэж хүмүүсийг би огт танихгүй надтай энэ хүмүүс уулзаж харьцаж байгаагүй. Харин Ц.*******гийн хүргэн Нанзаддорж дүү нь гэх Пүрэвжаргал гэх хоёр Ц.*******тэй хамт ирж байсан удаатай. Өнгөрсөн хугацаанд Ц.******* нь бэлэн ба бэлэн бусаар нийт 6032000 төгрөгийг буцааж төлсөн. Үлдэгдэл 28813000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа ба үлдэгдэл мөнгийг чинь удахгүй төлнө өө дүүдээ итгээд тайван хүлээж байгаарай санаа зоволтгүй шүү гэх мэтээр байнга итгэл төрүүлж хүлээлт үүсгүүлсээр ирсэн юм. Мөн энэ хугацаанд хоёр жил гаруй үргэлжилсэн цар тахлын байдал нөлөөлж байсан. Хамгийн сүүлд Ц.******* нь самарт яваад мөнгийг чинь бөөнд нь өгнө нэг ачаа хийсэн гэж ярьсан боловч нэг ч төгрөг төлөөгүй ба сүүлдээ утсаа авахаа больсон тул миний бие аргагүй эрхэнд хуулийн байгууллагад хандахад хүрсэн. Одоо Ц.******* нь энэ мөнгийг би аваагүй хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх мэтээр ярьж байгаагаас үзвэл анхнаасаа л намайг залилж хугацаа хэтрүүлэх далд санаатай байсан нь тодорхой байна. Нэгэнт Ц.******* ийм зүйл ярьж байгаа болохоор би түүнд зээлийн гэрээгээр бэлэн ба бэлэн бусаар өгсөн 34845000 төгрөгөөс эргүүлж төлсөн 6032000 төгрөгийг хасаж үлдэгдэл 28813000 төгрөгт хугацаа хэтрүүлсэн алданги 50 хувиар тооцоход 43219000 төгрөг болж байна. Иймд Ц.*******гээс 43219000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Цэцгээд би удаа дараа өчнөөн мөнгө зээлүүлээд авч чадахгүй юм байгаа болохоор бас гомдолтой байгаа. Тэгээд мөнгөө нэхээд өчнөөн явж байсан. Мөнгөө нэхээд явж байсныг гэрчлэх хүн бас зөндөө байгаа. Би өөрөө машин унаа тэрэггүй, машин барьдаггүй болохоороо ах дүү нар хүүхдийнхээ машинд, унаанд суугаад гэр орноор нь ажил дээр нь очиж уулздаг байсан. Тэрийг ******* өөрөө ч гэсэн бас мэдэж байгаа. Гэрт нь очиход бол ээж нь өөрөө байхгүй ч гэсэн би ээж дүү нараар нь дамжуулж өчнөөн очиж байсан. Дамжуулж хэлж байсан. Ээж дүү нарынхаа нэрээр зээл авч байсан болохоор тэд нартай нь ч бас уулзаж байсан. Тэгээд *******тээ ярихаар өөрөө өгөхгүй гэж гэж байгаагүй. Энэ хугацаанд өнгөрсөн хугацаанд бол байнга өгнө, найдвартай байж бай, санаа зоволтгүй байж бай гэж байсан болохоор би энэ урт хугацааг бас ингээд алдчихсан юм шиг байгаа юм. Өөрт нь итгээд хүлээлт үүсгэчихсэн. Тэгээд хүлээж хүлээгээд ийм урт хугацаа өнгөрчихсөн. Тэгээд ер нь энэ хүнийг ингээд энэ урт хугацаа өнгөрөөсний дараа хөөн хэлэлцэх хугацаа яриад өгөхгүй гэж ярихаар нь энэ хүн анхнаасаа ийм зорилготой байсан юм байна гэж би ойлгоод байгаа юм. 2021 онд яагаад эвлэрүүлэн зуучлалд өгсөн бэ гэхээр энэ хүн өөрөө 2021 оны өвөл нэг сард өөрөө над руу яриад би одоо самрын түүвэрт явах гэж байгаа тэгээд хавар ирээд би танд өгнө та тэвчээртэй хүлээж байгаарай санаа зоволтгүй тайван хүлээж байгаарай гэсэн. Тэгээд би хүлээгээд 5 сард би ярихад түүвэрт яваад ирсэн самар аваад ирсэн энэ нойтон байна, нойтон гээд авахгүй байна гэхээр нь би юу гэсэн үг юм бэ хүмүүс зөндөө авчраад зараад байгаа шүү дээ. Хямдхан ч гэсэн зараад миний мөнгийг өгөөч гэсэн. Тэгээд холбогдохгүй болчихсон. Тэгэхээр нь би за ер нь энэ өгөхгүй юм байна даа гэсэн үүднээс би эвлэрүүлэн зуучлахад өгсөн. Энэ хүн бас өгчих байх гэсэн итгэл төрсөн болохоор эвлэрүүлэн зуучлахад өгсөн юм. Хэрвээ энэ хүнд итгээгүй бол би шууд л шүүхэд өгөх байсан л даа. Тэгээд өөрөө над руу ярьсан юм.