Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 208/МА2022/00024

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 167 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч *******,

 

Хариуцагч ******* холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн төлбөрт 43.219.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай

 

Хэргийг хариуцагч Ц.Цэцэгээгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагч Ц.Цэцэгээ /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч С.Баатар /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлдээ:

 

1. 43,219,000 төгрөгийг гаргуулах

2.Миний бие нь Ц.Цэцэгээтэй сайн танил, хамт ажиллаж байсан тул 2015 оны үед мөнгө зээлэх хүсэлт тавихад нь зөвшөөрч ******* мөнгө зээлүүлж байсан. ...2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд надаас нийт 13 удаагийн зээлийн гэрээ байгуулж нийт 34.845.000 төгрөгийг зээлж авсан юм. Энэ мөнгийг би зөвхөн ******* өөрт нь бэлнээр болон бэлэн бусаар өгч байсан ба шилжүүлгээр өгөхдөө Ц.Цэцэгээгийн өөрийнх нь дансанд хийж өгч байсан нь баримтаар нотлогдоно. Би анхнаасаа л ******* энэ талаар ярьж тохирсон. Би янз бүрийн таних танихгүй хүнтэй уулзахгүй, би зөвхөн чамтай л харьцана, чи цаана аа хэнд өгч авдаг чинь хамаагүй гэж хэлсэн тул Ц.Цэцэгээ нь нэг хүний нэр хэлээд л надаас мөнгө авдаг.

...Өнгөрсөн хугацаанд Ц.Цэцэгээ нь бэлэн ба бэлэн бусаар нийт 6.032.000 төгрөгийг буцааж төлсөн. Үлдэгдэл 28.813.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа ба үлдэгдэл мөнгийг чинь удахгүй төлнө өө. Та дүүдээ итгээд тайван хүлээж байгаарай. Санаа зоволтгүй шүү гэх мэтээр байнга итгэл төрүүлж хүлээлт үүсгэсээр ирсэн юм. Мөн энэ хугацаанд 2 жил гаруй үргэлжилсэн цар тахлын байдал нөлөөлж байсан.

...би түүнд зээлийн гэрээгээр бэлэн ба бэлэн бусаар өгсөн 34.845.000 төгрөгөөс эргүүлж төлсөн 6.032.000 төгрөгийг хасаж үлдэгдэл 28,813,000 төгрөгт хугацаа хэтрүүлсэн алданги 50%-иар тооцоход 43,219,000 төгрөг болж байна гэжээ.

 

Хариуцагч Ц.Цэцэгээ хариу тайлбартаа:

 

1.Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.******* нь надаас 43.219.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно.

...******* нь надаар дамжуулан хужаа нарт 20 хувиар, монгол хүмүүст 10 хувиар мөнгө зээлдэг байсан ба тэр хүмүүс нь мөнгөө зээлээд буцаагаад өгөхөөр ******* эгч баярлалаа гээд надад хувь өгдөг байсан. ******* эгч дээрх хүмүүст мөнгө зээлэхдээ надыг дандаа зээлдэгчээр бичиж өгдөг байсан. Тэрнээс биш би ******* эгчээс 34845000 төгрөг зээлээгүй.

...2015, 2016 онд зээлүүлж байсан мөнгө бөгөөд тэр зарим хүмүүс нь мөнгийг буцааж өгсөн. Мөн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх гэж бодож байна. Гэтэл дээрх их хэмжээний мөнгөө үндэслэлгүйгээр надаас нэхэмжилж байгаад гомдолтой байна гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 167 дугаартай шийдвэрээр:

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Цэцэгээгээс үндсэн зээл 28,278,000 төгрөг, хүү 7,000,000 төгрөг нийт 35,278,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож,

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Цэцэгээгээс бараан үнэ 535.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс 7.406.000 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 479.481 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цэцэгээгээс 337.015 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т буцаан олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ц.Цэцэгээ давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

2.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.*******гээс үндсэн зээл 28.278.000 төгрөг,хүү 7.000.000 төгрөг нийт 35.278.000 төгрөг, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар 535.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүх уг хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэж өгөхийг хүсье. 2022 оны 5-сарын 20-ны өдрийн баасан гарагийн байдлаар шүүх хуралдаан дээр гаргасан Хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэнтэй холбоотой гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн захирамж, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нь гараагүй, үзэх боломжгүй байгаа нь гомдлыг дэлгэрэнгүй бичих нөхцөлгүй болгож байгаа бөгөөд энэхүү байдлыг тухайн шүүхийн тамгын газрын дарга Батсайханд мэдэгдэж тухайн сарын 23-ны өдрийн даваа гарагаар гомдол гаргах хугацаа дуусаж байгаа тул учрыг шүүх хуралдаанд тайлбарлахаар анхан шатны шүүхийн шийдвэрт бүхэлд нь гомдол гаргаж байна. Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022-04-20-ны өдрийн 167 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хянаж өгөхийг хүсье гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн давж заалдах гомдлыг дэмжиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.*******гийн давж заалдах гомдлыг нэхэмжлэгч ******* миний бие үл зөвшөөрч байна.