Эвлэрүүлэн зуучлахад өгсний дараа энэ 9 сарын эхээр 9 сарын 7-нд ч билүү ярьсан. Над руу утасдаад та хүлээж бай би өгнө шүү дээ найдвартай өгнө, та эвлэрүүлэн зуучлахад өгчихсөн байна, та шүүхэд хандчихсан байна, би найдвартай өгнө шүү дээ гэсэн. Тэгээд би та хүлээж бай би 1 сарын дотор би танд мөнгө авчраад өгнө гэсэн би 2 сар хүлээсэн энэ хүнийг. Тэгээд би шүүхэд өгсөн. Тэгээд шүүхээр яригдаж байх хугацаанд энэ өөрөө хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, өгөхгүй гэсэн яриа гараад ирэхээр нь би Цэцгээ рүү утасдаад хэлсэн юм, чи өгнө гэж байсан одоо яагаад өгөхгүй гээд байгаа юм гэсэн чинь та юу гэж шүүхэд өгсөн юм тэгвэл гэж байгаа юм. Тэгэхээрээ энэ хүн өөрөө анхнаасаа миний итгэлийг далимдуулж баахан мөнгө авчхаад ер нь өгөхгүй гэсэн санаа агуулж байсан нь мэдэгдээд байгаа юм. Байнга л өгнө найдвартай өгнө гээд л би тэнд байна энд байна гээд. Тэгээд энэ цар тахлын энэ 2 жил бас аягүй хугацаа алдуулсан л даа. ******* энэ чи тэгж байсан шүү дээ тэгээд яагаад одоо ингээд хэл яриа чинь өөрчлөгдөөд ингээд худлаа хүн гүтгээд байгаа юм бэ. Хүний итгэл дээр ингээд тоглочхож байгаа юм. Одоо энэ 34310000 төгрөгөөс өөрийнх нь данс руу орсон мөнгө нь одоо тэмдэглээд би юунд өгчихсөн байгаа л даа. Өөрийнх нь данс руу ихэнх мөнгө нь орсон байгаа юм. Бусад нь яагаад данс руу ороогүй гэхээр миний данс руу битгий хий гэж өөрөө гуйж байгаад бэлэн авч байсан. Тэгээд одоо нийт 34310000 төгрөгийн үндсэн зээлээс өгсөн мөнгө нь хүү өгсөн мөнгө 6032000, тэгээд энэ эд нарыг нь ингээд хасаад 50%-ийн алдангиа нэмэхээр 41752000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Ц.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие Ц.******* нь нэхэмжлэгч Ш.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Ш.******* нь надаас 34845000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарсан байна. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно. Учир нь би Ш.******* эгчээс урьд нь ганц нэг удаа мөнгө зээлж байсан гэтэл дараа нь Ш.******* эгч өөрөө надтай ирж уулзаад чи төмрийн үйлдвэрт ажилладаг юм чинь ажлынхаа хүмүүст болон хужаа нарт мөнгө хүүтэй зээлээд өгөөч би чамайг гомдоохгүй хувь өгье гэж хэлсэн. Ингээд Ш.******* нь надаар дамжуулан хужаа нарт 20 хувиар монгол хүмүүст 10 хувиар мөнгө зээлдэг байсан ба тэр хүмүүс нь мөнгө зээлээд буцаагаад өгөхөөр ******* эгч баярлалаа гээд надад хувь өгдөг байсан. ******* эгч дээрх хүмүүст мөнгө зээлэхдээ надыг дандаа зээлдэгчээр бичиж өгдөг байсан. Тэгэхээс би ******* эгчээс 34845000 төгрөг зээлээгүй дээрх мөнгийг авсан хүмүүс нь өөрсдөө мэдэж байгаа. Мөнгө зээлдэхдээ ******* эгч хүнд битгий хэлээрэй мөн хамтран амьдарч Машбатад бүр битгий хэлээрэй гэж хэлж захидаг байсан. Дээрх хүмүүст зээлдүүлсэн мөнгөө зармыг аваагүй болохоор надаас мөнгө нэхэж байна. Хүмүүст зээлсэн мөнгө нь ч 34845000 төгрөг болохгүй байхаа ор үндэслэлгүйгээр ингэж гүтгэж ийм их мөнгө нэхэж байгаа нь арай дэндүү байна. Дээрх мөнгийг 2015, 2016 онд зээлүүлж байсан мөнгө бөгөөд тэр зарим хүмүүс нь мөнгийг буцааж өгсөн мөн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх гэж бодож байна. Гэтэл дээрх их хэмжээний мөнгөө үндэслэлгүйгээр надаас нэхэмжилж байгаад гомдолтой байна. Надад мөнгө зээлсэн бол ямар баримтыг үндэслэж нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Иймд дээрх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... ******* эгч надад нөгөө чамд нэг ашигтай юм санал болгоё ажлынхаа хажуугаар хятадууддаа 20%-аар гаргаад надад болохоороо 10 10-аас 15%-аар бодож би авч байя. Чамд ингээд 50%-ийг нь урамшуулал болгож ингээд өгч байя. Амьдрал чинь нэмэртэй гээд надад өөрөө энэ ажлыг санал болгосон. Би тэгээд хятад ажилчдаа нэг ганц хоёрхон хүнд 20%-аар авч өгдөг байсан. Энэ Төрийн банк дээр ирээд өөрөө АТМ-ээс мөнгөө авч өгөөд явуулдаг байсан. Танай ах дүү нар чинь болохоор 0-аас 15%-тай өгч байя. Тэгээд хужаа нартаа чи өөрөө 20 гэж хэлээд надаа 15-аар тооцоо хийж бай гээд. Тэгээд ингээд хувь өгдөг байсан. Тэр нь бол үнэн. Сүүлдээ одоо ингээд нөгөө 4, 5 саяын зээлүүд хаагдаад ирэхээр хувиа өгөхөө байсан. Тэгээд тэр 530000төгрөгийн юм заруулсан гээд байгаа. Тэрийг нь болохоор би сүүлд 6 саяар 5 саяар мөнгөнүүд хаагдахад надад хувь өгөөгүй болохоор чиний одоо авсан юмнууд чинь зөндөө байгаа болохоор би чамд хувь өгөхгүй байгаа. Энэ хувиа чиний өрнөөс чинь хасаж байгаа шүү л гээд л тэгдэг байсан. Тэгээд би мөнгөнүүд нь хаагдаж байгаа болохоор хувь орж ирдэггүй байсан болохоор тухайн үеийн одоо мөнгөний хүү зарсан юмны юм хумаас хасаад байгаа юм болов уу гээд л тоохгүй яваад л байсан л даа. Тэгээд би 2017 онд самарт явахдаа одоо ингээд би самарт явж байгаа ажлаасаа гарчихсан, наад хүмүүсээсээ та мөнгөө олж аваарай. Одоо би бол ингээд сар ч явж магадгүй сар гаран ч явж магадгүй угаасаа ингээд төмрийн үйлдвэр зогсож байгаа, нэг бол наадуул чинь ингээд авсан мөнгөндөө арматур барьцаалж өгье гэж байна тэрийг нь та яах юм гэсэн чинь би ямар барилгын дэлгүүр ажиллуулж байгаа биш тэр арматураар чинь яадаг юм гээд өөрөө барьцаанд юм тавья гэхээр авдаггүй байсан. Тэгээд би явахдаа хэлчхээд явсан болохоор явчхаад нэг сар гаран болоод ирсэн байх.Тэгээд би одоо ингээд өгч чадахгүй наад хүмүүсээс нь ингээд өөрсдөөс нь та олоод авчих гээд өөрт нь ингээд удаа дараа ярьж байсан. Тэгээд гол нь надад хувь амлаад байсан болохоор нь л энэ юунд нь орсон л доо. 2017 оноос хойш би тэгээд ерөөсөө холбогдоогүй явж байсан. Тэгээд өгч чадахгүй энэ хүмүүсээс нь та олоод авчих гэдэг байсан. Би дагуулж очдог байсан. Чи яг хэнд өгч байгаа юм дагуулж ир гээд. Тэгээд дүүгээ тэр хамаатныхаа хүнийг дагуулж очдог байсан юм. Хятадуудыг болохоор яг банк дээр нь ирж авч өгдөг байсан. Одоо тэр Ли Ван, Чан Ман Чан гээд нэр дурдаад байгаа нэр бүхий хүмүүс маань өөрсдөө ирж авдаг байсан юм. Энэ төрийн банк дээрээс л АТМ-ээс авч өгдөг байсан юм. Тэгээд сүүлдээ нөгөө хувь өгөхгүй болохоор нь тэгээд л би за ерөөсөө больё самартаа явъя гээд л тэгээд л тэр үед надад нөгөө ажлын санал ороод ирчихсэн байсан болохоор хөдөө ажлаар явчихсан байсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Ц.*******гээс Зээлийн гэрээний үүрэгт 43219000 төгрөг, худалдах худалдан авах гэрээний үүрэгт 535000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч Ш.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзаж оролцов.