1.Ц.******* нь надад хандаж мөнгө төгрөгний хэрэгцээ гарлаа, та туслаач гэсний дагуу би сайн танилын хувьд анх тус дэм болж мөнгө зээлүүлж байсан бөгөөд улмаар миний итгэлийг олж авмагцаа 2016 оноос эхэлж дуртай үедээ ирж ах дүү, албан газрынхаа хамт ажилладаг хүмүүсийн нэрийг барьж тийм ч хүн авч байгаа гэж хэлээд надтай өөрөө зээлийн гэрээ байгуулаад өөрийнхөө нэрээр мөнгө авдаг байсан нь үнэн юм. Би энэ талаар түүнтэй тохиролцсоны үндсэн дээр зөвхөн Ц.*******д зээлүүлж, туүний дансанд эсвэл Ц.*******гийн гарт нь бэлэн мөнгө өгч байсан.

Хэрэв Ц.******* нь одоо ярьж байгаа шигээ өөр хүмүүст өгч байсан юм бол (ялангуяа гадаад иргэнд) ядаж тухайн хүмүүстэйгээ байгуулсан гэрээ, мөнгө өгсөн баримт зэрэг нотлох баримтаа гаргаж өгөх ёстой биз дээ. Гэтэл миний өөрийн зээлийн гэрээн дээр орж ирсэн мөнгөө тэмдэглэж байсан, хасалт хийсэн зэрэг баримтуудыг шүүх хуралдаан дээр яриад ******* эгчид авсан, өгсөн, хаагдсан мөнгөний баримт өөрт нь байгаа, өөрийнх нь гарын үсэгтэй гэх зэргээр ярьсан нь шүүхийн шийдвэрт тусгагдсан байна. Харин ч би мөнгөний тооцоог нягт нямбай, үнэн зөв хийдэг тул Ц.*******гийн төлсөн, орж ирсэн мөнгө бүгд үнэн зөв тусгагдаж хасагдаж байгаа болно. Иймд Ц.*******гийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар үндэслэлгүй юм.

2.Би зохих журмын дагуу хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлтээ шүүхэд гаргаж сэргээлгэсэн. Шүүхийн үйл ажиллагааны талаарх бусад асуудлыг би мэдэхгүй, хуулийн дагуу л шийдэгдсэн гэж үзэж байна.

3.Шүүхийн шийдвэр нотлох баримтын үндсэн дээр хуулийн үндэслэлтэй гарсан тул Сум дундын шүүхийн 2022 оны 04 сарын 20-ны өдрийн 167 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд хэргийн оролцогчийн хуульд заасан эрх зөрчигдсөн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

2.Нэхэмжлэгч Ш.Чулуунцэцэг нь хариуцагч ******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 34.993.000 төгрөг гаргуулах, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 43.219.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ц.Цэцэгээ ...би уг мөнгийг өөртөө зээлж аваагүй, ******* эгчийн хүсэлтээр хамт ажилладаг хүмүүс болон хамаатан садандаа зуучилж өгч зээлдүүлсэн, тухайн үед зээлдсэн хүмүүс нь мөнгөө төлөөд явж байсан, одоо надаас нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

 

3.Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан ажиллагаа болж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах хууль зүйн үндэслэл болов.

 

4.Нэхэмжлэгч *******ээс 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгөх хүсэлт гаргасныг шүүгчээс 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 422 тоот захирамж гаргахдаа талуудыг оролцуулан тайлбар гаргах эрхийг хангалгүй шийдвэрлэсэн нь тэдний эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл болж байгаа бөгөөд мэтгэлцэх болон талуудын тэгш эрхийн зарчим алдагдсан байна.

Дээрх захирамжийг хэргийн оролцогчдод танилцуулах үүргийг шүүгчийн туслахад даалгасан боловч уг захирамж гарсан талаар хэргийн оролцогчдод мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, баримт үйлдээгүй, тийм баримт хэрэгт авагдаагүй байна.

 

5.Хариуцагч Ц.Цэцэгээгийн зүгээс гаргасан ...Хөөн хэлэлцэх хугацаа сэргээсэн захирамжийг мэдээгүй, тэдний эрх зөрчигдсөн тул шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүссэн гомдол үндэслэлтэй байх тул гомдлыг хангаж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 167 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 167 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 3-д зааснаар хариуцагч Ц.Цэцэгээгээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 334.340 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Top of Form

Б.ЭРДЭНЭХИШИГ