Үүнд:Хариуцагч Ц.*******д зээлдүүлсэн 34310000 төгрөгөөс хариуцагч Ц.******* нь 6032000 төгрөгийг надад буцаан өгсөн учраас төлөгдөөгүй байгаа 28278000 төгрөг дээр гэрээнд заасан 0.5 хувиар хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги тооцож 14139000 төгрөгийн алданги нийт 42417000 төгрөгийг, мөн худалдах худалдан авах гэрээний үүрэгт 535000 төгрөг нийт 42952000 төгрөгийг хариуцагч Ц.*******гээс гаргуулахаар шаардаж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцов.

Хариуцагч Ц.******* нь би нэхэмжлэгч Ш.*******ээс мөнгө зээлж авч байгаагүй, Ш.******* өөрөө надад хандаж чи ажлынхаа хүмүүст надаас мөнгө аваад зээл, зээлүүлсэн мөнгөнөөс тодорхой хэмжээний хүүг тооцож авч бай гэж надаар дамжуулж бусдад мөнгө зээлж байсан. Тиймээс би Ш.*******ийн нэхэмжилж байгаа мөнгийг төлөхгүй, мөн надаар бараа заруулахаар өгснийг түүнээс нь би гэртээ зарим зүйлийг нь авсан. Зарим барааны үнийг нь надаар дамжуулан бусдад мөнгө зээлүүлж байсны урамшуулалд өгч байсан мөнгөнөөсөө хассан гэж би ойлгож байгаа. Тэгээд ч надад өгч байсан гэх мөнгөний зээлийн гэрээний хугацаа дууссан хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учраас хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэж оролцов.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. ...гэж зааснаар нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Ц.*******гийн хүсэлтээр 13 удаагийн үлдэл буюу зээлийн гэрээгээр хариуцагчид хуульд заасан мөнгөн хөрөнгө болох 34310000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ буюу үйл баримтаар тогтоогдож байна./хх-ийн 3-18 дугаар хуудас/

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт иргэний эрх, үүргийг үүсгэх өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ. ...гэж зааснаас үзвэл хариуцагч Ц.******* нь хүсэл зоригийн илэрхийлэл болгож нэхэмжлэгч Ш.*******ээс мөнгөн хөрөнгө зээлэхийг хүссэн ба хүсэлтийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Г.******* хариуцагч Ц.*******д 34310000 төгрөгийг тодорхой хугацаатай, хүү, алданги тооцохоор тохиролцож, мөн хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг бичгээр байгуулсан байгаа нь нэхэмжлэгч хариуцагчийн нарын хооронд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно. ...гэж заасан хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч Ц.******* нь нэхэмжлэгчээс зээл авч байгаагүй, зээлийн гэрээнд зөвхөн гарын үсэг зурж бусдад Ш.*******ийн хүсэлтээр мөнгийг нь дамжуулан зээлдүүлж байсан гэж мэтгэлцэж байгаа боловч Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсгийн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж , гарын үсэг зурсан... гэж зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүсэл зоригийг илэрхийллээ баталгаажуулан зээлийн гэрээний гарын үсэг зурснаар бичгээр хийгдсэн хэлцэл үзлээ.

Тиймээс нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч Ц.******* нарын хооронд хийгдсэн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуулийн шаардлага хангасан, хуульд харшлаагүй бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тооцож болно. ...гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана....гэж зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь мөнгөн хөрөнгийг зээлдүүлэхдээ зээлийн гэрээг бичгээр байгуулж, харилцан тохиролцсоны үндсэн дээр нэг сарын хугацаанд 10, 12, 15 хувийн хүү тооцон авахаар тохиролцсон./хх-ийн 3-18 дугаар хуудас/

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дунгийн 50 хувиас хэтэрч болохгүй. ...гэж, 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. ...гэж зааснаар талуудын хооронд бичгээр байгуулсан зээлийн гэрээнд гэрээний үүрэг зөрчигдсөн өдрөөс хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тогтоосон байна.

Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ хамгийн сүүлийн зээлийн гэрээг байгуулагдаж шаардах эрх үүсэх хугацааг тооцож үзвэл 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1500000 төгрөгийг хоёр сарын хугацаатай 10 хувийн хүүтэйгээр, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн хүү тооцохоор байгуулж, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс нэхэмжлэгчийн шаардах эрх үүснэ.

Тиймээс нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Ц.*******гээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэг, 232.4 дэх хэсэг, 232.6 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэгт 13 удаагийн үйлдлээр хийгдсэн зээлийн гэрээний үүрэгт 28278000 төгрөг дээр гэрээнд заасан 0.5 хувиар хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги тооцож 14139000 төгрөгийн алданги нийт 42417000 төгрөгийг шаардах эрхтэй ба хариуцагч Ц.******* нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй болно.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах худалдах авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. ...гэж заасан ба нэхэмжлэгч Ш.******* хариуцагч Ц.*******д 7 төрлийн 535000 төгрөгийн үнэ бүхий барааг худалдахаар тохиролцож шилжүүлснийг хариуцагч Ц.******* нь худалдан авахаар тохирч барааг хүлээн авч үнийг тодорхой хугацаанд төлөх үүргийг хүлээсэн байна.

Хэдийгээр хариуцагч Ц.******* нь нэхэмжлэгч Ш.******* нь надад бараа заруулахаар өгсөн түүнээс би бараа худалдан аваагүй, харин надаар заруулахаар өгсөн зарим барааг би авсан үнийг надаар бусдад дамжуулан зээлдүүлж байсан мөнгөний урамшууллаар төлөгдсөн гэж байгаа боловч түүнийг нотолсон үйл баримт хэрэгт авагдаагүй болно.

Тиймээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Ц.*******гээс барааны үнэ 535000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Ц.*******гээс гэрээний үүрэг биелүүлэхийг шаардах эрх байгаа боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил. ...гэж заасан ба нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Ц.******* нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа анх 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр үүсэж, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дууссан ба энэ хугацаанд 13 удаагийн зээлийн гэрээг бичгээр хийгдсэн болох нь иргэний хэрэгт зохигчдын гаргаж ирүүлсэн үйл баримтаар тогтоогдож байгаа бөгөөд зохигчдын дунд Иргэний хуулийн 281 дүгээр зүйл, 243 дугаар зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа, худалдах худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн байна./хх-ийн 5-18, 74-82 дугаар хуудас/

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. ...гэж зааснаар нэхэмжлэгч Ш.******* нь хамгийн сүүлд буюу 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч Ц.*******д 1500000 төгрөгийг 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэйгээр, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор гэрээ байгуулсан ба нэхэмжлэгч Ш.*******ийн шаардах эрх 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр үүссэн байна./хх-ийн 18 дугаар хуудас/

Хэдийгээр нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Ц.*******гээс гэрээний үүргийн биелэлтийг шаардахаар ажиллаж байсан газар, гэрт нь очиж хамт ажиллаж байсан ажилтан, дарга, ар гэрийнхнээс нь асууж байсан боловч хариуцагч Ц.******* оршин суугаа хаягтаа байхгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан учраас түүнтэй уулзаж, мөнгөө нэхэж чадахгүй байсан гэх ба нэхэмжлэгчийн хүсэлтээр тус хэрэгт нэр бүхий иргэнийг гэрчээр асуусан тухай тэмдэглэлээр нэхэмжлэгч Ш.******* хариуцагчтай энэ хугацаанд уулзаж байгаагүй болох нь давхар тогтоогдож байна.

Хэрвээ нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Ц.*******гийн оршин суугаа газрыг мэдэхгүй, мэдэх боломжгүй байсан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд зааснаар хариуцагчийн оршин суугаа газрыг олж тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан боловч уг эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-д хөөн хэлэлцэх хугацаа дуусахын өмнө зургаан сарын дотор гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас эрх бүхий этгээд шүүхэд хандах боломжгүй байсан, эсхүл шүүх үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон бол энэхүү нөхцөл байдал арилах хүртэл хугацаанд ...хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоно гэж заасан ба нэхэмжлэгч нь онцгой нөхцөл байдлын улмаас буюу хариуцагчийн оршин суугаа буюу байгаа газрын хаягийг мэдэхгүй байсны улмаас шүүхэд хандах боломжгүй байсан бол дээр дурдсанаар хариуцагчийг эрэн сурвалжлуулах боломжтой байсан. Энэ хугацаанд нэхэмжлэгчийн болон хариуцагчийн оршин суугаа, сууж болох газрын шүүх хуульд заасан үйл ажиллагааг хэвийн явуулж байсан байна./2 дугаар хх-57 дугаар хуудас/

Тиймээс Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.*******ийн хариуцагч Ц.*******д холбогдуулан шүүхэд шаардлага гаргах эрх 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр үүссэн ба нэхэмжлэгч Ш.******* нь 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаж, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мөн шүүхэд хариуцагч Ц.*******д холбогдуулан нэхэмжлэл гаргасан байгаагаас үзвэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацаа өнгөрсний дараа буюу 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө шүүхэд өргөдөл, хүсэлт, нэхэмжлэл гаргах эрхтэй байсан боловч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байна гэж шүүх дүгнэлээ.

Тиймээс нэхэмжлэгч Ш.*******ийн хариуцагч Ц.*******гээс зээлийн гэрээний үүрэгт 42417000 төгрөгийг, худалдах худалдан авах гэрээний үүрэгт 535000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа тус тус дууссан байна.

Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг/анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа, зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна. ...гэж нэхэмжлэгч Ш.*******ийн хариуцагч Ц.*******д холбогдуулан гаргах үндсэн шаардлагын хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар зээлийн гэрээнд заасан 14139000 төгрөгийн хүү, алдангийн хөөн хэлэлцэх хугацаа мөн дууссан байна.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. ...гэж зааснаар нэхэмжлэгч Ш.*******ийн хариуцагч Ц.*******гээс зээлийн гэрээний үүрэгт 41217000 төгрөг, худалдах худалдан авах гэрээний үүрэгт 535000 төгрөг гаргуулах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн болох нь хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдож байна./1 дүгээр хх-ийн 1, 25-26, 2 дугаар хх-ийн 71-82 дугаар хуудас/

Тиймээс хариуцагчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хөөн хэлэлцэх хугацаагаар нэхэмжлэгч Ш.*******ийн хариуцагч Ц.*******гээс зээлийн гэрээний үүрэгт 27478000 төгрөг, алданги 13739000 төгрөг, нийт 41217000 төгрөгийг, барааны үнэ 535000 төгрөг нийт 41752000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй байна.

Тиймээс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76.1, 76.2, 77.1, 78.1.3, 82.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.*******ийн хариуцагч Ц.*******гээс зээлийн гэрээний үүрэгт 28278000 төгрөг, 14139000 төгрөгийн алданги нийт 42417000 төгрөгийг, мөн худалдах худалдан авах гэрээний үүрэгт 535000 төгрөг нийт 42952000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч Ш.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 449481 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, энэ хэрэгт зохигчийн хүсэлтээр битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаад

Шүүхийн хэлэлцүүлгийн шат эхлэхийн өмнө талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх үүргийг дахин тайлбарлан өгсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч татгалзлаа нотолсон баримтаа шүүхэд өөрсдөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэйг сануулсныг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэг, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэг, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэг, 76.2 дахь хэсэг, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэг, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.*******ийн хариуцагч Ц.*******гээс зээлийн гэрээний үүрэгт 28278000 төгрөг, 14139000 төгрөгийн алданги нийт 42417000 төгрөгийг, мөн худалдах худалдан авах гэрээний үүрэгт 535000 төгрөг нийт 42952000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 449481 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